Сондгой сэдвүүд

Гавьяат багш Шаравын Чоймаа

Гавьяат багш Шаравын Чоймаа монгол хэл, бичгээ хамгаалан үлдээх үйлсэд үнэхээрийн гавьяа байгуулсан Улсын гавьяат багш эрдэмтэн Шаравын Чоймаа 1952 онд Говь-Алтай аймагт мэндэлжээ. 2006 онд (54 нас) Монголын нууц товчоон, Лувсанданзангийн Алтан товч (эхийн харьцуулсан судалгаа УБ, 2002), Хаадын үндсэн хураангуйн алтан товч (эх бичгийн судалгаа УБ., 2002) хэмээх эх бичиг-сурвалж судлалын судалгааны цуврал бүтээлээрээ МУИС-ын профессор, хэл бичгийн ухааны доктор Ш.Чоймаа Монгол Улсын гавьяат багш болсон. Монгол үндэсний бахархал монгол бичиг "Ном гэдэг үнэхээр гайхамшиг!...
Хүн төрөлхтөн өөрийн ухамсарт бүх түүхийнхээ турш номноос илүү гайхуулам, ид шидтэй юм бараг бүтээгээгүй болов уу гэж би бодох юм" гэж нэгэн ухаантан өгүүлжээ. Тэгвэл хотол хорвоогийн оюуны соёлын оройн чимэг болсон ном эрдэнийг үсэг бичгээр туурвидаг шүү дээ. Санаагаа бичгээр илэрхийлж, хол газар үг хэлээ дамжуулах болсон нь хүн төрөлхтний оюун ухааны асар том ололт ажээ. Эрт цагт сонсогч этгээд өөр газар байгаа үед санаа бодлоо илэрхийлэх эрмзлэлийн анхных нь дээс зангидах, модонд хэрчлээс гаргах, сүг дүрс зурах тэргүүтэн болзмол тэмдэг байжээ. Монгол нутгаас элбэг олддог хадны янз бүрийн сүг зураг ч өвөг дээдсийн маань нэн эртний үеийн үсэг бичгийн эхлэл мөн. Аливаа юмны дүр зургаар бүхэл өгүүлбэрийг илэрхийлэх болж, улмаар зургийн бичиг, дүрс бичиг, утгын бичиг буй болжээ. Утгын бичгийн хөгжлийн дараагийн шат нь үет бичиг юм. Ийнхүү үсэг бичиг боловсрон хөгжсөөр манай эриний өмнөх X зууны үед газрын дундад тэнгисийн зүүн эргээр оршиж байсан Финикт анхлан авианы бичиг үүсчээ. Энэхүү анхны авианы бичиг өрнө зүг дэлгэрэн Грек, Латин цагаан толгойн үндэс болжээ. Дорно зүг дэлгэрсэн нь Арамей, Сири, Согдоор дамжин Уйгар, Монгол бичгийн цагаан толгойн үндэс болжээ. Монголчуудын эртний өвөг болох Хүннү, Сяньби, Муюн, Тоба, Жужан нар тусдаа бичигтай байсныг судлаачид нотолж байна. Мөн Кидан нар X зуунд их, бага хоёр бичигтэй байсан гэдэг. Энэ тухай үл өгүүлэн, он цагийн шалгарлыг даван туулж, монгол туургатны оюуны соёлын арвин өвийг бүтээж ирсэн монгол бичгийн үүслийн тухай өгүүлье. Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домог өдгөө бидэнд мэдэгдэж байна. Нэг нь XҮIII зууны үед Рабжамба Данзандагвын зохиосон "Зүрхэн тольтын тайлбар огторгуйн маани" хэмээх хэлзүйн бичигт "Тэр цагт Зая Бандид (Зая Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө түгдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэг модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдэргэний дүрсээр нь эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болвой" гэсэн домог юм. Энд өгүүлсэнчлэн Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) монгол үсгийг анх зохиосон бус харин тэрбээр 1243 онд 61 насан дээрээ монгол бичгийн хэлний авиа зүйн бүтээл буюу анхны зүрхэн тольт зохиосон болох нь нэгэнт тодорхой болжээ. Хоёр дахь нь "Юан улсын судар"-ын 124-р ботод байгаа Уйгар түшмэл Тататунгаатай холбогдсон домог юм. Тэнд өгүүлэхдээ: "Чингис өрнөш дайлж, Найман улс эвдрэхүйд Тататунга тамгыг өвөртлөн дайжаад баригдав. Чингис хаан ухавчлах асууруун: - Даяны иргэд, нутаг цөм миний болсон бөгөөтөл чи бээр тамга өвөртлөн хааш очмүй хэмээхэд тэрбээр: "Түшмэлийн тушаал болмой. Үхтэл сахиж, угийн эзэнд өгсү хэмээмүй. Ямар аймшиггүй өөрийг сэтгэх аж." хэмээжүхэй, Хаан зарлиг болж "Шудрага элбэрэлт хүн ажгуу" хэмээгээд тамгыг юунд хэрэглэхийг асууваас, "Аму цалинг оруулах, гаргах, эрдэмтнийг өргөмжлөх аливаа үйлд итгэмж болгомуй." хэмээсэнд хаан таалж шадар болгожихуй. Түүнээс хойш засаг зарлиг тамга хэрэглэн үүсгэж мөн түүгээр захируулав. Хаан "Чи тус улсын бичгийг нэвтэрхий мэдмүй." гэхэд тэрбээр сурсанаа өчсөн нь зарилагт нийлэлцсэн тул даруй хөвгүүд, дүү нарт уйгар үсгээр улсын хилийг тэмдэглэхэд сургагтун хэмээн захив." гэсэн байдаг. Чингис хаан Найманыг 1204 эзэлж авсан нь үнэн. Харин энэ үед монголчууд анх бичиг үсэгтэй болсон хэрэг огт биш бөгөөд алдарт зохиолч эрдэмтэн Б.Я.Владимирцовын бичсэнчлэн Чингис хаан өөрийн эзэнт улсын хэрэгцээнд ихээхэн боловсорсон бэлэн утга зохиолын хэлийг авч ашигласан ажээ. Өөрөөр хэлбэл монголын зарим аймагт хэрэглэж байсан бичгийг Чингис хаан эзэнт улсынхаа хүрээнд хэрэглэжээ. Зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн Г.Д.Санжев энэ тухай "Ямар ч гэсэн 1204 онд Чингис хаан Найманыг бут цохиж, Найманы Таян хааны тамгыг барьж байсан нэгэн уйгарыг олзолж, түүний тусламжаар төрийнхөө бичиг хэрэгт уйгар үсэг дээр үндэслэсэн монгол бичиг үсгийг хэрэглэсэн бололтой гэсэн нэгэн домог байдаг. Гэвч хэргийн гол Чингис хаан төрийнхөө бичиг хэргийг Согдоор дамжиж, Арамейгаас ирсэн шинэ үсгээр явуулах тухай тушаал гаргасанд бус, харин Чингис хааны үед монголчууд нэгэнт ямар нэгэн хэмжээгээр бэлхэн болоод байсан утга зохиолын хэлийг хэрэглэж эхэлсэнд оршино." гэжээ. Монголчууд XIII зуунаас хол эрт уйгаржин бичгийн хэлтэй байсны гол баримт бол уйгаржин бичгийи хэл ХIII, XIV зууны монголын аман аялгуунаас ихээхэн ялгаатай байгаа явдал юм. ХIII-ХIV зууны үеийн монгол аялгууг бусад хэлэнд галиглан тэмдэглэсэн ном зохиол, толь бичиг тэргүүтнээс бид тухайн үеийн монгол үгсийн дуудлагыг олж мэдэж болдог билээ. Хэл гэдэг тийм цөөн жилийн дотор амархан-өөрчлөгддөг зүйл биш бөгөөд алгуур аажим хувьсдаг учраас бичгийн хэл нь аман аялгуунаасаа ихээхэн зөрөөтэй байна гэдэг бол тэрхүү бичгийн хэл, бичиг үсэг олон жилийн өмнө үүссэн гэж үзэх бүрэн үндэстэй юм. Монголчууд XIII зууны үед боловсорсон утга зохиолын хэлтэй, бичиг хэрэг хөтлөх тогтсон уламжлалтай байсны нэг нотолгоо бол 1225 онд бичсэн Чингисийн чулууны бичиг юм. Уг бичээст мөр тэтгэж бичих ёс тун нарийн харагдаж байдаг. Монголчуудын дунд "Уйгаржин монгол бичиг", "монгол бичиг", "Худам монгол үсэг" анх хэдийд, хаанаас авсан тухай сүүлийн үед эрдэмтэн, судлаач нар өөр өөрийн бодол саналыг дурдсан байна. Манай эрдэмтэн Ц.Шагдарсүрэн "Монголчууд ХIII зуунд согд үсгийг уйгараас дам авч хэрэглэсэнгүй, харин VI-VII зууны үед Монгол, Уйгар одоогийн Тажикийн дээд өвөг Согд нараас нэгэн зэрэг бичиг үсэг авсан байж бoлох баримт гарч байна." хэмээн бичсэн буй. Мөн Өвөр Монголын эрдэмтэн Данзан "Монгол бичгийн үүслийн цагийн асуудал" хэмээх шинжилгээний томоохон өгүүлэлдээ "Эртний монголын хэл аялгууны байдал, эртний монгол орон дахь бичгийн соёлын байдал, эртний монгол орны аймаг угсаатны соёлын харилцааны байдал ба хуучин монгол бичиг дэх хэлний болон үсэг зүйн онцлог зэргийг ерөнхийд нь шинжилж үзвэл, монголчууд ХIII зуунаас хол эрт согд гаралтай уйгар үегийг авч хэрэглэсэн бөгөөд бодитой цагийн талаар 805-840 оны хооронд буюу эсхүл 971-1125 оны хооронд буюу гэх хоёр цаг үед хэрэглэж эхэлcэн боломж нь өөр үеэс илүү байна." гээд түүнийгээ олон баримтаар батлахыг хичээсэн байна. Монгол бичгийн хэл чухам хэдий үеийн ямар аялгууг тусгасан бэ? Гэдэг асуулт юуны өмнө уг бичгийг авсан он цагтай холбогдох нь тодорхой бөгөөд энэ талаар ч судлаачдын санал нэг мөр болж чадаагүй байна. Ямар боловч монголчууд согд гаралтай уйгаржин монгол бичгийг авч хэрэглэсэн нь X зуунаас наашгүй гэж үзэх үндэстэй юм. Тийм ч учраас бид монгол, бичгээ мянган жилийн түүхтэй хэмээн ярьж буй. 1616-1911 оны хооронд оршин тогтнож ирсэн Дай Чин /Их Чин/ улсын албан ёсны бичиг болох манж бичиг нь монгол бичгээс үүссэнийг дурьдах нь зүйтэй. Манжийн төрийг үндэслэн байгуулагч Нурхач хааны зарилгаар Эрдэнэ багш, Гагай заргач хэмээх хоёр хүн 1599 онд монгол бичгийг манж хэлэнд тааруулан, дусал бинт нэмэх зэргээр өөрчлөн зохиосон билээ. Эрдэмтэн судлаач нар манж бичиг зохиосон энэ хоёр хүнийг монгол хүн байсан гэж үздэг. Монгол бичиг боловсрон хөгжсөн нь Монгол үгийг анхлан боловсруулахдаа уйгар үсгийн арван дөрвөн толгой нь монгол хэлний үг бүтээх авиалбарын тооноос арай цөөн тул хошоод, гурваад дүрсийг нийлүүлэн зарим үсгээ тэмдэглэсэн билээ. Тухайлбал ө, ү гэхэд аалеф, вав, йод гурвыг холбож бүтээжээ. Олон зуун жил монгол бичгээ сурч, сургаж ирэх явцад тэрхүү дүрс, зурлага бүрт тусгай нэр цол өгсөн нь заах аргын өвөрмөц нэгэн зүйл юм. Титэм, шүд, ацаг, өргөс, шилбэ, завж, гэдэс, сүүл, орхиц, нум, нуруу, эвэр, гэзэг, зартиг гэх мэтээр монгол бичгийнхээ зурлага, дүрс бүрийг ялган нэрлэсэн нь бичих хэрэглэлгүй нөхцөлд амаар хэлж өгөх боломжийг бүрдүүлэжээ. Жишээ нь монгол гэсэн цэгтэй, дор нь гэдэс, төгсгөлд нь дэвсгэр "л" буюу эвэр гэх болно. Нэн эрт цагт үсэг бичгээ боловсруулсан мэргэд маань голчлон нутгийн аялгууг нэн сайтар анхаарч, нутаг нутагт нэгтгэн хэлдэг авиаг адил дүрсээр тэмдэглэсэн байдаг. Жишээ нь эрт одоогийн зарим аялгуунд үгийн эхэнд "ж" нь "я" болдог ү зэгдлийг нарийн ажиглаж, адил дүрсээр тэмдэглэсэн тул засаг, ясаг, жасаг гэж дуудах б ү рэн бололцоотой байдаг. Үе үеийн олон мэргэд монгол бичгийг засаж өөрчлөлгүй явж ирсний гол шалтгаан нь бол Төв Азийн өргөн уудам нутагт тархан суусан олон нутгийн аялгуутай монгол туургатныхаа алинд ч бэрхшээл түвэггүй ойлгогдох нарийн увдистай бичиг болохыг мэдэрснийх буй заа. Өөрөөр хэлбол монгол бичгийн авиан зүйн тогтолцоонд монгол хэлний нутгийн олон аялгуутай онцлогийг бахдууштай сайхан тусгаж чадсанд л хамаг учир байгаа билээ. Монгол үсгийн бас нэгэн онцлогийг Ш.Лувсанвандан багш тайлахдаа: "хуучин монгол үсгийн нэг онцлог нь нэг үсэг үгийн эхэн, дунд, адагт янз бүрээр хувирдагт оршино. Ингэж нэг үсэг янз бүрээр хувирах нь эртний согд, уйгар үсэгт ч байсан юм. Нэг үсгийн янз бүрийн хэлбэртэй болсон нь үсгээр үг тэмдэглэхдээ уг үсгүүдийг бие биеэс нь салангид биш, залгаж бичихтэй холбогдон гарч ирсэн байна. Үг хэлэхэд хүний амнаас цувран гарсан авиа бие биендээ нөлөөлж, мөн нэг авиа үгийн эхэн, дунд, адагт янз бүрээр хувилдгийн адил үсгийг цувруулан залгаж бичихэд мөн нэг үсгийн хэлбэр зэрэглээ үсгийн бичлэгээс болж янз бүрийн хэлбэртэй болох нь зүйн хэрэг. Нэг авиа нөгөө зэрэглээ авианыхаа нөлөөгөөр хувирдаг бол мөнхүү авиаг тэмдэглэсэн үсгийн хувилбарт зохих тусалаа олж болох юм. Энэ учраас бид нэг авиаг тэмдэглэсэн үсгийн янз бүрийн хувилбарыг мөн нэг фонемын янз бүрийн хувилбартай харьцуулж үзэх бүрэн үндэстэй юм." гэсэн билээ. Монгол бичиг он жилийн уртыг туулан боловсорч ирэхдээ эрт цагийн үгийн бүтцийг өчүүхэн ч алдагдуулалгүйгээр авчирсан нь чухамдаа монгол хэлний хөгжил хувьсал бүхнийг ташаагүй үнэн тэмдэглэсэн түүхэн сурвалж бичиг мэт ажээ. Орчин цагийн монгол хэлний дуудлагаас өөрөөр бичиж байгаа үг бүрийн цаана эх хэлний маань түүхэн хувьсал үгийн гарлын учир шалтгаан, үндэсний хэл сэтгэхүйн маань бүхэл бүтэн түүх байгаа гэдгийг онцлон дурдах нь зүйтэй болов уу. Учир нь монгол бичгээ сурч судлахыг хичээх болсон өнөө үед зарим шантарган гэнэн хүн монгол бичгийг одоогийн аялгуунд тохируулан өөрчилж болдоггүй юм уу? гэж хэлэх нь хааяа тохиолдох юм. Энэ бол туйлын аминчхан үзлийн илрэл мэт бодогдож мэдэх үг ээ. Монгол бичгээр бичдэг ёсыг зөрчиж, хэлэх аялгаа баримтлан бичнэ гэдэг эх хэлнийхээ эд эсийг зэмдэглэн тайрч хаяна гэсэн үг бөгөөд түүгээр хойч үеийнхнийхээ өмнө уучилшгүй нүгэлтэн болж мэднэ. Учир нь монгол хэл, монгол бичиг гэгч гагц өнөөгийн бидний өмч биш. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн түм буман монголчуудын өмч учраас нэгэн үеийн бид дур мэдэн бичиг үсгээ өөрчилж засамжлан, хойч үеийнхээ эх хэл сэтгэхүйнх нь түүхнээс холтгох эрхгүй. Монгол бичиг бол монгол хэлний үгийн түүх гарлыг нягтлан тольдох толь бичиг юм. Наад захын үгээр жишээлэхэд хутга, хядах, чарга чирэх, гэх мэт үгийг монгол бичгээр хидуга, хидуху, чирга, чирхү гэж бичнэ. Эхний хоёр үгийн язгуур нь хиду-бөгөөд хядаж, хяргадаг юмын нэрийг хутга гэдэг болох нь илт харагдана. Нөгөө хоёр үгийн язгуур чир-бөгөөд чирч явдаг юмыг чарга гэдэг болох нь тодорхой байна. Үсэг зүйн хувьд авч үзвэл, XVI - XVII зууны үе хүртэлх бичгийн хэв маяг, үсгийн зурлага уугуул согд, уйгар үсэгтэй их төстэй байсан бөгөөд тийм ч учраас энэ үеийн монгол бичгийг уйгаржин монгол бичиг гэж нэрлэх нь бий. ХVI -ХҮII зуунаас хойш, өдгөөгийн монгол бичиг үсгийн хэв маягийг олж, үсгийн зурлага, нэмэлт тэмдэг сэлт нь тогтворжин боловсорч, харь хэлний үгийг тэмдэглэх галиг үсгийн бүхэл бүтэн тогтолцоотой болж, зөв бичих дүрэм ч жигдрэн цэгцэрсэн байна. ХҮI -ХҮII зууны үед монголчуудын ном бичгийн үйлс нэн өрнөж, ном барлах, орчуулах туурвах үйл мандан дэлгэрч, сонгодог бичгийн хэл бүрэлдэн тогтжээ. Монгол бичгийн зөв бичих дүрэм жигдрэн цэгцрэхэд ХIII зуунаас эхлэн удаа дараа туурвиж ирсэн олон арван хэлзүйн бичиг, олон зүйлийн толь бичиг нэн чухал байв. Эдгээр "Зүрхэн тольт" хэмээх хэлзүйн бүтээл цагаан толгой, үсгийн дүрмийг хамарсан төдийгүй хэл шинжлэл буюу дуун ухааны олон талыг багтааж байжээ. Нэгэн жишээ татахад XIII зууны эцэс, XIV зууны эхэн үед бүтээн туурвиж байсан. Чойжи-Одсэр, монгол бичгийн авиазүй, хэлзүйн онцлогийг сайн тусгаж, үгийн эцэст үе битүүлэн орж чадах гийгүүлэгч үсгийг бүртгэн тогтоож 11 дэвсгэр үсэг гэж нэрлэжээ. Эртний монгол хэлний 11 дэвсгэр гийгүүлэгчээс 9 нь орчин цагийн монгол хэлэнд нэгэн адил дэвсгэрлэн орж байгаагаас үзэхэд тэр эрт цагт монгол хэлний гийгүүлэгч авиалбарын байрлалын чухал хуулийг нээсэн ажээ. XIII зуунаас эхлэн Саж Бандид Гунгаажалцан, Чойжи-Одсэр, Рабжамба Дагзандагва, Алшаа Дандар Лхаарамба, О.Жамьян, С.Шагж тэргүүтэн олон мэргэд, олон арван цагаан толгой, "Зүрхэн тольт" хэмээх хэлзүйн дүрмийг боловсруулсаар ирсэн билээ. XX зууны эхэн үед С.Шагж багшийн "Үсгийн дүрмийн толь" гарч, өдгөө хүртэл Өвөр Монгол, Буриад бүгд л энэ толийг зөв бичих зүйн хувьд мөрдлөг болгож байгаа юм. Монгол бичгийн сан хөмрөг Монгол туургатан олон зууны турш үндэснийхээ бичгээр оюуны соёлын хосгүй арвин өв сан бүтээжээ. Цаг цагийн гамшиг, үе үеийн үрэгдлийг тэсч өнгөрөөсөн нь л бидэнд хүрч иржээ гэж бодоход өдгөө Монгол оронд болон дэлхийн олон орны номын санд хадгалагдаж байгаа монгол номыг мэдсэн дуулсны хэрээр хэмжээлэн санахад өөрийн эрхгүй бахдан бишрэх сэтгэл төрөх ажээ. Зөвхөн улсын нийтийн номын санд монгол бичгээр тууривсан 20000 орчим судар шастир хадгалагдаж байна. ОХУ, Монгол, АНУ, Англи, Япон, Герман, Швед, Польш, Унгар, Франц зэрэг дэлхийн олон орны номын санд монгол бичгээр туурвисан судар шастир, мөн үлэмж тоотой байгаа бөгөөд зарим орны эрдэмтэн өөрийн оронд байгаа монгол номын гарчгийг хэвлүүлсэн нь зөвхөн тусгай ном, том боть болсон байх юм. Монгол туургатны дотроос ухаан билгээрээ тодрон гарсан олон мэргэд зүйл зүйлийн ухааны нэн арвин шастир судар туурвисан байхаас гадна эртний дорно дахины соёлт орнуудын шилдэг зохиолын орчуулгын баялаг сан хөмрөг буй болгожээ. Ганцхан жишээ дурдахад монголын их хаадын намтар, хатад, хөвгүүд, гавъяатан сайд, түшмэдийн шастир болон Юань улсын үеийн монголын эдийн засаг, соёлын түүхийг өргөн хамарч бичсэн "Юань улсын судар" хэмээх 210 дэвтэр номыг монголын нэрт бичгийн хүн, хятадач Дандаа (чухам нэр нь Дэмжигдорж) 1917-1928 оны хооронд орчуулсан нь гар бичмэлээр улсын нийтийн номийн санд хадгалагдаж байна. Мөн энэхүү "Юань улсын судар"-ын 14 дүгээр дэвтэр манж хураангуйг орчуулсан нь бас байх юм. Ганжуур, Данжуур тэргүүтэй өдий төдий судар шастирыг төвд хэлнээс орчуулсныг хэн бүхэн мэдэж байгаа. Монгол бичгээр байгаа орчуулгын сан хөмрөгт 1921-1945 он хүртэл өрнө дахины хэлнээс орчуулсан бас нэлээд арвин ном зохиол бий билээ. Монгол бичгээр бидэнд уламжлагдан ирсэн судар, шастир, намтар түүх, илтгэл шасдир, данс хараа, алба албан бичиг тэргүүтэн нь монгол туургатны туулж ирсэн зам мөр, туурвиж бүтээсэн оюун ухаан, мандаж буурсан түүхэн үнэн, шүтэж баримталсан зан үйлийг танин мэдэх гол түлхүүр бөгөөд сонгодог бичгийн найруулгын ур маяг, эх хэлнийхээ яруу сайхан, арвин баялаг үгийн санг гагцхүү монголын бичгийнхээ сан хөмрөгөөс л сурч мэдэх учиртай. Төгсгөлд нь тэмдэглэхэд монгол бичиг нь монгол туургатны тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, олон аялгуутныг соёлоор холбох гүүр билээ. Өөрчлөн байгуулалтын сайн цагийн урин улиралд найман настнаас наян настан буурал, жирийн ажилтнаас төрийн сайд хүртэл хэлмэгдсэн соёлоо сэргээж, монгол бичгээ сурч мэдэхийг хичээн чармайж байгаа нь нэн сайшаалтай бөгөөд монгол бичгээ улсынхаа албан ёсны бичиг болгох нь түүхэн зайлшгүй шаардлага болон тавигдлаа. Иймээс бид эх орон, эх хэл хоёроо эрхэмлэн дээдэлж, монгол түмний ертөнцийн оюуны санд оруулсан хандив болох монгол бичгээ шамдан сурцгаая!

1 comment:

  1. demjij bnaa bi hicheenguilen suraltsah bolnoo

    ReplyDelete