Монголын түүхийг голчлон гадаадууд гадаадаар бичсэн байх. Энэ байдал
одоо ч хэвээрээ. Түүхээ өөрөө бичдэггүй монголчууд түүнийг ямар ч
шүүлтүүргүй хуулан авах. Сүүлдээ хуулж байгаагаа мэдэхээ байчихсан мэт.
Үүнийг бид засч болно, ингэх ч үүрэгтэй. Ингээд эртний түүхээс нэгэн
жишээ авч түүхээ хэрхэн засч монгол түүх болгохыг залуустаа үзүүлэхийг
хичээв…
Эртний Римд болсон явдал
НТӨ 54 онд Римийн суут жанжин Красс долоон легион, дөрвөн мянган морьт
цэрэг, мөн төдий тооны хөнгөн зэвсэгт цэргүүдээс бүрдсэн томоохон
бүлгийн хамт парфяны нутаг руу аян дайн хийжээ. Парфянчууд тэднийг
Карр-д тоссон байна. Крассын хүү Публийн легионерууд үндсэн хүчнээсээ
тасарч их хүнд байдалд оржээ.
Каррын тулалдаан римчүүдын хувьд сүйрлийн болсон бөгөөд Красстай хамт
аян дайнд мордсон 42 мянган цэргээс дөрөвний нэг нь амьд үлдэж, 20 мянга
нь алуулж, 10 мянга нь олзлогдсон гэж түүхч Плутарх тэмдэглэн үлдээжээ.
Парфянчууд энэхүү олзлогдсон римчуудыг Маргиан буюу орчин үеийн Мевр
оршин байгаа Төв Ази руу дорнод хилээ хамгаалуулахаар илгээсэн гэж
түүхэнд тэмдэглэсэн байдаг. Энэхүү Мевр хот нь одоогийн Туркмены зүүн
өмнөд хэсэгт оршиж байсан эртний сельжукуудын нийслэл байсан юм. Ингээд
европын түүх дуусч римийн 10 мянган хүн буюу нэг легион цэргийн сураг
ажиг алдарч байгаа юм.
Хятад сурвалжийн мэдээ
Дараах мэдээ Бань Гу хэмээх хятадын алдарт түүхчийн бичсэн “Эртний Хань улсын түүх”-ээс
гарч ирнэ. Хятадын энэ сурвалжид хятадын жанжин буюу түшмэл Чэнь Тан
гэгч эзэн хаандаа Хүн улсын эсрэг явуулсан нэгэн дайныхаа амжилтын тухай
өгүүлсэн тайлан, зураг сэлтийн тухай өгүүлсэн байдаг аж. Түүнийг нь
хятадын хааны ордонд ихэд сонирхон үзэж байсан гэдэг. Энэ үйл явдал НТӨ
36 онд болж байгаа юм.
Тэрхүү өгүүлэмж нь Хүн улсын нийслэлийг (“баруун” буюу умард
Хүнийг хэлж байна-Х.Д.Г.) дайрч эхлэх үед хотын хэрэмний “хаалганы тал
талаас шугам болон загасны хайрс адил жагссан зуу гаруй явган цэрэг”
байсан гэсэн тэмдэглэл байгаа юм.
Энэ бол монгол цэргийн хийдэг маневр биш юм. Харин тэр үеийн рим цэргийн
хийдэг “яст мэлхий” хэмээх хамгаалалтын горимтой төстэй юм. Үүнээс
үндэслэн түүхчид Крассын легионы үлдэгдэл рим цэргүүд энд хүрч иржээ гэж
үзээд эрэл хайгуул хийж сүйд болдог юм. Энэ ч нэлээд үндэстэй таамаглал
юм.
Энэ талаар Гомер Г. Дебс (Homer H. Dubs) “Эрт үеийн рим, хятад хоёрын цэргийн мөргөлдөөн”
гэсэн өгүүлэл бичиж Америкийн хэл зүйн сэтгүүлд 1941 онд анх
нийлүүлснээс хойш түүх сонирхогчдын анхаарлыг ихэд татах болжээ. Хамгийн
сүүлд гэхэд л Австралийн түүхч Харрис гэдэг нөхөр “Римийн легионерууд Хятадад” гэсэн
өгүүлэл бичиж шуугиан дэгдээх байх жишээний. Ийм жишээг тоолж баршгүй.
Харин монголчууд бид бараг тоохгүй, асуудлыг хятад, римийн асуудал мэт
“европоор” сэтгэх нь дэндүү өрөвдөлтэй…
Монголд юу болсон бэ
Яг энэ үед Монголын агуу их Хүн гүрэн ёстой баларч байлаа. Мөнөөх л хаад ноёдын бутрал. НТӨ
60-аад оны үес эрх мэдлийн өрсөлдөөн дээд цэгтээ хурцдаж, цус ургасан
тэмцэл өрсөлдөөний улмаас НТӨ 57 онд Хүн гүрэн хүч тэнцүү 5 хэсэгт
хуваагдав. Эцэстээ ах Жижи шаньюй, дүү Хуханьеэ шаньюй хоёрыг тойрсон хоёр том бүлэглэл болжээ. Эхлээд ах Жижи шаньюй ялжээ. Түүнийг Жижи Гудуху буюу нэрийг нь Хутуус гэнэ.
Дүү Хуханьеэ шаньюй одоогийн Өвөр Монголд, ах Жижи шаньюй одоогийн Ар Монголд сууж байсан гэж бүдүүн тоймоор багцаалж болно. Ингээд хэд хэд дайтсаны дараа нэлээд ялалт байгуулсан Жижи
шаньюй “шинэ төр” байгуулан Умарт Хүн гэж нэрлэв. Гэтэл Хятад руу
ойртон буусан дүү Хуханьеэ шаньюй Өмнөд Хүн улсыг байгуулав. Ингэж ах
дүү хоёр Хүн улсыг хоёр хуваах нь тэр.
Улмаар Хуханьеэ шаньюй Хятадтай “Энх ургийн гэрээ”-г шинээр байгуулан
тэднээс асар их тусламж, түүний дотор цэрэг зэвсгийн тусламж авсан тул
Жижи шаньюй баруун тийш даялан нүүж Ил голын Үсүн нарын улстай хаяа
нийлэн суув гэж манай түүхэнд тэмдэглэдэг.
Монгол цэрэг ямагт байлдан эзэлдэг
Энд нүүв, хаяа нийлэн суув гэдэг үгс зохимжгүй юм. Тэр үеийн
Дундад Азид Үсүн, Динлин, Хусе зэрэг олон улс байсан ба тэр болгоныг
Хүн-монгол цэрэг байлдан дагуулж ид хаваа гайхуулж тэнд суурьшжээ. Ингээд Жижи шанью Кангюй улсын хаантай хүч хавсран Талас голын хавьд шинэ хот нийслэлээ байгуулан төвхнөж эхэлсэн юм.
Энэхүү Кангюй улс гэдэг нь Сырдаръя мөрний дунд болон адгаар суурьшиж
байсан аймаг бөгөөд Согдтой хиллэж байсан тэгээд манайханд эзлэгдсэн гэж
өөрийн зүгээс тайлбарлах байна.
Гэвч Торгоны замын багалзуур дээр шинэ улс байгуулан төвхнөх
гэсэн монгол хааны санаа аль ч улсад таалагдаагүй тул тэд НТӨ 36 онд
түүнийг тал талаас нь бөөрөлхөн дайрчээ. Жижи шаньюй руу Хан
улс толгойлон Дундад Азийн бүх улсууд нийлэн дайрахад Хуханьеэ шаньюй ч
үүнд оролцсон байна. Түүхийн энэ эмгэнэл НТӨ 36 онд болжээ.
Ямар ч гэсэн Жижи шаньюй ахар богино хугацаанд өөрийн гэсэн нийслэлтэй,
өргөн их холбоо харилцаатай хүчирхэг улс болсон нь мэдэгдэж байна. Тэр
римийн легионерүүдийг элсүүлж, тэднийг цэрэгтээ элсүүлж, хотоо
хамгаалуулж чадаж байна.
Жижи шаньюй эзэн хааны ёсоор, эр цэргийн ёсоор хэтэрхий олон дайсанд ялагдан амь үрэгджээ.
Энэ үйл явдлыг манайхны нэлээд олон хүн мэддэг юм. Харин ач холбогдлыг
нь барууны түүх бичлэгийн “хордлогоосоо” болоод анзаардаггүй юм. Гадаадын түүхчид биднийг цаг ямагт ингэж хордуулж байдаг юм.
Жишээ нь дээр нэр дурдсан Гомер Г. Дебс манай Жижи шаньюйг хууль ёсны
шаньюйн суудлыг булаасан, хятадын элчийг алсан, эхнэрээ (хятад ?) алсан,
дундад азийнхыг дээрэмдсэн гэх мэтээр аль байдгаараа муулсан байдаг юм.
Монгол цэргүүд хэнийгээ яаж алж шийтгэх нь америк түүхчид ёстой падгүй. Хэн тэрийг түүхийн шүүгч болгосон юм ?!
Хятад түүхчид болохоор Жижи шаньюйгийн ордныг шатаасан, хятад харваач
хотын хэрмэн дээр байсан Жижи шаньюйгийн хамрыг оносон (хуцаж байгаа юм
шүү, харин ч шаньюй өөрөө цэргүүдээ удирдан эрэлхэг зоригтой байлдаж
байсныг харуулна-Х.Д.Г), түүний толгойг авсан зэргээрээ гайхуулах
жишээний. Мөн тэд 1518 хүн цэргийг цаазалсан гэдгийг тэмдэглэсэн
үлдээжээ. Бодвол монгол цэргүүд бууж өгөөгүй бололтой. Тэгж л таараа ш дээ. Харин 145 хүнийг амьд үлдээсэн гэдэг ба тэр нь энд ярьж буй римийн легионерүүдийн тоотой дүйж байна.
Монголын түүхийг монголоор бичихийн учир
Эндээс монголын түүхийг монголоор бичихийн ач холбогдол гарч ирнэ. Энэ
ганц жишээнээс л түүх юу болж хувирч байна гэхээр хятадын жанжин-түшмэл
нэг нүүдэлчин улсын (улсын нэр огт гарахгүй) нэг нүүдэлчин тэнэмэлийн
(тэрний нэр бараг гарахгүй) хотыг (хотын нэр огт гарахгүй) шатаах гээд
очтол тэнд рим цэргүүд байсан ба хятадууд тэднийг олзолжээ. Ингээд
хятад, рим хоёрын соёлын харилцааны асуудал яриад эхэлж байгаа юм. Энэ
бол европ түүх юм. Хятад түүх бол ярих ч юм биш, үүнийг бид мэдэх хойно…
Ингээд бүхэл бүтэн улс, бүхэл бүтэн үндэстэн, бүхэл бүтэн хаан
эзэн европ түүхээс хасагдаж байгаа юм. Ийм утгагүй байдлыг бид “европ
соёл, шинжлэх ухаан” гэдэг том нэр алдрын дор үг дуугүй хүлээн
зөвшөөрөөд байж болохгүй. “Европ ухаанд” утгагүй юм олон байдаг…
Ингэхэд рим цэргүүд хэний удирдлагын дор, хэний талд байлдаж байсан юм
?! Хэн тэднийг өөрийн талд ажиллуулж, байлдуулж байсан юм ?! Хэн Римтэй
өргөн харилцаатай байсан юм ?! гэж эрүүл ухаантай хүн асуувал хэн ч гэсэн Хүн гүрэн, монголын шаньюй нар, түүний дотор Жижи шаньюй гэж хариулна.
Ер нь ингэхэд зуун ширхэг рим цэрэг түүхэнд хэрэгтэй юм уу,
бүхэл бүтэн нийслэлтэй бүхэл бүтэн хаантай улс үндэстний түүх хэрэгтэй
юм уу гэдгийг европын түүхчид ялгаж чаддаг болчихоод түүх ярих хэрэгтэй л
дээ…
Тэр үеийн Хятад манай Хүн гүрнээр дамжихгүй хаагуураа Римтэй харьцах юм ?! Суэцийн сувгаар гэж арай европ түүхчид хариулахгүй байлгүй дээ. Ер нь эртний үеийн Дорно дахин Европын харилцааг үзье гэвэл заавал Хүн гүрнийг оролцуулан ярих учиртай
гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Манай Хүнгийн дээдсийн археологийн
олдворуудаас зөвхөн ромын ихэс дээдсийн хэрэглэдэг байсан шилэн аяга
гарч байна. Тэр үед римчүүд металл цомоор шингэн ууж, зөвхөн дээдэс нь
тансаг шилэн аяга хэрэглэдэг байжээ. Монголын шаньюйгийн онгонд
малтлага хийсэн археологич Д.Эрдэнэбаатар ийм шилэн аяга олсон. Энэ чинь
монголчууд Римтэй өргөн харилцаатай байсны нотолгоо биш үү ?!
Энэ аягыг Д.Эрдэнэбаатар Монгол Улсын Архангай аймгаас олсон. Энэ чинь
Хятадын нутаг биш биз дээ !!! Тэгээд Хань улс Римтэй харьцаж байсан болж
байна уу ?! Энэ европууд тэнэг нь хөдлөхөөрөө үнэн утгагүй ш дээ…
Харин монголын судлаач бол огт өөр дүгнэлт хийж болно л доо. Жишээлбэл:
1. Жижи шаньюй нийслэлтэй байжээ. Тэр нь яг манай урд буюу одоогийн
Хятадын Ганьсу мужид байх маш өндөр магадлалтай. Энэ нь Хүнгийн олон
нийслэлийн зөвхөн нэг нь юм.
2. Хүн гүрэн олон улсын болон дипломат өргөн харилцаатай байжээ. Энэ нь
Римийн легионерүүдээр хотоо хамгаалуулж байснаар нотлогдож байна.
3. Хүн гүрэн хот байгуулалтын арвин баялаг туршлагатай байснаас гадна стратегийн гол газрыг олж хамгаалж чаддаг байжээ.
4. Хүн гүрэн Римийн эзэнт гүрэнтэй өргөн харилцаа холбоотой байжээ.
5. Хүн гүрний нэг “тасархайг” ялах гэж Хятад болон Дундад Азийн бүх улсууд нийлж цэрэглэж байсан бол тэр нь нэн хүчирхэг байжээ.
6. Монголын түүхээс энэ мэт гадаад гуйвуулга, гүтгэлгийг нэг бүрчлэн шалгаж арилгах ёстой.
7. Монголын түүхийг энэ мэтчилэн монголоор бичих бүрэн боломжтой бөгөөд заавал үүнийг хийх шаардлагатай.
8. Би “европ” түүх бичлэгийн гайхамшиг амжилтыг бүхэлд нь үгүйсгээгүй
бөгөөд харин түүнд шинээр бий болсон дэвшилтэт хандлага, арга барилыг
маш хурдан эзэмшихийг уриалж байна.
9. Монголын түүхчид орчин үеэс хэт хоцрогдож, ажлаа дэндүү муу хийж байна, иймээс тэд хуулах биш, бүтээлч ажил хийвэл зохино.
10. Үүний тулд монголын түүхчид орчин түүхэн гүн ухаан, системийн арга зүй, системийн шинжилгээнд яаралтай суралцвал зохино.
Монголын хийгээд нүүдлийн иргэншлийг дорд үздэг гадаад түүхчдийн
атгаг үзлийг няцаах нь тун хялбархан болохыг нэгэн жишээгээр харуулав.
Иймээс Монголын түүхийг монголоороо бичиж эхлэх нь монголууд бидний үүрэг мөн…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 12 дугаар сарын 22.
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?
No comments:
Post a Comment