Онох хөгжих, эсвэл алдах мөхөх


Монгол Улсын төрийн соёрхолт зураач Ц.Энхжин
Даяар Монголын ариун голомтыг сахигчид бид хувь заяаныхаа том сорилтын өмнө тулгаран ирээд байна. Ашигт малтмалаа зүй зохистой ашиглаж, уул уурхайн салбараа зөв хөгжүүлснээр Монгол Улс баян чинээлэг орон болж чадах уу, эсвэл хамаг баялгаа алдаад өлсгөлөн гуйланчлал, өвчинд нэрвэгдсэн Африкийн хойноос орох уу? Эрүүл байгальтай, саруул ирээдүйтэй, баян тансаг эзэн орны эгнээнд шилжих үү, эсвэл өвөр хоорондоо алалдсан, бусдад шулуулсан, хишиг тусламж горьдсон боол улс болох уу? Эцэст нь Монгол Улс оршин тогтнох уу, эсвэл эс орших уу?

1990 оноос хойших 17 жилийн түүх биднийг ийм байдалд хүргэлээ. Өнөөдрийн Монгол өнгөн дээрээ агуу их эрх чөлөө тусгаар тогтнол, үнэн хэрэг дээрээ цаасан бар улс болжээ. Үүнд ардчилал, зах зээлийн эдийн засаг буруугүй. Харин өнгөрсөн 17 жилийн хугацаанд дөрвөн удаагийн сонгуулиар сонгогдсон ба сонгосон монголчууд бид өөрсдөө алдсан буруутай!


Зөв хүнээ олж сонгон тэргүүн алдаагаа юуны түрүүн засаж чадах аваас улс төрийн анхны чухал алхам тэр мөн. Цаашилбал Монгол орон одоогийн арилжааны ба хэрэглээний эдийн засгаасаа салж баялгийг хуримтлуулдаг ба бүтээдэг эдийн засагтай болж улмаар баялгаа хамгаалж чаддаг болбол жинхэнэ чинээлэг нийгмийг бий болгож чадах. Улс бүрийн эдийн засгийн гол асуудлын нэг бол үндэсний баялаг ба мөнгөний бодлого байдаг.

Аливаа улс орон нь бий болгосон болон хуримтлуулсан баялгаараа баталгаа болгож өөрийн орны цаасан мөнгийг гүйлгээнд гаргадаг байна. Энэхүү цаасан мөнгөөр хүмүүс эд хөрөнгө арилжиж хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ худалдан авч амьдардаг. Тухайн орны цаасан мөнгөний баталгаа болж буй баялаг нь хэдий чинээ их байх тусам уул мөнгөний худалдан авах чадвар төдий чинээ сайн байж ханш нь өндөр байдаг аж. Ийм улс оронд юмны үнэ хямд байдаг хийгээд баян орнуудын цаасан мөнгөний эрэлт хэрэгцээ ядуу орнуудад их байдгийн учир нь энэ ажгуу.

Тухайлбал, Монголын эзэнт гүрний голын улс болох Тэргүүн их улсад (хятадууд Юань улс гэдэг) мөнгөөр баталгаа болгож цаасан мөнгийг 1260 онд гүйлгээнд гаргаж байжээ. Ийнхүү Хубилай хааны үед монголчууд дэлхийд анх удаа цаасан мөнгийг бий болгосон түүхтэй. Энэ нь дэлхий дахины зах зээлийн эдийн засагт цоо шинэ үзэгдэл байсан төдийгүй урьд өмнө нь Монголын эзэнт гүрнээс өөр аль ч улсад цаасан мөнгө гаргах тийм их хэмжээний баялгийг бий болгож чадаагүй байсан юм.
Мөн монголчуудын хүчээр л “XIII зуунд дэлхийн эдийн засаг хэрэг дээрээ бодитойгоор бүрэлдэн тогтсон билээ’’, /М.Правдны “Чингис хаан түүний өв” 243-р тал/ Тэр үед Монгол улс баялгийг бүтээгч, хуримтлуулагч эдийн засагтай байж монгол хүн дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагт төрийн бодлогыг толгойлж байлаа.

Ийнхүү бүтээн байгуулагч эдийн засгийн үр дүн нь болох баялаг ба мөнгөний номлолыг бидний өвөг дээдэс бий болгож амьдралд хэрэгжүүлсэн байтал өнөөдрийн Монгол боол орны гол шинж төрхийг илэрхийлэгч хэрэглээний ба арилжааны эдийн засгийг хамгийн харгис, луйврын хэлбэрээр нь цэцэглүүлчихээд сүүлийн 17 жилийн турш төгрөгийн ханш унаад байгаагийн учрыг гаргахын оронд “үнийн өсөлтийг зохицуулна”, “төгрөгийн зузаатгал хийнэ”, “инфляцын түвшинг барина” гэх мэт зах зээлийн хуулиас гадуур юм ярьсаар өдий хүрлээ.

Юмны үнэ өснө гэдэг нь цаасан мөнгөний ханш унаж байгаа хэрэг. Цаасан мөнгөний ханш унана гэдэг нь улс орны баялаг хоосроод байгаагийн илрэл. Улс орон хоосроод байна гэдэг нь баялгаа алдаад, шулуулаад мөлжүүлээд байгаагийн учир!
Зөвхөн өнөө үед ч биш аль 2000 жилийн өмнөөс монголчууд байгалийн баялгаа ашигласаар ирсэн. Тухайлбал, дээр дурдсан Монголын эзэнт гүрний үед алт, мөнгө, зэс, төмөр, цайр, хөнгөн цагаан, хар цагаан тугалага, хаш, сувд, давс, хужир, шүү зэрэг ашигт малтмал эрдэс баялгийг нээн ашигласаар иржээ.

Тэр үед бусдад ихэнхийг нь өгөөд өөрсдөө бага хэсгийг нь хүртэнэ гэсэн ойлголт монголчуудад байсангүй. Харин тэр үеэс хойш 800 жилийн дараа 2006 онд баталсан Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулиар монголчууд ашигт малтмалынхаа дөнгөж 34 хувийг хүртэх эрхтэйг зааж өгсөн. Ийнхүү ардчиллын уеийн Монгол Улс социализмын үед “Эрдэнэт” үйлдвэрээр жишиг тогтоосон 51 хувиасаа ч татгалзаж, Оросын большевикуудын дарлалын дор байсан үеэсээ даруй 17 хувиар ухарсан юм. Энэ тоо түүхэнд энэ хэвээрээ үлдэх эсэх нь өнөөгийн монголчуудын сэтгэл оюун мэдэх хэрэг болоод байна.

Одоогоос бараг зуун жилийн тэртээ ноён Танака нэгэн илтгэлдээ; “Дэлхийг эзэлье гэвэл Хятадыг эзэл, Хятадыг эзэлье гэвэл Монголыг эзлэх хэрэгтэй” гэсэн гэдэг. Үүнээс үзэхүл Монгол бол өөрийн байршил, баялаг, түүхэн үүргээрээ дэлхий дахины стратегийн ач холбогдолтой орон ажгуу. Танакагаас мөн зуу гаруй жилийн өмнө Германы их математикч Гаус “Шинжлэх ухааны хаан математик, математикийн хаан арифметик” гэжээ. Энэ хоёр санааны ач холбогдлын ач холбогдлыг дүгнэсэн агуулга нь агаар нэгэн бөгөөд үүнээс “Монгол бол хүн төрөлхтөний арифметик мөн” гэж хэлж болох.
Бид ийм л эх оронтой, бид ийм ач холбогдолтой чухал улс. Монголын юм бүхэн стратегийн ач холбогдолтой.

Гэтэл өнөөдөр ашигт малтмалын орд газруудаа стратегийн ач холбогдолтой ба үгүй гэж ангилан жагсаалт гаргаад сууж байгаагаа, бас өвлийн хүйтэнд чонон дахаа нүдний шилээр наймаалдаг “Морьтой ч болоосой” киноны Дондогийг санагдуулмаар алт болон бусад баялгаа сул өгөөд оронд нь авсан цаасаараа бусдын илүүдэл бүтээгдэхүүнийг худалдан авч амьдралаа залгуулж байгаа эдийн засгаа харахаар юуны учир ийм болчихов хэмээн хэн ч бодох болно.

Юуны учир вэ гэвэл эдүгээгээс 900 жилийн тэртээ Хамаг Монголын Хабул хааны “Өөр хоорондоо тэмцэлдэх нь гол бус, өстөн дайсантай тэмцэх нь хамгийн зорилго хэмээн захисныг умартсаных. Бидний өстөн дайсан юу вэ гэвэл Монгол орон хөгжиж байж монгол хүн сайхан амьдарна гэдгийг ухаарахгүй алд биенийхээ өнөөдрийн өчүүхэн шунал тачаалдаа хөтлөгдөн маргаашийнхаа боломжийг баллаж байгаа мунхаг явдал мөн. Үүнийг төрийн бодлогоор эрхбиш засах шаардлагатай.
Харин өөр хоорондоо тэмцэлдэх нь гол болчихоод байгаа өнөөгийн Монголын эмгэнэл бол үнэний төлөө зантай, шударга зарчимтай, авьяас чадалтай хийгээд “өөрийн нэр төр, хүн чанарыг эд хөрөнгөнөөс дээгүүр тавьдаг хүмүүс”-ийг /Э.Хардаваа “Сод жанжин Чингис хаан түүний үлдээсэн өв” 68-р тал/ сонгон дэвшүүлдэг Чингис хааны зарчим алдагдсаных болой.

Монголын түүхийн доройтож буурсан бүх үеүдэд гол шалтгаан нь монголчуудын эрх тушаал, эд хөрөнгөө булаацалдсан өвөр хоорондын тэмцэл байсан юм. Ийм тэмцлийн хохирогч нь эцсийн эцэст монголчууд өөрсдөө болж үлдсэн байдаг.Монголчуудыг түүхэнд хэн ч ялж, хэн ч доройтуулж чадаагүй, гагцхүү өөрөө өөрсдийгөө доройтуулж иржээ. Энэ гашуун үнэнийг өнөөгийн монголчууд эрхбиш ухаарах учиртай!

Бүтэн хоёр зуун жилийн турш хуучин ертөнцийн тавны дөрвийг хамарсан өргөн уудам нутаг дэвсгэр дээр олон сая ард түмнүүдийн энх амгалан амьдралыг цэцэглүүлж чадсан Монголын үеийг “Рах Mongolica” буюу “Монгол хэв ёсны энх журам” гэж нэрлэдэг. Ийм ч учраас Германы суут гүн ухаантан Хегель “монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн” гэж хэплсэн биз.

Ийм агуу ард түмний үр сад бид өнөөдөр өргөн уудам нутаг, баялгийнхаа дунд ядуу зүдүү амьдарч, туйлдан доройтож байна. Эх орных нь, бас амьдралынх нь аюулгүй байдал алдагдсаны улмаас монголчуудын дунд “орших уу, эс орших уу” гэсэн айдас, ухаарал, бодлогошролын хий үзэгдэл хэсүүчилж явна. Үүний учир шалтгаан нь өнгөрсөн 17 жилийн турш хийсэн алдаануудын уршиг мөн гэдгийг ойлгох цаг болжээ.

Наад зах нь гэхэд л нам хуйвалдагсад ба улс төрийн нам хоёрыг ялгадаг болох, Монголын баялгийг зөөхийн тулд гаргасан зардлыг гадаадын хөрөнгө оруулалт гэж эндүүрэхээ болих, маргаашийн амьдралыг шийдвэрлэх сонгуулийг өөртөө олдож буй өнөөдрийн боломж гэж ойлгодог болох хэрэгтэй байна.

Нүдэн дээр хүүхнүүд гундаж, эрчүүд мансуураад уруудаж байгаагаа мэдэрнэм
Нүдэн дээр мунхгууд цэцэрхэн бэртэгчингүүд догшроод новширч байгаагаа мэдэрнэм Нүдэн дээр эх хэлээ гажуудуулж, бичиг соёлоо ад үзээд хоосорч байгаагаа мэдэрнэм
Нүдэн дээр баялгаа алдаад, эх орноо шатаагаад доройтож байгаагаа мэдэрнэм
Үзэсгэлэнт охид эрсийг биш мөнгийг хүсэх болжээ
Үнэнч хөвгүүд үүрдийнхийг биш зуурдынхыг шүтэх болжээ Өвгөд хөгшид эрт зөнөглөөд түшиг болохоо больжээ Өн мөнх тэнгэр минь биднийгээ ивээгээч. Эрдэс баялгаа хурдхан зараад үнс болохоос нь аврах ёстой юм гэнэ Алтыг нь хуйвалдагчид аваад хорыг нь монголчууд хүртэх хэрэгтэй юм гэнэ Амьд үлдсэн баяжсан хэд нь харин цагаачлах боломжтой юм гэнээ Адаг сүүлд нь ер нь ард нь хэрэггүй баялаг нь хэрэгтэй юм гэнээ.

Үгүй ээ, охин минь ингэж болохгүй
Эртлэн бос, галаа түл!
Хүү минь ингэж таарахгүй
Бүсээ бүсэл, адуундаа морд!
Их хааны маань суу заль онгон дагшнаараа байна
Их өвгөдийн маань билэг сургааль
мартагдаагүй хэвээрээ байна
Эрэмгий ардын маань сэтгэл зориг унтраагүй байна
Энгүй орны маань сор шим яндаагүй байна. Эрч хүчээ нэгтгэн байж
Эрүул ухаанаа зангидан байж
Эрэлхэг туүхээ санан байж
Эх оронч нэгнээ сонгон байж
Даяар Монголынхоо ариун голомтыг дархлах, аврах цаг нэгэнт болжээ.

“Монголчууд хэзээ ч бүр хамгийн хүнд бэрх дарлал доромжлолын дор ч хуучин агуу их явсан үеэ мартаж яваагүй”, /М.Прадин “Чингис хаан түүний өв” 367-р тал/ үндэсний бахархлаа гээгээгүй бөгөөд хөгжиж бадарна гэх бодлоо хэзээ ч орхиж байгэагүй ард түмэн.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах