Сондгой сэдвүүд

Тоть шувууны сургаал

Эрт нэгэн цагт гуйлгачин хүн
Эгнэгт тор тавьж тоть бариад
Энд тэнд явж тотио худалдан
Үүрд амиа тэжээдэг бөлгөө

Нэгэн өдөр хооёр тоть бариад
Нэгэн тотио хүнд худалдан
Нэгэн алтан зоос аваад
Нөгөө нэгэн тотийг үүрч явтал


Түүнчлэн ирсэн шигмуни бурхан бээр
Төгс сайн бадар аягаа барьж
Түүтгэрэлгүй вивад идээ идсээр
Тэрхүү гуйлгачинтай гэнэт учрав

Уулзаад сац тэр гуйлгач бээр
Асар сүшиг төрж бүрүн
Алтан зоосоо бурханд өргөн
Алгаа хамтатгаж мөргөн суувай

Эрхэт Шигмуни бурхан бээр
Энэрч номыг номолсон дор нь
Эрхэм бодь сэтгэлийг олж бүрүн
Уүрсэн тотио тавьж орхив

Тэндээс тэр шувуун бээр
Түүнчлэн ирсний номолсон номыг
Түүтгэрэлгуй сонсоод сац
Төгс сайн ухаан билгийг олвой

Эрдэм ухаан төгссөн тот; бээр
Эрхэм шарша модны найлзуур дээр суугаад
Эсэрүүгийн эгшиг мэт уран аялгуугаар
Үүрч явсан эзэндээ ийн өгүүлэв

Омтгойгүй буяны хүчээр
Учрахуйяа бэрх хүний биейиг оловч
Улигт орчлонгийн үйлийн үрд татагдаж
Онц сайн муу болсныг өгүүлсугэй

Эрхэм бурхны шашинд ороод
Эх хамаг амьтаны тусыг санаж
Эгнэгт ёсчлон явагч хуврагуудын
Эрдэмт сайн явдлыг өгүүлсугэй

Аврал бурханыг ямагт шүтээд
Ачит лам юугаан насад хүндлэн
Авсан санваараа ёсчлон сахиад
Аливаа эрдмийг сурагч хувраг лугаа нэг

Авах гээхийн ялгалыг мэдээд
Амар үгүй орчлонг машид орхин
Амраг саднаа сайтар тэвчиж
Аглаг даяанд суугч хувраг лугаа хоёр

Авах сэтгэлтэй амьтнуудад
Аливаа юмаа хайргүй өгөн
Арилсан шагшаавад барамид тэргүүтнийг
Амин мэт санагч хувраг лугаа гурав

Хортон ирж гишүүнийгээ огтловч
Хорсол өгөхүйеэ хүлцэн агч
Хорт зальхай сэтгэлээ тэвчин
Хурднаа хичээнгүйг туурвигч хувраг лугаа дөрөв

Хоёргүй ганц зориг сэтгэлийг бариад
Хол аглагт даяныг бясалган
Холцингуй зальхайд үл эрсдэн
Хоосон чанарыг бясалгагч хувраг лугаа тав

Аливаа эрдмийг хичээн сураад
Амьтны тусыг сайтар үйлдэж
Алдар нэр эд малыг үл хэрэглэн
Ариун нирвааныг хэрэглэгч хувраг лугаа зургаа

Үлэмж авах идэхийг үл санан
Өглөгийн эздийн тусыг үйлдэн
Өчуухэн олзыг буянд заран
Үлдсэнийг өглөг өгөгч хувраг лугаа долоо

Адил тангарагт нөхдөө хүндлэн
Аливаа нууц увидсыг хадгалан
Алагчлалгүй сэтгэлээр амьтныг хайрлан
Амирлангуй дүрээр номхон явагч хувраг лугаа найм

Ахуй их эрдмийг сурсан боловч
Асар омоггүй номхон болоод
Аргаар амьтныг номд оруулан
Анхааран хичээгч хувраг лугаа ес

Бурхан шашинд орсон хуврагууд
Буцалтгүй санваарыг сайтар ававч
Буцаж орчлонд хүлэгдсэн
Бүрүү явдалт хуврагуудыг өгүүлсүгэй

Аврагч гурван эрдэнийг үл хүндлэн
Ачит лам лугаагаа ямагт харшлан
Авсан санваараа сахилгүй эвдэн
Ариун бусаар явагч хувраг лугаа нэг

Ариун шажинтай оронд төрөөд
Аливаа ном эрдэмийг хэрэглэж үл сурах
Алтан мөнгөөр нэр цолыг авах
Арслан мэт оморхогч хувраг лугаа хоёр

Өчүүхэн сурсан эрдэмээ омгорхон
Өөрийн биейиг магтаж өргөмжлөн
Өчихүй сэтгэлээр мэргэдийг доромжлон
Өөдгүй нүгэл үйлдэгч хувраг лугаа гурав

Архи тамхи тэргүүтнийг дураар эдлэн
Асар омгийн галыг бадруулан
Арван хар таван завсаргүй
Аливаа нүгэл бүхнийг зоригоор эдлэгч хувраг лугаа дөрөв

Ямагт номыг үл мэдэн бөгөөтөл
Ичгүүргүй худлаар уншин номлоод
Идээн малд шунахайран
Ичгүүр сонжуурыг үл мэдэгч хувраг лугаа тав

Өвчин зовлонтонд залагдваас
Энэ одоо үхнэ хэмээн айлган өгүүлээд
Ийм тийм эд мал гайтай хэмээн
Эндүүлэн хуурч авагч хувраг лугаа зургаа

Хомхойлж бусдын эд малд тачаан
Худал үгээр айлган эндүүрүүлж аваад
Худалдаа арилжаагаар бусдыг хонжин
Хулгана мэт зөөн хураагч хувраг лугаа долоо

Эд мал хэдүй их боловч
Эрхэм буяны зүгт өчүүхэн ч үл заран
Элдэв сайхан чимгээр биеэ чимэн
Эгнэгт самуун садар явагч хувраг лугаа найм

Атаархах сэтгэлээр дээдсийг доромжлон
Адил тангарагт нөхдөө муугаар сонжин
Амраг сэтгэлээр эм охинд тачаан
Уур хилэнгээр бусдыг сөнөөгч хувраг лугаа ес

Хоромхон зуур суулгүй айл хэсч
Хурим найр болбаас баясч хүрэн
Хуур хийл барьж дуулан наадагч
Гутамшиг явдалт хувраг лугаа арав

Эд малаа заяаны эрхээр бараад
Эрж ололгүй өр зээл хийгээд
Эс хүрэлцэхэд харин хулгай хийгч
Ийм муу хувраг лугаа арван нэг болно

Ариун тэнгэр нараас эш өгөгдсөн
Амгалан буяны чуулганыг төгссөн
Аргаар шажин төр хоёрыг тэтгэгч
Алимад сайн явдалт ноёныг өгүүлсүгэй

Бүрхан гурван эрдэнийн сүсгээр тахин
Буцалгүй зоригоор номыг сонсон
Бурсан хуврагыг насад хүндлэгч
Буянаа дуршаалтай ноён лугаа нэг

Уран аргаар төрөө засан
Олон албат иргэнээ тэтгмжлэн сургаж
Улам улмаар энэрч хайрлан тэтгэгч
Ухаан сайт ноён лугаа хоёр

Хэтэрхий ухаанаар зөв бурууг ялган
Гэмгүй ардыг үл зовоон
Хэрцгий буруу явдалтныг гэсгээгч
Гэгээн ухаант ноён лугаа гурав

Эртнээс хүчээ өгсөн ардын үр садыг
Эгнэгт хайрлаж
Өдгөө хүчээ өгсөн ардыг
Үүрд тэтгэгч ноён лугаа дөрөв

Албат иргэнээ элдвээр үл зовоон
Ач үр лүгээ адилхан хайрлан
Аль ядуудаа тэжээл өгөгч
Асралттай сайн ноён лугаа тав

Ард боолоо эелдэж заран
Аливаа хэрэг үйлээ хялбар бүтээн
Амтат хоол хошоор баясгаад
Аргаар тэтгэгч ноён лугаа зургаа

Уужмаар хойт хэргээ бодож
Архи дарсыг согттол үл уун
Уур хилэнг угаас тэвчсэн
Авир номхон ноён лугаа долоо

Санваар сахил хэрэглэгч нөхдөд
Сайтар зөвшин даган баясалцан
Сайн буяны үйлсийг өрнүүлэн үйлдэгч дор
Саад үл хийгч ноён лугаа найм

Юмын хэрээр алба татвар аван
Ядуу улсдаа тэжээл өгөөд
Ямарваа хүний эд малд үл хомголзон
Юмын буй хирээр эдлэгч ноён лугаа ес болно
Эцгийн журмыг дагаж ноён боловч
Эрдэм ухаан эс төгссөнөөр
Өдгөө хэрэг явдлын учир шалтгааны
Эрэгцүүлж үл мэдэгч мунхаг
Эргүү бядуу ноёныг өгүүлсүгэй

Ачит гурван эрдэнэд үл сүжиглэн
Ариүн ном эрдмийг үл бишрэн
Аливаа их бага хуврагийг доромжлогч
Асар сүжиггүй ноён лугаа нэг

Авах гээх хоёрыг үл мэдэн
Ариун хуврагуудыг гэсгээн цаазалж
Аливаа хэрэг үйлдээ заран
Алба татвар их авагч ноён лугаа хоёр

Үргэлжид албаар ном гүрэм уншуулан
Үнэн номын чанарыг үл мэдэн
Өнөд өргөл барьцыг үл баригч
Үнэхээр сүсэггүй ноён лугаа гурав

Архи дарсанд ихэд согтон
Уур хилэнгээр бусдыг зовоон
Аливаа хэргээ омтгой болгогч
Ааш муутай ноён лугаа дөрөв

Ах дүүтэйгээ үл зохицон
Атаархахуй сэтгэлээр үг дуун өдөөн
Авлага идлэгийг хир мэдэлгүй хэрэглэгч
Амруулж үл өршөөх ноён лугаа тав

Хэрэгт хүн ирж хэргээ мэдүүлэхуйд
Хэний зөв бурууг үл ялган
Хээл бэлэг их өгсөнийг зөв болгон
Хичээн сайн нэр алдаршуулах ноён лугаа зургаа

Бахархаж бусдын сайн мойиг хураан
Бахдаж хөг дуунаар согтууран
Баясч наадам тохуун үйлдэн
Бархиран дуулагч ноён лугаа долоо

Албат нараа баян гэж хомголзон
Асар хоосортол алба татвар аван
Амин тэжээлийг үл мэдэгч
Авралгүй муу ноён лугаа найм

Хүний ховлосон үгийг үнэмшин
Хөөцөлдөж үнэн худлыг ололгүй
Хөөрхий гэмгүй хүмүүсийг зовоон
Хөнөөн үйлдэгч ноён лугаа ес

Ан авын сайн нохойг хоймроо хэвтүүлэн
Ариун хуврагуудыг үүдэнд суулган
Ард боолоо нүцгэн зарагч
Уур ихтэй ноён лугаа арав

Хулгайч нартай найралдан зөвшөөгөөд
Хулгайлж авсныг хуваан аваад
Худал засдагаар мэтгэн зүтгэж
Хүлмалзаж суугч ноён лугаа аррван нэг болно
Эрдэмтэй сайн явдлаар яван
Энэ насанд үл эндүүрэн
Эцэстээ сайн алдар дуурсгагч
Эр хүний сайн явдлыг өгүүлсүгэй

Эгнэгт сүжиглэн буяныг санаж
Эд малаа энхрийлж хичээн
Эцэг эхийн сургаалыг авагч
Энхрий шударга түвшин ард лугаа нэг

Ажил байдлаа алдалгүй арвижуулаад
Адуус малаа үргэлж өсгөөд
Алба татвараа саадгүй төлөөд
Ажиггүй сайн суугч ард лугаа хоёр

Ашдын ноён эздээ зохистойгоор хүндлэн
Айлдсан зарлигийг ёсоор гүйцэтгэн
Ах дүүдээ ая тал сайтай
Асар зохист ард лугаа гурав

Аугаа хүчин нь их болоод
Асар мэргэн аргаар
Аливаа харь халуун лугаа ханилан чадагч
Алдар сайт ард лугаа дөрөв

Гэргий хөвгүүдээ тэтгэн чадагч
Гэнэдэж буруу үг үл хэлэгч
Хэндч ялгалгүй сайхан аашлагч
Хэрсүү сайн ард лугаа тав

Аж төрөхийн явдалд маш мэргэн
Ашид хулгай худалд дургүй бөгөөд
Уургүй номхон бөгөөд
Арга сайтай ард лугаа зургаа

Алс хойтын хэргийг бодогч
Архи дарсыг уухуйд дургүй
Ач дүү нараа зөв сургагч
Ашид хичээнгүй ард лугаа долоо

Зорчин явбаас олз ологч
Зориглосон хэргээ бүтээгч
Зөгсөж хожимдон үл хоцрогч
Зориг сайт ард лугаа найм болно

Маш муу ард нь

Тэнэг бөгөөд ах дүүдээ хэдэр
Тэнсэлгүй эцэг эхээ үл хайрлан
Тэвэрсэн эмээ хэтэрхий хүүндлэн
Тэнэг бага хүүхдээ үл сургагч
Тийм муу ард лугаа нэг

Айл бүхнийг хэрэггүй хэсээд
Архи дарс эрж уугаад согтон
Аливаа явдлаасаа хоцрон
Аргаа барагч ард лугаа хоёр

Хэтэрхий бардам үг хэлж яван
Хэргээ үл бүтээн буцаж ирээд
Хэрэлдэн гэргий юүгээн зэмлэн хараагч
Хэлшгүй муу ард лугаа гурав

Хулгай хийж баригдааад зовон
Худал хэлж мэдэгдээд ичин
Хувируулж царайгаа барайлган
Гутрагч муу ард лугаа дөрөв

Эцэг эхийн өгсөн өмчийг бараад
Энд тэнд дэмий тэнэж хэсээд
Эвсэж гуйвч юм эс олох
Элмэрсэн дорой ард лугаа тав

Өр зээл хэтэрхий их хийж
Өгч ядан аргаа бараад
Өөрийн хүүхдийг өгөгч
Өөдгүй муу ард лугаа зургаа

Өмссөн дээлээ үл хайрлан
Энд тэнд тасалж орхиод
Эгэл нүцгэн аргаа ядан
Элгээ тэвэрсэн муу ард лугаа долоо болно
Энэ насандаа үл доройтон
Эцэс хойтдоо сайныг дуурсган
Эмхэлж үйлээ бүтээгч
Эхнэрийн сайн явдлыг өгүүлсүгэй

Бүрхан номд маш сүжигтэй
Бүрсан хуврагийг сайтар хүндлэгч
Буруу явдлаар үл явагч
Буянд дуртай эхнэр лүгээ нэг

Сайхан гоо өнгө зүстэй
Санаа сэтгэл нь сэцэн дөлгөөн
Сайхан эсгэх оёход уран
Самбаа сайт эхнэр лүгээ хоёр

Ачит эцэг эхээ машид хүндлэн
Ах дүү лүгээгээ зохицон хайралдаж
Аливаа хэрэг үйлээ амар бүтээгч
Ааль сайтай эхнэр лүгээ гурав

Гэр дэхээ цэвэрлэн засаад
Гийчин зочид ирбээс хичээн зочлогч
Гэнэдэж буруу үл чалчигч
Хэрсүү ухаант эхнэр лүгээ дөрөв

Хэт хойтын үйлээ бодогч
Гэмт явдлаас хичээн зайлагч
Хэрсүү ихсийн үгийг сонсогч
Гийсэн ухаант эхнэр лүгээ тав

Аливаа хүн бүрт тааламжтай
Амны хүнс үл таслагч
Ач үр лүгээгээ төгссөн
Ашид хишигт эхнэр лүгээ зургаа

Үүр цайхын урьд эрт босоод
Үс зүсээ угаан засагч
Үйлээ оёж үтэр бүтээн
Үдэш орой унтагч эхнэр лүгээ долоо

Аливаа барьсан идээ нь арвин
Асар хайрлаж үл харамнан
Ах дүүдээ өнгө тал өгөгч
Авир сайт эхнэр лүгээ найм

Учирсан нөхрөө баясган хүндлэгч
Урваж хоёр үл аашлагч
Улсын зуур худал хов үг хэлэхгүй
Ухаан сайт эхнэр лүгээ ес болно

Эгнэгт муу эхнэрийн явдал нь

Үүр угаас тун сүсэггүй
Эцэг эх лүгээгээ зөрчиж хэрэлдэгч
Эрээ хочлон муулагч эхнэр лүгээ нэг

Үзэшгуй муу дүртэй
Үс нь ээдрэн сэгсийгээд
Үр хөвгүүнээ эс сургаад
Үйл оёхыг үл мэдэгч эхнэр лүгээ хоёр

Эдээ эсгэж эс чадаад
Эвдэж хэрэггүй дэмий огтчин
Эгч дүү лүгээгээ зэмлэн хараалцагч
Эс бүтээсэн муу эхнэр лүгээ гурав

Үдэш түлшээ хайрлан эрт унтан
Орой босч үсээ сэгсийлгэн босоод
Үг ховыг шүтэн явагч
Үл бүтэх муу эхнэр лүгээ дөрөв

Аливаа хүн ирвээс муухай аашлан
Аяга шанагаа эвдэртэл хаялан
Ач үрээ шалтгаалан эдлэгч
Авир муутай эхнэр лүгээ тав

Сайн муу хүн лүгээ дэмий эсэргүүцэн
Салгах хов үгсийг шүтэж
Саваагүй дэмий хэрэлдэн чалчигч
Самуун явдалтай эхнэр лүгээ зургаа

Ичих айхыг үл мэдэн
Инээдэм наадамд баясагч болон
Ямагт хулгай худалд дуртай
Итгэмжгүй муу эхнэр лүгээ долоо

Үс нь зараа мэт сэгсийн
Үнэр нь хүрнээ мэт өмхий
Үг өгүүлэх нь ууль мэт гуншин
Үзэшгүй муу эхнэр лүгээ найм

Угаах арчихаа залхууран маанайгаад
Ухна мэт халтартан бүртийж
Уруулаа унжуулан үүрэглэж
Урвайж дарвайж суух эхнэр лүгээ ес

Ахуй гэр нь гахайн новш мэт
Ам уруул нь тэмээний ам мэт
Аливаа эдээ эвдэн бүрэлгэгч
Авшгүй муу эхнэр лүгээ арав

Бүднэ шувуу мэт хэрүүлч
Бөгс нь түнтийн түс хийгээд
Бөөс хуурс нь гадагш гарсан
Бөөлжис хутгах мэт эхнэр лүгээ арван нэг

Хэрээ адил улайд дуртай
Хэдэр нь могойтой адил
Хэрэлдвээс боож үхэх гэх
Хэлшгүй муу эхнэр лүгээ арван хоёр болно

Эрхэм сайн хөвгүүний ёс нь
Эцгийн сургаалаар явагч
Эрдэм билэг сурахад дуртай
Энхэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг

Ах дүү хэнд ч аятай
Алинд зарбаас ялгам сайн
Ааль зан нь дөлгөөн номхон
Уургүй шударга хөвгүүн лүгээ хоёр

Алиа наадангуйгаар үл явагч
Арга санаанд сэцэн сайн
Аж төрөхөд маш зүтгэлтэй
Ашид бүтээмжтэй хөвгүүн лүгээ гурав болно

Үүр муу хөвгүүн нь

Эцгийн сургаалыг үл сонсогч
Эгнэгт тэнэг бөгөөд хэдэр
Эд малаа нууж худалдагч
Эгэл муу хөвгүүн лүгээ нэг

Алиа бөгөөд эрх танхи
Ах ихсийг хараагч
Алинд ч зарбаас өсөд үл хөдлөгч
Адаг муу хөвгүүн лүгээ хоёр

Аяган дахь идээгээ чамлан
Айлын идээнд гүйгч
Алив хов үгийг зөөгч
Асар муу хөвгүүн лүгээ гурав болно

Сайн охины ёсон нь
Сайн сайхан гоо зүстэй бөгөөд
Санаа сэтгэл нь номхон дөлгөөн
Саруул ухаантай охин лугаа нэг

Эхийн сургаалаар явагч
Эгч дүүтэйгээ эетэй
Эсгэх оёход уран
Эрхэм сайн охин лугаа хоёр

Алиа наадангуйд дургүй
Ахуй биеэ хичээн хадгалаад
Ахас ихсийг зэргээр хүндлэгч
Уур хилэнгүй ааль сайтай охин лугаа гурав болно

Асар муу охины ёсон нь

Авир дүр нь чөтгөр мэт
Ааль зан нь сармагчин мэт
Асар их ууртай
Ааш муутай охин лүгээ нэг

Ачит эцэг эхээ сургаваас уурлан
Ах дүү лүгээгээ хэрэлдэн хараагч
Алиа наадангуйд маш баясан
Айл хэсэх охин лүгээ хоёр

Үйл хийхэд дургүй
Үг хов хэлэхэд дуртай
Үргэлжид гэрт гадна дуулагч
Үл бүтэх муу охин лүгээ гурав

Айх ичихийг үл мэдэн
Ажиггүй шалиг үг хэлэлцэн
Аливаа самуун садар явдалтай
Авшгүй муу охин лүгээ дөрөв болно
Эдгээр муу явдлаар явагчид нь
Энэ насанд өнөд зовох
Эцэст үл амрах
Иймийн тулд өнөд хичээгтүн та

Хотол сайн явдлаар явагч нь
Хоцролгүй энэ насандаа жарган
Хойт насанд буянг олон
Хоёргүй дээд бодийг олмуй

Тэнэг адуусан үхрийг сургаваас
Тэргэний замаар явдаг бишүү
Төгс дээдсийн сургасан зарлигийг
Түүтгэрэлгүй анхааран явагтун та

Адгийн муу үнэг хэдий хуцавч
Арслан зааныг яахин айлгаж чаднам
Адуусан төрөлт тоть шувуун би ч
Алдарт хүнийг яахин сургаж чаднам заа

Үүдэнд тэжээсэн нохой хуцваас
Эд малаа эргэж үзэх мэт
Эдгээр сургаж хэлсэн үгийг минь сонсох болов уу

Аяа өчүүхэн хэтийн галаар
уул талыг түймэрдэх мэт
Асрах сургамжаар хэлсэн буянаар
Амаргүй орчлон хоосон болох болтугай

Додовын гэгээн нь арван долдугаар төрөлдөө тоть шувуунд хувилж,зургаан зүйл хамаг амьтны тусыг сайтар санаж,аялгуу шүлэг болгон ийн хэмээн өгүүлээд Арслангийн Цэнгэл нэрт бурхан болов.

Тайлбар

Тоть шувууны сургааль нь орчуулга бус угаас Монгол хэлээр зохиогдсон сургаал юм.Гэвч сургаалын эцэст дурдсан Додовын гэгээн хэдийд хаана байсан ямар хүн болох нь үл мэдэгдэнэ.

Орчлонгийн сав шимийн дуулал (Булган 1990) номноос авав

No comments:

Post a Comment