Газрыг өмчилнө гэдэг нь ...О.Дашбалбар

Газрыг өмчилнө гэдэг нь түүний жинхэнэ байдлыг заавал алдагдуулж, ямар нэг өөрчлөлт оруулж, физик болон байгалийн шинжийг нь эвддэг. О.Дашбалбар

-Нэг хот айлын хүмүүс урьд нь юуны төлөө тулалдаж байсан юм бэ?

-Хоёр айлын тариан талбайн хоорондох алга дарам газар, бяцхан хажуу, чулууны төлөө шүү дээ.
-Зэргэлдээ хот айлын хүмүүс урьд нь юуны төлөө тулалдаж байсан бэ?
-Хот айлын дундах алга дарам газрын төлөө шүү дээ.
-Дегастан бусад ард түмэнтэй юуны төлөө тулалдаж байсан бэ?
-Дагестаны хил дээрх алга дарам газрын төлөө гэж Расул Гамзатов хариулжээ.

Хэл, хил, мал гурав

Өнө эртний хүмүүс агуйд галаа манадаг байсан. Өвөг дээдэс минь мянга мянган жил хилээ манаж ирсэн. Өнөөдөр ч үр ач нь манаж буй. Харин тэднийг дархан хилээ нүд чавчилгүй манаж байхад бид “хууль” нэртэй цаасан дээр хуудуутай хүмүүсийн балгаар “хилээ алдах” гээд байна. Хилчид хил зөрчигчийг илрүүлэх үүрэгтэй бол, хууль тогтоогч Улсын Их Хурлын гишүүд нь хуулийн цоорхойгоор хил зөрчсөн “заалт” оруулж болохгүй /О.Д/.
“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ? Монгол баян. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн ялагдахгүй вэ? Монгол ялагдахгүй” гэж төрийн соёрхолт зохиолч Зундуйн Доржийн хэлсэн үг нь 281-ийн холбооны мөнхийн уриа юм.

Нарны гэрэл, агаар-хувийн өмч үү?

Бурхан багш ч эд баялаг, хөрөнгө мөнгөөр шударга ёс үл тогтох тухай мөнхийн сургааль айлдсан.
Гадаадынхан одоо бидэн рүү зэр зэвсгээр бус, мөнгөөр, “ардчилал”, “хүний эрх” гэдэг худал үгээр зэвсэглэн дайрч байна.
-Гадаадынхан бидний гэрийг хоослон, бидний үр хүүхдийг цөмлөж, үр хойчийг минь зарц боолоо болгохоор “эрх чөлөө”, “тансаг амьдрал” гэдэг гоё үгээр зэвсэглэн дайрч байна. Монгол орон өрнөдийн замаар явбал түргэн үхнэ. Дорнодын замаар явбал түргэн уусна. Ард түмэн мэхлэгдэж, ноёлогч, эрх баригч хэсгийнхэн заль мэх, худал хуурмаг, эд хөрөнгөөр гуйвагч сэхээтнүүдийг оосорлож, дуртай зүг рүүгээ чирч байна.
Аугаа их Толстойн “Сэхээрэлт” романы гол баатар газрын эзний эрхээсээ татгалзан, газрыг тариачдад өгдөг. Ард түмнийхээ үгүйрэл хоосрол, зовлон зүдгүүр, мөхлийн үндсэн шалтгааныг Л.Толстой заахдаа, “Газрын эзэд нь тариачдаас газрыг нь булаан авсан явдал” гээд газрын эздийн газар эзэмшлийг устгах санал тавьж байв.
“Нарны гэрэл, агаар хувийн өмч биш байдаг шиг, газрыг хувьдаа өмчилж, худалдах, худалдан авах зүйл болгох ёсгүй” гэж өөрөө газрын том эзэн байсан Л.Толстой хэлжээ. Түүний бодсоноор “хүн бүхэн газар эзэмших талаар ижил эрхтэй ч” газрыг хувьд өмчлүүлэхэд хэн нэг нь газраа худалдахаас өөр аргагүйд хүрч, хэн нэг нь худалдан авсаар газрын эзэд, тэдний мэдлийн тариачид буй болж, эцэстээ эзэн, болл, баян, ядуу, үгүйрэл, хооёрол, ард түмний зовлон зүдгүүр, мөхлийн үндсэн шалтгаан болдог тул, газар өмчлөхийг устгах асуудал нт гол зүйл гэж үзэж байв. XX зууны эхээр болсон сүрт жагсаал, зэвсэгт бослого, тариачдын үймээнийг Толстой нэн сонирхож, эздийнхээ газрыг булааж авсан тариачдын тухай “Тун зүйтэй …Тариачид хамгийнхаа чухал зүйлд оржээ” гэж Короленкод хэлж байв.
Толстой нь Достоевскийтэй нийлж өөрийн суут авьяас билгээр бүх дэлхийг донсолгож, “Европ дахины гайхан биширсэн анхаарлыг Орос орны зүг татсан”, “Толстойг мэдэхгүйгээр өөрийгөө соёлтой хүнд тооцож болохгүй” гэж М.Горький хэлсэн бол, Францын их зохиолч Нобелийн шагналт Ромен Роллан “XIX зууны бүх романуудаас давуутай, суут дурсгал” гэж “Дайн ба энх”, “Анна Каренина” романыг нь үнэлжээ. “Сэхээрэлт” роман хэвлэгдээд жил хагасын хооронд л дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдаж байсан энэ их хүнийг Махатма Ганди, Ги де Мопассан, Бернард Шоу, Анатоль франс, Андре Моруа, Эрнест Хемингуэй зэрэг дэлхийн олон их оюун ухаантнууд бишрэн хүндэлж, одоо ч түүнтэй эн зэрэгцэх гүн ухаантан, зохиолч өдрийн од шиг гэж дэлхий нийтээр үздэг. Гэтэл газрын эзэн, их зохиолч Л.Толстой газрын тухай ийм хатуу, зөв байр суурьтай байжээ.
* * *
Газрыг өмчилнө гэдэг нь түүний жинхэнэ байдлыг заавал алдагдуулж, ямар нэг өөрчлөлт оруулж, физик болон байгалийн шинжийг нь эвддэг.
Дэд бүтэц буй болгох, усжуулах систем нэвтрүүлэх, учир утгагүй байшин барилга барих болон газар өмчлөгч нь дурын хязгаарлалтгүй эрх эдэлж, үүгээрээ тариа ногоо тарих болон хөдөө аж ахуйн бусад зориулалт устаж, газрын жам ёсны үүрэг алдагдаж, гадаадын хөрөнгө оруулалт, үйлдвэр, техник, бас бус байгууламжийн талбар болно.
Газрыг өмчлөгч нь бусдад худалдах, түрээслүүлэх эрх эдэлснээр монгол нутгийн унаган төрх алдагдаж, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд хохирол учирна.

Хэн үүнийг турхирав

Монгол Улсын Үндсэн хуулинд “Газрыг гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаанд өгөхгүй, арилжихгүй” гэдэг заалт бэлхнээ буй.
Чухам энэ заалтыг оруулах гэж 1991 оны эцсээр эхэлж 1992 оны хоёрдугаар сард 76 хоног хуралдаж, хэрэлдэж байж дууссан тэр үеийн Ардын Их Хурлын чуулганд депутат байсан миний бие “Бие даасан депутатуудын бүлэг” байгуулан хирдээ л тулалдсан билээ. Газраа гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаалахгүй, арилжихгүй гэснээрээ бид “фашист, нацист” гэдэг нэр хочийг ардчилагчид гэгчдээс хүртэж, тэр үедээ багагүй л хараалгаж зүхүүлж байсан.
Харин одоо санахад нэг л юм ойлгодоггүй юм. Чухам ямар санаатайгаар газрыг заавал гадаадынханд худалдаж, өмчлүүлэх гээд байв аа?
Хэн үүнийг турхирав? …Жинхэнэ эзэд нь монголд байв уу? Эсхүл хилийн чанадаас ийн удирдав уу? гэдэг нь хэзээ нэгэн цагт тодрох биз. Юутай ч гэсэн Үндсэн хуулиар тэдний далд санаархал тас цохигдсон ч, “газрыг гадаадынханд хугацаатай, төлбөртэйгээр эзэмшүүлж, ашиглуулна” гэдэг заалт орсон билээ. Үүнийг бид эсэргүүцээд хүч хүрээгүй билээ. Нөгөө талаас зах зээлийн эдийн засагт шилжсэн гэх үед гадаадын хөрөнгө оруулалтыг огт үгүйсгэж болохгүй байсан юм.
Нэгэнт зах зээлийн эдийн засагт шилжсэн гэх тул, эл заалтыг үндэслэн гадаадын иргэд, пүүс, компани хөрөнгө оруулалт хийх, бас бус зорилгоор Монголын газар нутгаас 60 жилийн хугацаатай түрээслэх, цаашилбал 40 жилээр сунгаж болох заалт өөр хуулинд орсон юм. Ер нь газрыг гадаадынханд урт хугацаагаар эзэмшүүлж ашиглуулах, түрээслүүлэх нь өндөр хөгжилтэй, хүн ам ихтэй, томоохон улс гүрнгүүдийн хэрэг болохоос бус, манайх шиг бага буурай орны явдал биш гэдэг нь олон жишгээс харагдана.
Хятад шиг тэрбум хүнтэй аугаа их гүрэн 99 жилээр Англид түрээслүүлсэн Хон-конгийг буцааж авах гэж хичнээн явдал болов доо?… өргөн уудам нутагтай, хүн ам нь даан ч цөөхөн манай улс, газар нутгийнхаа бүх хэсэгт хяналт тогтоох ямар ч боломжгүй билээ. Хоёр сая монголчууд 100 жилээр эзэмшүүлэхээр харьд өгсөн газраа том гүрнүүдээс буцааж авах баталгаа байна уу? Газраа хувьд авсан хүн түүнийгээ хэн панзалж, хэнд түрээсэлж, яаж арилжиж, хэрхэн ухуулж, төнхүүлж байгааг төр, ард түмэн хянах ямар ч боломж алга. Хянадаг хүн байлаа ч, түүнийг худалдаж авах мөн ч амархан шүү дээ.
Дор хаяхад 20 сая хүн амтай, цаашилбэл 100, түүнээс дээш сая хүн амтай улс орон л гадаадынханд газраа түрээслүүлдэг болохоос манайх шиг жижиг улс ийм алхам хийсэн дэлхийн жишиг алга.
Өнөөдөр бид газраа гадаадынханд 60+40=100 жилээр түрээслүүлье?
Өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бусад ихэс дээдэс, Улсын Их Хурлын гишүүдээс 100 жилийн дараа амьд байх хүн бий юу? …Тэр үед дэлхийн явдал, хүчний харьцаа хаашаа эргэж, яаж ч хувирах билээ? Хэн мэднэ?
Учир иймд “надаас хойш галав юүлсэн ч хамаагүй” гэх сэтгэлээр эх орондоо ханддаг хүмүүс, өөрийн өчүүхэн биеийг далайн хөөс, өөрийн өчүүхэн санааг зэрэглээ гэж бодож явалтай.
Би, Монгол Улс газраа гадаадынханд огт түрээслүүлж, эзэмшүүлж, ашиглуулж болохгүй гэж буй юм биш ээ. Гагцхүү нөхцөл байдал, цаг хугацаа, орон зай, бусад сөрөг нөлөөллийг сайтар тооцож, хүн ам маань 20 саяас доошгүй, улс орон маань ядахдаа өмнөд Солонгосын түвшинд хүрсэн цагт төр маань өөрөө, төлбөртэй эзэмшүүлж, ашиглуулж болох юм гэж үздэг.
Харин газрын гадаадынханд худалдах, өмчлүүлэх, барьцаанд өгөх, бэлгэнд өгөх, арилжих тухай ярьсан хүнийг бол үеийн үед хэлийг нь огтолж, бодсон хүний толгой нь авах болтугай. Тийм төм өр нүүртэй төр ирэх болтугай.

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

газар бол бүх эрд түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтанд байх ёстой 1990 онд АНУ-н төрийн нарийн бичгийн дарга асан бейкер ирээд танайх ямар азаар газраа хувьчлаагүй юм бэ? манайх газар хувьчилснаах хот бүхэн хятад хороололтой болсон гэж муу туршлага алдаагаа сануулсаар байхад манай шунахай эрх мэдэлтэнүүд улайран газар хувьчлалыг хийж хот маань хятад хороололтой болох төхөөд байна

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах