МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН АСУУДАЛ

Энэ үгийг Үндэсний хувьсгалын 102 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд зориулан бэлтгэсэн юм.
1900-1903 онуудад дэлхийн эдийн засгийн хямрал болов. Олон банк дампуурч, капиталист эдийн засаг сүйд болсон юм. Ингээд үйлдвэр барих, зээл олгох нэрээр капитал гадагшилж капитализм империалист шатандаа орсон юм. Өмнө нь колонитой байсан Англи, Франц, Итали шинээр гарч ирсэн АНУ, Герман, Орос, Японтой зөрчилдөж, улмаар колонийн системийг эсэргүүцсэн дэлхийн хувьсгалын эрин үе эхэлсэн юм.

Хамгийн түрүүнд Азийн ард түмэн сэргэж эхлэв. Ази тивийн хамгийн анхны хувьсгалыг Ираны зоригт ард түмэн хийсэн юм. Улмаар 1908 онд македонид туркийн залуу офицерүүд младотуркийн гэсэн хувьсгал гарган, Османы эзэнт гүрнийг унагаж, Турк Улсыг бий болгох их үйлсийг эхлэв. 1905 онд Манжийн эсрэг “Хятадын хувьсгалт нэгдсэн холбоо” байгуулагдаж, Тунмынхайн бослого, удаалаад 1906-1910 онуудад Хятадын тариачны Ихэтуаний үргэлжилсэн бослого гарч, 1911 онд Синьхайн бослого ялав.
Энэтхэгт 1905 оноос Калькутт хотод үймээн эхэлж, Үндэсний Конгресс нам бий болж, ард түмний олон жилийн тэмцэл эхлэв. Улмаар 1910-аад оноос Гандизмийн хөдөлгөөн өрнөж, байн байн бослого хөдөлгөөн гарч эхлэв. Индонезид 1900 оноос эхлэн чин зоригт эмэгтэй Раден Ажжангийн удирдлагаар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эхэлж, үргэлжилсэн хувьсгалын замд оров. Солонгост “Чхондогё” буюу “Тэнгэрлэг замын сургааль” хөдөлгөөн үүсч, 1919 онд бослого гаргаж, тусгаар тогтнолын тунхагийн хөдөлгөөн өрнөж, хувьсгалын үе эхлэв. Индонезэд 1918 онд Сарекат Исламын удирдлагын дор капитализмын эсрэг хөдөлгөөн гарав.
Энд би Европ, Ойрхи дорнодын хийгээд Дундад Азийн олон станууд, түүнчлэн бусад олон жижиг улсуудыг огт яриагүй байна.
Үүнийг дэлхий дахины түүхэнд үндэсний эрх чөлөөний хувьсгалын эрин үе гэж нэрлэдэг юм. Дэлхий дахин, нэн ялангуяа Ази тив бүхлээрээ сэргэн, хувьсгалаар оргин буцалж байсан юм. Ганцхан Монголд хувьсгал гарчихсан юм биш.
Эдгээр орнуудын түүхэн хөгжлийн өвөрмөц байдлаас шалтгаалан хувьсгалууд янз бүрийн замаар өрнөсөн нь мэдээж. Капиталист мөлжлөг, коммунист үзэл санаа, уламжлалт нийгмийн задрал зэрэг нь хувьсгал гарах суурь нөхцөл болсон юм. Өөрөөр хэлбэл дэлхий дахиныг хамарсан модернизацийн их давалгаа болсон юм. Модернизацийн анхдагч давалгаа, мөн уламжлалт нийгмийг халах хувьсгалын анхдагч давалгаа. Эдгээр үйл явц асар их тэмцэл, зөрчилтэй болсныг ХХ зуун өөрөө нотолдог.
Дорно дахины орнуудыг авч үзвэл тэнд болсон бүх хувьсгалт үйл явдлуудад дараах нийтлэг зүй тогтол байгааг хялбархан ажиглаж болно: Үүнд:
1. Үндэсний Тусгаар тогтнолоо олж авах.
2. Хаант ёсыг халж, Үндсэн хуульт байгуулал тогтоох
3. Хэвшиж тогтсон хуучин нийгмийн байгууллыг халах чиг хандлага болно.
Тухайн үеийн олон улсын болон дотоод шалтгааны улмаас нэг хувьсгалаар дээр дурдсан тулгуур асуудлаа шийдсэн улс ганц ч байхгүйг онцлон дурдаж байна. Бүгдээрээ 2-3 хувьсгал дамжиж, дэлхийн дайн болон иргэний дайн самуунаар дамжиж тусгаар тогтнолоо олж, нийгмийн хуучин байгууллыг халж чадсан. Нийгмийн хуучин байгууллыг халах шиг хамгийн чухал, хамгийн хүнд зорилт ХХ зуунд байгаагүй, цаашид ч байхгүй биз.
Гэтэл сүүлийн үеийн монголын “ардчилсан” түүхчид энэ замд гарсан алдааг буруушаан, нийгмийн дэвшлийг үгүйсгэн, түүхийг дандаа амар хялбар, дардан замаар явах ёстой мэт сурталдаж байгаа нь утгагүй бөгөөд санаатайгаар түүхийг гуйвуулж буй зорилтот үзэл суртал мөн.
1911 онд монголчууд эртэй сайндаа тусгаар тогтносон гэж үзээд энэ их үйлст тус болсон хаант Оросыг хараах болжээ. Оросууд улс төр, дипломат, мөнгө, зэр зэвсгийн тусламж үзүүлээгүй бол бид тусгаар тогтнолоо олж чадахгүй байсан нь баталгаатай үнэн юм. Гэхдээ хаант Орос дэлхийг дахин хуваахад оролцож, Монголыг нөлөөнийхөө хүрээнд авсан, түүнийг нь бусад том гүрнүүд бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрөөр хэлбэл том гүрнүүд манай тусгаар тогтнолын талаар наймаалцсан ба энэ байдал өнөө үед ч хэвээрээ байгаа.
Манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх хүсэлт, тусламж гуйсан бичигт барууны ганц ч улс хариу өгөөгүй нь үүний баттай нотолгоо болно.
Харин энэ нь манайд тун азтай туссан юм. XIX-XX зууны заагт бүрэн утгаар тусгаар тогтносон улс ганц ч байгаагүйг би мөн онцлон дурдаж байна. Тэр үеийн дэлхийг Англи, Герман, Орос, Франц, Итали, Япон зэрэг хэдхэн том улс хуваан захирч байсан юм. Энэ хэдэн том улсын тохирсноор л дэлхийн жижиг улсуудын “тусгаар тогтнол” шийдэгддэг байсан нь хэн бүхэнд тодорхой.
Гэтэл манай “ардчилсан” түүхчид Оросын нөлөөнд орвол тусгаар тогтносон биш, харин Англи, Америк, Японы нөлөөнд орвол тусгаар тогтносон гэж үзэх хачин тэнэг үзэл суртал бий болгож байна. Энэ бол шинжлэх ухаан биш юм.
Эдүгээ системт судалгаа, түүхэн гүн ухааны үүднээс нэн тодорхой дүгнэлт хийж болно. Тухайлбал:
1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо олсон буюу Манжийн дарлалаас гарсан. Энэ бол үндэсний сэргэн мандалтын эх болсон түүхэн чухал үйл явдал байсан. Гэхдээ ердөө л эхлэл байсан.
Тэр үеийн Монгол нь феодалын гэгдэх ангилалд багтах шашинт төр бүхий хаант засагтай, угсаа залгамжлах хийгээд хамжлагат ёстой, шарын шашны хэт тэлэлт болсон, эдийн засгийн суурь байхгүй буюу натурал аж ахуйтай, гадаадын капитал бүрэн ноёрхсон, нийгмийн байдал хийгээд хөгжил нь дундад эртний түвшинд, нийгмийн оюун сэтгэлгээ нь мухар сүсэгт хэт хүлэгдсэн, бүхий л талаараа үлэмж хоцрогдсон улс байсан. Ийм улс хөгжих нь битгий хэл оршин тогтнох боломжгүй байсан. Түүхэн болон шинжлэх ухааны энэ баримтыг хэн үгүйсгэж чадахгүй ба боломжгүй.
Манжийн дарлал дээр феодалын бутралыг оролцуулаад тоолбол монголчууд төр, нийгмээ өөрөө удирдалгүй 400 гаруй жил болсон байсан. Энэ нь шинэ тутам бий болсон Монгол Улсыг удирдахад өдөр болгон харагдаж байсан. Өөрөөр хэлбэл монголын “феодалууд” төр улсаа удирдах чадваргүйгээ илт тодорхой харуулсан.
Гэтэл зах зээл, машинт үйлдвэрлэл, шинэ үзэл санаа бүхий цоо шинэ цаг үе буюу цоо шинэ ХХ зуун түрэн ирж байсан. Ингээд нийгмийн хувьсгал зайлшгүй хэрэгтэй болсон юм. Бусад бүх улсууд ХХ зуунд нийгмийн хувьсгал хийсэн, харин “феодалын байгуулалдаа” байгаад байвал зөв байсан гэж өнөөдөр гиюүрэн санааширдаг улс Монголоос өөр байхгүй. Гадаад дотоод олон шалтгааны улмаас Монгол Улс 1919 онд буюу тусгаар тогтноод ердөө л 7 жилийн дараа тусгаар тогтнолоо Хятадад алдсан.
Ингээд монголчууд бид 1921 онд Ардын хувьсгал хийж алдагдсан тусгаар тогтнолоо сэргээж, 1924 онд Бүгд Найрамдах засгаа анх удаагаа тунхагласан юм. Энэ бол хамжлагын харилцааг халж, ТУСГААР ТОГТНОЛОО тунхагласан Ази дахь Үндсэн Хуульт, ардчилсан, АНХДАГЧ төрийн нэг мөнөөсөө мөн.
1921 оны Ардын хувьсгал 1911 онд эхэлсэн үндэсний сэргэн мандалтын эхлэлийг нэр төртэй үргэлжлүүлж, Монгол орон, монгол үндэстнийг нийгмийн дэвшилд хүргэсэн АГУУ ИХ ХУВЬСГАЛ байсан юм.
Энэ бүх дэвшилд хөгжил Зөвлөлт Холбоот Улсын тусламж, ивээл дор болсон. Зөвлөлтөөр дамжин бид социалист орнууд гэхчлэн бүх дэлхийтэй танилцсан. Хамгийн гол нь тусгаар тогтнолоо хамгаалан бататгаж чадсан. Тэдний үзүүлсэн европ гаралтай улс төр, эдийн засаг, соёл боловсролын ач тусыг одоо болтол хүртэж байж харааж зүхэх нь утгагүй хэрэг.
Социализмын гэх хугацаанд бид орчин үеийн бат бэх эдийн засгийн суурь, мэргэжлийн боловсон хүчин бүхий бүхэл бүтэн давхаргууд, соёл боловсрол, урлаг, утга зохиол, спорт, шинжлэх ухааны бүх салбар бүхий нийгмийн давхаргатай нийгмийн цогцолбор системийг бий болгосон. Үүний ачаар бид олон зууны, магадгүй мянганы хоцрогдлоос гарч чадсан бөгөөд энэ агуу үйл явцыг нийгмийн дэвшил гэдэг юм. Энэ суурь үндэс дээр монголчууд бид одоо болтол тарвалзаж байна.
1921-1940 оны хооронд бид хуучин нийгмийг эвдэн шинэ нийгмийн үндсийг тавьж, 1960-1980 оны сүүл хүртэл шинэ нийгмийг бүтээн байгуулах нөр их үйлс бүтээсэн юм. Нийгмийн энэ байгуулал шинэ цаг үетэй нийцэхгүй болсон тул 1990 оны хувьсгалт үйл явдал болсон юм. 1990 онд ч гэсэн бид эртэй сайндаа хувьсгал хийсэн гэвэл их эндүүрэл болно. Яагаад гэвэл дэлхийн олон оронд тийм үйл явдал болсон ба түүний үр дүн ба хандлага одоо болтол тодорхойгүй байгаа.
Энэ бүх үеүд Монгол Улс, монгол үндэстний сэргэн мандалтын эргэлтийн үеүд юм. Эдгээр нь хоорондоо ихээхэн зөрчилтэй боловч нэгдэлтэй, бие биенээсээ урган гарсан түүхэн үйл явцууд юм. Гэтэл эдгээрийг зөрчилдүүлэн нэг үеийг нь дөвийлгэхийн тулд нөгөөг нь үгүйсгэх бол монгол үндэсний эсрэг хийж буй гэмт хэрэг мөн.
Сүүлийн үед “ардчилсан” түүхчид хийгээд үзэл сурталчид түүхийг гуйвуулах, тархи угаах загалмайтны аян дайн хийгээд удаж байна. Тэд Монгол Улс 1911 онд тусгаар тогтносон, 1921 онд тусгаар тогтнолоо алдсан, 1990 онд дахин тусгаар тогтносон мэтээр хачин тэнэг, хачин утгагүй суртал нэвтрүүлэг явуулж байна.
1921 оны Ардын Үндэсний Хувьсгалыг үгүйсгэж байгаа хүмүүс Монголын нийгэм феодалын байгуулалдаа, хамжлагат ёстойгоо, угсаа залгамжлах ёстойгоо, 941 сүм хийдтэйгээ, эрчүүдийн тал шахам нь лам хэвээрээ, бүгдээрээ шахам бичиг үсэггүй, өвчин зовлондоо баригдсан, эдийн засагт нь гадаадын капитал хуваарьгүй ноёрхсон, орчин үеийн машинт үйлдвэрлэлгүй, уламжлалт хуучин нийгмийн зохион байгуулалттайгаа байсан нь хамгийн зөв гэж үзэж байгаагаа ил тод хэлэх хэрэгтэй л дээ. Зөвлөлт маягийн социалист нийгэм бол орчин үеийн модерн хийгээд постиндустриаль нийгмийн нэг өвөрмөц хэлбэр гэдгийг дэлхийн олонхи эрдэмтэд хүлээн зөвшөөрдгийг дашрамд дурдаж байна.
XXI зуун гарчихаад байхад монголын “ардчилсан түүхчид” XX зууны туршид “феодалын байгууллыг” хэвээр хадгалан үлдэх нь зөв гэсэн үндэслэл гарган ирж шившиг болж байна. Сүүлдээ бүр 1911 оны хувьсгал нь АН-ынх, 1921 оны хувьсгал нь МАН-ынх гэж “хуваадаг” болж, ард түмнээ хагаралдуулж байна. Ийм тэнэг үйлдлийг Монголын түүх болон ирээдүй зөвшөөрөхгүй.
1911 оны үндэсний үзэлтнүүд ч, 1921 оны ардын хувьсгалчид ч цаг үеийн эрхээр өөр хоорондоо зөрчилдөж, тэр нь заримдаа эмгэнэлт үр дагаварт хүргэдэг байсан. Ийм явдал аль ч улсад тохиолддог. Өнөө үеийн бидний үүрэг бол үүнээс түүхэн ухаарал авах ёстой болохоос түүхийн шүүгч хийх эрх бидэнд байхгүй.
Монголчууд 1911 оны Үндэсний хувьсгалаа, үндэсний үзэлт эх орончдоо хүндэтгэдэг, хайрладаг, гэхдээ 1921 оны Тусгаар Тогтнол, нийгмийн дэвшлээ түүнээс дутахгүй хүндэтгэн хайрладаг.
Яагаад гэвэл 1921 оноос Монгол Улс алдсан тусгаар тогтнолоо олж, тусгаар тогтнолоо хамгаалж, тусгаар тогтнолоо бататгаж, нийгмийн асар их дэвшил хийж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж улс шиг улс болж чадсан юм. Монголын шинэ нийгмийн жинхэнэ бүтээн байгуулалт үнэн хэрэг дээрээ 1950-1980-аад онуудад болсон түүхэн баримтыг хэн үгүйсгэж чадахгүй.
Хэрэв “ардчилсан түүхчид” 1921 оныг үгүйсгэвэл 1990 оныг үгүйсгэх хэн нэгэн гарч ирнэ гэдэг эргэлзэх зүйлгүй. Яагаад гэвэл ардчилсан бүтээн байгуулалт социалист бүтээн байгуулалтаас хамаагүй илүү гэдгийг нүдэнд харагдтал, хүн үнэмштэл харуулж чадахгүй бол энэ сэдэв ямагт нээлттэй хэвээрээ байна.
Социализмын үед өмнөх иргэншлээ үгүйсгэх үүднээс 1911 оныг муулдаг байсан, одоо бол социализмыг муучлах үүднээс 1921 оныг муучилж байна. Энэ хоёр хандлагын аль аль нь буруу бөгөөд нэг нь хэт коммунист, нөгөө нь хэт либерал үзэл суртал юм. Хоёулаа гадаад үзэл суртал болох нь хэн бүхэнд ойлгомжтой.
1921 оны Ардын хувьсгал ба социалист бүтээн байгуулалт нь түүхээ мартсан одоогийн МАН болон МАХН-д огт хамаагүй юм. Түүнчлэн 1911 оны Үндэсний хувьсгал нь хэт либерал АН-д огт хүртээлгүй. Та нар ард түмнийг бага шиг үймүүл, улс төрийн үзэл суртлаа өөр газар очиж хий. Харин монголчууд бидэнд үндэсний үзэл санаа, монголын үнэн түүх хэрэгтэй.
Ардчиллыг хорь гаруй жил хөгжүүлчихээд социализмаас илүү гаргаж чадахгүй “ухаалаг төртэй” болъё гээд зогсож байгаа бол ардчиллыг буруу хийсэн нь нэн тодорхой байна. Харсаар байтал манайд шал буруу ардчилал байна. Яагаад гэвэл шинэ зүйл нь хуучнаасаа ямагт илүү байж прогресс болох ёстой атал манайд улам дордож регресс болж байна…
Түүхийн нэлээд урт хэрчимд системийн түвшинд аваад үзвэл ивээн тэтгэгч систем нурсан буюу халагдсан тохиолдолд Монголд хувьсгалууд гардаг зүй тогтол илт харагдаж байна. Тухайлбал, Манж Чин гүрэн нурж, Хятадад бүгд найрамдах засаг тунхагласан завсрын үед манай 1911 оны Үндэсний хувьсгал ялсан, дараа нь Хаант засаг унаж, Зөвлөлт засаг тогтсон шинэ үед 1921 оны Ардын хувьсгал ялж Ардын засаг тогтсон, дараа нь социалист систем нурж, ЗХУ задарсан 1990 онд Ардчилсан хувьсгал гарсан. Энэ чинь зүй тогтол биш юм уу ?!
Яагаад хэн ч үүнийг сонирхохгүй, яагаад хэн ч судлахгүй, яагаад хамгийн адгийн улс төрийн үзэл суртал хийгээд байгаа юм, яагаад ард түмний тархийг угааж үймүүлээд байгаа юм, яагаад шинжлэх ухааны үнэнээс зугтаад байгаа юм ?!
Монголын тусгаар тогтнолын асуудлыг адгийн доод түвшинд ярих хэлэлцэх боломж байхгүй. Хэрэв яривал зөвхөн системийн онол, арга зүйн түвшинд ярих боломжтой. Миний мэдэж байгаагаар өнөөдөр манай тусгаар тогтнол үлэмж эргэлзээтэй болчихсон байна…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 12 дугаар сарын 27.
Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах