Барон Унгерний цэргүүд ч, 1932 оны босогчид ч, Халимагийн морин хорооныхон ч Монголын баатрууд мөн


“БНМАУ-ын баатар” цол 1922 онд буй болж, Д.Сүхбаатар анх хүртсэн юм гэдэг. Тэрбээр Богдын ЗГ-аас мөн баатар цол хүртэж асан тул хошой баатар аж. Байж болох л хэрэг. Д.Сүхбаатар 1911, 1921 оны хувьсгалуудад гавъяа байгуулсан цогт эх оронч мөөн.
Харин Х.Чойбалсан хошой баатар болох гавъяатан мөн үү (Ю.Цэдэнбал ч яахав, шударгаар цолыг нь хураасан)? И.Сталин, Л.Брежнев, А.Косыгин зэрэг Зөвлөлтийн нам төрийн удирдагч нар? Сансрын нисэгч Г.Титов, П.Беляев, Н.Рукавишников, А.Николаев, В.Горбатко, В.Коваленок, В.Савиных? Тэд Монгол улсын баатар хэвээрээ л байгаа.
Гэтэл 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1913 оны чөлөөлөх дайн, 1920-21 оны чөлөөлөх дайн, 1932 оны ардын бослогын баатрууд маань ор тас мартагдсан, нэлээд нь бүр, дайсан мэтээр ойлгогдсон хэвээр байгаа нь эмгэнэл билээ. Энэ харамсалтай явдлын талаар асуудал дэвшүүлж, олны анхаарлыг хандуулахын тулд миний бие “Баатруудаа бид мартсаан” (moenhbayar.blogspot.com-д буй) хэмээх шүлэг бичин (мөн өөр 5 шүлгээр) “Эх орон танаа” яруу найргийн наадамд оролцсон. Мөн энэ өгүүлээрээ санаагаа дэвшүүлж байнаа.
200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлалыг, Монголыг “Хятадын хэсэг” хэмээн баттай ойлгочихсон дэлхийн төөрөгдөлтэй нь хамт түлхэн унагасан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын баатруудыг бид яавч мартаж болохгүй. Ухаант мэргэн өвөг дээдэс маань “Монгол гэдэг бол Монгол л юм” гэдгийг ойлгож байсан учир, шууд монгол туургатны ЗГ-ыг байгуулж, монгол ахан дүүсээ нэгтгэх үйлсэд зориглосоон.
1913 оны 1-р сард, Хөх хот, Чуулалт хаалга, Бугат, Долнуур, Бат хаалгын чиглэлээр Таван замын цэрэг хөдөлгөж, Өвөр Монголыг чөлөөлөх дайныг эхлүүлэхэд, Манлай баатар Дамдинсүрэн, Удай ван, Хайсан гүн, Егүзэр хутагт, Бавуужав, Тогтох, Чимэдцэрэн, Насан-Арвижих, Сономдорж, Зүтгэлтэн нарын өвөр монгол голдуу ноёд монгол туургатны түмэн морьт цэргийг манлайлан авч одсон байдаг юм.

Сүхбаатар, Данзан, Бодоо, Элбэгдорж Ринчино зэрэг
1921 оны ардын ардчилсан хувьсгалыг хийлцсэн зүтгэлтнүүд

Өвөр Монголд ч тэд цэрэг элсүүлж, Юань Ши Кайн дандаа давуу хүчтэй байлдан, 20 гаруй удаа хиар цохиж байсан агаад, Хөх хотын төлөө тулалдаанд аргагүй нэг ухрахад хүрч, нутгийн ардуудаар хүчин зузаатгаж, бусад замын цэрэгтэй нийлэн бүсэлж цохих ч төлөвлөгөө боловсруулан суутал, Монголыг нөлөөний бүсдээ хуваасан Орос, Японы шаардлагаар аргагүй Богдын ЗГ цэргээ татжээ. Уг нь, шаардлага гарвал Бээжинд ч цохилт өгөх зориг төгс байсийм гэдэг.
Божи, Волиган, Гилэнгүнж, Галсанцинпан, Даш, Долгор, Доржпалам, Дугаржав, Дэлхий, Жигшинбуу, Заяат, Илиу, Лаасаг, Лувсан, Мааньжав, Манажав, Мандах, Мубунга, Муранга, Найданжав, Налгор, Насантогтох, Норов, Өлзийбадрах, Өлзий-Орших, Сандагдорж, Сундайжав, Сэргэлэн, Төмөр, Түгжням, Түмэд, Түмэннаст, Хохилон, Чойванлун, Чулуун, Цэнд, Шаарийбуу, Ярин… Эдгээр нэрүүд бидэнд юуг өгүүлнэ вэ. Юуг ч өгүүлэхгүй. Баатруудыг маань мартуулсан учраас тэр. Гэтэл энэ гэрэлт хүмүүнүүд Монгол Улс үндэстнийхээ төлөө амь хайргүй тэмцэж явсан, та бидний энэ цагийг авчирсан, бахархан дууриах баатрууд билээ.
1919 онд өвөр монгол, буриад хэсэг эх оронч Нармай Монгол улсыг тунхаглаж, ЗГ-ыг нь байгуулсан. Харийнхны хорлонгоос болж тэд ЗГ-таа Халхын нэр нөлөөтэй зүтгэлтнүүдийг оруулж амжаагүй нь зөрчилдөөний шалтгаан болж байсан ч, чухал үйл хэргийг тунхагласан, эхлүүлсэн билээ л.

Баруун Монголыг Манжийн дарлагчдаас чөлөөлөхөд оролцсон Дамбийжанцан зэрэг зүтгэлтнүүд

Панмонгол улсын төв байх түүхэн учир зохиролтой Ар Монголыг гоминданы түрэмгийлэгчдээс чөлөөлөх ариун дайн Нармай Монголын ЗГ-ын шугамаар шийдэгдэн, өрнөжээ. Хэсэг монгол эх оронч энэ дайнд цагаантны хүчийг ашиглах тактик боловсруулсан нь орос, буриад, өвөрмонгол болон бусад монгол ястан цэргүүдээс бүрдсэн хүч (Барон Унгерний гэгдэж) Ар Монголд орж ирснээр хэрэгжсэн.
Тэднийг ар монголчууд туйлаас талархан, чөлөөлөх тэмцэлд эрслэн боссон хөдөлгөөнийг Чин ван Лувсанцэвээн тэргүүлсэн билээ. Чөлөөлөгчид зорьсондоо хүрч, харийн түрэмгийлэгчдийг үлдэн хөөж, Богд хаанаа өргөмжлөн, Монгол улсаа сэргээн мандуулсаан. Барон Унгерн, Лувсанцэвээн тэргүүн, Баяр гүн, Жамбалон зэрэг зүтгэлтнийг тэгэхэд зүй ёсоор баатар цолоор шагнаж байсан.
Энэ дайныг үүсгэсэн монгол эх орончид маань эх орноо л чөлөөлөхийг эрмэлзэн, зорьсондоо хүрсэн болохоос биш, большевизмийн эсрэг цагаантнуудын тэмцэл, Оросын иргэний дайнд оролцъё гэж санаагүй нь МАН-ын эх орончид улаантнуудыг түшиглэсэн явдалтай л ижил. Өдгөө тэдгээр ч цагаантнууд улаантнуудыгаа бодвол дэвшилтэт хүч гэгдэн, Барон Унгерн “Оросын цагаан хөдөлгөөний сүүлчийн рыцарь” гэх зэргээр алдаршиж буй билээ.

1920-1921 онд Ар Монголыг Юань Ши Кайн түрэмгийлэгчдээс
чөлөөлөхөд оролцсон буриад монгол казакууд

Большевикууд Монголд иргэний дайн өдөөн, хожоо гаргая гэсэн нь төдийлөн амжилт ололгүй, эх орноо чөлөөлсөн монголчууд цагаантнуудаас ангижран салж, Барон Унгернийг (тэрбээр манайхны дургүйцлийг төрүүлсэн болсон) ч баривчлан, бусадтайгаа нэгдэн нийлж байсан.
20-21 оны Цэвээн тэргүүн, Баяр гүн нараар удирдуулсан монголчуудын чөлөөлөх тэмцлийн баатрууд мартагдах ёсгүй, мөнхжих ёстой!
Монголчууд зөвхөн 20-21 онд большевизмийн эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулсан биш. 1932 оны ардын бослогоороо большевизмд хүчтэй цохилт өгсөн юм. Энэ бослогыг большевикууд хэрцгийлэн дарсны (олон мянган хүн хядуулсан, цаазлуулсан) дараа буулт хийж, Сталин “Монгол орон хөрөнгөтний ардчилсан улс болбол зохино” хэмээн сандран мэдэгдэж байсан билээ. Ташрамд, большевизмийн эсрэг тэмцэл нь өдгөө гитлеризмийн эсрэг тэмцэлтэй дүйцэх, хүн төрөлхтний ариун үйлс гэгдэх болсон.
Гэхдээ 1932 оны бослого маань юуны өмнө зөвлөлтийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөх гэсэн үйлс байлаа. МАН-ын эх орончид маань цагааны дээрэмчдийг улаантных нь хүчээр зайлуулж, улмаар бүх монгол туургатны ардчилсан улсыг байгуулах зорилготой байснаас бус, большевизмаар замнана, зөвлөлтийн колони болно гэж огт бодоогүй л билээ. Түүнийхээ улмаас ч улаан террорт өртөн хядуулцгааж, зөвлөлтийнхөн Монгол оронд эзэн суусан.

Сталинизмын гай зовлонгоос халимаг эх орноо аврахыг зорьсон дайчид

Бослогыг анх санаачилж, “Самбуу ламын бичиг” хэмээх тунхгаараа олныг уриалан дагуулсан Самбуу дүвчин, Очирбатын яам хэмээх чөлөөт Монголын ЗГ-ын ерөнхий сайд Самбуугийн Буриад, яамны НБД Жамсрандорж, мөн Түгж нарын жанжид бол ард түмнийхээ сайн сайхны төлөө эрслэн боссон зоригт баатрууд минь билээ.
Монголчууд бид л баатруудынхаа дурсгалыг сэргээж, сүлд хийморий нь дээдэлж, үлгэр жишээгээр нь төлөвшиж, хойч үеэ хүмүүжүүлж, баатруудаа шүтэж биширч явахгүй бол, өөр хэн чингэх билээ. Бидний төлөө алтан амиа хайрлалгүй тэмцсэн тэд мартагдах хувьтай юм гэж үү.
Бусад улсууд зөвхөн өөрийн улсын иргэнийг биш, өөрийн үндэстний баатрыг эрхэмлэн дээдлэх өргөн чиг хандлагатай байдаг нь зөв юм. Казахстан гэхэд Шинжааны Оспан баатрыг маш их хүндэтгэн дээдэлдэг.
Тиймээс бид монгол туургатны баатруудаа манай миний хэмээн өөриймшүүлж явах хэрэгтэй байна. Жишээ нь: Ард түмнийхээ л эрх чөлөөний төлөө тулалдаж явсан Халимагийн морин хорооны баатруудыг бид хүндэтгэх л ёстой. Сталины “талд” л байсан бол баатар биш шүү дээ. Эх орноо хамгаалснаар нь л үнэлэх учиртай. Иргэд нь Гитлерийн “талд” байлдаж явсан гэх улсууд өдгөө тэднийгээ эх орныхоо төлөө, сталинизмын эсрэг тулалдаж явсан гэгээн дайчид гэж хүндлэх болжээ. Бид ч бас тэгж хандах учиртай.
Баатруудаа мартахгүйн тулд дараахь зүйлүүдийг төр түмэндээ уриалж байна:
1. “БНМАУ-ын баатар” цолтонд Монгол Улсын баатрын статус автоматаар шилжихгүй. “Монгол Улсын баатар” цолыг цол шиг цол байлгаж, түүнд “БНМАУ-ын баатар” цолтнуудаас дүйцэхийг нь хамруулъя. Манай эх орныг амь бие хайргүй хамгаалсан дотоод, гадаадын иргэд л “Монгол Улсын баатар” цолд хамрагдах эрхтэй.
2. 1911 оны хувьсгалаас эхлүүлэн, бүхий баатруудыг “Монгол Улсын баатар” цолд хамруулан, мандуулъя. Богд хаант Монгол улсаас олгосон баатар цолтнуудыг “Монгол улсын баатар” цолонд автоматаар хамруулж болно гэж үзэж байна. 1911 оны хувьсгалаас эхлээд, 1913 оны чөлөөлөх дайн, 1920-1921 оны чөлөөлөх дайн, 1932 оны ардын бослого зэрэг томоохон үйл явдлыг, мөн бусад түүхэн үйл явдлуудыг судалж, баатруудыг тодруулъя.
3. 1911, 1913, 1920-1921, 1932 оны баатруудад зориулсан хөшөө дурсгал, музей, кино, ном зэргийг бүтээж, тэдгээрийг өргөнөөр сурталчилан мөнхжүүлье. Чингэхдээ Өвөр Монгол, Буриад, Барга, Тува, Торгууд (Шинжааны) зэрэг, ард иргэд нь манай тусгаар тогтнолын үйлсэд олноор оролцсон монгол нутгуудын баатруудад тусгай тусгай болон, нийлүүлэн нэгтгэсэн хөшөө дурсгалыг босгож, ар монголчуудын үнэн сэтгэл зүрхний талархал хүндэтгэлийг илэрхийлж, бүх талаар сурталчилан мөнхжүүлж, монгол туургатны эв нэгдлийг гагнан бэхжүүлж, яруу алдрыг бадраах нь зүйтэй.
4. “Монгол үндэстний баатар” цолыг буй болгож, нийт монгол туургатан даяарт дуурсах гавъяатай баатруудыг хамруулан мөнхжүүлье. Энэ цолыг Монголын эрт цагаас эдүгээг хүртэлх түүхэн баатруудад олгож байя.
5. Зөвлөлтийн ноёрхол, нэг намын тоталитар дэглэм, социалист интернационализмд таацуулан, үзэл суртлын үүднээс туйлшран олгосон баатар цолын цаад үнэн мөн чанарыг ард түмэнд тод таниулъя. Монгол улс түмэнд гай зовлон авчирсан, эсэхүл гавъяа байгуулаагүй хүмүүсийн хөшөө дурсгалыг буулгаж, мөнхжүүлэлтийг нь үгүй болгох хэрэгтэй. Гавъяатай эсэх нь маргаантай байдаг хүмүүсийн хувьд ч тийнхүү хандах шаардлагатай.
Баатруудаа хүний ёсоор эрхэмлэн дээдэлж, мөнхжүүлэн хүндэтгэж, тэднээс суралцаж, улс түмнээ мандуулан бадраах үйлсэд хувь нэмрээ харамгүй оруулцгааж, Мөнх тэнгэрийн ивгээлийн дор цэнгэлийн манлайд хүрцгээе!

эх сурвалж: http://moenhbayar.blogspot.com/



5 Сэтгэгдэл:

G B said...

goy tuuh baina

Anonymous said...

uvug deedese bishirch bardal turuv baataruudaa munkhjuulen yaruu aldariig n badraatsgaaya mongolchuudaa ***

Anonymous said...

sain bna uu?tanai site-d minii uvug etseg Navaan beeliin zurag bnaa.
minii uvug etsgiin talaar medej duulsan uym baival helj tuslaval sain bna.
bayarlalaa.tanid amjilt, sain saihniig husii

Anonymous said...

argaguil baatarlag mergen obog deedes mini.

Anonymous said...

https://www.facebook.com/freemunkhbayar

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах