Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал”
Дээд лам гурван эрдэнэд итгэмүй
Эртний богд Чингисийн зохиосон шаштирыг өчүүхэн сануулахын учир
Эзэд хаадтан, олныг хураая гэхүл өглөгөө өг.
Осолдолгүй явъя гэвэл түшмэдээ өргө.
Аугаа хүчээ ихэтгэе гэвэл цэргээ асар.
Уудам сул жаргая гэвэл эеэ хичээ.
Өдөр явсан явдлыг шөнө шүүхтүн.
Ичгүүр гэмт явдлыг ятгаж орхигтун.
Олны дотор үгээ бэхэл.
Ганцаараа суухад сэтгэлээ шинжил.
Олон хүнтэй найран зохилдож
Ер авах гээхийн ялгалыг шинжлэн мэд.
Их багын санааг асууж нэгтгэн
Егүүтгэлгүй сэтгэлийн угаас барьж
Шашин амьтны тусын тулд шимтэн
Хамаг амьтныг ганц хөвгүүн мэт асарч
Эцэг мэт сургаж, эх мэт тэжээ
Засаг цаазыг номын ёсоор барьж
Олон амьтныг жаргаланд зохиож
Төрөл төрөгсөдөө энх амарт хүргэгтүн.
Үзтэл үнэнээр явагчдыг
Үргэлж өргөж хөгжөөгтүн.
Үнэхээр гэмт хүнийг гэсгээ.
Хатан, хөвгүүн албат нарыг адил сурга.
Хэд хэдэн жилийн хэргийг нэгэн өдрийн хэрэг мэт
Хичээн бүтээж явбаас
Төрийн бамбай, дайсны баг/хуяг/ адил.
Ер биеийн амрыг үл харан
Бусдын үйлээс үл уйдан явбаас
Дээдсийн явдалд ойр гэх.
Асрахын урьд айлгах.
Албаттайгаа атгаг тэмцэх.
Ах дүүтэйгээ хэрүүл үүсгэх.
Дэмийн холын хүнтэй ханилан эвдрэх.
Дэргэдэх хүнийг дэнсэлгэн зовоох.
Төрөл төрөгсөдөө үл амруулах.
Төр цаазаас үл айх.
Муу хүний үгэнд орох.
Сайн хүний үгийг үл итгэх.
Ширүүн үгээр дайсныгхураах.
Хорт сэтгэлээр хамгийг хашраах тэргүүтнийг тэвчтүгэй.
Тойн хүний хамаг эрдмийн дотор
Нигүүлсэхүй сэтгэл нэн эрдэм.
Хаан хүний гучин таван эрдмийн дотор
Хайрлах сэтгэл нэн эрдэм.
Хатан хүний арван таван эрдмийн дотор
Сайхан ааль нэн эрдэм.
Түшмэл хүний есөн эрдмийн дотор
Төвшин сэтгэл нэн эрдэм.
Тойн хүний хамаг эрдмийг төгс суравч
Дотроо нигүүлсэх сэтгэлгүй бол
Тоолшгүй эрдэмтэй боловч
Тун тусгүй.
Хаан хүний хамаг эрхийг төгсөвч
Хайрлах сэтгэл үгүй болбоос
Хамагт аргагүй хөнгөн болмуй.
Хатан хүний хамаг сайхныг төгсөвч
Ааль муутай болбоос
Харин төрхөмдөө буцаж буг болно.
Түшмэл хүний есөн эрдмийн төгсөвч
Түвшин сайн сэтгэлгүй бол
Хорт чоно мэт жигшигдэхийн тул
Төв сэтгэлийн эеийг хичээ.
Арслан мэт ноёдыг
Барс мэт түшмэд дагах.
Барс мэт ноёдыг
Ирвэс мэт түшмэд дагах.
Ирвэс мэт ноёдыг
Чоно мэт түшмэд дагах
Чоно мэт ноёдыг
Үнэг мэт түшмэд дагах тул
Хамагт зовлон болмуй.
Ер хүн сайн сайхан үнэн үг
Шудрага явдлыг хичээн сурагтун.
Өндөр их заяатныг үзэн ядвал
Өөрийн амны хишиг зайлах.
Өнчин хүний жаргалыг хөнөөвөл
Өөрийн хишиг эвдрэх.
Үнэн тус хүргэгчдийг муулвал
Тэнгэр үл таалах.
Үзтэл муулсан хүнийг аргадвал
Үйл үл бүтэх.
Үзмэгц яаран бүү магт.
Түргэн зуур ханилсан нөхөртөө яаран бүү уурла.
Үргэлж ханилж тэнсэн мэд.
Нэгэнт учирсан хойно яаран бүү цуцар.
Итгэсэн хойно үгээ бүү нуу.
Итгэлгүй хүнд
Ямагт зүрхний үгийг бүү хэл.
Муу хүний үгэнд бүү ор.
Эм хүний үгийг бүү дага.
Хөвгүүн ба боолоор бүү мэдүүл.
Хартай хүнтэй үг бүү зөвлө.
Олон хүний зөвшсөнийг бүү эвд.
Хилэнцэт үйлд бүү шуна.
Буянтай үйлд бүү саад хий.
Үнэхээр зүтгэсэн ардын урмыг
Өчүүхэн юманд бүү шантал.
Үзмэгц яаран магтаад
Учиралдан ханилж гайхуулаад
Удалгүй хэрэлдэн салаад
Даруй буцааж инээлдэн наадам хийн явагч хүн
Үзтэл муу ард мөний тул
Үтэр түүнээс зайл.
Дээрэнгүй омог сэтгэлийг барьж
Дэмий муу биеэ гайхуулаад
Дээдсийн ёсоор загнагч
Танхай ард ичих мэт
Түүнээс түргэн зайл
Хилэн ихтийг аргаар өнгөрүүл.
Хилэнц ихтийг номоор тэтгэ.
Төрөл төрснөө тэтгэж явбаас
Бөх их хүчтэй болох
Төр ёсыг төв шударга дагаж явбаас
Хүнд их нэртэй болох.
Төв ихсийн жумыг дагаж явбаас
Түмнийг эхлэх болох.
Түүнийг үүнийг ялгалгүй асарвал
Олон нөхөдтэй болох.
Холын хүнд өршөөл тус хүргэвэл
Алдар нэрээ дуурсмуй.
Ойрын хүнд асрал өглөгийг хүртээвэл
Эв эе бүтээд хүчин нэммүй.
Харийн газар арга чадлаа бэхэл.
Халуун зуураа эв эеэн хичээ.
Шашинд дургүй сахилтнаас
Сайн сүсэгт хар хүн дээр гэлээ.
Төр ёс үл мэдэх хаадаас
Түвшин сайн түшмэл дээр гэлээ.
Ичгүүр үл мэдэх хатнаас
Ичгүүр мэдэх шивэгчин дээр гэлээ.
Хадгалж үл чадах хөвгүүдээс
Халамжит сайн боол дээр гэлээ.
Харам сэтгэл тушаа.
Хатуу сэтгэл жад.
Хар санаа хор.
Ханилсан нөхрөө хуурваас
Харин биеэ хуурсан адил болму.
Үнэхээр барилдсан сайн нөхрийн үгсийг
Үхтэл бүү март.
Хагацашгүй хань нөхөрт
Марташгүй муу үгийг бүү хэл.
Үг үл сонсох муу хүнд
Олон үг бүү хэл.
Харин улиг болмуй.
Үг үл мэдэх мунхаг хүнтэй
Үг бүү тэмц харин ичгүүр болмуй.
Өчүүхэн номч хүн омгоор
Үргэлж их мэдэх мэргэдэд халдваас
Үтэр шантрахын тэмдэг.
Гэнэт сайжирсан ард
Хэтэрхий ихэст халдвал
Гэмшиж үл барагдахын тэмдэг.
Арслангийн омог баатар мөн арсландаа зохих.
Үнэгний уран арга мөн үнэгэндээ зохих.
Арслангий баатар омог үнэгэнд тусгүй.
Үнэгний уран арга арсланд тусгүй.
Арслан үнэгмэт явбал түргэн гутах.
Үнэг арслан мэт явбал түргэн үхэх хэмээсэн үлгэрийг
Хэн хүн хянан үзэж
Хэр хэрээ мэдэж
Чинээ чинээгээ бодож явсан сайн.
Ер хоёр хүн эвтэй болбоос
Төмөр хүрээ мэт бэх.
Хорин хүн эвгүй болбоос
Эвдэрхий хүрээ мэт хэврэг.
Өнөр хүн эвгүй бол
Өнчин хүний элэг болох.
Олон хүн эвгүй болбоос
Оорцог хүний идэш болох.
Цувж явсан барсаас
Цуглаж суусан шаазгай дээр гэлээ.
Тиймийн тулд эв эеэн нэн бэхлэхтүн.
Амраг ханилсан нөхөрт
Аливаа хүний үгээр бүү уурла.
Ажиглан онож мэдээд харин биеэ шүүхтүн
Үлэмж сайн ханилсан хүмүүсийг
Үнэхээр муу сэтгэлтэй хүмүүс
Үзэн ядаж хуурмаг аргаар эвдрүүлээд
Элэглэе гэх мэдэшгүй
Өнгөц зурас аргатай хүн
Зөөлөн худал үгээр хууран байж
Үнэн санааг аваад
Үймтэл муутгах хэлэх нь олон буй
Үзэж таньж ханил
Худал үгийг үед тэвч
Хүн мэдвээс бие хөнгөрмүй
Бардам хатуу үгсийг орхи
Хүн мэдвээс өшмүй
Хулгай худал энэ насны ичгүүр
Эцэст тамын буг
Үүнийг урьдаас тасал
Ариун явдалт ламын бурхан мэт тахь
Асралт ихт ноёдыг тэнгэр мэт хүндэл
Ам авсан тангарагийг амь мэт сахь
Арга заль хоёрыг угаас орхи
Аливаа хүнтэй нийцэн зохь
Хан хүнтэй бүү тэрсэл
Сайн хүнтэй бүү эвдэр
Мал хүний эд малд бүү хурьц
Тарничийг хүндэл
Дэмий хүнийг бүү аргад
Өчүүхэн бага хүнийг бүү бас
Самуун муу сэтгэлийг бүү үүсгэ
Бурхан тэнгэрийг сайтар сахь
Эзэд сайдыг бүү хараа
Айх ичих хоёрыг ажиглаж мэд
Аливаа хүний зан аалийг
Аргаар тэнсэж мэд
Дотор муутай төрлөөс
Тун үг таних хүн дээр гэлээ
Муу сэтгэлт ах дүү дайсантай адил гэлээ
Өрсөх дайсан цусаа бүү үзүүл
Өшөөтэй хүнд муугаа бүү үзүүл
Хортон дайсанд хол ойр гэж үгүй буй
Хэн хортой болвол шадар гэж бүү янагла
Хэн тустай болвол гадуурхаж бүү ялга
Зөвтэй явах хүнийг бүү дарла
Буруутай явах хүнийг бүү асар
Муу явах хүнийг идэх хайрлавал
Харин биед халдах гэм буй
Сайн ардыг муулбал
Харин хойно нь гэмших буй
Сайн муу үнэн худлыг ялгаж мэдэх хэрэгтэй
Сайн ардад өглөг өгч үйлээ захирга
Хэдүй өргөмжлөгдөвч өчүүхэн сэтгэлийг барьж олонтой зохи
Гэнэт доройтвол гэмшилгүй хатуужих хэрэгтэй
Хүний нүүрийг харалгүй
Үйлээ туйлд хүртэл зүтгэж хэргээ бүтээ
Харийн үйлийг ашид сэрэмжил
Халуун зуураа эв эеэ хичээ
Дээдсийг хүндэл, доордсыг асар
Бурханы шашинд амиа тавь
Бусдыг тусад биеэ орхи
Бултралгүй явбал Богд сайдын явдал ойр гэх
Самуун буу биеэ ихэд бодоод
Сайн хүнийг сонжоод/үзэн ядаад/
Саваагүй мунхаг үгээ зав болгоод
Санаандаа их дүрийг барьж
Арга хуурмагаар авах идэхийг сурч
Доорд хүнийг дарлан явагчийг
Адгуусны зэрэгт ойр гэх
Ил магтаад, далд муутгаад
Ихээхэн өгвөл баярлаад
Эс өгвөл гомдоод
Инээдэм наадмаар өнгөрүүлэн явах
Ичгүүргүй сургаалд үг орогч хүнийг гэсгээвээс
Улс хойтдоо тустай биш үү
Өөрийн хэргээ орхиж
Үнэн санаагаар зүтгэж
Ил далд магтах ба
Муушаахыг үл бодон
Олзонд шуналгүй
Нэгэн зоригоо хуглалгүй
Ер уйдах чилэхийг саналгүй
Хэв хэзээд цөхрөлгүй
Зовох цагт зайлалгүй
Жаргах цагт хэтрэлгүй
Хайрлах цагт дасалгүй
Халдах цагт гутралгүй
Насан үргэлж нэгэн зангаар явбал
Улам хойтдоо хөгжлөг болох буй
Ер хүний ахуйн үйл яршигтай
Амьтны сэтгэлийг мэдэшгүй
Зальхай хуурмаг аргатан олон тул
Тиймхийн яахан бариталмуй
Тустай сайн санааг насандаа хичээ
Тустай сайн хүн ус мэт эелдэг
Тун муу хүн мод мэт хөшүүн
Бусдын гэмийн ятгаж орхи
Өөрийн биеэ магталгүй
Үйлээ үргэлжид шинжигтүн
Шашин амьтны тусыг цаг тутас үйлдэж явбаас
Хэн хэзээд тун хэрэг болох буй
Үхэлгүй насны шидийг эс олсны тул
Мөнх бусыг санах хэрэгтэй
Аюулт тамыг хаалгыг эс хаасны тул
Хилэнцээс зайлах хэрэгтэй
Ашидын хүнс номын өглөг
Амгалангийн дээд бодь мөр
Мэргэдийн гэгээнийг үзэлгүй ном номлогч
Ноёдын гэгээнийг танилгүй төр ёс хэлэгч
Энэ хоёр мунхагийн туйлд эндүүржихүй
Гэм хийвэл цааз бэрх
Хилэнц хийвэл там бэрх
Жаргал зовлон бүгд
Ач үрийн хувь
Ашидын амар жаргалыг олъё гэвэл
Онч буян хэрэгтэй тун хичээн үйлд
Эрдэмт ламы тангарагийг бүү эвд
Эзэд хаадын зарлигийг бүү дав
Эцэн эхийн сургаалийг бүү март
Эм хөвгүүн ба боолын үгийг бүү дага
Шурдага үгний сургаал үүнээс элдэв жаргал үүсэх болтугай
Үүнээс үлэмж сударч номлосон нь:
Сонсохуйн дээд олондоо өргөгдөх
Жаргалангийн дээд сэтгэл амар
Нөхрийн дээд үл аргадагч
Үйлийн дээд бодь мөрийн зэрэг
Хортой бөгөөс хөвгүүнийг ч тэвч
Тустай бөгөөс дайсныг ч асар
Үлэмж олон нүд бий боловч
Өчүүхэн зулын гэрэлд шөнөд хэрэгтэй хэмээгчийн үлгэр нь:
Олон хүн цугласан боловч
Түүний дотроос ганц сайн хүн удирдан хэлэх
Алтан дэлхийг өргөстэй гэж бүтээж үл болох
Харин өөрийн хоёр хөлөө бэхлэвэл дээр гэгчийн үлгэр нь:
Олон мунхаг ардыг сургаснаас
Ганц биеэ сургасан сайн
Тэргүүлэгч ноён хүн аливаа албат юугаан
Тэжээж чадах хэмээгчийн үлгэр нь:
Гэмтнийг гэсгээвэл түмэн амьтныг жаргуулан чадах
Жаргах цагт сэргэх хэрэгтэй
Зовох цагт хатуужих хэрэгтэй
Дайсангүй гэж ирт мэсийг биеэс бүү холдуул
Даруй хортой хэмээн нөхрийг бүү сөнөө
Онож мэдсэн сайн
Алтыг арчвал улам сайхан өнгө гарах
Нүүрсийг угаавал улам харлах
Мэргэдийг хорсговол улам эрдэм гарах
Мунхагуудыг хорсговол баас гарах
Муу хүн нэг ч эрдэмгүй бол
Дээрээ шүдтэйгээс биш үхэртэй адил
Сургаал үл сонсох бөгөөд гагцхүү цаадхыг санагч хүн
Үсгүйгээс биш гахайтай адил
Аван идэхэд шунагч өнгөц зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил
Муу хүнд хүргэсэн тус
Хужиртай газар тарьсан тариа
Доргоны нууж тавьсан хүнс
Тэр гурав алинд ч тусгүй
Ер бусад юмыг засаж болмуй
Ганцхүү муу хүнийг засаж үл болмуй
Олон бүгд архи уусан хүнийг жаргал гэнэм
Айралчлан явах өвчтэй хүнийг жаргалд тооцох буй
Муу хүнийг хэрэгт зарвал өвчин хүртэх
Аргагүй зарвал хойноос нь бас явах
Хэрвээ аянаа явбал өмнөөс урагшлан ирж
Шал пал худал өгүүлж хэрүүл үүсгэх
Эцэг эхээ хуурч бүрэлгээд
Ийн тийн гоёж эс өгөв хэмээн харин гутах
Эмээ даган төрхөмд нь зарагдах
Өр шир хийж төрөл төрөгсөдөө зовоох
Хулгай худал хийж амь биеэ үрэх
Ийм зовлон бүгдийг өөрөө үйлдээд
Ах дүү минь аль буй гэж
Гомдох олон буй за
Эрдэнэт хүний төрлийг олсон тул
Тийм муугаас зайлах хэрэгтэй
Маргааш үхэх боловч эрдмийг хичээн суралцах хэрэгтэй
Хэрвээ эс суравч хойд төрөлдөө
Сайны авъяас болох тул хичээгтүн
Адгуус ч эрдмийг сурах бөгөөтэл
Эрдэнэт хүний биеийг олсон тул
Хүний сурсан эрдмийг боломжтой бол сурах хялбар
Үхэхийн урьд аьд цагтаа буяныг үйлд
Өтлөхийг урьд амьд цагтаа эрдмийг хичээ
Өвчин хүртэхийн урьд эрүүлдээ буян номыг хичээ
Үгүйрэхийн өмнө баян цагтаа өглөгийг өг
Бүтэхийн дөрвөн нөхөр тэр болой
Хоосон чанарыг олсон ламыг тахь
Хоёр заяаг явгаж мэдэх эздийг хүндэл
Үхэх хүн сайн ламаас айх
Үгүйрэх хүн сайн хоточ нохойноос уйдах
Доройтох ноён сайн түшмэдээс уйдах
Маш зөв явбал сайн нэр алдаршиж
Мөн энэ биеийн чихэнд чимэг болох
Арга билэг хоёр алган дээр тогтох
Зусар ихэдвэл тамираа мэдэгдэх
Борооны ус түргэн урсавч үтэр замхарах
Их мөрөн дөлгөөн урсавч их далайн цутгах
Чин сайн эрдэмт хүн
Чоно хонь хоёрыг нэгэн онгоцонд услах мэт
Чингис богдын зохиосон сургаал үүнээр
Шашин төр хоёр энх амгалан тогтох болтугай
Аяа гайхамшигт сайн үлгэр үүнийг
Танхай ард өөрчлөн шалгаагаад
Сайтар ухаж шүүвэл
Өдгөөгийн энэ цагт нийлэх тул
Оюун түлхүүр нэрт сургаал үүнийг
Үзэж сурах хэрэгтэй
Үлгэрлэвэл мэргэд эрдэнийн хэлтэрхийг шинжлэх
Нүүрсийн хаана байвч үл шинжилнэ
Жигүүртний хаан гарьд наран гарахыг таалах
Муу хар элээ бүрий болохыг хүсэх
Цаст уулын цагаан арслан
Хар ууланд үл одох зан
Сарьсан багваахай шөнө нисэх зан
Галт хорхой гутван ертөнцийг дүүрэвч
Гагцхүү нарны гэрэлд дарагдах
Эрдмийг хичээн сурвал
Алдар нэр хаана ч алдаршмуй
Гэм эрдэм хоёрыг ялгаж эс мэдсэний үлгэр нь:
Мунхаг ухаант хүн мэргэдээс дайжаад
Сармагчин хөтөлсөн хүнийг хүндлэв гэх
Ийм ийм утгыг санаж
Язгуурын эрдмээ сэлбэн ав
Эрдэм сурсангүй бөгөөд
Арга хуурмаг сурч
Авах идэхийг үлгэр нь:
Урьд нэг хүн бусдын тарианд харуулаас нууж
Илжгэнд ирвэсны арьс нөмөргөж тавьсанд
Олноор айн эмээсний хожим
Тэр ирвэсний арьс салхинд хийсч унасанд
Тарианы эзэд илжгийг таньж
Эзэнтэй нь алав гэх
Муур хүзүүндээ эрх зүүж
Махнаас гарав хэмээж
Хулгана барьж идсээр мэдэгдэв гэх
Үнэн эрдэм алттай адил
Алтыг түлвэл улам өнгө гарах
Занданг түлвэл улам сайхан үнэр гарах
Галын уруу харуулвал харин гар өөд шатмуй
Эрдэмтэй болвол олонд хүндлэгдэнэ
Эрдэмгүй бол доромжлогдохыг үлгэр:
Өлссөн барсын дэмийн хүрхэрсэн дуунд
Өндөр морины орой дээр хэвтсэн бичин
Өөрөө хөсөр унаж идэгдэв гэх
Пагжил улсын бирманы хөвгүүн
Ганцаар хамаг дайсныг дарав гэх
Шоргоолж бүх газрыг цоолох чадалтай гэх
Сайн хүн хамгийг эрхэндээ хураах чадалтай гэх
Үхэр хараацай хөсрийн усыг үл уух
Арслан бөөлжиснөө үл идэх
Сайн хүн үгээ үл урвал
Нохой бөөлжисөө идэх
Муу хүн үгээ урвах
Соронзон гүр төмрийн үртсийг авч чадах адил
Сайн хүн сайн үгсийг авч
Мэргэдийн санд нийлүүлмүй
Шагжийн хөвгүүн Шигмунь
Хамаг эрдмийг төгс сурсаны тул
Туулсан бурхан болж
Хамаг судар тарнисыг бадруулсан
Баршгүй энэ номын тивд учирч
Эрдэнэт хүний төрлийг олсон нь маш чухаг бүлгээ
Олохуяа бэрх энэ цогц бээн бүхүй цагт
Шатрын гишгүүрийг улам дээш тавигтун.
Оюун түлхүүр нэрт шастир төгсвэй.
Баярлалаа
ReplyDeleteugee tsegnej bie hichej ihsig hundelj nyalhsiig tetgej yaviya ...bi
ReplyDeleteBAyrlaa mash saihan
ReplyDeleteҮнэлж баршгүй сайхан сургаал нийтэлсэн танд гялайлаа. Хичээж явъя аа.
ReplyDeletegyalailaa hicneej yavya
ReplyDeleteОюунтүлхүүр, цаасан шувууны үлгэр, тоть шувууны сургаалиа oogii1126@yahoo.com хаяглуу явуулж өгөөрэй. баярлалаа.
ReplyDeleteэм хүний үг бүү дага гэнэ үү юу гэсэн үг вэ??? би эсвэл буруу ойлгоод байна уу?
ReplyDeleteӨгөдэй хааны 4 гэмийн нэгэнд нь эм хүний үгэнд орсон гэж гардаг
DeleteОюун түлхүүр сургаалийг манжийн үед өөрчилсөн байхаа
ReplyDeleteОлж уншихыг их хүсэж байсан юм. Монголчууд эрт дээр үед хүүхдүүддээ Оюунтүлхүүр судраа (уйгаржин бичиг дээрх) гурав, дөрвөн удаа хуулуулж бичүүлдэг байсан гэсэн. Үүний үр дүнд зөв бичих болон сайхан бичигтэй болох түүнчлэн сургаалиа толгойд ортлоо цээжилдэг байсан гэсэн.
ReplyDeleteуйгаржин бичиг дээрх хувилбар нь байвал тавьж өгч туслана уу. баяралалаа. мөн дээр тавьсан байгаа нь бүтнээрээ?
Энэ лам гурван эрдэнэд итгэмүй гэж худлаа худлаа КОММУНИЗМ КОЛОНИЗМ Руу оруулсан байна Хэзээ Монголчууд ЛАМ ШҮТЭМ ИТГЭЖ БАЙЛАА даа Монголчууд эртнээс Мөнхтэнгэрээ шүтэж ирсэн Ээж Эмээ маань хүртэл сүү цайны дээжээ л өргөдөг. БУДДИЗМ лам бидний уламжлалт зүйл биш шүү дээ...
ReplyDelete