3. "Өчүүхэн чармайлт"хэмээх гайхалтай хүч
За тэгэхээр, цаашдынхаа амьдралд таны өөртөө бий болгох гол зүйл бол хүч чармайлт гэдгийг ойлголоо шүү дээ. Хүчээ дайчлан, цөхрөлтгүй хичээн чармайж байж л сайн үр дүнд хүрнэ дээ. Өөрийг тань урамшуулж, дэмжин зоригжуулж байгаа найз нөхөд, дотны туслагч болсон ном, багш нараа түших хэрэгтэй. Өөр бусад тус дэм ч бий шүү. Гэхдээ аливаа хүн өөрийн мэдлэг, чадварын хүчийг хатжуулан хөгжүүлэхийг эцсийн дүндээ та өөрөө л хийдэг учиртай. Таны өмнөөс хэн ч үүнийг хийж өгөхгүй. Хэдийгээр энэ хорвоод үнэтэй цэнэтэй зүйл өч төчнөөн байдаг ч бүх юм "хичээл чармайлт" хэмээх хамгийн том үндэс суурин дээр л тогтож байдаг.
Үнэнхүү гайхамшигт амжилтыг асар их тэвчээр гарган судалж мэдсэн "хөдөлмөр" л удирдан жолооддог юм. Тархи толгойгоо эрчтэй ажиллуулж хөгжүүлэлгүйгээр, өргөн дэлгэр эрдэм мэдлэгийг олж авалгүйгээр, гэнэт л хорвоо ертөнц дээр тодроод гараад ирнэ гэдэг бол нэгэн цаг мөчид үл ойлгогдох гэрлийг цацруулахтай л адил юм. Энэ бүхнээр би, хүмүүс бид аливааг өөрийн болгох чадвар дадал, эрдэм мэдлэгийг бий болгохын тулд заавал хичээн чармайх ёстой, өөрт тань байгаа болон бусдад өгч байгаа үнэт зүйлс бүхэнд хичээл чармайлт шаардлагатай гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Энэ бодит үнэнд жишээ татахын тулд эрж хайх шаардлага байхгүй.
Номхон дөлгөөн далайг үзэмжтэй болгон чимдэг шүрэн арлуудыг харахад "гэм хор гээчийг огтоос үл мэдэх" Эдений цэцэрлэг энд тэнд дурайх шиг харагддаг. Эдгээр том арлуудыг жижигхэн шүр хорхойнууд ширхэг ширхэгээрээ бөөгнөрөн овооролдсоор далайн ёроолоос сүндэрлүүлэн босгодог гэгддэг билээ.
Хүний хичээл чармайлт гэдэг ч бас л ийм зүйл шүү дээ. Хүний бүтээх гайхамшигт амжилт гэдэг бол жижигхэн, басхүү тасралтгүй үргэлжилсэн хичээл чармайлтын "ургац" юм. Хэзээ ч билээ дээ, би нэгэн алдарт зураачийн далд санаа агуулсан зургийг үзээд, яг байгаа чигээр нь хүлээн авч байснаа байнга санаж байдаг юм. Тэр зурагт дүрслэгдсэн уулын бэлд нэгэн эрэгтэй хүн малгай, цамцаа тайлж хажуудаа тавиад, гартаа зээтүү барьчихсан байсан.
Алгуурхан, нэг нэгээр зээтүүдэн зүтгэх тэвчээр хатуужлыг илэрхийлэх тэр өгүүлэмж нь "бага багаар, аажим аажмаар, зугуухан, гэвч тасралтгүй" гэсэн санааг илэрхийлэх мэт.
4. Юуны өмнө, нэг ажлыг тууштайгаар, эцэст нь тултал бодож хийж үзэцгээе
Уураг тархи гэдэг угтаа бол зэрлэгшсэн унагатай адил зүйл.
Хэн нэгэн аливааг тууштайгаар бодож тунгаан уураг тархиа батжуулан хөгжүүлж чадаагүй ч юм уу, амжаагүй хүнийг сонгоод, "тууштайгаар бодож сэтгэх" ажлыг хийлгээд үзээрэй. Өөрөөр нь сэдвийг сонгуулсан ч болно шүү дээ. Тэр хүн ухаан бодлоо уг асуудалд төвлөрүүлж чадахгүй байгаа нь харагдах болно. Сэтгэн бодох дасгалаас холдож, тэс өөр юм бодож эхлэх нь мэдэгдэнэ. Нэг бол эргэлзэж төөрөлдөөд тууштай сэтгэн бодохоо зогсоочихож ч магадгүй. Хэдийгээр өөртөө дүгнэлт хийн, за одоо л ч анхаарлаа төвлөрүүлье гэж оролдох боловч дахиад л өөрийн мэдэлгүй өөр зүгт хадууран, хоосон тэнгэрт хөөрч одно, тэр хүн. Хэд дахин оролдож үзээд, уур нь хүрээд больчих ч юм уу, эсвэл унтаад өгнө дөө.
Насны залууд өргөн дэлгэр мэдлэг гэхээсээ илүү ирээдүйтэй мэдлэгийг олж авах, ирээдүйд хэрэг болох байдлаар уураг тархиа хатжуулан хөгжүүлэх нь чухал билээ. Мэдлэгийн агуулах хэзээ нэгтээ хуримтлалаар дүүрэх учраас өсч торних үедээ яарч адган эрээвэр мэдлэгийг овоолон чихэх хэрэггүй.
Толь бичгийг яагаад хэрэглэдэг билээ? Шинэ үг сурахаас гадна нэрийг нь мэдэх ёстой мөртөө яагаад ч санаанд орохгүй байгаа хүнтэйгээ уулзаж байгаа юм шиг мартагдсан үгээ толь бичгээс олдог шүү дээ. Ийм тохиолдолд та анхаарлаа бүрэн гүйцэд төвлөрүүлж чаддаг болоогүй байна гэсэн үг. Дээрх үгийг та урьд өмнө тогтоочихсон байсан. Гэтэл мартагдчихаж. Анх харж тогтоох үед энэ үг таны уураг тархиар сум шиг "цоо нэвтлэн" гарчихаагүй л баймаарсан.
Зуны нэг сайхан өдөр хүүхдүүд сурах бичгээ сугавчлан өрөөнөөсөө гарч, цэцэрлэгт хүрээлэнгийн модод дунд орж явчихыг, тэгснээ төдөлгүй тайван амгалан номоо уншиж чадахгүй болохоор буцаад хүрч ирэхийг би харсан юм. Уул нь тэр хүүхдүүд байршлаа сольчихвол тогтож өгөхгүй байгаа анхаарал нь төвлөрөх байх гэж бодоцгоож, эс бөгөөс сэтгэл санаагаа төвлөрүүлэхэд нь саад болоод байгаа тэр нэг, үгээр илэрхийлэмгүй тогтворгүй байдлыг даван туулж чадна байх хэмээн найдацгааж байжээ. Гэвч уг оролдлого нь ямар ч үр дүнгүй дууссан байна.
Энэ жишээ өөрөөсөө зугтах хэрэггүй гэж бидэнд хэлж байна. Хамгийн зөв арга бол "өрөөндөө тайван амгалан суугаад, хэцүү бөгөөд сонирхолгүй санагдаж байгаа хичээлдээ тун хянамгайхнаар анхаарлаа төвлөрүүлж, тэр хичээлийг жинхэнээр нь өөрийн болгож авах арга" юм. Тогтож өгөхгүй байгаа анхаарлаа тогтоон барьж, нэг удаа ингэж өөрийгөө удирдаж чадах юм бол дараа дараагийн удаагаас анхаарлаа тун зугуухнаар, өөрөө жолоодож чаддаг болоод ирнэ.
Тэвчээр болон анхаарал төвлөрүүлэх чадвар хоёр ижил чанартай, их хуч юм. Тэгэхээр тэвчээргүй хүн уураг тархиа хатжуулан хөгжүүлж чадна гэж хэлэхэд бэрх. Тэвчээр гарган, хичээн чармайж хичээллэх нь өндөр үр дүн авчрах зайлшгүй нөхцөл болоод зогсохгүй энэ амжилтын бодит баталгаа болох юм.
Нэг жишээ хэлье.
Агуу их Исаак Ньютон нэгэн өдөр ажлын ширээн дээрээ иртэл хайртай нохой нь ширээн дээрхийг нь эргүүлж сандаачаад хаячихсан, олон жилийн хүч хөдөлмөр шингэсэн онолын бүтээлийг ил гал руу унаган шатаагаад үнс болгочихсон байжээ. Гэсэн ч тэрбээр тайван намуухнаар нохойндоо хандан, "Даймонд минь дээ, чи ямар санаатайгаар муу юм хийсэн биш" гэж хэлсэн гэдэг.
Ньютон үнэхээр суут хүн байж дээ. Дээрх жишээнээс түүний сэтгэлийн тэвчээр харагдаж байна. Тэр уурлаж уцаарласан ганц ч уг хэлсэнгүй, нөр их хөдөлмөрөө дахин шинээр эхлэхээр ширээнийхээ ард суужээ. Тэрбээр үүний л төлөө амьдарсан бөгөөд тэгээд ч амжилт бүтээл нь дэлхий дахины магтаал хайраар бялхсан билээ.
Гэхдээ л, иймэрхүү маягаар өдөр хоног, өнгөрөх цагийг умартан жил сараар ширээний ард сууж, судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй хийж чадах тэвчээртэй хүн тун ховор. Хүний ийм чанар, чадварыг хөгжүүлэн сайжруулах нь чухам сурган хүмүүжүүлэх ажлын чухал бөгөөд амаргүй үүрэг юм.
mash heregtei zuvulguu bn bayarlalaa
ReplyDelete