Гадаад Монголын автономи ба амгалан байдлыг хамгаалан туслах намын бичиг



May 13, 2009

Гадаад Монголын автономи ба амгалан байдлыг хамгаалан туслах намын бичиг

Түүх эргэн давтагддаг гэдэг.1920 оод оны үед Монгол улсынхаа тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж явсан эрэлхэг,ухаалаг нэгний бичсэн бичиглэлийг дахин нийтлэв! Монголчууд минь нэгийг бодож үүсэл гарал удам судраа хүндэтгэж ухаалаг эвтэй байцгаая! Бидний дунд эвийг эвдэрүүлэх, хорон санаат эрлийз бодолтой хүмүүс дүүрэн байгаа гэдэгт итгэж байна. Энэхүү нийтлэлийг маш анхааралтай уншаарай.

Гадаад Монголын бүх засаг, лам нар ба ардад сануулах учир: Янаг ах дүү та нарын мэдсээр өнгөрсөн ес, арван жилийн чанад манай уул орон нутаг нь туйлын ядралтай агсан аж. Тэр үед бид бүхний дээр хүнд чулуу мэт Хятадын хөнөөл тогтсон бөлгөө. Юун хэмээвээс манай Халх Монголын эрдэм засагт хор үүрд тэнхрүүлэхгүй мунхгаар явуулах гүнээ хол аргыг хийсэн амуй. Үнэхээр хорсолтой, үнэхээр заналтай. Их Богд Чингис хааны үр садан болох манай Халхын засаг ноёдыг өөрсдийн дур зоргоор инээдэм мэт дэвшүүлж, халж агсныг хэн ч мэдмүй. Бас мөн ёсгүй хятад сайд нар авилгалан манай засгийн ноёдыг худал хуурмагаар яллаж хөрөнгийг хохируулсан сарниулсан билээ. Халхын Их Өндөр гэгээн ба манай төрсөн туйлын сайхан орон нутаг нь хятадын эрлийзийн хорлолоор цөөдөн барагдах шахжээ. Түүнийг цөөлөн сарниулж муу гоёчоор манай засаг хошууд ба ардын газар орныг булаан авч нүүдэлчин хятадыг суулгахад хүргэсэн ажээ. Энэ мөнхүү суртахууныг умартсан хятад нь манай шарын шашин үндсийг таслан язгуурын тогтсон засгийн эрхийг булааж, муж байгуулан бид бүхнийг боол болгон, Дотоод Монголын түмэн мэт шүтээн сүм хийдүүдийг хоосруулан завджээ. Хэдий тийм хорт санаа зангидавч үзэж аврах бурхан тэнгэр дээр байх тул бидний Халх Монголчуудын туйлын гашуун зовлонг өөд татаж туслах дээдсийн хүчин адисаар ба далай мэт буяны чадал үнэнхүү сүсгийн үүднээс Богд Жавзундамба хутагт хаан маань зориг хүчийг илэрхийлэн бузар муухай хар хятадын гараас мөлтрөх тэмдгийг үзүүлэн нууцаар шууд их хувьсгалын мянган нар мэт гэрэлтэй эрдэнийн тугийг босгосон. Их эзэн хаан Богд Жавзундамба таны арсланы дуу мэт алтан хаын зарлигийг сонсож бүх ард бид бүгдээр Алтай уулын өврөөс Алшаа, Ордос, жич Оросын Буриад хүртэл сэнхрэн босоод сэрж, сүртэй их тугийн зүг хандаж, чин үнэн зориг хүчийг нэгтгэн чармайж, эзэн хаан Богд Жавзундамба хутагтын сүлд ба бурхан тэнгэрийн адисаар хамгийн хохируулагч хорт санаат хар хятадын хэлтгий ёсыг нэгэн өглөөний хооронд манан мэт, усны дээр хөөс адил үтэр түргэн арилгаж, бүх монголчуудын орон нутгийг туйлын ядралаас зайлуулж, төв жаргалыг олгуулан тогтоохуйд, мордуулсан буу зэвсэг ба элссэн баатарлаг цөөн цэргүүдээр үлэмж сум зэвсэгтэй Бээжингийн түрслүү цэргүүдийг байлдахуйд байлдааны газраас тэрхүү хятад цэрэг ичгүүргүй бахиралдаж туулай мэт жанчигдсан боловч хар хятадын мэхт арга ихдэж, бидэнд тусыг үзүүлэн агсан Оросын өдий төдий сайд түшмэлийг худалдан авч, цус нулимсаар завсардуулан атал эдүгээ монголчуудын олонхи нь самуун залихай хятадын мэдэлд зовлонгийн далайг алдагдаж, зүйлийн гашуун хорыг амсаж даруулахаа бага үзэж үл баран, манай Халх нарыг түлхэн живүүлэхээр оролдсон өөдөлшгүй нэгэн хэдэн залихай баньд, эрлийз нар ба бүх үндсээ алдсан ноёдыг худалдан аваад манай автономит Гадаад Монгол улсыг дэгжүүлэхгүй арга мэхийг үүсгэн, хар хятадыг өөртэйгөө дотнолон амраглуулсан бөгөөд, бас нэр ба үнэн тангараг тэргүүтнээ умартсан тэд нар, улсын хулгайчууд, хортны нам болж манай мэргэн алдарт Засагт хааныг хорлон алаад, залуу бөгөөд баатар сүртэй Түшээт хааныг бас тэр мэтээр хорлосон нь үнэхээр заналтай. Улсын хэрэгт маш мэргэжиж дотоод, гадаад алдаршсан нэрт лам, Цэрэнчимэд басхүү тэр мэт хулгайчуудын гарт цаг бус үхлээр үхсэн. Бас манай Богд эзэн хааны шадар сайд далай мэт гүнээ ухаан төгөлдөр Дайчин чин ванг бас ухваргүй баньд нар ба эрлийз нар архиар согтоож алсныг хэн ч үл мэдэх газаргүй. Энэ мэтээр хор ерд ерөндөж алагдсан мэргэн төгөлдөр Түшээт ван, Бинт ван, Далай ван, жич сахалт лам эдгээр цөм ийнхүү хорлогдсон тэргүүтэн. Махан бие олсон шулмас нар энэ мэтээр манай халхын тэргүүн эрдэмтэнг идсээр. Богд Чингис хааны язгуур үндэсний үр маш ариун тунгалаг оюут ерөнхий сайд Сайн ноён хааныг хорлосон нь даанч өнгөргүй, муу хоронд хамаг бие шарлаж хилсээр өөд болсон. Энэ мэт хорт үйлсийг шүүмжилбээс Сайд ван хэмээх зарим суурин бүх ардын дээр толилж залруулах тэргүүн болсон нь мөнөө, ийнхүү хорлож бүрэлгэвээс ард юуг түшиж амьдраваас болмуй. Улс юунд засагдан дэгжвээс болмуй хэмээн бодвоос үнэхээр уйтгарлалтай бөгөөд уурлалтай. Манай Халхын сайн тэргүүлэгчдийг алж бараад улсын хэргийг сайнаар сэтгэх хүнгүй болгон, гэрэлт эрдэнийн ширээг бузартуулан хайран тулгар төрийг унагаж хамаг ардыг сарниулан толгой мөрний дээр тэгшдэхгүй, хар хятадын гажуу засаг эрхийг хүлээлгэх нь нэгэнт үнэн болов. Эдүгээ тэдний шулмасын санаа одоо бүрэн бүтэхэд ойртжээ. Эдүгээ бэрх самуун цагт манай халх нарт улсын хэргийг устгахгүй явуулах гүн мэргэн эрхэм язгууртан цөөн болжээ. Одоо улсын хэргийг өөрийн гэрийн үйлсийн адил үзэж, язгуур үндсийг мэдэх нь ховорхон. Харин хятадаас нууцаар цалин авах залихай баньд, эрлийз нар манай халхын засгуудын нэр сүрийг доромжилж бууруулан, хошууны Тусгаар Тогтнол сонингийн хайчилбар Дугаар: 1991.VI.4. №27 [9274] тамгыг хөнгөн болгон, тэрхүү өөрсдийн адил язгуургүй эрлийз нарт олгож, нүүрт ван гүний нэрийг шагнамуй. Удалгүй золбин баньд, эрлийз нар өөрийн боолчууд ба тэжээсэн нохойд боловч ван гүн зэрэг олгуулахад энэ хулгайчууд манай нэр сүрийг хар хятадаас илүү доромжлон дарлах болжээ. Үнэхээр энэ муу хулгайчуудын үүсгэлээс Халх дөрөв, шавь хоорондоо эв найрамдлыг алдаж буурай болсноор бүх улсын хэргийг дотоодоос эвдэн устгах хэрэг илэрхий болов. Ялж төгссөн бурхан бодь модны дэргэд сууж ном бясалгахад олон шулмасууд гадуур хүрээлж зовоосныг үлгэрлэвээс, манай их Богд эзэн хааныг өмхий хар санаат гадаадын хорт дайсанд худалдсан баньд, эрлийз нараар хэлтрэхгүй үйлийн үрийн эрх дор хүрээлэгдэн зовоосоор өнө удав. Энэ хулгайчууд нь хэний ч биеийг хаан лугаа үл учруулан улсын үнэхээрийн зүдгүүртэй байдлыг айлтгамуй. Манай хөөрхий эзэн хаантан эдүгээ цагт Дайчин улсын Бадаргуут төр хэмээх их хуандий мэт бэрх суудалтай болжээ. Улс төрийн буурай цагт манай Гадаад Монгол улсын хэрэг нь Дайчин улсын төр ширээгээ алдахад дүрэмлэсэн дүрэм мэт эрхлэн явуулагчид гадаадын муу дайсан лугаа сүлбэлхийлэн улсыг худалдсан хүний тэргүүн нь эрлийзийг дэлхий дахины хүн бүгд мэдэрхүй. Тэр манай улсыг мөхөөж эзэн хаантныг эрдэнийн ширээнээс зайлуулан улсыг мөхөөхийн тул хар хятад цэргийг авч ирээд тэдний сайд түшмэл лүгээ эзэн хаан ба улс төрийг худалдах хэрэг тун үнэн бөгөөд үнэхээр сайн арилжаа үйлдмүй. Манай халхын ноён, түшмэд хүн ард бүгдээр энэ хуурмаг хулгайчуудын уран үг, засдаг царайд одоо бачлагдахгүй буй за. Эд нарын хэлэх нь: Хятад цэргийн ирсэн учир нь Харчины дээрэмчин бөгөөд Буриад самуун намаас орон нутаг юугаа Хятад цэргээр хамгаалуулмуй хэмээсэн нь эхнээс эцэс хүртэл худал буй. Манай өөрийн этгээдээс маш нууцаар нэгэн сайдыг эзэн хаан танаа бараалхуулж хэдэн цэргийн түшмэдийг Өвөр Монгол ба Буриад газраар зарж үнэнийг байцааваас манай өвөр хошуудын ах дүү нар ба Оросын харъяат буриад нар манай хаан эзэнтний хаврын Буриадын элч нарт дотуураар айлтгасан зарлигийг дагаж хятадын цэрэг ба дотоодын муу хулгайчуудыг хөөн гаргаж хоосруулан дарахын тулд цэрэг түшмэдийг өөр хошуудын олон ван засаг нар лугаа зөвлөлдөн элсгэсэн нь мөн болой. Үүнээс гадна манай өвөр хошууд ба Оросын харъяат ах дүү нар Оросын самуун нам ба Хятадын үймээнд туйлын муугаар дарлагдаж зүдрээд манай улсад дагаж багтахыг гуйснаас өөр ямар ч санаагүй хэмээмүй. Тиймийн тулд хянаваас, манай Халхын хаад, сайд нарыг залгисан шулмасуудад итгэж үл болмуй. Эрхэм язгуурын засгууд, аврал болсон ариун санваарт лам нар, хөдөөгийн хар шар авхай нар бүгдээр сонсох ажаам уу? Манай Гадаад Монголын бузар дорой арилах буй за. Юун хэмээвээс муугийн туйлд хүрвээс сайн болмуй. Тиймийн тул удахгүй гадаад, дотоодын дайсныг байлдах учирт эзэн хааны алтан зарлиг буймуй за. Буу зэвсгийг бэлтгэж тэр өдрийг бүгдээр хатуужин хүлээвээс зохистой. Тухайд эзэн хаан Жавзундамба хутагт таныг зовлонгоос гарган, манай хан, сайд нарыг хилс үхсэн өшөөг хариулж, олон ардын туйлын дарлагдсан гашуун ба бас хар хятадын цэргийг авч ирэн нийт дарлуулах өөдөлшгүй муу эрлийз нар танаа хийсэн үйлээ амсмуй за. Олноо өргөгдсөн эзэн хаан нь өнө удаан гарахуй ертөнцийн дотор мэндэлсэн тул манай их Чингис өвгийн эзэлсэн их газруудыг хураан мандуулан соёл суртал эрдэм засгийг тэнхрүүлэх болтугай”. Тусгаар Тогтнол сонингийн хайчилбар Дугаар: 1991.VI.4. №27 [9274] Өнгөрсөн оны эцсээр эрдэм шинжилгээний томилолтоор Зөвлөлт Буриадын Нийгмийн Шинжлэх ухааны хүрээлэнд очиж ажиллах завшаан тохиож билээ. Тус хүрээлэнгийн гар бичмэлийн санд Монголын холбогдолтой бичиг баримт нилээд байгаагийн дотор “О зашите правопорядка Автономной Внешней Монголии” хэмээн гарчигласан нэгэн бичиг буй нь шашин төрийг хослон барих хаант Монгол улсын эцсийн улиралд буюу тухайлбал, хятадын гамин цэрэг Монгол орныг эзлэн авсан үед холбогдох нь түүний утгаас тодорхой байна. Энэхүү бичгийг тусгаар тогтнолоо сэргээхээр тэмцэж байсан монголын нийгмийн дээр дурдсан бүлэг, хүчээс чухам хэн нь үйлдэж, хэнд гардуулсан, хэрхэн Буриадын Нийгмийн ухааны хүрээлэнгийн гар бичмэлийн санд орж хадгалагдсан нь тодорхойгүй. Ямар боловч бичгийн доторх “өнгөрсөн ес, арван жилийн чанад” манжийн шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх хэмээн монгол үндэс угсааг таслах аюул нүүрлэж байсныг өгүүлснээс үзэхэд 1919, 1920 оны үед бичигдсэн бололтой. ИДШИННОРОВ

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү

Газар бол улсын өмч хэн ч дураар зарж үл болно . The land is the ground of the state.

-Хүннү гүрний эзэн Модун хааны алдарт сургаал (МЭӨ 234-174)

Ахан минь явчаад эргэж ирсэнгүй
Салан хагацах амархан
Ахин бие биетэйгээ уулзах хэцүү
Адуу ноцолдоно хүн ноцолдохгүй
-“Ахын дуу” Сүмбэ улсын аймгийн тэргүүн Муюнхуй (МЭӨ 285 он)

Эх элбүр, эх минь ээ…
Өлөнгийн өвс гундахад хүрэв
Өнөр садан буцахад хүрэв
Өргө нутагтаа буцсу…
- Хүүгийн үг, Алтан ордны үйсэн дээрх бичиг (1240-1502)

Өсгөн төрүүлсэн Өл буурал ахайгаа
Яаж мартъя гэнэм чи?
Арван сар нуруугаа чилтэл өргөсөн
Ангир шар уургаа шимүүлсэн
Ачит цагаан сүүгээ хөхүүлсэн
Амраг хайртай эхийгээ
Яаж мартъя гэнэм чи?..
- Чингисийн хоёр эр загалын тууж ( 14 дүгээр зуун, 1300-1400)

Онон мөрөнд ахуй Халуут эгч минь хийгээд
Орхон Туулд агч өвчит бид хоёр
Халх Оннигуудын газар хол болбаас бээр
Хайрлан санагалзахын агаар нэгэн буй за
-Дуутын хар чулуу, Бахарайн Цогт хун тайж, 1624 оны намар

Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээнэ хоймор юуны ялгаа вэ
ҮЙл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа вэ
-Хурмаст тэнгэр, Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа (1803-1856)

Холбоо шүлгүүд намираад гарах нь өөрийн хэлний монгол
Хослуулан зохиосон эгшигт дууны үг санаа нь монгол
Хойшид боловсрох соёлын зам дээр нь үндэс болох нь монгол
Хуучин ёсны азийн дундаас шинэ мандсан монгол
-Содномбалжирын Буяннэмэх (1902-1937)

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
-Монгол хэл, Бямбын Ринчен (1905-1977)

Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон.

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү тэгж эрдэнэ өвөртөлж харина. 1927 он
-Алс газар сураар явагч, Д.Нацагдорж (1906-1937)

Халх Монголын малчин Хатгин овгийн нүүдэлчин
Харц язгуурт Дамдинсүрэн Харь газар суухдаа
Эх нутгаа эрмэлзэж Элгэн саднаа дурдаж
Эцэг эхээ санагалзаж Эгшиглэж шүлэглэсэн нь энэ байна
-Буурал Ижий Минь, 1934, Цэндийн Дамдинсүрэн (1908-1986)

Цэлмэг залуу насныхаа Гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо Шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй үгээ
Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо хэлсэн
-Миний нутаг найраглал, Цэрэндоржийн Цэдэнжав (1913-1992)

Ертөнц зовлонгийн хажуугаар жаргалаар дүүрэн байдаг
Баяр жаргалын дундаас
Салж сарнисан ах дүү, амраг садан
Амьд мэнд уулзахын баяр гоц сайхан байдаг билээ
-Тунгалаг Тамир, Чадраабалын Лодойдамба (1917-1970)

Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий еэ.
- Халуун элгэн нутаг, Жамцын Бадраа (1926-1993)

Yлээж байгаа салхи нь Yнсээд байгаа ч юм шиг
Өршөөлт ээжийн минь гар Илээд байгаа ч юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс Хоёр нүдий минь бүрхдэг
-Би монгол хүн, Чойжилийн Чимид (1927-1980)

Хичнээн сайхан салж болмооргүй ертөнц боловч
Гэзэгтийн дуулдаг өвгөн шувуу буцах цаг болжээ
Бид чинь ингээд л уван цуван хойт энгэртээ гарах улс шүү дээ
Манай монголын удам тасрахаар биш
Та нар минь тэгээд үр ач өнөр өтгөн жарган дэгжиж яваарай
-Өвгөн шувуу, Сэнгийн Эрдэнэ (1929-2000)

Цэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ
Цэнгэлийн дууныг би зөвхөн талаасаа сонслоо
Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барилаа
Хүүхний царайлагийг би зөвхөн Монголдоо харлаа
-Зөвхөн Монголдоо, 1973, Бэгзийн Явуухулан (1929-1982)

Эрдэнийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би
-Тусгаар тогтнол¸ Дэндэвийн Пүрэвдорж (1933)

Сэтгэлээр сайхан ээжий минь
Сэмхэн намайг дурсав уу
Уулаас санах ээжийгээ би
Ухаандаа гэнэт үгүйлэв үү
Бухимдсан сэтгэл минь тогтохгүй нь
Буцлаа даа… Буцлаа даа… Буцлаа даа…
-Явлаа даа, Явлаа Нямбуугийн Нямдорж (1934-1999)

Монгол гэж байсан ч орон
Байгаа ч орон байх ч орон
Байх байхдаа баргийн юм биш
Баатрууд билээ
- Монгол гэдэг ийм орон байсан юм, Ринченгийн Чойном (1936-1979)

Газрын холоос цайвалзсан
Ганган цагаан гэрүүд байна
Ганцхан насанд заяасан
Миний нутгийн бараа юу
- Миний нутгийн бараа, Шаравын Сүрэнжав (1938)

Сураг холын харь орноос ч төмөр гав таслан
Сул хатираар хүлэг морь нь гүйж ирдэг эх орон минь
Сувдан сондор шиг их л ганган цуваандаа уйлалданхан
Сугаа улайтал шувууд нь нисч, хүсч ирдэг эх орон минь
-Эх орон бодол Пунцагийн Бадарч (1939)

Сэрүүн намар болоогүйсэн бол
Шувууд юундаа буцах вэ
Хайртай үрээ бодоогүйсэн бол
Хаанаас ээж минь юундаа ч уярах вэ
-Хүүгийн бодол, Дожоогийн Цэдэв (1940)

Хүн төрлөхтөний үлэг оршил нь нүүдэл. Нүүдэл гэдэг хөдөлгөөн
Оршин байхын үндэс нь хөдөлгөөн чухамхүү
үргэлжийн хөдөлгөөн л амгаланг буй болгоно
Амгалангаас илүү жаргал гэж үгүй
-Оюуны орон зай, Дарамын Батбаяр (1941)Зүүдэн дунд жаргааж
Сэрэхэд зовиур эдлүүлэх
Зүрхний мухарт уятай
Холын холын бараа гэж
-Холын бараа Лхамжавын Лувсандорж (1943-1981)

Унахын учиргүй уул шиг хоёр сайхан хархүү
Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм
Хамгийн хүнд мөчид Эх орон танаасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй ээ
-Харамчийнхны дууль, Дөнгөтийн Цоодол (1944)

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд цас орох нь сайхан
- Дөрвөн цаг, Данзангийн Нямсүрэн (1945-2002)

Томоогүй явж боллоо ээжээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ
- Хорвоод ганцхан ээждээ, Санжаажавын Оюун (1946)

Хайрхан уулын барааг
Харах бүр минь жаргал юмаа
Хайртай буурал аав ээждээ
Харих бүр минь заяа юм даа
-Хайрхан уулын бараа, Довчингийн Отгонсүрэн (1946-1999)

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье Ижийтэйгээ байхад би баян байсан
-Ижийтэйгээ байхад би баян байсан, Бавуугийн Лхагвасүрэн (1945)

Мөрөн голын чулууд усандаа дуулалгүй удсан ч
Мөнхийн дуугаа мартаагүй байх юм аа, эх орон минь!
Гольдрол дундаа мөлсөн чулуу нь хүртэл дуулахлээр
Голт зүрх өөрийн эрхгүй уярах юм аа, эх орон минь!
- Чулууны аялгуу, Гомбожавын Мэнд-Ооёо (1952)

Цагаан хэрмийг барьсан ард түмэн бахархалтай
Цагаан хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн түүнээс ч дутуугүй түүхтэй
-Монголын Түүх , Бат-Эрдэнэ Батбаяр Баабар (1954)

Холын зэрэглээ нь тодроод байна
Хонгор ижий минь алга уу даа
Хадган сэтгэл минь нялхраад байна
Хатан ижий минь ирэв үү дээ
-Зүүдэнд ирсэн хонгорхон ижий киноны дуу, Үржингийн Хүрэлбаатар (1954)

Орчлонгийн дутуу гэдэг ганцхан юманд л байх юм даа
Аавдаа би эрхэлдэг байсан
Амьдрахын жамтай насандаа амьсгалахын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь
-Би Монголоороо гоёдог, Шагдарсүрэнгийн Гүрбазар (1955)

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү,
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү
Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму…
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Аливаа сайхан бүхнээ бусдаас битгий харамла…
-Төрийн шагналт, яруу найрагч Очирбатын Дашбалбар (1957-1999)

Зүүдэндээ эх орноо үзэх найруу
Зүмбэр их уулсын бэлийн цоохор цасыг цоо түрж
Зүү орох төдий зайд яргуй соёлж
Зүүдэндээ эх орноо үзэх найруу, сэрэхүл, намар гадаа
-Зүүдэндээ эх орноо үзэх яруу Сүхбаатарын Батмөнх (1960-2002)

Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ гүймээр л байна
Хатуу дарсыг ч цутгамаар л байна
Хашгирч уйлмаар дуулмаар л байна
-Хариас дуулсан дуу, Бархасын Дорж, (1964), Дуучин Д.Жаргалсайхан

Самсаа шархиртал янцгаалдах Монгол адуун сүргээ
Санаа сэтгэлийг амраагч талын бор салхиа
Санаж байна би санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна
- Эх орон таныгаа санаж байна, Д.Цэрэнбат

Үүнээс Цэлмэг хөх Тэнгэр гэж Үгүй
Эх орноос минь Сайхан нутаг Хаа ч Үгүй
Үүнээс илүү Хайрлах Шүтээн Үгүй
Эх Орноос минь Сайхан Нутаг Хаа ч Үгүй
- Эх Орон, Хурд, Ардын жүжигчин Б.Дамчаа

Болор биеийг минь нууцлах Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бүүвэй аялуулж Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох Миний хатан өвөр
Монголын их амар амгалан, Цогдоржийн Бавуудорж (1969)

Мэдэрч чадаагүй ёс төдий үнсэлт
Миний залуу нас холын бороотой хот
Хагацах учрахын аль аль нь хуучирсан хойно
Харин энэ тал нутаг юутай хоосон
- Хөгжим сонсож суух 50 эгшин, Гун-Аажавын Аюурзана (1970)

Эцэж ядарсан үедээ нутаг амьтай зүүдлэхдээ
Эх оронтой хүмүн гуйлгачин бишээ мэдэрнэм
Энэлж шаналсан үедээ ижий амьтай зүүдлэхдээ
Элгэн садантай хүмүн Баян гэдгээ мэдэрнэм. Ц.Батмөнх

Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй
-Тэнгэр, Баярхүүгийн Ичинхорлоо (1973)

Монгол бичиг нь хүний сэтгэн бодох чадвар хаана хүрнэ түүнийг гүйцэн бичиж чаддаг бичиг юм. Чой Лувсанжав агсан “Монгол бичиг бол Монгол Улсын тусгаар тогтнол, билэг тэмдэг” хэмээн хэлж байжээ.

Монголчуудаа...!!!

May 19, 2009

Монгол үндэстэн өөрийн газар нутаг дээр мянга мянган оныг элээж аж төрсөөр ирсэн бөгөөд энэ хугацаанд Үндэстний давтагдашгүй онцлог шинж төрхийг хадгалсан агуу их соёл, түүхийг бүтээсэн ард түмэн билээ.
Монгол үндэстэн он цагийн эргэлтэнд хөгжин мандаж, бууран доройтсон нь цөөн бус боловч Үндэстний соёл, ёс заншлаа үеэс үед уламжлан үлдээж, газар нутаг эх орондоо эзэн нь байсаар өнөөг хүрсэн юм.
Гэтэл сүүлийн 19-н жилийн дотор зохион байгуулалт бүхий бүлэг этгээд Монгол Үндэстэний шилдэг хөвгүүд охидын зүтгэл тэмцэл, цус хөлс шингэсэн Монгол Улсын Тусгаар тогтнолыг ганхуулж, бүтээн босгосон барьж байгуулсан бүхнийг нь төрийн өмчийг хувьчлах нэрээр зувчуулж, гадагш дотогш зөөж үрэн таран хийж байна.

Тэд хувь хүний эрх ашгийг улс төрийн! хувийн өмчийг эдийн засгийн эрхэм зорилго! хэмээн тунхаглаж, энэхүү үзэл санаанд тулгуурласан 1000 гаран хуулийг батлан гаргаад байна.

Эдгээр хуулиудын хүрээнд бид халдашгүй дархан эрхээ хувьчилж!! эх орондоо харийнханд боолчлогдох, эх орноо харийнханд худалдах!! сэтгэхүй Монгол даяар “хар тахал” мэт тархаж байна.

Үндэстэний оршихуйн нэг үндэс газрыг хэн мөнгөтэйд нь дуудлагаар худалдаж, Үндэстний дахин нөхөгдөшгүй баялаг алт эрдэнэсийг Монголын хууль харийнханд шимтгэл авах төдийхнөөр зүгээр л өгчихөж байна!

“Ардчилал”-аар халхавч хийсэн зальт этгээдүүдийн боловсруулж гаргасан хуулиудын “ач”-аар Монгол Улс нийт газар нутгийнхаа хоёрны нэгийг лиценз хэлбэрээр гадна дотны хэн дуртайд нь олгоод байгаа бөгөөд Монгол Улсын газар нутгийн гуравны нэгийг харийнханы эзэмшилд нэгэнт өгчихөөд байна!

Ийнхүү эдгээр хуулиуд нь Монгол Үндэстэний эрх ашигт харшилж, Монгол Үндэстэн оршин тогтнох тулгуур үндсүүдэд халдаж, Монгол улсын Тусгаар тогтнол, аюулгүй байдлыг ганхуулж байна. Энэ бүхнээс дүгнэвэл Монгол Үндэстэн оршин тогтнох тулгуураа алдаж, Монгол үндэстэн түүний эрх ашгийг хамгаалж байгуулсан Монгол улс цаашид орших уу? эс орших уу? гэсэн амин чухал асуудал өнөөдөр Монгол үндэстний өмнө тулгараад байна.

Монгол улсад 30 гаруй нам улс төрийн үйл ажиллагаа явуулдаг боловч тэдгээр намуудын үзэл санаа, үйл ажиллагаа нь өөр хоорондоо ялгагдах зүйл бараг үгүй бөгөөд тэд “ардчилал” хэмээх мананд төөрч будилжээ.

Төөрч будилсан нь байхад зориуд төөрүүлж, будилуулж, ард түмнийг хуурч мэхэлж, итгэл сэтгэл дээр нь дөрөөлж буй зальт этгээдүүд Монголын улс төрийн намууд болон бусад хүчинүүдэд оршиж, Монгол Үндэстэний эсрэг бодлого боловсруулж, үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсаар байна!

Энэ нь сүүлийн 19-н жилд Монголын төрөөс батлан гаргасан хуулиудаас илэрхий харагдаж байна. МАХН төр барьж байна уу? АН төр барьж байна уу? Эсвэл олон намын эвсэл төр барьж байна уу? гэдгээс үл хамаарч, Монголын төр хувь хүний эрх ашгийг эрхэмлэж, ингэснээрээ Монгол Үндэстний эрх ашгийг уландаа гишгэж, үүний улмаас Монгол Үндэстний нэгдмэл байдал алдагдаж, дур зоргоороо авирлах үзэл – волюнтаризм газар авч, төргүй, засаггүй байх үзэл – анархизм гаарч, Үндэстний эсрэг гэмт хэрэг үй олноор гарах болж, түүнийг Монголын хуулиар хүлээн зөвшөөрч байна!! Энэ нь ард түмнийг улс төрөөс залхааж байна.

“Улс төр” бол тухайн Улсын ард түмний хүндэтгэн дээдэлж, хүрээлж байх учиртай ариун нандин зүйл билээ. Гэтэл Монголын улс төрийн намууд хүн ардаа “Улс төр” гэсэн хүндэт ойлголтоос залхааж, Улс төргүй буюу байсан ч хэн нэгэнд найр тавихад бэлэн болтол нь залхааж байна! Монголын улс төрийн намууд үүнийг хүсч байна!

Эсвэл хүсээгүй ч тэдний үйл ажиллагаа Монголын ард түмнийг ийм байдал руу түлхэж байна! Үүнийг хараад суух буюу Монгол Үндэстний мөхлийг хүлээх эрх агуу их Монгол Үндэсэний эс ширхэг болж төрсөн надад байсангүй.

Учир иймээс Үндэстний үзэлтнүүдэд, Эх орончдод, үндэсний, үндэсэрхэг хэмээгчдэд, ерөөс агуу их Монгол Үндэстний эс ширхэг болж төрсөн хүн бүрт энэ асуудал хамаатайн учир Эх орноо, Улс Үндэстэнээ хайрлах сэтгэл зүрхтэй Монгол хүн бүрт зориулан та олны мэргэн оюунд толилуулж байна. Болгоон соёрхно уу.

Хас билэгдлийн тухай зураг үзнэ үү!


July 30, 2009

Урд нь та бүхэнд хасын тухай хэд хэдэн удаа мэдээлэл хүргэж байсан билээ.Одоо энэ удаа хасыг дэлхийн бусад оронд хэрхэн хүлээж авч хэрхэн ашигладаг байсныг байгааг зургаар сонирхуулья!


















































S.Bataa

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах