ДЖОН ГАТТО, ХҮН СҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

Монгол хэл дээрхи хэвлэлийн өмнөх үг
Нилээд хэдэн жилийн өмнөөс миний танил ажил олгогч хүмүүс нэг зүйлд гайхаж харамсан шогширцгоох болсон юм. Тэдэн дээр ажилд орохоор ирж байгаа манай сүүлийн үеийн ихэнхи залуучуудын хувьд бүрэн дунд сургууль, эсвэл дараа нь аль нэг дээд сургууль төгсөж олж авсан боловсрол, мэдлэгүүд нь урьд өмнө үеийнхээс ч илүү өнгөц, хийсвэр болж, системтэй гүнзгий мэдлэгийн тал дээр бүр илт доошилсон байсан юм. Залуусын мааань ихэнхи ажил, амьдралд тогтвортой суралцан хувь хүнийхээ хувьд амьдралын илүү шинэ шатанд гарахыг эрмэлзэхийн оронд хялбархан бага хөдөлмөрлөж хурдхан бас тэгээд ахиухан мөнгө олох гэсэн үзэл, ажил амьдралдаа хандаж байгаа түр зуурын хандлага нь манай нийгэмд бүр шинэ үзэгдэл болсон юм. Тэгээд ч бидний олонхи энэ байдлын янз бүрийн хэлбэрүүдтэй нь өдөр бүр, алхам тутамдаа таарах болсон тул олон хүмүүс энэ байдалд сэтгэл зовниж нөхцөл байдал, уг шалтгааныг өөр өөрийнхөөрөө ярьж тайлбарлаж байгаа хэдий ч тэд асуудлын уг шалтгаануудыг нь бус харин үр дагавруудыг нь тойруулан ярьсаар байгаа юм.
Манай одоогийн нийгэмд ноёрхож байгаа мөнгөний үзэл суртал, телевизор ба бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өдөр тутам явж байгаа урсгал нь энэ нийгмийнхээ бараг бүх зүйлд нэвт шингэсэн байдаг билээ. Тэгвэл бид хүүхдүүд, залуу үеэ дан буруутгахын оронд бид бүгдийн одоогийн энэ оюун санааны хоосрол, төөрөгдөлд орсон байдал нь манай нийгэмд өрнөж байгаа тодорхой үйл ажиллагаануудын шууд үр дагаврууд гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Гагцхүү үүний дараа л бид уг асуудлын эх сурвалж, шалтгаан нь чухам юунд байгааг олж харж ойлгон цаг алдалгүй өөрчилж шинэчлэх арга замуудыг хамтран хайх боломжтой болох билээ.
Одоогийн манай нийгэмд боловсрол мэдлэгийг олгох, олж авах үйл явцыг мөнгөөр арилжиж болох бараа мэт болгосон ба иймээс манай эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролд өөрсдийн орлогын багагүй хэсгийг зориулж байх болсон юм. Гэвч ихэнхи тохиолдолд одоогийн энэ манай боловсролын салбарт баримталж байгаа гаднаас тулгасан номлол, сургаж байгаа зүйлүүд нь бидний хүүхдүүдэд амьдралд хэрэгтэй жинхэнэ боловсрол, мэдлэгүүдийг нь олгоход нь, тэдэнд өөрсдийнхөө үзэл баримтлал, итгэл үнэмшлүүдийг төлөвшүүлэхэд нь, амьдралын зөв замаа өөрсдөө сонгоход нь саад болсоор байгаа юм. Үүний оронд сургуулиуд тэднийг нэг хэвэнд хүчээр “цутгаж” хожим амьдралд нь хир хэрэг болох эсэх нь тодорхойгүй, онолын янз бүрийн хийсвэрлэлүүд болон хөрөнгө мөнгө, албан тушаалд хүрч амьдрах зэрэг хуурамч "үнэт зүйлүүд"-ээр халдварлуулж хүүхэд, залуу насандаа сурч мэдэх үнэт цагаа үр дүн муутай үрэхэд хүргэж байгаа юм.
Томчууд бидэнд дунд сургууль ба хожим дээд сургуульд өгч байсан ихэнхи хийсвэрлэлүүд нь бидний олонхийн бодит амьдралд хичнээн бага ач холбогдолтой, ашиг тустай байгааг хожим ойлгоцгоож байдаг билээ. Ийм системгүй, өнгөцхөн хийсвэрлэлүүдийг нь цээжилж авахын тулд бид амьдралынхаа бүхэл бүтэн 12 жилийг зориулж нэгэнт алдсан байдаг. Харин хүний амьдралд жинхэнэ ач холбогдолтой, утга учиртай, ашиг тустай бодитой чиг хандлага, үзэл баримтлалын тал дээр бидний олонхи багахаан өнгөц зүйлүүдийг мэдэж сурч авсан байдаг ба энэхүү туршлага, мэдлэгийн хомсдол нь эргээд бидний амьдралын алхам тутамд өргөн утгаараа бол бидний дотор нь амьдарч байгаа нийгэмд сөрөг нөлөөгөө үзүүлж боомилсоор байгаа юм.
Хүн өөрөө өөрийгөө танин мэдэх, Амьдралын ба Байгаль дэлхийн бодит байдлыг ойлгож ухамсарлаж өөрсдийн бие даасан итгэл үнэмшилүүд, үнэт зүйлсийн богцтой болох нь хэрэв шаардлагатай бол суралцаж олж авах тэр боловсрол, мэргэжлүүдийн хувьд урьдчилсан, ухамсартай нөхцөл байдал нь байдаг. Боловсролын талаар бидэнд нялзааж тулгаж байдаг олонхийн хэвшмэл сэтгэлгээ, төөрөгдлөөсөө бид салах цаг аль хэдий нь болжээ. Юуны өмнө энэ байдлыг бид бүхэн үндэстнийхээ хувьд хир хурдан ойлгон ухаарч зорилго, хүч чармайлтаа нэгтгэн цаг алдалгүй засч залруулж чадахаас бидний хойч үеийн эрх чөлөөт аж амьдрал, манай улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлт - үндэстний сэргэн мандал шууд хамаарах билээ
Чухам энэ асуудал нь Монгол үндэстний бие даасан тусгаар байдал, бодит өрсөлдөх чадвар, манай ард түмний эрх чөлөөт амьдралын үндсийн үндэс гэдгийг иш үндэс болгож хойч үедээ жинхэнэ бодиттой боловсрол мэдлэгүүдийг олгож байх, зөв итгэл үнэмшлүүдийг бүрдүүлж байх асуудлыг төрийн болон монгол хүн бүрийн үйл хэрэг болгох бодит шаардлага тулгараад байна.
Хэрэг дээрээ бид хүүхдүүд, залуу хойч үеэ чухам юунд "сургаж", тэдэнд ямар ирээдүйг нь бэлдэж өгч байна вэ? Үүнийг хэн зүтгүүлж байдаг, энэ байдал нь хэнд ашигтай вэ?
Боловсрол гэж ер нь чухам юу юм бэ, юуны тулд хэрэгтэй юм бэ гэдэг бидний амьдралын хамгийн чухал асуултуудын хариуг эцэг эхчүүд, залуу үе, сурагчид маань заавал ухаарч ойлгосон, мэдсэн байх ёстой билээ.
Одоогийн бүх нийтийн албан боловсрол, манай дээд сургуулиудад сүүлийн 20 жилд хийсэн туршилтууд, сургалтынх нь цаад мөн чанар, бидний хойч үеийг хэн болгож байгааг олж харж өөрсдийн дүгнэлтээ хийцгээе. Автор: Джон Тейлор Гатто /АНУ/
Оригинал нэр: Dumbing Us Down
Нэр: Хүн сүргийн үйлдвэрлэл
Хэвлэл: Соёмбо Принтинг ХХК
ISBN: 978-99929-4-660-1(мон.)
Хэвлэгдсэн он: 2011
Хуудасны тоо: 130

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах