Хэрхэхийг ухаант Монголчууд, түүний дотор “улсаа” гэх сэтгэлтэй зоригт хөвгүүд санатугай.

Халхын том феодалуудаас Орос улсын эзэн хаанд 1911 онд илгээсэн бичигт:
…”Нэгэн зүйл: Монгол газарт шинэ Засаг дэлгэрүүлэх нэрээр шалтгаалж олон иргэнийг нэн үлэмж хуруулан Халхын хойт хязгаарын хэд хэдэн хошууны нутгийг зөнд нь хагалан тариа тариулж нутаглан суулгахаар нэгэнт тогтоож бүхий нь Монголын амьдралыг нэг мөсөн тасалж, харъяат, хязгаар захыг баталъя гэсэн санаа лавтайяа мөний тул цухалдаж хорсох билээ.
…”Нэгэн зүйл: Монгол газарт олон иргэнийг хуруулж муж байгуулан олон хятад түшмэдээр эрхийг бариулан монгол олон засгуудын эрх хүчийг бууруулан хасахаар завдаж буй нь үнэхээр тачаалтай билээ.
…”Нэгэн зүйл: Манай монгол Манж улсад дагаж орсноос хойш олон зальхай иргэд наймаа худалдааны учир өөрсдийн юмыг онц их үнээр худалдан өгөх бөгөөд манай Монголын мал юмыг боогдуулан хялбар үнэнд авах ба мөнгө зоос зээлдүүлбэл хүүгээс хүү үржүүлж авсаар нэгэнт яс чөмгөнд хүртэл ядууруулсан бөгөөд одоо шинэ Засаг хэмээн нэрийдэж, олон зүйлийн юмнаас цөм гааль татвар хурааж, улмаар мөлжин элдэв зүйлээр үрэгдүүлэн бүхий нь манай Монголын хүчин яахин тэсэх билээ…”

Ийнхүү өвөг дээдэс маань хумсаа хугартал, мөрөө мөлтөртөл улсаа гэж хөл хүрэх газар яаж, хэл хүрэх газар хэрэлдсээр энэ Монгол Улс өдгөө бидний үед хүрч ирэв. Байдлыг нягталбал одоо цагийн ноёд, баячуул нь тэр цагийн манж хятад иргэдээс долоон дор, хэцүү бэрх бодлого явуулах хийгээд улс гэр маань тэр цагийн Монголоосоо дор, бусдын эрхшээлд орох цаг ирэв.
Түүхийн ухааны доктор Гүнжийн Сүхбаатар агсан “Оройн дээд шүтээн минь Монгол Улсын тусгаар тогтнол” хэмээх ярилцлагадаа /1992-3-25 ¹33/18067/”Үнэн” сонин/ “…Зарим нэг хүч буруу тийш эргүүлж, манай улсын тусгаар тогтнолд аюул учраад байна. Ер нь шуудхан хэлэхэд Манжийн дарангуйлал сэргэж эхэлж байгаа шүү гэдгийг түс тас хэлчхэд буруудахгүй.
Хил хязгаар маань цоорхой сав шиг болчихжээ. Эх орныг авч яваа гол хүч ажилчин, малчинг хэсэг зальт хүмүүс завшиж байгаад сэтгэл түгшиж, харамсаж явдаг.

Хийдэг нь хохирч, хийдэггүйнх нь түрийвч зузаардгийн учир юу вэ?…” гэж хилэгнэн бичсэн нь одоо яг ёсоор болж байна.

Өдгөө цагийн Монголын баячуул өөрийн ядуу ард түмнийг шулан баяжиж, гадаадын шунахай дээрэмчидтэй хамтран мөлжиж, өчүүхэн нь ч үл хайрлах нь манж, хар данжаадаас ялгаа юун?…
Өдгөө цагийн төр барьж байгаа хүмүүс,эвслийн гэгдэх төр засаг нь тэр цагийн Манж улсын “Шинэ Засгийн бодлого” гэгчээс үл дутах харгис бодлого явуулж татвар, түрээсийг зүй бус ихээр нэмж, жир олныг дарамтлах элдэв тусгай хороо, газар, албыг энд тэндгүй байгуулах нь “Манжийн үед Монголчуудын аж ахуйн орлого түлээ мод болон бусад тээврийн зүйлээс хүртэл гааль хурааж, Монголд байсан хуучин засаг захиргааны дээр цэрэг бэлтгэх газар, цагдан сэргийлэх хороо, ой модны түрээсний ерөнхий ба салбар хороо, эрүүлийг хамгаалах хороо, хэмжээт засгийн явдлыг сүвэгчлэн бэлтгэх газар, гадаадтай харилцах хороо гэх зэрэг хорь орчим шинэ албаныг байгуулснаас” дутахгүй үйл явуулж буйг ойлгохгүй байна.

Ядуу ард түлээ нүүрснийхээ үнийг ч дийлэхгүй, өлөн зэлмэн суух, жир албан хаагч байр сууцныхаа үнийг дийлэхгүй орхиж явах, оронд нь гадны мөнгөтэй баячуул шилжин суурьших, эмч, багш нар нь амьдрахын эрхээр мэргэжлийг орхин арилжаа, наймаа хөөх, үндэстний мэргэжилтнүүд нь гадаадынханд шахагдах, улс орныг минь гадаадынхан “Дэлхийн банк” “Олон улсын валютын сан” зэрэг зальхай байгууллагуудын тусламжаар гартаа оруулж, дураар хөтлөх аюул бодитойгоор оршиж эхлэв.

Монгол эхийн алтан хэвлийгээс төрж, монгол эцгийн зүрх цээжинд нь цохилж буй хөвгүүн бүр амин хувийн ашиг тусыг огоорч, эрхгүйеэ улс гэр юугаан эс болох аваас, алтан дэлхий түмний тоосонд хоцорч, алмайран мунхарсаар эцсийн өдөр идэх хоол ч үгүй, орох орон ч үгүй, гишгэх газар ч үгүй үлдэж болохын дан тэмдэг илэрсээр байна.

Хэрхэхийг ухаант Монголчууд, түүний дотор “улсаа” гэх сэтгэлтэй зоригт хөвгүүд санатугай.

“Гагцхүү аймаг, хошуу орон сумуудын шинэ өрийг нийлүүлбэл бүгд 30 сая лан магад хүрэх болсноос, энэхүү өрийн төлөөсөнд хошууны ард албатын хөрөнгө хогшил барагдан дуусч, үгүйн туйлд хүрсэн тул, үл гаслах хүн нэг ч үгүй болжээ…” /Олноо өргөгдсөний долдугаар /1917/ оны цагаан сарын шинийн нэгний өдөр гарсан “Нийслэл хүрээний сонин бичиг”-ийн 46-рт/
Наяад жилийн өмнөх дээрх явдал өдгөө дахин давтагдаж, үгүйрэн хоосорсон хүн түм бум, үглэн гаслах хүмүүн үй олон болж, улс орны өр өдрөөс өдөрт нэмэгдэж, үр хойчийн маань нуруун дээр даахын аргагүй ачаа үүрэгдэж буй. Өнөөдөр газрыг гадаадынханд өмчлүүлэх хүсэлтэй хүмүүс бол өрийг түүгээр золиосолж, өөрсдийн хувийг харийн эздээсээ хүртэх гэсэн золгүй амьтад буй!

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах