Монгол Улсын Их Хурлын гишүүд, төрийн эрхэм түшээдэд илгээх захидал



Монгол Улсын уугуул иргэн БАВУУГИЙН ЛХАГВАСVРЭН

Та бvхний амар амгаланг эрж урт шаргал намрын мэнд хvргэе. Хэлэхгvй байхын аргагvйд автаж, тэвчээр ялагдан бичсэн энэхvv захидлын дотор алдаж омтгойдсон, сул сударган vг санаа орсон аваас мунхгийг минь өршөөн, ухаан талбиж хэлтрvvлнэ гэдэгт ихэд найдна.

Нэгэн зvйл.
2006 оны аравдугаар сарын 2-нд УИХ-ын намрын чуулган эхлэв. Тохиолдлоор энэ өдөр, ардчиллын “залуу эцэг” С.Зоригийн бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн өдөр байв. Чуулганы нээлт дээр энэ гэгээрсэн хvмvvний дурсгалыг хvндэтгэж нэг минут буюу 60-хан секунд хvндэтгэл vзvvлэх болов уу гэж бодсон чинь тэгсэнгvй. Эхэлж өгсөн бодол зорилгыг нь хэрэгжvvлж чадахгvй “мунгинаж” яваа ардчилсан хvчнийхэн, бvхнийг мэдсээр байгаа МАХН-ынхан ч санасангvй дээ! Тvvх уламжлалыг хvндэлж чадаагvй л бол “шинэ” юм гэж орчлонд vгvй.

Нэгэн зvйл.
Хөвсгөл аймгийн 46 дугаар тойргоос Их хуралд сонгогдсон гишvvний эрхийг батламжлав. Нэгэнт ард тvмний сонгосон гишvvнийг “шvvн” хэлэлцэв. Ард тvмэн хэрвээ шударга vнэнчээр сонгосон дvн л гарсан байгаа бол УИХ шууд батлах ёстой сон. Гэтэл “УИХ бол шvvх биш” гэж өөрсдөө ярьцгаадаг атлаа хуульд заагдсан ард тvмний сонгох эрхэд бvдvvлгээр халдлаа. Арай, УИХ-ын хуульд ард тvмний сонголтыг хянах, цуцлах, шvvмжилж хэлэлцэх эрхийг гишvvдэд олгосон заалт оруулан засах юм биш биз дээ.

Нийтээр сонгуульд оролцохгvй гэж хэлэх эрх ард тvмэнд vлдэнэ шvv. Сонгогдсон хvний аль муу муухайг дуудан, аль нам нь хэдий мөнгө, хэдэн шил архи тарааснаа дуудалцаад сууж байдаг чинь хэнийг доромжилж байгаа хэрэг вэ? Өгсөн чинээлэг нь тодорхой, авсан ядуу нь ард тvмэн байж… Ард тvмнийг тийм гэнэн тэнэг байсныг дvгнэж байгаа болохоос нам, намынхаа тухай ярив гэж би бодохгvй байна. Аль нэгэн намын арга, “бэлэгт” хууртсан нь хэн болж байна. Бид чинь хэнийг сонгочихвоо! гэсэн эргэлзээг ард тvмэнд төрvvлээд байхаар тэр гишvvнд хандах ард тvмний хvндэтгэл ямар байх вэ.

Нэгэн зvйл.
УИХ-ын чуулган эхлэх танхимын уур амьсгалыг ажихад, унага тамгалах найранд ирсэн улсууд дугараа хvлээж байгаа юм шиг харагдсан. Төрийн ёс хvндэтгэл гэдэг хаана байна. Маргааш огцрох ч бай, мулгуу ч бай, төрийн гурван өндөрлөг орж ирэхэд босч мэхийж, алгаа “балбаж” билбvvрддэггvй юмаа гэхэд танхим анираа “хурааж” болно доо. Төр “ихэмсэг” бус “эрхэмсэг” орших ёстой. Ёс хvндлэл зөвхөн дороосоо байдаг гэж бялдуучлал, долигонохын баланд шандуурсан эрхэм тvшээд боддог юм биш биз.
Ёс хvндлэл гэдэг дээрээсээ бас эхэлдэг юм шvv. Их ард тvмний өчvvхэн “хvндэт” хэсэг нь та нар шvv дээ. Эд нараас өөр сонсох хvнгvй туйлдаа хvрсний эцсийн vр дvн нь та нар биш. Та нар зөвхөн монгол төрийн тухайн он цагийн тvvчээнvvд болой.
Ерөөсөө УИХ-д сонгогдсон гишvvд сонгуулийн урд өдөр хvртэл, юм болгоныг царайчилсан хvмvvс байдаг. Сонгогдсоныхоо маргаашаас хvн болгоноор царайчлуулсан “том” болдог.

Нэгэн зvйл.
Хэчнээн ч сая төгрөг цацсан юм. УИХ-ын танхимаа тохижуулав. Хальтхан харахад жуулчны томоохон отгийн “хоолны газар” шиг. Дизайн буюу зохиронгуйн урлагийн бодомж байхгvй. Хийхийн өмнө хэлэлцдэг зөвлөдөг ажиллагаа хасагдсан бололтой… Зураач, архитектор, урчуудын нэгдсэн зөвшилд хvрдэггvй тvргэн тvvхий хийдэг явдал олон юман дээр харагдана. Төв талбайгаа хар! Хятад дэлгvvрийн vvдэнд байдаг молцогт гэрэл, дөрвөн өнцөгт нь өндөр хурдны замын уулзварт зоодог гэрэл тавьчихсан. Энэ бvхнийг хэн нь шилж, хэн нь олж ирж “мөнгө” унагадаг байнаа.
Талбай хуучнаасаа гэрэл муутай бvvдийсэн орчин болсон. Талбай гэдэг хvнд зориулагддаг. “Хуурай гулгуурын” талбай шиг гөлгөр чулуугаар дэвсгэрлэсэн нь цас мөстэйд хvн явахын аргагvй… Ахмадууд тэнд цагдаа нартай “барилддаг”. Төртэйгээ ноцолдож байгаад халтираад тархиа хагалчих вий дээ гэж их айх юм. Хэрвээ тэгвэл, төр буруутай биш чулуу л буруутай болно доо. Төрийн ордон, төв талбай сонгодог зохимжтой байх ёстойг завсар чөлөөгvй гадаадад явахдаа ажирдаггvй юмсан уу?
Зохиронгуйн урлагт уламжлал буюу шинэчлэлийг хослуулж чадсанаараа Япон улс дэлхийд гайхагддаг. Бидэнд өөрийн гэсэн бодомж уламжлал, өгөгдсөн нөхцөл, бусдаас дутуугvй заяагдсан билээ…

Нэгэн зvйл.
УИХ-ын чуулган дээр vргэлжид өнгөрсөн юмыг их ярьж, болох юмны тухай бага ярина. Энэ чинь өнөөдөр, маргааш хоёрыг мартаж өчигдөртэйгээ байна гэсэн vг. Тэгэхэд тэр намынхан тэгсэн… ингэхэд ингэсэн гээд хэрэлдэнэ. Дандаа хуучнаа сөхөж, муу муухайгаа дуудалцана. Хvмvvсийн тухай хэлэлцэхэд хvн болгоны мууг, алдааг, бvгдийг мэддэг, цагийг нь ирэхэд ярихаар бэлдчихсэн юм шиг гишvvн ч байна. Хvн гэдэг бусдын муу муухайн “нэвтэрхий толь” байх нь хvн шиг “хvн” гэдэг ойлголтод хэр нийцдэг тухай бодмоор.
Хvн хvнээсээ сайныг нь бас олж хардаг билгийн нvдтэй байх учиртай.
Иргэний эр зориг гаргаж байгаа мэтэд өөрийгөө эндvvрч, шударга царайлан золбин мэдээлэл баталгаа нотолгоогvйгээр УИХ-ын танхимд дэлгэнэ. Энэ нь гишvvдийн дундах эв эеийн агаарыг бузартуулах, ард тvмний ой тойг гутаахаас цаашгvй. УИХ-ын доторх агаар бол төрийн агаар байдаг. Vнэн мэт санагдах энэ vйлдлvvд ард тvмнийг сэртхийлгэнэ. Дараа нь худлаа болох тухай яригдаж дахиад ард тvмнийг сэртхийлгэнэ. Ингэснээр vнэн худлын учрыг эс олон эргэлзэж ард тvмэн утга учиргvйн “тоглоом” болно.
Тэд vнэн, худал хоёрын дvнд татсан дээсэн дээгvvр дэнжигнэн алхах мэт. Алдаа, алдаан дээр тоглодог төр амжилтад эс хvрнэ. Сvvдэргvй чулууг энэ ертөнцөөс хэн ч эс олмуй. Чулуу нь сvvдрээсээ хэзээд том байдгийг мартаж болмооргvй. Монгол төр, хvн чанар, ухаанаар цангаж эхэллээ. Энэ чинь ядуурлаас долоон дор явдал. Төр, тvмний итгэл хvлээсэн хvн гэдэг, эхлээд хvнээрээ, оюун сэтгэлгээгээрээ шударга vнэнчээрээ жудаг, журамтайгаараа төрд тоогдож тvмэнд таалагдах ёстой. Хийхийн өмнө “идэх” бодохын өмнө тэнэглэл байх учиргvй мэт.

Нэгэн зvйл.
Хурал хаях гэдэг. Дэлхийн аль ч улсын парламентад байдаг. “загвар vзvvлэх” маяглал юм. Болохоос болохгvй хvртэл, болохгvйгээс болох хvртэл зvтгэдэг чанар монгол хvний язгуур мөн чанарын нэг. Чих дандаа ариун эгшиглэнт чимээнд зориулагдаагvй. Ам дандаа гаргаж байх “хаалга” бус. Энэ хоёр тархины хаанчлалд байдаг зардас. Төрт ёс, харилцааны соёл, уламжлалт монгол жудгаар УИХ дутаж байна. УИХ-д хэлэлцэж буй хууль, бусад асуудлуудаас бага боловч ангид байх нь гишvvний хувьд ард тvмний сонголтоос тvр ч болов татгалзаж байгаа “ихэмсэглэл”. УИХ-ын гишvvд өөрийн итгэл vнэмшилдээ, бодол саналдаа vнэнч байж чадахгvй байна. Vргэлж “цаг уурын мэдээ” даган өөрчлөгдөнө.
Олонх цөөнхийн хэн нь буруутайг он цаг хатуу шvvдэг болохоор зөвшөөрсөн, татгалзсан буй байгаагаараа vлдэх нь зvй. Хувийн мунхаг дур зорго, гаж авир ааш уул хvний төрөлх чанар зарчим vнэн мөнийг нь заавал бvдгэрvvлж байдаг.
Хэлж болохгvй залгих vг, цаг нь болоогvй “vнэн” гэж бас буй. Бvдvvлэг зан харилцаа төрийн хэрэгт бага зохино. Ард тvмэн хэн нь илvv vнэнч шударгыг юмуу, хэн нь илvv хэрvvлчийг шалгаруулах гэж харж суудаггvй, нэгдмэл шvvн тунгаасан vнэн зөв шийдэл, бодлого, сайн төрийг горьдож байдаг. Монголын ард тvмэн “хоногийн хоол” бус, холын хараатай, тогтвортой төрийг нэхэж байна.

Нэгэн зvйл.
Тvмний дунд “хувцасгvй” гvйж яваа, учраа олохоо байсан төрийг хэн ч чамлаж чадна. Бодол санаа, таалалдаа нийцсэн бөөгнөрөлд тасран нэгдэж, өөрсдийн зөвдөө хэтийдэн итгэсэн, бие биенийхээ сvvдрийг хэмжсэн хөөрхий амьтас хол явдаггvй. Сvvдэр сvvдрээ дарж унадаг. “Төлбөртэй” сэнтийд, өөрийнхөө хэрийг мэдэхгvй байж заларсан, чадахгvй байж төрийн албанд тэчьяадан дурлагсдыг бид ойлгохгvй байна. Их vvрэг, найдвар, итгэлийг хvртэхдээ хvн айдагсан.
Гэтэл өнөөдөр өөрийгөө ч чамлах тэнхэлгvй, ухаангvй баярлах. Хvн төрөлхтөн ухаантайгаасаа айдаг атал, тэнэгээсээ айдаг vзэгдэл миний л эх оронд байна. УИХ-д “шударга” гишvvн болж харагдах гэж юуг ч хэний ч өөдөөс хэлж нулимж чадах тэнэгvvдээр бусдыг доромжлуулдаг, ард нь нуугдан битvvхэн инээж суудаг зуршлаасаа намууд хэзээ салах юм бэ? Төрийг тvших ажил амархан юм шиг, тэнд яригдаж буй зvйл нь гэнэн тэнэг байхаар зах зухын нэг нөхөр “төр барьж би ч чадна” гэж боддог болчихож. Өнөөдрийн төрд “зөөлөн сэнтий” авахын тулд биеэ чамлахгvй vхэн хатан зvтгээд булаалдаад байгааг нь харахад ямар нэг алдар хэргэмээс гадна амттай нэгэн “ундарга” тэнд байдаг бололтой.
Тэр боломжийг амссан урдах нэгэн бусдадаа зааж өгөө, эсвэл vлгэр жишээ vзvvлчихэж л дээ. Цалгарыг ашигласан хэсэг “өөрөөр сэтгэгчид” ард тvмний эмзэглэлийг хөндөж, улсыг бужигнуулна. Толгойлогчид нь хувцсаа сольж, ашиг “vмхэж” тэмцлээ азнана. Хувийн бизнесийн зорилготой улс төрийн тэмцэл гэж байдаг юм уу? Тэмцэл өөрөө ариун байх ёстой. Энэ бvхнийг төр салгаж ойлгож байх ёстой атал, авууштайг сонсож, хаялтайг няцаахгvй, бөөрөнхийлж бялбаганаж, хуурч булхайцаж байх шаардлагагvй
Тэмцэл мөнгөөр хэмжигддэггvй.

Нэгэн зvйл.
Төр-ард тvмний ойлголцол, нягт чанарт гарсан цав ихсэж монголчууд учир утгагvй бужигнааны амсарт тулж ирэв бололтой. Энэ нь олон зvйлээс шалтгаалж байна. Дандаа өгдөг төр байхаар ард тvмэн сайхан амьдардаг юм биш ээ. Ард тvмнээсээ санал бодол, хvч хөдөлмөр, татвар, оюун ухааны шим авч байж төр оршдог.
Ард тvмэн vргэлж төрдөө мэхийж байдаг бол ард тvмэндээ төр нэгэнтээ мэхийж болно оо доо. Буруудаа ард тvмнээсээ уучлал гуйж, зөвөө ард тvмэндээ омог бардам хэлж чаддаг төр байлтай. Шуудхан хэлэхэд, МАХН-аас сонгогдсон гишvvд оюунаар ядуу, Ардчилсан нам, эвслийнхэн хvн чанараар ядуу байна. Энд би УИХ-ын зарим нь гэж хэлж зулгуйдаж бичиж болох байсан ч өнөөдрийн vнэн хvлээн зөвшөөрөхгvй байна.
Бие биенээ vгvйсгэх, гаднаа vнэнчийг барьж дотроо “хонзон” буцалгаад байгаа ч юм шиг нэртэй улстөрчдийн авир араншин, мэдээлэл, мэдэгдлvvд жагсаал цуглаан, айдас хvйдэс, авлига, гvтгэлэг, доромжлол бидний оюуны болон хэвийн амьдралыг ихэд сандааж байна. Ард тvмэн ядуу дутуу ч бай, сэтгэлээр бvтэн амьдармаар байна. Их ард тvмэн, хэдхэн тэнэгийн “гарын угаадас” болмооргvй байна.
Учраа бага олсон, дарвисан, буруу зөв нь таагдашгvй vйл явдлууд өрнөөд эхэлбэл та нар яах гэж байна. Гэмтэнг яллаагvй, зөвийг дэмжээгvй, улсаа биш өөрийгөө болгосон бахаа бvvвэйлээд зогсож байх уу? Төрийн сайн мууг ард тvмэн л эдэлдэг. Төрийн vнэн-гэрийн vнэн байдаг.
Та нар минь, агуу их Монгол Улс минь гэдэггvй юмаа гэхэд өөрийн минь юм гэж Монгол Улсын амар амгалан газар шороо, хvн ардынхаа төлөө чин vнэнчээр зvтгээд өгөөч! гэж гуйя.

Мөнх тэнгэр минь Монголын төр Их нутагтай цөөхөн тvмнийг минь ариусгаж хайрла!

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

Ene odoo hurtel une tsenee uldeegui baina shuu!

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах