Монголчууд хэдийнээс газар нутгаа ...!

Монголчууд хэдийнээс нааш газар нутгаа судлан мэдэж, “Эрдэнэт”, “Алтай”, “Төмөртийн овоо”, “Зост” гэхчилэн нэрлэж, хамтаараа хамгаалж ирсэн юм


Ясаа ч тавих газаргүй болох вий

Дээрхээс үзэхэд бэлчээрийн мал аж ахуй нь одоо үед ч улсынхаа эдийн засгийн гол тулгуур болж буй манай оронд газрыг хувьчлах тухай ярих нь улс орноо хөмөрсөн тогтоо мэт доош харуулж, нүүдлийн соёл иргэншлийг хүчээр баруунжуулж, хамаг байгалиа сүйд хийж, хамаг баялгаа тонох гэсэн шинэ хөрөнгөтнүүдийн хөнөөлт бодлого юм” …Ангийн эрх ашгийг нь хөндсөн хэрэг тохиолдоход хөрөнгөтнүүд эх орноосоо ч урваж, ард түмнийхээ эсрэг харийн ямар ч этгээдтэй хуйвалддаг” гэж В.И.Лениний хэлсэн үг өөрийн эрхгүй бодогдоно.
Шинэ хөрөнгөтнүүдийн нүдэнд урт урт төмөр зам, зай завсаргүй хот тосгон, үй түмэн машин тэрэг, өндөр өндөр байшин, нефть, уурхай, алт, нүүрс, гадаадынхан харагдахаас бус, онгон зэлүүд байгаль зээр гөрөөс, нуга хөндий, хот айл, мал сүрэг, хадлан иариа ер буухгүй байна. Хонины арьс нь хониноосоо үнэтэй болох дөхөж буй өнөө үед буянт малын хишиг арилж, буурал дээдсийн сургаал орхигдож, нүүдэлчин ард түмэн маань тариачин олон түмэн болж, малын бэлчээр нь улам хомсдож, улс орон хотжин, эцэс сүүлдээ монгол хүн ясаа ч тавих газаргүй болох вий дээ?!…”
“Энэ дэлхийн хаа ч сайхан
Эх орондоо бол бүр ч сайхан…” гэж улс түмэн хэлэлцдэг бол өдгөө цагийн цөөн бус монгол хүн “өөрийгөө монгол” гэж хэлэхээс ичиж, Монголынхоо хоцрогдсон доройтсоныг гайхаж, эх орондоо байх нь бүр ч муухай, энэ дэлхийн бол хаа ч явсан яахав гэх нь холгүй байна.
“Нуган үрээ өсгөж, нутаг усаа сахиулдаг” сайхан ёсон арилж, нуган, үр нь нутаг усаа орхиж, харьд тэмцэн одох нь элбэгшив.
“Толгойдоо малгай тааруулахаас биш, малгайнд толгойг тааруулахгүй гэдэг. Монгол ухаан, монгол тогтолцоо, монгол хүн, монгол түүх соёлдоо бүх юмыг зохицуулахаас биш, Монголыг Орос, Япон, Америк болгох гэж оролдоод хэрэг байхгүй! …засаг төр ч ялгаагүй. Нэг англи, франц юм олж үзчихээд тэр франц, тэр английг дагая гээд өдөр шөнөгүй яриад байдаг…
…өнөөдөр Сан-Паула хот 22 сая, Токио 14 сая, Сөүл 12 сая хүн амтай… Манай хоёр сая хүн Мехико юмуу, Сан Паула хотын нэг гудамжинд багтчихна.
Хотын засаг даргаас нэг бүхэл бүтэн улс дор байгаад байхдаа яахав дээ…”
Ардчиллын алтан хараацайнуудын нэг Г.Бошигт 1995.9.1-10-ны “Ил товчоо” сонины ¹ 25 /155/ дугаарт ярилцлага өгөхдөө ийн халагласан.
Монголчууд бүх түүхэндээ газар өмчлүүлж байсангүй. “Ер нь монголыг монголоор нь хөх тэнгэр, газар шороо, мал, малчин хоёр нь авч хоцорсон юм шүү гэдгийг түүх аяндаа гэрчилнэ” гэж доктор Ч.Далай хэлж байна.
Бид Хүннү хийгээд Чингисийн үеийн, бас Манжийн ноёрхлын үеийн Монголын түүхийг авч үзсэн, газрыг хувь иргэдэд өмчлүүлсэн баримт алга. Харин эзэмшүүлсэн баримт бол байна.
Газрыг хувь хүнд өмчлүүлснийг нотлох баримт Монголын мянга мянган жилийн буурал түүхэнд алга!
Одоо сүүлийн 75 жил буюу ардын засгийн мөн ардчилсан төрийн тогтсон гэх одоо үеийн баримтуудыг үзье!
-Газрыг хувийн өмч болгохыг устгасан тухай Ардын Түр засгийн газрын тогтоол 1921 оны 5 сарын 21-нд гарчээ. Үүнд: “Монгол ардын үндсэн хөрөнгө болох газрыг энгийн хүмүүст хувь хязгааргүй хэрэглүүлэх явдлыг устгавал зохино” хэмээжээ.
-1924 оны 11 сарын 26-нд Улсын анхдугаар их хурлаар батлагдсан БНМАУ-ын хязгаарын дотор бүхий газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн баялгууд бол эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан сургаал нь ч чухам одоогийн ард улсын ёсонд нийлэлдэх тул энэхүү хөрөнгө бүрнээ ардын мэдэлд байвал зрхих бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж үл болно…” гэжээ.
1940 оны 6 сарын 30-нд Улсын ҮIII их хурлаар батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуулийн тавдугаар зүйлд: “бүх газар шороо ба түүний хөрсөн доторхи зүйлүүд, ой мод, ус ба тэдгээрийн баялаг, фабрик, завод, төмөрлөгийн уурхай, алт боловсруулах явдал, төмөр, авто тээврийн зам, усан ба агаарын тээвэр, холбоо харилцааны хэрэгсэл банк, машинаар өвс хадах станц, улсын аж ахуйнууд нь улсын өмч буюу ард нийтийн хөрөнгө мөн болно”…Найдугаар зүйлд: “Газар бол улсын өмч буюу нийт ардын хөрөнгө болох тул ард иргэн ба хөдөлмөрчдийн сайн дурын нэгдлүүдэд бэлчээр буюу тариалангийн гэзрыг төлбөргүйгээр олгоно” гэж заажээ.
-1960 онд нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуулийн аравдугаар зүйлд: “Бүх газар, түүний хөрсөн доторх баялаг,ой мод, гол ус, тэдгээрийн баялаг, улсын фабрик, завод, уурхай, цахилгаан станц, төмөр зам, автомашин, усан ба агаарын тээвэр, засмал зам, холбооны хэрэгсэл, банк, улсын хөдөө аж ахуйн үйлдвэрийн газар /Сангийн аж ахуй, мал аж ахуйн машинт станц зэрэг/, улсын нийгэм ахуйн газар, хот суурин, газрын орон сууцны улсын үндсэн фонд, улсын үйлдвэрийн түүхий эд материал, бүтээгдэхүүн, улсын худалдаа бэлтгэлийн ба соёл шинжлэх ухааны газрууд, мөн улсын бүх байгууллагын эд хөрөнгө энэ бүхэн бол улсын өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө юм”гэж заажээ /ийнхүү ардын засгийн 70 жилд газар тувт улс болон ард нийтийн өмч байсан болохоос хувийн өмч байгаагүй юм. Ардын засаг нь газрын тухайд өвөг монголчуудаас үе дамжсан эртний их төрийн бодлогыг алдсангүй. Хэрвээ нарийн ажиглавал Үндсэн хуулиас Үндсэн хуулинд нэр томъёо олширч, улс орны амьдралд гарсан хөгжил дэвшил тусгагдсаар байсан нь харагдана. Анхдугаар Үндсэн хуулинд цахилгаан станц, төмөр зам, авто машин, усан ба агаарын тээвэр, засмал зам, Сангийн аж ахуй, хот суурин газрын орон сууцны улсын үндсэн фонд зэрэг ойлголт, хэллэг огт үгүй нь тэр цагт энэ тухай зүүдлээ ч үгүй биз. О.Д/
-1991-1992 онд 76 хоног хуралдсан АИХ-н чуулган шинэ Үндсэн хуулийг батлав. үүнд: “Монгол Улсад газар, түүний хэвлий, ус, ой, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна”, “Ус, ой, ан амьтан, байгалийн баялаг бол төрийн өмч мөн”, “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсыэ тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй” гэх зэрэг хэд хэдэн заалт газартай холбогдон батлагдав.
Чухамдаа бидний өнөөдрийн гол маргааны үүтгэл нь “…газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болго” гэдгээс эхэлж, үүнээс болон “газрыг өмчлүүлнэ, өмчлүүлэхгүй” гэж мэтгэлцсээр буй юм. Үндсэн хуулийн цэцэд иргэн Ламжаваас ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон туршлагатай хуульч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж, эрдэмтэн С.Нямзагд нар: “…зарим хүн, тухайлбал, иргэн Ламжав дээрх заалтыг тайлбарлахдаа, “Иргэнд газар өмчлүүлэхийг хоёрдмол санаагүй шийдвэрлэсэн” гэснийг зөвшөөрөх боломжгүй. Үндсэн хуульд “…газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ” гээгүй, харин “…өмчлүүлж болно” гэсэн шүү дээ. Энэ хоёр үг утга, агуулгаараа ихээхэн ялгаатайг мартаж болохгүй.
Хууль, ялангуяа Үндсэн хуулийн заалт, үг, үсэг болгон тодорхой утга санааг илэрхийлэх тул, тэдгээрийг хэн нэгэн дураар тайлбарлаж, өөрийн бодлоор зүтгэх нь утгагүй бөгөөд ялангуяа Үндсэн хуулийн маань тайлбар албан ёсоор гараагүй үед бүр ч аюултай. Үндсэн хуулийн дээрх заалтаас үзэхэд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхийг хориглоогүй бөгөөд энэ асуудлыг нээлттэй үлдээж, харин цаг хугацааны хүчин зүйл, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал, нийтлэг эрх ашиг, ард түмнийхээ санал бодлыг харгалзан төр, хууль тогтоох байгууллага шийдвэрлэх эрхтэй юм… “Газрын тухай хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийг батлан гаргасан юм.
Эдгээр хуулийг баталснаараа нэг талаас улс орны болон хүмүүсийн амьдрал, эх үндэс, нөгөө талаар үйлдвэрлэлийн язгуур эх болж байдаг газрын харилцааг зохицуулах эрх зүйн үндэс бий болж, энэ хуулиудад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон үүнтэй холбогдсон бусад харилцааг хуулиар зохицуулж өглөө.
Харин “Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн төслийг энэ удаа Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцээгүй нь газрын гол гол харилцаа дээрхи хуулиудад үндсэндээ тодорхойлогдсон, газрыг өмчлүүлэх, нийгэм сэтгэл зүйн бэлтгэл манай оронд хараахан бүрэлдээгүй, нөгөө талаар олон түмний санаа бодлыг үндэс болгож, УИХ-ын чуулган энэ асуудлыг хойшлуулсан нь зүй зохистой шийдвэр болсон гэж үзэж байна.
…Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “…газрыг зөвхөн Монгол Улсын иргэдэд өмчлүүлж болно” гэж заасны дагуу /өмчлүүлж болно гэдэг нь агуулгаараа өмчлүүлж ч болох, өмчлүүлэхгүйч байж болох /манай улсад нээлттэй үлдэж байгаа юм. ИРгэний хуулийн 100 дугаар зүйлийн 4-р заалт ч Монгол улсын иргэнд газар өмчлүүлэхийг үгүйсгээгүй бөгөөд харин ч ийм хууль цаг нь болохоор гарах юм гэсэн саналыг агуулж байгаа билээ” гэж мэтгэлцэн “Үндсэн хуулийн цэц” ч үүнийг хүлээн зөвшөөрч, иргэн Ламжавын өргөдлийг хэрэгсэхгүй болгосон. Би хувьдаа үүнийг 100 хувь зөв зүйтэй зүйл гэж үздэг.
Монгол Улсын Засгийн газраас /П.Жасрайн үед/ УИХ-д өргөн барьсан “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн төслийг дараах байдлаар УИХ няцаажээ.
Тэр үеийн УИХ-ын дарга Н.Багабанди:
“-зарчмын асуудлаа эхэлж шийдье!
УИХ дахь МАХН-ын бүлэг хоёр асуудлаар санал хураалгахаар саналаа ирүүлсэн. Үүнийг нэг томъёоллоор хураалгаж болох юм шиг байна. “Монгол улсад газрыг хувьд өмчлүүлэх бодит нөхцөл бололцоо бүрдээгүй байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг одоо гаргах шаардлагагүй” гэсэн томъёоллоор санал хураалгая…” гэхэд зөвшөөрсөн 42, татгалзсан 13, бүгд 55 гишүүн оролцож, 76.4 хувийн саналаар намын бүлгийн зарчмын саналыг хүлээн авчээ. Цөөхөн гишүүн Ш.Чунаг, Б.Чимэд, Н.Ганбямба, Р.Одонбаатар нар үг хэлсний дараа өмнөх босоо саналаар дахин санал хураахад: зөвшөөрсөн 41, татгалзсан13, бүгд 54 гишүүн оролцож, 75.9 хувийн саналаар УИХ дахин дэмжжээ.
Ийнхүү асуудлыг нэгэнт шийдчихээд байхад “Ардчилсан холбоо” эвсэл засгийн эхэнд дөнгөж гармагцаа “газрыг иргэдэд өмчлүүлэх” ажлыг цаг нь болоогүй, нөхцөл байдал бүрдээгүй байхад дахин хөндөж буй нь, иргэдэд газар өмчлүүлэх нэрээр эх орноо харийханд худалдаж ашиг хонжоо олох гэсэн явуургүй оролдлого гэ бид үзэж байна.
Түүхэн баримтуудыг сөхөн үзэхэд газрыг хэрхэн ашиглах, ашиглуулахыг төр, засаг мэддэг, байгалийн баялаг, өнгө үзэмж төгөлдөр зарим нутаг усаа дархалдаг, ялангуяа малын бэлчээр өнө эртнээс төрийн мэдэл, хамгаалалтанд байж, түүнийг газар тариалангийн зориулалтаар ашиглахыг хориглож, иргэдэд зөвхөн тариа тарих багахан газрыг хугацаатай түрээсээр ашиглуулдаг байжээ. XYII-XIX зууны үеийн олон боть хуулинд Иргэний газрын хувийн өмчтэй заалт үгүйг эрдэмтэн С.Нямзагд онцгойлон анхааруулсан бөгөөд түүнээс өмнө ч ийм баримт үгүйг миний бие олон эрдэмтдийн бүтээлд тулгуурлан дээр хэлсэн болно.
Их хаан Өгөөдэй хаан эцгийн сууринд сууж, дөрвөн бурууг хийсний нэг нь “Тэнгэр газрын заяагаар төрсөн ан гөрөөсийг бусад ах дүү нарын нутагт очих болуузай! Гэж харамлаж, шавар хэрэм босгож, хил дээс татаж /үүнийг С.Нямзагд онцолж буй/ ах дүү нараас гомдох үг сонсов. Энэ бас нэгэн буруу болов. Монголын нууц товчоо” гэсэн гэрээсийг бидний үед уландаа гишгэх болов. 1992 онд явуулсан социологийн судалгааны дүнгээс үзэхэд эрдэнэт, Улаанбаатар, Дорнод, Дорноговь аймгуудад санал асуулгад оролцогсдын 100 хүн тутмаас 16 нь газрыг хувьд өмчлөхийг, 50 нь зөвхөн төрийн өмчид байхыг дэмжжээ.
Яг энэ үед, тэр үеийн Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академиас явуулсан судалгаагаар 100 хүн тутмын 15 нь газрыг хувьд өмчлүүлэхийг, 56 нь төрийн өмчид байхыг дэмжсэн дүн гарч байжээ.
Улсын Их Хурлын дэргэдэх судалгааны төвөөс 1994 онд Улаанбаатар хот, есөн аймгийн 1000 шахам хүнийг хамруулж хийсэн судалгаанд оролцогчдын 46 хувь нь газрыг төрийн мэдэлд байлгах, 16 хувь нь хувьд өмчлүүлэх чиглэл баримталж, 38 хувь нь байр сууриа илэрхийлээгүй байна. /”Үнэн” 1994.11.22 ¹ 80/18335/
Дээрх судалгаанд оролцогчдын 74 хувь нь газар өмчлүүлэх асуудлыг бүх ард түмний санал асуулгаар шийдэх нь зүйтэй гэж үзжээ. “Үндэснийхээ түүхэн уламжлалаас гажиж, газрыг хувьд өмчлүүлж болохгүй” гэсэн саналыг тэр үеийн Улсын Их Хуралд оүлон эрдэмтэн тавьсан байна. “газрыг иргэнд яаран өмчлүүлж эхэлбэл зарим хот суурин, үржил шимтэй нутагт амьдарч буй иргэд газар өмчлөх эрхээ эдэлж, харин малчид, говийн иргэдэд тийм боломж тэр бүр олдохгүй нь тодорхой. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан “иргэдийн тэгш байдал хэрэг дээрээ зөрчигдөхөд хүрнэ” гэж зарим нь үздэг юм байна. Ялангуяа төв, суурин газрын иргэд газар өмчлөх давуу эрхтэй болбол улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон байгалийн харьцангуй тааламжтай нөхцөл бүхий төв суурин газар руу хүн амын шилжин суурьших хөдөлгөөн ихсэж, улмаар хүн амын хэт бөөгнөрөлийг бий болгох, түүнийг дагасан ажилгүйдэл, гуйланчлал зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэж, нөгөө талаас хөдөө орон нутаг, хил хязгаар эзэнгүйдэх аюултай гэж олон хүн болгоомжилдог ч ортой.
Одоо орон сууц өмчлөх хууль батлагдаж, энэ ажил ид бужигнаж эхлэх үед газрыг өмчлүүлнэ гэвэл дайран дээр давс болж, олон нийтийн бухимдлын их давалгааг хэн ч зогсоож чадахгүйд хүрнэ.
Дэлхий нийтийн хувьд ч өмчөөр бүхнийг шийдэх хандлагын оронд, ухаалаг хэрэгцээ, хүрээлэн буй байгалиа хамгаалж, газар дэлхийгээ хүн төрөлхтний нэг бие организм гэж үзэн, экологийн баримжаат эдийн засгийг дэмжих байдал буй болов.
“Газрыг хувьд өгсөн нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт орно, өгөөгүй нөхцөлд Монгол Улс зах зээлд орохгүй, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй” гэсэн “ардчилагчид” гэгчдийн гэнэн тайлбар нь эрдэмтэн С.Нямзагдын бичсэнээр “хамгийн зөөлнөөр хэлэхэд гадаадынхны өмнөөс яс нь янгинаж явдаг цөөн хэдэн хүний зохиомол “мангаа”, “өрөвчө” сэтгэлээс өөр зүйл биш. Хатуу хэлэхэд Монголоо ойлгоогүй төөрөгдөл, хуучирсан /ортодокс/ баримтлал мөн. Монголчууд хэдийнээс нааш газар нутгаа судлан мэдэж, “Эрдэнэт”, “Алтай”, “Төмөртийн овоо”, “Зост” гэхчилэн нэрлэж, хамтаараа хамгаалж ирсэн юм. Тэгвэл газраа өмчлүүлсэн нөхцөлд алтгүй, төмөргүй, зэсгүй, зосгүй газрыг хэн авах вэ? Үүнээс болж шилдэг газрын төлөө ангуучлал эхлэх, газар нутгийн төлөө тэмцэл маргаан гарахгүй гэх баталгаа чухам хаана байна вэ”…

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах