Бид өнөөгийн Монголчууд 1990 оноос хойшхи Монголын төрийн бодлогыг эргэн харж, бодит байдлыг харьцуулан дүгнэлт хийх цаг нэгэнт болжээ.
Бид ямар үзэл санаагаар удирдуулан, хэнд хөтлөгдөн, хаана хүрэхээр, хичнээн замаар, юу уруу тэмүүлж байна вэ? Бидний хүрэхээр зорьж буй нийгмийг Монгол улсын Үндсэн Хуулинд: Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж заасан байна. Энэ нь “ардчилагчид”-ад багадаад энэрэнгүй,нээлттэй, зах зээлийн, социалист, капиталист, даяарчилагдсан нийгмүүдийг байгуулж эхлээд удаж байна. Эдгээр нийгмүүдийн нэр их гоё сонсогдох аж. Гэвч эдгээр нийгмүүд хэр энэрэнгүй вэ?, хэр хүмүүнлэг вэ? гэдгийг хэн бүхэн мэднэ. “Үнэнд ганц зам, төөрөгдөлд түмэн зам хөтөлнө” хэмээн өрнийн нэгэн мэргэн хүн онож хэлсэн нь ч бий. Хэрэв бидэнд бидний байгуулж буй нийгэм нэг л биш санагдаж буй бол, бидний хүрхээр зорьж буй тэр нийгэмд гэрэл гэгээ, итгэл найдвар төрөхгүй байгаа бол, яагаад гэсэн асуулт зүй ёсоор тавигдах болно. Бид 1990 – ээд оноос өнөөг хүртэл ямар үзэл санаан дор нэгдсэн бэ? Бид өнгөрсөн 20-н жилийг “ардчилал”-ын гэж нэрлэж, тэгж итгэж үнэмшиж иржээ. Гэтэл энэ л үед Монголын төр харийнхны эрх ашигт нийцүүлж хууль үйлдвэрлэдэг болж Монголчууд эх орондоо боолчилогдож, газар нутаг, газрын доорх баялагаа харийнханд алдах болов.
Олон урьгалч үзлээр халхавчилж МАХН /МАН/, АН гэх мэт, ардчилалын баг өмссөн зохион байгуулалт бүхий бүлэг этгээд Монгол Үндэстний шилдэг хөвгүүд охидын зүтгэл тэмцэл, цус хөлс шингэсэн Монгол Улсын Тусгаар тогтнолыг ганхуулж, бүтээн босгосон барьж байгуулсан бүхнийг нь төрийн өмчийг хувьчлах нэрээр зувчуулж, гадагш дотогш зөөж үрэн таран хийж байна. Тэд хувь хүний эрх ашгийг улс төрийн! хувийн өмчийг эдийн засгийн эрхэм зорилго! хэмээн тунхаглаж, энэхүү үзэл санаанд тулгуурласан 2000 гаран хуулийг батлан гаргаад байна. Эдгээр хуулиудын хүрээнд бид халдашгүй дархан эрхээ хувьчилж!! эх орондоо харийнханд боолчлогдох, эх орноо харийнханд худалдах!! сэтгэхүй Монгол даяар “хар тахал” мэт тархаж байна. Үндэстний оршихуйн нэг үндэс газрыг хэн мөнгөтэйд нь дуудлагаар худалдаж, Үндэстэний дахин нөхөгдөшгүй баялаг алт эрдэнэсийг Монголын хууль харийнханд шимтгэл авах төдийхнөөр зүгээр л өгчихөж байна! “Ардчилал”-аар халхавч хийсэн зальт этгээдүүдийн боловсруулж гаргасан хуулиудын хүрээнд Монгол Улс нийт газар нутгийнхаа хоёрны нэгийг лиценз хэлбэрээр гадна дотны хэн дуртайд нь олгоод байгаа бөгөөд Монгол Улсын газар нутгийн гуравны нэгийг харийнханы эзэмшилд нэгэнт өгчихөөд байна! Ийнхүү эдгээр хуулиуд нь Монгол Үндэстэний эрх ашигт харшилж, Монгол Үндэстэн оршин тогтнох тулгуур үндсүүдэд халдаж, Монгол улсын Тусгаар тогтнол, аюулгүй байдлыг ганхуулж байна. Энэ бүхнээс дүгнэвэл Монгол Үндэстэн оршин тогтнох тулгуураа алдаж, Монгол үндэстэн түүний эрх ашгийг хамгаалж байгуулсан Монгол улс цаашид орших уу? эс орших уу? гэсэн амин чухал асуудал өнөөдөр Монгол үндэстэний өмнө тулгараад байна.
Монгол улсад 30 гаруй нам улс төрийн үйл ажиллагаа явуулдаг боловч тэдгээр намуудын үзэл санаа, үйл ажиллагаа нь өөр хоорондоо ялгагдах зүйл бараг үгүй бөгөөд тэд “ардчилал” хэмээх мананд төөрч будилжээ. Төөрч будилсан нь байхад зориуд төөрүүлж, будилуулж, ард түмнийг хуурч мэхэлж, итгэл сэтгэл дээр нь дөрөөлж буй зальт этгээдүүд Монголын улс төрийн намууд болон бусад хүчнүүдэд оршиж, Монгол Үндэстэний эсрэг бодлого боловсруулж, үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсаар байна! Энэ нь 1990-ээд оноос хойшхи Монголын төрөөс батлан гаргасан хуулиудаас илэрхий харагдаж байна. МАХН төр барьж байна уу? АН төр барьж байна уу? Эсвэл олон намын эвсэл төр барьж байна уу? гэдгээс үл хамаарч, Монголын төр хувь хүний эрх ашгийг эрхэмлэж, ингэснээрээ Монгол Үндэстэний эрх ашгийг уландаа гишгэж, үүний улмаас Монгол Үндэстэний нэгдмэл байдал алдагдаж, дур зоргоороо авирлах үзэл - волюнтаризм газар авч, төргүй, засаггүй байх үзэл - анархизм гаарч, Үндэстэний эсрэг гэмт хэрэг үй олноор гарах болж, түүнийг Монголын хуулиар хүлээн зөвшөөрч байна!! Энэ нь ард түмнийг улс төрөөс залхааж байна. “Улс төр” бол тухайн Улсын ард түмний хүндэтгэн дээдэлж, хүрээлж байх учиртай ариун нандин зүйл билээ.
Гэтэл Монголын улс төрийн намууд хүн ардаа “Улс төр” гэсэн хүндэт ойлголтоос залхааж, Улс төргүй буюу байсан ч хэн нэгэнд найр тавихад бэлэн болтол нь залхааж байна! Монголын улс төрийн намууд үүнийг хүсч байна! Эсвэл хүсээгүй ч тэдний үйл ажиллагаа Монголын ард түмнийг ийм байдал руу түлхэж байна!
Эх орон, газар нутаг, гол усаа хамгаалан тэмцэгчид Монголын улс төрийн намуудын бусармаг үзэл, үйлдлүүдээс залхаахдаа Монголд намгүй төрийг байгуулъя хэмээн уриалж байна. Тиймээ. Монголын улс төрийн намууд, тэдний баримталж буй үзэл, Монгол улсыг мөхөл рүү хөтөлж, Монгол орныг сүйрлийн ирмэгт авч ирлээ.
Улс, Үндэстэнийг задлан бутаргаж буй “хувь хүний эрх ашиг, хувийн өмч”-ийг эрхэмд үзэх “үзэл санаа”-г үргэлжлүүлэн! мянга мянган эх оронч баатруудын халуун амь, бүлээн цус, мятаршгүй зүтгэл тэмцлээр олсон халдашгүй дархан эрхээ худалдаж! эх орондоо боолчлогдон! эх орон газар нутгаа харь хүмүүст найр тавьж! агуу их соёл, агуу их түүхт өвөг их Үндэстэнийг булшлах уу?! Биднийг чөдөрлөж буй бусармаг байдлаас салах уу?! Эсвэл тэр өмхий намагт живэх үү?! Эдгээр асуултанд хариулах цаг нэгэнт болжээ!! Харь элэгтнүүд Монголчууд цөөн байвал! бас дахин цөөхөн болбол! Монгол хөгжилд хүрэх боломж тэр мөн хэмээн тавлаж байна. Монголчууд задарвал, бас дахин задарвал!!! хэмээн тэд шүлсээ савируулж байна. Энэ бүхний хажуугаар хувиа хичээн нүдээ аниад өнгөрөх эрх агуу их Монгол Үндэстэний эс ширхэг болон төрсөн бидэнд байсангүй. Учир иймээс Монгол Үндэстэний ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө Монголын Үндэстний үзэлтнүүд Гал Үндэстэн холбооны тэмцэлд нэгдэж байна. Монголчуудаа газар нутгийнхаа төлөө, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэцгээе. Монголчуудаа эх орондоо эзэн нь байцгаая, газар нутагтаа эзэн нь байцгаая, эрх чөлөөндөө эзэн нь байцгаая!
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com