Сондгой сэдвүүд

Чонон сүлд ба үндэстний оршихуй. Цэнд-Аюушийн Буянзаяа

Хятадын зохиолч Зян Руний “Чонон сүлд” романы талаар бичсэн шүүмж-өгүүллийг маань уншсан олон уншигч тал нутгийн монгол чоно, монгол ахуй, монгол хүнийг магтан дуулсан, цөлжилтийн аюулыг анхааруулан бичсэн гайхамшигт зохиолын үзэл санааг шүүмжиллээ хэмээн намайг ихэд буруутгажээ. Мөн миний өгүүлсэн санааг дэмжсэн хүмүүс ч цөөнгүй байсан болно. Тэдгээр санал сэтгэгдэлүүдтэй, и:майлаар ирсэн цахим-зурвасуудтай уншиж танилцаад уг зохиолын талаар дахин санал бодлоо илэрхийлэх нь зөв юм байна, тэр тусмаа “Чонон сүлд” романд тусгагдсан үзэл санааны тухай дэлгэрүүлж өгүүлэх нь зөв юм байна гэж үзлээ.
Зян Рун “Чонон сүлд” романы өмнөтгөл хэсэгт монгол уншигчдад хандан өгүүлсэн бичвэртээн “Үзэмж төгөлдөр эрх чөлөөт байдлаа хадгалсаар байгаа Монгол Улсын их тал нутагт энэ номыг зориулав” хэмээн өгүүлсэн байсан. Хятад хэл дээр хэвлэгдсэн номынхоо дотор талын хавтсан дээр “Гарамгайгаараа гайхагдсан тал нутгийн чоно, хүн хоёрт болон урьд нь үзэсгэлэнт байдлаараа шагшигдан байсан Өвөрмонголын их талд энэ номыг зориулав” хэмээн бичсэн гэдгээ ч тэрээр крилл бичгээр хэвлэгдсэн номынхоо дурдсан бичвэрт ишлэн өгүүлсэн байдаг.

Үнэхээр ч Зян Рун хятадын суурьшмал иргэншилд хавчигдан мөхөж буй тал нутгийн монгол ахуйд санаа тавьж явдаг гэдгээ романдаа нэлээдгүй тусгасан байдаг болно. Гэхдээ тэр нь монголчуудын хувь заяанд гэхээсээ илүүтэйгээр өөрийн хятад үндэстний хувь заяанд илүү их санаа зовж, шаналж явдаг сэтгэлээс нь урган гарсан болох нь “Чонон сүлд” романы гол үзэл санаанаас илтэд анзаарагддаг юм. Зохиолч монголын тал нутагт 11 жил амьдарч, монгол ахуй, монгол сэтгэлгээ, монгол чононы тухай нэлээд их зүйлийг судлан байж энэхүү романаа бичсэн гэдгээ ч дурдсан байдаг. Түүнчлэн уг зохиол нь амьтан судлалын ном бус уран зохиол гэдгийг ч зохиолч зориудаар тодруулан өгүүлсэн нь бий.

Тиймээс миний бие “Чонон сүлд ба хонин сэтгэлгээ” хэмээх шүүмж-өгүүлэлдээ уг зохиолыг уран зохиол талаас нь анхааран харж уран зохиолын хувьд “Чонон сүлд” нь Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужаас ур чадвар, зохиомж, туурвилзүйн хувьд илтэд муу зохиол гэж харьцуулан өгүүлсэн юм. “Өөрийн толгой дээр байгаа тэмээг хараагүй байж хүний толгой дээрх өвсийг харна” гэсэн ардын үг байдаг. Нэг ёсондоо “Хөгшин чоно ульсан нь” гэдэг үндэстний уран зохиолын сод туурвилаа мэдэхгүй байж, үнэлээгүй байж түүнээс ур чадвараар илэрхий дутуу гадаадын зохиолчийн зохиолд монголчууд маань нийтээрээ хошууран дагаж байгаад миний бие шүүмжлэлтэй хандсан юм.

Энэ санаа минь одоо ч хэвээр байна, цаашид ч хэвээр байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. “Үзэгдээгүй гэдэг байхгүй гэсэн үг биш” гэдэг үг байдаг. Тийм болохоор “Үнэлэгдээгүй байна гэдэг муу гэсэн үг биш” гэж энд зориуд онцлон өгүүлмээр байна. Мөн зарим уншигчид Зян Руний “Чонон сүлд” роман нь Хятадад ихээхэн хавчигдан гадуурхагдсан зохиол гэж өгүүлсэн байна билээ.

Зян Рун романаа 2003 онд бичиж дуусган 2004 онд хятад хэл дээр анх хэвлүүлэн түүнээс хойш олон хэл дээр уг роман хэвлэгджээ. “Чонон сүлд” нь 2006 онд анх монгол хэлээр орчуулагдан монгол бичгээр Өвөрмонголд хэвлэгдэн 2007 оны эхин үеэс монгол уншигчдын хүртээл болжээ. Тэгэхлээр Зян Рун уг романыг бичээд элэг нэгтнүүддээ гадуурхагдсан гэдэг үг бол худал үг юм. Зян Рун “Чонон сүлд” романаараа олон ч шагнал хүртсэн. Одоо ч түүнийг өндрөөр үнэлсэн хэвээр байна. Харин уг зохиолын талаарх сайн, муу шүүмж бол хаа сайгүй л гарч байна. Тэглээ гээд гадуурхагдаж байгаа хэрэг биш юм. Уран зохиолын шүүмж бол уран зохиолын ертөнцөд байх ёстой чухал үзэгдэл билээ. Харин хэлмэгдсэн тухай ярих юм бол “Хөгшин чоно ульсан нь” тууж аймшигтай хэлмэгдсэн зохиол юм.

1960- аад оны дунд үед бичигдсэн уг тууж нь 1980-аад оны дунд үеэр буюу бүхэл бүтэн хориод жилийн дараа уншигчдын хүртээл болно гэдэг үнэхээр сэтгэл шимшрүүлсэн хувь зохиол билээ. Жеймс Жойсын “Үлисс” роман ч ийм олон жил хаалттай байгаагүй юм.

Уг зохиолын хэсгээс 1920 –оод оны дунд үеэс л гэхэд оросын уншигчид хэдийнээ уншин мэддэг болчихсон байсан билээ. Александр Солженицын “Гулаг олтриг” ч ийм олон жил хүн төрөлхтний билэг оюуны нүднээс халхлагдаж байгаагүй юм. Үүнийг юу гэхэв? Хэрвээ “Хөгшин чоно ульсан нь” тууж 1960-аад оны үед бичигдсэн даруйдаа хэвлэгдсэн байсан бол Монголын уран зохиолын сэтгэлгээний шинэтгэлд ямар их ахиц гарах байсан бол? Ингэж бодохоор туйлын харуусалтай байдаг юм. Чоно хэмээх хийморь цог нь бадарсан амьтны нууцлагдмал ертөнцийг дүрслэн өгүүлсэн Жек Лондоны “Цагаан соёот”, Чингиз Айтмотавын “Цаазын тавцан” гээд олон зохиол бий.

Тэр дотроос Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужийг давж гарсан сонгодог туурвилыг өнөө хэр би л хувьдаа олж үзээгүй байна. Гэвч тэрхүү суут туурвилыг туурвигчийн өлгий элгэн нутгийнх нь тэрхүү бүтээлийг нь өнөөдөр хүртэл сайн мэдэхгүй, тэрхүү туужтай нь эн зэрэгцүүлэн тавихад хүзүү, толгой илт дутах гадаадын зохиолчийн зохиолыг шагшин магтаж монгол зохиолчид ийм зохиол бичиж чадахгүй хэмээн басамжлан гутааж буйд үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Энэ бол үндэсний оюун санаан дахь “хэлмэгдүүлэлт” л юм даа. Харин Зян Рун “Чонон сүлд” романдаа монголчуудын өөрсдийнх үнэлдэггүй, бүдүүлэг харанхуйд тооцдог оюун санааны далд ертөнцийг нь, амьдрах чадварыг нь хятадын ард түмэн ашиглах ёстой шүү гэдгийг байн байн сануулсан байх юм.

Дэн Сяо Пэний “Нээлттэй хаалганы бодлого”-оор богино хугацаанд эрчимтэй хөгжиж чадсан Хятад оронд өнөөдөр оюун санааны шинэ чиг баримжаа зайлшгүй хэрэгтэй болсон, олон жил тус улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж ирсэн коммунист үзэл санааных нь чиг баримжаа явцгүй болон мухардалд орсон гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сүүлийн үед багагүй өгүүлэх болсон. Тиймээс Хятадын сэхээтнүүд улс орныхоо хувь заяанд анхаарлаа хандуулан ирээдүйн хятад үндэстэн оюун санааны ямар чиг баримжааг барьж оршин тогтнох вэ гэдэгт санал бодлоо уралдуулаад эхэлжээ.


Зохиолч Зян Рун ч энэ хандлагад анхаарлаа чиглүүлэн Хятадын уламжлалт Күнзийн номлолын сул талыг монголчуудын чоно мэт идэвхитэй амьдрах чадвараар нөхөн байж хүчирхэг улс хэвээр байна гэдэг үзэл санааг дэвшүүлсэн байна. Энэ бол “Чонон сүлд” романы амин чухал үзэл санаа юм.
Тухайлбал, Чонон сүлд романд “Хэрвээ манай хятадууд өөрсдийн оюун санаан дахь Күнзийн суртлын ялзарсан хэсгийг тайрч хаяад тэрхүү орон зайд чонон сүлд хэмээх модны суулгацыг шилжүүлэн суулгаж, түүнийг Күнзийн аядуу үзэл, боловсрол, ном хэрхэн сурах зэрэг уламжлалтай сайтар уялдуулан, үндэсний зан чанарыг дахин буй болгож чадсан цагт сая манай хятад хөгжих найдлагатай байж мэдэх юм” хэмээн өгүүлсэн /420-р тал/ байдаг болно. Зарим хүмүүс “Чонон сүлд” романыг чонын тухай, тэр тусмаа тал нутгийн чоно хэмээх гайхамшигт амьтны хийморь цогийн тухай өгүүлсэн зохиол л гэж ойлгоод байх шиг байгаа юм. “Чонон сүлд” роман нь өнгөц харахад тал нутгийн чонын тухай, түүнийг тойрсон монгол ахуйн давтагдашгүй хэв маягийг өгүүлээд байгаа юм шиг хэрнээ агууламжийнхаа гүнд улс төрийн зорилготой маш нарийн өгүүлэмжүүдийг зохиолын баатруудын харилцан яриа, бодол санаа болгон нийтлэлжүүлэн тусгасан байдаг. Энэ талаар тодорхой болгох үүднээс зарим өгүүлэмжийг ишлэн тодруулсу. “Хятад үндэстэн сүрэг чонын өрсөлдөөн дундах дэлхий дахинд байр сууриа эзлэе хэмээвээс тариачин үндэстний дундах хонин шинж, гэрийн тэжээвэр амьтны хэв шинжийг гээж, өөрийгөө хүчирхэг чоно болгон хувиргах хэрэгтэй” /466-р тал/ “Ийм олон хүн амтай, өргөн уудам газар нутагтай хятад улс давжаа жаахан япончуудад найман жил эзлүүлсэн гэж байгаа. Хэрвээ Зөвлөлт улс цэрэг гаргаж туслаагүй бол, Америк атомын бөмбөгөө тэдэн дээр хаяагүй бол дахин хэдэн жил дарлуулах байсныг бүү мэд дээ. Гэтэл нөгөө ялагдсан япончууд чинь хэдхэн жилийн хугацаанд эдийн засгийн хүчирхэг гүрэн болсон гэж дуулдсан. Далайн өчүүхэн чоно японы үндэстний зан чанар үнэхээр мундаг байгаа юм шүү” /498-р тал/ “Манай улс уг нь улс төрийн хувьд нэг улс хоёр систем гэдэг тогтолцоог хэрэгжүүлж байгаа атлаа хятад үндэстний ухамсарын гүнд янз бүрийн бүс нутгуудыг нэг хэв маягаар удирдах үзэл амь бөхтэй оршсоор байна” /580-р тал/ “Гэтэл японы зандалчид руу манай Хятад улс дайрч байсан удаа байхгүй. Харин ч эсрэгээр тэгтэл их тусалж байсан байхад манай хятад хүмүүсийг нүд цавчихгүй алж хядаж байсан биш үү?” /122-р тал/ “Ямар сайндаа л “Большевик намын түүх” зохиолын төгсгөлийн үгэнд “Даян дэлхийн коммунистууд өөрсдийн газар эх болсон ард түмнээс холдон хөндийрч болохгүй. Эс бөгөөс хэчнээн хүчирхэг нам байгаад ч хий агаар дахь дайсандаа няц боомлигдон үхэх болно” гэсэн байдаг” /535-р тал/. “Ленин хүн чоно хоёрын тэмцлийн тухай сонссоор өнө мөнх нойрсоход харь үндэстний чонон сүлд түүнийг Маркстай уулзуулахаар авч одсон байж болох биш үү?” /291-р тал/ Энэ мэт зохиогчийн улс орныхоо өнгөрсөн түүх, ирээдүйн талаар санал бодлоо илэрхийлсэн улс төрийн агуулгатай өгүүлэмжүүд “Чонон сүлд” романд нэлээд их бий. Үүгээрээ Зян Рун нь монголчуудын хувь заяанд гэхээсээ илүүтэйгээр өөрийн эх орныхоо хувь заяанд хэрхэн санаа тавьж явдаг хүн бэ гэдгээ тодорхой харуулж байгаа билээ. “Чонон сүлд” романы гүнд хадгалагдаж буй бас нэгэн чухал үзэл санаа бол хятад хүн бол нүүдэлчин цусны угшилтай, тэрхүү цусандаа байгаа хэв шинжээ сэргээн шинэ төвшинд гаргаж өөрсдийн оюун санааны чухал бүрэлдэхүүн хэсэг болгох ёстой гэсэн үзэл юм. Тиймээс Зян Рун эх орон нэгтнүүддээ хандан монголчууд нь зэрлэг бүдүүлэг түүхтэй, дайнч түрэмгий шинжтэй, соёл боловсрол муутай хүмүүс боловч хятадын түүхэнд төдийгүй хүн төрөлхтний түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тиймээс ирээдүйд монголчуудын тэрхүү гайхамшигт шинжийг бид үндэснийхээ эрх ашигт нийцүүлэн ашиглахын тулд монголчуудын ёс заншил, сэтгэлгээ, ахуй амьдралыг хамгаалж үлдээх ёстой юм. Хэрвээ өнөөдөр хятадууд өөрсдийнхөө нэгээхэн хэсэг болсон нүүдэлчдийн ахуйг үгүй хийчихвэл хожим бидэнд нөхөгдөшгүй гарз болно шүү гэдгийг номлон сургасан нь “Чонон сүлд” романд нь илэрхий тусгалаа олжээ. Жишээ дурдсу, “Эртний хятад үндэстэн яагаад өөрийн үндэстний дотор нэгэн нүүдэлчин угшлыг үлдээж болоогүй юм бол доо? Өөрийн улсын хил хязгаарын дотор нүүдлийн мал аж ахуй эрхлэх хэсэг нутгийг үлдээгээд хятад үндэстний “Гусак” угшлыг буй болгосон болоосой” /193-р тал/ “Харин сул дорой зан араншинтай хятад үндэстэн энэхүү эрэлхэг зоригтой, дайчин давшингуй цусаар өөрийгөө сэлбэх хэрэгтэй” /241-р тал/ “Арай Тан улсын дунд хожуу үед хятадууд дотор газрынхаа чонон сүргийг алж устгачихаад үндэсний ухамсар зан чанарыг доройтуулчихсан хэрэг биш биз дээ?” /315-р тал/ “Түүхийн турш суурьшмал үндэстнүүд нүүдэлчтэй дайтаж байлдсаны эцэст эвлэрээд ураг барилдсаар ирсэн, бидний цус ч хольцтой байж таарна” /319-р тал/ “Хэдийгээр Чэнь Жэнь /романы гол баатар Ц.Б./-ийн элэнц эцэг жинхэнэ тариачин гаралтай хүн боловч өөрийнх нь цусанд нүүдэлчдийн цусны хольц шингээтэй болохыг тэр олж мэджээ” /364-р тал/ “Си Юй буюу баруун хязгаарт төрж, тухайн газрынхаа түрүг үндэстний зан сургаалын нөлөөнд автсан уянгын дуулалч маань /Ли Байг хэлж байна.Ц.Б./ эрх чөлөөт, омог бардам чонон цусныхаа оргилохыг хичнээн удаа мэдэрч байсан бол доо?” /467-р тал/ “Гэтэл бидний хэдэн азтай нөхөд монгол талын балар эртний нүүдлийн амьдралын сүүлнээс атган үлдсэнээр өрнөдийн хүчээ аван хөгжсөний нууц түлхүүрийг атгаж авсан байхыг хэн байг гэх билээ?” /330-р тал/ Зян Рун “Чонон сүлд” романдаа нүүдэлчдийн сэтгэлгээний онцлогийг, тэр тусмаа байгалиас заяагдмал тэмцэмтгий чанарыг нь тал нутгийн чонын амьдралтай холбон нээн үзүүлэхэд л гол анхаарлаа хандуулсан байдаг юм. Тэр нь эцсийн дүндээ Күнзийн номлолын сул талыг нөхөн хүчирхэг хятад үндэстний оюун санааг бүрдүүлэх ёстой гэсэн санаагаа бодит үйл хэрэг болгоход л чиглүүлж байгаа болно. Тиймээс Зян Рун монголчуудын дайчин чанараас хятад хүн барлаг зарц нь болоод ч бай хамаагүй суралцах хэрэгтэй. Дайнч байна гэдэг маш чухал юм. Зөвхөн бичиг соёл хөгжүүлээд хүчирхэг үндэстэн оршин тогтохгүй /222,223-р тал/ хэмээсэн үзэл санааг зохиолдоо сургамжилсан болно. Мөн тэрээр Өвөрмонголын тал нутгийн байгалийг хамгаалах нь Хятадын экологийн чухал асуудал юм шүү гэдгийг ч өгүүлсэн байдаг. “Хэрвээ цагаан хэрмээс хойшхи умард зүгийн тал цөлжөөд Монголын элсэн говьтой хаяа хатгачихвал Бээжин хот юу болох билээ” /348-р тал/ “Бээжин хот талын морин цэргийн довтолгооныг ялан давж чаддаггүй юм чинь түүнээс хэдэн арван сая дахин хүчтэй “Шар түйрэнгийн аюулыг яахин торгоож чадах вэ?” /419-р тал/ “Өвөрмонголын тал нутаг бол уг чанартаа дотор газрын экологи амь амьдралын халхавч юм шүү дээ. Тийм болохоор Өвөрмонголыг экологийн онцгой бүс гэж зарлаад тэр чиглэлийн томоохон санхүүгийн татаас олгож, газар тариалан, аж үйлдвэр эрхлэн, дотор газраас хүмүүс шилжин суурьшихыг хатуу чанд хориглон, зөвхөн тусгай зөвшөөрлөөр зорчдог болох хэрэгтэй” /583-р тал/.
“Хятадын суурьшмал соёл хоёр гурван зуун жилийн хугацаанд манж үндэстнийг уусгаж чадсан бөгөөд тэдний уугуул нутаг болох зүүн гурван муж хар шороон хөрстэй байсан тул суурин соёл үндэслэх боломжтой байсан юм. Харин хятадын соёл тачир нимгэн хөрстэй Монголын талыг уусгачихвал жинхэнэ шар гамшиг гэж тэр болох байх шүү” /377-р тал/ Эдгээр өгүүлэмжүүдээс зохиолч нүүдэлчдийн соёлыг суурьшмал иргэншлээр үгүй болгож буй явдлыг шүүмжлэхээс илүүтэйгээр өөрийн улс, үндэстний эрх ашиг, экологийн асуудалд нэн тэргүүнд анхаарлаа хандуулж буй үзэл санаа нь цухалзаж байгааг анзаарч болох юм. Үүнээс гадна “Чонон сүлд” романы чандад нуугдан буй нэгэн чухал асуудал бол Хятадын түүхэнд цусан зам татуулан үлдсэн улаан хамгаалагчдын үеийн туслах малчдын дүр төрхийг эерэг байдлаар дүрслэн үзүүлсэн явдал юм. Энэ тухай “Чонон сүлд ба хонин сэтгэлгээ” шүүмж-өгүүлэлдээ дурдсан байгаа. Улаан хамгаалагчдын үед жирийн монгол малчин “Хятадын бодлого”-ыг шүүмжилнэ гэдэг бол тухайн үедээ бол байж боломгүй зүйл юм. Гэтэл тэр нь өнөө цагт “Чонон сүлд” романд уран зохиолын аргаар гоёчлогдон өгүүлэгдсэн явдал хэмээхэд хэтийдэхгүй гэдэгт итгэлтэй байна. Үүнийг миний хувьд өөрийн эх орондоо хязгааргүй хайртай Зян Рун зохиолч эх орныхоо түүхийн нэгэн бараан үеийг гэгээн сайхнаар хулдан өгүүлэхийг чухалчилсан гэж ойлгож байгаа юм. Учир нь “Чонон сүлд” романд 1960 -аад оны төгсгөл 1970-аад оны эхин үед Өвөрмонголын хөдөө нутагт болж буй үйл явдлуудыг дүрслэн үзүүлсэн байна. Тухайлбал, романд болж байгаа үйл явдлыг огноолон хөөхөд Барилгын цэргийн нэгтгэлээс тал нутгийн чоныг устгах үйл ажиллагаа хэрэгжсэний дараа жил мөн нохдын тоог цөөрүүлэх ажил хийгдсэн бөгөөд тэр явдлаас хойш дөрвөн жилийн дараа Билэг өвгөн нас барж түүнийг өөрийнх нь гэрээсээр чоно байж болохуйц газар хөдөөллүүлж байгаа юм. Билэг өвгөнийг нас барсны дараа нэлээдгүй цаг хугацааг элээсний эцэст зохиолын үйл явдлаар 1975 онд Өвөрмонголын үйлдвэрлэлийн Барилгын цэргийн нэгтгэлийг албан ёсоор татан буулгасан /576-р тал/ хэмээн өгүүлсэн байдаг. Эндээс хөөн үзэхэд зохиолын нэгэн баатар Билэг өвгөн дор хаяж 1974 онд нас барсан, үүнээс урагш дөрвөн жил гэхээр 1970 онд ноходын тоог цөөлсөн, 1969 онд чонон сүргийг хомроглон устгасан, илгээлтийн эзэн туслах малчид 1969 оноос өмнөх жилүүдэд малчдын хотонд очин амьдарч байжээ гэсэн бүдүүвч зураг харагдаж байгаа болно. Тэгтэл улаан хамгаалагчдын аюул 1966-1969 онуудад гол хөнөөлөө тарьсан байдаг юм. Тэгэхлээр зохиолч туслах малчдын малчидтай харилцан найрсаг, ойр дотно амьдарч байсан хэмээн дүрслэн өгүүлсэн тэрхүү цаг үеийг яавч тохиолдлоор сонгоогүй гэсэн ойлголт өөрийн эрхгүй төрж байгаа болно. Хэрэг дээрээ тэгтэл “Улаан хамгаалагчдын үе”-ийн туслах малчдын нийтлэг байдал ямархуу янзтай байсныг ном зохиолуудад хэрхэн дүрсэлсэн үзүүлсэн байдаг билээ дээ. Тэрчлэн Зян Рун монголчуудын сул талуудыг ч өөрийн ажиглалтаар “Чонон сүлд” романдаа цөөнгүй дурдсан байдаг юм. Энэ тухай өгүүлэхдээ тэрбээр зохиолд гарч буй монгол баатруудын үг яриа, бодол санаа болгон өгүүлсэн байдаг билээ. Тухайлбал, “Чонын дайтах аргаас суралцаж болох боловч тэдний хамтач сэтгэлийг сурна гэдэг амаргүй. Манай монголчууд энэ тал дээр тун бүтэлгүй улс даа” /271-р тал/ “Манай монголчууд соёлын хувьд хоцрогдоод Монголын нууц товчооноос өөр нөлөө бүхий ном байхгүй байгаа нь л хамгийн эмгэнэлтэй хэрэг дээ” /119-р тал/ гэх мэтээр монголчуудыг эв нэгдэлгүй, ном соёлын хувьд харанхуй хүмүүс хэмээн өгүүлсэн байдаг билээ. Гэтэл монголчууд маань төрт ёсны ямар аугаа түүхтэй, бичиг соёлын ямар их нандин өвтэй ард түмэн билээ дээ.

Тэр атугай монголчууд адууг сүлд болгон залсныг ч “Монгол морь гэдэг талын хүн, чоно хоёрын хамтран сургасан “шавь” юм. Тэгэхээр багш нь юу боллоо гэж өөрийн шавийг сүлдээ болгон дээдлэх билээ” /420-р тал/ хэмээн тохуурхангуй өгүүлсэн байдаг болно.

Төрийн сүлдэндээ адуугаа залчихаад байгаа бид чинь тэгэхлээр Зян Руний өгүүлж байгаагаар өөрсдийнхөө “шавь”-ийг тахин шүтэж “тэнэгтсэн” хүмүүс болон таарч байгаа юм. Дээр дурдагдсан ишлэлүүдээс “Хятадын зохиолч Зян Рун нь “Чонон сүлд” романдаа өөрийн эх орныхоо хувь заяанд санаа тавин улс үндэстнийхээ ирээдүйн төлөө хүчирхэг оюун санааны оршихуйг шинээр бүтээх ёстой, тэгэхдээ нүүдэлчдийн амьдралын гүнд нуугдан буй сэтгэлгээг ашиглан хонь мэт ноомой байдлаа чоно мэт хүчирхэг болгон төлөвшүүлэх ёстой гэсэн үзэл санааг дэвшүүлсэн гэдэг нь илтэд анзаарагдах байх аа гэж найдаж байна. Мөн түүнчлэн хүн төрөлхтөнд аюул гамшиг тарсан атомын бөмбөгийн хөнөөлийг ч өөрийн улс үндэстэнд тусаа өгсөн гэж зоригтойгоор хэлж чадаж байгаа нь түүний Хятад эх орныхоо төлөө гэсэн амин халуун сэтгэлийнх нь илэрхийлэл болж байна гэдгийг анзаарч байгаа байх аа гэж итгэж байна.

Гэтэл монголчууд бид дэлхийн хүчирхэг гүрний зохиолчийн үнэлэн үзэж буй, үндэснийхээ оюун санааны эд, эс болгон байршуулах ёстой хэмээн номлож буй нүүдэлчин ахуй, нүүдэлчин соёл иргэншлээ, нүүдэлчин сэтгэлгээгээ хэрхэн үздэг билээ. Өнөөдөр монголчууд бид харийн хэл, соёл, ахуйг үндэстнийхээ хэл, соёл, ахуйгаас үргэлжид дээгүүр тавьж байгаа нь олон зүйл дээр ажиглагдаж байгаа. Тэрчлэн Монгол орон нь дэлхийн хөгжилтэй улс гүрнүүдтэй эн зэрэгцэн хөгжихийн тулд тодорхой шинэтгэл, өөрчлөлтийг хийх нь зүйн хэрэг хэдий ч, тэрхүү шинэтгэл, өөрчлөлт нь үндэсний уламжлалтайгаа салшгүй холбоотой хийгдэх ёстой гэдгийг орхигдуулж байгаа хэмээн үзэхэд ч хилсдэхгүй.
Эцэст нь нэмэн өгүүлэхэд Зян Руний “Чонон сүлд” хэмээх дэлхий дахинд үнэлэгдсэн зохиолоос Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” хэмээх хүн болгон төдийлөн мэдэхгүй зохиолыг илүүд үзэн өргөмжиллөө, гадаадын юм бүхнийг үгүйсгэдэг үхэр монгол зангаа монголчууд татах хэрэгтэй, монголчууд Зян Рун шиг алдартай зохиол бичих нь яасан юм гэсэн шүүмжлэлийг олон хүн өгүүлсэн байсан.

Тэдгээр хүмүүст хандан аливаа зохиолын сайн, мууг олон хүн уншсанаар нь хэмждэггүй юм, мөн сайн зохиолын үнэ цэнийг ойлгоход уншигчдаас ч бас чадвар шаарддаг юм гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу гэж үзэж байна. Түүнлэн зохиолч Зян Руний өөрийн эх орныхоо хувь заяанд л санаа тавьж бичсэн, монгол, хятад хүмүүс цус нь холилдсон угшил нэгтэй хүмүүс юм гэж өгүүлсэн “Чонон сүлд” романыг монголчууд олноороо шүтэн биширч, зөвхөн чонын тухай, монгол ахуйн тухай магтан дууллаа хэмээн нэг талаас нь “сохроор” харж буй түгээмэл хандлага нь үндэстний оршихуйн цөм болсон үндэстний үзэл санаа, үндэстний оюун санааны чадамжид ядуурал үүсэн хоосрол бий болжээ гэсэн ойлголтыг улам л гүнзгийрүүлэн өгч байгаа билээ.

Монголчуудын үндэстний оршихуйн гайхамшигт чанар бол тал нутгийн чонон сүргээ даган дуурайхад биш түүнээс ч аугаа монгол хүний байгал ертөнцийн зүй тогтолыг сударлан уншдаг цөлх ухаанд оршин байдаг шүү гэдгийг нэрт зохиолч Д.Намдаг бидэнд “Хөгшин чоно ульсан нь” тууждаа өгүүлэн үлдээжээ. Гэтэл монголчууд маань тэр бүхнийг нь ухан ойлгож чадаагүй байж монголчуудын ахуй амьдрал, хэв ёсыг өнгөцхөн зохиомжлон дүрсэлсэн, монгол хүний өнгөтэй өөдтэй бүхэн нь чоно хэмээгч араатнаа даган дуурайж суралцсан байдагт оршдог хэмээн томьёолсон, улс төржсөн явцуу сэтгэлгээгээр хайрцаглан сургамжилсан “Чонон сүлд” хэмээгч усан романыг даяараа бишрэн шүтэж байгаа нь ойлгоход бэрх зүйл болон хувирчихаад байгаа билээ. Эх сурвалж www.wikimon.mn

4 comments:

  1. ах минь сайхан айлджээ,танд мөргөе Би СОХОР байж

    ReplyDelete
  2. ах минь сайхан айлджээ

    ReplyDelete
  3. Анх уншиж эхлэл гоё сайхан монгол чоно минь. Монгол түүх соёл минь ийм сайхан юм байна гэж ойлгож байтал. Яг одоо бодоод үзтэл үнэхээр таны зөв байна Шүү Монголчууд олон болож уужуу сэтгэг

    ReplyDelete