Манай монголчууд ын хувьд казахууд хамгийн сайн мэддэг үндэстэн хэрнээ бас сайн мэддэггүй үндэстэн байсаар өдий хүрлээ. Монголчууд ын хувьд бол Төв Азийн томоохон үндэстний нэг, эсвэл Баян -Өлгий аймагт оршин суудаг монголын үндэсний цөөнх. Тэднийг ихэнхдээ лалын шашин шүтдэг, монгол үндэстэн тэй ямар ч холбоогүй тэс өөр гаралтай харь элгийн хүмүүс мэт ойлгон хүлээн авдаг нь нууц биш. Гэтэл үнэндээ тийм биш аж. Казахууд лалын шашинтай ч царай зүсний /арьстан/ хувьд баруун өмнөд сибирийн Тураны бүлэгт хамаардаг, ер нь монголжуу төрхтэй төв Азийн нүүдэлчдийн нэг. Тэд нэгэн цагт одооных шиг лалын шашинтай бус бөө мөргөлтэй байж, мөнх хөх тэнгэрээ шүтдэг байжээ. Казахууд нэгэн дээвэр дор нэгдэн анхны төр улсаа 1460-аад онуудад байгуулсан бөгөөд энэ үеэс түүхийн хуудаснаа анх казах гэдэг нэр дуулдах болсон байна. Төр улсыг байгуулагчид нь Чингис хааны ач Батын шууд удмын хаад байж түүнээс хойших хаад тэдний удмаас сонгогдох болсон ажээ. Товчхондоо тэд цөм Чингисийн алтан ургийн хаадууд байсан тул Чингис хааныг казахууд өөрийн хаанаа гэж үзсээр өдий хүрсэн билээ. Чингис хаан тэдний хувьд хэзээ ч харь хүн байгаагүй. Үүнийг бичиглэгч би вээрийн нуршихын учир юу гэвэл нийт казах үндэстэн тэр тусмаа монголд оршин суудаг цөөн тооны хэрэйд овгийн казахууд монголчуудын хувьд шууд угсааны мах цусны тасархай биш юмаа гэхэд түүхийн асар олон шижмээрээ холбогдсон тун ойрын хөрш хамаатан гэдгийг зориуд хэлэх гэснийх болой.
Хоёр зуун дамжсан дайн
Казахын хаант улс байгуулагдсанаас хойш даруй 200 жилийн дараа 1635 онд Монголын баруун хэсэгт ойрдууд нэгдэж нэгэн улс байгуулагдан хүчирхэгжиж эхэлсэн нь түүхийн хуудаснаа Зүүнгарын хаант улс гэж нэрлэгдэх болсон байна. Чухам энэ Зүүнгар улс нь казах, монгол хэмээх хөрш ойрын харилцаатай үндэстнүүдийг үүрд өөр хоёр үндэстэн болгон холдуулсан гашуун түүх бий. Төв Азийн бүх улсуудаас Зүүнгар улс л анхлан их буу, тэсрэх бөмбөг оньстой болж үүндээ урамшиж эрдсэн тэд хөршдөө өнгөлзөх болж улмаар анхны томоохон дайнаа уйгар улстай дайн хийж эзэлж авсан байна. Гэвч үүндээ сэтгэл ханамжгүй, баруунтаа орших найрсаг хөрш казахуудад хүртэл довтлох болж энэ нь яваандаа хүрээгээ тэлж хоёр талыг бүхэлдээ хамаарч 200 жил үргэлжилсэн түүхтэй билээ.
Ойрдуудын зогсоо зайгүй довтолж байсан энэ үе казахуудын хамгийн хүнд, эмгэнэлтэй үе мөн. 200 жилийн довтолгоонд нийтдээ хоёр сая гаруй казахууд амь насаа алдсан түүхийн гашуун баримт байдаг. Төв Азийг нэг хэсэгтээ чичрүүлж байсан Зүүнгар улс, түүний их хаан Галдан тийм ч амархан манжид дийлдэхгүй байх байсан. Тухайн үедээ манж нараас дутахааргүй зэвсэг техниктэй байсан ч Галдан бошигт нэг бол угсаа нэгт халхтай, нэг бол хөрш казахтай байлдсаар байгаад туйлдсан түүхтэй. Манжид эзлэгдсэний гол шалтгаан нь энэ байсан. Ийнхүү дайтагч хоёр улсыг нэг л тавилан угтсан боловч цаашдын тавилан бүр ээдрээтэй болж иржээ. Нэг нь төр улсын хувьд устсан бол нөгөөх нь томоохон үндэстний хувьд бараг устсан байдаг аж. Казахууд бүрэн устахын даваан дээр мөнх тэнгэрийн ивээлээр ахин төр улсаа сэргээж чадсан бол нөгөөх нь бол үгүй аж. Тухайн үедээ нэг сая гаруй хүнтэй байсан баруун монголчууд одоо ердөө монголын нэг ястнууд болжээ. Одоогийн Шинжаанд буй 140 гаруй мянган ойрдууд /ихэнх нь торгууд ястан/, мөн Увс, Ховд аймагт буй 200 мянга хүрэхтэй үгүйтэй баруун монголчууд, бас төв Халхад ирж суурьшсан мөн төдий тооны ойрдууд байгаа гэвэл нийтдээ 500 мянга шахам ойрдууд л үлджээ. Казахууд мөн адил асар их хохирчээ. Зүүнгарын довтолгооны үед хоёр сая илүү казах амь үрэгдсэн байна. Казах үндэстэн түүхэндээ хоёр удаа үй олноороо үрэгдэж байсны нэг дэх энэ байлаа.
Казахын төр улс түүхэндээ хэзээ ч бусдын нутаг руу халдаж байгаагүй бөгөөд эсрэгээр гаднын түрэмгийлэгчидтэй үргэлж тэмцсээр ирсэн байдаг. Бүхэл бүтэн энэ түүхийн туршид нэг л удаа “журамгүй” загнасан нь Ижил мөрнөөс буцаж Зүүнгар тийш нүүсэн торгуудын 200 мянган хүнтэй их нүүдлийг хүйс тэмтэрч ердөө дөчөөдхөн мянган хүнийг амьд үлдээсэн нь тэр их өшөө хорслын тайлал байсан биз ээ.
Монголын казахын гарал үүсэл
Монгол нутагт амьдарч буй цөөн тооны казахууд бараг бүгдээрээ шахам нэг л овог болох Хэрэйд овгийнх байдаг. Хэрэйд овог гэхээр түрүүн цухас дурдсан казах ба монголын гарал үүслийг холбох шижим гарч ирдэг. Монголд буй казах түмэн Чингисийн үе дэх Хэрэйд аймгаас шууд гаралтай байдаг ч зарим түүхчид үүнийг эрс үгүйсгэж тэр үеийн Хэрэйд аймаг одоогийн казах үндэстэн доторх керей /хэрэйд/ аймаг биш мэтээр маргадаг нь үнэндээ төөрөгдөл юм. Тэгвэл керей овог биш байлаа гэхэд бүр керейт /хэрэйд/ гэсэн өөр нэг овог казах дотор бас бий. Дээрх керей ба керейт гэсэн хоёр овог нэг байсныг казахын эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Тэгэхээр Монголын казахын үндсэн овог болох керей /хэрэйд/ овог нь Чингисийн үеийн хэрэйд овог аймаг мөн байсан гэвэл казах, монгол үндэстнүүд эрт дээр үеэс гарал үүслийн хувьд ихээхэн ойр байжээ гэж үзэх үндэслэл байна. Нууц товчоонд нэр нь гардаг олхонууд, жалайрд, хонгирад, мэргид, хэрэйд, найман овгууд бүгд одоогийн казах үндэстний бүрэлдэхүүнд бий. Тэр ч байтугай дээрх аймгууд одоогийн узбек дотор ч байдаг ба төв Азийн бусад түрэг гаралтай зарим үндэстнүүд дотор нэр нь тааралдаж байх жишээтэй. Казах үндэстнийг гагцхүү одоогийн Казахстаны нутагт амьдарч байсан кипчакаар төсөөлдөг нь огт буруу юм. Кипчак бол казахын олон аймгийн зөвхөн нэг нь.
Эхэлж эдийн засаг, дараа нь улс төр
Манайхан хол ойроос туршлага судалж жишээ татах дуртай улс. Америк, Япон, Герман гээд туршлага судлах улс орон ер мундахгүй олон бий. Гэвч тэд нэгэнт гараанаас аль эрт гарч хөгжчихсөн орнууд. Бидэнд заримдаа нэг гараанаас зэрэг гарсан орны туршлага хэрэгтэй юм шиг. Биднийг хол ойрын туршлага судалж, 15 жил тасралтгүй улс төр ярьж хийж байх хойгуур тэдний эрхийг нь ямар хүлээж байх биш, нэгэнт гараандаа гарчээ. Энэ бол холын биш ойрын хөрш Казахстан юм. Манай улс төрийн хүрээнийхэн болохоор дарангуйлагч маягийн системтэй гээд гоочлоод байдаг Назарбаевын удирддаг улс мөн л дөө. Эхэндээ эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь мэдээж нефть байсан боловч дан ганц нефть дээр тулгуурласан явцуу эдийн засагтай байхаас татгалзаж, бүх салбарт бүтээн байгуулалт өрнөх болжээ. Үр дүнд нь тус улс нийт эдийн засгийн хэмжээгээрээ Төв Ази дахь бусад дөрвөн улсын эдийн засгийг нийлүүлснээс ч илүү эдийн засагтай болж, гадаад өрөө бүрэн барагдуулж, цаашид зээл авах биш, зээл өгөх орны хэмжээнд хүрчээ. Нэгэн үе ижил гараанаас гарч байсан Төв Азийн дөрвөн орондоо зээл олгох хэмжээний юм ярих болсон нь үнэхээр том амжит мөн. Хэдхэн жилийн дотор улсынхаа нийслэлийг шилжүүлж социалист маягийн хэвшмэл хөлдүү дизайнтай хотыг цоо шинэ орчин үеийн хот болгон өөрчилж чаджээ. Арван жилийн өмнөх нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ ердөө 700 ам.доллар байсан бол одоо 3500 ам.доллараас давах болжээ.
Монголын казах нүүх үү, үлдэх үү?
Казахстан улс 1991 онд ЗХУ-аас салж, тусгаар тогтносон улс эхлэн дайн дэлхийн 30 гаруй оронд тархсан зургаан сая орчим казахыг түүхэн эх орондоо буцаан цуглуулах, нэгтгэх бодлого баримтлах болсон нь Монгол дахь казахуудыг тойроогүй. Чухам эндээс их нүүдэл эхэлсэн түүхтэй. Сүүлийн үеийн баримтаар дэлхийд нийтдээ 15 сая орчим казах байдгаас дөрвөн сая нь төрөлх Казахстанд, бусад нь өөр улс оронд амьдарч байна. Тоталитор дэглэмийн үед атар газар эзэмших, бас бус зорилгоор суурьшуулсан орос, украйн, герман, беларусь гэх мэт төрөл бүрийн олон үндэстнүүдийн асар их давалгааны улмаас казахуудын эзлэх хувь нь багассан байна. Чухам иймээс л шинэ тулгар байгуулагдсан Казахстан өөрийн төрөлх үндэстэн казахуудаа цуглуулж, нэг дээвэр дор нэгтгэх бодлогоо хүчтэй явуулах болсон байна. Дээр нь дэлхийд есдүгээр байрт орох асар уудам газар нутгаа жинхэнэ ёсоор эзэн болохын хувьд казахуудаа түшиглэхээс өөр аргагүй билээ. Үр дүнд нэг хэсэгтээ үндэсний цөөнх болж 40 хувьтай байсан казахууд өдгөө 58 хувийг эзэлж голлох үндэстэн болсон байна. Ийнхүү дэлхийн 30 гаруй оронд тархсан үндэстэн нэгтнээ цуглуулж нэгтгэж эхэлсэн бөгөөд тэр их нүүдлийн нэгээхэн хэсэг манай улсын Баян-Өлгий аймагт ид үргэлжилсээр байна. Ардчилсан хувьсгал өрнөхөөс өмнөх 1980-аад оны сүүлчээр Монголд нийтдээ 150 мянга гаруй казах үндэстэн байснаас 60-70 мянга нь Казахстанд нүүж суурьшсан гэх мэдээ бий. Монголд өдгөө 150 мянга гаруй казах байдаг бололтой. Үүнээс 90 шахам мянга нь Баян-Өлгий аймагт амьдардаг. Тэдний олонхи нь Хэрэйд овгийн гэдгийг дээр хэлсэн. Ингэхээр монголын казахууд бусад казахуудыг бодвол Монголд илүү ойр байх өөр нэг шалтгаан байдаг нь тэд Чингисийн үе дэх Хэрэйд аймагт шууд удам угсааны казах байдгийнх.
Нэг үндэстэн дөрвөн улсад хуваагдсан нь
Казах үндэстэн бол өсч идээшсэн нутагтаа хамгийн их хуваагдсан үндэстэн билээ. Алтай хэмээх их уулсыг өдгөө дөрвөн өөр улс хуваан эзэмшдэг аж. Энэхүү хөх түрэгийн үеэс эхлээд казахын нарын овог, Хэрэйд овог нутаглаж ирсэн их улсын дөрвөн хуваагдсан хэсэг бүрт цөм казахууд амьдарсаар өдгөө хүрчээ. Алтай Таван богд орчмын Монгол ба Хятад улсын аль алинд тус тусдаа харьяалагддаг хэсэгхэн газарт амьдардаг цөөн тооны Тува үндэстнийг эс тооцвол шүү. Монголд ирээд удаж буй казах үндэстнийг оруулахгүй бол Алтайн уулын Орос, Хятад, Казахстанд харьяалагддаг хэсэгт казахууд үеийн үед амьдарсаар ирсэн байна. Гэвч тухайн үеийн их гүрнүүд болох Орос, Хятад улсуудын хүчээр тогтоосон хилээс болж Монгол Улс Казахстан хэмээх гуравдагч хөрштэй байх хувь дутсан байх юм. Хүчтэний өмнө сул дорой нь үргэлж буруутдаг хойно. Ер нь нэг газар орон зайд амьдарч байсан үндэстэн илүү ч үгүй дутуу, үгүй дөрвөн улсад хуваагдан харьяалагдах болсон практик дэлхийд ховор байдаг билээ.
Өнгөрсөн зуунд жижиг үндэстний газар нутгийг улайн цайм дээрэмдэх явдал гаарч байснаас гадна тэдний газар нутгийг дур мэдэн бусдадаа “бэлэглэх” явдал ч моодонд орсон үе байж. Ийм газар нутгийг бусдын өмнөөс дур мэдэн бэлэглэх явдал Брежневийн үе хүртэл үргэлжилсээр үр дүнд Казахстан улс өөрийн түүхэн газар нутгийнхаа 1/3 хувийг алджээ. Мэдээж хамгийн их газар нутгаа Орос, Хятадад алдсан бөгөөд Төв Азийн бусад орнуудад бусдын хүч түрэмгийлсэн шийдвэрийн дагуу зүгээр л “шилжүүлээд өгчихсөн” байх юм. Одоо казахын эрх баригчид бусдад алдсан нутгаа эргүүлж авах биш одоо байгаа газар нутагтаа жинхэнэ ёсоор эзэн байхыг чухалчилж буй нь илт байна. Учир нь Казахстан байтугай Япон хүртэл Орост алдсан курилын алга дарам газрыг эргүүлж авч чадахгүй байгаа нь нэгийг хэлнэ биз ээ
2 Сэтгэгдэл:
Sain baina uu!
Thank you for this article! But I don't know Mongolian and I couldn't translate it on web.
I'm KEREIT,(not muslim or other abrahamic worshipper) So I thougt that we have to return our roots and rise up our identity.
WE ARE THE MONGOL ULS!...
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com