Монголчууд бидний удам тасрах аюулын харанга дэлдье!

Удахгүй уушгины эмч хамгийн эрэлттэй мэргэжил болох магадлалтай. Жил бүр агаарын бохирдол, утааг багасгах зориулалтаар төсвөөс их хэмжээний мөнгө гардаг ч утаа багасгах нь байтугай үндэсний гамшгийн хэмжээнд хүрээд байгаа билээ. Нийслэлийн иргэд бараг бүгдээрээ уушгины ямар нэгэн өвчинд өртсөн нь ойлгомжтой. Магадгүй арван жилийн дараа уушгины болон агаарын бохирдлоос үүдэлтэй хорт хавдрын өвчлөл дээд цэгтээ тулах биз ээ.

Агаарын бохирдолтой холбоотой Америкийн эрдэмтдийн судалгаанаас сонирхуулъя. Тэд агаарын бохирдолт хүүхдийн IQ-д муугаар нөлөөлдгийг тогтоожээ. Эрдэмтэд судалгаандаа Нью-Йоркийн хоёр зуун дөчин есөн эх, хүүхдийг хамруулсан байна. Ингэхдээ судалгаандаа Манхэттений хойд хэсэг болон Бронскийн өмнөд хэсгийн хамгийн бага орлоготой хүмүүсийг оролцуулжээ. Агаарын найрлага хянадаг төхөөрөмжийг төрөх дөхсөн эмэгтэйчүүдэд хоёр хоногийн турш биедээ авч явуулж туршсан байна. Тэд мөн тав хүртэлх насны хүүхдүүдийн IQ-г шалгажээ. Эндээс, төрөхөөсөө өмнө хамгийн бохир дүүргүүдэд байсан хүүхдүүд хорт бодисын нөлөөнд бусдаасаа хамаагүй их нэрвэгдсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Судалгааны баг өмнө нь хар тугалгын ууршилт хүүхдийн уураг тархинд хэрхэн нөлөөлдгийг судлахад яг ийм дүн гарч байжээ. Тэдний олон судалгааны дүнгээс агаарын бохирдолт хүүхдүүдэд хорт хавдар, багтраа өвчин тусах эрсдэл хамаагүй нэмэгддэг болох нь нотлогджээ.

Манай эмч мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагынхан үүнээс дутахааргүй олон төрлийн судалгаа, шинжилгээ хийсэн байна. Бүх судалгаагаар утааны хор хөнөөлөөс ялангуяа бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд хамгийн ихээр хохирч байгаа гэсэн дүгнэлт өгч болно. Ер нь сүүлийн үед эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь ихээр ханиалгадаг өвчтэй байдаг ба эмч мэргэжилтнүүд үүний гол нөлөө утаа гэж үзэж байгаа. Хүмүүс ханиалгаж эхлэнгүүт эмнэлэгт хандахын оронд гэрээр эмчлэх гэж өөрсдөө дур мэдэн эм хэрэглэснээс болж харшилтай болцгоож байна. Их хүйтэн уур амьсгал, агаарын бохирдол, эмийг замбараагүй хэрэглэдэг гэсэн гурван шалтгааны улмаас уушгины буюу амьсгалын дээд замын өвчлөлүүд их болсон гэсэн эмч нарын дүгнэлт гарчээ. Хүнд металлаар амьсгалах дунд насныхан болоод ахмадууд нь бүр өнгөрчээ гээд энэ сэдвийг орхих гэтэл түүнээс ч аюултай бүүр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц бас нэг аймшигтай мэдээлэл сэрдхийлгэлээ.

Юу гэхээр, хамгийн сүүлийн судалгаагаар агаарын бохирдол бага насны хүүхдүүд, ялангуяа нялх хүүхдүүдийн өсөлт, биеийн хөгжилд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн утааны гамшиг Монголын ирээдүйд харанга дэлдэж байна. Хүн амын өсөлт, чанар гэдэг бол тухайн улс орны оршин тогтнох бас нэг үндэс байх нь гарцаагүй. Сүүлийн жилүүдэд нялх балчир үрсийн өвчлөл эрс нэмэгдэж байгаа. Харин эрүүл мэндийн статистикийн мэдээгээр хүүхдийн өвчлөлд амьсгалын эрхтний өвчлөл тэргүүлдэг бөгөөд агаарын бохирдол ихтэй газар энэ нь бүр ч илүү байгаа нь батлагдсан байна.

Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, тухайлбал, хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслийн нэг шалтгаан болж байна. Мөн Улаанбаатар хотын хүүхдүүд хөдөөгийн хүүхдүүдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр 5-15 дахин илүү өвчилдөг ажээ. Түүнчлэн агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийн үзүүлэлт, дархлааны системд хэрхэн нөлөөлж байгааг судлахад Улаанбаатар хотод судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд өсөлт, хөгжлийн хэвийн харьцаа алдагдаж, өндөр, жин нэмэгдэж, цээжний тойргийн хэмжээ багассан нь тогтоогджээ. Эндээс бяцхан дүгнэлт хийхэд, хэдхэн жилийн дараа халхын сайхан ханхар эрчүүд алга болж, эр эм нь ялгагдахгүй, ёстой нөгөө цус ойртсон мэт бие галбиртай залуусаар дүүрэхийг хэн үгүйсгэх билээ. Хэдэн сарын өмнө Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба радиогоор “…Одооны хүүхдүүд комьпютерийн өмнө олон цагаар сууж нүдний хараагаа муутган, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхгүйгээс эрэгтэй хүүхдүүд бөгтөр, туранхай, булчин шөрмөсийн хөгжил байхгүй, эмэгтэй хүн шиг хавчиг цээжтэй болж байна” хэмээн шүүмжилж байсан. Гэтэл дээрх судалгааны дүнгээс үзвэл комьпютераас ч илүүтэйгээр агаарын бохирдол хүүхдийн биеийн хөгжлийг өөрчилж байгаа аж. Нөгөөтэйгүүр Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн, Дээж судалгааны хүрээлэнгийнхэнтэй хамтран нийслэлийн утаанаас сорьц авч шинжилжээ. Тэдний шинжилгээгээр нийслэлийн утаа хүхрийн давхар исэл, болон бусад хорт бодис зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин их байгаа бөгөөд энэ нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд илүү хортойгоор нөлөөлдгийг тогтоосон байна. Тодруулбал, эдгээр хорт бодисууд нь ураг болон эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чадварт гажиг үүсгэдэг болохыг илрүүлжээ. Тэгвэл өнгөрсөн жил 68 мянган эх төрснөөс 4800 орчим нь амьгүй хүүхэд төрүүлсэн тухай статистик мэдээ байх юм. Амьгүй хүүхэд төрөхөд удамшлын ямар нэг өвчин, баталгаагүй, чанаргүй хоол хүнс нь нөлөөлдөг боловч гол нөлөөлөх хүчин зүйл бол агаарын бохирдол гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн тэмдэглэсэн байна. Мөн 68 мянган эхийн 3.7 хувь нь 2.5 кг-аас доош буюу дутуу хүүхэд төрүүлжээ. Тэдний судалгаагаараа өвлийн улиралд амаржсан эмэгтэйчүүдээс тархины даралттай, хүчилтөрөгчийн дутагдалд орсон, төрөлхийн гажигтай хүүхэд илүүтэй төрдгийг тогтоосон байна. Агаарын бохирдолтой холбоотой нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэе. Дүлий төр, засаг, хотын удирдлагуудыг утааг багасгахыг хүлээвэл монгол үндэстэн устгахад хүрэх учраас иргэд өөрөө дуу хоолойгоо илэрхийлээд эхэлжээ. Уул уурхайн инженер мэргэжилтэй Б.Гомбосүрэн гэгч хүн утаажилтаас болж эрүүл мэндээр хохирон хөдөлмөрийн чадвараа алдсан учраас төрөөс 100 сая төгрөг нэхэмжлэн, хөдөлгөөн байгуулж тэмцэх гэнэ. Тэрээр I хороололд амьдардаг юм байна. Тус хорооллын хойд дэнж улсын мэдлийн, нөөцийн газар байсан бөгөөд барилгажуулалтын төлөвлөгөөнд орсон, айл буух хориотой байж. Гэтэл хууль зөрчин буусанд айлуудад сонгуулиар улс төрчид газрыг нь хууль бусаар баталгаажуулснаас болж хэтэрхий олон айл буусаар Баянхошуутай нийлсэн. Үүний улмаас I хороолол утааны голомт газар болжээ. Энэ нь Гомбосүрэнгийн өвчний гол шалтгаан болсон байна. Амьсгалын дутмагшил гэсэн оноштой, бүх бие нь сульдаж, унтаж чаддагүй, агаарын дутагдал, нойргүйдлээс болж мэдрэлийн ядаргаа, невроз, рефлексийн алдагдал гээд тархи толгойн өвчтэй болсон. Нервийн өвчтэй болохоор хоол боловсруулах, ой санамж, реакц гээд л хамаг эрхтэн нь муудсан гэнэ. Нарийн шинжилгээ өгч байж уушиг утаажилтын хорт бодисоор бохирдож бөглөрснөөс болж, агаар авалт хомсдож, улмаар үүнээс болж амьсгалын хэвийн явц гажиж, дутмагшлын өвчин үүссэн гэжээ. Эмчилгээ хийлгэдэг боловч үр дүн өгөхгүй зовдлг аж. Тиймээс эмчилгээ хийлгэх, утаажилтгүй газар амьдрах нөхцөлөө хангах ажээ. Гомбосүрэн “1998 онд нийслэлийн нэг хүнд оногдох агаарын бохирдол жилд 90кг байсан бол 183 кг болсон. Сүүлийн үед надад бас утааны харшлын шинж тэмдэг илэрч, ханиалгаж, бие загатнаж, юм туурч байна. Манай утаанаас харийнхан зугтаж, элчингүүд дайжиж, гадаад харилцаагүй ч болох гэж байна. Утаанд харагдац муудсанаас хүмүүс бэртэж, аваар осол гарч байна. Би гэр хороололд айл хайж яваад утаанаас болж юм сайн харахгүй өлийж яваад, халтирч унан хөлөө бэртээсэн. Би 100 сая төгрөгөө авахын төлөө туйлбартай тэмцэнэ. Гэр хорооллынхныг би огтхон ч буруутгахгүй, төрийн хариуцлагагүй явдал л буруутай. Миний 100 саяын тэмцэлд эвлэн нэгдэх хүн олон бий гэж бодож байна. Хамтран тэмцье, өвчин эмгэгээсээ салцгаая, утаагүй газар амьдарцгаая, төр засагт дохио, анхааруулга өгцгөөе, утаажилттай тэмцдэг болгоцгооё гэж уриалж байна” хэмээн ярьсан байна. Тиймээс Гомбосүрэнтэй нэгдэн утааны эсрэг тэмцэх хүмүүс байвал бидэнд хандаж болох юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах