Зуун ямаанд жаран ухна...

Монголын дээд боловсрол гиннесийн рекордыг хэдийнээ эвдсэн гэхэд хэлсдэхгүй .
Магадлан итгэмжлэгдсэн гэх сүрхий тодотголтой, шалгуур хангасан төрийн мэдлийн 16, тэд нь тодроо салбарлавал МУИС 12, МУБИС мөн 12, ШУТИС 13 гэж салбарлаад, цааш нь шатласан сургалттай өөр 8, хувийн их сургууль 3, хувийн дээд сургууль 108 нийт 170, татан буугдсан гэх боловч хэлбэр дүрсээ өөрчилсөн 30 дээд сургууль, нийлээд 200 хол давчихсан манай улс санаандгүй байж байгаад мөд Гиннесийн номд хөгийн, эмгэнэлт энэ нэгэн жишээгээрээ бүртгэгдэх болжээ. Даян дэлхийн аль л болохгүй бүтэхгүй, инээдэмт, бас этгээд, онцгой үйл явдал, юмс үзэгдэл, бүр эд барааг энэ номд жагсаасан байдаг шүү дээ. Эерэг гэхээсээ хачин сонин, марзан, ер нь хүний анхаарал татаж, сэрдхийлгэмээр мэдээлэл тэр номоор дүүрэн байдаг даа.
Нэгэнт л дээд боловсролыг арван хэдэн жил тасралтгүй үйлдвэрлэж байгаа тул “Монголын хүн амын 80 хувь нь дээд боловсролтой” (дэлхийн жишгээр үүнийг “Их сургуулийн боловсролтой” гэнэ) гэсэн сүрлэг, марзан тоо Гиннест гарцаагүй бүртгэгдэж таарах нь.
Учир нь даян дэлхий дээр ямар ч улс үндэстэн ийм тоон үзүүлэлтийг хангаагаагүй, хангах ч үгүй юм гэнээ. Жишээ нь хөгжлөөрөө дэлхийд толгой цохиж яваа, гэвч манайтай төстэй жижиг улс гэгдэх Сингапурт их сургуулийн боловсролтон хүн амынхаа 18 хувь, Хонконгт 15 хувь, Европын дунд зэргийн хөгжилтэй Ирландад 12.3 хувь, дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-д 25 хувьтай байдаг аж.

Зөвхөн хүн амын доторхи дээд сургуулийн дипломтны эзлэх жингээр зогсохгүй 2.6 сая хүн амдаа тооцож үзвэл 200 хол давах их дээд сургуультай, 142.5 мянган оюутантай, хуучныхаа бүх ТМС-ээ утсгаад, техникум гэгж байсны заримыг нь коллеж болгочихсон, зөвхөн энэ “200” гэсэн тоо л дэлхийнхний нүдийг бүлтийлгэж, чихийг сортолзуулахаар том тоо аж. Цааш нь 10 000, бүр дордоод 1 000 хүн ам тутамд ногдох доктор, профессор, академичийн тоогоор бас л дэлхийд аль хэдийнээ хошуучилж яваа. Харин дэлхийн хөгжлийн үзүүлэлт илтгэх олон улсын элдэв статистик номуудад манай энэ тоо бүртгэгдээгүй, 10 000 хүн амд ногдох инженер эрдэмтний тоогоор дэлхийд Изриаль толгой цохиж, АНУ-ынхаас 2 гаран дахин давсан гэх нэгэн тоо байна. Энэ бол бодит тоо. Энд бахархал болох баримтуудыг биш, дэлхийн доог болох баримтуудыг ичсэндээ, гутарсандаа би ишлэж байгаа юм шүү.
Хэрэв дээд боловсролыг нэгэн том зах зээл хэмээн тооцвол олон улсын энэ статистик үзүүлэлтээр манай улс АНУ, Орос, Хятадтай (тэдгээр нь дэлхийн том гүрнүүд ба хүн амын тоо, хүч чадавхи нь гэхэд л манайхтай даан ч зүйрлэхгүй) зуузай холбох дөхөж, Япон, Герман, Францтай зэрэгцэж, Азийн бар улсуудыг хол хаясан байх юм. Хувийн их, дээд сургууль, коллежуудын тоо хэмжээ нь дэлхийд байхгүй рекордыг үнэхээр бүрэн тогтоогоод байна. Нийт хүн амд нь ногдох байдлаар гадаад улс орны их дээд сургуулиудын тоотой харьцуулсан дараахь судалгааг харж болно.
Улс Хүн амын тоо Их, дээд сургуулийн тоо

Их Британи 59.4 сая 89
Австрали 20.1 сая 37+2+23=62
Шинэ Зеланд 3.9 сая 7
Швейцарь 7.3 сая 9
Нидерланд 16.2 сая 17
Швед 9 сая 40
Израиль 6.8 сая 3
Сингапур 4.3 сая 2+4+13=19
Хонконг 7.4 сая 3
Малайз 24.8 сая 17
Тайланд 64.3 сая 16+36+26=78
Турк 68.1 сая 69
ӨАБНУ 45.3 сая 16
Арабын Нэгдсэн Эмирт 3.8 сая 4
Саудын Араб 22.5 сая 7+21 эр+12эм=40
Грек 10.7 сая 17
Латви 2.3 сая 5
Литва 3.6 сая 6
Эстони 1.4 сая 3
Словак 5.4 сая 14
Албани 3.5 сая 10
Болгар 7.5 сая 38
Македон 2 сая 2
Румын 22.3 сая 48
Хорват 4.4 сая 4
Египет 80 сая 14
Тунис 9.9 сая 5
Бахрейн 690 мянга 2
Иордан 5.3 сая 2
Сири 17.4 сая 4
Балба 24 сая 1
Шри Ланка 19 сая 10
Камбож 13.8 сая 9+6=15
Мъянмар 52.8 сая 16
Гана 20.4 сая 3
Нигери 135.4 сая 13
Ардчилсан Конго 53.2 сая 3
Камерун 16.1 сая 1
Зимбабве 13.1 сая 1
Кени 31.9 сая 4
Монгол Улс 2.7 сая 200 орчим
Манай улс хөгжлийн түвшингээр жагсаалтын сүүлд буй Африкийн хэдэн улсаас хол тасраагүй байгаа, харин Балбаас дээш жагссан орнуудтай хөгжил, өрсөлдөөн, эдийн засгийн эрх чөлөө гэж ярихад арай ахдана. Саудын Арабаас дээш бичигдсэн улсуудтай бол хөгжлийн зөрүү хэдэн арван жилээр тогтохгүй.
Энд хэдийгээр хөгжлийн асар их зөрүү, хүч чадавхийн харьцуулшгүй үзүүлэлттэй ч Японтой нэг жишээд үзье л дээ. 127 сая хүнтэй тэр оронд их, дээд сургууль нь манайхаас ялимгүй олон, гол нь тэр улсад дээд боловсрол манайх шиг үнэгүйтээгүй гэнэ. Энэ нь багцаагаар Монголын дээд боловсролтонгууд ажилгүйчүүдийн эгнээнд шууд шилждэг, Монголд төгссөн мэргэжилтнийг (мэргэжилтэн л гэе дээ) ажилд авдаггүй, авлаа ч цааргалдаг, харин Японд бол ажлын байр баталгаатай, адаглаад гадагш гарахад мэргэжилтэн, сайн дурынх гээд хийх ажил зөндөө гэсэн үг. Манайд конвейроор дээд боловсролыг олгодог бол Японд үхтэл нь шигшээд, шүүсийг нь шахаад дэлхийн мэргэжилтэн болгож гаргадаг.
Их, дээд сургуулийнхаа тоогоор Британи, Канад, Австрали, Сингапурыг бараагүй хаяж тасарсан өнөөгийн Монголд ямар гээчийн хорлол шингэсэн юм бол, бүү мэд, дээд боловсролын үйлдвэрлэл зогсолтгүй явагдаж улс орон нь ядуустаа идэгдэж, ядуурал нь дэлхийн хамтын нийгэмлэгийн хатуу анхааруулга дор явж байна. Хүн амынх нь 40 орчим хувь ядуу дорой, ерөөсөө өөдлөх найдвар байхгүй, баялаг бүтээдэггүй, олбордох ба мал аж ахуйн үйлдвэрлэлд найддаг, тэгсэн мөртлөө хүн амынх нь 80 хувь их сургуулийн дипломтой гэмэгц нь л ертөнцийн шившиг болж яалт ч үгүй харагддаг аж. Гол нь монголчууд үүндээ огтоос дүгнэлт хийдэггүйг нь дэлхийнхэн гайхаж баршгүй.



0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах