Бүх Монголчууддаа Тусгаар Тогтнолоо эргүүлэн олж авсны 98 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Монголчууд бидний түүхэнд 200 жилийн хар толбо үлдээсэн Манж чин гүрэн устаж уусаж үгүй болсны ойн баярын мэндийг хүргэе!
Манж чин улсыг уусган залгисан Дундад иргэн улс мөхөөгүй гэдгийг өдөр бүр санаж эвээ эеээ хичээж, эрүүл саруул оюунлаг байж чадвал Монголчууд бид үүрд хүчирхэгжин бэхжих болно. Өнөөдөр Монголын төр энэхүү өдрийг хагас дутуу гэсэн дурсаж ойлгодог болжээ.Сайшаалтай хэрэг.Гэхдээ бүүр нарийн судлаж бүх Монголчуудаа хамарсан ямар нэгэн үйл ажиллагаа зохиож ямар нэг сайхан үг хэлэх л болов уу даа!Харж л байя!
Манжийн дарангуйлалд Монголчууд бид хүчгүйдээ биш Эв Нэгдэл-гүйдээ эзлэгдсэн юм шүү. Дэлхийн Монголчууд бидний оюун санааны эв нэгдэл үүрд мандан бадраг!
.Ингээд 2 жилийн өмнө болсон нэгэн сонирхолтой ярилцлагыг нийтлэв!
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайханы
“Андууд”-д өгсөн ярилцлагыг толилуулж байна.
Асуулт: 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн УИХ-ын хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 12 дугаар сарын 29-ны өдрийг үндэсний эрх чөлөөний өдөр болгож тэмдэглэхээр боллоо. Зарим хүмүүс бас нэг амралтын өдөр нэмэгдлээ гэж бодож байх шиг байна?
О.Б: Тиймээ, УИХ-аас тун ач холбогдол бүхий шийдвэр гаргалаа хэмээн би талархаж байна. Учир нь энэ өдөр бол амралтын өдөр бус харин бүх нийтээр тэмдэглэх үндэсний тусгаар тогтнолын өдөртэй боллоо хэмээн үзэх учиртай. Монголын түүх, үндэсний уламжлал, зан заншил, соёлоо хадгалж хойч үедээ өвлүүлэхэд дэмжлэг болох түүхэн шийдвэр хэмээн би судлаачийн хувьд үзэж байна. Эл түүхэн шийдвэр гаргахад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай уг хуулийн төслийг санаачлан өргөн барьж, түүний зөвлөх, доктор Я.Долгоржав гуай ихээхэн хүчин зүтгэл гаргасанд гүнээс талархаж байна. Үндэсний тусгаар тогтнолын өдөр, бүр тодруулбал үндэсний эрх чөлөөний өдөр гэж хуульд заасан байсан.
Асуулт: Энэ өдөр чухам юу болсон юм бэ?
О.Б: 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монгол улс Манж гүрнээс хараат байхаа больсноо албан ёсоор тунхаглан, Монгол тусгаар тогтнон бие дааж орших больсноо дэлхий дахинд зарласан өдөр юм. Энэ өдөр “Монгол Улсын тулгур төрийг нээн, тусгай улс байгуулж, бүхний багш Богд Жавзандамба ламтныг Улсын эзэн хаанд өргөмжлөн, Эрдэнийн их сууринд суулгаж, шашин төрийн бүрэн эрхийг хослон бариулж, улсын нэрийг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн гэж нэрийдэж, Их Хүрээг улсын төв нийслэл болгон, дотоод, гадаад, цэрэг, сан, шүүх таван яамыг байгуулж, засгийн хэргийг хуваан шийтгүүлсэн” хэмээн Магсар хурц, манжич Дэндэв нар бичсэн байгаа. Богд Жавзандамба хутагт Монгол Улсын хаан эзнээр суугаад буулгасан зарлигтаа Монголын төрийн үндсэн таван яамыг байгуулж, сайд нарыг тохоон томилсон, мөн үүний зэрэгцээ монгол хүн бүрт энэхүү тусгаар тогтносны хишгийг хүртээсэн байдаг. Үнэндээ энэ өдөр монгол хүний нар гийсэн өдөр байлаа хэмээн настан буурлууд хуучилдаг.Үндэсний хувьсгалын дээд үр дүн нь үндэсний тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, төр улсаа төвхнүүлэн байгуулах явдал билээ. Иймээс Монголын 1911 оны үндэсний хувьсгалын оргил цаг Монгол тулгур төрөө сэргээн байгуулж, тунхагласан төрийн их ёслол болсон өдөр юм.
Асуулт: Монголд болсон эл үйл явдлын талаар дэлхий дахин бараг мэдэхгүй байсан юм биш үү?
О.Б: Тэгэж хэлбэл алдас болно байхаа. Би зарим нэг баримт хэлье. Шинээр тогтсон Монгол улсыг тунхаглан зарласан төрийн их ёслолын талаар тухайн үеийн дэлхийн хэвлэлүүд юу хэмээн бичсэнийг үзэх аваас, Манжуурт Харбин хотноо хэвлэгдэж байсан «Харбинский вестник» сонин 1912 оны 1 дүгээр сарын 1 ний дугаартаа: «Хутагт хаан ширээнд залран суух ёслол их олон хар шар монголчууд цугларч баяр баясгалантай байдлын дунд боллоо» хэмээн тэмдэглэжээ. Харин Оросын Петербургийн «Речь» хэмээх сонинд «Өнөөдөр Монгол оронд тэмдэглэлт баяр ёслол болж байна. Монголын хутагтыг хаан ширээнд сонгон өргөмжилснөөр Манж Чин улсаас Монголын хараат байсан үе нэгэнт эцэс боллоо» гэж бичсэн бол «Санкт Петербургские ведомости» сонин «Хүрээний хутагт, шашны толгойлогч үндсэнийхээ шашин төрийн тусгаар тогтнолыг илэрхийлэгч нь боллоо» гэжээ. Мөн Оросын «Новое время» сонин «Монголд газар сайгүй … их баяр ёслол болж байна. 12 дугаар сарын 16 нд (12 дугаар сарын 29 – О.Б)
Монголын өнцөг булан бүхэнд даншиг өргөж ёслол хийхээр зарлав. Амьтан алахыг цаазлав. Ордны сайдууд ба бусад түшмэд монгол үндсэний дээл өмс гэж зарлиг буулгав» гэж нэгэн дугаартаа тэмдэглэжээ. Английн «Таймс» сонин энэ үйл явдлын талаар бичихдээ: «Ази тивд Монгол улс шинээр төрж гарсан буюу бүр нарийвчлан яривал сэргэн мандсан нь бодит явдал боллоо» хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Харин Оросын Кульганек И., В.Жуков зэрэг эрдэмтэд “1911 онд Монголд тусгаар тогтносон улс байгуулагдсаны үр дүн болж, Орос орон өөрийн хөрш Монголтой шинэ харилцаа үүсгэн байгуулсан нь ХХ зууны нэг ололт юм” гэсэн буюу “Монголд 1911 онд тусгаар тогтносон улс байгуулагдсан явдал нь тус бүс нутагт олон улсын шинэ нөхцөл байдлыг тодорхойлох болсон юм” хэмээн дүгнэсэн байдаг. Төв Азийн нутгаар аялагч агуу их Н.Рерихийн хүү Юрий Николаевич Рерих Европ, Америкийн их сургуулиудад уншихаар 1929 онд Урусватид бэлтгэсэн “Монгол: Эзлэн түрэмгийлэгчдийн зам” нэртэй лекц бичиж, түүндээ “1911 оны 11 дүгээр сарын 18 -нд Богд гэгээний ордонд Монгол ноёдын хуралдаан дээр улс орныхоо тусгаар тогтнолыг баяр ёслолын байдалтай тунхаглажээ. Энэхүү тэмдэглэлт өдрөөс эхлэн монголын тал нутгаар элч нар тусгаар тогтнолын тухай мэдээ дуулгаж, улс орныхоо төлөө тэмцэхээр цэрэг элсүүлэх болсон тухай зарлигийг хүргэхээр давхилдах болжээ… 1911 оны 12 дугаар сарын 15 нд Наймдугаар Жавзандамба хутагт Монгол улсын Олноо өргөгдсөн хэмээх цол бүхий хаанаар өргөмжлөгдөж, Өргөө хааны нийслэл болж, Богд гэгээний шар туг түүний ордоны дээр намирах болов. Монголын түүхийн энэ цаг мөчид өнгөрсөн цагийн агуу удирдагчдаа санагалзан Их Монгол Улсыг байгуулах хүсэл өвөрлөсөн хүмүүс бий болов. Монголын бүхий л тал нутгаар аль хэдийн мартагдсан дайчин дуунууд дахин цуурайтаж эхлэв” хэмээн тэмдэглэсэн байна. Хорьдугаар зууны эхээр төрөн гарсан бие даасан анхны улсуудын нэгэн болох Монгол улс тусгаар тогтнолоо олж тунхаглан зарласан нь дэлхийн хэвлэлд ийнхүү баримттайгаар үлдсэн байна. Монгол тусгаар тогтнолоо зарласнаас үүдэн Япон, Орос, Хятад, Англи зэрэг гадаадын их гүрнүүдийн Дорнодахин, Азид чиглэсэн бодлогод өөрчлөлт орсон нь ч бий, үүнийг лавлан судлууштай. Асуулт: Энэхүү тусгаар тогтнолоо тунхаглах ёслол нь зөвхөн Хүрээнд болсон хэрэг үү?
О.Б: Үгүй дээ, тусгаар тогтнолоо тунхаглах төрийн их ёслолоо монголчууд орон даяар хийсэн байгаа юм. Энэхүү төрийн их ёслолыг Халхын хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газраас сайтар зохион байгуулж, чухамдаа эл 12 дугаар сарын 29 –ны өдөр тус орны өнцөг булан бүрт тэмдэглэлт үйл явдал болжээ. Энэ талаар баримт сөхөж үзвэл, Тухайлбал, Улиастай хотод “Монгол Улсын тулгур төрийг нээн тусгай улс байгуулж Богд Жавзандамба ламтныг эзэн хаанд өргөмжлөн эрдэнийн их сууринд суулгах их баяр ёслолын өдөр тохиолдсон учир тус хотын монгол сайд дайчин ван Гүргүмжав, жанжин илдэн гүн Гомбосүрэн, дөрвөн аймгийн жасааны туслах, түшмэд, албаны малыг захирах засаг, цагдаа цэргийг захирах түшмэдийн зэрэг бүх бичиг цэргийн тушаалтан албаны хүмүүс, энгийн олон ардын хамтаар монгол сайд вангийн яамнаа хуралдаж, хүжийн ширээ жагсаан тавьж, Нийслэл Хүрээний зүгт хандаж, бүгдээр гурвантаа сөгдөж, есөнтөө мөргөн их баяр ёслолыг явуулан гүйцэтгэж, басхүү олонд цай идээ түгээн хүртээж хуримлаад мөнхүү өдөр зэвсэг бүхий цөөн тооны монгол цэргийг өмнө этгээдэд жагсааж сүрийг бадруулан монгол сайд дайчин ван Гүргүмжав, илдэн гүн Гомбосүрэн нар тэргүүлэн бүх бичиг цэргийн түшмэд, тушаалтан албаны хүмүүс бүгдээр мордож тус газрын албан Сангийн хотын өмнөд хаалгыг хашгиран нээж ороод шууд манж жанжины төвийн их яамны үүдэнд тулаар одоход манж жанжин Гүйн бие ихэд айн сандарч угтан гарч ирээд уйхлан сөгдсөн” ажээ. Асуулт: Тэгвэл энэ өдрийг яагаад өмнө нь тэмдэглэж байгаагүй юм бэ?
О.Б: Эл өдрийг 1912 оноос эхлэн Богд хааны зарлигаар тэмдэглэж байсан байна. Архивын эх сурвалжид тэмдэглэснээр бол анх “Богд эзэн хааныг анх суурин дор залж тулгур төр нээсэн өдрийг жил бүр тохиолдох тухай дор тансаг хурал хурж, чухал буян үйлдэх”-ийн чухлыг тэмдэглэж, “одоо үүнээс хойш жил бүр өвлийн дунд сарын шинийн есөн дор нийтээр тансаг хурал хурах ба бурхан шүтээн дор зул хүж тахил тавиглал өргөж өөр өөрийн хэр чинээгээр ном буяныг үйлдэж, ерөөл хутгийг гуйн нигүүлсэхүй сэтгэлээр аливаа амьтаны амийг аварсугай” хэмээн 1912 онд зарлиг гарсан байна.Өөрөөр хэлбэл1912 оны 12 дугаар сарын 29 нөөс эхлэн жил бүр энэ өдрийг Улсын баяр болгон тэмдэглэж байгаад 1922 оноос эхлэн Ардын Намын Төв Хорооноос улсын баяр ёслолыг шинэчлэн явуулах санал гаргасны дагуу Монгол Ардын засгийн газрын шийдвэр гарч, “Урьдах автономит засгийн үед улсын баярыг жил бүр өвлийн дунд сарын шинийн есний өдөр явуулахаар ирсэн ажгуу. Үүнд бидний Монгол ардын журамт цэрэг Олноо өргөгдсөний 11 он зуны сүүл сард гадаадын харгис дайсаныг арилгаж, Нийслэл Хүрээг эзэлж мөнхүү сарын шинийн зургааны өдөр хуучин эзэрхэг засгийг устгаж Богд Жавзандамба хутагт ламыг Монголын хэмжээтэй эзэрхэх хаан өргөмжилж, ардын эрхтэй засгийг явуулсаны тулд одоо зүй нь улсын баярын ёслолыг жил бүр зуны сүүл сарын шинийн зургааны өдөр явуулбаас зохино” хэмээн тогтсон байна.Өөрөөр хэлбэл 1912 оноос 1922 он хүртэл Улсын их баяр наадмыг жил бүр 12 дугаар сарын 29 ны өдөр тэмдэглэж байгаад 1922 оноос эхлэн 7 дугаар сард тэмдэглэх болжээ.
Асуулт: Тухайн энэ өдөр ямар өдөр байсан юм бол?
О.Б: Энэхүү 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдрийг хамгийн сайн өдөр хэмээн мэрэг төлөгчид үзэж, Богд таалсан хэмээдэг билээ. Европ тооллын 1911 он, Дайчин хэмээх Манж улсын Хэвт ёсны гуравдугаар он, Монголын арван тавдугаар Рабжунгийн цагаагчин гахай жилийн өвлийн дундад сарын шинийн есний өдөр бөгөөд төрийн их ёслолыг гүйцэтгэх маш сайн өдөр хэмээн сонгон үзэж тодруулсан, хишиг гариг, усан тахиа өдөр байжээ. Архивын эх сурвалжид тэмдэглэснийг үзвээс, энэ “Цагаагчин гахай жилийн 11 сарын 9 нь Баасан гаригт усан тахиа, энэ өдрийн морин цагийн эхний хувьд өлзий учрал бүрдсэний тул энэ цагт өргөмжлөл, ёслолыг гүйцэтгэвээс” сайн хэмээн лүндэн зарлиг буусан хэмээжээ.
Асуулт: Энэхүү тэмдэглэлт өдрийг хэрхэн тэмдэглэвэл зохилтой вэ?
О.Б: Үндэсний уламжлал, түүх, зан заншил, соёлоо илүү таньж мэдэх, залуу хойч үедээ өвлүүлэх талаар ихийг сэтгэн бодож хийвэл, монгол монголоороо үлдэхэд тус нэмэртэй болохсон хэмээн бодно. Өчүүхэн хүний санахад УИХ-ын хүндэтгэлийн чуулган, Засгийн газрын хүндэтгэлийн хурал хийх, Их дээд, дунд сургуулиудад үндэснийхээ түүх соёлоос суралцах өдөр болгох, Гандан хийдэд буяны ном хурах, дээр үед тэмдэглэж байсанчлан эл өдөр амьтны амь егүүтгэхийг цээрлэж, өршөөл үзүүлэх, ядарч яваа нэгэндээ хайр хишгээ үзүүлдэг өдөр болгоосой хэмээн бодож байна. Эл өдрийн нэг чухал зүйл нь монгол үндэстэн бидний бусдаас ялгарах онцлог, өвөрмөц байдлаа илүү дээдлэн хүндэлсэн өдөр байвал тун сайнсан гэж бодно. Ингэж чадвал, дэлхий дахинд монгол үндэстэн гэдэг чинь ийм үндэстэн гэдэг бусдаас ялгарах онцлогийг буй болгох болов уу. Биднийг чинь морьтой монгол гэдэг, гэтэл орчин үед мориноосоо буугаад хотод амьдраад ирэхээр ямар монгол болох билээ, гэдгээ бодмоор.Үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан Монгол төрийн түшээд, эрхэм хүмүүсийн түүх, шашдирыг олноо таниулж, судалж, сурталчлах явдал нэн чухлыг энд бас хэлмээр байна. Зориуд тэмдэглэх нэгэн зүйл бол 1911 оны Монголын үндэсний хувьсгалд Богд Жавзандамба хутагтын гүйцэтгэсэн түүхэн үүргийг бодитойгоор үнэлэн цэгнэж, түүнийг тус хувьсгалын удирдагч хэмээн хүлээн зөвшөөрөх нь зүйд нийцнэ хэмээн үзэж байна. Түүнчлэн Түшээ гүн Г.Чагдаржав, Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, гүн Хайсан нарын зүтгэлийг онцлон тэмдэглүүштэй.
Асуулт: Энхүү төрийн их ёслол болсон газар яг хаана байдаг вэ?
О.Б: Энэ үйл явдлын талаар уг ёслолын ажиллагаанд оролцогчийн байр сууринаас бичиж үлдээсэн, маш сонирхолтой бүтээлүүд хэд бий. Тэдгээрт өгүүлснээс үзвэл, Их Хүрээний төвийн шар ордон гэдэг нь одоогийн Урлан бүтээх төвийн орчим байсан болов уу хэмээн бодохоор байгаа. Төрийн ёслол хийхээр Богдыг Дээд сүмийн хажуугаар явж, Төрийн ордоны өмнө орших хаалганд тулж их буугаар гурвантаа буудсан тухай тэмдэглэгдсэн байдаг. Нарийн судалгаа хийвэл тэрхүү газрыг тогтоож болно. Их Хурлын ордон барих асуудал ид яригдаж буй үед үүнийг судлахад илүүдэх юун билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Цорос бол дөрвөн Ойрад дотор голлох овог билээ. Цорос овгийн үүслийн талаар хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд эрдэмтэн доктор, профессор На...
-
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор Оох...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com