Эрчилсэн их хүслээ шившиж тавьсан дуут сум минь
Эмзэгхэн сэтгэлээс алдуурч харвасан амин од минь
Гунигт нүднээсээ оч үсэргэн ширтэх
Гурамсан сур шиг хөвчрөх Талын хөх чоно
Шаналсан сэтгэлээ тас хазан зулрах эрх чөлөө
Шархалсан зүрхээ нулимс нь аргадах тайвшрал минь
Амь онилсон сум амьсгал тоолон нэхэхүй
Амьдралаас сугаран сунах Талын хөх чоно
Дахилт:
Хэнгэрэгийн дуу ертөнц дахины анирыг цочооход
Хээрийн чоно гэрэлт үүлэнд хувилан шингэхүй
Мөргөлийн шид-онгод дуудлага чинь ховсдож
Мөнх тэнгэрийн дайдад хамт живнэ
Талын хөх чоно минь
Чивчирсэн хөх судсаар буцлан урсах омогт гал минь
Чинэрсэн чин халуун цээжнээс оргилон цоргих дөл минь
Бөөн хар үүл мэт аюул нөмрөн ирэхүй
Бөртийх бараагүй алсрах Талын хөх чоно
No comments:
Post a Comment