Монголчууд газрыг хувьдаа өмчилж байгаагүй

“Дөрвөн цагийн аясаар дураар нүүх нутагтай” гэж их Нацагдорж зүгээр ч нэг хэлээгүй юм.

Зарим этгээд Монголд газрыг хувьд өмчлөх явдлыг 1921 онд л устгасан мэтээр түүхийг гуйвуулж, иргэдэд өмчлүүлэхийг шаардаж буй нь зүйд үл нийцнэ.
Түүхэн сурвалжуудаас үзэхэд газрыг Монголчууд хувьдаа өмчилж байсангүй. Энэ тухай академич Ишжамц, Далай, доктор А.Жамсран, Д.Гонгор, Г.Сүхбаатар нарын бүтээл, тэрчлэн “Нууц товчоо” зэрэг алтан сурвалжид ч монголчууд газрыг хувьд өмчлүүлж байгаагүйг хоёрдмол санаагүй тэмдэглэжээ.
Бүр Хүннү нарын үеэс Монголчууд байгаль, цаг уур, газрын хөрсний байдлаас болж, тариалан олигтой хөгжүүлэх чадалгүй, нийт хүн амынхаа амьдралыг бүрэн дүүрэн хангах тарих будаа авах боломжгүй байсан тул газар нутагтаа зохицож, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг ард түмэн болж хувирсан бөгөөд, одоо ч биднийг тэжээж, ам тосдож буй гол аж ахуй, үйлдвэрлэл маань мөнөөх л мал аж ахуй билээ. “Дөрвөн цагийн аясаар дураар нүүх нутагтай” гэж их Нацагдорж зүгээрч нэг хэлээгүй юм. Газрыг хувьд өмчлүүлэх нь Хятад төвийн үзэл буюу тариалан Төвийн үзэл /агроцентризм/ баримтлагч, урвагчдын явуулга бөгөөд “гун” /алба барих/, “шуго” /түшмэг буюу хараат улс болох/, “нэй шу” /дотор дагаар оров/ гэх мэт нэр томьёог хятад төвийн үзлийг шүүмжлэх үүднээс…авч үзэх хэрэгтэйг нэрт эрдэмтэнд доктор Г.Сүхбаатар “Монголчуудын эртний өвөг” хэмээх гайхамшигт номынхоо 15 дугаар хуудсанд тов тодорхой бичсэн буй.
“Байгаль-цаг уур, газар зүйн онцлог, хүн төрөлхтний үйлдвэрлэх хүчнүүдийн хөгжлийн төвшинг үл харгалзан суурьшмал орны нийгэм-эдийн засаг, соёлын хөгжлийг шалгуур загвар болгоод тариалангийн ба нүүдлийн мал аж ахуйг хооронд нь, суурьшмал ард түмний ба нүүдэлчин ард түмний нийгмийн байгууллагыг хооронд нь сөргүүлэн хиймлээр жишиж, тариалангийнхнийг буюу суурьшмалыг мөн л хиймлээр дээгүүр тавин, тэр байр сууринаасаа нүүдэлчдийн эдийн засаг, соёлын хөгжилд хандах” болсон үзлийг чухамдаа тариалан төвийн буюу хятад төвийн үзэл гэж доктор Г.Сүхбаатар агсан тайлбарласан юм. Үүнийг алтан хараацайнууд үеийн үед санах ёстой.
Монголын төрт ёсны уламжлалыг эвдэн хаан ширээг булааж, улс орны хөгжлийн чиглэлийг өөрчилсөн Хувилай хаан бага залуудаа өөрийн төрсөн эхийн хамт их Хаан Өгөөдэй дээр орж: Бид хоёрт разар эзэмших эрх өгөөч: гэж гуйсанд эхэд нь одоогийн Хятадын Хэбэй мужийн Чжэньдинд, өөрт нь Синчжоу гэдэг газрыг өгч, бүүр багаасаа хятадуудын дунд амьдарсан. Түүний дэргэд Доу Мо, Чжао Пи гэдэг хоёр том өвгөн хятад зөвлөх үргэлж ажилладаг байсан хийгээд тэд Хувилайн хүүд Чжэнь-Зинь /Шижир алт/ гэсэн хятад нэр өгсөн.
Чингисийн алтан ургийн хүмүүжилгүй, тэр чигээрээ хятад боловсрол, хүмүүжил, сэтгэлгээтэй Хувилай хаан Их Монголын Хар Хорум нийслэлийг улсын төвөөс нь бүрэн болиулж, Бээжинд Шинэ нийслэл байгуулж, Их Монгол Улсын нэрийг өөрчлөн “Юань улс” гэж нэр өгсөн, жинхэнэ төв, эх нутагтаа буй ах дүү Монголчуудтайгаа удаа дараа байлдсан зэрэг ёс бус ажлаараа их Монголын сүр хүчийг сарниулж, хожмын олон үед буурахын шалтаг болсныг доктор Г.Сүхбаатар “Оройн дээд шүтээн минь Монголын тусгаар тогтнол” ярилцлагадаа дурдаад “Хувилайн ард талд Монгол газар нутаг маань “цусны хангамж” дутсан зүрх шиг хатаж хорчийж байсан юм шүү” гэж сануулсан.
Өнөөдрийн газрыг “өмчлөлд өгөх” гээд буй хүмүүсийн ажил бол чухам дээрээ Хубилайн санаа ХХ зууны эцсээр биеллээ олж, Монголын өөрийн нутаг дээр шинэ Юань улс бий болгох гэсэн далдын муу явуулга гэлтэй.
Эртний Монголчуудын хувьд газар нь нэг талаас хөдөлмөрийн зүйл болоогүй /тариалангийн О.Д/ харин газрыг уугуул байгаа байдлаар нь ашигладаг /бэлчээр, өвс, усыг даган нүүдэллэх/ байсан тул, өмч бус нийтийн эзэмшил байжээ. Нөгөө талаас их хаад нь газрыг том феодалууддаа хуваарилан үе залгамжлуулан эзэмшүүлж байснаас бус, өмчлүүлж байсангүй. Энэ нь газар үндсэндээ төрийн мэдэлд, улсын өмч байсан гэсэн үг бөгөөд тэр үеийн их бага хаадын аль алин нь “өөрөө төр засаг” байсан юм. Томоохон феодалуудын эзэмших газар дээр амьдрагч жирийн нүүдэлчин ард ч ялгаагүй, мөн эзэмшлийн газраас өөрт ногдсоныг л эзэмшиж байсан.
Өөрөөр хэлбэл тэр үеийн нийгэмд газрыг бэлчээрийн хувьд ашиглаж байсан нь үндсэн үйлдвэрлэлийг явуулахад /мал аж ахуй эрхлэхэд, газар нь хөдөлмөрийн хэрэгслийн үүрэгтэй байжээ гэсэн үг. Тариалан шүтсэн ард түмэнд газар үйлдвэрлэлийн ганц гол хэрэгсэл болдог бол, нүүдэлчдийн хувьд газар нь малаас гадна, үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл болдог тул эртний монголчуудын өвөг Хүннүгийн нийгэмд газар нь өмчид байв уу, эзэмшил, ашиглалтад байв уу…гэдэг асуулт гарна. Дунху-гийн хил орчмын хүн нутагладаггүй хэсэг газрыг нь гуйхад “газар бол улсын үндэс мөн” гээд өгөх гэсэн түшмэдийнхээ толгойг авч, дунху нарыг бут цохисон явдал бол “Хүннү нарт газар улсын өмч байсны гэрч мөн”…
<<…”МЭӨ 198 оны Хүннү, Хятадын гэрээгээр Хүннү, Хан улсын хоорондын хил нь: Хятадын цагаан хэрмээр зааглагдан тогтоогдсон, мөн хүннү, дунху хоёрын хилийн зааг дахь хүн нутагладаггүй хэсэг газрыг Дунху нар авах гэж байсан болохоор тэдгээрийн хооронд хилтэй байсан. Тэрчлэн хүннү нарт хил хариуцсан “оуто ван” гэгч байсан болохоор Хүннү улсын хувьд газар бол улсын дэвсгэр нутаг, улсын өмч байжээ”…* гэж “Монголчуудын эртний өвөг” гэдэг эрдэм шинжилгээ, судалгааны томоохон бүтээлийнхээ 61, 62-р хуудсанд доктор Г.Сүхбаатар дурджээ.
Тэрбээр Хятад сурвалж бичгээс иш татаж “Тэд /Хүннү нар/ газар боловсруулалтыг /гэн тянь. С5 эрхэлдэггүй боловч, тус бүр хувь газартай /фэньди, с47/” гэжээ. Цааш нь Хүннү улсын зүүн, баруун сэцэн ван, зүүн баруун гули ван нь хамгийн том эзэмшилтэй /да го, с48/” гэжээ. “Фэнь ди” гэдэг нь хувь газар гэсэн үг юм байна. /О.Д/
^Хүннү мэтийн нүүдэлчдийн “хувь газар” гэж түмтийн дарга нар гэх ерөнхий нэрээр нэрлэгдсэн ван, жанжин нарын захиргаанд байсан нутгийг ойлгох хэрэгтэй нь бүрэн тодорхой байна. “Фэнь Ди” гэдгийг ийнхүү ойлговол түүний Сыма Цянь, Бань Гу хоёр түүнийг чухам үүнтэй ойролцоо утгаар хэрэглэсэн гэж үзүүштэй. Ингэхлээр “Фэнь Ди” бол Хүннү-гийн Шаньюй-гаас нутаглаж буй хүмүүсийн хамт, түмтийн дарга нарт захируулан ашиглуулахаар өгсөн /өмчлүүлэхээр биш О.Д/ нутаг, өөрөөр хэлбэл Хүннү Улсын ван гэх мэтийн хэргэмтэй түмтийн даргын албан тушаалтай хүмүүс хэргэм, албан тушаалтайн эрхээр улсын захиргааны нэгж болох нутгийг орших хүмүүсийн хамт захирч байсан явдал мөн… Иймд “Фэнди” бол газрын хувийн өмч бус, харин эзэмших нутаг юм… Хүннү-гийн Шаньюй “хувь газрыг” /Фэндийг/ шууд олгож, хураан авах эрхтэй байсан явдал бол Хүннү улсын хааны /Шаньюй/ хувьд улсын нутгийг олгох эрхээ эдэлж буй явдал гэж үзүүштэй^…
Хүннү улсын дэвсгэр нутаг бол нэг талаар улсын өмч газар, нөгөө талаар малын бэлчээр мөн. Түмтийн дарга нар төрийн захиргааны нэгжийн толгойлогчийн хувьд нутаг бэлчээрийг эзэмшин ашиглаж байсан байна…
“Фэнди” бол газрын хувийн өмч бус байсан учраас сурвалж бичигт газрыг худалдан авч, өгөлцөх ажиллагааны талаар огт дурдаагүйгээс гадна, Хүннү-д дагаар орсон Вэй Люй, Су У зэрэг Хятадын элч, жанжин нарт хүннү нар хэргэм шагнаж мал олгож байсан тухай дурдаад, газар олгосон тухай мэдээ огт байхгүй байна…/доктор Г.Сүхбаатар “Монголчуудын эртний өвөг” ном/
Иймд монголчуудын нэн эртний өвөг Хүннү-гийн үеэс эхлэн нийгмийн үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл болох газар, мал хоёроос зөвхөн малыг л хувьдаа өмчилсөн бөгөөд газрыг өмчлүүлсэн ямар ч баримт алга.
Жирийн нүүдэлчид нь улсын иргэний хувьд, нөгөө талаар түмтийн дарга мэт ноёлогч хэсгийнхний харьяатын хувьд Улсын захиргааны нэгж нутаг бэлчээрт хамрагдаж, өөрт оногдсон газарт малаа дагаж амьдарч байжээ.
Энэ явдал Чингисийн үеэр дамжин, Монголын бүх түүхэн үед үргэлжилж, газрыг дээрээс доош бүгд л нутаг захиргааны нэгжээр эзэмшиж, ашиглаж байсан болохоос бус, хэнд ч өмчлүүлж байсангүй. Газар бол улсын өмч, төрийн өмч байв.
XIII зууны үед ч нэг ёсны “Фэнди Ди” байсныг Г.Рубрук ажиглаж, түүхэнд үлдээхдээ: “Ноёд бүр цөөн буюу олон хүн захирч байгаагаас харгалзан бэлчээрийнхээ хязгаарыг, тэрчлэн өвөл, зун, хавар, намар малаа хаана бэлчээрлүүлэх ёстойгоо мэддэг” гэжээ.
Нүүдэлчдийн газар эзэмшлийн тухай эрдэмтэн маань К.Марксаас иш татаж ”…Үүнд улс бол газрын дээд өмётөн мөн. Үүнд дээд эрх бол улсын хэмжээгээр бөөгнөрсөн газрын өмч мөн. Гэхдээ газрыг, хүйгээр ч эзэмшиж ашиглах явдал байх боловч, газрын хувийн ямар ч өмч байдаггүй юм” /1.XXY, 2-р дэвтэр 354/
…”Эдгээр хүмүүсийн /газар эзэмшигчдийн Г.С/ хууль цаазны мэдэл, хэсэг газрыг ашиглаж хэрэглэх тэдний эрх мэдэл нь юуг ч шийдвэрлэхгүй. Ашиглалт нь эдгээр хүмүүсийн хүсэл зоригоос шалтгаалдаггүй эдийн засгийн нөхцөлүүдээс шалтгаална” гэж хэлснийг / “Капитал” III боть, 1.XXY, 2-Р дэвт. 165/ зориуд онцгойлон авчээ. Монголд өнөөдөр газар өмчлүүлэх үү? Үгүй юу?… гэдэг асуудал нь гагцхүү тусгаар тогтнолоор хэмжигдэж газар нутаг нь уудам, хүн нь цөөхнөөр тооцогдож, эдийн засаг доройтсон, ард түмэн нь ядуурсан, хоёр их гүрний хооронд оршдог, цаг агаарын нөхцөл хатуу ширүүн, уугуул эртнээсээ газар тариалан эрхэлдэггүй, нүүдлийн мал аж ахуйг эрхэлж, бэлчээрээ хамтран эзэмшиж ирсэн зэрэг бусад олон хам нөхцлөөс шалтгаалж буйг ойлгохгүй, өөрсдийгөө “ардчилагч” гэж нэрлэсэн хэсэг хүмүүсийн хүсэл зоригоос шалтгаалж, ямар ч тооцоо судалгаа, элс хэтийг харсан бодлогогүйгээр газрыг өмчлүүлэх гэж оролдох нь 1990 оны өмч хувьчлалын лай ланчгаас гарч чадахгүй тэлчилж буй ард түмнийг бүр өмхий намагт унагаж, живүүлэн алах гэсэн холын санаа, урт гарын явуулга гэж үзэхээс өөр арга алга.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах