Ч.Цэвээнпүрэв. Үндэсний үзэл өнөөгийн залууст дутмаг...


Харийн гүрэнд эх орныхоо нэрийг мандуулан цуурай­туулж, "Чингисийн Мон­голын тулаанч” хэмээн цоллуулж яваа нэгэн боксчин бий. Энэ бол мэргэжлийн боксын дэлхийн хоёр холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв юм. Түүнтэй уулзан хэдэн хором ярилцлаа.

-Сайн явж ирэв үү. Хэзээ ирэв. Таны хөлний бэртэл гайгүй юу?

-Сайн явж ирлээ. Наадмын дараа Монголдоо ирээд амарч байна. Хөлний бэртэл гайгүй байгаа. Удахгүй төмрөө авахуулна. Сая тулааны үеэр хөлний бэртлээсээ эмээж л байлаа шүү.

-Англид хийсэн ээлжит тулаандаа ялалт байгуулсанд чинь баяр хүргэе.

-Баярлалаа. Өнгөрсөн сарын 4-нд тулаан хийсэн. Энэ ту­лаанд цагаас нь өмнө, өрсөлдөгчөө гуравдугаар үед хүчтэй цохилтоор буулган авлаа. Надтай тулаан хийсэн боксчин шинэ залуу хүчтэй тамирчин байсан. Түүнд Чингисийн Монгол хүний нударганы амт ямар байдгийг мэдрүүлж, буулгаж авсандаа баяртай байна.

-Та ер нь их үндэсний үзэлтэй хүн юм уу даа. Чингисийн Монгол хүний нударга гэхээр сүртэй сонсогдож байна шүү?

-Хүний нутагт амьдарч байгаа монголчуудад зовлон их шүү дээ. Эх орон, гэр бүл, аав, ээжээ санана. Гадаад хүмүүс биднийг бараг нохой, гахайнаас дорд үзнэ. Өөрсдийгөө язгууртан гаралтай, цагаан арьстан хамгийн дээд зэрэглэлийн хүмүүс гэж ярих дуртай. Ази төрхтэй хүн байвал "China” гэж нэг нүдээр үзэхгүй. Тэдний өөдөөс мянган удаа "би монгол” гэж хашгираад ч нэмэргүй. Хятадын "Монгол, эсвэл Оросын Монгол” гэж ойлгодог юм шиг байгаа юм. Тийм болохоор "Чингисийн Монгол” гэхээр өөрөөр ханддаг. Ингэж хэлэхэд сэтгэлд бахархалтай, бардам санагддаг. Чингис хаан маань дэлхийг захирч, Монгол хэмээх нэрийг ертөнцөд таниулж чадсанд нь баярладаг. Бид өнөөдөр эх орон, эх түүхээрээ, эцэг, өвгөдөөрөө бахархахгүй юм бол юугаараа бахархах юм бэ. Үндэсний үзэл өнөөгийн залууст дутмаг байгаа учраас эх орноо хайрлаж чадахгүй байна. Гэхдээ үндэсний үзэл, үндсэрхэг үзэл хоёрыг ялган салгаж ойлгох нь чухал.



-Үндэсний үзэл, үндсэрхэг үзлийн ялгаа нь юу байна вэ?


-Ялгаа зааг байлгүй яах вэ. Үндэсний үзэл нь тухайн үндэстний оршин тогтнох тусгаар тогтнолын баталгаа болж өгдөг. Харин үндсэрхэг үзэл нь бусдаас өөрсдийгөө дээгүүр тавин хийсвэр, сэтгэлийн хөөрөл дээр тогтдог зүйл шүү дээ. Ийм үзлийн жишээ маш олон байдаг. Фашист, нацист үзэл бодол нь үндсэрхэг үзлийн тод жишээ сургамж болж байна.

-Өнөөгийн монголчуудын үндэсний үзэл ямар түвшинд байна гэж та боддог вэ?

-Социализм гэж 70 гаруй жил оросын удирдлагаар явж үндэсний гэх бүх зүйлээ хуучин, хоцрогдсон гэж ад үзсээр бараг устгасан. Аз болж 1990 оны ардчилсан хувьсгал гарч үндэсний үзэл бодол сэргэсэн боловч бэрхшээл, саад тотгор их байна. Хуучин социалист үзэл бодлоосоо салж чадахгүй хүмүүс төрд байна шүү дээ. Тэд үндэсний үзэл, эх орныхоо хөгжилд саад тотгор, чөдөр тушаа болоод байгаа. Өргөн уудам нутагт, мал сүрэг, эрдэс баялгийн нөөц ихтэй, цөөн хүн амтай улс маш хурдан хугацаанд хөгжих боломж бий. Үүнд бидэнд хамтач үзэл, эв нэгдэл, эх орноо гэх үзэл бодол, ухаалаг төрийн зохицуулалт л хэрэгтэй байгаа юм. Үндэсний үзэлтэй, эх орноо гэж боддог улс төрчид алга байна шүү дээ. УИХ-ын зарим гишүүн ард түмний төлөөлөл болж 10-20 жил сууж байна. Тэд өөрсдөө баяжаад л байдаг. Ард түмний амьдрал бахь байдгаараа л ядуу, зүдүү, ядарсан хэвээрээ. Улстөрчид маань ард түмнээ ядуу байлгахыг хүсээд байгаа юм. Баян чинээлэг байсан бол хүмүүс мөнгө, төгрөг тараан сонгууль хийхэд нь тоохгүй шүү дээ. Үндэсний бахархал гэгч зүйлийг сэргээхийг улстөрчид, төр засаг маань хүсэхгүй байна.

-Үндэсний бахархлыг яаж бий болгох ёстой вэ?

-Бахархах зүйл гэхээр нэг их холоос эрж хайгаад байх юм биш. Алс Америкийн сагсан бөмбөгчин, Английн хөлбөмбөгчин од гээд шүтэн бишрээд байдаг. Хажуудаа ойрхон байгаа Монголынхоо од болсон олимп, дэлхийн аваргууд Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа, П.Сэрдамба, Х.Цагаанбаатар, Д.Баатаржав нарыг шүтэн бишэрч, тэднээс үлгэрлэн амьдарч яагаад болдоггүй юм. Монгол өнөөдөр маш олон телевизтэй болсон байна. Энэ сайн хэрэг гэтэл өдөр шөнөгүй Солонгосын өш хонзон өвөрлөсөн гэр бүлийн хэрүүл, зохиомол түүхэн баатрын дүрийг харуулсан алаан, хядаантай олон ангит кино гаргаж байна. Ийм балай хэрүүл, өш хонзонг өдөр болгон үзэж байгаа хүүхэд ямар хүн болж төлөвших вэ. "Энэ кино бодит зүйл биш, кино шүү дээ” гэж хүмүүс ярих байх л даа. Телевиз, кино гэдэг хүний сэтгэхүйг угаадаг аймшигтай зүйл. Солонгосчууд зохиомол түүхэн баатрыг бий болгон тэрүүгээрээ хүүхэд, залуустаа үндэсний үзэл, бахархлыг нь бий болгодог. Харин тэр гэр бүлийн хэрүүлтэй киногоо хязгаарладаг юм гэнэ лээ. Манай улсын соёл, урлагийн газар үүнд анхаарал хандуулж болно шүү дээ. Бидэнд бахархах түүх, түүхэн баатрууд зөндөө байна. Энэ түүхэн хүмүүсийн амьдралаар олон ангитай кино хийгээд телевизээр цацаж болно. Үндэсний бахархлыг хүүхдэд багаас нь суулгах хэрэгтэй.

-Монголын сор болсон залуус гадаад руу гараад дууслаа гэж зарим хүмүүс халаглаад байдаг. Боловсрол мэдлэггүй хэд нь бууриа сахиад үлдэж байна уу даа?

-Энэ үнэний ортой зүйл шүү. Гэхдээ "Суусан цэцнээс, явсан тэнэг нь дээр” гэдэг байхаа. Залуу насандаа хол явж, юм үзэж нүд тайлан, сурч боловсрох нь зүйтэй асуудал. Солонгос явж боолын хөдөлмөр эрхлэхийг хэлж байгаа юм биш шүү. Гадаадад амьдарч, ажиллаж суралцаж байгаа залуус эргээд монголдоо ирнэ. Сурч мэдсэн зүйлээ эх орныхоо хөгжлийн төлөө зориулна гэдэгт итгэх хэрэгтэй. Харин төр засаг үүнийг ухаалгаар зохицуулах хэрэгтэй байгаа юм. Яг одоо бол тийм залуусыг хүлээн авах нөхцөл манайд бүрдээгүй байна. Тэд монголд ирж зэвэрч байхаар мэдлэг боловсролоо дээшлүүлэн гадаадад байж байя гэж боддог. Цаг нь болохоор тэд ирнэ. Монголд байгаа хүнээс гадаадад байгаа хүмүүс нь илүү их эх орноо гэсэн сэтгэлтэй байдаг юм шүү.

-Монголд ирэхээр яагаад зэвэрнэ гэж та бодож байна вэ?

-Гадаадад өндөр боловсрол эзэмшээд ирсэн залууст ажиллах ажлын байр алга байна. Ирээд тэд юу хийхэв. Хийх зүйлгүй байсаар хайран сайхан мэргэжил, авьяас нь зэвэрнэ. Монголд байгаа залуус хийх ажилгүй, архи л ууж өдрийг өнгөрөөж байгаа биз дээ. Гэтэл хятадын ажил, гэр бүлгүй залуусыг монголд оруулж ирэн, барилга дээр ажиллуулж байх юм. Энэ чинь үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулах зүйл. Яагаад ажилгүй монгол залуусаа оронд нь ажиллуулж болдоггүй юм бэ. Гадаадад амьдарч, ажиллаж байгаа залуусыг их жаргалтай хүмүүс мэтээр төсөөлдөг байх. Үгүй шүү дээ. Харийн нутаг гэдэг хэцүү. Гэрээ, эх орноо санана, ад үзэгдэн, доромжлол, гутамшиг гээд хүнд хүчир бүхнийг туулдаг. Ядрах, өвдөх цагт түшээд тулах хамаатан садангүй байна гэдэг амаргүй.

-Монгол Улсын хөгжих сайхан ирээдүй хэр хол байгаа бол?

-Ойрхон байгаа. Хөгжлийн үүдэнд, босгон дээр нь ирчихээд байна. Ухрах уу, урагшаа явах уу гэдгийг цаг хугацаа л харуулах байх. Өөдрөг үзэл, тэмүүлэлтэй байж гэмээн бид хөгжиж чадна. Бусдыг хуулбарлан дууриах биш. Бусдад үлгэрлэн хөгжих ёстой. Монголын түүх бол бусдад үлгэр жишээ болж явсан. Түүх юуг ч мартдаггүй. Харин бид түүхээ мартах ёсгүй шүү.

Н.ОТГОНБААТАР

3 Сэтгэгдэл:

Anonymous said...

Hi nada turshlagaasaa hubaaltsaaraai ok bas demjij bna shuu

Anonymous said...

mongoliin daichin mini mongol xumvguudee ex oronch bolgooch ee...demjdeg shuu ...ta yrgelj yalaarai..

Anonymous said...

demjideg shuu taniig xuchirxeg tulaanch mini..

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах