Харин адгийн тэнэгүүд төр барьж байхад ард түмэн үймж байдаг


Агуу ухаантнууд төр барьж байхад ард түмэн амгалан байдаг. Харин адгийн тэнэгүүд төр барьж байхад ард түмэн үймж байдаг




Шанхай хотын тэргүүн баян 605 сая ам.долларын хөрөнгөтэй Жан Ронкун Нийгмийн даатгалын сангаасаа мөнгө завшсан хэргээр баривчлагджээ. Хятадын ядуус баярлаж байна гэдэг тоймгүй. Монголын тэрбумтан “Нарантуул” олон улсын худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбууг 10 тэрбум төгрөг татвараас нуун дарагдуулсан хэргээр саатуулав. Монголын ядуусын хөл нь газар хүрэхгүй баярлаж байгааг ээ. Одоо л хууль үйлчлэх нь хэмээн баясч, баячуудыг ч гэсэн хорьж шалгаж байгаа цагдаагаа барьж авч үнсэх нь холгүй хөөрнө. Хоногийн хоолгүй өлсгөлөн атлаа Сайхансамбууг хоригдоход сайн санаат хүн үмх хоолны мах бариад ирсэн юм шиг сэтгэл нь цадаад амгалан нойрсоно.

1917 оны Октьябрийн хувьсгалаар Оросын сэхээтнүүд, баячууд орох газаргүй болж эх орноосоо дүрвэж билээ. Харин Монголын хувьсгал баячуудаа буудаж алаад дуусгасан. “Бушуухан хороохгүй бол зугтаад явчихдаг юм шүү” гэж гашуун туршлага хуримтлуулсан орос ах нар нь сайтар зөвлөсний хүчинд энд нь дарж авсан түүхтэй. Гэдэс өлсгөлөн, бас дээрээс нь тархи өлсгөлөн байхын зовлон хэцүү. Ядаж л улс орон амар тайван байх нь ховор. Элдэв төрлийн гэмт хэрэг олшрохоос гадна өөрт юу ч үгүй үгээгүйчүүд баян цатгалан яваа нэгнийхээ хоолыг булаах гэж оролдох нь энүүхэнд. Нийгэмд ядуурал ихсэх тусмаа баячуудаа яллаж, тэднийг дарж авах хүсэл оргилдог байна. Идэх хоолгүй өмсөх хувцасгүй ядуус үзэл бодлоо нэгтгэж аваад хувьсгал хийчих гээд зовоох. Манай нийгэм яг өнөөдөр тийм байдалд байгаа. Ядахнаа тэднийг цуглуулж турхирдаг, түүгээрээ албан тушаал олж, цол хэргэм хүртэхийг хүсэгчид олширсон цаг.

Монголын ядуурлын түвшин хүн амын 70 хувийг хол давж гэнэ ээ. Ашгүй нэг Засгийн газарт хэлж ярих юм олдов бололтой. Ядуурлын эсрэг дайн зарлаж түүнтэй байлдаж тулалдах юм байх. Гоё үг. Гэдэс өлсгөлөн яваа хэнд ч хоол болмоор сайхан үг. Гэвч өнөөх гоё үгийг нь сонсч сонгуулиас сонгуулийн хооронд түүгээр нь хооллож явах учиртай ядуусынх нь чихэнд даанч үл хүрнэ. Тэдэнд төрийнхөө үгийг сонсч дарга нараа харах телевизор байхгүй. Бас сонин унших мөнгө байхгүй. Бүр зарим нь бичиг үсэг мэдэхгүй. Тэгэхээр одоо яах вэ. Хаа хамаагүй хог ухаж дэмий тэнэж явснаас хаа нэгтэй жагсаал цуглаанд оролцож хэд гурван төгрөг олох нь ашигтай байлгүй яана аж.

Ажаад байхад гадны байгууллагууд л манай ядуусыг тэтгээд байх юм. Христосийн шашинтнууд олон арваараа ирж тэнэмэл хүүхдүүдийг хооллож ундалж, адгийн архичдыг үнэгүй эмчилж байна. Сайн дураараа Монголд ирээд орон гэргүй хүүхдүүдэд байшин барьж, хичээл ном зааж явсан швейцарь эмэгтэй хэдхэн хоногийн өмнө тэр хүүхдүүдийнхээ төлөө амиа алдлаа. Гэтэл бид өөрсдөө юу хийж гавилаа даа. Өнгөрсөн зуны наадмаарсан. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд гадаадаас олон зочин ирнэ, улс орон гутаана гээд Бөмбөгөр, Нарантуул, Хархорин, галт тэрэгний буудал орчмын архичин, гуйлгачдыг “далд хийчихэж“ билээ. Түлээ зомгол аятай баглаж хүлээд вагонд ачаад Багахангайн архины албадан эмчилгээний газар хашсан. Тэд юу л удаа аж тэгэсхийгээд явган, нүцгэн оргож босоод буцаад ирсэн гэнэ лээ.

Өдөр ирэх тусам Монголд баячууд олшрох боллоо. Энэ бол чихэнд чимэгтэй “хорхой хүрэм” мэдээ. Баячууд олон тусмаа сайн. Тэд нийгмээ араасаа чирээд явах учиртай. Ядаж л татварт орох хэд нь өсч нийгмийн баялаг аривжина гэсэн үг. “Урагшгүй ноёнд ухаангүй албат” гэгчээр тэд маань ядуусаа өөд нь татах ухаанаа олохгүй. Үүнийг уншаад зарим нь “Бид яалаа гэж тэр муусайнуудыг тэжээх ёстой юм бэ” хэмээн уурлах биз. Тэжээх ёсгүй ч харж үзэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж чадна. Сүхбаатарын талбайд жагсч байсан ядуус Дуурийн театрын урд орших “МСS”-ийн барьж буй барилга руу дайрч барилгачин хятадуудын хоолны махыг ханцуйлж байсныг санаж байгаа биз дээ. Гэдэс өлсгөлөн, тархи өлсгөлөн хүмүүс уур нь хүрвэл энэ байтугай юм хийнэ

Тиймээс тэдгээр ядуусаа жаахан ч гэсэн аргадаж байхгүй бол горьгүй ээ. Хэрвээ тус компани хааяа ч гэсэн ядуусыг хооллочихдог байсан бол арай өөр компанийн объектыг тэд сонгох байсан биз. Барилга, дэлгүүр, ресторан гэх зэргийн бизнес эрхэлж байгаа хүмүүс бараа бүтээгдэхүүн болон орлогоосоо байнга хумслуулж байгаа. Уут сав барьсан хулгайч гаднаас нь хүрээд ирдэг юм биш. Дотор нь ажиллаж байгаа ажилчид хэд гурваар тоншдог нь бараг хууль болж. Эзэн нь үүнийг мэддэг атлаа хүлцэнгүй тонуулах. Орлогын 20 хувийг ажилчиддаа хулгайлуулж байгаагаа “хэвийн үзэгдэл” хэмээн ярих хүн ч бий. Үүнээс яаж ангижрах вэ. “Угаадсыг нь ахиухан өгөөд уяаг нь холхон тавь” гэдэг шиг цалинг нь ахиухан өгөөд бас бус зүйлээр харж үздэг бол тэгнэ гэж үү. Хатуурхах тусам хяхуу зуудаг муухай монгол зан бий шүү дээ.

Өдгөө нийслэлийн гудамжинд орц, траншейнд хэдэн мянган хүн хоноглож яваа. Тэд очих газаргүй. Гэтэл Америкт 1850-иад оны үеэс ядуусыг хоноглуулдаг газар бий болжээ. Сураг сонсвол хэдэн баячууд нийлээд анх Чикаго хотод тийм буяны газар байгуулсан гэнэ. Орой болмогц хаанаас гараад ирснийг нь мэдэхгүй өлсгөлөн ядуус хонох өрөөндөө дугаарладаг байж. Эцэстээ бүх хотод тийм газар байгуулагдаж, халуун усанд оруулдаг, эмнэлгийн үнэ төлбөргүй үзлэг ч хийдэг болсон юм байх. Тийм газар яагаад Монголд байж болохгүй гэж. “АПУ”, “Спирт бал бурам”, “МСS” гээд томоохон компаниуд нийлээд тийм газар баривал буян гэдэг тэр болно. Бас ашигт малтмалын компаниуд ч үүнийг сэдэж болох. Тэртэй тэргүй Монголын хөрсөн доорх баялгийг зөөж баяжиж байгаа юм чинь ядууст нь зориулж буяны газар байгуулаад өгвөл ядаж л уурхай руу нь дайрахаа болино шүү дээ.

Гадны оронд алдар цуутай баян тансаг хүмүүсээ хаа нэг танхайрах төдийд нийгэмд тустай ажил албадан хийлгэдэг юм билээ. Архи ууж гудамжинд агсам тавьсныг нь архины эсрэг нэвтрүүлэг хийлгэх, ухуулах хуудас тараалгах гэх мэтээр эвтэйхэн шоглоод авна. Тэгвэл манайд татвараас орлогоо нуусан, хууль бусаар газар авсан, тендер будлиулсан компаниудыг ядууст өглөг тараах шийтгэл ногдуулж болохгүй гэж үү. За тэгээд даатгалын газруудыг дампууруулах гэж шахаад байгаа шарын шашны сүм хийдүүд ч ядууст гараа сунгаж яагаад болдоггүй билээ. Хүмүүс амь нас, эд хөрөнгөө даатгалын компанид биш Гандан, Дашчойлин, Гэсэр сүмд даатгаж байгаа нь үнэн. Хэдэн жилийн өмнө даатгалын компанид зөвлөхөөр ирсэн ноён Адомс гуай “Монголчууд даатгалын үүдэнд биш ламын үүдэнд дугаарлаж байна.

Манай оронд шинэ машин, шинэ байр авсан хүмүүс юун түрүүнд даатгалын компанийг зорьдог бол танайхан лам авчирч будаа цацуулах юм“ гээд толгой сэгсэрч билээ. Загалмайтнууд ядуус болон бусдад өглөг өгч байж сая буян гэж үздэг бол шарын шашинд мяндагтнууддаа ядуус нь өглөг өгч байж буян болж байх жишээтэй. Христосийн шашин сүсэгтнээ өөрөө хайж дэлхийгээр тэнэж байж олж авч байна. Гэтэл буддын шашныг сүсэгтнүүд нь өөрсдөө бэдэрч олоод тахин шүтэж байх юм. Менежмент нь ийм өөр. Энэ хоёр шашин үүсэхдээ ч огт өөр байдалд бий болсон ажээ.
“Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” энэ уриатай лам, хуврагууд нэг өдрийн өргөлийн орлогоо ядуусын хоолонд зориулахад болохгүй юу байна.

Эцэст нь хэлэхэд “Агуу ухаантнууд төр барьж байхад ард түмэн амгалан байдаг. Харин адгийн тэнэгүүд төр барьж байхад ард түмэн үймж байдаг” гэж Хятадын гүн ухаантны үг бий. Үнэхээр агуу ухаантнууд төр барьж байгаа бол ядуу доордсоо тэтгэж нийгэм амгалан байхсан. Гэхдээ төр гэдэг хамгийн муу менежер. Тиймээс ухаан сэргэлэн өнгөтэй өөдтэй, өөдөлж дэвшиж яваа баячууддаа найдахаас өөр аргагүй. Ядуусаа өөд нь татвал ядарсан цагт аминд орж мэднэ. Ядуусаа өөд татахгүй бол ядраад ирэхээрээ аминд чинь хүрч мэднэ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах