Газрын төлөө жинхэнэ тулалдаан эхэллээ! О.Дашбалбар.Хөх тэнгэр сонин 1997 он 2-р хэсэг

Сэхээрэгтүн, ард түмэн минь!...
УРВАГЧ ХҮН ГАЗАР ДЭЭР БАЙСНААС ГАЗАР ДООР БАЙСАН НЬ ДЭЭР
Дайны эмгэнэлт төгсгөл нь Гунибын уул боллоо. Тэр уулын оргил дээр гэгээнтэн сүүлчийн удаа мөргөл үйлджээ. Мөргөл хийж байхад гарт нь сум тусчээ. Шамиль цочсон ч үгүй, мөргөлөө үйлдсээр байжээ. Гэгээнтний өвдөг ба зогсож байсан чулууг нь цус буджээ. Шархадсан гэгээнтэн мөргөлөө дуусгаад босоход нь дэргэдэх хүн түүнд “Гэгээнтэн минь та шархаджээ” гэсэнд “Энэ шарх юу ч биш. Эдгэрнэ. Харин Дагестаны цус гоожиж байна. Тэр шархыг анагаахад л хэцүү байна гээд Шамиль хэсэг өвч таслан авч, гарынхаа цусыг арчиж байжээ. Үүнийг Расул Гамзатов бичиж үлдээжээ. ** ** ** “Одоо Монгол минь шархадлаа. Түүний цус савирч байна. Өөрийнх нь хөвгүүд бие биеэ алж, талж, дээрэмдэж, аугаа их Чингисийн охидын үр хойчийг хүчирхийлж, хүний нутагт урван одож, залуу нас, хүч чадал, оюун бодол, авъяас билгээ харийнханд зориулж, өнгө мөнгөнд тэмүүлсээр, өтөлсөн хойноо өгөршсөн бие, өмхийрсөн ясаа хэнд ч хэрэггүй болоход нь “нутагтаа ясаа тавихаар ирлээ” гэж хуцаж байна. Эх орон минь харийнхнаар дүүрч, уул толгод, хөндий тал, нуга, хангай, говь цөлийг минь тэд судалж, тэд сэндийлж эхлэв. Монгол охидод гадаадын хүн бурхан, монгол эрс чөтгөр болж, монгол эрс нь улсаан биш, арьсаан бодож эхлэв. Эх орон минь шархадлаа. Энэ шархыг амь нас, эр зориг, оюун ухаан, авъяас билгээрээ нөхөх хөвгүүд нь хаа байна?...” Дагестан минь тал талаас нь шувуу тоншиж байгаа амьтантай адил болжээ” гэж Аварын найрагч хэлсэн бол, монгол ч ийм л боллоо: -“Манай голоос дайсан морио услах эрхгүй” гэж Хятадын Тан улсын үеийн их шүлэгч Ли Бай хэлжээ. -“Урвагч хүн газар дээр байснаас, газар доор байх нь дээр” гэж Дагестаны үндэсний баатар Шамиль хэлжээ. -“Амар, Гэндэн, Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн, Дандар баатар, Олзвой, Чогдон, Дамба нарыг мартсан хүмүүс хараал идэх болтугай. Тэд манай назар шорооны төлөө амиа алдсан юм” гэж залуу хүү, яруу найрагч Т.Содномнамжил хэлжээ. -*Гунибын ууланд Шамилийг бэхлэн суухад түүнийг эзлэх ямар ч бололцоогүй байжээ. Гэтэл урвагч хүн гарч дайсанд нууц зөргийг зааж өгсөн байна. Фельдмаршал Барятинский тэр уулын хүнд алт шагнажээ.Хожим Шамилийг Калуга-д очоод байх үед тэр урвагч төрсөн гэртээ харьж ирсэнд эцэг нь: “Чи уулын хүн биш. Ер нь хүн биш, урвагч. Чи миний хүү биш” гэж хэлээд тэр хүүгээ алж, толгойг нь аваад мөнөөхөн алтны хамт хадан дээрээс гол руу хаяжээ. Тэгээд эцэг нь ч мөн төрөлх хот айлдаа суун, хүмүүсийн нүдэнд харагдаж зүрхлэхгүй болоод хүүгээсээ болж, ичихдээ холын хол явж сураггүй болжээ. Урвагчийн толгойг хаясан тэр газрын дэргэдүүр одоо хүртэл уулынхан явахдаа чулуу шиддэг* гэж найрагч бичжээ. Монголын газрыг гадаадынханд үе удам дамжин эзэмших бололцоо олгож буй хэн бүхэн, алтнаас Шамилийг худалдсан урвагчтай адил. Тэднийг үеийн үед урвагч гэж зүхэх болтугай. Тэдний үр хойчийг чулуугаар шидэх болтугай. Газрыг монгол хүний нэрээр харийнханд үүрд өмчлүүлэх, монголчуудыг гуравдахь үеэс нь эрлийзжүүлэх бодлого явуулж буй хүмүүст “Чамд адуунаас ямар нэг юм байх шиг байна. Чамд хониноос ямар нэг юм байх шиг байна. Чамд элээнээс ямар нэг юм байх шиг байна. Чамд үнээнээс ямар нэг юм байх шиг байна. Чамд загаснаас ямар нэг юм байх шиг байна. Эр зориг чинь харин хаа байна? Эрхэм нэр чинь харин хаа байна?” гэсэн алдарт шүлгийг сануулъя. Монголын газрыг гадаадынханд монгол хүний нэрээр өмчлүүлэх бололцоо олгож буй хэн бүхэн “хүнгүй хувцас байж чи, толгойгүй малгай байж чи” гэсэн уулынхны ардын яруу найрагчийн үгийг үхэн үхтлээ санаж явтугай. АЛГА ДАРАМ ГАЗРЫН ТӨЛӨӨ -Нэг хот айлын хүмүүс урьд нь юуны төлөө тулалдаж байсан юм бэ? -Хоёр айлын тариан талбайн хоорондох алга дарам газар, бяцхан хажуу, чулууны төлөө шүү дээ. -Зэргэлдээ хот айлын хүмүүс урьд нь юуны төлөө тулалдаж байсан бэ? -Хот айлын дундах алга дарам газрын төлөө шүү дээ. -Дегастан бусад ард түмэнтэй юуны төлөө тулалдаж байсан бэ? -Дагестаны хил дээрх алга дарам газрын төлөө гэж Расул Гамзатов хариулжээ. Хэл, хил, мал гурав Өнө эртний хүмүүс агуйд галаа манадаг байсан. Өвөг дээдэс минь мянга мянган жил хилээ манаж ирсэн. Өнөөдөр ч үр ач нь манаж буй. Харин тэднийг дархан хилээ нүд чавчилгүй манаж байхад бид “хууль” нэртэй цаасан дээр хуудуутай хүмүүсийн балгаар “хилээ алдах” гээд байна. Хилчид хил зөрчигчийг илрүүлэх үүрэгтэй бол, хууль тогтоогч Улсын Их Хурлын гишүүд нь хуулийн цоорхойгоор хил зөрчсөн “заалт” оруулж болохгүй /О.Д/. “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ? Монгол баян. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн ялагдахгүй вэ? Монгол ялагдахгүй” гэж төрийн соёрхолт зохиолч Зундуйн Доржийн хэлсэн үг нь 281-ийн холбооны мөнхийн уриа юм. Нарны гэрэл, агаар-хувийн өмч үү? Бурхан багш ч эд баялаг, хөрөнгө мөнгөөр шударга ёс үл тогтох тухай мөнхийн сургааль айлдсан. Гадаадынхан одоо бидэн рүү зэр зэвсгээр бус, мөнгөөр, “ардчилал”, “хүний эрх” гэдэг худал үгээр зэвсэглэн дайрч байна. -Гадаадынхан бидний гэрийг хоослон, бидний үр хүүхдийг цөмлөж, үр хойчийг минь зарц боолоо болгохоор “эрх чөлөө”, “тансаг амьдрал” гэдэг гоё үгээр зэвсэглэн дайрч байна. Монгол орон өрнөдийн замаар явбал түргэн үхнэ. Дорнодын замаар явбал түргэн уусна. Ард түмэн мэхлэгдэж, ноёлогч, эрх баригч хэсгийнхэн заль мэх, худал хуурмаг, эд хөрөнгөөр гуйвагч сэхээтнүүдийг оосорлож, дуртай зүг рүүгээ чирч байна. Аугаа их Толстойн “Сэхээрэлт” романы гол баатар газрын эзний эрхээсээ татгалзан, газрыг тариачдад өгдөг. Ард түмнийхээ үгүйрэл хоосрол, зовлон зүдгүүр, мөхлийн үндсэн шалтгааныг Л.Толстой заахдаа, “Газрын эзэд нь тариачдаас газрыг нь булаан авсан явдал” гээд газрын эздийн газар эзэмшлийг устгах санал тавьж байв. “Нарны гэрэл, агаар хувийн өмч биш байдаг шиг, газрыг хувьдаа өмчилж, худалдах, худалдан авах зүйл болгох ёсгүй” гэж өөрөө газрын том эзэн байсан Л.Толстой хэлжээ. Түүний бодсоноор “хүн бүхэн газар эзэмших талаар ижил эрхтэй ч” газрыг хувьд өмчлүүлэхэд хэн нэг нь газраа худалдахаас өөр аргагүйд хүрч, хэн нэг нь худалдан авсаар газрын эзэд, тэдний мэдлийн тариачид буй болж, эцэстээ эзэн, болл, баян, ядуу, үгүйрэл, хооёрол, ард түмний зовлон зүдгүүр, мөхлийн үндсэн шалтгаан болдог тул, газар өмчлөхийг устгах асуудал нт гол зүйл гэж үзэж байв. XX зууны эхээр болсон сүрт жагсаал, зэвсэгт бослого, тариачдын үймээнийг Толстой нэн сонирхож, эздийнхээ газрыг булааж авсан тариачдын тухай “Тун зүйтэй …Тариачид хамгийнхаа чухал зүйлд оржээ” гэж Короленкод хэлж байв. Толстой нь Достоевскийтэй нийлж өөрийн суут авьяас билгээр бүх дэлхийг донсолгож, “Европ дахины гайхан биширсэн анхаарлыг Орос орны зүг татсан”, “Толстойг мэдэхгүйгээр өөрийгөө соёлтой хүнд тооцож болохгүй” гэж М.Горький хэлсэн бол, Францын их зохиолч Нобелийн шагналт Ромен Роллан “XIX зууны бүх романуудаас давуутай, суут дурсгал” гэж “Дайн ба энх”, “Анна Каренина” романыг нь үнэлжээ. “Сэхээрэлт” роман хэвлэгдээд жил хагасын хооронд л дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдаж байсан энэ их хүнийг Махатма Ганди, Ги де Мопассан, Бернард Шоу, Анатоль франс, Андре Моруа, Эрнест Хемингуэй зэрэг дэлхийн олон их оюун ухаантнууд бишрэн хүндэлж, одоо ч түүнтэй эн зэрэгцэх гүн ухаантан, зохиолч өдрийн од шиг гэж дэлхий нийтээр үздэг. Гэтэл газрын эзэн, их зохиолч Л.Толстой газрын тухай ийм хатуу, зөв байр суурьтай байжээ. * * * Газрыг өмчилнө гэдэг нь түүний жинхэнэ байдлыг заавал алдагдуулж, ямар нэг өөрчлөлт оруулж, физик болон байгалийн шинжийг нь эвддэг. Дэд бүтэц буй болгох, усжуулах систем нэвтрүүлэх, учир утгагүй байшин барилга барих болон газар өмчлөгч нь дурын хязгаарлалтгүй эрх эдэлж, үүгээрээ тариа ногоо тарих болон хөдөө аж ахуйн бусад зориулалт устаж, газрын жам ёсны үүрэг алдагдаж, гадаадын хөрөнгө оруулалт, үйлдвэр, техник, бас бус байгууламжийн талбар болно. Газрыг өмчлөгч нь бусдад худалдах, түрээслүүлэх эрх эдэлснээр монгол нутгийн унаган төрх алдагдаж, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд хохирол учирна. Хэн үүнийг турхирав Монгол Улсын Үндсэн хуулинд “Газрыг гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаанд өгөхгүй, арилжихгүй” гэдэг заалт бэлхнээ буй. Чухам энэ заалтыг оруулах гэж 1991 оны эцсээр эхэлж 1992 оны хоёрдугаар сард 76 хоног хуралдаж, хэрэлдэж байж дууссан тэр үеийн Ардын Их Хурлын чуулганд депутат байсан миний бие “Бие даасан депутатуудын бүлэг” байгуулан хирдээ л тулалдсан билээ. Газраа гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаалахгүй, арилжихгүй гэснээрээ бид “фашист, нацист” гэдэг нэр хочийг ардчилагчид гэгчдээс хүртэж, тэр үедээ багагүй л хараалгаж зүхүүлж байсан. Харин одоо санахад нэг л юм ойлгодоггүй юм. Чухам ямар санаатайгаар газрыг заавал гадаадынханд худалдаж, өмчлүүлэх гээд байв аа? Хэн үүнийг турхирав? …Жинхэнэ эзэд нь монголд байв уу? Эсхүл хилийн чанадаас ийн удирдав уу? гэдэг нь хэзээ нэгэн цагт тодрох биз. Юутай ч гэсэн Үндсэн хуулиар тэдний далд санаархал тас цохигдсон ч, “газрыг гадаадынханд хугацаатай, төлбөртэйгээр эзэмшүүлж, ашиглуулна” гэдэг заалт орсон билээ. Үүнийг бид эсэргүүцээд хүч хүрээгүй билээ. Нөгөө талаас зах зээлийн эдийн засагт шилжсэн гэх үед гадаадын хөрөнгө оруулалтыг огт үгүйсгэж болохгүй байсан юм. Нэгэнт зах зээлийн эдийн засагт шилжсэн гэх тул, эл заалтыг үндэслэн гадаадын иргэд, пүүс, компани хөрөнгө оруулалт хийх, бас бус зорилгоор Монголын газар нутгаас 60 жилийн хугацаатай түрээслэх, цаашилбал 40 жилээр сунгаж болох заалт өөр хуулинд орсон юм. Ер нь газрыг гадаадынханд урт хугацаагаар эзэмшүүлж ашиглуулах, түрээслүүлэх нь өндөр хөгжилтэй, хүн ам ихтэй, томоохон улс гүрнгүүдийн хэрэг болохоос бус, манайх шиг бага буурай орны явдал биш гэдэг нь олон жишгээс харагдана. Хятад шиг тэрбум хүнтэй аугаа их гүрэн 99 жилээр Англид түрээслүүлсэн Хон-конгийг буцааж авах гэж хичнээн явдал болов доо?... өргөн уудам нутагтай, хүн ам нь даан ч цөөхөн манай улс, газар нутгийнхаа бүх хэсэгт хяналт тогтоох ямар ч боломжгүй билээ. Хоёр сая монголчууд 100 жилээр эзэмшүүлэхээр харьд өгсөн газраа том гүрнүүдээс буцааж авах баталгаа байна уу? Газраа хувьд авсан хүн түүнийгээ хэн панзалж, хэнд түрээсэлж, яаж арилжиж, хэрхэн ухуулж, төнхүүлж байгааг төр, ард түмэн хянах ямар ч боломж алга. Хянадаг хүн байлаа ч, түүнийг худалдаж авах мөн ч амархан шүү дээ. Дор хаяхад 20 сая хүн амтай, цаашилбэл 100, түүнээс дээш сая хүн амтай улс орон л гадаадынханд газраа түрээслүүлдэг болохоос манайх шиг жижиг улс ийм алхам хийсэн дэлхийн жишиг алга. Өнөөдөр бид газраа гадаадынханд 60+40=100 жилээр түрээслүүлье? Өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бусад ихэс дээдэс, Улсын Их Хурлын гишүүдээс 100 жилийн дараа амьд байх хүн бий юу? …Тэр үед дэлхийн явдал, хүчний харьцаа хаашаа эргэж, яаж ч хувирах билээ? Хэн мэднэ? Учир иймд “надаас хойш галав юүлсэн ч хамаагүй” гэх сэтгэлээр эх орондоо ханддаг хүмүүс, өөрийн өчүүхэн биеийг далайн хөөс, өөрийн өчүүхэн санааг зэрэглээ гэж бодож явалтай. Би, Монгол Улс газраа гадаадынханд огт түрээслүүлж, эзэмшүүлж, ашиглуулж болохгүй гэж буй юм биш ээ. Гагцхүү нөхцөл байдал, цаг хугацаа, орон зай, бусад сөрөг нөлөөллийг сайтар тооцож, хүн ам маань 20 саяас доошгүй, улс орон маань ядахдаа өмнөд Солонгосын түвшинд хүрсэн цагт төр маань өөрөө, төлбөртэй эзэмшүүлж, ашиглуулж болох юм гэж үздэг. Харин газрын гадаадынханд худалдах, өмчлүүлэх, барьцаанд өгөх, бэлгэнд өгөх, арилжих тухай ярьсан хүнийг бол үеийн үед хэлийг нь огтолж, бодсон хүний толгой нь авах болтугай. Тийм төм өр нүүртэй төр ирэх болтугай. Малчин Одонбаатарын өвөлжөөнд цас их унаж зуд болоод малчин Бохь-шаргын өвөлжөөнд очвой… Газрын тухай хуулинд “Төр нь Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллага иргэнд газрыг 60 хүртэл жилийн хугацаатайгаар гэрээгээр эзэмшүүлж болно. Газар эзэмших гэрээг нэг удаад сунгах хугацаа нь 40 жилээс илүүгүй байх, энэ эрхээ өв залгамжлуулан шилжүүлж болох, газар эзэмшигч нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний гэр бүлийн гишүүн газар эзэмших гэрээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал, газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэсэн заалтууд тов тодорхой, энэ нь өмчлүүлснээс дутахгүй эрхийг иргэнд хуулиар олгоод байхад “заавал өмчлүүлнэ” гэж одоо тэмцэж, хуулийг өөрчлөх гээд байгаа нь Монгол Улсын иргэний нэрээр газрыг нь худалдаж авах, өмчлөх, түрээслэх, эзэмших, ашиглах гэсэн гадаадынхны зальхай явуулга гэж 281-ийн холбоо үздэг юм. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дотроос нь задлах, улсын маань дотор улс бий болгох гэсэн хорон санаатай харийнхны бодлогыг хэрэгжүүлэх гэж оролдсон хэн ч сайнаа үзэхгүй шүү!. Ер нь дэлхийн жишгийг харвал Канад улсын газрын 90 хувь нь улсын мэдэлд, 10 хувь нь хувийн мэдэлд, газар ашиглуулах хугацааг гэрээний үндсэн дээр тохирно. Газар эзэмшигч бүр газрын татвар төлөх ба үүнийг нь газрын төлбөрт шингээж нэг л удаа авдаг байна. Газраа иргэддээ өмчлүүлээгүй болон бараг өмчлүүлээгүй боловч, зах зээлийн нөхцөлд өндөр хөгжиж байгаа орнууд олон байна. Жишээлбэл, Финлянд, Швед, Австрали, Израйль, Хятад, Мексикийг хэлж болно. Канадад хөдөө аж ахуйн газрыг сууриншуулахыг эрс хориглож, фермерийн газрыг хэсэгчлэн худалдахыг хориглодог аж. Газрын худалдаж авсан хүн түүнийг бүрэн мэдэхгүй бөгөөд тэнд ямар барилга байгууламж барихаа хотын захирагчтай зөвшилцөж байж шийддэг, гадаадынханд бол газраа худалдахгүй гэсэн хуультай аж. Германд газар өмчлөгчийн эрх нь хязгаарлагдмал бөгөөд харин газар эзэмшихдээ бусдад дамжуулах, өв залгамжлуулах эрхтэй аж. /Үндсэн хуулийнх нь 14-р зүйл/. Гэхдээ Герман 170 сая хүнтэй, харин газар нь Монголынхоос хамаагүй бага, төр нь алга дарам газартаа ч хяналт тавих чадвартай улс шүү дээ. Гэтэл монгол хоёрхон сая хүнтэй, газар нь Германтай зүйрлэшгүй их, харин газартаа төр нь бүү хэл, ард түмэн нь хяналт тавьж сураагүй, хянаж чадах ч үгүй байгаа билээ. Ер нь газрыг хувьд өмчлүүлж болох ганц зарчим нь хүн ам нь асар их, газар нь хүн амдаа бүрэн ногдож, бүр хүрэлцэхгүй, иргэд нь ам дөрвөлжин газар бүгдийн төлөө амь тавьдаг нөхцөл бүрдсэн, тийм зуршил тогтсон үед өмчлүүлж болох юм. Японд гэхэд газар нь өчүүхэн, хүн ам нь 100 гаруй сая, Америк гэхэд газар нь уудам ч, хүн ам нь 300 гаруй сая, Орос газар нь их ч, хүн ам нь 170 сая гаруй, Хятад уудам нутагтай ч, тэрбум гаруй хүн амтай. Өөрөөр хэлбэл хятад хүн хятад нутагтаа эзэн, орос хүн нь оростоо эзэн, япончууд японыхоо газрыг өмчлөөд цаана нь сая сая хүн илүү гарч байна. Ийм улсуудад бол газраа иргэддээ өмчлүүлэхэд болохгүй юм алга. Харин Монголд 2 сая гаруй иргэдийнхээ насанд хүрсэн хүн бүхэнд газар өмчлүүллээ ч, цаана нь уудам их орон зай үлдэнэ. Түүнийг нь хэнд өмчлүүлж, түрээслүүлж, эзэмшүүлж, ашиглуулах гээд байгаа юм бэ? Түүнийгээ л доллараар сольж, арилжихдаа эх орноо хамтад нь явуулчих гээд байна шүү дээ. Дэлхийн зарим улс оронд хувьд өмчлүүлсэн газраа эргүүлээд улс нь өөрөө худалдан авч буй явдал ч цөөнгүй байна. Америкт нийт газрын 60 хувь нь хувьд, 40 хувь нь улсын мэдэлд байдаг ч, хуулиар газар өмчлөлөөс төрөөс зохицуулах, хувийн өмчийн газрыг хязгаарлах чиглэл баримталж, Мексикт газар өмчлөх ас уудал нь төрийн мэдэлд байх ёстой гэж үздэг төдийгүй, хувийн өмчийн газрыг зөвхөн нийгмийн эрх ашигт хохирол учруулахгүйгээр, зохих төлбөрийг төлсөн үед л авч болно гэж үздэг байна. Францад газар өмчлөгч нь бусдад газраа шууд худалдах эрхгүй бөгөөд түрээслэгч фермерийн зөвшөөрөл авдаг. Италийн Үндсэн хуулинд “аливаа өмчлөх эрх нь нийгмийн үйл ажиллагаагаар хязгаарлагдана” гэсэн байна. Японд дэлхийн II дайн хүртэл газрыг хамжлагын маягаар эзэмшиж байсан бол, 1946 онд “Газрын шинэчлэлийн тухай хууль” гаргаж, тариачин-өмчлөгчдийн аж ахуй байгуулж, ингэхдээ газрын эздээс төр, засаг нь газрыг худалдан авч, тариачдад өгөх замаар хэрэгжүүлсэн байна. Ийм маягаар байгуулсан тариачдын олон жижиг аж ахуй нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд бэрхшээлтэй болсон учир 1961 онд хөдөө аж ахуйн бодлогын тухай хууль гаргаж, аж ахуйг томруулах, газрыг үр ашигтай ашиглахад чиглэсэн арга хэмжээ явуулжээ. Тэгэхдээ газар эзэмшлийн талбайг хязгаарлаж, хөдөө аж ахуйн газрыг чөлөөтэй худалдах, худалдан авахыг хориглосон байна. энэ бол газар өмчлүүлдэг, олон зууны уламжлалтай ихээхэн туршлага хуримтлуулсан, газраа өмчлөхөөс өөр гарцгүй болсон, хүчирхэг гүрнүүд сайтар судалж, нарийн нягт тооцоолж, туйлын болгоомжтой явуулж буй төрийн бодлогын баримт юм. Суурин соёл иргэншилтэй, газар тариалан олон зууны турш сайтар хөгжсөн, өндөр хөгжилтэй, аж үйлдвэртэйгээ бүх юм нь хосолж чадсан Америк, Япон, Герман… зэрэг том гүрнүүдийг манай Монгол хуулбарлаад, “хэрээ галуу дуурайж, хөлөө хөлдөөв” гэгчийн үлгэр болж, Монголын өнөөгийн төр өөрөө, монгол үндэстнийг устгах эх суурийг тавьж өгөхөд хүрнэ. Ийнхүү газрыг иргэддээ өмчлүүлэх асуудлыг улс орон бүр өөр өөрийн нөхцөлд тохируулан, үндэсний аюулгүй байдлаа хадгалах үүднээс зохицуулж байдаг бол, Монголд өөрийн иргэдийн нэрээр гадаадынханд түрээслүүлэх, эзэмшүүлж, ашиглуулах /хэрэг дээрээ гадаадынханд өмчлүүлэх/ боломж олгож буй нь ирээдүйд хязгааргүй олон сөрөг нөлөөлөл буй болгож, тэр нь улс орны тусгаар тогтнолд ноцтой нөлөөлж магадгүй гэж бид сэтгэл түгшиж байна. Ер нь газрыг ямар нэг хэмжээгээр хувьд өмчлүүлэх нь суурин соёл иргэншилтэй, тариалан эрхэлдэг орны ажил болохоос, нүүдлийн аж ахуй эрхэлдэг, малчин монголчуудын ихэнх нь өвөр зуураа өртөө зайтай аж төрдгийг мартаж болохгүй. Бэлчээр, хадлан, өвөлжөө бууц, хаваржаа, намаржаа, булаг шанд, худаг усыг өмчлүүлнэ гэж буй хүмүүс бол үнэхээр дөчин мянгатын тагтан дээр тахианы дэгдээхий шиг өсөж, паалантай саван дээр сужж, цэцэрлэг сургуульдаа хар машинаар хүргүүлж, авахуулж, эрх мэдэлтэй эцгүүдийнхээ буянаар арын хаалгаар их, дээд сургууль төгсөж, мөн арын хаалгаар цагаан гартны ажил хийж явсан хүүхдүүд болой. Тэд ган, зуд, мал хээлтүүлэх, мал төллүүлэх, отор нүүдэл, хадлан тариа, өвлийн бэлтгэлийг огтхон ч мэдэхгүй хэрнээ мах идэхийг л мэддэг хүмүүс болохоороо үндэстэн орших, эс оршихуйн тухай энэ амин чухал асуудалд ингэж гэнэн хандаж байгаад гайхах ч юм алга. Лав л малчны хотонд төрж, өсөж, бойжсон нүүдэлчин монголын зүрх сэтгэлтэй хүүхдүүд л ийм юм хийхгүй. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны нутагт Дарьганга, Нарангийнхэн зудтай болох үедээ нүүж очих, гантай үед Уулбаян, Түвшинширээ сумынхан аймгийнхаа хойт талд нүүж зуншдаг ч юмуу, ер нь байгалийнхаа аяыг дагаж, хоорондоо зохицон нүүдэллэдэг малчид хэрвээ бэлчээрээ өмчлөх дээрээ тулбал, цаг агаарын эрс тэс өөрчлөлттэй үед хоорондоо тулалдах уу? …Малчин Доржийн бэлчээрт ган болоход, тэрбээр зэргэлдээ сумын малчин Батбаярынхтай ойролцоо бууя гэтэл, цаадах нь “чи миний эзэмшилд дур зоргоор орж ирдэг яасан задарсан амьтан бэ?” гээд буу тулган хөөвөл яах вэ? Малчин Одонбаатарын өвөлжөөнд цас их унаж, зуд болоод, малчин Бохьшаргын ойролцоо өнтэй өвөлжихөөр очиход цаадах нь “чи хоёр атан тэмээ, хорин хонь, нэг адуу, гурван үхэр өгч, энэ хавьд өвөлжвөл өвөлж, үгүй бол буц…” гэх үү? Нэг нутгийн хэдэн хот айл цагийн цагт бараадаж амьдардаг худгийг нь Болд гэдэг хоньчин өмчилж гэж бодьё. …Болд худгаа таглан цоожилж, нөгөөдүүлээсээ түрээс төлбөр нэхэж, энд байя гэвэл надад айл бүр 10 хонь өг гээд гэдийчихвэл яах вэ? Нөгөөдүүл нь “чи битгий хуцаад бай… наад худаг чинь чамаас өмнө олон дундаа болоод байсан юм” гээд муу Болдыгоо барьж аваад нухчихвэл яах вэ? Бэлчээрийг өмчлүүлээгүй байхад ийм хэрэг Монголд нэг бус удаа гарлаа шүү дээ. Увс аймгийн Цагаанхайрхан суманд Т.Пүрэвдорж гэгч хоёр өрх айлын 6 ам бүлийг бүрэлгэж, гэрийг нь шатаасан хэрэг 1995 онд гарсан “…Цэдэн гуайн банди хонио хариулж явсан. Би дэргэд нь очоод яах гэж манай хаваржаан дээр мал хариулаад байгаа юм бэ? гэсэн. Гэтэл тэр хүүхэд миний урдаас танайд өмчлөөд өгчихсөн юмуу гэж хэгжүүрхсэн” 6 хүний аминд хүрсэн хэрэг нь ийнхүү бэлчээр булаалдсанаас болжээ. /Ардын эрх сонин. 1995.2.4 ¹ 20/ Мөн Завханы нэг өвгөн бэлчээрийн маргаанаас болж, амь насаа алдахдаа “Монгол хүнд газрыг хэрхэвч өмчлүүлж болохгүй” гэдгийг охиндоо гэрээслэн бичүүлж, тэр нь хэдэн жилийн өмнө Ардын эрх сонинд гарсныг уншигчид санаж буй байх аа. “Монголын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг бэлчээр, 10 орчим хувийг ой мод, 6 орчим хувийг тариалан, хадлан бэлчээр, тариаланд тохиромж бүхий газар эзэлж байна… Газрын хуулийг мал сүргээ өсгөх, баялгаа ашиглах, урамшуулах хөшүүрэг болгохоосоо урьд, татварын орлого талыг нь өнгөцхөн харсан, торгууль, төлбөр, түрээсийн объект болгох вий гэдэгт л санаа зовж байна” гэж дэд доктор Ч.Ширчин 1994 онд “Ардын эрх” сонинд бичсэн бол, мөн сонинд Завхан аймгийн хөдөө аж ахуйн биржийн захирал Д.Дагвадоржийн бичсэн “…өвөлжөөг яах вэ? Хөдөө аж ахуйн нэгдэл байх үед олон түмний хүч хөрөнгөөр барьсан хашаа хороо, бусад тоног хэрэгслийг нь хувьчилсан тэр хүн авах уу, айл аймгаараа хэдэн арван жил хамт өвөлжсөн бусад нь яах вэ? Түүнээс ч өмнө эцэг өвгөд нь нутаглаж явсан гурав дахь хүмүүс авах уу? гэх мэт эмзэг асуудлуудыг хөндөөд, “ер нь Монгол орны хувьд өвөлжөө бэлчээрийг хувьд өгөх нь малаар тоглох гэсэнтэй адил үг. Ийм болохоор төрөөс газрыг малчдад эзэмшүүлэх нь л хамгийн оновчтой хувилбар” гэж дурджээ. Хот, суурин, төвлөрсөн томоохон сум, тосгодод газрыг хувьд өмчлүүлэх нь “гадаадынханд идэш болгох”, хөдөөд бэлчээрийг өмчлүүлэх нь малчдын хооронд олон жил үргэлжлэх иргэний хэсэгчилсэн, бага дайнд л хүргэхийн ёр юм. Газрын бодлогын хүрээлэнгийн ажилтан, дэд доктор Ц.Цэрэнбалжир: “Ойт хээрийн бүсэд хадлан, бэлчээр нь жил бүрийн цаг уурын нөхцөлөөс болж, бие биедээ шилжих тохиолдол их байдаг тул, энэ бүс нутагт хадлангийн талбайг хатуу тогтоож, өмчид өгөх нь эргэлзээтэй…” гэсэн бол хуульч С.Сүрэнжав: “Монгол Улсын газрын бодлогыг хэрэгжүүлдэг төрийн алба байх бөгөөд энэ нь төрийн өмчийн газрыг /бүх газрын 80-90 хувь/ хяналтдаа авч, газрын менежментийн буюу газрыг эдийн засгийн зах зээлийн зохицуулалттай хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэж болох тухай” санал гаргасан зэрэг нь анхаарууштай асуудал юм. Ард түмний санал асуулгаар Газрыг хувьд өмчлүүлэх тухай асуудлыг бүх ард түмний санал асуулгаар шийдэх ёстой. Эцэст нь өмчлүүлэх санал дийлэнх олонхи болбол, газрыг өмчлүүлэх, гэхдээ өмчлөгч этгээд /Монголын иргэд/ нь гадаадынханд өмчлүүлэх, түрээслүүлэх, ашиглуулах, бэлэглэх, худалдах, арилжих, барьцаалах бүх замыг хааж, зөвхөн өөрөө болон гэр бүлийнхэн нь газар дээрээ орон сууц барих, үйлдвэрлэл явуулах, .ногоо тарих үхэр мал тэжээх, бас бус хэрэгцээгээ хангахаар байх ёстой. Монголын иргэд газраа үр ачдаа үе залгамжлуулан өвлүүлэх, өөр хэнд ч эзэмшүүлэх эрхгүй байх явдал нь үндэсний аюулгүй байдалд нийцнэ. Монголын иргэд харин хоорондоо газраа солих, ашиглуулах явдал байж болох юм. Гадаадынхан үүнд гомдох, хүний эрх, ардчилал зөрчлөө гэж орилох явдалгүй. Учир нь “Үндсэн хуулинд” гадаадынханд газрыг өмчлүүлэхгүй, худалдахгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаалахгүй, арилжихгүй гээд нэгэнт бат нот заачихсан юм. Гэхдээ бас “гадаадынханд хугацаатай, төлбөртэй эзэмшүүлж, ашиглуулж болох”-ыг Үндсэн хуулиар зөвшөөрсөн учир, газрыг гадаадын хувь хүнд, байгууллага, пүүс, концерн, компанид Монгол Улсад ашигтай хөрөнгө оруулалт хийлгэхээр хугацаатай, төлбөртэй, эзэмшүүлж, ашиглуулж, түрээслүүлэхийг зөвхөн төр хариуцах ёстой. …Алтан дэлхийн хагасыг өмчилж бидэнд үлдээхэд алгын чинээ болтол нь буцааж бид алдсан… Хамгийн аюултай нь өнөөдрийн Монголд газрын үнэлгээ хийгдээгүй, хууль ёсоор тогтоогдоогүй байна. Үржил шимтэй нутаг, өвс, ус, булаг шанд, байгалийн баялаг ихтэй нь хэнд очих юм?... Үзэсгэлэнтэй нуга хөндий, уул, толгодыг хэн эзэгнэх юм? Өвс ургахгүй талбай, чулуулаг хөрстэй, эсхүл төв суурингаас алс газрыг хэн өмчлөх юм? Монголын газрын хөрсөн доор хаана нь нүүрс, вольфром, зэс, мөнгө, хаана нь алт, рашаан, оюу, номин, хаана нь юу байгааг хэн мэдэж, тодорхойлж байгаа юм? Улаанбаатарт юмуу, Сүхбаатарт хэн нэг иргэн хувьдаа газар өмчилж авч гэж бодьё. Тэр газар нь Монголд ховор ходоодны ч юмуу, элэг цөсний рашаан байж гэж бодьё. Газрыг өмчилсөн иргэн түүнийг мэдэж захиран зарцуулах уу, Төр мэдэж, буцааж авах уу?... Үржил шимтэй газар, эсхүл томоохон суурин, соёл иргэншлийн төв рүүгээ газар өмчлөх их нүүдэл эхэлж/тэртээ тэргүй эхэлсэн, түүнийг нь зогсоох аргагүй, Үндсэн хуулинд хүн дуртай газраа амьдрах тухай заасан/ болохоор яах вэ?, Хөдөө нутаг, хил хязгаар эзгүйрвэл яах юм? Миний өмчилж авсан газар нүүрсний юмуу, алтны уурхай байвал яах вэ? 2 сая гаруй хүний 1 сая нь зөвхөн нийслэлд дөрвөн уулын дундаа газар өмчлөх хүсэлтэй бол яах вэ? Өмнөговийн ихэнх хэсэгт юмуу, Хөвсгөлийн тайгад хэн ч газар өмчлөхийг хүсэхгүй, харин Хэрлэнгийн хөвөө дагаад хэдэн зуун мянган хүн газар өмчилье гэвэл яах вэ? Ийнхүү үй түмэн асуулт, сөрөг зүйл гарна. Энэ бүхнийг шийдээгүй, газрын ямар ч үнэлгээ, хаа ч хийгээгүй байхад газар өмчлүүлнэ гэдэг дундүү гоомой явдал юм. “Алтан дэлхийн хагасыг Өмчилж бидэнд үлдээхэд Алгын чинээ болтол нь Буцааж бид алдсан Цаг цагийн чуулган дээр Нүүдэл нүүдлээр нь бид алдсан Цагаан хэрэснээс хойшхийг нь Түрээс төлбөрт алдсан Хаад хаадын чуулган дээр Уул уулаар нь алдсан Уул уулаар нь алдахын өмнө Ухаант мэргэдээ алдсан” гэж манай нэгэн яруу найрагч эмэгтэй бичжээ. Одоо ч гэсэн Улсын Их Хурлын чуулган ийм нүгэл хийхийн ирмэг дээр байна. 1939 онд баривчлагдаж, 1941 оны 7 дугаар сарын 10-нд Сталины тушаалаар цаазлуулсан, Монгол улсын Ерөнхий сайд, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тууштэй зогсогч, эрдэмт хүмүүн А.Амар “Монголын товч түүх” номынхоо оршилд: “Монгол угсаатан эрт дээр үед ба ялангуяа Чингис хааны үед Ази, Европ орны дунд тэр мэт хүчирхэгээр мандан хөгжиж явсан атал, хожмын үед ийнхүү хэсэг хэсгээр бутарч, зарим нь өөрсдийн үндэс угсаа, зан суртал, газар орон, ашиг хөрөнгөө хамгаалж чадахгүйд хүрч, аль нэгэн хүчирхэг этгээдэд сүсэлж, өөрөө ямар ч хэрэг явуулах ба үйл үйлдэх мэдэл бодлогогүй, ямагт бусдын эрх мэдлийн доор орсноор үл барам, харь этгээдийн бодлого ашгийг гүйцэтгэхийн төлөө зүтгэж явах нь үнэхээрийн гаслалтай байна” хэмээсэн нь өдгөө цагт өөрийгөө монгол гэж нэрлэгч хэн бүхэн тарни мэт цээжилж, санаж явууштай үг даруй мөн. Гавьяат сайд тэрбээр “Манж, Хятад зэрэг хүчирхэг түрэмгий улсууд Монгол орныг өөрсдийн худалдааны дэлгүүр болгон дангаар эзлэх буюу үнэ ханшийг санааны дураар тогтоон ашиглаж, мөлжих бодлогыг явуулж байсан бөгөөд одоо хэр бидний нэгэн үндэсний дотоод монголчуудыг эзэрхэг түрэмгий улсууд нь өөрийн худалдааны дэлгүүр болгохын төлөө булаалдан тэмцэлдэж буй бөгөөд мал аж ахуйтан Монгол орон нь харин бусдын улсын дэлгүүр болон хуваагдахад хүрчээ” гэж тэр нэгэн цаг дор гаслан асан нь өдгөө ч хэв хэвээр, харин ч бүр долоо дордож, “Дэлгүүр улс” гэдэг оновчтой томъёоллыг нь шинэ цагийн ноёдууд хэрэгжүүлж эхлэв. Монголын ноолуур, монголын зэс, монголын бүх баялагт харийн эзэд үнэ тогтоож, Монгол Улс нь Америк, Хятад, Япон, Солонгос зэрэг олон улсын “дэлгүүр” болох ажлыг шинэ үеийнхэн сайн дураараа хийж эхлэв. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Гавьяат сайд Амарын сүнс нь он оны нягт зузаан ханыг нэвтлэн та бүхэнд хандаж байна. Нэгэн зүйл: “Бидний дээд өвгөдөд эзлэгдэн захирагдаж байсан бусад аймгууд нь харин биднийг эзлэн захирахад хүрээд, бидний өвгөдөөр удирдуулан явсан бусад үндэстэн но харин бидний багш болоход хүрчээ…” /одоо ч хэвээрээ О.Д/ Нэгэн зүйл: “…Монголын газар шороог гадаадын хүн өнгийж, ашиг хөрөнгийг гадаадын хүн дураар ашиглан, Засгийн эрхийг гадаадын хүн санааны дураар хамаарч байсан бөлгөө…” /одоо ч хэвээрээ О.Д/ Нэгэн зүйл: “…Гадаадын хүчирхэг түрэмгий улс бидний өргөн уудам нутаг газар ба бидний баялаг мал аж ахуйд шунаж өнгөлзөх болон амуй…” /одоо ч хэвээрээ О.Д/ Нэгэн зүйл: “…Монголын мал адуулах газрыг тариалангийн газар болгож, монгол хүний мал адуулж амьдрах байдлыг хувируулан, өөр бэрх байдалд татан оруулах буюу Монгол угсаатны язгуурын хэв суртлыг халж өөрчлөн өөрсдийн аль нэгэн эрх мэдэл, заншил байдалдаа хавчин оруулж…” /одоо ч хэвээр О.Д/ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Та бидний төлөө, та бидний гэгээн эх орны төлөө, та бидний үр хойчийн төлөө, бусдын нутагт алтан амиа алдсан Монгол Улсын Ерөнхий сайд Анандын Амарын ариун сүнс хэдэн арван жилийн ханыг нэвтлэн ийнхүү шивэгнэж байна. Зүүдэндээ ч бүү мартагтун. өглөө бүхэн санагтун. Та бид явна, газар нутаг минь үлдэнэ. Та бид буцна, үр хойч минь үлдэх үү? үгүй юу? … гэдгийг өнөө маргаашгүй, та бид энэ ордны дотор, энэ олон ширээний ард, өөд өөдөөсөө харан сууж, “газрыг монголын иргэдэд өмчлүүлэх нэрээр гадаадынхны хоол болгох” гэж буй хуулийн төслөөрөө шийдэх гэж байна. Нам үнэтэй юу? Эх орон үнэтэй юу? Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Та аль намын гишүүн байх нь хамаагүй, харин та Монгол Улсын иргэн л байх ёстой. Монгол Улсын иргэнд бол тусгаар тогтнолоос илүү үнэтэй юм байх ёсгүй. Тусгаар тогтнолын хувьд бол газар шорооноос үнэтэй юм үгүй. Үүнийг мартвал түүх өршөөхгүй. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Та бүхнээс би нам чинь үнэтэй юу? эх орон чинь үнэтэй юу? гэж ас ууж байна. Монголд 70 жил социализмыг механикаар хэрэгжүүлэх гэж оролдсон шигээ, зах зээлийн эдийн засгийг хүчээр хэрэгжүүлэх гэж оролдсоор эцэстээ хүүхдүүд нь гэдэс хоосон, залуус нь толгой хоосон, төр нь билигдэл төдий, хууль нь нэрийтгэл төдий улс болж, үндэсний аюулгүй байдал хохирох вий гэж айж байна. Тал хээрийн Монгол орон Польшийн эв санааны нэгдлийн хуулиар хөгжихгүй, Америк маягийн зан суртахуунаар хол явахгүй гэдгийг өнгөрсөн 7 жил бидэнд нотолсон биш үү? 270 сая хүнтэй их гүрнийг тарааж чадсан улсуудад хоёрхон сая хүнтэй Монгол юухан ч билээ дээ. Зонхилох их гүрнүүд өөрийн ноёрхол эзэмшлийн хүрээг төлөх бодлогыг экспортлохдоо “ардчилал” гэж цэвэрхэн нэрээр халхавчилж, ачир дээрээ алив буурай улс орны газар нутаг, баялгийг булаан авах стратгийг хэрэгжүүлэхээ урьдал болгодог юм. Толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөгдүүлж явсан монголчуудын үр ач нь өнөөдөр харийн хүн харвал бөхөлзөж, монгол хүнээ харвал хялалзаж эхэлсэн нь юутай гашуун. Гэтэл “Монголын хаад уламжлалт ёс заншил зөрчсөн гадна дотнын хүмүүстэй хатуу тооцоо хийж шийтгэдэг байжээ. Их Монгол Улсын үед гэрийн үүд алдалж, тотго гишгиж, хоёр галын хоорондуур явж ариутгал хийгээгүй зэрэг ёс алдсанаас болж Монголын хаадад яллуулж, цаазлуулж байсан гадаадын хүмүүс ч байлаг байж: Өөрөөр хэлбэл тэр үед монголчууд ёс заншлаа их дээдлэн хүндэлдэг нандин чанартай улс байжээ” /Доктор Чулууны Далай. “Монголын түүх. Их Монгол Улс. 1206-1260” дэд дэвтэр, 243-р хуудас/ өдгөө ч гэсэн дэлхийн улс үндэстнүүд хууль дүрмээ дээдэлж, үндэсний аюулгүй байдлаа хэрхэн хамгаалдгийн жишээ нь АНУ-ын нууцыг задалсан Эймс гэгч бүх насаараа хоригдох ял шийтгүүлж, эхнэр нь мэдсээр байж илчлээгүй гэдгээр 3 жил бас хорих яв авсан явдал юм. “Сингапурт хар тамхи хулгайгаар хил давуулсан нэг энэтхэг, нэг сингапур хүнийг цаазлав. Тэр хоёр хүн 10 кг хар тамхи, мансууруулах бодис нууцаар оруулах гэж оролдоод ийнхүү цаазлуулжээ. Сингапурын хуулиар 12 грамм мансууруулах бодис, 30 грамм морфин, 1.2 кг хар тамхи хулгайгаар хил нэвтрүүлэх гэж оролдвол цаазаар авах ял өгдөг. Сүүлийн хэдэн жилд 100 гаруй хүнийг ийм хэргээр дүүжилсэн байна” /”Засгийн газрын мэдээ”, 1995 он. ¹ 60 /302/. Мөн Ван Дамм нэртэй нэгэн Бельги эр ийм ял авч, үүнийг өршөөхийг Бельгийн хатан хаан Сингапурийн дээд удирдлагаас хүсээд ч аварч чадаагүй билээ. Гэтэл манай Ерөнхийлөгч П.Очирбат Канадын Флин гэгч луйварчин хууль зөрчиж, залилж мэхэлж улс орноор маань” тоглоход” өршөөл үзүүлээд буцаасныг түүх мартаагүй байна. Учир иймд гадаадынханд найр тавьж, эх орныхоо баялаг, ард түмнийхээ хувь заяа, үндэсний аюулгүй байдлаар тоглогчидтой хатуу тэмцэл явуулж, тэднийг илчлэх нь иргэн бүрийн үүрэг мөн. “…Хэрэв баобоб модыг цаг тухайд нь ялган танихнүй бол дараа нь ангижрах аргагүй. Тэр бод бүх гаригийг бүрэн авна. Түүнийг өөрийн үндсээр нэвт сүлбэн цоолно. Хэрвээ уг гариг маш жижигхэн, харин баобоб олон байвал гарийг хэдэн хэсэглэн тасдана” гэж Францын их бичгийн хүн Антуан де Сент-Экзюприйн хэлснийг санагтун. Гэхдээ би гадаадынханд бүгд муу гэж хэлээгүй байна. Харин үй түмэн харийнханд нөхөр ч бий, дайсан ч бий, бүр “баобоб” мод шиг. Монголыг тасчих гэж яваа нь ч уөөнгүй бий гэзгийг л сануулах гэсэн юм. “Баобоб” модны аюулаас биднийг аврах гэж боддог нь ч бий байх. Харийнхныг хэн тоолно вэ? Улс орноо баобоб мод шиг хүчирхэг гүрнээр хэсэгчин тасчуулж, сүйтгүүлэхгүйн тулд эртний хятадын нэгэн хаанаас Хүннүгийн Шаньюйд илгээсэн захидалдаа: “хальсан эздийн тогтоосноор цагаан хэрэмнээс хойшхи нумтны нутгийг Шаньюй захирч, урагшлах малгай бүстнийг би эзэгнэдэг бөгөөд… догшин тэрслэгчид үгүй байлгыхг хичээдэг би… Хан, Хүннү хоёр бол мөр зэрэгцэх хөрш гүрэн билээ. Хүннү тэсгим хүйтэн эрт ордог умарт оронд оршдог. Иймд амуу будаа тутарга, торго, хоргой, бөс бараа зэргийг Шаньюйд хүргэхийг түшмэдүүдэд зарлиг буулгасан… Хүннү нар хязгаар үл нэвтэрч, хятадууд хязгаар эс даваг. Үүнийг зөрчигчдийг цаазаар аваачиж байя. /Ли-Дай “Шицзи” 1 боть, 31-32 дахь талд/ Нэн эрт цагт ийнхүү хятадууд Хүннү-гийн хаадыг эвээр засаж, эдээр хуурч, төрийн нарийн бодлого явуулан, амуу будаа, тутарга, торго, хоргой, бөс бараа зэргийг монгол угсаатны эртний өвөг эздэд хүргүүлэн “догшин тэрслэгчид үгүй байлгахыг хичээдэг” байсан бодлого нь одоо ч хэвээр үргэлжилж буйг Улсын Их Хурлын гишүүн дэд доктор М.Зэнээ нарийн судалж, “өнгөөр татах, мөнгөөр урвуулах, хүчээр нухчих эдийн засгийн талаар эрхшээлдээ оруулах, газар нутгийг хэсэглэх, шашнаар мунхруулах, хүйсээр уусгах, дотроос нь задлах, ёс суртахуунаар доройтуулах” үндсэн есөн арга хэрэглэж, харийнхан тусгаар тогтнолд маань заналхийлж буйг тодорхойлсон юм. Харийнхан хязгаарыг үл давж, манайхан хязгаарыг үл нэвтэрдэг ёсон хэлтийж, ардчилал, хүний эрхээр халхавчилсан мянга мянган харийнхан сүүлийн хэдэн жилд энд тэндгүй хөлхөлдөж, пүүс, компани, яам, тамга, төр, засаг нь дээр дооргүй япон, солонгос, хятад, америк, герман, англи, дани зөвлөхтэй болсон нь толгой үснээс давав. Сэм сэмхэн ирж суурьшсаар буй харийнхныг хэн тоолно вэ? “Орон сууц хувьчлах” хуулиндаа гадаадын иргэд, цагаачдад байр өмчлүүлэх, хувьчлах эрх олгосон залуу эздийн бодлогыг бид үл ойлгоно. Удахгүй улсын маань нийслэл цагаачдаар дүүрч, байрны өндөр хөлсийг төлж дийлэхгүй, амин зуулгаа алдаж буй жирийн албан хаагчид, тэтгэврийнхэн, эмч, багш нарын хотын зах руу нүүж, гэр хашаа бараадан, оронд нь манай баячууд, ихэс дээдэс нийтийн байруудыг байшингаар нь худалдан авч, 1, 2, 3, 4, 5, 6, 7 буудал болон Чингэлтэй, Дамбадаржааг дүүргээд буй цагаачдад түрээслүүлэн их ашиг олох биз? Өнгөрсөн жил хот төлөвлөлтийн олон улсын мэргэжилтэн Умит Узкан, ченгиз Турксой гэдэг хоёр турк хүн дэд бүтцийн яамны урилгаар Монголд ирж манай зураг төсөл, судалгааны төв дээр сар гаруй ажилласан билээ. “Улаанбаатарын мэдээ” сонины 1995 оны 12 дугаар сарын ¹ 21-25 дугаар тэдний ярилцлага гарсан. Ченгиз Турксой хэмээх мэргэжилтэн “Хөрөнгө хувьчлах нь зөв боловч, асуудлыг шийдэх хамгийн гол зам биш л болов уу. Ерөөсөө хувьчлалаар бүхнийг шийднэ гэдэг эндүүрэл болно” гэж хариулсан байхад Умит Узкан гэдэг эмэгтэй мэргэжилтэн нь: “Хувьчлалын хувьд Тетчеризмээс гаралтай, шуудхан хэлэхэд Тэтчер үүнийг санаачилснаараа их алдсан. Энэ маягийн хувьчлалын бодлогыг барьсан бүх дэлхий нийтээр дампуурсан. Саяхан телевизээр хувьчлалын тухай реклам нэвтрүүллээ. “Энэ бол хүн бүрийн үйл хэрэг. Бид танд тусалж чадна” гэж ухуулж байна. Аль хэдийнээ улиг болж, үнэн хэрэгтээ дампуурчихаад байгаа хувьчлалын тухай эл рекламыг би Монголд SNN-ээр үзлээ шүү дээ. Түүхийг харахад гадаадын ямар ч оронд xувьчлалын шилдэг жишээ одоо болтол алга. Зөвхөн аль нэг оронд өөрийн зах зээлийг нээх арга нь л энэ болоод байгаа юм гэж сануулсан байна. Энэ бол нэг жилийн өмнө хэлсэн үг. Гэтэл одоогийн шинэ төр, засаг маань 1990 оноос хойш өмч хувьчлал саарсан, одоо бүр эрчимжүүлнэ гээд байгаа нь гайхал төрүүлнэ. “элгээр нь мөлхүүлнэ” гэж 1990 онд хэлсэндээ хүрч, энэ улсийг бүр харийнхний боол болгох гээгүй л юм бол, залуу удирдагчид маань нэгийг бодмоорсон. Алив том арга хэмжээг урьдчилан туршиж үзэхгүй, амьдрал дээр хэрэгжих эсэхийг нь тооцохгүй, зөвхөн онол ярьсан хэдэн багацуул, улс орныг минь сүйд хийхнээ Тэд одоо эрдэнэтийг болон нүүрсний уурхайнууд, томоохон үйлдвэрүүдийг шууд хувьчилж эхлэх боломжийг хайж, ярьж байгаа нь айдас төрүүлнэ. Хэрвээ жижиг туршилт хийлгүй, нэг алдвал эдийн засгийн хувд эх орон чинь нэг мөсөн сүйрнэ шүү гэдгийг та бүхэнд сануулъя. Амьдрал дээр туршигдаж, шалгагдсан бүхэн илүү найдвартай гэж Монголын Уламжлалын Нэгдсэн Нам, Монголын Тусгаар тогтнолыг хамгаалах ард түмний 281-ийн холбоо үздэг юм. Жишээ авъя “1859 онд тав дахь тив дээр 24 ширхэг зэрлэг молтогчин туулай аваачсан “Молния” хэмээх усан онгоцны ахмад, багийханд Австралид шилжин суусан цагаан арьстнууд ихээхэн талархал илэрхийлж байсан нь лав. Молтогчин туулай агнасан хулгайн анчныг тэр жил торгосон байна. Харин хэдэн жилийн дараагаар….. Махчин амьтад болон бусад дайсагнах амьтангүй байсан нь энэ амьтны гайхмаар түргэн үржих явдлыг нөхцөлдүүлж, түүний нэг хос нь хоёр жилийн дараа 100 мянга хүртэл олширч чадсан байна. Нэг хонины идэх тэжээлийг 2 туулай иддэг болхоор “тулайн довтолгооны” хэмжээг ойлгож болно. 1950 онд ч 4 сая хонинд шаардагдах хэмжээний тэжээлийг туулай устгасан байна. Тэдгээртэй тэмцэхэд зуу зуун сая фунт стерлинг зарцуулжээ. Тивийн баруун хэсэгт туулайг нэвтрүүлэхгүйн тулд тивийг хувааж, хаалт барьсан ч австраличууд туулайн хувьд юу ч хийж чадсангүй. 1901 онд 2000 км урт хаалт хийсэн юм. Зөвхөн 1950 онд австралийн Засгийн газар нэлээд зоримог алхам хийж, туулайд халдварт өвчин тусгайлан тарааж, түүний тоог эрс хорогдуулж /90 хувиар/ чадсан байна. Туулайтай тэмцэх тэмцэл бараг 100 жил үргэлжилж, хүн хичнээн хүч хөдөлмөр, хөрөнгөө зарсан гэж санана. Нобелийн шагналт Английн эрдэмтэн Ж. Томпсон иймэрхүү тохиолдлыг “буу нь буучаа шархдуулж буудлага юм” гэж мэргэн нэрлэжээ. /И.Лаптев. “Оюуны өлгий” ном 58-р хуудас/ Чин үнэнийг хэлэхэд Монгол Улсад 1990 оноос эхэлсэн өмч хувчлал нь энэхүү молтогчин туулайн үлгэртэй нэн төстөй бөгөөд энэ алдааг залруулах гэж үр хойч маань ямар шүү урт хугацаа, уудам орон зайд үйл лайгаа эдлэх юм бүү мэд. Хүмүүс сайн сайхан юм хийлээ, хойч үе нь тэднийг хүндэтгэнэ гэж боддог, гэтэл тэр нь эсрэгээр эргэж, үеийн үед хараал зүхэл болох ч буй. Мөнөөх туркийн мэргэжилтэн эмэгтэй Умит Узкан “Бүхнийг хувьчилна гэвэл наад зах нь Засгийн газар хяналтаа алдана. Барих барьцгүй болно. Том гүрнүүд бусдын хувьд хувьчлалыг хөөрөгдөөд байгаа болохоос, өөрсдөө бол маш болгоомжтой, бүр хөдөлж чадахгүй байх жишээтэй. Тухайлбал, Токио хотын газар нутгийн 98 хувь нь улсын мэдлийнх. Английн хотожсон нутаг дэвсгэрийн 86 хувь нь улсынх байдаг. Скандиновын орнуудын хувьд 90 хувь нь улсынх. Тэгсэн хэр нь тэд ардчилалд хүрэхийн нууц түлхүүр бол хувьчлал гэж уриалаад чин үнэн нууцаа хэзээ ч, хэнд дэлгэлгүй хав дарж үлддэг юм…” гэж өмч хувьчлалын тухай өчсөн нь нэгэн зүйл “баобоб!” модноос Монголыг аврах гэсэн элэг нэгтэй, эрт цагийн гарал үүсэл, өвөг дээдэс нэгтэй хүнийг үг гэлтэй. Сурвалжлагч бээр доктор, хадагтай Умит Узканаас “Тэдгээр орнуудад бараг юм бүхэн хувийнх гэдэг нь алхам тутамд мэдрэгдэж, нүдэн дээр нь илхэн байдаг биш бил үү?…” хэмээсэнд “хувийн нэртэй ч цаанаа улсын мэдлийн байх нууц механизм аль хэдийнээ бүрдсэн байдаг юм. Хувийн эзэмшлээс итгэмээргүй, маш өндөр татвар авдаг, үл хөдлөх хөрөнгөөс ч мөн адил. Английг жишээ болгон авъя л даа. Тэнд хүн хувийн байшингаа гурван давхар ч гэх юм уу, хүссэнээрээ өөрчлөн хувиргаад байж чадахгүй. Үл хөдлөх хөрөнгө гэдгээр дор хаяж үнийх нь тал хувийг улсад өгөх болно. Хувьчлал зайлшгүй хэрэгтэй зүйл байсан сан бол эхлээд улсын мэдэлд байгаа газраа хувьчлах ёстой байсан. Гэтэл газар улсынх нь гарт байсаар л байна шүү дээ. Юу сурталчлаад байгааг харин ч эргүүлээд өөрсдөөс нь асуух хэрэгтэй” гэж хариулжээ. Доктор, хатагтайн “Аль ч талаар дэлхий нийтийн чиг хандлагыг харалгүй яахав. Гэхдээ өөрөө өөрсдийгөө олж авах, өөрийнхөөрөө явах л чухал. Манайх ч баруун европыг шүтэж, дуурайж цагтаа алдаж л байсан” хэмээх чин сэтгэлийн үгс хэн бүхэнд нэгийг бодуулах биз ээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах