Монгол Улсад 670 мянга нь хятад гэсэн албан бус мэдээ бий

Монгол Улсад 670 мянга нь хятад гэсэн албан бус мэдээ бий

May 20, 2007


Монгол Улсад гадаадын 800- гаад мянган иргэн байгаагийн 670 мянга нь хятад гэсэн албан бус мэдээ бий. Хүн амын маань гуравны нэгтэй тэнцэх тооны харийнхан бидний дунд ажиллаж, амьдарч байгааг эл судалгаа харуулна. Дэлхий дээрх таван хүн тутмын нэг нь хятад гэдэг. Гэтэл дээрх тоог хүн амдаа харьцуулаад үзэхэд бидэнтэй Улаанбаатарын агаарыг хуваан амьсгалж буй дөрвөн хүн тутмын нэг нь гадаадынх аж.

Хууль бусаар оршин суугчид тухайн улс орондоо чимээгүйхэн амьдардаг байлтай. Гэтэл манай улсад амьдарч буй гадаадынхан тийм биш. Харуулаа элбэн зодсон, бичиг баримтыг нь олоод аваачиж өгсөн хүнийг зодож гэмтээсэн, шаардлага тавьсан цагдаагийн ажилтанд халдсан гээд тэдний даврах нь хэрээс хэтэрлээ. Монголд уг нь хууль цааз гэж бий. Харамсалтай нь энд тэндээ том том цоорхойтой. Түүгээр нь харийнхан шургалдаг, тэр цоорхойг заан өгч, түүгээр гадаадынхныг “мөлхүүлдэг” монголчууд ч олширсон.

Барилгын компани ажилчнаа өөрөө авчирсан бол гүйцэтгэгч, бусдаар зуучлуулж авсан бол захиалагчийн статустай болдог байна. Компаниуд голдуу захиалж авдаг. Сарын визтэй ажилчдынх нь Монголд амьдрах хууль ёсны хугацаа дуусаад, хэзээ нэгэн цагт баригдана. Гүйцэтгэгч нь оруулж ирсэн ажилчдаа бүртгүүлж, хугацаанд нь буцаах учиртай.

Гэтэл сарын визтэнгүүд хугацаандаа буцах нь ховор. Ийм үед хариуцлагыг гүйцэтгэгч хүлээдэг учраас ажилчдаа захиалж авах нь хариуцлагаас бултах нэг арга болдог байна. Хуулийн энэ цоорхойг хятадууд овжин ашиглаж, Монгол руу ажилчин гаргадаг болжээ. Манайхан БНСУ-д очиж ажиллахыг хүсдэг шиг Монголд ирж ажиллахыг мөрөөддөг хятадууд олон. Наашаа ажилчин гаргасан хүмүүс хилийн цаана үлддэг учраас манай хуулийнхан хариуцлага тооцох эзэнгүй хоцордог. Барилгын компаниуд ийм хүмүүсээс ажилчнаа аваад дараа нь “Манайх захиалагч” гээд хариуцлагаас бултчихна.

Манай компаниудын хувьд хямд хөлсөөр л ажиллуулж байвал тухайн хүн улсынх нь хууль тогтоомжийг зөрчиж байгаа эсэх нь огт хамаагүй болжээ. Ийм байдлаар монголчууд өөрсдөө харийнхантай элбэн хуулиа зөрчөөд байхад тэд даврах нь аргагүй.

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба нэг сарын визтэй орж ирэгсдийг бүртгэдэггүй. Үүнээс дээш хугацаагаар, хуулийн дагуу амьдрах иргэдийг л дансалдаг. Тус албанаас авсан мэдээгээр одоо манай улсад гадаадын 24 мянга орчим иргэн хууль ёсоор амьдарч байна. Үүний 11330 нь өмнөд хөршөөс зочилжээ. Насанд хүрсэн 1000 гаруй хүн, 113 хүүхэд тус албанд байнга оршин суугчийн бүртгэлтэй. Бүртгэлтэй хүмүүс Монголд үйл ажиллагаа явуулж буй өөрийн улсын хөрөнгө оруулалттай компанидаа ажилладаг. Тэдний олонх нь уул уурхайн салбарынхан. Улаанбаатарын араас Орхон, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Дорноговь аймагт зөвшөөрөлтэй иргэд хамгийн олон байгаа нь ч үүнийг нотолно.

Үүний цаана 700 мянга шахам хүн хууль бусаар амьдарч байна. Тэднийг нэгбүрчлэн бүртгэж чаддаг байгууллага байхгүй. “Харууд-”ыг урьж залсан эзэд нь тийм боломж олгодоггүй. Гуравдугаар сараас эхэлсэн хөнжил пүүгээгээ үүрсэн ажилчдын цуваа одоо ч тасраагүй байна. Урдаас ажилчин залах дуртай Монголын компаниуд ч тэдэнд хараа хяналт тавьдаггүй. Энэ байдал нь харийнхныг манай хуулийг уландаа гишгэн дураараа дургих боломж олгож байна. Саяхан гэхэд л “Тан ли”, “Ван шин да ю” компанийн барилга дээр ажиллаж байсан гадаадын 80 ажилчныг шалгахад бүгд хууль бусаар амьдарч байжээ.

Хууль зөрчиж байгааг нь харсаар байж нуун дарагдуулдаг хүмүүс ч цөөнгүй. Он гарсаар гадаадын иргэдийг нуун дарагдуулж, зөрчил гаргасан 40-өөд компани, төрийн бус байгууллагад арга хэмжээ авчээ. Тухайлбал, “Шифа” компани БНХАУ-ын 18 иргэнийг зохих байгууллагад бүртгүүлээгүй байсан бол “Востокнефтегаз” компани ОХУ-ын 30, Киргизийн тав, Беларусь, Молдавын тус бүр гурван иргэний оршин суух хугацааг хэтрүүлжээ.

ОХУ-ын энэ компани үүнээс хэдхэн хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 20, 27-нд бас л ийм зөрчил гарган, тус бүр нэг сая төгрөгөөр торгуульж байсан байх юм. Тэгсэн ч хаширсангүй. Тус компани манай улсын хууль журмыг байнга зөрчсөөр иржээ.

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албаныхныг шалгачихаад долоо хоногийн дараа очиход дахиад л зөрчил гаргачихсан, нэмээд хэдэн хүнийг хууль бусаар ажиллуулж байдаг аж. “Востокнефтегаз” компани он гарсаар таван удаа зөрчил гаргасан бол “Алтан дорнод Монгол” компани нийт зургаан удаа зөрчил гаргаж, Монголын хуулийг уландаа гишгэгч харийн хөрөнгө оруулагчдыг хошуучилж байна.

Удаа дараа зөрчил гаргасан ийм компаниудын үйл ажиллагааг зогсоож чадах эрх мэдэлтэн, хууль сахиулагчдад тийм эрх мэдэл олгох чангахан хууль хэрэгтэй болжээ. Гадаадын баян компаниудад торгуулийн нэг сая төгрөг юу ч биш. Нэг сая төгрөг төлөөд л Монголын хуулийг зөрчиж, дураар дургих эрх олж авч байгаагаас ялгаагүй. Бүрэн эрхт бүтэн улсын хууль иймхэн үнэтэй гэж үү.


0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах