Монгол ёс заншлаа дээдлэхүй -

Монголчууд бид аж төрөх, айл гэрийн ёсны баялаг уламжлалтай. Хүүхдийн нэр өгөх, хүүхдийн угаалгын зан үйл, хүүхдийн даахь үргээх, удам залгуулах ухаан, найрын дэг ёс, шинэ гэрийн найр, хуримлах, насны ой тэмдэглэх, төл авахуулах, мал хөнгөлөх, ноос савах, эсгий хийх, ан агнуур зэрэг аж төрөх болоод айл гэрийн зан үйлийн гайхамшигтай ёс дэгтэй ард түмэн бид билээ.
Орчин үед дээрх биет бус соёлын өвүүд алдагдах, мартагдах нь олонтаа болж, уламжлалт зан үйлүүдийг гажуудуулах тохиолдол гарах болсон.

Эхний удаад бид хүний харилцааны анхны хэлбэр болох Мэндлэх ёсны талаар танилцуулж байна. Мөн Удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байгаа учир бид найрын дэг ёсыг та бүхэндээ хүргэж байгаа юм.
Доорх мэдээллийн эх сурвалжаар бид “Монголын үндэсний биет бус соёлын өв” номыг сонголоо. Тус номыг Байгаль соёлын өвийг хамгаалах сан, Монгол Улсын соёл, урлагийн хороо хамтран өнгөрсөн жил гаргасан юм. Уг номын ерөнхий редактороор доктор, профессор Н.Уртнасан гуай ажиллажээ.
МЭНДЛЭХ ЁСОН
Монголчуудын мэндлэх, хүндлэх ёс арвин баялаг уламжлалтай байдаг. Гаднаас ирсэн хүн гэрийн гадаа ирж, мориноосоо буухын өмнө:
- Нохой хорио! гэхэд нэгэн хүн нохой хорьж өгнө. Тэгэхэд нь унаанаасаа бууж, морио уяад (тушаад) зочин хэт хутгаа буулган гэрт орж:
- Сайн байцгаана уу? (хоёроос дээш хүн байвал) сайн байна уу та (ганц хүн байвал) гэж мэндэлнэ. Хэт хутгаа ийнхүү буулгадаг нь муу санаа өвөрлөж ирээгүй, аюулгүй гэдгийн тэмдэг болдог юм.
Гэрийн эзэн:
- Дээшээ сууна уу (морил) гэж зочныг хүндлэн суулгасны дараа тухайн үеийн байдлаас хамааран зочин:
- Сайн зусаж (намаржиж, өвөлжиж, хаваржиж) байн уу гэж мэндчилнэ. Гэрийн эзэд:
- Сайхаан, сайхан зусаж (намаржиж, өвөлжиж, хаваржиж) байнауу? гэж хариу мэндчилэн, хэрэг зориг хаа хүрнэ, хэт нутаг хаана билээ? гэх зэргээр байдлыг мэдэхээс гадна, цай идээ барьж хундэтгэн зочилно.
Хэрэв чанасан цай, хоол болж байхад зочин ирж тохиовол бэлгэ дэмбэрэлтэй явна гэж үздэг. Зочин хэрэг зориг, хэт нутгийнхаа талаар ярьж, улмаар нэр алдраа мэдэлцэж, хөөрөг, гаанс зөрүүлэн нутаг орны газрын гарц байдал, малын тэвээрэг, нүүдэл суудлын талаар ярилцдаг. Хэрэв зочин хол газраас яваа бол цай хоолоор дайлж, өнжиж, хоноод явах боломжийг гэрийн эзэд болгоодог заншилтай.
Хэрэв өмнө нь таньдаг хүнтэй ойрд уулзаагүй бол мөн дээрхийн адил мэндэлнэ. Зочин:
- Сонин сайхан юутай байна? гээд ажил, ахуйн холбоотой зүйлийг ярьцгаана. Дүү насны хүн ахмад хүнтэй эхлэн мэндчилж амрыг эрдэг ёстой. Малын бэлчээрт, эсвэл замд тааралдсан хүнтэй бол зөв талаараа зөрөх маягтай болж мэндчилнэ. Хэрэв яараагүй бол мориноосоо бууцгаан газар сууж мэндээ солилцохын хамт хөөрөг, ганс зөрүүлэн ахуй байдал, аж амьдралынхаа талаар хөөрөлдөж, нэг ёсондоо тодорхой мэдээлэл олж аваад явцгаадаг байна. Эсгий хийх, ноос савах, унага тамгалах болоод бусад зан үйл, ёслолын үеэр холбогдох бэлгэ дэмбэрлийн үгийг харилцан хэлэлцэж, ажил үйлсэд нь гар бие оролцон туслалцана.
НАЙРЫН ДЭГ ЁС
Монголчууд баяр наадам, хурим найрыг нарийн дэг журамтай хийх талаар олон зуун жилийн арвин баялаг уламжлалтай билээ. Манай ард түмэн ямар ч найрыг нарийн зохион байгуулалттайгаар хийж найр наадмын ёс журам сайн мэдэх хүнээр найрын ахлагч сонгон түүний зөвшөөрөлгүйгээр хоорондоо ярилцах, дураар гарч, орох, суудал сольж суух зэргийг хүртэл хатуу цээрлэн ямар дуу, ерөөлийг хэдийд дуулж, ерөөх, ямар зан үйлийг хэрхэн гүйцэтгэх тэргүүтнийг тогтсон ёс журмын дагуу үйлддэг уламжлалтай.
Аливаа найр ийнхүү нарийн дэг ёстой байдаг нь зочин гийчдийн наргиан цэнгээнийг боогдуулах бус харин ч аятай таатай нөхцөл боломжийг олгож буй хэрэг юм. Мөн найр хурим дээр олонд хандаж хэлэх үгийг энгийн ярианы байдлаар бус харин уран тансаг хэллэг бүхий шүлэг ерөөлөөр хэлэлцдэг нь гоо сайхны учир холбогдолтой ажээ.
Найр хуримд гүйцэтгэх зан үйл, хэлэх ерөөл, дуулах дуу цөм тусгай дэг ёсыг дагадгийн адил зочин гийчинд идээ будаа, архи дарс барихдаа мөн тогтсон ёс журмыг баримталдаг. Зочин гийчдэд барих идээний эхний зүйл нь цай идээ, тэгээд бүхэл мах, дараа нь шаз (шөлтэй хоол) байх бөгөөд хойшид дуу, ерөөлийн завсар айраг сархадыг тусгай дэг ёсны дагуу барьдаг. Ялангуяа их найр ёслолд алив идээ ундааныг барихад тухайлсан уран шүлэг хэлдэг. Тухайлбал цай барихад:
“Цай нэртэй энэ зүйл болбоос
Идээ идээний дээж билээ
Ирэх гийчний угтуул билээ
Зоог бүгдийн манлай билээ
Зочин болгоны тосгуул билээ
Зон түмээрээ та Зооглож айлдана уу” гэдэг бол махан зоог барихад:
“Хамаг Монголын зоог болсон
Халзан цагаан хонины чинь
Хан соёрхолт толгой хийгээд
Халив сүүлтэй хавтгай ууц
Хаа гуя хавирга сүвэргэ
Хамаг бүгдээрээ цогцлоод
Хас их царай дээр чинь
Хавтай сайхан ярайж байна
Хамгаас эрхэм зочин та
Хайрлаж ам хүрч зооглоно уу” гэдэг байна. Эдгээр үг нь нийтдээ тухайн зоог идээг магтан түүнээс зооглохыг хүссэн утгатай байдаг.
Ер нь монголчуудын найр хуримын нийтлэг заншил ёсоор бол эхний гурван дугарааны архи дарсыг нийтээр уух ёстой ба үүнийг дархан хундага гэж нэрлэдэг бөгөөд түүнээс цаашхийг эрийн цээнд (25-аас дээш) хүрч өрх гэр толгойлсон хүмүүс тохируулж уухыг зөвшөөрдгөөс бус 25 нас хүрээгүй залуусыг уухыг төдийлөн таашаадаггүй байв.
Найрын үед хэлдэг ерөөлүүдийн нэг нь сөнгийн ерөөл. Энэ ерөөлийг найр эхлэн сөн нээх, найрын төгсгөлд сөн дуусах үед хоёр янз хэлдэг. Найрын эхэнд хэлэх сөнгийн ерөөлд
"Бат цагаан өргөөний нь дунд байрлуулж талбигсан
Зундаа ургасан цэцгийн үр
Журамтай талбигсан сархадын дээж
Айлчин олондоо зоог болсон
Адуу малын маань хишиг” гэх мэт магтан тэрхүү "амтат идээний их сөнгий чинь ариун цагаан хадгаар амсар юугий нь алдруулан нээж, алдар их найрыг анхлан үүсгэхийн учрыг айлтган сонордуулсан" утгатай.
Найрын зочид гийчид гэрт суудлаа эзлэн жигдэрсний дараа гэрийн эзэн зочдыг цайлан тавьсан ууцаа өөрөө хөндөн таллаж, ирсэн бүх хүмүүст хувь хүртээн дараа нь хоол барьдаг. Зочдыг ийнхүү цайлж хооллосны дараа гэрийн эзэн найрынхаа учир зорилгыг хэлээд: -"найрын ахлагчаар та бүхний сайн таньдаг, нутагтаа нэр төртэй гэж хүндлэгддэг найрын ёсыг мэддэг билиг авьяастан ... гуайг томилж болох болов уу?" гэж асуухад найранд ирсэн хүмүүс гэрийн эзний саналыг дэмжих буюу эсвэл өөр нэр дэвшүүлэн санал гаргаж олонхийн саналаар найрын ахлагчаа сонгодог. Найрын ахлагч "Хөрөнгөний эзэн болон та бүхэн намайг энэ найр дуустал найр дэглэ гэлээ. Найраа ёс журмаар нь зарчимтай сууж хүн бүр хувцас хунараа зөв өмсөн, малгайгаа тэгш тавьж, суудлаа зөв олон суугтун. Найрын дундуур тамхи татахгүй, элдэв завхай үг ярихгүй, үймээн шуугиан гаргахгүй. Хэрэв энэ ёсноос гажвал тушаан айргаар торгох болно" гэх мэтээр хэлж ярин найрын ёс журмыг нэг бүрчлэн танилцуулна.
Ингээд найрын ахлагч зүүн хоймор байраа эзлэн суухад түүний зүүн гар талаар дууч, хуурч нар, түүнээс доош эмэгтэйчүүд, хүүхдүүд, баруун хойт талаас доош эрэгтэйчүүл тус тус насны эрэмбэ дараагаар сууцгаана. Ахмад настан хойморт хүндэт зочин болж завилан суудаг ба гэрийн зүүн талд суугаа хүн баруун талын хөлөө нугалж, зүүн хөлөө босгож, гэрийн баруун талынх нь баруун хөлөө босгож, зүүн хөлөө нугалж сууна. Жирийн үед ч айлд орсон хүн ийм байдлаар суудаг ба ийнхүү үүдэн талын хөлөө босгож суудаг нь үүдээр орж ирж болзошгүй элдэв муу зүйлийг хааж буй учир утгатай ажээ.
Ингээд найрын ахлагч нэг сөнчин, хоёр аягачин томилон эхний гурван дугараа (бүх хүмүүс 3 удаа айраг уухыг хэлнэ) барья гэхэд сөнчин сөнгөө түшиж айраг аягалан, хоёр аягачин найрын даргаас эхлэн дээрээс доош нь хоёр талын суудалд суусан хүмүүст хултай айраг барина. Ингэж найрын бүх хүн гурван удаа айраг тогтоосны дараа хуурчид хуураа дуугаргаж "хөг нийллээ" гэж мэдэгдэхэд найрын дарга дуучинд хандаж найрын магнай дуу (Аврал дээд, Хуурын магнай, Түмэн эх гэх мэт) -ны нэрийг хэлж ая барья гэснээр дуулна. Ая барьсан хүн энэ дууг гурван түрлэгээр дуулж гүйцсэний дараа айраг барина. Үүний дараа бага дугараа гэж 2-3 дууг гурван түрлэгээр завсар бүрд айраг ууж дуулна. Ийнхүү дуулсны дараа дагнаа гэж их хулаар айраг барьж, айргаа ууж жигдэрсний дараа найрын ахлагч бүгдэд гадаалах зөвшөөрөл олгоно.
Гадаалсны дараа цөм гэрт орж байрандаа сууцгаахад найрын ахлагч найраа үргэлжилж буйг нийтэд анхааруулан дуучиндаа ая барих зөвшөөрөл өгөхөд тэр хоёр дууг гурван түрлэгээр дуулна. Үүнийг бага туушааны дугараа гэх бөгөөд хүн бүр жижиг хулаар гурван удаа айраг ууна. Бага туушааны дугараа жигдэрсний дараа хэсэг дуулж хуурдаж байгаад найрын ахлагч солбио дагнаа барих боллоо гэж зарлахад зүүн талынхан найрын ахлагчаас эхлэн, баруун талынхан хоёр аягачин, сөнчнөөс эхлэн дороос дээш нь, дээрээс доош нь гэх мэтээр ээлжлэн хултай айраг барьдаг байна. Ийнхүү дээд, доод талаас хултай айраг солбиулан барихад заримдаа нэг хүнд хоёр хултай айраг тохирох явдал гардаг ажээ. Солбионы дараа гадаалан хэсэг амраад гэрт дахин орцгоож найрын ахлагчийн удирдлагын дор найр ёс дүрмээрээ үргэлжлэх бөгөөд дугараа, дагнаа, солбио гэж дахин зарлахгүй харин дуулж хуурдах завсар чөлөөнд нь айраг барьж найрлаж байгаад найр өндөрлөх дөхөх үед гэрийн эзэн найрын ахлагчид "найраа үдэлье" гэж мэдэгдэхэд найрын дарга дуучинд найр жаргаах дууны ая барина уу гэж хэлэхэд
“Зээ Энх сайхан мэндийн баяраар
Эгүүнээс хойш тунгалаг

Маш бат өнө сайхнаар
Цэнгэн жаргана зээ
Зээ Нигүүлсэнгүй сайхан буяныг үйлдэхэд
Сэнсэн цагаан үүл Салхи юундаа хөөгдөж
Арилах мэт билээ зээ (Боржигон нутгийн найр жаргаах дуу "Энх мэндийн ая ")
хэмээн дуулдаг (найрын магнай болон найр жаргаах дуу нутаг нутагт өөр байдаг). Үүнийг дуулсны дараа хөрөнгөний эзэн "Сөнгий минь ерөөнө үү?" гэж хадаг айрагтай барихад ерөөлч айргаа уугаад сөнчнөөс утгуур аван хадгаа барьж байгаад найрын төгсгөлд хэлэх сөнгийн ерөөлийг:
Ураг элгэн нартайгаа
Удаан суугаад найрлахад
Улам сайхан боловч
Урьдын ёсыг эрх биш дагана
Өнждөө өнждөө гэмээр ч
Өөрсдийн чинь ажлыг бодноо
Хонодоо хонодоо гэмээр ч
Хойтох ажлыг чинь бодноо... хэмээн хэлээд "Адуу нь түм хүрч, Айраг нь далай болж, Дайраад ирэхэд далай шиг, Буцаад ирэхэд булаг шиг байх"-ыг бэлгэдэн сөнг ерөөн утгуураараа айргаа гурав самраад сөнчинд эргүүлж өгнө.
Эдгээр журам нь ямар ч найрт нийтлэг таарах бөгөөд онцлог найрыг бол өвөрмөц ёсыг тусгайлан үйлдээд бусдыг энэ горимоор явуулж болдог байна.
Тухайлбал: шинэ гэрийн найранд сөн ерөөсний дараа ерөөлчөөр гэрээ ерөөлгөдөг ёстой. Ингээд нийтийн дугараа гэж уух нэг нь айраг ууж, найрын ахлагч тушаалаас өндөрлөж найр төгсөнө. Найр жаргаах дуу ерөөл зэргийг найрчид хэзээ ч хөөж явуулж байна гэж бодох биш, харин олны зугаа цэнгэл хэтэрч, ажил төрөл цалгардахаас болгоомжилсон зүй ёсны зүйл гэж ойлгодог билээ.
Ер нь найрыг хэдийд эхлэн, хэзээ дуусгахаа товлон, дуулах дуу, хэлэх ерөөлийн тоог эртнээс тохируулдаг төдийгүй, уух айраг архины хэмжээг ч тогтоодог.
Чухамдаа ардын уламжлалт заншил ёсоор бол ямар ч найрыг товлосон цагаас хойш сунжруулдаггүй байсан төдийгүй, ялангуяа хүүхдийн найр, гэрлэх хурим зэрэг нь нар жаргахаас өмнө өндөрлөдөг уламжлалтай.

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

их баярлалаа та бүхэндээ амжилт хүсье

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах