Баядуудын ёс заншлын тухайд

Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний баялаг уламжлалтай билээ. Баяд ястангуудын хоорондын харилцаа холбоо, заншил, ёс горимд хүндэтгэлийн хэлбэр болох мэндлэх ёс, золгох, тамхилах, зочлох зочлуулах уламжлал багтдаг. Насаар дүү хүн нь ахмад хүнийхээ тохойг нь доороос нь гардан хүндлэн хацраа өгөн золгодог. Мөн ингэж золгохдоо улирлын байдлаар мэндлэх ёстой. Жишээ нь: Сайн хаваржиж байна уу, биесээр сайн гарч мал сүргээ тарган тавтай онд оров уу даа гэх мэт. Мөн тухайн үед тэр айлын эрхэлж байгаа үйлийг ерөөөж мэндлэх нь бий. Жишээлбэл: оёдол үйл хийж байхад “Үйл бүт”, охидод бол “Уран болог”, эсгий хийж байхад “Дун цагаан дурдан шиг, артай болтугай” гэх мэт Эдгээр ерөөлийг хүлээн авч хариуд нь “Ерөөлөөр болог”, “Тэр ерөөл бат орших болтугай” гэж хариу бэлэгддэг байв. Мөн малын бэлчээр, тал хээр аян жин нүүдэлд яваа үест зориуд зам тосон очиж мэндчилдэг заншил байснаас гадна хонь хариулж яваа хүнтэй уулзаад “Хонь сайн тогтож байна уу?” гэх буюу аян жинтэй тааралдвал зөв талаараа зөрөлцөн, “Аян замдаа сайн явж байна уу? гэх зэргээр
хүндэтгэлтэй мэндлэн өнгөрдөг ёстой, бас хөөрөг, гаансаа солилцон мэнд асуух нь бий. Баядууд ялангуяа нүүж яваа айлын ачааг тосон цай идээгээ барин очиж мэндлэн зочилдог уламжлалтай. Зэрэг зиндааг харгалзан хүндэтгэдэг байсны гадна настангуудын дэргэд тамхи татах, архи уухыг цээрлэдэг байв. Эр хүн дөчин нас хүрч байж найр хуриманд насны эрэмбээр сууж 3-аас илүү хундага тогтоодоггүй ёстой дүү хүн нь садан төрлийн ахмад хүмүүсээ аги, адиа, альдаа, ижээ, игээ, жижээ, жийжээ, зээнээ гэх зэргээр аваалдаг/авгайлдаг/ байсны зэрэгцээ эцэг, эхийн нэрийг хэлдэггүй аав, ээж /эцэг,эх/ зарим газар ажаа ч гэх тохиолдол бий. Зочлох ёс: Баядууд хот айлын шон дээр ирээд чангаар “Нохой хорь” гэх буюу нохойн дуунаар гэрээс гарсан хүн хувцсаа янзлан гарч, зочныг мориноосоо бууж гэрт ортол нохойгоо хорино. Зочин гэрт орж суухдаа эрэгтэй нь баруун талдаа, эмэгтэй нь зүүн талдаа суух буюу насны эрэмбээр нь жижигхэн ширдэг дэвсэх буюу одоогийн нөхцөлд сандал тавьж өгнө. Харин хадам эцэг болон ахмад настангууд ирвэл угтан очиж тохойг нь түшин мориноос нь буухад туслан морийг нь уядаг. Эр хүн айлд буугаад морио уяснаа нягтлан үзэж гэрийн үүдэнд ирэхдээ дээл, малгай хувцасаа засч, хутгаа буулган орж, гэр доторх хүмүүстэй насны эрэмбээр мэнд мэдэлцэн тамхилдаг. Ирсэн зочинд цай аягалж барихдаа амсар бүтэн аяганд цай хийж барьдаг. Тавьсан идээнээс амсахдаа өнгийн цагааныг шилж, өрөм ааруулнаас эхэлж, зөв гараар хүртэж амсана. Баядууд настайчуудад дал дөрвөн өндөр, шаант тэргүүтнийг чанаж таваглах буюу залуу хүмүүст сүүж сүвээний сээр хавирга, харин эмэгтэй хүнд гол төлөв өвчүү чанах буюу сүүж сүвээний гурван хавирга чанадаг заншилтай. Өвгөд, хөгшид ирж хонох буюу өнвөл халуун өдөр бол зочны морины эмээлийг авч сүүдэр газар тавих, морийг нь услах идүүлэх зэргийг учир мэдэх хүүхдээр юм уу гэрийн эзэн өөрөө гардан хийдэг. Хүүхдийн үс авах: Баядууд хүүхдийн өрлөг авах тодорхой ёс горимтой байв. Хүүхдийн өрлөгийг 3-5 настайд хавар, зун, намрын эхэн сарын ээлтэй өдрүүдэд авдаг уламжлалтай байв. Ингэхдээ ойр төрлийн ах дүүс, хот айлаараа энэ ажилд оролцдог ба багахан хэмжээний найр ч хийх нь бий. Баядын зарим айл охин хүүхдийн өрлөгийг 2, 4, 6 настайд нь авдаг, энхрий хүүхдийн өрлөгийг 7 настайд нь авах тохиолдол байжээ. Харин пүрэв гаригийг хүний хишиг өдөр хэмээн үзэж өрлөг авах нь цээртэй байв. Өрлөг авахдаа товлосон өдрийнхөө өглөө идээ зоогоо ширээн дээрээ өрж, айраг цагаагаа сөгнөн, зочдоо суулган хүүхдэдээ голёын хувцас өмсгөн өрлөг хайчлах хайчны бариулаас хадаг юм уу? цагаан даавуу уяж, өрлөгөнд ивээл жилтэй хүнээр магнай талаас нь гар хүргүүлэн өрлөгийг хайчнаас уясан хадаг буюу цагаан даавунд боодог ёстой. Өрлөг авахад заавал байлцах ёстой амжиж ирээгүй ах дүүст нь зориулж үлдээдэг заншилтай. Өрлөгөнд гар хүрсэн хүн болгон “Аавдаа ачлалтай, Ээждээ энэрэлтэй, урт настай, удаан жаргалтай яваарай” хэмээн ерөөл өргөдгөөс гадна ойр дотны хүмүүс өрлөгөнд гар хүрээд хүүхдэд чихэр, үзэм гарт нь өгч, хээр, зээрд зүсмийн морь, даага, халзан цагаан хонь, хурга гэхчлэн зааврын малыг нас хүйсээр нь заах буюу зарим нь заал малаа тууж, хөтлөн ирж өгдөг уламжлал ч байжээ. Эх сурвалж: “Зээ баян Хан Хөхий” номноос

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах