Газрын төлөө жинхэнэ тулалдаан эхэллээ! О.Дашбалбар.Хөх тэнгэр сонин 1997 он 4-р хэсэ

ӨНӨӨГИЙН ХОРЛОЛТ БАНДИ НАР “Хаанаас зааж өгөөгүй нутагт хэн ч зоргоороо нутаглаж үл чадмуй. Хаан бээр хан хөвгүүдэд, хан хөвгүүд түмний ноёдод, түмний ноёд мянганы ноёдод, мянганы ноёд зууны ноёдод нутаглах нутгийг тус тус, дам дамаа дэслэн зааж өгмүй” /Плано Карпини/ 1994, 1995 онд МСДН-ын нэгэн удирдагч, иргэн Ламжав гэгч “Газрын тухай хууль болон Иргэний хууль нь Үндсэн хууль зөрчиж байна” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд зарга үүсгэж, газрыг өмчид өгүүлэх гэж сүрхий заалдсан ч, түүний өргөдлийг цэц хянан үзээд “Үндсэн хууль зөрчөөгүй” гэж шийдсэн юм. Газрын хувьд өмчлөх явдлыг ардын хувьсгал ялж, 1921 онд устгасан мэт түүхийг гуйвуулсныг миний бие Хүннүгийн үеийн түүхээр, мэргэдийн судалгаанд тулгуурлан няцаасан бол одоо “Халх товчоон”-д түүнчлэн, олон эрдэмтэн судлаачдын санал, онолд тулгуурлан, хүн төрөлхтний анхаарлыг үеийн үед татаж ирсэн, одоо ч маргаан тасраагүй байгаа, тэр дундаа монголчуудын хувьд хоолойд тээглэсэн яс болоод байгаа “газар, түүнийг өмчлөх эсэх асуудалд, ард түмнийхээ анхаарлыг хандуулахын тулд” монгол нутагт төр бий болсон үеэс хойшхи түүхийн уудам их орон зай, цаг хугацаанд хандмуу. Ламжавтангууд газрыг зөвхөн үйлдвэрийн хэрэгсэл төдийд авч үздэг бол бид газрыг эх орон гэдэг өргөн утгаөар нь ойлгож, тусгаар тогтнол гэдэг хэмжүүрээр нь үнэлж, Монголын бүхий л түүх, нүүдлийн соёл иргэншлийн одоо ч үргэлжилсээр буй онцлог, Монгол үндэстэн орших уу, эс орших уу?… гэдэг язгуур асуудлаар нь авч үзэж байна. “Төв Ази, Монгол нутаг нь хүн төрөлхтний анхны эх орон, гал голомтын нэг бөгөөд чулуу, хүрэл зэвсэгтэн өвөг дээдсийн үед овгийн хүй нэгдэл ноёрхож, үйлдвэрлэлийн багаж зэвсэг, бүтээгдэхүүнийг хамтран ашиглаж хэрэглэж байсан учир тэр цагт газар өмчлөх, эзэмших ёсны ул мөр ч үүсээгүй, зөвхөн нийтээрээ тэгш эдэлбэрлэж байжээ. Төмөр зэвсгийн үеэс эхлэн хувийн өмч хөгжсөнөөс хойш газар, түүний баялгийг өмчлөх ёсон үүсэн гарсан боловч К.Марксын хэлснээр дорно дахины улс гүрэнд газар улсын өмчинд байжээ. Иймээс Монголын эртний өвгөч улс Хүннү зэрэгт газрын хувийн өмч буй болж чадаагүй байв… /”Халх товчоон” II дэвтэр 234-р хуудас/. *** *** *** Гэвч овгийн байгуулал бүрмөсөн задарч, феодализм бүрэлдэн тогтсон нөхцөлд газар нь феодалын улс буюу хаадын өмч /хэрэг дээрээ хааны өмч бус, төрийн өмч! Учир нь “хаан өөрөө төр” байсан юм О.Д/ болон хувирчээ. “Газар бол улсын үндэс” гэсэн ойлголт Хүннүгийн үеэс Чингисийн үе хүртэл “алтан гэрээс” болон он цагийг нэвтлэн ниссээр… Эрдэмтэн Д.Гонгорын үзсэнээр Монголчуудын газар өмчийн эрх, эзэмшил, эдэлбэрийн бүх явцыг “нутаг”, “нүүдэл” гэсэн хоёрхон үгээр тайлбарлаж болох юм. Нутаг хэмээх нь газар шороо, нүүдэл хэмээх нь газрыг ашиглах арга хэлбэр аж. Монголын их төр байгуулагдахын өмнө овог, аймаг бүхэн тодорхой хэмжээний газар нутгийг эзэмшиж, түүнийхээ хүрээ хязгаарт амьдарч явсан тул, тэр цагт газрын эзэн өмчлөгч нь овог, аймаг, ханлиг байжээ. XI-XIII зуун буюу түүнээс өмнө ч Монголын энэ тэр овог аймаг, хүрээ айлын харьцангуй тогтвортой оршин сууж асан тодорхой хэмжээний заагт газар дэвсгэр буюу бүр тодотгож хэлбэл өтөг бууцыг “нутаг” гэж нэрлэдэг байжээ. Чингэхүл одоо манай үе хүртэл уламжлан ирсэн энэ тэр нутаг-өтөг бууц овог аймгийн хүй элгэнээрээ шүтэлцэн суудаг байжээ. Иймээс анхны өтөг бууц нь овог аймгийн мэдлийн нутаг болно. Нүүдлийн мал аж ахуйн өвөрмөц онцлогоос болж аливаа нэгэн овог аймаг суурьшилтай нэгэн нутаг-өтөг бууцанд жилийн дөрвөн улиралд байнга нутаглан суух бололцоо даанч үгүй нь мэдээж билээ. Иймээс тодорхой хэмжээний дэвсгэр газарт бэлчээрийн аяс харгалзан нүүдэллэх нь зайлшгүй учир “нутаг” хэмээх ойлголтонд бэлчээр хамаарагдах нь зайлшгүй болно. XIII зууны эхэнд Феодалын нэгдсэн төвлөрсөн улс байгуулагдсанаар нутгийн ойлголтыг үндсэнд нь өөрчилжээ. …Хамаг Монгол, Тайчууд, Хэрэйд, Найман, Татар зэрэг аймгийн холбоо-улс ханлиг бүхэн тус тусын хувь эзэмшил /өмч бус О.Д/ нутагтай байж, дор бүрнээ түүнийхээ эзэн /өмчлөгч бус/ болж явсан нь язгуураар өөрчлөгдөж “Монгол орон”, “Монгол нутаг” хэмээх өргөн ойлголт буй болжээ. Уул ойлголтод өмнө зүг түмэн газрын цагаан хэрэмнээс хойш Байгаль нуур, Баргужин төхум, зүүн зүг Хянганы нуруунаас баруун тийш Алтайн уулыг давтлах өргөн уудам газар орон ухагдах болжээ. Ийнхүү асар өргөн ойлголт буй болсноор түүнээс өмнө “нутаг” хэмээн овог аймаг буюу сайндаа феодалын түрүү үеийн улс, Ханлигийн цар хэмжээгээр хэлэлцэж байсныг нийт монгол орны дэвсгэр газрын цар хүрээгээр хэлэлцэх болгож, нутгийн шинэ тогтолцоо үүсэв… Нэгэн нэгдмэл ерөнхийлөн захирагч-дээд эзэн хаан гарч ирэв… Энэ нь овог аймгийн газар нутгийн өмчийн ойлголтыг феодалын улс буюу эзэн хааны бүрэн эрх хэмжээнд аваачин /эзэн хаан нь өөрөө төр болно. О.Д/ өргөтгөж тохсон нь болой. Чингэснээр газар нутгийн өмчлөл, эзэмшлийн үндсэн гол гурван хэлбэр буй болсон нь: а/ түмэт, мянгат буюу шууд хэлбэл тэдгээр ноёдын захирамж нутаг, б/ хаан ба түүний алтан ургийн өмч нутаг, в/ талын язгууртны дархан нутаг, эдгээр болно. / жич: энд би “Халх товчоон” зохиогчтой өчүүхэн маргаж буй бөгөөд хаан ба түүний алтан ургийн өмч нутаг гэдэг нь Модун Шаньюйн үеийнхтэй адил мөн л их хааны эзэмшил болой. Учир нь их хаан өөрөө нэгэнт төр учир бүх газраа мэдэж, хуваарилж, захирч байсан юм. Нөгөө талаас гэвэл “Халх товчоо” зохиогчийн ч зөв юм. Хаан болон алтан ургийнхан нь Монголын “Төр” байсан учир газар нь хэн нэгэн хүний хувийн өмч бус төрийн өмч /хаан болон алтан ураг нь төр мөн гэдгийг давтан хэлье. О.Д/ болой. 1206 онд Монгол улс байгуулагдсаны дараа Чингис хаан бүх Монгол улсыг гол, зүүн, баруун жигүүрт хувааснаар Монгол улсыг гол, зүүн, баруун жигүүрт хувааснаар Монгол нутаг мөн эл гурван хэсэгт хуваагдаж, тэдгээрийг “түмэн” гэж нэрлэж, өөрийн итгэлт шадар нөхдөөр төлөөлүүлэн захируулжээ…/ Түмтийн ноёдын нутаг-газар бол тэдний өмч биш, хэрэг дээрээ хааны буюу улсын өмч, түмтийн ноёдод хаанаас олгосон эзэмшил газар юм/. XIII зууны эхэнд бүх улсын иргэдийг аравтын тогтолцоотой болгон байгуулсны дотор газар нутгийн хуваарийн хамгийн гол нь мянгатууд байлаа. Мянгатыг зохион байгуулсан нь ураг төрлийн шүтэлцээ барилдлагаанд тулгуурласан овог аймгийн хуучин байгууллыг халж, газар нутгийн хуваарьт түшиглэсэн шинэ харъяаллыг буй болгов… Мянгатууд нь гол төлөв овог аймгийн үеийнхээ хуучин нутагт улиран сууж байсан бөгөөд хааяа заримд нь нутаг улиран сууж байсан бөгөөд хааяа заримд нь нутаг олгож байршуулах шаардлага гарсныг тэр тухайд нь гүйцэтгэсэн бөгөөд харин бүх мянгатын нутаг усыг батлан тогтоож, нийтээр журамлах ажлыг Өгөөдэй хааны /1228-1241/ үед гүйцэтгэжээ… “Улс иргэнд нутаг ус хувааж өгөх”, “мянгат мянгатаас нутагчин томилон гаргах” –аар дурдсан хоёр зүйл бүхий заалт буйгаас үзэхэд мянгат тус бүр дээс-хил, зааг бүхий өмч эзэмшил нутагтай /нэг хүний бус, мянгатын өмч эзэмшил. О.Д/ болсон нь тодорхой ажээ… Академич Ш.Нацагдорж “Мянгатын ноёдын олонхи юуны урд цэргийн дарга нар, Засаг захиргааны түшмэлүүд бөгөөд харьяат мянганы монгол иргэдийг хувь хамжлага болгох эрх тэдэнд байгаагүй…”/ үүнтэй 100 хувь санал нэг байна. Мянгатын газар болоод ирнэд нь хэрэг дээрээ төрийн буюу их эзэн хааны мэдлийнх бөгөөд зааж өгсөн газрыг мянгатын ноёд их хааны зарлигаар эзэмшиж, оноож өгсөн иргэдээ их хааны зарлигаар удирдаж байсан. Газрын захиран зарцуулах эрх мянгатын ноёдод байгаагүй. Харин зохицуулан эзэмшиж, харьяат иргэдэд хуваарилах, нутаг заах оноох эрх байсан бололтой.О.Д./ * * * * * * * Мянгатын ноёдын дотроос гагцхүү Хорчи, Сорхон шира хоёрхон хүнийг тусгайлан цохон ялгаж, тэднийг ургийн урагт есөн үе хүртэл нутаг өмчлөх онцгой эрхийг олгосон бөгөөд түүнийг “нутаг дархлахуй” гэж нэрлэсэн байна. Үүнээс үзэхэд мянгатын бусад олон ноёд Хорчи, Сорхон шира хоёрын адил “өмч нутаг” үгүй байсан уу гэвэл харин тийм бус, тус тусын мянган нь өөрийн нутагтай байжээ. /Ноён нь бус мянган нь өөрийн нутагтай. О.Д/ Сорхон-шира, Хорчи хоёрт зориуд нутаг олгосны учир гэвэл Сорханы-шира нь бусдын гэрийн хүн” Хорчи нь баарин аймгийн нэг бага шиг язгууртан учир тэдэнд язгуурын өмч иргэн, нутаг газар байгаагүй юм. Харин тэд улс байгуулахад хүчин зүтгэсний хувьд хаанаас мянганы ноён болгож нутаг соёрхохыг гуйсан юм. /жич: газрыг хувьд өмчлүүлэхээр зүтгэгчид Монголын эртний түүхээс ганцхан энэ л хэсгийг иш татаж, Чингис газрыг хувьд өмчлүүлж байсан мэт түүх гуйвуулан гүжирдэх нь даанч харамсалтай. Тэдэнд энэнээс өөр иш татах юм олддоггүй билээ. Гэтэл хэрэг дээрээ эзэн Чингис маань Хорчи, Сорхан-шира хоёрт “нутаг дархалсан” болохоос бус өмчлүүлээгүй гэдгийг “Монголын нууц товчоо” тов тодорхой өгүүлээд байнашүү дээ. “Нутаг дархлана” гэдэг нь өмчлүүлнэ гэсэн үг биш, одооныхоор бол их удаан хугацаагаар, жишээлбэл Хон Конгийг хятад 99 жилээр Англид түрээслүүлсэнтэй л адил юм. Ялгаа нь түрээслүүлээгүй “нутаг дархлан” эзэмшүүлсэн нь түүхэн баримтаас харагдаж байна. Учир юун гэвэл “ургийн урагт есөн үе хүртэл нутаг өмчлөх” гээд хугацаа заачихсан байгаа юм. Энэ нь 99 жил түрээслүүллээ гэдэг шиг, 9 үед нь “нутаг дархлан” эзэмшүүлсэн хэрэг мөн. Хэрэв өмчлүүлсэн бол хугацаа заахгүй. Иймд эзэн хаан нь мянгатын ноёдод газар нутаг өгөх, авах, заах, хугацаатай эзэмшүүлэх, хугацаатай дархлах эрхийг зөвхөн өөртөө /төрд/ үлдээжээ гэх үндэслэл байна. Сорхан-шира, Хорчи хоёрт өмчлүүлээгүй учраас “9 үед нь” гэж зориуд цохон зааж, газар нутгийг уг хугацаанд дархан эзэмших эрх олгожээ. Энэ нь одоогийн монголын иргэн газрын тухай хуулиар 60 жилийн хугацаатай /төр нь гэрээгээр иргэндээ газар эзэмшүүлэх/ газар эзэмшиж, сунгах хугацаа нь 40 жил байх, энэ эрхээ өв залгамжлуулах эрхтэй гэдгээс ялгал үгүй билээ. Өөрөөр хэлбэл их хааны үед газрыг өмчлүүлдэггүй, харин эзэмшүүлж, ашиглуулдаг байжээ. О.Д./ Сорхон-Шира, Хорчи хоёроос гадна Чингис хаан Хонгирад овгийн Дай сэцэнд Хамар өндөр, Дэл нуур, Тэмээн хээр зэрэг нутгийг дархлан олгожээ. * * * * * * Нүүдлийн малчид суурьшмал газар тариалангийн орны тариачид луга адил шууд газар шороотой бус, мал сүрэгтэйгээ эхлэн харьцаж, түүгээр дамжуулан бэлчээр нутгийг дам ашиглаж боловсруулах онцлогтой болой. Хэрэв суурьшмал газар тариалангийн оронд болохул тариачдаас газрыг салган авбаас тэд хаа ч хөдөлж чадахгүйгээр үл барам амьдралын уг сурвалжаа алдах, харин нүүдэлчин малчин нь ихээхэн өвөрмөц, аль чөлөөт газар руу малаа тууж нүүдэллэн одох бололцоотой ба үнэхээр ч тэгсэн удаа оло буй. Иймээс Монголын эзэд хаад нь газар нутгийг шууд заан зурж тогтоох албагүй, харин албат иргэдийг бөхлөн хадаж, харьяалан дансалж авах нь эн тэргүүнээ чухал байжаа. Чухамхүү чингэснээр тэдний боддогоор газар нутаг нь үнэхээр аяндаа шийдвэрлэгддэг байжээ. “…Малчин улсад газар дэлхий,байгалийн шим бүтээгдэхүүн,жишээлбэл хонь өмчлөх нь хонин сүргийн нааш цааш явах нутаг нугын хамтаар өмчлөх зүйл болно”гэж Карл Маркс заажээ. /К.Маркс. Формы предшествующие капиталистическому приозводству. К.Маркс, Ф.Энгельс соч. Т.46, Ч.1.480/ Манай тулгар бичигт Чингис хаан өөрөө мэдэж хэсэг бусаг нутгийг энэ тэр шадар нөхөддөө зориулан олгосноос өөр түүнийг залгамжлагчид тухайлбал Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай зэрэг хаадаас Чингисийн адил бусдад нутаг дархлан олгосон тухай товтой мэдээ баримт бараг үгүй шахам юм. Энэ нь газар нутгийг аль нэгэн феодал эзний хувьд таслан олгож, олон жижиг хэрчээс болгох нь нэг талаар феодалын төвлөрсөн улсын оршин тогтнох ба түүний эдийн засгийн бодлогод таацахгүйгээр үл барам, эзэн хааны хувийн эрх ашгийг ч хөндөн харшлах, нөгөө талаар нүүдлийн мал аж ахуйн онцлог нөхцөлд газар нутгийг олон жижиг хэрчээс дов болгох нь үнэхээр тохиромжгүй байжээ. Ийм учраас алтан ургийн бус, язгууртан этгээдэд нутаг дархлан олгох явдал цаашид дэлгэрэл олсонгүй агсаар Юань улсаас хойш бүрмөсөн улиран орхигджээ. Харин феодалын бутралын үе, тухайлбал Батмөнх даян сэцэн хааны зарлигт гавьяа бүхий төр, цэргийн зарим зүтгэлтэнд олгосон дархан эрхийн дотор их нутагт бүр хожим Манжийн ноёрхлын үед халхын сэцэн хааны нэгэн жуух бичигт мөн чингэж дурдсан нь үнэнийг хэлэхүл нутаг дархлан олгосон нь огтхон ч бус, гагцхүү тухайн феодалын эзэмшил нутгийн гортиг хүрээнд хилийн дотор баахан чөлөөтэй нутаглахыг заасан төдий зүйл болно. /жичж газар нутгийг бусдад өмчлүүлэн “олон жижиг хэрчээс” болгох нь төвлөрсөн төр улсын оршин тогтнох ба эдийн засгийн бодлогод нь үл нийцэх, тэр ч байтугай төрийн өөрийн нь эрх ашигт харшлах, ялангуяа нүүдлийн мал аж ахуйн онцлог нөхцөлд бүр ч аюултайг өнө эртнээс өвөг дээдэс маань мэдэж, газрын асуудалд тун болгоомжтой хандсаар хэдэн зууныг элээсэн атал, өнөөгийн хорлонт барьд нар төрийн хүчийг мохоож, түмний сэтгэлийг сарниулах аюулт бодлогоо эхэлсэн нь юутай гаслантай О.Д/. Эх орон газар шороо минь хот айлаас эхэлдэг “Эх оронч үзэл бол олон зуун мянган жилийн турш тус тусдаа эх нутаг эзэмшиж ирсний улмаас олон үе дамжин бэхэжсэн хамгийн гүнзгий сэтгэгдлийн нэг юм”. В.И.Ленин -Манжийн түрэмгийлэгчид XYII зууны үеэс эхлэн Халхын нутагт үлэмжхэн цэрэг оруулж, Халх, Ойрадыг цувруулан эзэлж авсны дараа… нутгийн хуваарилалт, байдлыг үзэхүл нэгд Манж улс буюу эзэн хааны тухайлсан өмч нутаг, хоёрт, засаг, ноёд, түүний дагалдагсад, хүрээ хийд, хутагт хувилгаадын эзэмшил нутаг, гуравт, ард олны нийтийн эдэлгээний нутаг гэж гурван хэсэгт хуваан үзэж байжээ. -“Манжийн хаан засаг ноёнд хошуу нутаг олгож, түүнийг үе улиран ерөнхийлөн эзэмших эрх олгосон юм. Иймээс хошууны газар дэвсгэр нь засаг ноёнд олгосон хуваарьт газар мөн” /Ш.Нацагдорж “Халхын түүх” УБ. 1963.131/ -1877 онд Сайн ноён аймгийн Үржинжав засгийн тамгын газраас чуулган даргад явуулсан нэгэн бичигтээ: “нутгийн доторхи өвс усыг гагцхүү уул газар орны эзэн харьяат эрхлэн шийтгэхээс өөр хүнд огтхон ч мэдэл чадалгүй” гэжээ. /УТТА. Бадаргуулт төрийн гуравдугаар оны Сайн ноён аймгийн Үржинжав Засгийн хошууны хуулга данс/ -дээр дурдсан зүйлийг хураангуйлан үевэл Монголд “Манжийн эзэн хааны газрын өмчийн дархан эрх ноёрхож, үндэсний феодал ангийн язгууртнууд тус тусын хувийн өмч газар байгаагүй буюу байлаа гэхэд тун хязгаарлагдмал, харин эзэмшлийн бүрэн эрхтэй байжээ. -Манж улсын албан залгуулах зурагт өмч нутаг, засаг ноёд болон түүний шадарлагчдын эзэмшил нутгийг гаргаад хошууны нутгийн үлдсэн хэсгийг нийт ардын эдэлгээнд өгдөг байжээ. -Энэ үед хот айл бол газар нутаг эдэлбэрлэх үндсэн нэгж болж “боолын толгойг ноён мэднэ. Богийн толгойг боол мэднэ, хаяа багтвал бууна, хамар багтвал иднэ” гэсэн бичигдээгүй хууль үйлчилж, “гэрийн бууриар бус, гишгэдэг малаар нь” гэх зарчим баримтлан, монголчууд газрыг /бэлчээрийг/ эзэмшиж байсан нь газар нутаг ашиглалтын анхан шатны үр хөврөл болно. Хот айлын нутаг нь бууц өтөг өвөлжөө, бэлчээр, ус гэсэн хоёр хэсгээс бүрдэж, хот айл нь нэгэн өтөг бууцанд амьдарч буй хэд хэдэн өрхийн нэгдэл, хамтын амьдрал болдог байжээ. -Хот айл бол маллагааны ажлын явцад мал аж ахуйг хөтлөх шалгарсан арга, газар нутгийг эдэлбэрлэх үндсэн хэлбэр гэж үзэж болно. Хот айл жилийн дөрвөн улирлын аль ч үед ямар нэгэн байдлаар нутгийн зохион байгуулалтаа хадгалж байна. Хот айлын гол шинж нь газар нутгийн харьяалал учир бөөн бөлгөөрөө нүүдэллэн бууна. Хот айлын эдэлбэр нутаг “хот”, “бэлчээр” гэсэн үндсэн хэлбэрээс бүтнэ. Хот айлын төв буюу татах цэг нь тухайн буйр, бууц, өвөлжөө болно. Үүнийг л чухамдаа “хот” гэж нэрлэнэ. Ийнхүү эх орон, газар шороо минь хот айлаасаа эхэлдэг, тэгээд ч “айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж ухаант өвгөд маань эв нэгдэл, тусгаар тогтнолоо дээдэлж явав. -Газрыг бэлчээр болгон ашиглах явдал бол суурьшмал газар тариалангийн буюу анчин гөрөөчин, загасчин, аймаг, угсаатанд мэдээжээр эдийн засгийн шаардлагагүй бөгөөд тийм ч учраас тэдгээр оронд бэлчээрийн тухай ойлголт байхгүй, гэтэл газрыг бэлчээр болгон ашиглах нь нүүдэлчин аймаг, угсаатан бүрийн амьдралын хэрэгцээний үндэс, нүүдлийн мал аж ахуйг өсгөн хөгжүүлэхтэй нягт уялджээ. /бүх баримтыг “Халх товчоон”-оос авав. Хаалтан доторх тайлбарыг өөрөө хийв. О.Д/ Ясаа ч тавих газаргүй болох вий Дээрхээс үзэхэд бэлчээрийн мал аж ахуй нь одоо үед ч улсынхаа эдийн засгийн гол тулгуур болж буй манай оронд газрыг хувьчлах тухай ярих нь улс орноо хөмөрсөн тогтоо мэт доош харуулж, нүүдлийн соёл иргэншлийг хүчээр баруунжуулж, хамаг байгалиа сүйд хийж, хамаг баялгаа тонох гэсэн шинэ хөрөнгөтнүүдийн хөнөөлт бодлого юм” …Ангийн эрх ашгийг нь хөндсөн хэрэг тохиолдоход хөрөнгөтнүүд эх орноосоо ч урваж, ард түмнийхээ эсрэг харийн ямар ч этгээдтэй хуйвалддаг” гэж В.И.Лениний хэлсэн үг өөрийн эрхгүй бодогдоно. Шинэ хөрөнгөтнүүдийн нүдэнд урт урт төмөр зам, зай завсаргүй хот тосгон, үй түмэн машин тэрэг, өндөр өндөр байшин, нефть, уурхай, алт, нүүрс, гадаадынхан харагдахаас бус, онгон зэлүүд байгаль зээр гөрөөс, нуга хөндий, хот айл, мал сүрэг, хадлан иариа ер буухгүй байна. Хонины арьс нь хониноосоо үнэтэй болох дөхөж буй өнөө үед буянт малын хишиг арилж, буурал дээдсийн сургаал орхигдож, нүүдэлчин ард түмэн маань тариачин олон түмэн болж, малын бэлчээр нь улам хомсдож, улс орон хотжин, эцэс сүүлдээ монгол хүн ясаа ч тавих газаргүй болох вий дээ?!...” “Энэ дэлхийн хаа ч сайхан Эх орондоо бол бүр ч сайхан…” гэж улс түмэн хэлэлцдэг бол өдгөө цагийн цөөн бус монгол хүн “өөрийгөө монгол” гэж хэлэхээс ичиж, Монголынхоо хоцрогдсон доройтсоныг гайхаж, эх орондоо байх нь бүр ч муухай, энэ дэлхийн бол хаа ч явсан яахав гэх нь холгүй байна. “Нуган үрээ өсгөж, нутаг усаа сахиулдаг” сайхан ёсон арилж, нуган, үр нь нутаг усаа орхиж, харьд тэмцэн одох нь элбэгшив. “Толгойдоо малгай тааруулахаас биш, малгайнд толгойг тааруулахгүй гэдэг. Монгол ухаан, монгол тогтолцоо, монгол хүн, монгол түүх соёлдоо бүх юмыг зохицуулахаас биш, Монголыг Орос, Япон, Америк болгох гэж оролдоод хэрэг байхгүй! …засаг төр ч ялгаагүй. Нэг англи, франц юм олж үзчихээд тэр франц, тэр английг дагая гээд өдөр шөнөгүй яриад байдаг… …өнөөдөр Сан-Паула хот 22 сая, Токио 14 сая, Сөүл 12 сая хүн амтай… Манай хоёр сая хүн Мехико юмуу, Сан Паула хотын нэг гудамжинд багтчихна. Хотын засаг даргаас нэг бүхэл бүтэн улс дор байгаад байхдаа яахав дээ…” Ардчиллын алтан хараацайнуудын нэг Г.Бошигт 1995.9.1-10-ны “Ил товчоо” сонины ¹ 25 /155/ дугаарт ярилцлага өгөхдөө ийн халагласан. Монголчууд бүх түүхэндээ газар өмчлүүлж байсангүй. “Ер нь монголыг монголоор нь хөх тэнгэр, газар шороо, мал, малчин хоёр нь авч хоцорсон юм шүү гэдгийг түүх аяндаа гэрчилнэ” гэж доктор Ч.Далай хэлж байна. Бид Хүннү хийгээд Чингисийн үеийн, бас Манжийн ноёрхлын үеийн Монголын түүхийг авч үзсэн, газрыг хувь иргэдэд өмчлүүлсэн баримт алга. Харин эзэмшүүлсэн баримт бол байна. Газрыг хувь хүнд өмчлүүлснийг нотлох баримт Монголын мянга мянган жилийн буурал түүхэнд алга! Одоо сүүлийн 75 жил буюу ардын засгийн мөн ардчилсан төрийн тогтсон гэх одоо үеийн баримтуудыг үзье! -Газрыг хувийн өмч болгохыг устгасан тухай Ардын Түр засгийн газрын тогтоол 1921 оны 5 сарын 21-нд гарчээ. Үүнд: “Монгол ардын үндсэн хөрөнгө болох газрыг энгийн хүмүүст хувь хязгааргүй хэрэглүүлэх явдлыг устгавал зохино” хэмээжээ. -1924 оны 11 сарын 26-нд Улсын анхдугаар их хурлаар батлагдсан БНМАУ-ын хязгаарын дотор бүхий газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн баялгууд бол эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан сургаал нь ч чухам одоогийн ард улсын ёсонд нийлэлдэх тул энэхүү хөрөнгө бүрнээ ардын мэдэлд байвал зрхих бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж үл болно…” гэжээ. 1940 оны 6 сарын 30-нд Улсын ҮIII их хурлаар батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуулийн тавдугаар зүйлд: “бүх газар шороо ба түүний хөрсөн доторхи зүйлүүд, ой мод, ус ба тэдгээрийн баялаг, фабрик, завод, төмөрлөгийн уурхай, алт боловсруулах явдал, төмөр, авто тээврийн зам, усан ба агаарын тээвэр, холбоо харилцааны хэрэгсэл банк, машинаар өвс хадах станц, улсын аж ахуйнууд нь улсын өмч буюу ард нийтийн хөрөнгө мөн болно”…Найдугаар зүйлд: “Газар бол улсын өмч буюу нийт ардын хөрөнгө болох тул ард иргэн ба хөдөлмөрчдийн сайн дурын нэгдлүүдэд бэлчээр буюу тариалангийн гэзрыг төлбөргүйгээр олгоно” гэж заажээ. -1960 онд нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуулийн аравдугаар зүйлд: “Бүх газар, түүний хөрсөн доторх баялаг,ой мод, гол ус, тэдгээрийн баялаг, улсын фабрик, завод, уурхай, цахилгаан станц, төмөр зам, автомашин, усан ба агаарын тээвэр, засмал зам, холбооны хэрэгсэл, банк, улсын хөдөө аж ахуйн үйлдвэрийн газар /Сангийн аж ахуй, мал аж ахуйн машинт станц зэрэг/, улсын нийгэм ахуйн газар, хот суурин, газрын орон сууцны улсын үндсэн фонд, улсын үйлдвэрийн түүхий эд материал, бүтээгдэхүүн, улсын худалдаа бэлтгэлийн ба соёл шинжлэх ухааны газрууд, мөн улсын бүх байгууллагын эд хөрөнгө энэ бүхэн бол улсын өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө юм”гэж заажээ /ийнхүү ардын засгийн 70 жилд газар тувт улс болон ард нийтийн өмч байсан болохоос хувийн өмч байгаагүй юм. Ардын засаг нь газрын тухайд өвөг монголчуудаас үе дамжсан эртний их төрийн бодлогыг алдсангүй. Хэрвээ нарийн ажиглавал Үндсэн хуулиас Үндсэн хуулинд нэр томъёо олширч, улс орны амьдралд гарсан хөгжил дэвшил тусгагдсаар байсан нь харагдана. Анхдугаар Үндсэн хуулинд цахилгаан станц, төмөр зам, авто машин, усан ба агаарын тээвэр, засмал зам, Сангийн аж ахуй, хот суурин газрын орон сууцны улсын үндсэн фонд зэрэг ойлголт, хэллэг огт үгүй нь тэр цагт энэ тухай зүүдлээ ч үгүй биз. О.Д/ -1991-1992 онд 76 хоног хуралдсан АИХ-н чуулган шинэ Үндсэн хуулийг батлав. үүнд: “Монгол Улсад газар, түүний хэвлий, ус, ой, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна”, “Ус, ой, ан амьтан, байгалийн баялаг бол төрийн өмч мөн”, “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсыэ тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй” гэх зэрэг хэд хэдэн заалт газартай холбогдон батлагдав. Чухамдаа бидний өнөөдрийн гол маргааны үүтгэл нь “…газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болго” гэдгээс эхэлж, үүнээс болон “газрыг өмчлүүлнэ, өмчлүүлэхгүй” гэж мэтгэлцсээр буй юм. Үндсэн хуулийн цэцэд иргэн Ламжаваас ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон туршлагатай хуульч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж, эрдэмтэн С.Нямзагд нар: “…зарим хүн, тухайлбал, иргэн Ламжав дээрх заалтыг тайлбарлахдаа, “Иргэнд газар өмчлүүлэхийг хоёрдмол санаагүй шийдвэрлэсэн” гэснийг зөвшөөрөх боломжгүй. Үндсэн хуульд “…газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ” гээгүй, харин “…өмчлүүлж болно” гэсэн шүү дээ. Энэ хоёр үг утга, агуулгаараа ихээхэн ялгаатайг мартаж болохгүй. Хууль, ялангуяа Үндсэн хуулийн заалт, үг, үсэг болгон тодорхой утга санааг илэрхийлэх тул, тэдгээрийг хэн нэгэн дураар тайлбарлаж, өөрийн бодлоор зүтгэх нь утгагүй бөгөөд ялангуяа Үндсэн хуулийн маань тайлбар албан ёсоор гараагүй үед бүр ч аюултай. Үндсэн хуулийн дээрх заалтаас үзэхэд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхийг хориглоогүй бөгөөд энэ асуудлыг нээлттэй үлдээж, харин цаг хугацааны хүчин зүйл, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал, нийтлэг эрх ашиг, ард түмнийхээ санал бодлыг харгалзан төр, хууль тогтоох байгууллага шийдвэрлэх эрхтэй юм… “Газрын тухай хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийг батлан гаргасан юм. Эдгээр хуулийг баталснаараа нэг талаас улс орны болон хүмүүсийн амьдрал, эх үндэс, нөгөө талаар үйлдвэрлэлийн язгуур эх болж байдаг газрын харилцааг зохицуулах эрх зүйн үндэс бий болж, энэ хуулиудад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон үүнтэй холбогдсон бусад харилцааг хуулиар зохицуулж өглөө. Харин “Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн төслийг энэ удаа Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцээгүй нь газрын гол гол харилцаа дээрхи хуулиудад үндсэндээ тодорхойлогдсон, газрыг өмчлүүлэх, нийгэм сэтгэл зүйн бэлтгэл манай оронд хараахан бүрэлдээгүй, нөгөө талаар олон түмний санаа бодлыг үндэс болгож, УИХ-ын чуулган энэ асуудлыг хойшлуулсан нь зүй зохистой шийдвэр болсон гэж үзэж байна. …Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “…газрыг зөвхөн Монгол Улсын иргэдэд өмчлүүлж болно” гэж заасны дагуу /өмчлүүлж болно гэдэг нь агуулгаараа өмчлүүлж ч болох, өмчлүүлэхгүйч байж болох /манай улсад нээлттэй үлдэж байгаа юм. ИРгэний хуулийн 100 дугаар зүйлийн 4-р заалт ч Монгол улсын иргэнд газар өмчлүүлэхийг үгүйсгээгүй бөгөөд харин ч ийм хууль цаг нь болохоор гарах юм гэсэн саналыг агуулж байгаа билээ” гэж мэтгэлцэн “Үндсэн хуулийн цэц” ч үүнийг хүлээн зөвшөөрч, иргэн Ламжавын өргөдлийг хэрэгсэхгүй болгосон. Би хувьдаа үүнийг 100 хувь зөв зүйтэй зүйл гэж үздэг. Монгол Улсын Засгийн газраас /П.Жасрайн үед/ УИХ-д өргөн барьсан “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн төслийг дараах байдлаар УИХ няцаажээ. Тэр үеийн УИХ-ын дарга Н.Багабанди: “-зарчмын асуудлаа эхэлж шийдье! УИХ дахь МАХН-ын бүлэг хоёр асуудлаар санал хураалгахаар саналаа ирүүлсэн. Үүнийг нэг томъёоллоор хураалгаж болох юм шиг байна. “Монгол улсад газрыг хувьд өмчлүүлэх бодит нөхцөл бололцоо бүрдээгүй байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг одоо гаргах шаардлагагүй” гэсэн томъёоллоор санал хураалгая…” гэхэд зөвшөөрсөн 42, татгалзсан 13, бүгд 55 гишүүн оролцож, 76.4 хувийн саналаар намын бүлгийн зарчмын саналыг хүлээн авчээ. Цөөхөн гишүүн Ш.Чунаг, Б.Чимэд, Н.Ганбямба, Р.Одонбаатар нар үг хэлсний дараа өмнөх босоо саналаар дахин санал хураахад: зөвшөөрсөн 41, татгалзсан13, бүгд 54 гишүүн оролцож, 75.9 хувийн саналаар УИХ дахин дэмжжээ. Ийнхүү асуудлыг нэгэнт шийдчихээд байхад “Ардчилсан холбоо” эвсэл засгийн эхэнд дөнгөж гармагцаа “газрыг иргэдэд өмчлүүлэх” ажлыг цаг нь болоогүй, нөхцөл байдал бүрдээгүй байхад дахин хөндөж буй нь, иргэдэд газар өмчлүүлэх нэрээр эх орноо харийханд худалдаж ашиг хонжоо олох гэсэн явуургүй оролдлого гэ бид үзэж байна. Түүхэн баримтуудыг сөхөн үзэхэд газрыг хэрхэн ашиглах, ашиглуулахыг төр, засаг мэддэг, байгалийн баялаг, өнгө үзэмж төгөлдөр зарим нутаг усаа дархалдаг, ялангуяа малын бэлчээр өнө эртнээс төрийн мэдэл, хамгаалалтанд байж, түүнийг газар тариалангийн зориулалтаар ашиглахыг хориглож, иргэдэд зөвхөн тариа тарих багахан газрыг хугацаатай түрээсээр ашиглуулдаг байжээ. XYII-XIX зууны үеийн олон боть хуулинд Иргэний газрын хувийн өмчтэй заалт үгүйг эрдэмтэн С.Нямзагд онцгойлон анхааруулсан бөгөөд түүнээс өмнө ч ийм баримт үгүйг миний бие олон эрдэмтдийн бүтээлд тулгуурлан дээр хэлсэн болно. Их хаан Өгөөдэй хаан эцгийн сууринд сууж, дөрвөн бурууг хийсний нэг нь “Тэнгэр газрын заяагаар төрсөн ан гөрөөсийг бусад ах дүү нарын нутагт очих болуузай! Гэж харамлаж, шавар хэрэм босгож, хил дээс татаж /үүнийг С.Нямзагд онцолж буй/ ах дүү нараас гомдох үг сонсов. Энэ бас нэгэн буруу болов. Монголын нууц товчоо” гэсэн гэрээсийг бидний үед уландаа гишгэх болов. 1992 онд явуулсан социологийн судалгааны дүнгээс үзэхэд эрдэнэт, Улаанбаатар, Дорнод, Дорноговь аймгуудад санал асуулгад оролцогсдын 100 хүн тутмаас 16 нь газрыг хувьд өмчлөхийг, 50 нь зөвхөн төрийн өмчид байхыг дэмжжээ. Яг энэ үед, тэр үеийн Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академиас явуулсан судалгаагаар 100 хүн тутмын 15 нь газрыг хувьд өмчлүүлэхийг, 56 нь төрийн өмчид байхыг дэмжсэн дүн гарч байжээ. Улсын Их Хурлын дэргэдэх судалгааны төвөөс 1994 онд Улаанбаатар хот, есөн аймгийн 1000 шахам хүнийг хамруулж хийсэн судалгаанд оролцогчдын 46 хувь нь газрыг төрийн мэдэлд байлгах, 16 хувь нь хувьд өмчлүүлэх чиглэл баримталж, 38 хувь нь байр сууриа илэрхийлээгүй байна. /”Үнэн” 1994.11.22 ¹ 80/18335/ Дээрх судалгаанд оролцогчдын 74 хувь нь газар өмчлүүлэх асуудлыг бүх ард түмний санал асуулгаар шийдэх нь зүйтэй гэж үзжээ. “Үндэснийхээ түүхэн уламжлалаас гажиж, газрыг хувьд өмчлүүлж болохгүй” гэсэн саналыг тэр үеийн Улсын Их Хуралд оүлон эрдэмтэн тавьсан байна. “газрыг иргэнд яаран өмчлүүлж эхэлбэл зарим хот суурин, үржил шимтэй нутагт амьдарч буй иргэд газар өмчлөх эрхээ эдэлж, харин малчид, говийн иргэдэд тийм боломж тэр бүр олдохгүй нь тодорхой. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан “иргэдийн тэгш байдал хэрэг дээрээ зөрчигдөхөд хүрнэ” гэж зарим нь үздэг юм байна. Ялангуяа төв, суурин газрын иргэд газар өмчлөх давуу эрхтэй болбол улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон байгалийн харьцангуй тааламжтай нөхцөл бүхий төв суурин газар руу хүн амын шилжин суурьших хөдөлгөөн ихсэж, улмаар хүн амын хэт бөөгнөрөлийг бий болгох, түүнийг дагасан ажилгүйдэл, гуйланчлал зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэж, нөгөө талаас хөдөө орон нутаг, хил хязгаар эзэнгүйдэх аюултай гэж олон хүн болгоомжилдог ч ортой. Одоо орон сууц өмчлөх хууль батлагдаж, энэ ажил ид бужигнаж эхлэх үед газрыг өмчлүүлнэ гэвэл дайран дээр давс болж, олон нийтийн бухимдлын их давалгааг хэн ч зогсоож чадахгүйд хүрнэ. Дэлхий нийтийн хувьд ч өмчөөр бүхнийг шийдэх хандлагын оронд, ухаалаг хэрэгцээ, хүрээлэн буй байгалиа хамгаалж, газар дэлхийгээ хүн төрөлхтний нэг бие организм гэж үзэн, экологийн баримжаат эдийн засгийг дэмжих байдал буй болов. “Газрыг хувьд өгсөн нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт орно, өгөөгүй нөхцөлд Монгол Улс зах зээлд орохгүй, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй” гэсэн “ардчилагчид” гэгчдийн гэнэн тайлбар нь эрдэмтэн С.Нямзагдын бичсэнээр “хамгийн зөөлнөөр хэлэхэд гадаадынхны өмнөөс яс нь янгинаж явдаг цөөн хэдэн хүний зохиомол “мангаа”, “өрөвчө” сэтгэлээс өөр зүйл биш. Хатуу хэлэхэд Монголоо ойлгоогүй төөрөгдөл, хуучирсан /ортодокс/ баримтлал мөн. Монголчууд хэдийнээс нааш газар нутгаа судлан мэдэж, “Эрдэнэт”, “Алтай”, “Төмөртийн овоо”, “Зост” гэхчилэн нэрлэж, хамтаараа хамгаалж ирсэн юм. Тэгвэл газраа өмчлүүлсэн нөхцөлд алтгүй, төмөргүй, зэсгүй, зосгүй газрыг хэн авах вэ? Үүнээс болж шилдэг газрын төлөө ангуучлал эхлэх, газар нутгийн төлөө тэмцэл маргаан гарахгүй гэх баталгаа чухам хаана байна вэ”… Хуралдсаар байгаад хумсын чинээ болгох үлджээ “Залуу удирдагч” сан хэмээгчээс жил бүр олгодог улс төрийн салбарын “оны залуу” шагналыг /1995/ авсан МҮАН-ын гишүүн Б.Дэлгэрмаа гэгч бүсгүй “Эрхэмсэг оршихуйг эрхэмлэе” хэмээх лекцэндээ “Үнэхээр байгалийн баялаг арвин нөөцөө орчин үеийн үйлдвэрлэлийн түвшинд бид өөрсдөө дангаар ашиглаж чадахгүй. Үүнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулалтгүйгээр монголын эдийн засаг хөл дээрээ босохгүй. Үүний тулд газар өмчлөлийн асуудлыг туйлбартай шийдэх хэрэгтэй юм. Эх орончид гэж өөрсдийгөө нэрлэж буй хүмүүс газраа хэнд ч өгөхгүй хэмээн харамлан зүтгэснээс болж эзэнгүй, ашиглалтгүй талхлагдаж зэрлэгшсэн атартай л үлдэнэ. Тэдгээр эх орончийн нүдэнд яахаараа хувьдаа бэлчээр газраа эзэмшсэн, эзний байдлаар ашигласан чинээлэг тохилог амьдралтай фермерийн аж ахуйтан монгол малчин айл биш, яагаад бөөн хятад хүмүүс харагдаад байдаг нь гайхмаар, ард түмнээ ингэж хардах нь юусан билээ. /”АЭ” 1995.12.2. ¹ 238 /1197/ гэж бичжээ. Дэлгэрмаагийн энэхүү лекцээс “газар өмчлөлийн асуудлыг тууштай шийдвэрлэх” гэсэн үг, “гадны хөрөнгө оруулалтгүйгээр монголын эдийн засаг хөл дээрээ босохгүй” гэсэн санаа үнэхээр анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл Монголын газрыг монгол хүнд биш, гадны хөрөнгө оруулагчдад өмчлүүлэх гэсэн бодлого илэрч буй юм. “Ард түмнээ ингэж хардах нь…” гэж Монголын эх орончдыг зэмлэсэн хэрнээ “…байгалийн баялаг, арвин нөөцөө орчин үеийн үйлдвэрлэлийн түвшинд бид өөрсдөө дангаар ашиглаж чадахгүй” гэж бичсэн нь иймэрхүү бодолтой хүмүүсийг “хардах”-аас аргагүй байдал хүргэж буй юм. Ард түмнээ бид биш, тэд өөрсдөө басаж, үндэснийхээ баялгийг дангаар эзэмшиж чадахгүй гэж улайм цайм хэлж буйг хэрхэн хүлээж авах билээ? Тэгэхээр Монголын баялагийг хэн нэгэнтэй заавал хувааж эзэмших, идэх энэ бодлогыг бид хэрхэн яагаад дэмжих албатай юм? Алтыг дангаар олзворлож, нүүрсээ дангаар гаргаж, нефтээ ч дангаар гаргаж дөнгөх үндэсний мэргэжилтнүүдээ тоохгүй байгаа ийм хүмүүс л харин ард түмнээ басаж буй юм. “Хувьдаа бэлчээр эзэмшсэн, эзний байдлаар ашигласан… чинээлэг тохилог амьдралтай… монгол малчныг…” тэр үнэхээр хүсэж буй бол “газар өмчлөлийн асуудлыг туйлбартай шийдвэрлэх” тухай ярих хэрэггүй юм. Ерөөсөө логикийн хувьд “газрыг өмчлөх асуудлыг туйлбартай шийдвэрлэх” гэж ярьчихаад “хувьдаа бэлчээр эзэмшсэн, эзний байдлаар ашигласан…” гэж ярих нь ч зөрчилтэй юм. Дэлгэрмаагийн хувьд “бэлчээрийг эзэмших”, “газрыг өмчлөх” гэдэг ойлголт нь зөрчилдөж нэг хэлэхдээ өмчлүүлэх, нэг хэлэхдээ ашиглуулах хоёрын алиныг дэмжээд буйгаа өөрөө ч мэдэхгүй байгаа бололтой. Хэрвээ Дэлгэрмаа фермерийн аж ахуйтай монгол малчныг хүсээд байгаа бол тэр нь монгол малчин биш, америк малчин л болж таарна. Америк маягийн фермерийн мал аж ахуй бол тэжээлийн, монгол маягийн мал аж ахуй бол бэлчээрийн гэдгийг ойлгохгүй байж, ингэж ярьж, бичих нь монгол ахуй, нүүдлийн соёл ирэншлээсээ тасарсан, суурин соёл иргэншилд автсан хүний үг юм. Хатагтай Дэлгэрмаа нь монгол малын мах, сүү, цагаан идээр, арьс шир, ноос, ноолуурын хосгүй чанар нь “бэлчээртээ” буй юм гэдгийг ойлгоогүй байж “газрыг өмчлүүлэх” тухай ярих нь бэлчээрийг шүтэж амьдардаг нүүдлийн соёл иргэншлийг үл тоомсорлож, ерөөсөө бэлчээрийг, цаашилбал малаа устгах аюултай гэдгийг, энэ нь нүүдлийн соёл иргэншлийг сөнөөхөд хүргэнэ гэдгийг огтхон ч бодохгүй байна. Монгол мал хөлөө хүрэх газар бэлчиж, хошуугаа хүрэх газар идэж, түмэн зүйлийн цэвэр ургамал, эмийн ургамал идэж буйг эс тооцох нь “хотын хүүхдийн” гэнэн бодол гэхээс өөр арга алга. Монгол мал тэр чигээрээ эмийн сан… Гадаадынхан малыг байгалиас нь салгаж, байшинд бордож, тэр чанараараа үүлдэр угсаа, чанар нь муудаж буй. Европын цэнхэр нүдтэй хоньдыг монголд авчирвал өвлийн нүд гялбам цаснаар хэд хоноод л сохорно. Гэтэл бидний өвөг дээдэс хав хар нүдтэй, хосгүй үүлдрийн хонийг олон зуунд бий болгосон юм. Гадаадынханд шүтэх үзэл өөрсдийнх нь итгэл үнэмшил болчихсон, түүнд шүүмжлэлтэй хандах ухамсар энэ насанд нь төрөхгүй хүмүүс л бэлчээрийг “өмчлүүлэх” тухай ярих биз. Монголын ард түмэн гэдэг чинь аргамжааны гадсаа сугалж авахдаа нүхэнд нь тариа хийдэг, газар ээжээ тэтгэж хайрлаж ухааныг бэлчээрээсээ олсон хүмүүс юм шүү. 1991онд японы эрдэмтэн Хирано Монголд газрыг өмчлүүлж болохгүй тухай удаа дараа сануулж, Америкийн эрдэмтэнд “Саксаа, чи Монголыг алж болохгүй шүү” гэж сануулж байсан. Харамсалтай нь бид Хирано-г бус Саксыг сонссоныхоо үйлийн үрийг одоо эдэлж байна. Арьс шир, үс ноолуур, хони йг нь худалдаж авахаас бус, газрыг нь худалдан авч болдоггүй тийм нарийн тогтолцоог Монголын төр түүхэн явцдаа буй болгосон. “Шинэ үе пепсийг сонгоно” гэж Дэлгэрмаа айлджээ. Пепси бол америкийн юм. Харин Монголд бол ямар ч пепсигээр солихгүй айраг гэж бий. Дараагийн үе айргаа сонгоно гэдэгт би итгэж байна. “Монголын эх орончдод бөөн хятад хүмүүс харагдаад байна” гэж Б.Дэлгэрмаа гомдоллосон бол, хариуд нь бид, “Дэлгэрмаа болон түүний нөхдийн нүдэнд ерөөсөө монгол хүн харагдахгүй байна” гэж хэлмээр санагдана. 1995 оны эдийн засаг, бизнесийн салбарын оны залуу болсон “Женко” компанийн захирал Х.Баттулга “Эрх чөлөө ба эд хөрөнгө” лекцэндээ: “Монголд хөрөнгө оруулахаар ирсэн олон хүн танайх газар худалддаг уу” гэж асуугаад үгүй гэсэн хариуг авахаараа санаагаа буруулж байсан цөөнгүй тохиолдлыг би мэднэ” гэжээ. Яг үнэн. Тэд Монголд хөрөнгө оруулья гэдэг сайн санаагаар бус, зөвхөн “газар худалдаж авья” гэдэг санаагаар л ирсэн. “Тэд Монголд эзэн сууя” гэсэн санаагаар л ирсэн. Энэ санаа нь бүтэхгүй болохоор л буцаж байна. Гэтэл тэд үнэхээр хөрөнгө оруулалт хийе… гэсэн бол манай Үндсэн хуулинд “газрыг гадаадынханд хугацаатай, төлбөртэйгээр эзэмшүүлж, ашиглуулж болно” гээд заачихсан шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулагч этгээд газрыг 60 жилийн хугацаатай түрээсэлж, цааш нь 40 жил сунгаж болох хууль ч буй, гэтэл тэдэнд 100 жил багадлаа гэж үү? …Үгүй ээ, тэд мөнх суухыг, үр удмаараа Монголын газрыг өмчлөхийг хүсэж буй учир, зөвхөн “худалдан авах”, “өмчлөх” сонирхолтой байгаа юм. Англи Хон-Конгийг 99 жил түрээсэлж аваад одоо буцааж өгч байна. Хятадууд ухаантай ард түмэн учир Англичуудад газраа худалдсангүй, харин түрээслүүлжээ. Х.Баттулга цааш нь бичихдээ: “газрыг худалдлаа гэхэд аваад нүүчихгүй, хэвлийг нь нүхлээд ухчихгүй…” гэжээ. Тиймээ, газрыг аваад явахгүй нь үнэн, газар нүүгээд явчихгүй нь бас үнэн, газар дээр барьсан нь үлдэх нь ч үнэн. Харин газрыг нэгэнт нүүлгэдэггүй болохоор, газар дээр ирж суурьшсан нь өөрөө нүүхгүйг бодно. Өөрөө нүүхгүй удсаар үр удам нь үлддэг. Тэд нь уг газрын эзэн болдог. Өөрөөр хэлбэл, ирээд суурьшдаг, суурьшсаар байгаад үр хүүхэд нь газрыг өмчилж авдаг. Энэ бол хууль. Ингэж үндэстэн өөрийн төрхөө алгуур алдсаар нэг л мэдэхэд бусдын эрхшээлд ордог. Х.Баттулга “тухайн хүн газар дээрээ байшин, үйлдвэр, ордон байгуулдаг. Эцэстээ энэ нь улс оронд хэрэгтэй юм” гэжээ. Гэтэл Монголын газар дээр хичнээн юм барьж үлдээгээд ч яах юм? …тэр нь “бидний юм биш, улсын юм биш, гадаадын л хүний өмч… Нэгэнт асар их өмч хөрөнгө, доллар, цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан бүхнээ, хугацаа нь дууслаа, эздэд нь өгчихье” гээд зүгээр буцаад явдаг тэнэг хүн хорвоод үгүй биз. Дээрх залуучууд болон тэдэнтэй адил үзэл бодолтой олон хүн асуудлыг зөвхөн нэг талаас нь харж байна. “Долоо хэмжиж, нэг огтол” гэж монгол үг бий. “Юмыг наад зах нь долоон талаас нь хар, долуулаа тухайн нөхцөлд үнэн, тухайн нөхцөлд худлаа” гэж Махатма Ганди хэлжээ. Бид нэг гүвээний наадахыг бус, хэдэн гүвээний цаадахыг харж, төрийн бодлого явуулахгүй бол, өнөө, маргаашийг харсан ашиг олз маань эргээд үр хүүхдийг минь бусдын боол, газар нутгийг маань бусдын эзэмшил болгож мэднэ. Дээрх нөхдийн бичсэнээс үзэхэд иргэдээ үл хөдлөх өмчтэй болгох гэж газраа хувьчлах бус, үүгээр далимдуулж гадаадынханд Монголын газрыг өмчлүүлэх, худалдах санаа л илэрч байна. Эндээс тухайн хүмүүс юм уу, хэсэг бүлэг хүмүүст онцгой ашиг орж болох юм. Гэхдээ Монгол Улсын ирээдүйн хувь заяанд, Монгол үндэстний оршихуйн тавиланд сөрөг нөлөө гарч болох тал байна. Биднийг хардлаа, сэрдлээ л гэх юм. Гэтэл эзэн Чингис хас их төрөө сүйтгүүлэхгүйн тулд, хамаг их Монголоо аврахын тулд Хавт Хасар дүүгээ ч хардаж, хан хүү Зүчээ ч сэрдэж, төрийн зайран, Тив тэнгэр их бөөгөө ч егүүтгэж байсан. Сэрдэнэ гэдэг бол сэрэмжлэнэ гэсэн үг. Сэрэмжгүй төр гэж юу билээ? Францын хатагтай Франсуаз Дероллепо Марилиз /Хон-Конг дахь “В.С.Д” сонины сурвалжлагч/ 1991 оны эхээр дамжин өнгөрөх визтэй ирээд Монголд үлдэж, удтал хувь хүний байр хөлслөн сууж, Дархан, Эрдэнэт зэрэг үйлдвэрийн районуудаар явж, Өмнөговьд цэргийн ангийн байршлын зураг авах гэж байгаад баригдсан, Колумбын иргэн Хорхе Алтанбулагт ямар ч визгүй, хаагуур нэвтэрсэн нь ч тодорхойгүй яван, АНУ-ын иргэн Дэвид Коппин Баян-Өлгийд зөвшөөрөлгүй тэнэж явсан… гээд зөндөө л баримт төвийн хэвлэлүүдээр хэдэн жилийн өмнөөс гарч эхэлсэн. Тэд юу хийсэн, яасан эсэхийг эргэж ард түмэнд мэдээлдэг ч үгүй. Иймд гадаадын хүн бүхэнд шүтдэг, тэдэнд үг сүггүй итгэдэг, харин монголчуудаа сэрдэж харддаг зангаа болимоор юм. Хаа нэг газрын ноён Маркос гэгч Говь-Алтайд бараг газар эзэмшиж, ногоо тарьж, өөрийн шашныг номлоод эзэн нь юм шиг сууж, Янгир судлах нэрийн дор хоёр америк хүн усны эрчим хүчний ирээдүй бүхий Улаанбоомд юуг ч юм тандан судлаад хэвтэж байна. Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд христосыг номлогч харийнхан суурин сууж, сургууль, хүүхдүүдийг нь мунхруулаад өөрийн шашинд даллан дуудах талаар бүхнийг хийж байна. Гэтэл манай зарим нь газраа худалдаад баяжина гэж байна. Малчдад ямар ч тийм боломж байхгүй. Малчид малаа дагаж, мал нь бэлчээрээ дагаж амьдардаг улс орондоо одоо газраа худалдаад баяжия… гэх нь “эх орноо худалдаад” баяжия гэсэнтэй л утга нэгэн юм. Монгол нь олон орноос хамаарах учиртай гэж зарим нь донгодож байна. Үгүйсгэхгүй! гэхдээ хэрэг дээрээ хоёрхон л орноос хамаарч байна шүү дээ. Хоёр аугаа их хөршийг маань нэвтлээд Америк, Япон, Герман ч, ер хэн ч орж ирж чадахгүй. Гэтэл хоёр хөрш маань суурин соёл иргэншилтэй. Монгол нүүдлийн соёл иргэншилтэй. Энэ маань л биднийг энэ хоёр их гүрнээс аварч үлдсэн. “Монгол олон орноос хамаарч болох ч, нэг л орноос илүү сэрэмжил…” гэж малчин өвгөний хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Хэсэгхэн газар авчихаар л, хэсэгхэн газрыг хувьд өгчихөөр иргэд нь баяжиж, тусгаар тогтнол маань баталгаатай болох юм шиг зарим нь сурталдаж байна. Түүхэнд бүрмөсөн мөхсөн Манж их гүрэн цагтаа хүчирхэг нүүдэлчин ард түмэн байсан. Тэд суурьшмал байдалд шилжээд л нэгмөсөн дууссан. Тэд суурин соёл иргэншил, тариалангийн орныг дууриаж, эцэстээ мөхөхөө мэдмэгц Монголыг түшиц газраа болгож, үлдэхийг санаархсан ч чадаагүй. Чингисийн төрийн аугаа их бодлого бол суурин соёл иргэншилд шилжвэл, цөөхөн хүн амтай монголчууд их гүрнүүдэд уусна гэж ойлгоод, түүнээс сэргийлж олон зууны турш тариаланг шүтээгүй. Монголчууд бэлчээртээ шүтэж нүүж явсаар аврагдсан. Хятадууд суурин соёл иргэншилтэй учраас өөрсдийг булаан эзэлсэн ямар ч том улс гүрнийг өөртөө уусган мөхөөдөг. Үүний жишээ нь Хувилайн үеийн Юань их улс хийгээд Манж чин улсын гунигт төгсгөл болой. Хэрвээ тарианы орон болсон бол бид аль хэдийн дууссан. Аж үйлдвэрийн орон болсон бол бас л дууссан. Бид европжоогүй, оросжоогүй, хятаджаагүй, америкжаагүй. Үүгээрээ л үлдсэн. Хоёр суурьшиад их гүрний дунд нүүдлийн соёл иргэншлээрээ өөрийгөө авч үлдэж, тусгаар тогтнолоо хадгалж ирсэн үе үеийн төрийн их бодлого хэдэн зууны турш боловсорч, монгол бид нүүгээд нүүгээд нутгаасаа гарахгүй, харин бидний дөрвөн цагийн өөдөө сөөргөө нүүдэл дунд харийн хүмүүс идээшихгүй, бүр залхаж гүйцээд буцаж байсан. Хатуу ширүүн цаг агаар, газрын өнгө, хөрсний байдал, бэлчээр, мал, нүүдэл нь биднийг аварч, бидний нүүдэл дундуур цөвүүн цаг, харийн хүмүүс урсан өнгөрч байсан. Гадны бүх засаглал Монголын нүүдэлчин ахуйг даагаагүй. Бүр тэгээд харийнхан нутаг руугаа хамгаа ачин нүүж, монголчууд нүүсэн хэвээрээ л буурин дээрээ үлдсээр ирсэн. Ингэж биднийг нүүдлийн соёл иргэншил маань өөрөө аварсан юм. Суурин соёл иргэншлийг би үгүйсгээгүй. Гэхдээ энэ нь Монголд хэр зохилдох вэ? Суурин соёл иргэншлийн сайн талыг авч, саар талыг нь гээж, өөрийн монгол төрхөө яаж авч үлдэх вэ? гэдгийг л өгүүлж байна. Мандсаны эцэст мөхөж, мөхсөний эцэст сэргэдэг ёсон буй. Америк, Англи, Япон, Франц, Герман дандаа баян хүчирхэг байхгүй. Юм бүхэнд ээлж буй. Олон хөгжиж цэцэглэсэн гэх улс орон уух ус, суух нутаг, хөрсний гүний баялгаа бараад бусдын нутаг руу өнгөлзөж буй. Тэд дандаа баян тансаг байхгүй. Харин манай Монгол баян хэвээрээ, хөрсний гүндээ ч, хөрсөн дээрээ ч дэлхийд үгүйг агуулж, тэр нь олон, олон гүрний атааг хөдөлгөх, анхаарлыг татаж, нүдийг бүлтийлгэж байна. Монголын аугаа их баялгийг ард түмэн минь бус, хэдхэн хүн, хэсэг бүлгүүд гадаадынхантай хамтран хувааж идэх гэж байна. Тэд газраар нь дамжуулан Монголыг худалдах, шашин шүтлэгийг нь өөрчилж, соёл иргэншлийг нь баллаж, байгалийн баялгийг нь цөлмөх гэж байна. Газар бол үнэхээр үүрээд явдаг зүйл ч биш. Үнэхээр үүрээд явж болдоггүй ч учраас харийн хүмүүсийг өөрийнхөө газар шороонд үүрд хадах хэрэггүй. Тэд манай газрыг өмчлөх, хувьчлах, худалдан авахыг санаархаж буй нь “үүрээд явна” гэсэн үг биш, “үүрд үлдэнэ” гэсэн санаа юм. “Цаст уулын цагаан арсланг хэн ч дийлэхгүй. Үхсэн хойно нь ч ойртохгүй. Идэхгүй. Харин өөрийнх нь дотроос гарсан өт л иднэ. Түүн лүгээ нэгэн адил миний шашныг гаднаас нь хэн ч идэхгүй. Харин дотроос нь гарсан ёс бус хүмүүс л журмыг алдуулж, сахилыг сахиж, номыг дагахгүй бол иднэ” гэж бурхан багш 2500 жилийн тэртээ айлдсан гэдэг. Түүн лүгээ нэгэн адил Их Монгол улсыг гаднаас нь бус дотроос нь идэх өт үржиж байна. Яруу найрагч нэгэн эмэгтэйн хэлсэнчлэн “Шуургант цагт цусаа урсган байгуулсан төр улсыг нь, тайван цагт танхимд хөлсөө урсган хуралдсаар” бид “идэх” гэж байна. Мөчиг тачиг амьдардаг ч, мөнгө нэхдэгггүй нутагтаа, нүүж бууж явсаар өнөөг хүрч ирэв. Хаан эцгийн үлдээсэн уудам их нутгийг: “Алдсаар байгаад Алгын чинээ болгох үлджээ Хуралдсаар байгаад Хумсын чинээ болгох үлджээ”… Гашуун ч гэсэн найрагчийн үг ээ. Улс төрчид өө! яруу найрагчийн үгийг сонсогтун! Эх орноосоо урвасан найрагч гэж хүн төрөлхтний түүхэнд гараагүй юм. Үүнийг би биш, XX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, дуун хөрвүүлэгч Мишигийн Цэдэндорж хэлсэн юм. Газрыг хувьд өмчлүүлбэл: “Хөдөө бэлчээрийн төлөө тулалдаан, Хотод алгын чинээ хашааны төлөө булаалдаан” Эхэлнэ гэж 1991 онд Ардын Их Хурлын 157 дугаар тойргийн депутат Л.Одончимэд сануулж байсан. Үржил шим, өвс, ус харилцан адилгүй нутгийг бүү өмчлүүл! Үр хойч, ах дүүсээ бүү зовоо! Энэтхэгт би хоёр хачин юм үзлээ “Зөвхөн хот суурин газрын 508 мянган га газрын 300 мянга га-г нь байшин, барилга, байрны доорх газар эзэлж байна. Мөн одоогийн нэр хорооллын талбайг хасахаар цаана нь хувьдаа хувааж авах газар хэрэг дээрээ үлдэхгүй байна. Улаанбаатар хотын иргэдийн хурлын материалаас үзэхэд хотын мал бүхий иргэд бэлчээрийн хомсдолд орсон нь мэдэгдэж байна” /эрдэмтэн С.Нямзагдын судалгаанаас/ * * * “Газрын зохион байгуулалт, кадастр бүрэн шийдэгдэлгүй, газрын эдийн засгийн үнэлгээ, хөрсний бүтцийн ангилал, судалгаа хийгдээгүй ийм нөхцөлд газрыг яаравчлан өмчлүүлж болохгүй нь хэнд ч ойлгомжтой юм. Газрыг хувьд өмчлүүлснээс болж гарч болох сөрөг үр дагаврыг урьдчилан харсан зүйл тун бага байна. /Үндсэн хуулийн цэцийн хуралдааны үед хэлсэн, хуульч Ц.Шаравдоржийн үндэслэл/ * * * “Нийгмийн хувьд өндөр хөгжсөн, экологийн асуудал нь төвөгтэй, хүн ам нь олон, газар нутаг нь бага, байгалийн нөөц их биш, уламжлалт нийгмийн соёл иргэншлээ, орчин үеийн соёл иргэншилтэй өвөрмөц байдлаар хослуулж чадсан Япон мэтийн орон хэрэглэсэн арга хэлбэрийг бараг бүх үзүүлэлтээрээ эсрэг үнэлгээтэй монголд шууд хэрэглэж болохгүй” /эрдэмтэн Д.Ганхуяг, Х.Гүндсамбуу, Г.Чулуунбаатар нарын дүгнэлтээс/ * * * “…Бид газрыг ингэж шийдэх эрх байхгүй шүү. Өнөөдөр шилдгийн шилдэг гэж цээжээ дэлдээд юмаа ойлгохгүйгээр буруу шийд гаргах эрхгүй, биднийг түүх уучлахгүй шүү. …Газрын тухай асуудал нь ээжийгээ хувааж авахтай адилхан асуудал…” /Депутат Г.Зуунай 1991 оны АИХ-ын чуулган дээр ингэж хэлжээ. Тэрбээр тэр үедээ бас Улсын Бага Хурлын гишүүн, 1992 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүн юм. Дэд доктор байсан. 1994 онд нас барсан/. * * * “…Газрын тухай асуудлыг тэгж хөнгөн гоомой шийдэж болохгүй… Газрын асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн эх орныхоо биш, дэлхий нийтийн өмнөх хариуцлага гэдгээ мартаж болохгүй. Бид яагаад хүн төрөлхтний өмнө хариуцлагатай шийдвэр гаргах… гэ.ж байна вэ гэхээр нүүдлийн соёл иргэншил гэдэг бол дэлхийн үнэт зүйлийн нэг. Гэтэл бид газрын хувьд өмчлүүлснээр энэ нүүдлийн соёл иргэншлийн сайхан тансаг зүйлээсээ улам бүр холдож байна. Газар руу хүн бүр уралдан дайрч давшлах ажил эхэлнэ… Бид энэ Монгол нутгаа тусгаар тогтносон, дэлхийн соёл иргэншлийн үнэт зүйл хэвээр байлгая гэвэл газраа төр, улсынхаа мэдэлд байлгаж, энийг зөвхөн хүн ард эзэмших гэсэн томьёоллоор оруулахгүй бол ихээхэн алдаа дутагдал болно” /1991 оны АИХ-ын чуулган дээр депутат Ш.Цэндбаярын хэлсэн үг/ * * * “Чухамдаа эх орны маань газар нутаг бол өнөөгийн аж төрж буй бидний хэдхэн хүний өмч биш, ирээдүй хойчийнхны минь дархан өмч гэдгийг санаж бид тэднээс өмнө дур мэдэн шийдвэрлэх эрхгүй гэдгийг хүн бүр, иргэн бүр, тэр тусмаа төрийн түшмэл бүр байнга санаж явмаар юм даа” /Зохиолч Лха.Дарьсүрэн/ * * * 1991 онд “Үндсэн хуулийн төслийг олон түмнээр хэлэлцсэн байдал ч газрын өмчлөлийн асуудлыг ул үндэстэй авч үзэх нэгэн шижим болж байна. Хөдөлмөрчид, ард иргэдээс ирсэн олон арван захидлын тоймыг авч үзэхэд газрыг хувьд өмчлүүлэх саналыг 23-хан хүн дэмжиж, харин газрыг төрийн өмчид байлгаж, иргэдэд эзэмшүүлэх саналыг 4426 хүн дэмжсэнээ илэрхийлжээ. Гэтэл тэр үеийн АИХ-ын чуулган хэдхэн хүний хүсэл сонирхолд автаж, “газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болно” гэж Үндсэн хуулинд заасан нь тэр үед ард нийтийн санал бодлыг “ардчилагчид” гэгчид үл тоомсорлосны гэрч болж түүхэнд үлдэнэ” /О.Дашбалбар/ * * * “Газрыг хувьд өмчлүүлэх санаа нь газрын хэвлий, ус, ой, ан амьтан, ургамал зэрэг нь ард түмний байдалд байна” гэсэн Үндсэн хуулийн заалттай агуулгын хувьд зөрчилдөж байна” /Хуульч Ц.Шаравдорж/ * * * “Газрыг хувьд өмчлүүлэх их аюултай юм. Энэтхэгт би хоёр хачин юм үзлээ. Жаахан газартай эр, эм хоёр гурван хүүтэй. Өнөө гурав нь өсөж томроод авгай авах болсон чинь газраа гурав хувааж өгөх хэрэг гардаг. Гурав хуваагаад өгье гэхээр өчүүхэн жижиг газар хэнийх нь ч амьжиргаанд хүрэхгүй болох гээд байдаг. Ингээд амьдрах оршин тогтнох, үр удмаа үлдээхийн эрхэнд гурван хүүтэйгээ эцэг, эх нь зөвлөөд дунд нь нэг авгай авч өгчээ. “За, тэгээд нэг эхнэрээ 3 нөхөр яаж хувааж эзэмших вэ” гэсэнд “тэр амархан, хэн түрүүлж орсон нь үүдэн дээр нь шаахайгаа тайлаад тавьчихдаг юм. Энэ бол ах дүү гурвын хэн нэг нь эхнэр дээрээ байна гэсэн үг” гэв шүү. Еэ, бүү үзэгд, газрыг хувьд өмчлүүлнэ гэдэг чинь хүн ам нь өсөөд ирэх үед ийм л аюултай юм байна. Бас нэг муухай юм үзлээ. Юу гэвэл бага зэрэг газартай, оромжтой авгайн нөхөр нь нас барсан тул, хүний хорвоогийн жамаар, орох оронгүй, газаргүй нэг ядуу эртэй гэрлэж, эм нь ч бас хүнийхээ жаргалыг эдэлж, эр нь ч толгой хоргодох оромжтой, ам тостох бага шиг газартай болжээ. Гэтэл аюул болжээ. Хэдэн жилийн дараа эм нь хүнд өвдөж, сэхэхгүй байдалд оржээ. Тэр эмд урьд эрээс нь үлдсэн ганц охин байж. Нас 15-16. Авгай бодсон нь: намайг үхээд өгвөл муу охин минь хэцүүдэх нь ээ, энэ эр газар, оромжийг нь булааж, хүүхэд минь гудамжинд гарч, гуйлгачин болох л зам үлдэж”.. гээд амьд дээрээ эртхэн учрыг нь ольё гээд нөхөр, охин хоёроо дуудаж, “за, би сэхэх нь өнгөрлөө, би үхвэл чи охиныг минь булааж авна. Иймд зайл” гэсэнд нөхөр нь уйлж, “би одоо эндээс гараад хаашаа явах вэ?” надад толгой хоргодох газар алга, гуйлгачин болох л үлдэж…” гэсэнд эхнэр нь “тэгвэл чи миний нүдэн дээр одоо охинтой минь гэрлэ, сүмд очиж хинду шашны дагуу ёслол хий, охин минь чи ч энэ хүнтэй амьдар, чамд нөмөр нөөлөг хэрэгтэй” гэсэнд цаад хоёр дуртай ч, дургүй ч зөвшөөрч ёсоор болгожээ. Гэтэл авгай үхсэнгүй. Өвдөж зовсоор байгаад гэнэт эдгэв. Ингээд, ээж, охин хоёр нэг нөхөртэй болчихсон байх юм. Еэ, базарваань гэж… тэр газрыг өмчлүүлнэ гэдэг чинь олон талаас нь бодохгүй бол ийм л аюултай юм билээ…”. /Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын ярианаас/ * * * “Өнөөдөр газрыг хувьд өмчлүүлснээс үүдэн гарах сөрөг үр дагавруудыг урьдчилан бүрэн гүйцэд тооцож чадах тийм оюуны чадавхи Монголд байхгүй” /монголын тусгаар тогтнолыг хамгаалах Ард түмний 281-ийн холбооны Төв хүрээний гишүүн Ч.Агваандорж/ * * * Монголын газар нутаг бол Монголын ард түмний үндэсний баялаг, үе дамжин өвлөх хуваагдашгүй ганц өмч нь юм. Түүнийг нь өнөөгийн хоёр сая таван зуун мянган иргэнд хэрчин хувааж өмчлүүлэх нь улсын гэгдэж байсан хэдэн үйлдвэр, барилга, ширээ шүүгээ хувьчлахтай ижилсгэх аргагүй нарийн бөгөөд ноцтой асуудал гэдгийг, эцсийн дүнд бүх ард түмний санал асуулгаар шийдэхээс аргагүй алс хэтийн үр дагавартай хэрэг явдал гэдгийг л бид ухаарах ёстой… Газар бол алт мөнгө биш, амь амьдрал, өнгөрсөн, өнөө, ирээдүй маань билээ. /”Газар нутгаа зоосны нүхээр хэрчин худалдах уу” өгүүлэлдээ эрдэмтэн С.Нямзагд ингэж бичжээ/ * * * Хэрэв газрыг өмчлөх хууль гаргавал харийн хүмүүс сэмхэн орж ирсээр байгаад нэг мэдэхэд тэдний эрхшээлд орчих вий гэж айж байна. Газрын хуулийг яаравчлан гаргах хэрэггүй юм. Харь орны хүмүүс хуулийн цоорхойгоор орж ирээд суучих вий гэж болгоомжилж байгаа юм. Манай хойд, урд хөрш бол газраа сайн мэднэ, ашиглаж сурсан улс. Бид бол малаа сайн мэднэ. Газрын ач холбогдол, үнэ цэнийн хувьд бидний сэтгэлгээ дутмаг юм. Газар бол бүхний анхдагч юм. Газар бол эх орон юм. Газар бол тусгаар тогтнолын үндсийн үндэс юм. Монголчууд газар шороондоо эзэн байж, хамгаалс ирснээр Монгол улс байгаа юм гэдгийг ухаардаггүй цөөн тооны хүмүүс байж болох юм. Иймд газар өмчлүүлэх тухай үгийг энэ хуулинд битгий оруулаач гэж иргэнийхээ хувьд хэлэх гэсэн юм. /БНМАУ-ын үед Монгол Улсын төрийн дээд эрх барьж байсан 9 хүний нэг С.Жалан-Аажав/ * * * “Газрыг хувьд өмчилнө гэдэг нь бусад хувийн өмчөөс ихээхэн өөр зүйл юм. Хүний гараар бүтээгдсэн барилга байшин, биет зүйл, бүтээгдэхүүн нь тухайн хүнийхээ эзэмших эрх бүхий өмч юм. Харин газар нь “ертөнц байгалийн бүтээгдэхүүн”, бурхан багшийн өглөг учир ард түмний өмч мөн… Харин тэр газрыг бүхлээр нь байтугай өчүүхэн хэсгийг нь ч худалдаж дамлаж болохгүй. Газар нь бүх ард түмний мэдэлд байх ёстой гэдгийг өнгөрсөн зууны сүүлээр Америкийн олон нийтийн зүтгэлтэн, гүн сэтгэгч Генри Жорж бүрэн итгэлтэйгээр үндэслэсэн юм. …Гэвч ямар ч үйл ажиллагаа газрыг ашиглахгүй байж болохгүй бөгөөд газрыг ашиглах эрхийг хэрэгжүүлснээр нийгмийн ашиг сонирхлын дагуу нөхөн сэргээх үйл ажиллагаа дагалдаж үүснэ. Төрөөс тогтоож байгаа бүрэн төгс, үнэн зөв тогтоосон бүх татвар нь газрын үнэтэй шууд уялдаа бүхий газрын рент гэсэн нэг л зүйлд хүргэнэ. Тэр нь газрын үржил шим, аж үйлдвэр, соёлын төвөөс алслагдсан байдал буюу байршлаас хамаарна. Хүн ам өсөхийн хэрээр газрын үнэ өснө. Өөрөөр хэлбэл том хотод түүний дүүрэг болон ойролцоо газрынхаас үнэтэй байна. Фабрик, завод, худалдаа, үйлдвэрийн эзэд өөрийн эзэмшил газрын төлөө, хөдөө аж ахуйн фермерүүд хадлан авч, тариа тарьсныхаа төлөө, малаа бэлчээрлүүлснийхээ төлөө төлбөр төлөх ёстой. Тэдгээр нь нийт ард түмний газрыг ашигласныхаа төлөө нийгэмд төлбөр төлж байгаа юм. Газрыг ашиглахгүйгээр эзэмшинэ гэдэг нь утгагүй зүйл юм. …Бүх газар эзэмшигчид нь /өмчлөгч бус эзэмшигч О.Д/ төрийн хувьд түрээслэн авагч нь болно. Тэдгээрээс авсан газрын рент нь нийгмийн хэрэгцээнд буюу зам, холбоо, соёл боловсрол, төрийн аппарат, арми зэрэг төсвийн байгууллагуудын хэрэгцээнд зарцуулагддаг. Жоржийн энэ үзлийг баримтлагч нь Орос оронд Лев Толстой байв. Жоржийн номын орос орчуулгын өмнөх үгэнд тэр бичихдээ: “яг л одоо, тэр дундаа Орост Генри Жоржийн үзлийг ойлгох цаг нь ирж байна. Орос улсад одоо бүх ард түмэнд, жинхэнэ ардад газрыг өмчлүүлэхийг үгүйсгэх зарчмын үндэслэл бүхий хувьсгал хийгдэж байна. Орост, оросын ард түмний ихэнхэд нь Генри Жоржийн үндсэн үзэл болох газар нь нийт хүмүүсийн хөрөнгө мөн бөгөөд хүний хөдөлмөрт биш, зөвхөн газарт л татвар оногдуулах ёстой гэсэн санаа урьд нь ч байсан, одоо ч байна” гэжээ. * * * Толстойн үзэж байгаагаар “Генри Жоржийн газрын шинэчлэлийн гүнзгий агуулгыг өнөө хүртэл хүмүүс ойлгож мэдэрч ирсэнгүй. Үүний гол шалтгаан нь түүний агуулгыг гуйвуулах юм уу, огт хэрэгсэхгүй байсанд оршино. Генри Жоржийн энэ санаа нь итгэлтэй бөгөөд няцаагдашгүй, ойлгохгүй байж ч болохгүй зүйл юм. Харин түүнийг ойлгосон бол хэрэгжүүлэхгүй байж болохгүй бөгөөд түүний эсрэг ганц хэрэглүүр нь тэр үзлийг гуйвуулах, огт дуугүй байх явдал юм”. * * * …Газрыг түрээслэлд өгөх юмуу, байнгын ашиглалтад оруулахыг зөвхөн төр л хийж болно. Нэгдсэн татвар /газрын рент/ нь газрын үнэлгээнд үндэслэгдэх ёстой. Энэ нь бүх газар эзэмшигчдийн хувьд шударга татвар тогтоох зүйл юм. Газар эзэмшилдээ авсан /өмчлөлдөө бус, эзэмшилдээ О.Д/ тариачны хувийн аж ахуй эхлээд төлбөрөө хойшлуулах юмуу, эсвэл аж ахуйгаа хөл дээрээ зогсож цэгцэртэл 3-5 жил татвараас чөлөөлөгдөх хэрэгтэй. Жоржийн зарчимд үндэслэгдсэн газрын шинэчлэлийн эцсийн үр дүнд нь хүмүүсийг эх орныхоо нутаг дэвсгэрт жигд байшуулан амьдруулахад оршино. Жорж өөрийн номын сүүлчийн бүлэгт: “том хотуудад хүн ам байнга өсөж байгаа үйл явцаас үүдэж орчин үеийн нийгэм зайлшгүй сүйрэлд орох юм гэдгийг ойлгож болно. Нью-Йоркад 100 жилийн өмнө 25000 хүн ам байсан. Одоо тэнд 2 сая /тэр үе нь XIX зууны эцэс байв. Одоо 8 сая, дүүргийнхээ хамт 16 сая хүнтэй болсон/. …Хүн амын ийм зүй бус өсөлт нь юуны өмнө газрыг хуви йн өмч болгосноос, дараа нь материаллаг дэвшилд биднийг түлхэж байдаг нийгмийн үүрэгт хайхрамжгүй хандсанаас гарч байгаа юм… Газрыг нийтээр эзэмших эрхийг сэргээснээр том хотуудын хүн амын бөөгнөрөл сийрэгжиж, харин нэлээд сийрэг байсан, тосгоны хүн ам нэлээд нягтрах юм. Газрын үнийг нэмсэнээс хэн ч ашиг олохгүй болсон үед, хүүхдэд маань газар эзэмших эрх олдохгүй болох байх гэж айхгүй болсон үед л газрыг яаж үр ашигтай эдлэх вэ? гэдгээс өөр, яаж ахиухан газар авах вэ? гэсэн хүсэл байхгүй болно. Хагас боловсруулж зэрэмдэглэсэн газар, цөл болгож хаясан газрын оронд төгс сайн боловсруулсан, зүй зохстой ашиглаж буй газар шил даран нэмэгдэх болно” гэжээ. /би үүнийг зориуд тэмдэглэхдээ Америкийг шүтэгчид, тэр нийгмээс яагаад Монголд зохистойг нь бус, харин үл таарах үзэл баримтлалыг нь нэвтрүүлэх гээд байгаад л гайхаж байна. О.Д/ Газар нь нийт ард түмний өмч бөгөөд тэр нь арилжаа худалдааны зүйл биш гэдэг үзлийг орчин үеийн экологич эрдэмтэн Ф.Сен-Марк өөрийн бичсэн “Социализмын природы” номондоо сануулсан байна. …”Хувийн өмчийн одоо тэгш бус байдал нь байгалийг хувийн өмч болгож, унагах төрийг нь хадгалж болохгүй гэдгийг амьдрал харуулж байна. бидэнд нэг талаас газрын үнийг хэмжээгүй өсгөж, газрыг хувийн өмч болгох, ингэснээр байгалийн үзэсгэлэнт тогтоц, ой мод, цэцэрлэг бүхнийг устгах, нөгөө талаас хэрэв байгалиа хамгаалахыг хүсвэл газрыг өмчлөх эрхийг өөрчилж, газрыг ашиглах ердийн эрхээр солих л асуудал байна” /Ф.Сен-Марк/. * * * Сен-Марк Жоржийг огт дурдаагүйг бодоход түүний бүтээлтэй танилцаагүй бололтой. Жорж албан татвар оногдуулах замаар газрын шинэчлэл хийх хөтөлбөрийг ярьсан байхад Сен-Марк газрын хувьд өмчлөх нь бүрэн төгс биш, шударга бус болох тухай ярьж байгаа юм. /би XXIX бүлгийн бүх материалыг Оросын шинжлэх ухааны академийн мэдээлэл “Вестник” сэтгүүлийн 1992 оны ¹ 6-гаас орчуулсныг авал. О.Д/ Жич: “Манай орон зах зээлийн харилцаанд шилжихдээ газрыг хувийн өмчид шилжүүлэх нь зайлшгүй бөгөөд хүсүүштэй зүйл биш. Харин иргэн бүр газрыг ашиглаж ирсэн уламжлалыг хадгалж, эх орныхоо газар шороо бүхэнд өөриймсгөөр хандах эрхээ /нийт ард түмний өмчийнх нь хувьд/ ухамсарлах хэрэгтэй болно” гэсэн Улсын Их хурал дахь МАХН-ын бүлгийн саналыг би дэмжиж байна. Эрдэмтэн С.Нямзагд юу хэлэв Газрыг өмчлүүлэхгүй гэдэг талаар хатуу байр суурьтай эрдэмтэн С.Нямзагдын яриа: “Манай зарим нөхөд АНУ-д газрыг хувьд өгдөг. Японд ч өгдөг. Польшид ч газрын хувьд өгсөн гэж ярих нь олонтаа байна. “Харин манайх нийтээс гажаад ганцаараа улсын мэдлийн газартай үлдлээ” гэж гоншигнох юм. Бас үүнээс болоод хөгжихгүй байна гэх нь холгүй байна. Энэ нөхөд миний бодлоор 2 зүйлийг анхаараагүй буюу анхаарахыг хүсэхгүй байна. Магадгүй сүүлийнх нь ортой ч байж болох юм. Энэ бол нэгдүгээрт: Япон, АНУ, Польш бол хуулийг дээдэлж үздэг улс орон! Бид бол “монголын хууль гурав хоногтоо” гэдэг схемээр явж ирсэн улс! Манай хууль, хууль биш болоод удаж байна шүү дээ! Ийм нөхцөлд манайд гаргадаг тогтоол, хууль эрхийн актуудад зааж өгдөг “хуулийн хүрээнд” гэдэг тодотгол нь үнэндээ сохор зоосны үнэгүй юм. Хуулийн өмнө төр, иргэн хоёр, дарга нар болон жирийн хүмүүс нэг шугаманд очоогүй цагт “хуулийн хүрээнд” гэдэг тодотгол нь хуулийг өөрөө завхруулахын үндэс болсоор байх болно. Хоёрдугаарт: газрыг хувьд өгсөн орнуудад хуулиар маш олон хязгаарлалт тавьдаг. Одоо дэлхий нийтийн хандлага ч, газрыг хувьд өмчлүүлэх гэхээсээ түрээслүүлэх явдлыг илүүтэй сонирхох боллоо. 1991 онд Монголын парламентын бүлгэмийн урилгаар Монголын шинэ Үндсэн хуульд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд ирсэн Польшийн доктор П.Винчрах “манай шинэ үндсэн хуулийн төсөлд газрыг хувьд өмчлүүлэхээр заасанд тун шүүмжлэлтэй хандаж, газрыг түрээсээр ашиглуулах асуудлыг” хөндөж ярьсан нь хуралд оролцсон бидний анхаарлыг онцгой татсан. Хүмүүсийн ой ухаанд өмчилсөн газраа харамлах сэтгэхүй буй болж, ард олон эвтэй найртай аж төрөхөд муугаар нөлөөлөхөөс гадна, зөвхөн өөрийн өмчилсөн газартаа анхаарал тавьж, нийт экологийн тэнцвэрт ард нийтийн хяналт суларч мэднэ. Манай улсын нутаг дэвсгэрийн хуваарьт янз бүрийн шалтгаанаар бий болсон 120 гаруй маргаан бий. Газрыг өмчлүүлбэл эдгээр нь эрс хурцдаж, ард нийтийн дотор “дайсагнал” бий болж ч мэднэ. Хот суурин газарт иргэд удаан хугацаагаар найдвартай оршин суух, хашаа байраа хураагдах вий гэсэн нэг зовлон бий. Үүнийг газар эзэмших, түрээсийн хуулиар зохицуулж, үр хүүхэддээ өвлүүлэх, нэн онцгой тохиолдолд төрөөс нүүлгэн шилжүүлэх аваас өрх болон иргэнийг бүрэн хохиролгүй болгох зам буй. Ер нь “капитализмын гол дутагдал газраа хувааж өмчлүүлсэнд, социализмын гол дутагдал хөрөнгөө нийгэмчилсэнд оршино” гэдэг нэгэн зүйл үзэл баримтлал ч өрнөдийнхөнд байдаг. “Монголчууд эх болсон газар нутгаа миний, чиний хэмээн тасчиж, хувааваас Монголоо алдана” гэсэн дээдсийн гэрээсийг ч саналтай! Хүн бүрт газар өмчлүүлж, түүнийг захиран зарцуулах эрхийг төрийн байгууллагын нэрийн өмнөөс 300 гаруй Засаг дарга л хэрэг дээрээ шийдэх болбол хээл хахуул, хэрүүл маргаан, зарга шүүх хэзээ ч татрахгүй. Тэртээ тэргүй нягтаршил багатай хүн амыг хэтэрхий жижиг нутагтай засаг захиргааны нэгжүүдэд хувааснаар сүүлийн хоёроос гурван арван жилд хүн амын дотоод удамшлын тэнцвэр тогтолцоо алдагдаж, удам угсаагаа мэдэхгүй ойд төөрсөн сармагчин шиг хүмүүс алсуураа төрөл ойртон, оюун ухааны хомсдолтой зэрэмдгүүдийн хувь хэмжээ хүн амын дотор байх ёстой заагаас 1.5-3 дахин нэмэгдлээ. Энэнээс илүү сургамж, сануулга, амьдралын ямар нотолгоо хэрэгтэй юм бэ? Гэтэл газраа хэсэгчлэн хувааж, өмчлүүлбэл, иргэд, айл өрхийг бүр ч хөдөлгөөнгүй болгож орхино. Эцэстээ үр дүн нь ямар аюулд хүргэх вэ? Зөвхөн төв суурин газрын оршин суугчдад газар өмчлүүлдэг юм гэхэд өнөөдөр байршлаа олоогүй, ундны ч усгүй 15 аймгийн 90 сум, 10 жилээс 8-аас дээшхи ангиуд нь анги дүүргэлт үгүйгээс ойр зэргэлдээ сумдын ахлах ангиудтай нэгтгэх шаардлагатай 80 сургууль байгаа нь суурин хүн амын шилжих их хөдөлгөөн зайлшгүй гарахыг харуулж байна. Ер нь олон сум, суурингийн төв цаашдаа байх эсэх, өргөжих эсэх нь тодорхойгүйгээс гадна, сум аймгуудын нутаг дэвсгэрийн хуваарийг ч өөрчлөх шаардлага гарна. Өнөөдөр аймаг сумдын оршин суугчдад хашаа байшингийн газар өмчлүүлдэг юмаа гэхэд маргааш нь газарт орох, эсхүл уг суурин газар цаашдаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байх үндсэн үүрэг нь өөрчлөгдөх зэргээс болж, ард иргэдэд үе дамжсан үл хөдлөх хөрөнгө байгуулж суурьших баталгаа үгүй тул хот сууринд ч газар өмчлүүлэх нөхцөл одоогоор бүрдээгүй байна. /С.Нямзагд/ Гамшиг ёрлосон газар хувьчлал * * * 1920-30-аад оны үед Монголын төр, засгаас иргэддээ газар түрээсээр ашиглуулж байгаа төдий л удалгүй зогсоосон түүхэн сургамжийг мартаж болохгүй. Харин ч сайтар судалж, дахин алдахгүйг бодох хэрэгтэй. * * * Ардын Их Хурал 1991 онд газрын талаар олон хоног хуралдаж мэтгэлцсэний эцэст хот, суурин газрын оршин суугчдад хашаа байшингийн газар төдийг хувьд нь өмчлүүлэхээр бодож “зөвхөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлж болно” гэсэн заалтыг шинэ Үндсэн хуулинд оруулахад дөрвөн зуугаад депутатаас дөнгөж арав гаруйхан хүний саналын илүүгээр олонх болж баталсан нь даанч гунигтай. Дээрх заалтыг баталсан хүмүүсийн нэрсийн жагсаалт нэгэн түүхэнд үлдсэн бөгөөд хэзээ нэгэн цагт хойч үе маань тэднийг ёс суртахууны хувьд шүүх хар толбыг тэд овог нэрэндээ үлдээсэн гэдгийг энд сануулья. /О.Д/ “Гамшиг ёрлосон газар хувьчлалын төвөргөөн” дуусаагүй байна. сонор сэрэмжтэй байгтун! * * * “Монгол Улсын Газрын тухай хууль”-ийн төслийг хэлэлцэхээс өмнө, “Монголын хөгжлийг дэмжих сангийн” Ерөнхийлөгч, хуучин ерөнхий сайд агсан Дашийн Бямбасүрэн Улсын Их Хуралд ил захидал илгээн саналаа илэрхийлжээ. Хэдийгээр би Д.Бямбасүрэнтэй үзэл санааны хувьд туйлаас зөрдөг боловч, хоёр зүйл дээр тухайлбал, бурхны шашин нь т өрийн шашин байх ёстой. Монгол улс ерөнхийлөгчийн засаглалтай байх хэрэгтэй гэдгийг нь хүлээн зөвшөөрдгөөр барахгүй дэмждэг юм. Харамсалтай нь 1991-1992 онд шинэ Үндсэн хууль батлах үед тэрбээр энэ чиглэлдээ тэр үеийн Ерөнхий сайдын хувьд тууштай зогсож чадаагүй билээ. “Монгол улсын иргэдийн өрх гэрийн хэрэгцээнд хот суурин газар 0.08 га, хөдөө нутагт 1 га хүртэл талбай бүхий газрыг үнэ төлбөргүй олгож өмчлүүлэх…” тухай түүний солиотой саналыг ч би эрс эсэргүүцэж байгаа юм. Хэдий тийм ч, хөгжлийн хувь заяаг шийдвэрлэх газрын тухай хэд хэдэн санал нь бидний анхаарлыг татаж, сэтгэлд нийцэж буйг үгүйсгэх аргагүй юм. Үүнд: 1.Улс төрийн дэглэм, эдийн засгийн хэвшлээс үл хамааран Монгол орны оршин тогтнож, улс үндэстнийхээ эрхэм дээд эрх ашгийг батлан хамгаалах үндэс болсон тулгуур зарчмууд сулрах буюу алдагдаж болзошгүй. 2.Монгол орны эдийн засгийн амьдралын үндэс болсон бэлчээрийн мал аж ахуй, монгол хүн бие сэтгэлээрээ төлөвших орчин болсон нүүдэлчдийн соёл иргэншил нутаг усаа үнэ төлбөргүй чөлөөтэй эзэмшиж, нүүж, оторлож ирсэн уламжлал, соёлтой холбоотой бөгөөд төсөл энэ бүхнийг орхигдуулахад чиглэж байна. 3.Монголын хөдөө нутаг одоогийн техник технологийн түвшинд газар эзэмших эрх олгогчдын гарын ая харж, суурин амьдралд шилжвэл, бид газартайгаа хамт сүйрэх билээ. 4.Хуулийн төсөлд зааснаар хөдөө нутгийн ардууд өрхийн хэрэгцээнд нь өмчлүүлэх 0.05 га газрыг эс тооцвол үнэ төлбөргүйгээр ясаа тавих ч газаргүй хоцрох бөгөөд хэзээ аль ч цагт хуулийг хэтэрхий “сайн” биелүүлэх сонирхолтой төрийн төлөөлөгч ямар ч хэлбэрээр эзэмшсэн газраас төлбөр нөхөж, ямар ч завхрал гаргаж болох ажээ. /Тэр цаг хаяанд ирээд байна. Энэ нь саяхан батлагдсан ард нийтийн эрх ашгийг хохироосон газрын төлбөрийн тухай хууль бүлгээ. /О.Д/ 5.Зөвхөн тэнгэрийн хураар амьдардаг Монгол орны хувьд байгалийн булаг шанд, гол горхи, нуур цөөрмийг хүн ард чөлөөтэй үнэ төлбөргүй эзэмших асуудал амин чухал бөгөөд усны нөөц, түүнд хүрэх зам газрыг хувийн өмчид өгөх, загас, ургамал, амьтан үржүүлэхээс бусад тусгай зориулалттайгаар түрээсэлж эзэмшүүлэх асуудал огт байж боломжгүй. Хуулийн төсөлд энэ харьцааг орхигдуулсан нь цаашид энэ талаар нөхөж болшгүй хохирол учруулахад хүргэнэ. 6.Монгол Улсын Үндсэн хуульд Монголын иргэний эрх үүргийн талаар заасан заалтыг Татварын хууль тогтооход өрөөсгөл тайлбарласан зуршилд хөтлөгдөж, газрыг 18 нас хүрсэн иргэнд өмчлүүлэхээр хуулийн төсөлд заасан нь гадаадын цагаач хэн боловч Монгол улсад ирж, гэр бүл болоод хүүхэд төрүүлэн, газар өмчлөх эрх олгож, цаашид улс үндэстнийхээ нүүр царайг төсөөлөхөд бэрхшээлтэй байдалд оруулах төлөвийг нээж байна. 7.Цагаач хүн хэн боловч ясаа тавих өөрийн үнэгүй газар болох улс руу тэмүүлэх биз ээ! Ийм үнэтэй саналууд тавьж, зөв зүйтэй бодол илэрхийлсэн хэрнээ газрыг монгол улсын иргэдэд өмчлүүлэх тухай тэрбээр санал гаргасан нь өөртэйгөө ихээхэн зөрчилддөг хүн, нэг бодолдоо тууштай биш улс төрч гэдгийг харуулж байна. Тэрбээр “газрын тухай хуульд оруулах зарчмын 4 санал тавьсан бөгөөд тэдгээрээс “Монгол Улсын хилийн доторхи газар бүхэлдээ Монголын ард түмний үндэсний баялаг мөн бөгөөд түүний бүрэн бүтэн байдал, байгаль хамгаалах үүргийг Монгол Улсын төр, нийт иргэд хүлээн… Байгалийн тэнцвэр алдагдаж эдүгээ ба хойч үеийн хүн ардын эрх ашигт хохирол учирсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах асуудлыг Монгол Улсын иргэн хэн боловч, шүүх байгууллагад тавьж, шийдвэрлүүлэх эрхтэй. …Тусгайлан хил тогтоож олгосон эдэлбэр газраас бусад газар нь хөдөө нутгийн уугуул иргэд үнэ төлбөргүйгээр эзэмшиж, нүүж амьдран аж төрөх чөлөөт газар байна. Чөлөөт газрын ашиглалтын горимыг Монгол Улсын Засгийн газар тогтооно. Чөлөөт газар, төр, иргэдийн хамгаалалтад байна. Чөлөөт газрыг гадаадын иргэд, харьяалалгүй иргэдэд эзэмшүүлэхгүй. …Монгол Улсын нутаг дээр 16 жилээс илүү хугацаагаар байнга амьдарч буй гадаад улсын иргэд, харьяалалгүй хүмүүс, цагаачид Монгол Улсын иргэдтэй гэр бүл болж, өрх байгуулбал өрхөд дээр дурдсан хэмжээний газрыг 30 жил хүртэл хугацаагаар төлбөртэй эзэмшүүлэх бөгөөд түүнийг өвлөх, эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно. Газрын гадаргын ус, энгийн худгийн усыг инженерийн байгууламжгүйгээр ашиглаж, мал аж ахуй, газар тариалан эрхлэх, жимс мод тарих болон хөдөөгийн хүн амын ахуйн хэрэгцээнд үнэ төлбөргүй хэрэглэнэ. Гол мөрөн, нуур цөөрөм, булаг шандын ус нийтийн зориулалттай худаг, түүнд чөлөөтэй хүрч ус ашиглахад зайлшгүй хэрэгцээтэй зам газрыг иргэдэд өмчлүүлэх буюу аж ахуй, албан газрын эзэмшилд өгч, хашиж хязгаарлахыг хориглоно” …гэх мэт олон зүйтэй саналуудыг хожим “Газрын тухай хууль”-д тусгах буй заа. Д.Бямбасүрэнгийн зарим буруу, хөнөөлтэй саналууд Газрын тухай хуулинд тусгагдаагүй нь сайшаалтай ч, олон хэрэгтэй саналыг нь бас эл хуулинд суулгаж өгөх ёстой байсан. Д.Бямбасүрэнгийн санануудаас хамгийн анхаарууштай нь гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс, цагаачдад газар өмчлүүлэхгүй, түрээслүүлэхэд ч гэсэн хатуу хязгаарлалт тогтоох гэсэн эрмэлзлэл нь зөв зүйтэй юм. Эхээс мэндлэхэд надад алга дарам тоонот оноосон Энэ дэлхийхээс буцахын цагт надад хэдэн тохой газар өгнө Сүүлийн жилүүдэд өгзгөндөө “хөх толботой” болохыгоо сануулсан улс орон олширч, “бид та нартай удам судар, гарал үүсэл нэгтэй” гэж элдвээр нотлох гээд хамаасан садан болохыг ихэд эрмэлзэж буйг анзаарахгүй байх аргагүй! Манай монголчууд гэнэн ариун сэтгэлтэй, муу санаагүй болохоороо хөөрцөглөж, “тэр ч улс орон хөх толботой”, “энэ ч ард түмэн хөх толботой”, “бидэнтэй угсаа гарал нэгтэй” гэж онгирдог нь ирээдүйд биднийг “идэх” гэсэн холын санааг нь үл тааварлан зууш болж буй хэрэг! Хэдэн япон хүн Сибирийн тайга, нүд алдам уудам их нутгийг үзээд “бурхан яахаараа ингэж тэгш бус хуваарилна вэ” гэж хоолой зангируулан, нулимс цийлэлзүүлэн хэлж байсан тухай орос найз маань ярьж байсан. Япончуудын “Гурван гол” төсөл нь Чингисийн шарилыг хайх нэрийн дор хэрэг дээрээ энэ уудам их сав нутгийг хэдэн жилийн турш нарийн судлан, байгалийн баялаг, нефть, нүүрс, алт эрдэнэс нь хаа буйг шууд газар дээр нь тандан тогтоох оролдлого байсан гэж би хувьдаа үздэг. Тэд ч зорьсондоо хүрсэн биз. Харин үүнээс болоод Монгол улсад ямар ашиг олз оров оо? Гэхэд тоймтой хэлэх юм алга. “Говь” нэртэй төсөл ч гэсэн Монголыг маш нарийн судлах ажлын талбар болсон юм. Гадаадынхан Монголд тагнуул явуулж, ажил удахгүй, харин элдэв төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх нэрээр улс орны маань бүх нууцыг тандан мэдэж, гэнэн монголчуудыг өөрсдөөр нь “могой бариулж” байна. Баянхонгор аймаг бол “бичил Монгол” улс бөгөөд хангай, говь, тал хээр хосолсон өвөрмөц нутаг юм. Баянхонгорыг л сайн судалсан байхад Монголыг бүрэн гүйцэд танин мэдлээ гэсэн үг. Манайхны эрдэмтэн нэртэй юмнууд “Говь” төслийн төлөө “хөлөө хугалах алдан гүйлдэж, япончуудад бөхөлзөн долигнож, хамаг байдгаа дэлгэн, монгол ахуй амьдралынхаа бүхий л нууц жорыг задалсан хөдөөгийн гэнэн итгэмтгий малчид идээ цагаа хийх бүхий л аргаа зааж, мал маллах, цаг уур шинжих, өвс ургамал таних, бэлчээр нутаг сэлгэх, нүүдлийн аж ахуйн бүхий л нууцаа задалсан…”. Ийнхүү 1939 онд хэрэгжүүлж чадаагүй бүхнээ жараад жилийн эцэст тайван замаар, туслах нэрээр хэрэгжүүлж буй тэр хүмүүсийг ч бид муулаад яахав, өөрсдөдөө л гомдохоос!... * * * Харийн нэгэн зохиолч “Монгол орон бол дэлхийн эрдэнэсийн сан” гэжээ. Монголынх биш дэлхийнх шүү!... Хэрвээ Монгол нь дэлхийн эрдэнэсийн сан юм бол хэзээ түүнийгээ тэд эзэмшин эхлэх вэ?... яг одоо тэр үйл ажиллагаа нь эхлээд байхад Монголын төр, засаг чихгүй дүлий, нүдгүй юм шиг сууж буй нь гайхмаар! Биднийг сайхан үгээр дасгаж, чихийг нь илбэж, эрээн мяраанаар нүдийг нь хуурч байгаад нэг л өдөр “дэлхийн эрдэнэсийн санд” /Монголд/ дэлхийнхэн нь сэм сэмээр ирж суурьшсаар эзэмдэж авах тэр бэлтгэл одооноос, гэхдээ бүр тайван замаар, алгуурхан хийгдэж байна. Монгол хүн зах зээл, наймаа арилжааны сургийг дөнгөж сонсож байхад, оросууд хэдийнээ эхэлчихсэн, баруун европынхон бүрс дунд нь шумбачихсан, харин АНУ, Хятад, Япон, Англи зэрэг олон орон наймаалж бүрэн сураад мөлжих аргандаа орчихсон байсан. Үүнийг санагтун! Эх орноо гэж боддог иргэн хүн бүр сонор сэрэмжтэй, ухаалаг амьдрах цаг болжээ. Бидэнд үндэсний мэдрэмж, үндэсний эх оронч үзэл, үндэсний бахархал үнэнхүү ус агаар мэт дутагдаж байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах