Газрын төлөө жинхэнэ тулалдаан эхэллээ! О.Дашбалбар.Хөх тэнгэр сонин 1997 он 3-р хэсэг

НОЁН УРВААЧ, НОХОЙ ШАРВААЧ “Баяжих шунал нь хувь хүний чадал боломж болон нийгмийн түргэн хөгжиж байгаа техник хэрэгслийг ойрын хугацаанд хамгийн их орлого өгч чадах байгалийн тэр нөөц, объектыг цөлбөн мөлжих зорилгод ашиглах болов” гэж оросын эрдэмтэн И.Лаптев хэлсэн бол Америкийн эрдэмтэн Р.Парсон: “Удаан хугацааны турш, сүүлийн үеийг хүртэл, нефть олзворлож болох газрын эздийн хооронд нефть бүхий гэзэр нутгийг эзэмшихийн төлөө хатуу, ширүүн мулгуу тэмцэл явагдсан байна. Хүн бүхэн аль болох олон цооног өрөмдөхийг хичээж байв. Тэд “булаан авах” үхширмэл зарчмыг баримталж, айл зэргэлдээ хүнийхээ өрөмдсөн газрыг өөрийнхөө өрөмдлөгөөр үр ашиггүй болгохыг оролдох болсон байна. Нефть бүхий газар, ялангуяа бусадтай хил залгаа газар өрөмдөлгийн цамхаг зай завсаргүй дүүрсэн байна…. /М. Парсон. “Байгаль өр нэхэж байна” М. 1969 498 дахь тал/ “Хөрсөн доорхи зүйлийг хоёрдогч баялаг гэж хэлж болно. Түүнд тийм хялбар гар хүрэхгүй. Эхлээд амьтдын ертөнц, хөрс хохирдог юм. Газрыг ямар нэг панз худалдааны фонд гэж ойлгох болсон нь түүнд ухаангүй тэнэгээр хандахад хүргэсэн байна.хүмүүс түүнийг үрэлгэн, шунаг, утга учиргүй сүйтгэж байлаа. Хөрсний элэгдэл хүний бараг бүх үеийн турш дагалдсаар ирсэн бөгөөд урьд өмнө үзэгдээгүй их эрчимтэй болжээ. Европчууд өөрийн газар тариалангийн системийг туйлын тохиромжтой гэсэн бүрэн итгэлтэйгээр дэлхийн өнцөг булан бүрт очиж байлаа. Мянга мянган жилээр шалгагдсан газар боловсруулах аргыг хайр найргүй устган Британи, Испани, Голланд, Португалийн гэх мэт аргаар сольж байлаа Дагнасан тариалалтыг шийдвэртэй нэвтрүүлж эхлэв. Цаг уур, хөрсний нөхцөл байдлын ялгааг анхаарч үзэх нь ховор байлаа. Тив дэлхийгээр хар шуурга дайраад өнгөрсөн мэт болжээ….. Газар тариаланчид “бизнесменүүд” адил ажилласан бөгөөд тэд үнэхээр ч бизнесменүүд байлаа. Тэдний дурсгал нь тив бүхэнд үлдэж хоосорсон хөндий, үхэж мөхсөн ой болжээ….. Авилгач зангаар байгальд хандаж, түүнээс хэт ашиг хонжоо хайх явлад нийгмийн дэвшил хөгжлийн төлөө тугийн дор хийгдэж байлаа”. /И.Лаптев, “Оюуны өлгий” 44-р хуудас/ Тиймээ манай монголд өнөөдөр “нийгмийн дэвшил хөгжил” , “зах зээл”, “ардчиллын тугийн дор байгалийг хайр найргүй цөлмөж”, ямааг “ноолуур”, хонийг “арьс”, бугыг “эвэр”, зээрийг “мах”, баавгайг “доньт” гэж ойлгон эх орноо “дэлгүүр”, газар шороогоо “наймаа” болгон сагсуурагчид мянга мянгаараа сүрэглэн, харийханд үйлчилж, ихэс дээдэс маань ч Уут уут мөнгөөр Улсаа худалдсан сайдууд гуай Дэнс, дэнс мөнгөөр Дэлхийгээ худалдсан сайдууд гуай” болох гэж байна Манай зууны эхээр “Магнаг дээлтэй сайдууд гуай Манийгаа худалдаад гялайв уу” гэдэг дуу гарч, ардын бослого эхэлснийг бүү мартагтун “Ноён урваач, нохой шарваач” гэдэг үг эндээс гарсныг сануулахад илүүдэх юун. Таван урхи Харийн ноёд Монголын ихэс дээдсийг “таван урхи” хэмээх уран арга хэрэглэж, жолоо цулбуурыг нь атган, дуртай зүг рүүгээ залж байсныг бид мартах ёсгүй. “Эд мөнгө, алт нэгэн зүйл цулбуур, Эрх мэдэл, суудал нь нэгэн зүйл цулбуур , Элдэв гавьяа шагнал нь нэгэн зүйл цулбуур, Энхрий гоо охид нь нэгэн зүйл цулбуур, Энэ дөрөв дээр нэмэх архи дарс нэгэн зүйл цулбуур” буюу. Энэ таван зүйл цулбуурын аль нэгэнд хөтлөгдөхгүй хүмүүн бол тачаангуй хорвоогоос ангижирсан мэргэд л буй заа хэмээгээд тэд нэн ховор тул, ах халхыг атгах төрийн бодлогод эдгээрийг чиг болгосон байна. Төвдийг өөртөө нэгтэхийг тулд Вэньчүн гүнжийг Соронзонгомбо хаанд хатан болгосон түүх, МЭӨ 1 зуунд Ван Жаозю хатныг Хүннүгийн хаанд өгсөн явдал, Манжийн Энх-Амгалан хаан өөрийн нэг гүнжийг халхыг нөлөө бүхий том феодал Дондовдоржид өгсөн нь түүхэнд нэгэнт үлдсэн атал, хацар гоо охид маань харийн хүмүүстэй одоо ч дэр хувааж, ногоон, цэнхэр , шарнүдтэй хүрэгцүүл маань нутаг голомтоо орхин, Монголд суурьших, “нуган үр нутгаа сахидаг” ёсыг умартсан монгол хөвгүүд маань харин харийн оронд бөөн цөөнөөрөө охид даган одох болов. Монгол малын удмын санг хадгалах гэж зовдог байсан ард түмэн маань монгол хүнийхээ генийн санг хадгалах гэж бас нэг тэмцэл хийх цаг ирж дээ. Энэ маягаар бол бид гуч, дөчөөд жилийн дараа Жорж Гончиг, Жон Дамдин, Накамура Дорж, Смит Бадам, Ён Сан Бат, Ху Вэй Пүрэв нарын ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнд санал хураалгаж явах болов нь ээ дээ?…Үгүй гэхээр “хүний эрх” зөрчсөн хэрэгтэн болох биз дээ. “Харах нүд минь хараатай байхад харийн хүнд бүү очоорой”гэж Монголд суугаа япон охиндоо ээж нь захисан, охин нь ч түүнийг мартахгүй санаж явдгаа Монголын хэвлэлд бичсэн байхад, харин нэлээд өндөр албатай монгол эр “хоёр охин Унгарт сурдаг, нэг нь тэндээ бэр болсон, нөгөө нь Австрийн бэр болж байгаа” гэж бахархан ярьсныг сонссон чих минь хөөрхий! Дэлхий дээр тусгаар тогтнол, үндэстэн юугаа дээдлэн эрхэмлэж, төрийн мэргэн бодлого явуулдаг зарим улс гүрэн нөхөрт гарч, үр хүүхэд төрүүлээгүй эмсийг гадаад улсад илгээх ёсон үгүй нь цөөн буурай хүн амтай манайх шиг улсад анхаарууштай юм. Харин ямар ч улс орон төрийн дээд зиндааны болон нууц албаны хүмүүсээ гадаадын бүсгүйтэй суухад дургүйцдэг боловч, жирийн хөвгүүдээ гаднаас эхнэр авахыг нэг их хориглон буруушаадаггүй нь цус сэлбэх, удам угсаагаа цэвэршүүлэх нэгэн зүйл бодлого буй за. Харин эмс охидоо харийнхнаас хамгаална гэдэг бол эх орноо хамгаалахаас дутахгүй чухал тэмцэл мөн. Хүйсээр уусгах бодлого аль ч түүхийн үед, аль ч улс орон, аль ч төрийн хүчтэй бодлого байсан. “Хөрсөнд нь тариа цацаж” замаар хайлуулан уусгах, нэвтрэн шингэх бодлогыг өвөг дээдэс маань ухаалгаар сөрөн зогсож, өдгөө монгол үндэстэн цэврээрээ үлдсэн билээ. Манжийн ноёрхлын үед “дотор хүнтэй ойртсон монгол эмэгтэйн салхин доогуур ч бүү гар” гэсэн бичигдээгүй хүүль үйлчилж байсан тухай эрдэмтэн М. Зэнээ “Эрх чөлөөний үзэл санаа аман зохиолтой холбогдох нь” бүтээлдээ тов тодорхой дурджээ. Гэтэл сүүлийн 7жил монгол бүсгүйчүүд харийн хүн даган одох, эсхүл гаднаас ирэгсэдтэй самуурах нь цадигаа алдаж, үүнийг нь “хүний эрх”, “эрх чөлөө” гэдэг нэрийдлээр төрийн бодлогоороо зөвшөөрөхөд хүрсэн нь Монголын өнөөгийн төрийн эмгэнэлт явдал мөн. Эзэн Чингисийн үеийн Монгол бүсгүйчүүдийн ёс жудгийн тухай Плано Карпини “Тэдний эмэгтэйчүүд цэвэр ичимтгий, ёс журмыг сахидаг бөгөөд ичгүүр сонжуураа алдсан явдал дуулдаагүй” гэсэн байна. Урагшаа алхахдаа хоёр, ухрахдаа нэг алхах /газар эзлэх харийн бодлогоос/ “Эд мөнгөөр хахууль түлхэж, эзлэн захирах эцсийн бодлогыг” ч өнөөгийн төр хэрэгжүүлж байна. Гаднын “энэ олон зээл тусламж, элдэв фонд байгуулах, ивээн тэтгэх, худлаа урамшуулах, хуурамч магтаал, шагнао олгосны хариуд хэн юу хийж буйг тоймлох арга алга. “Пүүсний данжаадын өгсөн зээл Пүн цэнгээр хэмжигдэнэ Өөдгүй санааг нь мэдэхгүй бол Өрөнд баригдах нь гарцаагүй” гэж дээр үед дуулдаг байж. Энэ нь одоо яг биеллээ олж, өр зээлд баригдсан монголчууд шөнийн од шиг боллоо. Одоо Монголд газар өмчлүүлэхийг л гаднынхан өдөр шөнөгүй хүлээж шүлсээ залгиж байна. Хэрвээ газрыгяг одоо хувьд өмчлүүлбэл “хүр хорхой ялам модны навчийг мэрэн мэрсээр дуусахын адил хөршийнхөө нутгаас алга дарам хэмжээгээр аван авсаар дуусгана” гэсэн харь гүрнүүдийн төрийн хар бодлого нь олон зууны эцэст, бидний үед хэрэгжинэ гэсэн үг. Өр зээлэнд баригдсан ядуу монголчуудаас газрыг нь салгахын төлөө нүдээ бүлтийлгэж буй харийнханд тийм боломж бүү олго!…” гэж “Ардчилсан холбоо” эвслийнхэнд ахин дахин сануулъя. Өвөг дээдэс маань сөөм газрын төлөө яаж тэмцэж, үр хойчдоо алхам газар үлдээхийн төлөө хэрхэн шаналж, сэтгэж явсан жишээг санагтун! То ван хэмээх алдарт монгол эр, манжийн ноёдтой газар булаалдаж зарга үүсгээд, эцэст нь ер болж өгсөнгүйд “тэгвэл ганц эр үхрийн ширний хэмжээний газар л авъя” гэсэнд цаадуул нь зөвшөөрчээ. Чингээд То ван нас гүйцсэн эр үхрийн ширийг нарийхан зүсэж, уртасгасаар бүхэл бүтэн уул, их хэмжээний газраа уран аргаар харийнхнаас салгасан түүхтэй. Тэр үед “Монголын нийслэл Их Хүрээ, Улиастай, Ховдын хязгаарт байсан олон тооны пүүс, монгол нутаг дээгүүр аалзны тор татсан адил сүлжилдсэн доншуур наймаа, ганзагын худалдаа ард түмнийг шулан мөлжих хамгийн харгис үүрэг гүйцэтгэж, энэд үед Монголд ажиллаж байсан харийн худалдаачид жингийн гурван туухайтай байж, хөнгөн туухайгаар нь хүнд өгөх юмаа хэмжиж, хүндээр нь хүнээс авах юмаа хэмжиж, хуурч болохгүйг нь жинхэнээр нь хэмжиж байсан тухай” түүхэнд бичин үлдээжээ. УРАН АРГА Дотроос нь задлах, өвөр зуур нь тэмцэлдүүлэх арга бол их гүрнүүдийн зүгээс бага буурай орныг эзлэхийн тулд хийдэг үлэмж нарийн улс төрийн явуулга бөгөөд үндэсний эв нэгдлийг нь задалж, нэгдмэл байдлыг нь сарниулсан цагт юу хүссэнээ “өөрсдөөр нь хийлгэдэг” уран арга юм. Чухам үүнийг л “хоёр баавгай ноцолдохыг уулан дээрээс харж сууна” гэж томьёолсон буй заа. “Нэг бүдүүлгийн гарт могой бариулж, нөгөө бүдүүлгийг захирах буюу” хооронд эвдрэлцүүлэх энэ аргыг МЭӨ200-154 онд Хятадын Вэнди хааны түшмэл Чао Цо боловсруулсан гэж түүхчид үздэг юм байна. чухам энэ аргыг хэрэглэж манж нар 1635онд өвөр Монголыг, 1691 онд Ар Монголыг, 1758 онд Баруун Монголыг эрхшээлдээ оруулан колоничилсон гэж “М. Зэнээ бичсэн байна. Одоогийн Монголын олон намын хэрүүл ч үүнээс үүдэлтэй бөгөөд нөхөрлөх, хүчээ нэгтгэх, ойлголцох, бие биедээ тус болох явдал багасч, хардах, хүний мууд дурлах, задрах , тэмцэх явдал нь хүрээгээ тэлсээр эцэстээ “газраа гадаадынханд мэдүүлэх” аюулд тулж ирлээ. Аргаа барахаар аавынхаа толгойг маажина гэгч энэ буюу:”Өндөр модны мөчир дээр суугаад мөчрөө хөрөөднө” гэж ч үүнийг хэлдэг. Өнөөдөр газрыг хувьд хүнд өмчлүүлнэ гэж ярьж бүй хэн бүхэн нь манж нарын зүгээс Монголыг бүрмөсөн колоничлон дуусгах гэсэн улс төр-эдийн засгийн нэн харгис “Шинэ засгийн бодлого” гэгчийг / XIX зууны дунд үеэс эхэлсэн/ XX зууны эцсээр биелүүлж, эх орныхоо тусгаар тогтнолыг хөнөөх гэсэн балмад явуулга гэхээс өөр арга алга. “Тухайн үед Манжийн Засгийн газраас Монголын талаархи улалмжлалт бодлогоо өөрчлөх хэд хэдэн шалтгаан байв. Үүнд юуны өмнө Манж Чин гүрэн нь Монгол орны газар нутаг, хүн амыг бүр мөсөн колоничлон цөлмөх замаар үргэлж доройтож байсан сан хөмрөгөө өөд нь татаж, өөрийн байр суурийг бэхжүүлж, хоёрдугаарт нөлөө хүрээ нь улам өсөн нэмэгдсээр байсан Хятадын худалдаа, үйлдвэрийн хөрөнгөтнүүдийн Монголын зах зээлийг эзэмдэн колоничлох гэсэн шахалт шаардлагад автсан, гуравдугаарт гадаадын хөрөнгөтөн орнууд тал талаасаа Монголд өнгөлзөж байсан тул, Монголыг тэдэнд алдалгүй, өөрийнхөөрөө харьяанд чанд барьж байх зэрэг шалтгааны улмаас колоний шинэ харгис бодлого явуулах болжээ. Түүхэнд үүнийг нь “Шинэ засгийн бодлого” гэж нэрийдсэн бөгөөд энэ нь Монголд хятад тариачдыг үй олноор нь оруулан суулгаж, “цусгүй” колоничлон хятадчилах, монгол орныг манж-хятадын цэргийн хуаран болгох, гаднын нөлөө нэвтрэх нүх сүвийг хаах, Монголын хүчин тусгаардуу байдалтай явж устгаж, хятадын жирийн нэг муж болгож, газар нутгийн баялгийг нь цөлмөн бүрэлгэх, Монголын феодалуудын албат ард, хошуу нутгаа захирах эрхийг нь бүр мөсөн хасах зэрэг гол арга хэмжээгээр илэрч байв” Манжийн Засгийн газар “Хятад иргэдийг Монголд нүүлгэх товчоог” 1906 онд Бээжинд байгуулж, хятад иргэдийг Монголд цутган оруулахын зэрэгцээгээр Монголын тариалж болох бүх гарыг 50 хувь өртгөөр нь худалдан авах ажлыг эхэлж, Монголын эдийн засаг, ашигт малтмал, ажиллах хүч зэргийг 14 зүйлээр байцаан бүртгэж байлаа. Уг бүртгэлийн асуултыг жагсаавал: 1.Хятад, Монголчуудын тарианы газрын хэмжээ, тарьдаг тариа, хагалбарлаж тариа тарьж болох атар газрын хэмжээ; 2.Аль уул нуруунд ямар төрлийн мод ургадаг, түүний хэмжээ, тэдгээр модыг хаашаа тээвэрлэн юу үйлдэх, хэрхэн худалдаалж болох албаны тусгай худалдах газар байгуулбал ямар; 3.Бүх малын тоо, бэлчээр нутгийн хэмжээ, ямар мал хаана нутаглах, мал адгуулж, бордож тэжээх ямар арга, боломж буй; 4.Хаана, ямар нэртэй газар ямар ямар гөрөөс, ан амьтан буй, ямар хүмүүс тэдгээрийг агнадаг, мэргэшсэн анчин буй эсэх, ангаас орж болох орлого, агнах арга; 5.Малын арьс шир, унгас ноос, эвэр туурай зэргийг ашиглан боловсруула үйлдвэр хаана нээж болох; 6.Ямар, ямар ашигт малтмал хаана хаана байдаг, түүнийг хэрхэн ашиглаж болох; 7.Аль нуруу, гол мөрөнд ямар төрлийн загас буй, түүнийг агнадаг эсэх, цаашид хэрхэн ямар аргаар агнаж болох; 8.Хаана хаана давстай нуур буй, тэдгээрийн хэмжээ, түүнийг хэрхэн ямар хүмүүс ашигладаг, давсыг хаашаа тээвэрлэн худалдаж, ашиглаж болох; 9.Хошуудын цэрэг, зэр зэвсгийн тоо, хэмжээ цэргүүдийг хэрхэн сургаж боловсруулдаг, цаашид хэрхэн тэгшитгэн шийдэх; 10.Хошуудын сургууль, түүний сурагч, багш нарын тоо, шинээр нэмж сургууль байгуулсан газар хэд, юуг баримтлан хэрхэн байгуулсан орон тоо, цаашид хэрхэн төлөвлөж буй; 11.Аймаг хошуудын өртөө, тэнд ажиллагсдын тоо, зардал сүйтгэлийн хэмжээ; 12.Аймаг хошуудын нутгийн зах зааг, хэмжээ, хаашаа ямар хошуу, аймаг, улстай хиллэдэг; 13.Аймаг, хошуудад байсан хятадын худалдаачдын тоо, тэдэнд хашаа хүрээ буй эсэх, хаана гаднын хүмүүс голлон юу худалдаалдаг, юу худалдвал гүйлгээ ашигтай, цаашид худалдаачдыг хэрхэн ирүүлж байх; 14.Хятадын аль мужаас худалдаачин, цэрэг нүүдлийн иргэд ирэхэд тохиромжтой их зам буй, төмөр замыг байгуулбал хаанаас залган хэрхэн байгуулж болох зэрэг болно. Энэхүү “Шинэ засгийн бодлого” гэгчийг тэр үедээ Монголын ард түмэн сүрхий эсэргүүцэж байсан бөгөөд 1906 оны 6 дугаар сарын 28-нд “Сэцэн хан аймгийн чуулганы даргаас харъяат аймгийн олон хошуудад тариа тарих газар байхгүй хэмээн явуулсан бичиг” буй. Үүнд: “… Урьд бадаргуулт төрийн хорин наймдугаар онд /1902 он/ сайдууд таны газраас иргэдийг /хятадуудыг, монгол газар гэр байшин бариулах, тариа тариулах зэрэг учир тушаасан тухайд, манай Сэцэн хан аймгийн олон засаг хошуудаас бид зүй нь уг тушаалыг хичээнгүйлэн даган явуулбал зохино. Гагцхүү манай Халхын монголчууд ер язгуураас тариалан, хүрээлэнгүй, гацаа хүй байгуулсангүй, цөм өөр өөрийн нутгийн газар мал үржүүлэн, сайн бэлчээр усыг дагаж нүүж нутаглана. Алба барьж аж төрөх нь гагцхүү дөрвөн зүйлийн малд итгэнэ. Бас ч малыг адуулж, үр шимийг байгуулах нь цагийн улирлыг дагаж, сайн өвс усыг эрж нутаглах бөгөөд манай тус тусын нутгийн дотор мод, чулуу ширэлдэн ургасан хөвч өндөр бэрх, хахир халцгай говь, хуурай шил цөл газар үлэмж, ер сайн ус, өвч бүхий газар явцуу бөгөөд үүнд, олон иргэд зэргээр ирж, дураар газар хагалан тариа тарих, байшин гэр, дэн пүүс байгуулж, өрх амыг авчирч наймаа гүйлгэх болбоос, нутаг улам явцуудаж хуучин хэвээр цаг улирлыг дагаж өөрсдийн дуртай нутгийг сонгон мал адуулан үржүүлж, албыг барьж амьсыг тэжээн аж төрөхөд үнэхээрийн тусгүй гэх ч байтугай, хэл нэвтрэхгүй эр, эм иргэд монголчуудын хээр тал газар хольцолдон сууж, ямар зүйлийн ёс бусаар явж, балар будлиан өдүүлэхийг огт үгүй болгон чадахгүй…” /”Монголын ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл” баримт бичгийн эмхтгэл /1900-1914/ номын 33-р тал/ Өвөг дээдэс маань ямархан ухаанаар харийн санаархлыг няцааж газар нутгаа өмгөөлөн, үр хойчдоо үлдээхийн төлөө тэмцэж явсан алтан түүхийн жирийн нэг хуудас сөхөхөд л ийм байна. Тэрхүү “Шинэ Засгийн бодлого” гэгч 14 зүйл асуулга нь өнөөгийн дэлхийн эзэрхэг түрэмгий, зальт олон улс гүрэн манийг мөн л ийн сонирхож, сонжин туршиж, тандан буйн шинж, эрхэндээ авахын тулд хичээнгүйлэн судалж буйн хуулга нь “өнгөрсөн цаг” дор тодорсон гэлтэй. Өдгөө ч биднийг тийн тандаж, сүүлийн 7 жил нэгэнт нууц үгүй болсон тул, ардчилал, ил тод байдал гэгчийг далимдуулан харийнхан мэдэх гэсэн бүхнээ мэдэж, судлах гэсэн бүхнээ судалж, юунтэр 14 зүйл байтугай 14 мянган зүйл нууцыг ч алдсан буй. ИЧГҮҮРТ ҮЕ Өвөг дээдэс маань монгол эх орон, газар нутагт минь шунасан харийн хүмүүст өнөөдрийн та бидэн шиг найр тавьж, өмнө хойно нь бөхөлзөн гүйж, хүссэн бүгдийг нь биелүүлж, яс горьдсон нохой шиг “юу өгөх бол! Гэж царайчилж яваагүй ээ! Энэ манай цаг үе бол ичгүүрт үе, ичгүүрт үрс! Тэр нэгэн эрт цаг дор монгол газар хятад худалдаачид ирэх журмыг Монгол цааз хуулийн 34 дүгээр дэвтэрт юу гэж тогтоосныг үзье. “Дотоод газрын хятад хүн хаалга /цагаан хэрэм Л.Ж/ гарч Монгол газарт худалдаа хийхэд Цахар хошууг захирах сайд, Хөх хотын жанжин, Долнуурын бүгдийг мэдэгчээс жургааны тэмдэгт бичиг олгохыг гуйн мэдүүлэхэд, харьяат сайд түшмэдээс жургааны тэмдэгт бичигт тэдний овог, нэр, одох газрыг бичиж, хугацааг нэг жилээс хэтрэхгүйгээр олгож, тэдний одох газар орны сайд түшмэдэд нэгэнтээгүүр тусгай бичиг явуулж, байцаах тэмдэг болгоно. Тэдний очсон газрыг сайд түшмэд байцаан үзэж, уг хугацаанд шавдан буцаана. Хэрэв зөрчигчид ба бас ч тэмдэгт бичиг үгүй зоргоор худалдаа хийгчид буй аваас цөмийг 2 сар дөнгө дөхгөлж, өдөр /хугацаа Л.Ж/ дүүрсний хойно 40 туйван занчиж, уг нутагт буцаана. Худалдааны юмын нэг дундуурыг албанд оруул. Бас Монголчуудад мөнгө хүүлбэл болохгүй. Бас хугацаа өнгөрсний хойно монгол газар залилан оршиж суувал цөм 2 сар дөнгө дөнгөлж, өдөр дүүрсний хойно 80 чавчрага занчиж, уг нутагт бичиг дагалдуулан хүргүүлж, үүрд Монгол газар ирүүлэхгүй болго!. /Г.Сүхбаатар Л.Жамсран БНМАУ. Түүхийн дээж бичиг. 1 дэвтэр, 138 дугаар тал/ Ийнхүү өөрийн нутагтаа эзэн шиг эзэн явж, хүний хүнд “чиний юм биш” гэдгийг нь мэдүүлдэг асан ухаант дээдсийн ачаар энэ Монгол та бидэнд хүрч ирсэн билээ. Ер нь гадаадын шунахай худалдаачид, мөлчигчид ард олныг хэрхэн залилж байсныг доорхи жишээнээс харж болно. Энэ бол 1844 онд Монголоор аялсан Францын жуулчин Е.Р.Гюк-д нэгэн хятад худалдаачны ярьсан зүйл болой. “…Бид худалдаачин монголчуудыг дураараа залгиж байна. Та монголчуудыг ер мэдэхгүй байна. Харахгүй байна уу? Тэд чинь цөмөөрөө хүүхэд шиг улс. Дэлгүүр пүүсний газар ирэхдээ юу харсан болгоноо л авах гэдэг. Мөнгө нь хүрэхгүй бол бид тусалдаг. Бид тэдэнд эд бараагаа зээлээр өгөхөд, тэд сүүлд илүү үнэ өгөх ёстой. Түүнээс 30-40 хувийн ашиг олно. Энэ ч зүй ёсны хэрэг шүү дээ. Бага багаар хүү өссөөр, хүүгийн хүү болж үржинэ. Бид тэрийг авна. Зөвхөн Монголчуудтай ингэж болно.Жил бүр бид Монгол нутгаар хэрэн явж, өр нэхэмжлэн хүүг хураахад үхэр, хонь, адуу, тэмээ тэргүүтнийг өрөндөө өгдөг. Энэ нь юутай ч зүйрлэшгүй их ашиг юм. Бид тийнхүү маш хямд авсан адуу мала зээлийн газар туйлын үнэтэй алтан хайрцаг даа”. /Е.Р.Гюк. Воспоминания о путешесствии по Татарии. /1843-1844/ СПБ1866 г.228-230 дахь талд/ Одоо ч гэсэн Монголчуудын гадныхантай хийж буй наймаа энэ л билээ. Тэд биднийг тохуурхаж, элэг доог болгож, шулж мөлжсөөр байхад бид үнэт эдлэл, үс ноос, ноолуур, бугын эвэр, арьс ширээ гаргаад оронд нь хөгцтэй будаа, төмөртэй сахар, хэврэг бараа авч, өөрийгөө хуурсаар л… МАНЖИЙН ДАРАНГУЙЛАЛ СЭРГЭЖ… Халхын том феодалуудаас Орос улсын эзэн хаанд 1911 онд илгээсэн бичигт: …”Нэгэн зүйл: Монгол газарт шинэ Засаг дэлгэрүүлэх нэрээр шалтгаалж олон иргэнийг нэн үлэмж хуруулан Халхын хойт хязгаарын хэд хэдэн хошууны нутгийг зөнд нь хагалан тариа тариулж нутаглан суулгахаар нэгэнт тогтоож бүхий нь Монголын амьдралыг нэг мөсөн тасалж, харъяат, хязгаар захыг баталъя гэсэн санаа лавтайяа мөний тул цухалдаж хорсох билээ. …”Нэгэн зүйл: Монгол газарт олон иргэнийг хуруулж муж байгуулан олон хятад түшмэдээр эрхийг бариулан монгол олон засгуудын эрх хүчийг бууруулан хасахаар завдаж буй нь үнэхээр тачаалтай билээ. …”Нэгэн зүйл: Манай монгол Манж улсад дагаж орсноос хойш олон зальхай иргэд наймаа худалдааны учир өөрсдийн юмыг онц их үнээр худалдан өгөх бөгөөд манай монголын мал юмыг боогдуулан хялбар үнэнд авах ба мөнгө зоос зээлдүүлбэл хүүгээс хүү үржүүлж авсаар нэгэнт яс чөмгөнд хүртэл ядууруулсан бөгөөд одоо шинэ Засаг хэмээн нэрийдэж, олон зүйлийн юмнаас цөм гааль татвар хурааж, улмаар мөлжин элдэв зүйлээр үрэгдүүлэн бүхий нь манай Монголын хүчин яахин тэсэх билээ…” Ийнхүү өвөг дээдэс маань хумсаа хугартал, мөрөө мөлтөртөл улсаа гэж хөл хүрэх газар яаж, хэл хүрэх газар хэрэлдсээр энэ Монгол Улс өдгөө бидний үед хүрч ирэв. Байдлыг нягталбал одоо цагийн ноёд, баячуул нь тэр цагийн манж хятад иргэдээс долоон дор, хэцүү бэрх бодлого явуулах хийгээд улс гэр маань тэр цагийн Монголоосоо дор, бусдын эрхшээлд орох цаг ирэв. Түүхийн ухааны доктор Гүнжийн Сүхбаатар агсан “Оройн дээд шүтээн минь Монгол Улсын тусгаар тогтнол” хэмээх ярилцлагадаа /1992-3-25 ¹33/18067/”Үнэн” сонин/ “…Зарим нэг хүч буруу тийш эргүүлж, манай улсын тусгаар тогтнолд аюул учраад байна. Ер нь шуудхан хэлэхэд Манжийн дарангуйлал сэргэж эхэлж байгаа шүү гэдгийг түс тас хэлчихэд буруудахгүй. Хил хязгаар маань цоорхой сав шиг болчихжээ. Эх орныг авч яваа гол хүч ажилчин, малчинг хэсэг зальт хүмүүс завшиж байгаад сэтгэл түгшиж, харамсаж явдаг. Хийдэг нь хохирч, хийдэггүйнх нь түрийвч зузаардгийн учир юу вэ?...” гэж хилигнэн бичсэн нь одоо яг ёсоор болж байна. Өдгөө цагийн Монголын баячуул өөрийн ядуу ард түмнийг шулан баяжиж, гадаадын шунахай дээрэмчидтэй хамтран мөлжиж, өчүүхэн нь ч үл хайрлах нь манж, хар данжаадаас ялгаа юун?…Өдгөө уагийн “Ардчилсан холбоо” эвслийн гэгдэх төр засаг нь тэр цагийн Манж улсын “Шинэ Засгийн бодлого” гэгчээс үл дутах харгис бодлого явуулж татвар, түрээсийг зүй бус ихээр нэмж, жир олныг дарамтлах элдэв тусгай хороо, газар, албыг энд тэндгүй байгуулах нь “Манжийн үед Монголчуудын аж ахуйн орлого түлээ мод болон бусад тээврийн зүйлээс хүртэл гааль хурааж, Монголд байсан хуучин засаг захиргааны дээр цэрэг бэлтгэх газар, цагдан сэргийлэх хороо, ой модны түрээсний ерөнхий ба салбар хороо, эрүүлийг хамгаалах хороо, хэмжээт засгийн явдлыг сүвэгчлэн бэлтгэх газар, гадаадтай харилцах хороо гэх зэрэг хорь орчим шинэ албаныг байгуулснаас” дутахгүй үйл явуулж буйг ойлгохгүй байна. Ядуу ард түлээ нүүрснийхээ үнийг ч дийлэхгүй, өлөн зэлмэн суух, жир албан хаагч байр сууцныхаа үнийг дийлэхгүй орхиж явах, оронд нь гадны мөнгөтэй баячуул шилжин суурьших, эмч, багш нар нь амьдрахын эрхээр мэргэжлийг орхин арилжаа, наймаа хөөх, үндэстний мэргэжилтнүүд нь гадаадынханд шахагдах, улс орныг минь гадаадынхан “Дэлхийн банк” “Олон улсын валютын сан” зэрэг зальхай байгууллагуудын тусламжаар гартаа оруулж, дураар хөтлөх аюул бодитойгоор оршиж эхлэв. Монгол эхийн алтан хэвлийгээс төрж, монгол эцгийн зүрх цээжинд нь цохилж буй хөвгүүн бүр амин хувийн ашиг тусыг огоорч, эрхгүйеэ улс гэр юугаан эс болох аваас, алтан дэлхий түмний тоосонд хоцорч, алмайран мунхарсаар эцсийн өдөр идэх хоол ч үгүй, орох орон ч үгүй, гишгэх газар ч үгүй үлдэж болохын дан тэмдэг илэрсээр байна. Хэрхэхийг ухаант Монголчууд, түүний дотор “улсаа” гэх сэтгэлтэй зоригт хөвгүүд санатугай. “Гагцхүү аймаг, хошуу орон сумуудын шинэ өрийг нийлүүлбэл бүгд 30 сая лан магад хүрэх болсноос, энэхүү өрийн төлөөсөнд хошууны ард албатын хөрөнгө хогшил барагдан дуусч, үгүйн туйлд хүрсэн тул, үл гаслах хүн нэг ч үгүй болжээ…” /Олноо өргөгдсөний долдугаар /1917/ оны цагаан сарын шинийн нэгний өдөр гарсан “Нийслэл хүрээний сонин бичиг”-ийн 46-рт/ Наяад жилийн өмнөх дээрх явдал өдгөө дахин давтагдаж, үгүйрэн хоосорсон хүн түм бум, үглэн гаслах хүмүүн үй олон болж, улс орны өр өдрөөс өдөрт нэмэгдэж, үо хоочийн маань нуруун дээр даахын аргагүй ачаа үүрэгдэж буй. Өнөөдөр газрыг гадаадынханд өмчлүүлэх хүсэлтэй хүмүүс бол өрийг түүгээр золиосолж, өөрсдийн хувийг харийн эздээсээ хүртэх гэсэн золгүй амьтад буй! Монголчууд газрыг хувьдаа өмчилж байгаагүй Зарим этгээд Монголд газрыг хувьд өмчлөх явдлыг 1921 онд л устгасан мэтээр түүхийг гуйвуулж, иргэдэд өмчлүүлэхийг шаардаж буй нь зүйд үл нийцнэ. Түүхэн сурвалжуудаас үзэхэд газрыг Монголчууд хувьдаа өмчилж байсангүй. Энэ тухай академич Ишжамц, Далай, доктор А.Жамсран, Д.Гонгор, Г.Сүхбаатар нарын бүтээл, тэрчлэн “Нууц товчоо” зэрэг алтан сурвалжид ч монголчууд газрыг хувьд өмчлүүлж байгаагүйг хоёрдмол санаагүй тэмдэглэжээ. Бүр Хүннү нарын үеэс Монголчууд байгаль, цаг уур, газрын хөрсний байдлаас болж, тариалан олигтой хөгжүүлэх чадалгүй, нийт хүн амынхаа амьдралыг бүрэн дүүрэн хангах тарих будаа авах боломжгүй байсан тул газар нутагтаа зохицож, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг ард түмэн болж хувирсан бөгөөд, одоо ч биднийг тэжээж, ам тосдож буй гол аж ахуй, үйлдвэрлэл маань мөнөөх л мал аж ахуй билээ. “Дөрвөн цагийн аясаар дураар нүүх нутагтай” гэж их Нацагдорж зүгээрч нэг хэлээгүй юм. Газрыг хувьд өмчлүүлэх нь ХЯтад төвийн үзэл буюу тариалан Төвийн үзэл /агроцентризм/ баримтлагч, урвагчдын явуулга бөгөөд “гун” /алба барих/, “шуго” /түшмэг буюу хараат улс болох/, “нэй шу” /дотор дагаар оров/ гэх мэт нэр томъёог хятад төвийн үзлийг шүүмжлэх үүднээс…авч үзэх хэрэгтэйг нэрт эрдэмтэнд доктор Г.Сүхбаатар “Монголчуудын эртний өвөг” хэмээх гайхамшигт номынхоо 15 дугаар хуудсанд тов тодорхой бичсэн буй. “Байгаль-цаг уур, газар зүйн онцлог, хүн төрөлхтний үйлдвэрлэх хүчнүүдийн хөгжлийн төвшинг үл харгалзан суурьшмал орны нийгэм-эдийн засаг, соёлын хөгжлийг шалгуур загвар болгоод тариалангийн ба нүүдлийн мал аж ахуйг хооронд нь, суурьшмал ард түмний ба нүүдэлчин ард түмний нийгмийн байгууллагыг хооронд нь сөргүүлэн хиймлээр жишиж, тариалангийнхнийг буюу суурьшмалыг мөн л хиймлээр дээгүүр тавин, тэр байр сууринаасаа нүүдэлчдийн эдийн засаг, соёлын хөгжилд хандах” болсон үзлийг чухамдаа тариалан төвийн буюу хятад төвийн үзэл гэж доктор Г.Сүхбаатар агсан тайлбарласан юм. Үүнийг алтан хараацайнууд үеийн үед санах ёстой. Монголын төрт ёсны уламжлалыг эвдэн хаан ширээг булааж, улс орны хөгжлийн чиглэлийг өөрчилсөн Хувилай хаан бага залуудаа өөрийн төрсөн эхийн хамт их Хаан Өгөөдэй дээр орж: Бид хоёрт разар эзэмших эрх өгөөч: гэж гуйсанд эхэд нь одоогийн Хятадын Хэбэй мужийн Чжэньдинд, өөрт нь Синчжоу гэдэг газрыг өгч, бүүр багаасаа хятадуудын дунд амьдарсан. Түүний дэргэд Доу Мо, Чжао Пи гэдэг хоёр том өвгөн хятад зөвлөх үргэлж ажилладаг байсан хийгээд тэд Хувилайн хүүд Чжэнь-Зинь /Шижир алт/ гэсэн хятад нэр өгсөн. Чингисийн алтан ургийн хүмүүжилгүй, тэр чигээрээ хятад боловсрол, хүмүүжил, сэтгэлгээтэй Хувилай хаан Их Монголын Хар Хорум нийслэлийг улсын төвөөс нь бүрэн болиулж, Бээжинд Шинэ нийслэл байгуулж, Их Монгол Улсын нэрийг өөрчлөн “Юань улс” гэж нэр өгсөн, жинхэнэ төв, эх нутагтаа буй ах дүү Монголчуудтайгаа удаа дараа байлдсан зэрэг ёс бус ажлаараа их Монголын сүр хүчийг сарниулж, хожмын олон үед буурахын шалтаг болсоныг доктор Г.Сүхбаатар “Оройн дээд шүтээн минь Монголын тусгаар тогтнол” ярилцлагадаа дурдаад “Хувилайн ард талд Монгол газар нутаг маань “цусны хангамж” дутсан зүрх шиг хатаж хорчийж байсан юм шүү” нэж сануулсан. Өнөөдрийн газрыг “өмчлөлд өгөх” гээд буй хүмүүсийн ажил бол чухам дээрээ Хубилайн санаа ХХ зууны эцсээр биеллээ олж, Монголын өөрийн нутаг дээр шинэ Юань улс бий болгох гэсэн далдын муу явуулга гэлтэй. Эртний Монголчуудын хувьд газар нь нэг талаас хөдөлмөрийн зүйл болоогүй /тариалангийн О.Д/ харин газрыг уугуул байгаа байдлаар нь ашигладаг /бэлчээр, өвс, усыг даган нүүдэллэх/ байсан тул, өмч бус нийтийн эзэмшил байжээ. Нөгөө талаас их хаад нь газрыг том феодалууддаа хуваарилан үе залгамжлуулан эзэмшүүлж байснаас бус, өмчлүүлж байсангүй. Энэ нь газар үндсэндээ төрийн мэдэлд, улсын өмч байсан гэсэн үг бөгөөд тэр үеийн их бага хаадын аль алин нь “өөрөө төр засаг” байсан юм. Томоохон феодалуудын эзэмших газар дээр амьдрагч жирийн нүүдэлчин ард ч ялгаагүй, мөн эзэмшлийн газраас өөрт ноогдсоныг л эзэмшиж байсан. Өөрөөр хэлбэл тэр үеийн нийгэмд газрыг бэлчээрийн хувьд ашиглаж байсан нь үндсэн үйлдвэрлэлийг явуулахад /мал аж ахуй эрхлэхэд, газар нь хөдөлмөрийн хэрэгслийн үүрэгтэй байжээ гэсэн үг. Тариалан шүтсэн ард түмэнд газар үйлдвэрлэлийн ганц гол хэрэгсэл болдог бол, нүүдэлчдийн хувьд газар нь малаас гадна, үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл болдог тул эртний монголчуудын өвөг Хүннүгийн нийгэмд газар нь өмчид байв уу, эзэмшил, ашиглалтад байв уу…гэдэг асуулт гарна. Дунху-гийн хил орчмын хүн нутагладаггүй хэсэг газрыг нь гуйхад “газар бол улсын үндэс мөн” гээд өгөх гэсэн түшмэдийнхээ толгойг авч, дунху нарыг бут цохисон явдал бол “Хүннү нарт газар улсын өмч байсны гэрч мөн”… <<…”МЭӨ 198 оны Хүннү, Хятадын гэрээгээр Хүннү, Хан улсын хоорондын хил нь: Хяталын цагаан хэрмээр зааглагдан тогтоогдсон, мөн хүннү, дунху хоёрын хилийн зааг дахь хүн нутагладаггүй хэсэг газрыг Дунху нар авах гэж байсан болохоор тэдгээрийн хооронд хилтэй байсан. Тэрчлэн хүннү нарт хил хариуцсан “оуто ван” гэгч байсан болохоор Хүннү улсын хувьд газар бол улсын дэвсгэр нутаг, улсын өмч байжээ”…* гэж “Монголчуудын эртний өвөг” гэдэг эрдэм шинжилгээ, судалгааны томоохон бүтээлийнхээ 61, 62-р хуудсанд доктор Г.Сүхбаатар дурджээ. Тэрбээр Хятад сурвалж бичгээс иш татаж “Тэд /Хүннү нар/ газар боловсруулалтыг /гэн тянь. С5 эрхэлдэггүй боловч, тус бүр хувь газартай /фэньди, с47/” гэжээ. Цааш нь Хүннү улсын зүүн, баруун сэцэн ван, зүүн баруун гули ван нь хамгийн том эзэмшилтэй /да го, с48/” гэжээ. “Фэнь ди” гэдэг нь хувь газар гэсэн үг юм байна. /О.Д/ ^Хүннү мэтийн нүүдэлчдийн “хувь газар” гэж түмтийн дарга нар гэх ерөнхий нэрээр нэрлэгдсэн ван, жанжин нарын захиргаанд байсан нутгийг ойлгох хэрэгтэй нь бүрэн тодорхой байна. “Фэнь Ди” гэдгийг ийнхүү ойлговол түүний Сыма Цянь, Бань Гу хоёр түүнийг чухам үүнтэй ойролцоо утгаар хэрэглэсэн гэж үзүүштэй. Ингэхлээр “Фэнь Ди” бол Хүннү-гийн Шаньюй-гаас нутаглаж буй хүмүүсийн хамт, түмтийн дарга нарт захируулан ашиглуулахаар өгсөн /өмчлүүлэхээр биш О.Д/ нутаг, өөрөөр хэлбэл Хүннү Улсын ван гэх мэтийн хэргэмтэй түмтийн даргын албан тушаалтай хүмүүс хэргэм, албан тушаалтайн эрхээр улсын захиргааны нэгж болох нутгийг орших хүмүүсийн хамт захирч байсан явдал мөн… Иймд “Фэнди” бол газрын хувийн өмч бус, харин эзэмших нутаг юм… Хүннү-гийн Шаньюй “хувь газрыг” /Фэндийг/ шууд олгож, хураан авах эрхтэй байсан явдал бол Хүннү улсын хааны /Шаньюй/ хувьд улсын нутгийг олгох эрхээ эдэлж буй явдал гэж үзүүштэй^… Хүннү улсын дэвсгэр нутаг бол нэг талаар улсын өмч газар, нөгөө талаар малын бэлчээр мөн. Түмтийн дарга нар төрийн захиргааны нэгжийн толгойлогчийн хувьд нутаг бэлчээрийг эзэмшин ашиглаж байсан байна… “Фэнди” бол газрын хувийн өмч бус байсан учраас сурвалж бичигт газрыг худалдан авч, өгөлцөх ажиллагааны талаар огт дурдаагүйгээс гадна, Хүннү-д дагаар орсон Вэй Люй, Су У зэрэг Хятадын элч, жанжин нарт хүннү нар хэргэм шагнаж мал олгож байсан тухай дурдаад, газар олгосон тухай мэдээ огт байхгүй байна…/доктор Г.Сүхбаатар “Монголчуудын эртний өвөг” ном/ Иймд монголчуудын нэн эртний өвөг Хүннү-гийн үеэс эхлэн нийгмийн үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл болох газар, мал хоёроос зөвхөн малыг л хувьдаа өмчилсөн бөгөөд газрыг өмчлүүлсан ямар ч баримт алга. Жирийн нүүдэлчид нь улсын иргэний хувьд, нөгөө талаар түмтийн дарга мэт ноёлогч хэсгийнхний харъяатын хувьд Улсын захиргааны нэгж нутаг бэлчээрт хамрагдаж, өөрт оногдсон газарт малаа дагаж амьдарч байжээ. Энэ явдал Чингисийн үеэр дамжин, Монголын бүх түүхэн үед үргэлжилж, газрыг дээрээс доош бүгд л нутаг захиргааны нэгжээр эзэмшиж, ашиглаж байсан болохоос бус, хэнд ч өмчлүүлж байсангүй. Газар бол улсын өмч, төрийн өмч байв. XIII зууны үед ч нэг ёсны “Фэнди Ди” байсныг Г.Рубрук ажиглаж, түүхэнд үлдээхдээ: “Ноёд бүр цөөн буюу олон хүн захирч байгаагаас харгалзан бэлчээрийнхээ хязгаарыг, тэрчлэн өвөл, зун, хавар, намар малаа хаана бэлчээрлүүлэх ёстойгоо мэддэг” гэжээ. Нүүдэлчдийн газар эзэмшлийн тухай эрдэмтэн маань К.Марксаас иш татаж ”…Үүнд улс бол газрын дээд өмётөн мөн. Үүнд дээд эрх бол улсын хэмжээгээр бөөгнөрсөн газрын өмч мөн. Гэхдээ газрыг, хүйгээр ч эзэмшиж ашиглах явдал байх боловч, газрын хувийн ямар ч өмч байдаггүй юм” /1.XXY, 2-р дэвтэр 354/ …”Эдгээр хүмүүсийн /газар эзэмшигчдийн Г.С/ хууль цаазны мэдэл, хэсэг газрыг ашиглаж хэрэглэх тэдний эрх мэдэл нь юуг ч шийдвэрлэхгүй. Ашиглалт нь эдгээр хүмүүсийн хүсэл зоригоос шалтгаалдаггүй эдийн засгийн нөхцлүүдээс шалтгаална” гэж хэлснийг / “Капитал” III боть, 1.XXY, 2-Р дэвт. 165/ зориуд онцгойлон авчээ. Монголд өнөөдөр газар өмчлүүлэх үү? Үгүй юу?… гэдэг асуудал нь гагцхүү тусгаар тогтнолоор хэмжигдэж газар нутаг нь уудам, хүн нь цөөхнөөр тооцогдож, эдийн засаг доройтсон, ард түмэн нь ядуурсан, хоёр их гүрний хоорнод оршдог, цаг агаарын нөхцөл хатуу ширүүн, уугуул эртнээсээ газар тариалан эрхэлдэггүй, нүүдлийн мал аж ахуйг эрхэлж, бэлчээрээ хамтран эзэмшиж ирсэн зэрэг бусад олон хам нөхцлөөс шалтгаалж буйг ойлгохгүй, өөрсдийгөө “ардчилагч” гэж нэрлэсэн хэсэг хүмүүсийн хүсэл зоригоос шалтгаалж, ямар ч тооцоо судалгаа, элс хэтийг харсан бодлогогүйгээр газрыг өмчлүүлэх гэж оролдох нь 1990 оны өмч хувьчлалын лай ланчгаас гарч чадахгүй тэлчилж буй ард түмнийг бүр өмхий намагт унагаж, живүүлэн алах гэсэн холын санаа, урт гарын явуулга гэж үзэхээс өөр арга алга.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах