“Та ямар нийгэмд амьдарч байна вэ?” хэмээн асуух аваас захын иргэн л “ардчилсан нийгэм” хэмээн цээжилсэн үгээ хэлэх биз. Тийм ээ, формаль шинжээр нь авч үзвэл энэ нийгмийг ардчилсан биш гэж хэн ч хэлж чадахгүй байх. Тэгвэл либертари үзлийн үүднээс авч үзвэл “Тийм ээ, энэ чинь ардчилсан нийгэм мөн байх, гэхдээ эрх чөлөөт нийгэм лав биш; Тийм ээ, ардчилсан нийгэм мөн байх, гэхдээ хууль зүйт нийгэм лав биш; Тийм ээ, ардчилсан нийгэм мөн байх, гэхдээ иргэд нь тэгш эрхтэй нийгэм лав биш” байна.
Мэдээж, одоогийн нийгэм 1990 оноос өмнөх Монголын нийгэм болоод өнөөгийн Хойд Солонгос, Хятад, Кубад тогтож буй нийгмийн тогтолцоотой харьцуулахад хамаагүй дээр нийгэм байлгүй яахав. Гэхдээ нэг л эвгүй нийгэм болоод байна. Амьдрахад эвгүй гэдгийг би бээр өдөр бүр гарч буй эрүүгийн гэмт хэрэг, зам тээврийн осол, баталгаагүй хүнс, агаарын бохирдол, эрүүлийг хамгаалах системийн завхрал зэрэгтэй
холбон ярих гээгүй. Эдгээр сөрөг үзэгдлүүд нийгмийн орчныг таагүй болгож буй феноменууд мөн үү гэвэл гарцаагүй мөн. Гэхдээ үүнээс бүр ноцтой нь, бидний амьдарч буй нийгмийн орчин улс төрчдийн олиггүй зан чанараас болж жирийн иргэдэд бүр ч эвгүй, халтай нийгэм болон хувирч байна. Энэ тухай л ярих гэсэн юм.
Бид 1990 оны ардчиллаар зүй бус нэг эрх мэдэлтнийг түүнээс ялгаагүй нөгөөгөөр сольсон юм байна. Ардчилагчид маань тэр үеийн МАХН-ын ТХ-ны Улс Төрийн Товчооны гишүүдийн эрх ямбанд атаархаж, өөрсдөө тэдний оронд очих гэсэн хүмүүс байж. “Иш хөөрхий, та нарын хүсэл мөрөөдөл, ардчилал гэж ярьж байсан эцсийн шалтгаан ердөө энэ гэж үү?” хэмээн ардчилагчдаас одоо асуумаар байна. 20 жил нэг бодоход их хугацаа, гэхдээ бас бага хугацаа. Би л лав өнөөгийн төрийн өндөрлөгт байгаа ардчилагчдын 1990-ээд онд ярьж хэлж байсан зүйлсийг өчигдрийнх юм шиг тод санаж байна. Тэр үед ярьж хэлж байсан, одоогийн байдал хоёр чинь даанч зөрүүтэй байна.
Бид өөрсдөө мэдэхгүй байгаа болохоос одоо тун эвгүй нийгэмд амьдарч байна. Хамгийн тод бөгөөд эмзэглүүлж буй жишээ бол долдугаар сарын 1-ний аллага. Жагсаал, цуглаан хийж улс төрийн эрх мэдлээ эдэллээ гээд иргэдээ буудаад алчхаж байна шүү дээ. Тэр хэрэгт холбогдох ёстой эрх мэдэлтнүүд ямар ч ял шийтгэл хүлээдэггүй юм байна. Энэ ардчилсан нийгэмд чинь хуулиас дээгүүр оршдог эрх мэдэлтэн болон эд хөрөнгөтэй хүмүүс бий болж. Ардчилал гэдэг чинь улс төрчдийн нийгэм юм байна. Энэ нийгэмд улс төрчид татвар төлөгчдөө мөлжиж амьдардаг аж. Ардчилал гэдэг чинь танил тал, хуйвалдагсад төр барьдаг нийгэм юм байна. Энэ нийгэмд нам дагасан бизнесмэнүүд бүгдийг эрхшээлдээ оруулж, хаанчилдаг. Ардчилал гэдэг бол феодал зан төрхтэй баячуудын нийгэм юм байна. Энэ нийгэм ажлаа хийгээд мөрөөрөө яваа жирийн иргэдэд халтай юм байна. Ардчилал гэдэг, эрх мэдэлтнүүд бүгд хууль ярьдаг атлаа бүгд хуулиа гууль болгодог нийгэм юм байна. Энэ нийгэмд хууль нь гэмт хэрэг хийсэн эрх мэдэлтнийг хамгаалах зэвсэг болдог юм байна. Бид үнэхээр тун аюултай, эвгүй нийгэмд амьдарч байна. Ардчилал гэдэг чинь ийм нийгэм юм бол ерөөсөө хэрэггүй нийгэм юм байна (Ардчиллын ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд ийм үг хэлж байгаадаа хүлцэл өчье, гэхдээ хэлэхгүй байж чадахгүй нь).
Хараад байхад, улс төрөөр хоол олж идэх зорилго тавигчдаас хэн нэг нь эрх мэдэлд хүрмэгц нөгөөдүүлээ бусад газар байршуулж эхэлдэг юм байна. Аалз тороо нэхэж буй нь тэр аж. Байршуулж байгаа хүмүүсийг нь хараарай, жирийн нэг академик орчинд бол жинхэнэ онигоо болох хүмүүс. Ингэж байршуулж дууссаныхаа дараа “галзуурцгааж” эхэлдэг байх л даа. Тэдний сэтгэх арга, хэл яриа, амьдралын хэв маяг, хүсэл эрмэлзэл адилхан байдаг учраас нэг нэгийгээ маш сайн ойлгодог. Бүр ярилцахгүйгээр ойлголцоно. Тэд жирийн шударга хөдөлмөрөөрөө амьдардаг хүмүүсээс тэс өөр зан суртахуун, аж төрөлтэй учраас адилхан монгол хэлээр ярьж буй атлаа ухагдахуун нь шал өөр байдаг. Өөрөөр хэлбэл, нэг хэлээр ярьдаг атлаа огт өөр долгион дээр ажиллацгаадаг аж. Ийм танил талын сүлжээт нийгэмд албан тушаалын гэмт хэргийг гэмт хэрэг гэж эс тооцох бөгөөд тэдний хэргийг илрүүлэх гэсэн оролдлого танил тал аалзнуудын торонд орооцолдоод зогсохоос өөр аргагүй болдог юм байна.
Эдний бий болгож чадах нийгэм бол танил тал, нутаг нуга гэсэн феодал маягийн иерархи, үүн дээрээ тулгуурласан протекционизм, улс төр, шүүхийн систем нь танил тал дээр тулгуурласан феодал маягийн капитализм. Нам хэмээх танил талын сүлжээг бүрдүүлэгч энэ хүмүүс амьдралын ялзарсан хэв маягаа үе залгамжлуулж байна. Тэдний хойч үе ийм нийгмийг маш таатай хүлээн авч байна. Ийм феодал маягийн зан суртахуун, сэтгэлгээ, амьдралын хэв маягтай хүмүүс бидний хүндлэн дээдэлдэг Камерон, Роарк, Майк, Жон Галт, Реардэн, Дэгги Таггарт шиг бүтээгч сэхээтэн, цахилгаанчин, капиталист, шударга иргэд болтлоо ёстой хол байна. Монголд хүмүүс даанч зөрүүтэй идеалийг мөрдлөг болгож, үнэхээрийн эсрэг тэсрэг амьдралаар амьдарч байна. Тэд болон бидний зүй ёс (justice), шударга ёс, хууль ёс, хүнлэг ёс, нийгмийн баялгийн хуваарилалтын талаарх ойлголт үнэхээр эсрэг тэсрэг ажээ.
Та үнэхээр шударга иргэн юм бол энэ нийгэм танд үнэхээр халтай. Энэ нийгэм улам ялзарч, завхарч байх шиг санагдаад байна. Ямар ч ирээдүйгүй, гэмт хэрэгтнүүд төрийнхэнтэй нягт холбогдсон, олигархиуд нийгмийн бүх салбарт ноёрхсон Дундад Ази, Африкийн нийгмүүд шиг болж байна. Иймд би өөрийн дотно харьцаатай хүмүүст хэлдэг үгийг энд хэлэхэд, үр хүүхдэдээ гадаад хэл, сайн боловсрол эзэмшүүлээд (энэ бол хөрөнгө мөнгө, эрх мэдлээс хамааралгүй өөртөө бий болгож болох зүйл) гадагш гарга. Энэ бол одоо төрийн мэдэлд буй феодлуудыг эсэргүүцэх хамгийн сайн арга. Бүр болохгүй бол Монголд буй гадны байгууллагад ажиллуул. Тэгвэл таны хүүхэд оюун санаа, ёс суртахууны хувьд эвдрэхгүй, цэвэр хэвээр үлдэнэ.
Өгүүллийн минь хамгийн эхний дэд сэдвийн гарчгийг харсан ардчиллын их мэдэгч онолчид ардчилал гэсэн терминийг эрх чөлөө, тэгш эрх гэсэн терминээс салгаж, тэр тусмаа сөргүүлэн тавьж болохгүй гэх биз. Тэгвэл эдгээр термин агуулга, багтаамжийн хувьд эрс өөр, эдгээр терминийг салгаж ойлгох хэрэгтэй гэдгийг либертари үзэлтнүүд сануулж байна. Нэг л жишээ, шууд ардчиллыг маш бодитой хэрэгжүүлж байсан эртний Грек, XVIII зууны АНУ-д гэхэд л боолчлол оршин тогтнож, эмэгтэйчүүдийг “дайвар хүйстэн” мэтээр үздэг онол, практик оршсоор байжээ. Тэгвэл либертари үзэл бүх хүнийг үнэхээр эрхийн хувьд тэгш хэмээн үзэж, эрх мэдэлтнүүдэд хамгийн сэжигч маягаар ханддаг билээ. Либертари үзэл нь эрх чөлөө, тэгш эрхийг угсаа гарвал, хөрөнгө чинээ, албан тушаал үл харгалзан хамгийн бодитой хэрэгжүүлдгээрээ ардчиллаас цааш хөгжсөн онол мөн.
“7-р сарын 1”. Монголын эрх мэдэлтнүүдийн баг хуулагдлаа
7-р сарын 1-ний аллага нь диспот, патриархи уламжлалтай, эрх мэдлийг шүтдэг Монголд ямаршуухан ардчилал оршиж буйг харуулсан билээ. Манайх шиг түүх, ёс заншил, уламжлалтай оронд хэчнээн ардчилал тогтлоо ч дарга болсон хүн хуулиас дээр оршиж, түүний “хүний эрх” ч нэмэгдэж, харин жирийн иргэн бол юу ч биш, нийгмийн эрэг шураг төдий зүйл хэвээр үлддэг байна.
7-р сарын 1-нд цагдаа нарт буудуулж нас барсан 5 хүн амины хэрэг юу болсон бэ?! Төрийн өндөрлөгүүдээс 5 хүн амины хэргийн талаар анхаарч, санаа тавьж, дуугарч, хөөцөлдөж буй хүн нэг ч алга. Ингээд дуугүй дарсаар байгаад хэл балгүй өнгөрөөх нь л дээ! “Болж өгвөл, энэ хөндүүр сэдвээр ярихгүй байцгаая, аль болох чимээгүй байвал хүмүүс гэдэг чинь мартамхай, амархан сарнидаг юм чинь мөдхөн энэ шуугиан намжчихна, тэгээд дарчихъя. Одоо шинэ жил боллоо, тэгээд цагаан сар, дараа нь эмэгтэй, эрэгтэй хүн болж төрсний баяр, залгуулаад сонгуулийн компанит ажил эхэлнэ. Сонгуулиар МАНАН дахиад гараад ирвэл болоод явчихна (бараг гараад ирэх биз, ирэхгүй ч байсан гаргаад ирнэ)! Тэгсэн цагт эд яавал гэж.” Эрх баригчид ингэж л бодож байна шүү дээ.
Эрх баригчид аа! (үнэндээ шүүх, хуулийнхан ялангуяа ерөнхий прокурорт хандах ёстой байх л даа, гэхдээ цаана нь эрх баригчид байдаг учраас та нарт хаяглаж байна), Алуурчдаа шийтгэхгүй юм уу? Бүх зүйл нь ийм тодорхой хэргийг яагаад шийдэхгүй байгаа юм бэ? Гүйцэтгэсэн, тушаал өгсөн, шийдвэр гаргасан гээд бүгд зохих шийтгэлээ хүлээх ёстой биш үү. Ор нэр төдий биш, жинхэнэ хатуу шийтгэл хүлээх ёстой. Энэ бол манай нийгэм ямар нийгэм болохыг харуулах маш ноцтой “кэйс”. Энэ хэргийг замхруулах гээд байна гэсэн хар төрөөд байна, хүний эрхтэй холбоотой ийм ноцтой хэрэг дээр та нар ингэж нэгийгээ хаацайлж өнгөрөөх юм бол та нарын эсрэг хуулийн хүрээнд тэмцэх аргагүй болж байна. Тэгэхээр хууль гэдэг чинь “нохойд барьдаг мод” гэдэг шиг биднийг хэрэгт оруулж, харин та нарыг хэргээс мултлахад ашиглагддаг зэвсэг болсон уу?
Одоо хэдийгээр МАНАН-гийн намаас нэр дэвшсэн ч гэлээ ард түмний санкциар гарч ирсэн утгаар нь ерөнхийлөгчид хандаж хэлэх үг байна. 7-р сарын 1-ний хэргийг яах вэ? Цаад шүүх, прокурорынхан ч юм хийхгүй нь. Цагдаа бол бүр ч мэдээж. Арай уучлал эрсэн болоод өнгөрөөх гээд байгаа юм биш биз дээ. Ардчилсан ерөнхийлөгч та том жижиг шагнал цуглуулж, гадаад орноор айлчлахаа жаахан цөөлж, улс-орны дотоодод хуримтлагдсан энэ мэт ноцтой асуудалд анхаарлаа хандуулаач. Жирийн иргэний байр сууринаас, энгийн хүний нүдээр асуудлыг хармаар байна. Мөн өөрийгөө бага шүтүүлмээр байна.
Одоо таныг “баастай бурхан” мэтээр үздэг хүн АН дотор ч ихэслээ. Залуучууд нь бүр ч их тахих болж. Урд хойно чинь гүйгээд байгаа наад хүмүүс чинь таныг баасадна шүү. Энэ ч яахав, хэний баасан дээр халтирах, эс халтирах нь таны ухаан, мэдрэмж, боловсролын асуудал. Гол нь 7-р сарын 1-ний асуудал. Энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол болохгүй юм шиг санагдаад байна.
“Эйхманнчууд” ба софт-стэйтистүүд
7-р сарын 1-ний аллагын асуудал сөхөгдөхөөр улиг болсон нэг сөрөг аргумент тавигддаг юм. “Цагдаагийнхан тэгэхэд төрөө хамгаалсан”, “Төрөөс өгсөн тушаалыг биелүүлсэн”, “Тэд бол төрд тангараг өргөсөн хүмүүс” ч гэх шиг.
Ингэж бодож, иймэрхүү зүйл ярьж буй хүмүүс үнэхээр аюултай. Тэдэнд төр л тушаасан бол гүйцээ. Гэтэл Д.Бэргланд Нэгэн хичээлд багтаасан либертари үзэл номондоо маш ойлгомжтой хэлснээр төр гэдэг хийсвэр зүйл байдаггүй, төр гэсэн нэрийн цаана нэг л дарга үйлдэж, өөрийн хүслийг гүйцэлдүүлж байдаг гэж. Долдугаар сарын 1-нд хүн буудсан цагдаа, гадаадад очиж гүйцэтгэх ажил явуулсан Хурц мэтийн хүмүүст өөрийн гэсэн толгой байна уу гэж бодмоор. Би ер нь юу хийж байна, ингэж болох бил үү, хүний эрхийг зөрчөөд байгаа юм биш биз гэсэн эргэлзэх сэтгэлгээ тэдэнд огт байсангүй. Иймэрхүү хүмүүс ХҮНИЙ ЭРХ гэдэг нь объектив зүйл гэдгийг огт мэддэггүй, зүгээр л сүүлийн үед хэрэглээнд орсон үг, улстөрчдийн сонгуульд оролцох үедээ барьдаг лоозун, эрх мэдэлтэй хүн, хүчний байгууллагууд хүний эрхийг зөрчиж болно хэмээн далд ухамсартаа бат итгэчихсэн байдгаараа аюултай. Мөн ийм үйлдлийг хийж байхдаа эх орон, ард түмэндээ үнэнчээр зүтгэж байна гэж боддогоороо аюултай.
Муу муухай зүйлийг зөвхөн муу хүмүүс хийдэг юм биш аж. Өөрсдийгөө төрийн хууль цаазыг яс биелүүлэгч, маш хариуцлагатай хэмээн боддог хүмүүс хүний эрхийн зөрчлийг гаргадаг байна. Тэд Эйхманн шиг төр-нийгмийн өмнө хүлээсэн үүргээ яг таг биелүүлж байна хэмээн бодож үүргээ гүйцэтгэж байхдаа эрх чөлөө-хүний эрхийн зарчимд хэрхэн зөрчилдөж байгаагаа мэдрэхээ больчихдог аж. Өөрийн бодолгүй болдог гэсэн үг. Гаднаас нь харахад яг л бидэн шиг хүмүүс. Биднээс ч гоё, костюмтай, цагаан цамцтай, зангиатай. Тоталиртари нийгмийн талаар хамгийн алдаршсан бүтээл болох Тоталитарианизмын үүсэл-ийг (1951 он) туурвисан Анна Арэнд Эйхманн Иерусалимд (1963 он) хэмээх бүтээлдээ холокостын хамгийн аюултай, харгис этгээд СС-ийн офицер А.Эйхманны талаар бичихдээ, харахад гудамжинд яваа хүмүүсээс ердөө ч ялгагдахгүй, хамгийн жирийн ухамсарт иргэн шиг энэ хүн бол ямар нэг садист, хүн яргалж таашаал авдаг мангас, буг чөтгөр шиг амьтан биш, харин төрөөс өгсөн үүрэг даалгаврыг өөрийн бодолгүй сохроор биелүүлдэг, гэхдээ маш хариуцлагатай яс гүйцэтгэдэг нэгэн байсан гэдгийг харуулсан. Ийм учраас тийм аймшигт яргалал үйлдсэн хэрэг шүү дээ. Эйхманн өөрөө ч шүүхийн өмнө зогсч байхдаа ийм л үг хэлсэн байдаг. Хижээл настай, халзавтар, буурьтай, тохитой томоотой түүнийг холокостын аймшигт эрүүчин гэж санамааргүй хэмээн Арэнд бичжээ. Тийм ээ, Эйхманн нь үнэхээр ямар ч хүн байж болно, гэхдээ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ мэдэрдэг, маш хариуцлагатай хүн.
Эцэст нь, энэ төрийг хамгаалагч софт-стэйтистүүдийн тухай хэдэн үг хэлье. Энэ төрийн хэчнээн увайгүй аашилж байгааг бид байнга харж байна. Хамгийн сүүлд анзаарагдсан нь гэвэл, 2012 оны төсөв баталж өглөө гэж ЗГ нь нөгөө 76-г хоолонд оруулсан гэнэ. Хийх ёстой ажлаа хийлээ гээд тэгмээргүй юм, ёстой юу ч гэмээр юм бэ дээ. Гэхдээ жирийн иргэн маний мэдэхгүй нэг л учир байгаа байх л даа. Нөгөө 76 ч гэж бас таарсан амьтад. Таваг хоол, хундага архиар ард түмний эрх ашгийг умартагсад. Ард түмний мөнгөөр л наргицгааж байгаа хэрэг шүү дээ. Эрх баригчид ард түмнээс их мөнгө салгаж чадсаны баяраа ард түмний өөрсдийнх нь мөнгөөр тэмдэглэж буй хэрэг. “Төр гэдэг бол нийгэм дэх бүх иргэдээс бага багаар асар их мөнгө цуглуулаад, цөөн хэдэн хүнд аль болох их шингээх бизнес хийдэг байгууллага” гэдэг либертари илэрхийлэл яг үнэн ажээ.
Ийм төрийг аль болох эвтэйхэн харагдуулахыг хичээгсэд бол софт-стэйтистүүд юм. Хааяа либертари үг хэл ашиглан төрийг шүүмжилчихдэг болохоор нь тэднийг шударга хүмүүс гэж гэнэн иргэд бодох нь бий. Ард түмнээс асар их мөнгө татахын тулд төрийн эрхэнд гарсан социалистууд хуурамчаар эвийлдэг, коммунистууд болон фашистууд шууд харгисладаг, консерваторууд хүйтэн хөндий байдлаар захирамжилдаг, харин софт-стэйтистүүд маш муухай бэртэгчин маягаар төрийн эрх мэдлийг зөвтгөдөг.
Софт-стэйтистүүд төрийг шүүмжлээд байгаа юм шиг, тэгснээ бас хамгаалаад ч байгаа юм шиг үг хэллэг, үйл хэргийг явуулна. Тууштай сэтгэж, үйлдэнэ гэж байхгүй. Гэхдээ ийм байдлаа бид туйлширдаггүй хэмээн хамгаална. Их л ухаалаг байр суурин дээр байгаа нь тэр юм байх. Төрийг улайн цайм биш аядуухан хамгаалдаг учраас либертари утга зохиолд тэднийг софт-стэйтистүүд хэмээн цоллодог. Эдний бодлоор либертари үзэл бол хэрэгтэй бас хэрэггүй, төр ашигтай бас ашиггүй зүйл, тиймээс жаахан учиртай байх хэрэгтэй, гол нь ухаантай байх хэрэгтэй, туйлширч болохгүй гэцгээнэ. Софт-стэйтистүүд бол хар ч биш, цагаан ч биш, саарлууд. Айн Рэндийн хэлснээр, “хараасаа долоон дор саарал хүмүүс”. Эд үнэн байдлаа нуухын тулд хуулийн шинэчлэл, хариуцлага гэсэн хоосон зүйл ярина. Тэгэхээр нь хүмүүс тэднийг ардчилагч хэмээн бодох юм гэнэ. Харахад хуулийн шинэчлэл, эрх чөлөө, хариуцлага гэсэн баахан юм ярьж, юм хийгээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг атлаа үнэндээ эс хийхээр үл барам өөрсдөө танил тал, эрх мэдэл дээр тулгуурласан нийгэм, орчин нөхцөлийг бий болгодгоороо эрх чөлөө, ардчиллын хамгийн хорлонт дайсан болж байдаг.
Софт-стэйтистүүд нэг их буурьтай ухааалаг царай гаргаж байгаад “туйлширч болохгүй, үүрэг, хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй” гэсэн юм ярина. Нөгөө л тоталитари нийгмийн үг хэллэгүүд. Хүн бусдад ямар ч муу зүйл хийлгүй, өөрөө өөрийгөө болгоод явж байгаад буруутан болчихдог нийгэм бол нөгөөх социализм шүү дээ. Учир нь нийгмийн өмнө үүрэг, хариуцлага хүлээсэнгүй, хувиа бодсон гэдэг ял авдаг. Өөрөө өөрийгөө аваад явж буй, бусдад дарамт чирэгдэл болохгүй амьдарч буй хүмүүс хариуцлагатай амьдарч буй хэрэг биш гэж үү? Хариуцлага гэж заавал бусдын өмнө үүрэг хүлээж, түүнд өөрийгөө зориулах явдал юм уу? Үүрэг, хариуцлага гэсэн ойлголтууд нэг л “но”-той үг хэллэгүүд дээ. Бусдыг өөрийнхөө төлөө хөдөлмөрлүүлэх, бусдын орлогоос аль болох их авах гэсэн улс төрчдийн хэрэглэх дуртай үг шиг санагддаг. Өөрийгөө аваад явчхаж байгаа хүмүүс иймэрхүү үг хэллэгээс ямагт зайлсхийдэг. Софт-стэйтистүүдэд индивидуалистуудын ярьдаг өөрийнхөө өмнө хүлээх хариуцлага гэсэн зүйлийн талаар ойлголт даан ч алга. Тэгэхээр софт-стэйтистүүд бол либертари үзэлтэн лав биш. Үүнийгээ ухамсарласан нь ч байдаг байх, эс ухамсарласан нь ч бас бий.
Философийн ухааны доктор Б.Батчулуун
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
2 Сэтгэгдэл:
eniig uur neg site-s unshsan. endees ahiad unshlaa. sain bodson baina.Batchuluund amjilt husie.
Uneheer evgui niigem shu.Humuusiin ouynii nud ni sohorson baina um shig l baidag um
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com