О.Чулуунбат гэж хэн бэ?

ХАЧИГ ХЭРХЭН ХУВАЛЗ БОЛДОГ ВЭ ?
Хонь малын биед наалдан оршиж цусаар амьдардаг үе хөлт Хачиг гэх паразитыг монголчууд андахгүй. Хачиг малын арьсанд наалдаж томрох бөгөөд сална гэж байхгүй. Ингээд л цус сорон цэлцийтлээ таргалж малыг тамлахаас гадна арьс ширийг нь цоолж, шүүр шанага шиг болгодог. Ингэж том болсныг нь хувалз гэх. Мөнгийг эдийн засгийн цусны эргэлттэй зүйрлэж болох бөгөөд чингэвэл банк нь түүнийг шахах зүрх нь болох ажгуу. Сүүлийн арав гаруй жилд улс төр – эдийн засгийн хачигнууд монголын нийгмийн биед гүн сууж, түүний шим шүүсийг сорон мөлжиж болсон нь хэн бүхэнд илэрхий. Энэ удаад монголын хамгийн том хувалз, албаны хэллэгээр Монгол банкны Ерөнхийлөгч, ердийн хэллэгээр зүгээр л луйварчин О.Чулуунбатын тухай баримтаар өгүүлсүгэй. Мөнгөний амтанд орсон нь О.Чулуунбат гэгч Олон Улсын харилцааны сургууль төгссөн шинэхэн залуу Улсын банкны Ерөнхий хорооны гадаад тооцооны газар референтын ажилд 1981 онд оров. Энэ нь тухайн үед томчуудын чемодон зөөдөг ажил байсан хэдий ч тэдний болон мэдээллийн таатай орчинд байна гэсэн үг юм. Тухайн үед залуу хүний явдаг шат дамжлагийг яагаад ч юм алгасан 1987 оноос ЭЗХТЗ –ийн Эдийн засгийн хамтын ажиллагааны банкинд ажилласан юм. Тэрээр Москвад байхдаа ЭЗХТЗ – ийн хурал зөвлөгөөнд очсон Монголын дарга нарт үйлчилсээр байгаад дээдсийн ая данг олж сурчээ. 1990 онд эргэн ирж Улсын банкны Ерөнхий хорооны даргын туслахаар ажиллах болов. Энэ үед Монгол оронд ардчилал өрнөж, зах зээлийн системд шилжиж, банк хоёр шатат тогтолцоонд шилжлээ. Системийн өөрчлөлтийг далимдуулан банкны системийг ёстой нэг авах юмгүй болгов. Үүнд О.Чулуунбат шууд л идэвхийлэн оролцсон юм. Уул нь системийн өөрчлөлтөд банк ердөө ч хамааралгүй, банк байдгаараа байдаг эд аж. Чухамхүү энэ үед мөнгөний амтанд орсон О.Чулуунбат банкинд ажилладгаараа далимдуулан хувийн кампаниудаас дансны аргаар болон авилгаар мөнгө саах ажлыг эхэлжээ. Монголчууд өмч хувьчлал гэх нэг сайхан зүйл рүү үхэн хатан тэмцэж байсан үе. Бүгдээрээ мөнгөгүй байсан монголчууд банкнаас л мөнгө олохгүй бол өөр хаанаас ч олох аргагүй байсан бөгөөд үүнийг О.Чулуунбат овжин ашиглаж эхлэв. Тэрээр сүүлдээ ажлаасаа гарч хувийн компаниудад зээл авч өгөх ажлыг дагнан хийж мэргэшив. Зэрэгцүүлээд гэмт хэргийн бүлэглэлүүдтэй дотно холбоо тогтоов. Дашрамд дурдахад МАХН – ын номенклатур анги нь нам – үзэл суртлын болон эдийн засаг- аж ахуйн гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж байв. Нам – үзэл суртлын хэсэг нь Ардчилсан хүчний хамаг цохилтыг үүрэн ардчилал энэ тэрээ гэж давхиж явахад нөгөө аж ахуй-эдийн засгийн хэсэг нь өмч хувьчлалыг банк дээрэмдэх ажлаас эхлүүлж аль хэдийнээ хулгай хийгээд эхэлчихсэн байсан юм. О.Чулуунбатын оролцоотойгоор зарим томоохон объектуудыг үнэгүй шахам тарааж, энэ нь сүүлдээ бөөн хэл ам татаж байсан билээ. Манай улс Швейцарийн Базель хотноо байдаг Олон Улсын хөгжлийн банкны мэдээгээр 1990 оны 3 дугаар сард Монгол улс ямар ч зээлгүй байснаа 6 дугаар сард 58 сая, 9 дүгээр сард 100 сая, 12 дугаар сар гэхэд 62 сая долларын зээлтэй болчихжээ. Үүнтэй зэрэгцээд хэсэг хүмүүс диллер тоглож улсын 80 сая долларыг тавьж туучихаад барьцаанд нь улсын 4,0 тонн алтыг гадаадад гаргачихсан томоохон хэрэг босч ирэв. Хачирхалтай нь энэ мэдээллийг О.Чулуунбат хүчний байгууллагад анхлан өгсөн байдаг юм. Энэ асуудлаар 1991 оны 10 дугаар сард Засгийн газрын нэгэн хаалттай хуралдаан хийжээ. Зарим сайд “цаашид ажиллах ёс суртахууны эрх бидэнд байхгүй, засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй” гэсэн санал хүртэл гаргажээ. Улмаар Ерөнхий сайд Д.Бямбасүрэн ч үүнийг зөвшөөрч, эл асуудлыг Ерөнхийлөгч П.Очирбатад танилцуулахаар тогтжээ. Мөн Улсын сангийн нөөц, арбитражийн гүйлгээний талаарх Засгийн газрын шалгалтын комисс байгуулж, даргаар нь тэр үеийн Сангийн сайд А.Базархүүг томилон шалгуулжээ. Энэ шалгалтын дүн эдүгээ мөнөөх улигт төрийн нууц гэгчид орсон бөгөөд тухайн үед А.Базархүү дараах тоо баримтыг хэлсэн байдаг. Үүнд : • Диллерт 80 сая • Банкны конторын засварт 3 сая • Биржийн төвд 3,6 – 3,7 сая • Германд урьдчилгаанд 4 сая • Бүгд нийлээд 90 гаруй сая доллар оргүй алдсаныг тогтоожээ. Энэ нь тухайн үеийн төгрөгийн албан ханшаар 3,6 тэрбум ( тэр үед 1 доллар 40 төгрөг болж байв. Д.Г.). Тэр үеийн хар захын ханшаар 9 тэрбум төгрөг болсныг тооцож гаргасан байдаг. Энэ бол Монгол улсын түүхэнд анх удаа гарсан хамгийн том луйвар, дээрэм байсан юм. Чухам энэ үеэс монголд хариуцлага хүлээдэг хүн байхгүй болж, эдийн засгийн хачиг бий болж эхэлсэн юм. Дээр дурдсан тоо болгон их учиртай, тус бүрдээ томоохон гэмт хэргүүдийг илчилдэг юм. Жишээлбэл, Германы урьдчилгаанд төлсөн 4 сая доллар гэдэг тоо өнөөдөр маш даруухан сонсогдож болох. Тэр үед О.Чулуунбат тэргүүтэй зарим нөхөд 50 сая долларын зээл авахаар германы хэн ч үл мэдэх компанитай тохирчээ. Тэд нь барьцаанд урьдчилгаа 4 сая доллар төлчих гэсэн байна. Үүнийг О.Чулуунбат идэвхийлэн дэмжиж, мөнгөө шилжүүлчихэж. Гэтэл нөгөөх 50 сая нь орж ирдэггүй. Хэрэг нэг биш болсныг мэдэж лавлатал нөгөөх нь хуурамч буюу фиктив байгууллага байсан аж. Ингээд л 4 сая доллар оргүй алга болох жишээтэй. Энэ асуудлыг шалгасан, хөөцөлдсөн, шийдсэн газар өнөө болтол байхгүй байгаа болохоор О.Чулуунбат санаатай зохион байгуулсан нь нотлогдож байгаа юм. Банкны хашир бурхинууд үүнийг ч нотлон ярьдаг юм. Хожим нь Ерөнхий сайд Н.Энхбаярын албан ёсны айлчлалын бэлтгэлийг урьдчилан хангуулахаар О.Чулуунбат Германд очиж дээрх асуудлыг айлчлалын үеэр дуусгавар болгожээ. Диллер тоглосон болон банк санхүүгийн энэ их будлианд оролцогчдын нэрс тухайн үедээ бүрэн гараагүй юм. Үүний ихэнхийг О.Чулуунбат хийсэн, үгүй ядахдаа тэднийг зохион байгуулж өөрөө сугарч хоцорсон нь олон баримтаар нотлогддог. Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нэгэн удаа Улсын Бага Хурал дээр алт диллерийн алдагдлын талаар мэдээлэл хийхдээ “Энэ ажиллагааг “БООЛД” гэх нууц нэртэй КГБ, НАХЯ-ны агент гүйцэтгэсэн. Энэ бол Монгол банкны О.Чулуунбат юм. Надад дэлгэрэнгүй мэдээлэл байгаа” гэж хэлсэн байдаг юм. Үүнийг амиа аврах гэж хэлсэн гэж ойлгож болох авч хуучны хяналт шалгалтын асар их туршлагатай Ерөнхий сайдын гарт ихээхэн мэдээлэл байсан нь тодорхой. Д.Бямбасүрэн 2004 оны хавар FM- ээр өгсөн ярилцлагадаа дээрхийг дахин дурдаж байсан. Хожим сэтгүүлчид энэ талаар О.Чулуунбатаас асуухад “Би Boold мөн байлаа гээд надад ямар ашигтай байхав. Биш байлаа гээд мөн адил. Би ерөөсөө ойлгохгүй нь. Тэр үеийн Улсын банк Оростой биш, тухайлбал, Лондон, Хонконг, Сингапур, Нью-Йорктой диллерийн ажиллагаа явуулж байсан юм шүү дээ” гэж хариулсан байдаг. Диллер хэнтэй тоглож алдсан бэ гэж асуугаагүй, диллерийн алдагдал нэрээр ЗХУ руу асар их хэмжээний мөнгө хулгайгаар шилжүүлсэн тухай л асуухад л тэрээр ийн хариулжээ. Ямар ч байсан тэр ажлаа өгөхийн өмнө 80 сая доллар ОХУ руу шилжүүлсэн байдаг. Тэр ажлаасаа гарсан нь гэмт үйлдлээ нуух гэсэн зорилготой байсан нь хожмын үйл явдлуудаар батлагддаг юм. Нэр дээрээ тэр тарваганы арьс наймаалж байсан гэж ярьдаг боловч нидэр дээрээ түүний үйл ажиллагаа хар бизнест илүү ойрхон байлаа. Чухам тэр л улаан мөнгөн ус, ховор элементийн наймааны эхлэлийг тавьсан. Нэг удаа тэр олон саяын үнэтэй, цөмийн зэвсэгт ордог ховор элемент авч яваад гааль дээр гардуулжээ. Түүнээс өөр хүн бол баларч дуусах байв. Харин О.Чулуунбат үүнийг гадаадад шинжлүүлэх гэж байгаа юм гэж хэлээд НАХЯ – ны үнэмлэх үзүүлэн мултарсан байдаг. Энэ нь түүнийг БООЛД мөн гэдгийг нотлох л баримт юм. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын ихээхэн оролцоотойгоор алт диллерийн хэрэг намжсан юм. Манайхан тэр үед нүдэнд харагдаж байгаа хонь мал, байшин барилга, трактор, комбайныг хувьчлах гэж үзэж тарж байсан юм. Гэтэл тэд өөрсдийнх нь олон үеийн цус хөлсөөр бий болсон асар их баялгийг хадгалдаг, эргэлдүүлдэг банк гэдэг газар байдгийг мэддэггүй гэх нь хаашаа юм, анзаардаггүй байсан нь бодит үзэгдэл болно. Бид мөнгийг тоодоггүй ард түмэн байлаа. Харин О.Чулуунбат мөнгийг бишрэн шүтэгч байлаа. Ард түмэн ягаан цэнхэр тасалбараар гуанз, цайны газрын халбага сэрээ төдийхнийг авч байсан бол харин томчууд нь банк дээрэмдэж, түүгээрээ томоохон объектуудыг сул шахам худалдан авах аргыг аль хэдийнээ олсон байлаа. Чухам энэ үед л том хэмжээний хахуулийн систем үүссэн юм. Банкнаас зээл авч өгөөд 10 хувь, заримдаа 20 хувийг нь хахуульд бэлнээр авдаг сүлжээ банкны системд хавтгай болсон. О.Чулуунбат үүнийг тун овжин ашиглаж байв. 1992 онд О.Чулуунбат Совдын ивгээлд орж ХОТШ банкны тэргүүн дэд захирал болж, “Эрдэнэт”,ГОК, Монросцветмет нэгдэл гэх мэт томхон аж ахуйн нэгж байгууллагуудын судсан дээр суух болов. Энэ боломжоо ашиглан жижиг гарын луйварчингаас том гарын луйварчин болох замаа зассан юм. Тэр хамгийн гол нь банкны мэдээллээ ашиглан томоохон бизнесүүдийг дарамтлан мөнгө хийж байлаа. Дарханы силикат тоосгоны үйлдвэрийн өргөтгөлд зориулж Улсын банкны ерөнхий хорооноос улсын хөрөнгө оруулалтаар 1987 оноос санхүүжилт авч эхэлсэн боловч эдийн засгийн хямралаас болж уг зээл зогсчээ. 1991 онд УБЕХ – ны хөрөнгө оруулалтын газар ХОТШ банк болж салахад уг зээл ХОТШ банкинд шилжжээ. Гэтэл энэ банкны тэргүүн дэд захирал О.Чулуунбат Силикат тоосгоны өргөтгөлд зориулж зээлийн баталгаа гарган өгч “Марубани”-иас 1 сая долларын зээл авч өгчээ. Дашрамд дурдахад энэхүү Марубани гэдэг нь Буянгийн Жагаагийн холбогддог алдарт “Марубени” компаниас өөр байгууллага юм. Банк санхүүгийн үйл ажиллагаанд ийм зүйл байж л байдаг. Гэхдээ хэрэв энэхүү зээлийн гэрээ одоо олдохоо байчихаагүй бол, хэрэв О.Чулуунбат банкны тэнцэлд энэхүү гэрээг бүртгүүлэхээ мартаагүй бол, хэрэв Дарханы Силикатын үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаанаас авах авлага болгож тайлан тэнцэлд бүртгэхийг болиулаагүй бол бол, хэрэв энэ зээлийн гэрээг хожим нь Монгол банк татан авч бантан хутгаагүй бол шүү дээ. Үүний учир нь Ашиглалтын өмнөх захиргааг О.Чулуунбат хуучин эхнэр Баасансүрэнгийн нэр дээр “Дарсил” гэдэг компани болгон хууль бусаар хувиргасанд оршино. Энэ балай кампанид МАХН – ын нарийн бичгийн дарга байсан, эдүгээ Болгарт элчин сайдаар ажиллаж байгаа Б.Батхишиг зөвлөхөөр ажиллаж байсан нь тэр үед ч аалзны тор хэр их тархсаныг харуулдаг юм. Марубанийн өрийг дарах хугацаа дуусаад байдаг, өгөх мөнгө байдаггүй ээ. Гэтэл аз болж Махимпекс компаниас махны зээлд төлсөн 2 сая ам.доллар ХОТШ банкинд ороод ирэх нь тэр. Энэ мөнгийг Марубанид төлөх мэргэн санаа О.Чулуунбатад төржээ. Мэдээж дараа нь махны энэ мөнгө нэхэгдэх учраас алтаар барьцаалах санаа бас орж ирсэн байна. Ингэж алт барьцаалах ажлыг анх санаачилсан нь хожмын луйварчдын үндсэн мэх болсон юм. Хараахан төлчихөөгүй байгаа энэ мөнгийг алтны санжүүжилтийн эх үүсвэрт ашиглах талаар О.Чулуунбат Марубанитай тохиролцож, зээлийн гэрээг ХОТШ Түлш-эрчим банктай байгуулжээ. Уг эх үүсвэрийг Түлш-Эрчим банк алтны санхүүжилтэд зориулж алтны аж ахуйн компаниудад зээл болгон олгосон байна. Уг нь Дарсил компани төлөх ёстой мөнгийг хожим нь гурав хуваан унжиж байж сүүлчийн мөнгийг арай хийж 1997 онд баталгаа гаргаж өгсөн ХОТШ банкнаас Марубанид шилжүүлжээ. Энд Силикатын үйлдвэрийн зээл Ашиглалтын өмнөх захиргааны зээл болж, Ашиглалтын өмнөх захиргааны зээл нь Дарсил компанийн дүрмийн санд орж, Марубанид төлөх өр Макимпексийн мөнгөөр хаагдаж, эргэж Марубаниас алт барьцаалсан зээл болж өөр банкаар дамжин алтны үйлдвэрүүдэд очсон бантанг хутгагч нь ХОТШ банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Чулуунбат мөнөөс мөн. Энэ толгой эргэм операцаар О.Чулуунбат хуучин эхнэрийнхээ Дарсил компанид улсын 1 сая долларыг луйвардаж өгч чадсан юм. О.Чулуунбат үүнийг надад хамаагүй гэж байнга хэлдэг, бас Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Дарханы махкомбинат зэрэгтэй харьцуулж ярьдаг. Бусад нөхдүүдтэй барьцаж байгаа царай нь тэр юм. Тэрээр Дарсил компаниар дамжуулан Дархан – Сэлэнгийн районд өөр олон хууль бус бизнес хийж байсан. Тухайлбал, Эрдэнэтийн технологийн хэрэгцээнд ОХУ –аас авсан өндөр калортай нүүрс гэж Шарын голын нүүрсийг шахан ихээхэн ашиг олдог бизнесийн сүлжээтэй байсан юм. Удалгүй Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч болмогцоо О.Чулуунбат ХОТШ банкны 30 мянган дойч маркийг хувьдаа ашигласан бөгөөд энэ мөнгөөр XIII хороололд байшин барьж зарсан, иргэн Дашцэдэн, Дашдоо нарт 50 сая төгрөгийн зээл авч өгнө гэж 2 өрөө байр залилан авсан байдаг. Олон жил шүүхээр явсан 225871 тоот энэхүү хавтаст хэргийг 2005 оны 12 дугаар сарын 21 –ний өдөр прокурорын шийдвэрээр үүрд хаасан байдаг юм. Энэ хэргүүдийг хамгийн сайн мэдэх Улсын Ерөнхий прокурор М.Алтанхуяг О.Чулуунбат нар хэрхэн анд нөхөр болсныг “ХУВАЛЗ -2” –т удахгүй бичих юм.Судлаач Д.Ганхуяг

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах