Сондгой сэдвүүд

Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН

Өмнөх түүхийг сануулахуй:
2008 онд Хятадад меламинтай сүү,  хүүхдийн тэжээлд хордсон 6 хүүхэд нас барж, 860 хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, нийтдээ 300,000 хүүхдийн эрүүл мэнд хохирсон тухай хэвлэлээр шуугиж байсан (1,3,4). Анхандаа Санлу группын үйлдвэрлэсэн хүүхдийн тэжээлийг  хэрэглэсэн 16 нярай Гансү мужид өвдөснөөр хэрэг явдал дэгдсэн. Гэвч яваандаа зөвхөн Санлу группын төдийгүй  Менгниу, Юили, Яшили гэх мэт сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 21 компанийн хүнсний бүтээгдэхүүнээс меламин илэрсэн (1).
Меламин хэмээх химийн бодисыг сүүнд хольсон нөхцөлд шинжилгээний хариу будилж, сүүн дэх уургийн хэмжээ өндөр болгон заадаг аж (1,4). Чухам үүнийг ашиглан хөлжигсөд ард олныг мэхэлж, тэдний эрүүл мэндийг ноцтой хохироохоо юман чинээ бодоогүй. Тус хэрэгт холбогдсон 20 гаруй хүн шийтгэгдэж, 2 хүнийг цаазаар авч, заримыг нь бүх насаар нь, бусдыг нь 15 жилээр хорих ял оноосон. Түүнчлэн Монголын Мэргэжлийн Хяналтын Aлбатай дүйцэх төрийн албаны захирал болон 7 төрийн албан хаагч тушаалаасаа огцорчээ (1).
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “энэ бол ганц нэг удаагийн хэрэг явдал биш харин богино хугацаанд ашиг хонжоо олохоор худалдан авагчдыг хууран мэхлэж буй өргөн цар хүрээтэй зохион байгуулалттай үйл ажиллагаа мөн” гэж онцлон тэмдэглэж байжээ (1). Тус хэргийн дараагаар наанадаж 11 орон Хятадаас сүү, сүүн бүтээгдэхүүн импорлохоо зогсоожээ.
Өнөөдрийн байдал:
Жишээ 1. Гэвч хэрэг явдал үүгээр дуусгавар болоогүйг CNN-ий мэдээ гэрчилж байна (2). Mэдээнд Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чонггин хотын эрх баригчид мөхөөлдөс үйлдвэрлэхээр зэхэж байсан 26 тонн  меламинтай хуурай сүүг 2011 оны 3 сарын 25-нд хураан авсан тухай өгүүлжээ.
Жишээ 2. Хэдхэн хоногийн өмнө буюу 2011 оны 12 сарын 26-нд Ройтерс агентлаг нэгэн түгшүүртэй мэдээлэл цацжээ. Үүнд сүү цагаан идээ боловсруулалтаараа Хятаддаа тэргүүлэгч Менгниу хэмээх компанийн Сычуан муж дахь үйлдвэрийн сүүнд хийсэн шинжилгээгээр өндөр хэмжээний афлатоксин гэгч бодис илэрсэн байна. Үүний шалтгаан нь Хятадын баруун өмнөд хэсэгт орших үнээний фермүүд үнээндээ хөгцтэй тэжээл өгснөөс болсон гэж үзэж байгаа аж (3,4).
Афлатоксин нь үр буудай болон бусад хөдөө аж ахүйн бүтээгдэхүүнд мөөгөнцөрөөр үүсдэг хортой бодис бөгөөд элгийг хүндээр гэмтээж, элэгний хорт хавдар үүсгэдэг хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдэгдсэн байна (3,4). Афлатоксин гэгч нь байгалийн гаралтай хорт бодис бөгөөд бөгөөд чийгтэй дулаан нөхцөлд ургасан хөгц, мөөгөнцөрөөс гардаг. Ургац хураахын өмнө болон хадгалалтын явцад үр тариа, ногоо хөгцөрвөл афлатоксин ялгарч, тариа ногоог бүхэлд нь хордуулах аюултай. Ингэж  бохирдсон  тариа будаа, ногоог хүмүүс хүнсэндээ хэрэглэсэн хүмүүс хорддог. Мөн түүнчлэн хөгцтэй тариа буудайгaap тахиа шувуу, малаа тэжээвэл өндөг, сүү, махаар нь дамжин хордох боломжтой аж (4).
Менгниу компанийнхан худалдан авагчдаас уучлал хүсч, бoхирдсон сүү худалдаанд гараагүй хэмээн мэдэгджээ  (4). Хэрэг явдлын улмаас Хонг Конгийн зах зээл дээр тус  компанийн хувьцааны үнэ  26%-иар буурчээ (5).
Жишээ 3. Харин шинэ оны өмнөхөн Хятадын өмнөд хэсэгт орших  өндөр хурдтай хөгжиж буй хотуудын нэг болох Гуандун мужийн Шэньжэнь хотод газрын самар болон самрын тосонд афлатоксин илэрлээ. Шэньжэнь хотын  хүнсний 3 дэлгүүрт зарж байсан газрын самар болон 4 рестораны хоол хийж байсан самрын тосонд хэвийн хэмжээнээс 4 дахин өндөр хэмжээнийафлатоксин байсан тухай Шиньхуа агентлаг мэдээлсэн. Гуандун мужийн эрх баригчид гурван компанийн үйлдвэрлэсэн самрын тосыг их хэмжээний афлатоксинтой байж магадгүй гэж үзээд эргүүлэн татсан гэж мэдэгджээ (6).
Энэ бүхэн Монголчуудад ямар хамаатай вэ?
Сүүлийн жилүүдэд Монгол улс хорт хавдрын өвчлөлөөр, нэн ялангуяа элэг, улаан хоолой, ходоодны хорт хавдраар дэлхийд хошуучилж байгаа. Дэлхийн Хавдар Судлалын Олон Улсын Сан гэгч Лондонд төвтэй байгууллагаас ДЭМБ болон бусад нэр хүндтэй байгууллагуудын тоо баримтад (2008 оны байдлаар) түшиглэн нэгтгэсэн мэдээллээс товч танилцуулья (7).
100 мянган хүнд тохиолдох элэгний хорт хавраар Монгол улс 94.4 гэдэг үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсэн төдийгүй удаахь байранд шалгарсан Гамби улсыг ардаа хол хаяжээ. Хүйсээр ялгаж үзвэл, эрчүүдийн дунд 100 мянган хүнд тохиолдох  өвчлөл 116.6, харин эмэгтэйчүүдийн дунд 74.8 гэсэн асар өндөр тоон баримтууд нь удаахь байранд шалгарсан улсуудаас даруй 2-3 дахин өндөр байна.
Байр
Улс орон
100 мянган хүнд тохиолдох элэгний хорт   хавдрын өвчлөл (насаар жигнэсэн)
1Монгол
94.4
2Гамби
36.1
3Хятадын Тайпей (Тайвань)
35.7
4Лаос
33.8
5Тайланд
29.7
Дэлхий нийтэд түгээмэлд тооцогдох 8 төрлийн хорт хавдрын өвчлөлийн тухай тоо баримтаас үзэхэд Монгол улс шиг ингэж хэт давуугаар “цойлoн түрүүлсэн” тохиолдол огт үгүй нь чухамдаа нэгийг бодогдуулж байна. Монгол дахь өвчлөл бусад орнуудтай харьцуулашгүй өндөр байгаагийн шалтгааныг нь дан ганц архидалттай холбож үзэх нь учир дутагдалтай бололтой. Тухайлaхад, Оросууд гэхэд элэгний хорт хавдрын өвчлөл өндөртэй 20 орны тоонд багтаагүй байна.  Тиймээс архидалт төдийгүй бусад учир шалтгааныг эрж хайхыг зүйтэй юм.
Элэгний хорт хавдар нь гепатит В болон С-гийн вирусаар үүсдэг. Гепатит В нь элэгний эд эс болон хүний ДНХ гэмтээдэг, харин С вирус нь элэгний циррозоор дамжуулан шууд бусаар нөлөөлдөг байна. Түүнчлэн афлатоксин гэгч бодис элэгний хорт хавдар үүсгэдэг гэдгийг шинжээчид баттай тогтоогоод байгаа аж. Харин архи хэрэглэх нь энэ төрлийн хавдраас сэргийлж болзошгүй гэсэн гайхмаар дүн гарчээ (8).
Монгол улс дахин 2 төрлийн хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа нь улаан хоолой ба ходоодны хавдар юм. Улаан хоолойн хорт хавдрыг тамхи татах, хүний папиллом вирус, түүнчлэн архидалт, таргалалттай холбоотой хэмээн тайлбарлажээ. Харин цардуул багатай хүнсний ногоо, түүнчлэн жимс жимсгэнэ, бета-каротин, С витаминаар баялаг хүнс хэрэглэх нь энэ өвчнөөс сэргийлдэг аж.  Зуун мянган хүнд ногдох үзүүлэлтээр, Монгол эрчүүд (21.7) эмэгтэйчүүдээсээ (16.1) илүү өвчилдөг байна.
Байр
Улс орон
100 мянган хүнд тохиолдох улаан   хоолойн хорт хавдрын өвчлөл (насаар жигнэсэн)
1Монгол
18.7
2Малави
17.4
3Өмнөд Африкийн БНУ
17.3
4Хятад
16.7
5Лезото
14.6
Ходоодны хорт хавдрыг xеликобактер пилори гэгч бактери, Эпстейн -Баррын вирус үүсгэдэг. Түүнчлэн бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг давсалсан болон давс ихтэй хоол хүнс нь өвчин үүсгэдэг байж, харин цардууллаг бус хүнсний ногоо, сонгины төрлийн ногоо, жимс жимсгэнэ сэргийлэхэд тустай байж болзошгүй ажээ. Зуун мянган хүнд ногдох үзүүлэлтээр, Монгол эрчүүд (48.2) эмэгтэйчүүдийг (22.3) давамгайлж явна.
Байр
Улс орон
100 мянган хүнд тохиолдох xодоодны хорт   хавдрын өвчлөл (насаар жигнэсэн)
1БН Солонгос улс
41.4
2Монгол
34.0
3Япон
31.1
4Хятад
29.9
5Гондурас
26.6
5Гватемал
26.6

Эцэст нь хэлэхэд:
Афлатоксинтой хүнс үйлдвэрлэсэн нь тогтоогдсон Хятадын компаниудын хувьд сүү, самар,  самрын тосоо далд оруулах арга замуудыг эрэлхийлж болзошгүй. Устгах гэж хөрөнгө мөнгө зарцуулалгүй хямд төсөр үнээр хойд хөршдөө нийлүүлчихвэл бид эрх баригчид, наймаачдын хүн чанар, гаалийнхан болон мэргэжлийн хяналтын албаныхны ур чадварт найдax уу?  Үндэсний аюулгүй байдал та биднээс эхэлж байна — хүнсний аюулгүй байдалдaa анхаарцгаая.
Амарлин
Энэ талаарx дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбооснуудаар орж үзнэ үү:
  1. Википедия интернэтийн үнэгүй лавлагаа. 2008 онд болсон Хятад сүүг тойрсон шуугиан/2008 Chinese milk scandal.http://en.wikipedia.org/wiki/2008_Chinese_milk_scandal
  2. CNN агентлаг. Хелена Хонг, 2011 оны 4 сарын 27. Хятадад 26 тонн меламинтай сүү хураав. China seizes 26 tons of melamine-tainted milk. http://articles.cnn.com/2011-04-27/world/china.tainted.milk_1_milk-powder-tons-of-melamine-tainted-milk-milk-products?_s=PM:WORLD
  3. Ройтерс агентлаг, Шанхай. Самуэль Шен, Жэйсон Саблер. 2011 оны 12 сарын 26. Хятадын Менгнуй компани хортой сүүг устгасан гэв/ China’s Mengniu says destroys tainted milk. http://www.reuters.com/article/2011/12/26/us-tainted-milk-idUSTRE7BP0K820111226
  4. Ройтерс агентлагийн мэдээ, 2011 оны 12 сарын 29. Менгниу компанийн цахим сайтыг хортой сүүний шуугианы дараахан хакерджээ/ UPDATE 1-Mengniu website hacked after milk scandal -reports. http://www.reuters.com/article/2011/12/29/mengniu-hack-idUSL3E7NT3B220111229
  5. Ройтерс агентлагийн мэдээ. 2011 оны 12 сарын 29. Нийтэлсэн Business Times сонин. Хортой сүүний шуугианaac бол Менгниу компаний хувьцаа 26 хувиар буурчээ/  Mengniu shares plunge 26pc on milk scandal.http://www.btimes.com.my/Current_News/BTIMES/articles/niuniu/Article/
  6. Ройтерс  агентлаг, Шанхай. Мелани Ли. 2011 оны 12 сарын 30.  Хятадад хорт хавдар илрүүлэгч мөөгөнцөр хоолноос илэрчээ /Chinese city finds cancer-causing fungi in food.  http://www.reuters.com/article/2011/12/30/idUSL3E7NU3JZ20111230
  7. Дэлхийн Хавдар Судлалын Олон Улсын Сангийн цахим сайт. Хорт хавдрын тухай статистик мэдээ.http://www.wcrf.org/cancer_statistics/cancer_statistics_data.php

1 comment:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete