МОНГОЛЧУУДЫН СОЁЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙГ АВРАН ХАМГААЛАХЫГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ. багш Ломбын Нямаа

.Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, Чингис хааны нэрэмжит Их засаг их сургуулийн Их засаг судлалын багш Ломбын Нямаатай уулзаж ярилцлаа. Монголын түүх соёлын олон чухал үнэт зүйлс мартагдахын мананд сарнин үгүй болох вий гэсэн эмзэглэл тээж яваа Монголын олон мянган сэхээрэлт хүмүүнийг төлөөлүүлж түүнтэй ярилцсан юм. Хөөмий, монгол дээл Хятад улсын нэрээр хүн төрөлхтний
соёлын үнэт өв болж хамгаалагдах ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэгдэх нь гэсэн мэдээлэл монголчуудын язгуурын өв соёлоо гэх сэтгэлийг донсолгож чадлаа. Энэ цагт Монгол улсын Ерөнхийлөгч нүүдэлчдийн соёл иргэншлийг хамгаалах олон улсын 10 жилийг зарлаж, нийтийг хамарсан далайцтай ажил өрнүүлэхийг тэрбээр санал болгож байгаа юм. “Дэлхийг хамарсан олон удаагийн өлсгөлөнд монголчууд нэг ч удаа өртөөгүй нь нүүдэлчдийн соёл иргэншлийн ач гавьяа юм” гэсэн Л.Н.Гумилёвийн үгийг өнөө сануулахад илүүдэхгүй биз ээ.

-Нүүдлийн соёл иргэншлийн үнэ цэнийн талаар та маш эерэг үзэл баримтлалтай хүн. Яагаад энэ их хурдтай хөгжлийн цаг үед нүүдлийн соёл тийм их үнэ цэнэтэй гэж үзэж байгаа бодлыг тань сонсъё?

-Нүүдлийн соёл иргэншил хүн төрөлхтний соёлд яагаад үнэ цэнэтэйг илтгэх хэдэн чухал зүйл байдаг юм.

Нэгдүгээрт: Хүн төрөлхтний хамгийн анхдагч соёл иргэншил. Хүн анх үүсээд түүхийг бүтээхдээ нүүдлээс эхэлсэн. Гүн ухааны үүднээс авч үзвэл нүүдэл өөрөө хөдөлгөөн. Хөдөлгөөн нь ертөнцийн оршихуй учраас асар үнэ цэнэтэй соёлыг бүтээдэг. Жишээлэхэд хадны сүг зурагт дандаа хөдөлгөөнийг дүрсэлсэн байдаг. Хүн төрөлхтний соёл, гүн ухааны сэтгэлгээ хөдөлгөөнөөс эхэлсэн. Уг чанартаа нүүдлээс эхэлсэн гэж хэлж болно.

Хоёрдугаарт: Байгальтай зохицон амьдрах гүн ухааныг бий болгосон соёл мөн. Байгалиас булааж авах бус байгальтай зохицож, хишгийг нь хүртэн, байгальтайгаа үг хэлээ ололцож бий болсон соёл учраас өнөөдөр бүр ч их үнэ цэнэтэй.

Гуравдугаарт: Нүүдлийн соёл нүүж явахдаа дандаа өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Шинэ юм үргэлж тусч байдаг. Нэг газраас нөгөө рүү нүүхэд тухайн соёлд хамаарах үнэт зүйлүүд шинээр бий болж байдаг. Суурин иргэншлийн соёлоос шинэчлэгдэх үйл явц нь хурдан байдгаараа үнэ цэнэтэй гэж соёл судлаачид үздэг юм.

-Манайд сүүлийн үед Монголын өв соёл, түүнийгээ яаж хамгаалах талаар хүчтэй яригдаж эхэллээ. Ялангуяа ЮНЕСКО-д хөөмий, монгол дээлийг Хятад улс бүртгүүлэх гэж буйтай холбоотойгоор энэ асуудал хурцаар тавигдаж байна?

-Ярихаас аргагүй. Дэлхий дахин ч Монголын нүүдлийн соёл иргэншлийг ихээр сонирхож байна. Олон орон төсөл хөтөлбөрөө Монголын соёл руу хандуулж байна.

Соёл судлалд соёлын гарваль сан гэж том ойлголт байдаг. Тэр гарваль санг иж бүрнээр нь авч үзэх ёстой юм. Гарваль санд ард түмний гүн ухаан эн тэргүүнд багтдаг. Ард түмэн гүн ухаанаа амьдрах явцдаа бий болгодог. Дараа нь түүх. Ард түмний түүх яагаад соёл болдог юм гэхээр тухайн үндэстний оюуных нь оюунлиг чадварыг түүх нь тээж явдаг учраас соёл болдог юм байна. Хэл соёл бичгийн соёл байна. Монголчуудын хувьд хүн төрөлхтний соёлд бичгийн соёлоороо үнэхээр гайхагдах ард түмэн. Ном хэвлэх соёл, хөгжим дуу гээд гайхалтай соёлууд байна.

Морин хуур гэхэд л ямар гайхамшигтай билээ. Урлаг судлаач, доктор Л.Эрдэнэчимэг морин хуурын хоёр чавхдас ертөнцийн эргэх хөдөлгөөнийг дүрсэлсэн 360 чавхдастай гэж баталлаа. Эр эм хоёр чавхдас нь 180, 180 чавхдаснаас бүтдэгийг тогтоосон. Морин хуурын аялгуу яагаад ертөнцийн татах хүчнээс л гарах тийм дуурьсалтай вэ гэхээр ертөнцийн эргэх хөдөлгөөн, нарыг тойрох дэлхийн хөдөлгөөнд зориулж хийсэн учраас тэр.

Уртын дуу ч мөн адил. Ж.Бадраа багш, Н.Норовбанзад гуай, М.Цогбадрах хуурч гурав Америкт очоод Вашингтоны их театрт тогложээ. Н.Норовбанзад гуайн дуулахыг сонсож байхдаа нэг хөгжим судлаач Бадраа багшаас юуны тухай дуу вэ гэж асуусан байна. Нарны тухай дуу гэхэд нь тийм байхаа, аль түрүүн дуурьсал нь газрын татах хүчнээс гараад явчихсан юм гэсэн гэдэг. Энэ нь Монгол ардын уртын дуу, морин хуурын дуурьсал газрын татах хүчинд баригдахгүй тийм их өндөр дуурьсалтай, гайхамшигтай том соёл гэдгийг харуулж байна. Монголчууд үүнийгээ хүн төрөлхтний агуу их соёлд оруулсан том хувь нэмэр гэж ойлгох ёстой.

Монголын соёлд Монголын ард түмний ардын мэдлэг гэж асар том юм байна. Ертөнцийг ард түмэн өөрсдөө уншиж олж авсан мэдлэг гэдэг үнэхээр гайхамшигтай. Жишээлбэл монголчуудын есөн үе болоод яс хагалах ёс хийж удам ген фондоо ариун байлгадаг том соёл байна. Морганы генетикийн онол гарахаас мянган жилийн өмнө хүний цус дамжих процесс есөн үеийн дараа дуусдагийг монголчууд мэддэг байж.
Монголчуудын хийж бүтээсэн олон зүйл орчин үеийн шинжлэх ухаанаар батлагдаж байна.

Эхийн хэвлийд хүн бий болсноос төрөх хүртэлх үеийг хий нас гэж тоолдог ард түмэн Монголоос өөр байхгүй. Бидний хий нас гэдэг ойлголтыг дэлхий хүлээн зөвшөөрчихлөө. Эхийн хэвлийд байгаа арван сарыг хүн төрөлхтөн сургалтад ашиглаж болно гээд нээчихлээ шүү дээ. Урагт сургалт явуулдаг арга бий боллоо. Ураг зургаан сар болоод дуу авиа, найман сартайдаа гэрлийг мэдэрдэг юм байна. Гурван жилийн өмнө Баяраа гэж эмэгтэй Японд сургалтад сууж ирээд Монголдоо хөл хүнд эмэгтэйчүүдэд сургалт явуулсан.
Тийм нарийн юмыг монголчууд эрт дээр цагаасаа мэддэг байсан нь нүүдлийн соёлын ач буян.

Эхийн хэвлий тэр чигээрээ ус байдаг. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа усанд цацаж үхдэггүй мөртлөө гараад хүн болсон хойноо яагаад усанд цацаж үхээд байдаг юм гэхээр хүний хоолойд ус залгидаггүй төрөлх зөн байдаг юм байна. Энэ мэдлэгийг Номун хаан Норовшаравынхан гээд Онгийн голынхон бүүр 1960-аад он хүртэл хадгалж иржээ. Зуны халуунд хөгшид нь Онгийн голынхоо цээлд ороод унтаад өгдөг тухай Л.Түдэв гуай бичсэн байдаг.

Ийм үнэт зүйлсээ бид хамгаалах хэрэгтэй. Тэгж байж Монголын соёл хүн төрөлхтний үнэт өв болж үлдэнэ шүү дээ. Соёл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх талаар манай эрдэмтэд юм хийгээгүй биш хийж байна. “Соёлын түүх” гэж гурван боть сайхан бүтээл гаргасан. Харин хийснийг нэгтгэн жолоодох, Монголын соёлын үнэт зүйлийг хамгаалах төр засгийн нэгдмэл том бодлого дутаж байна. Монголын соёлын хувь заяа үүнийг л ард түмнээсээ ч, төр засгаасаа ч нэхэж байна.

Бид сая хөөмий гэж баахан шуугилаа. ЮНЕСКО-д бүртгүүлэхдээ Хятад Монголын гэж байна уу, Монгол Хятадын гэж байна уу гэдэгт их анхаарч байна л даа. Соёлынх нь язгуур үндэс Монголд байгаа юм бол Монгол гэдэг нэрийг урд нь байлгах ёстой. Тэгэхийн тулд бид эхний санаачлагыг гаргасан байх ёстой. Хятадууд санаачилсан учраас Хятад гэсэн нэр урд нь тавигдаж байна. Түрүүлж материалаа бүрдүүлэх, судалгаа шинжилгээгээ хийх хэрэгтэй юм байна. Хөөмийг хятадууд бүртгүүлж байгааг мэдээгүй гэж манай албаны хүмүүс хариулсан байсан. Мэдээгүй гэж хэлж болохгүй ээ.

Одоо монгол бичгийг бүртгүүлэх гээд Хятад, Өвөр монголчууд хөөцөлдөж байна шүү дээ. Насанбат гэж хүний вэб сайтад ороход л монгол бичгийн гайхамшиг гээд материал бүрдүүлэх ажил хийж байна. Монгол бичгийн өв сан, гайхамшигт чанарууд нь Монгол нутаг дээрээ байна. Бид санаачлаад бусад улс оронтой хамтарч бүртгүүлэх чиглэл барихад болохгүй юмгүй. Ганцаараа бүртгүүлэх нь ашигтай, бусадтай хамтарч болохгүй гэсэн юм байхгүй шүү дээ. ЮНЕСКО ард түмний язгуур соёлыг хэрэглэж байгаа бусад улс оронтой нь хамтарч бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрдөг гэж учир мэдэх хүмүүс ярьсан байсан. Монголын төр засаг, ажил хариуцаж байгаа хүмүүс үүнд мэдрэмжтэй овсгоотой хандвал ЮНЕСКО-д бүртгүүлэх ажил их зөв хийгдэнэ дээ.

-Таны бодлоор ЮНЕСКО-д нэн тэргүүнд зайлшгүй яаравчлан бүртгүүлэх соёлын ямар үнэт зүйлс байна вэ?

-Зөвхөн бичгийн соёл гэхэд нүүдэлчин монголчууд арав гаруй бичиг хэрэглэсэн байдаг. Өөрөө бүтээгээд хэрэглэсэн ард түмэн. Суурин иргэншилтэй улс орнуудад ч ийм соёлыг бүтээсэн ард түмэн байхгүй. Хадны сүг зураг, хадны бичиг, рүни бичгээс эхлээд кирилл бичиг хүртэл маш олон бичиг үсэг байна. XIII-XIV зууны хагас хүртэл дэлхийн харилцааг зохицуулж байсан монгол бичиг өөрөөсөө хэд хэдэн бичиг төрүүлсэн. Манж бичиг монгол бичгийг дууриаж гарсан. Тод бичиг, соёмбо бичиг, багиндрагийн бичгийг төрүүлсэн. Ойрд аялгуунд зориулаад Намхайжамц тод бичиг, буриад аялгуунд зориулаад Агваандорж багиндраагийн үсгийг зохиосон. Бичгийн соёлоор монголчууд үнэхээр гайхамшигтай. Харийн бичиг сураад монголчууд шиг өөрийн болгож чаддаг ард түмэн дэлхий дээр цөөхөн. Манжийн дарлалын үед монголчууд төвд хэл сураад төвдөөр хэчнээн олон монгол мэргэд шүлэг зохиолоо бичиж туурвив. Мөн Юань гүрний үед хятад хэл бичгийг сураад, хятадаар бичдэг хэчнээн олон гайхамшигтай яруу найрагч төрөв.

Нүүдлийн амьдралын явцдаа ийм олон бичиг бүтээгээд, түүгээрээ түүх, соёлоо бичиж үлдээсэн нь монголчуудын хувьд хүн төрөлхтний бичгийн соёл иргэншилд оруулсан том хувь нэмэр гэж үзэж монгол бичгээ бүртгүүлэх ажлыг бид санаачлах ёстой. Бид төрийн бичиг болгоогүй ч язгуур эх соёл нь Монголын нутаг дээр байгаа гэдгээр бүртгүүлэх хэрэгтэй. Дараа нь харилцааны хэрэглүүр болгож, төрийн бичиг болгож байгаа Өвөрмонгол, Хятад хамтарвал хамтарна биз. Цаг мөч алдалгүй, эрдэмтэн мэргэдийнхээ хүчийг дайчлан төр засаг хөрөнгө гаргаад хийж эхлэх хэрэгтэй байна.

Бас эрийн гурван наадмаа бүртгүүлмээр байна. Монголчуудын хүн төрөлхтний соёлд оруулсан том хувь нэмэр мөн. Өвөрмонголчууд бөхийн соёлын наадам, морины соёлын наадам гээд маш том наадмууд зохион байгуулсан. Тэгээд Гиннессийн номд бүртгүүлчихсэн шүү дээ.

-Хэзээ тэр вэ?

-Нэлээд хэдэн жилийн өмнө. Үнэт зүйлээ гуйвуулаад үнэт чанарыг нь алга болгоод байхаар бүртгүүлэхэд бас төвөгтэй юм. Энэ наадмыг яг өөрийнх нь гольдролоор явуулах ёстой юм. Одоо бол бөх морь хоёр утгаа алдчихлаа шүү дээ. Хурдан морины уралдаан өөрийн соёл, мөн чанараа алдчихлаа. Мөнгөний төлөө өрсөлдөөн боллоо. Хагд өвс идсэн адууг ухаанаар уядаг байсан арга ухаан нь алга болоод баяжихын тулд тэжээл, тариагаар уралдуулж байна шүү дээ. Монголчуудын ардын мэдлэгийг бүртгүүлэх хэрэгтэй. Ертөнцтэй зохицон амьдрах талаар бичигдээгүй мэдлэг ямар их байна вэ. Мал аж ахуйгаа хөгжүүлэх мэдлэг, ардын технологи байна. Зах зухаас нь дэлхий авч байна. Тооно туших уяаг Япон авчихлаа. Нэг япон эмэгтэй Монголд ирж судлаад ном бичин технологийг нь онгоц уях уяанд нэвтрүүлсэн гэж эрдэмтэн Батаа гуай хэлж байсан. Хөдөө аж ахуйн дээд сургуульд Монголын эмийн ургамлыг судална гээд нэг эмэгтэй ирсэн байгаа юм. Тэгсэн тооно туших уяаг судалсан байна. Зөвхөн тооно туших уяагаар 300 хуудас ном бичсэн гэж байгаа. Би бол тооно туших талаар гурван өгүүлбэр, гурван хуудас бичихээс хэтрэхгүй. Оюун сэтгэлгээ нь хөгжсөн хүмүүс олон шинжлэх ухааны уулзвар дээр судлаад ингэж гаргаж ирж байна. Бидэнд юмаа тэгж томруулж, дэлхийн хэмжээний болгож сэтгэж харах ухаан дутаж байна.

Айраг исгэх соёл байна. Айргийг исгээд жилийн дөрвөн улиралдаа хэрэглэдэг. Хатааж хэрэглэнэ. Байгаль унших ухаан байна. Байгальтайгаа зохицон амьдрах, байгалиа хүндлэх, уул овоогоо тахих, ус голтой харьцах энэ соёл хүн төрөлхтөнд үнэ цэнэтэй. Байгальтай зохицох гүн ухаанаараа монголчууд шиг асар их соёлыг бүтээсэн ард түмэн ховор.

Хүүхэд өсгөх хүмүүжүүлэх арга ухаанаа судлаад ЮНЕСКО-д бүртгүүлмээр байна. Монголчууд хүүхдээ сэрүүн орчинд өсгөдөг. Сэрүүн орчинд өссөн хүүхэд өвчин тусаад байхгүй. Дээр нь сэрүүн орчин хүний оюун ухааныг хөгжүүлдэг. Одоо бол бэгнэсээр байгаад хүүхдээ өвчлүүлээд эмнэлгийн орон дээр багталцахгүй болж.

Хүүхэд зөв өсгөж хүмүүжүүлэх чиглэлийн энэ их соёл хүн төрөлхтний ирээдүйн арга болох ч юм билүү. Хүн төрөлхтнийг авран хамгаалахыг ч үгүйсгэх аргагүй. Хий нас тоолох, монгол эхийн араг түшээд хүндрэлгүй төрөх гээд яриад байвал барагдахгүй. Эхчүүд хагалгаагаар төрж байгаагаас өчнөөн олон хүүхэд тархины даралттай болж байна. Манай нутагт тархины даралттай хүүхэд төрөхөд гарангуут нь хүйтэн усанд толгойгоор нь дүрчихээр тархины даралттай болдоггүй. Буриадуудын арга л даа.
Халуудсанаас болдог экзим гэж хүүхдийн өвчин байна. Сэрүүн орчинд өсгөсөн хүүхэд хэзээ ч экзим тусдаггүй.

Хүүхдийн сэтгэхүй хөгжүүлдэг ардын тоглоомууд ямар мундаг билээ. Хүүхдээ дагуулаад уулын орой дээр гараад талаар бэлчиж буй адуугаа нүдэн баримжаагаар тоолуулдаг. Харж сэтгэх сэтгэлгээг нь хөгжүүлж буй хэрэг. Хонь тоолох мөн адил. Хонь тоолохоор хүүхэд хурдан тоолж сурдаг. Шагай таалцах тоглоом байна. Зүгээр л нэг шагай таалцах тоглоомоор таамаглалын тухай дээд математикийн ойлголтыг үр хүүхэддээ сургадаг.

-Монголчууд суурьшаад ирэхээр нүүдлийн соёл иргэншлийн олон зүйлс зүй тогтлоороо хэрэглээнээс шахагдан гарч байна шүү дээ?

-Хэрэглээ алга болж буй нь нүүдлийн соёлд ирж буй том аюул яах аргагүй мөн. Гэхдээ суурин амьдарч буй ч цааш аваад явах зүйл олон байгаа. Үр хүүхдээ хүмүүжүүлэх соёлоо уламжлаад явахад болохгүй юм байхгүй. Шагай хивсэн дээр асгаад хүүхдээр тоолуулах нь уулан дээрээс адуу тоолуулахтай л адил.
Суурин болоод нүүдлийн соёл иргэншилд бие биенээ нөхдөг зүйл олон бий. Хамгийн гол нь зүй тогтлоор нь нийлүүлээд авах гээхийн ухаанаар хандаж улам хөгжүүлэх хэрэгтэй юм. Энэ талаар япончуудаас сурах юм их байна. Өөрийн үнэт зүйлийг харийн орныхтой нийлүүлээд Японы хөрсөн дээр зөв буулгаад баялаг болгон хэрэглэж байна. Японд хамт олныг төлөвшүүлэх гэж том ухаан байна. Японы удирдлагын ухаан нь хамт олонд түшиглэсэн, Америкийнх бие хүнд түшиглэсэн ухаан. Японы пүүс компанийн удирдахуйн ухааны цөм нь хамт олноо өөд татах ухаан байдаг. Оросын хамт олноо төлөвшүүлэх онолын сэтгэлгээг өөрийн хөрсөнд тун зөв буулгасан.

Сони пүүсийн гайхамшиг нь тэнд хамаарч байгаа бүх хүнийг хаяхгүйгээр үе залгамжлан авч явдагт байдаг. Иймээс тэнд ажиллаж байгаа хүн бүх хүчээ ажилдаа дайчилдаг. Аав нь хүчээ зориулсан бол хүү нь мөн зориулах ёстой. Пүүс компаниуд нь хүчтэй байдгийн учир энэ. Нэг хүн гайхамшигтай байвал хамт олноо чирч явдаг. Манайд ч энэ ухаан байсан. Хот айл, саахалт айлын ухаан байна. Хамтын оюун ухааныг дээдэлдэг. Хувиа бодож довоо шарлуулахыг таашаадаггүй. Чингис хааны гүн ухааны үндэс нь бусдын төлөө гэсэн ухаан. Тиймдээ ч Чингис хааны гүн ухаан хүн төрөлхтнийг XXI зуунд жолоодож байна. Би биш бид гэсэн гүн ухаанаар явсан нь цагийн шалгарлыг даван туулж чадсан байна.

-Даяарчлалын энэ цаг үед соёлын үнэт зүйлсээ авч үлдэхэд том ухаан хэрэгтэй нь зайлшгүй?

-Монголын нүүдлийн соёл иргэншил үнэхээр хүнд байдалд орох нь. Дэлхий даяарчлагдаж байна. Үүнийг дагаад харийн соёл манайд хүчтэй нэвтэрч байна. Буруутгах аргагүй. Дэлхий ертөнц нэгдмэл бодлоготой, нэг гариг дээр байгаа учраас бусад улс орны соёлыг хааж боох ямар ч арга байхгүй. Ийм цагт өөрийн соёлын үнэт зүйлээ авч үлдэнэ гэдэг монголчууд бидний ухаан, төр засгийн мэргэн бодлогоос л шалтгаална. Соёлыг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлогыг уялдуулан зангиддаг тогтолцоо Монголд үгүйлэгдэж байна. Ядахдаа Монголын соёлыг хамгаалахад жил бүрийн төсөвт дангаар нь юутай ч хуваалцахгүйгээр нэг хоёр миллиард төгрөг тавьчихдаг, түүгээр юу хийв гэдгээ тайлагнан жил бүр үзэсгэлэн гаргадаг, ард түмэндээ нээлттэй үзүүлдэг байвал мөн ч их зүйл хийнэ дээ.

-Та 17 жилийн өмнө “Нүүдэлчин ард түмний соёлыг хамгаалах олон улсын 10 жил” зарлая гэж тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбатад хандаж байжээ. Тэр санал чинь ямар ч дэмжлэг аваагүй юмуу?

-Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж аваад ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Ж.Чойнхор гэж хүнд бичиг өгөөд л өнгөрсөн. Тэр арван жилийг ажил болгочихсон бол мөн ч их зүйл шийдчихсэн байгаа даа.

Танай сониноор дамжуулаад бүх нийтийн анхаарлын төвд нэг зүйл хэлмээр байна. “Соёлын 10 жил”-ийг 2011 оноос зарлая. Ардын хувьсгалын 100 жилийн ой 2011 онд болно. Энэ бол Монголын ард түмний үндэсний том баяр. Иймд Монголынхоо соёлын асуудлаар тодорхой том зүйл хийх эхлэлийг тавья.
10 жилийг Монгол улсын Ерөнхийлөгч албан ёсоор зарлах ёстой. УИХ тодорхой шийдвэр гаргаж, Засгийн газрын дэргэд Ерөнхий сайдаар удирдуулсан Үндэсний комисс байгуулах ёстой. Дэлхийд ийм практик байна. Хэдэн жилийн өмнө ЮНЕСКО соёлын 10 жил гэж зарлаж байлаа. Манайд ч бас Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа соёлын нэг жил зарласан.

Арван жил гэж зарлахын ач холбогдол нь бүх нийтийн анхаарлыг соёл дээр төвлөрүүлэхэд байгаа юм. Монголын төр засаг, соёлын байгууллагууд, төрийн бус байгууллага гээд бүгдийн анхаарлыг нэг чигт хандуулж, үндэсний комисс нь төвлөрүүлэн жолоодож, жил болгон хөтөлбөр дэвшүүлэн тодорхой мөнгө зараад явбал 10 жилд 100 жилд хийгээгүй ихийг амжуулж болно. Хамгийн гол нь сэтгэл нэгдэж, нэг жолоодлогод орох ёстой.

Энэ хүрээнд нэг том асуудлыг шийдмээр байгаа юм. Тэр нь монгол бичгийг төрийн бичиг болгох. Монголчууд хэлгүй боллоо. Сэтгүүл зүй, уран зохиол, яруу найргийн хэл ямар болж байна вэ. Эцсийн бүлэгт энэ нь монгол бичиг хэлээ сургадаг бичиг гэдгийг тоохгүйгээс болж байна. Утга ялгаж бичдэг монгол бичгийн зүй тогтол олон үг мэдүүлдэг, тогтоолгодог, үгийн баялагтай болгодог. Найруулга маш гоё уран налархай. Сэтгэлгээг хөгжүүлнэ. Ялангуяа бага насанд нь монгол бичиг заавал хүүхдийн оюун ухаан гайхамшигтай хөгждөг.

Манайд 25 ястан бий. Тэр бүх ястны нутгийн аялгуу хөгжих боломжийг монгол бичиг олгоно. Буриад хүн сайн гэж бичээд хайн гэж хэлэх, ойрд хүн хөх гэж бичээд көк гэж дуудах боломжтой. Эв нэгдлийн бичиг бөгөөд нутгийн олон аялгуу амьд байх боломжийг бүрдүүлдэг цорын ганц бичиг. Нутгийн аялгуунууд үндсэндээ мөхөж байна. Хошигнож хэлэхэд Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж хоёрын хэлэнд л ойрд аялгуу үлдлээ. Ойрд аялгуу Монголын утга зохиолын хэлийг баяжуулдаг маш том судлагдахуун. Дотроо дөрвөд, баяд, мянгад гээд олон хэллэгтэй, үгийн баялагтай сайхан аялгуу. Буриад, дарьганга, төв халхын сайхан аялгуу алга болж байна. Энэ бол маш ноцтой зүйл.

Жар далаад оны үед манайд нутгийн аялгуу их судалдаг байлаа. Өнөөдөр тийм судалгаа алга. ЮНЕСКО хэдэн жилийн өмнө “Хэлний мөхөл” гэж том төсөл зарласан. Маш олон улсад тодорхой ажлууд хийгдсэн. Орос мөхөж буй аялгуу гэсэн том хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хятад ч ялгаагүй олон үндэстэн, ястныхаа хэлийг хамгаалах талаар их ажил хийж байна.
Бид ч бас нутгийн аялгуунуудаа хамгаалах ажлыг хийх ёстой. Монгол хэл амьд байвал монгол хүн, монгол сэтгэхүй амьд байна.

Дэлхийд одоо маш эрчтэй хөгжиж буй нэг шинжлэх ухаан байна. Нийгэм соёлын хүн судлал гэж. Соёлын хүн судлал, нийгмийн соёл гэсэн хоёр тусдаа шинжлэх ухааныг нийлүүлсэн шинэ шинжлэх ухаан. Манайд энэ чиглэлийн анхны бүтээлийг С.Бадамхатан гуай хийж байсан. Хөвсгөлийн дархад ястны дунд улирал бүрд нэг сараар очиж, ард түмнийх нь дунд амьдраад “Хөвсгөлийн дархад ястан” гэж мундаг ном бичсэн.
Саяхандаа бол МУИС-ийн Хүн судлалын тэнхимийн багш Д.Бум-Очир Дээд монгол Хөх нуурын монголчуудын дунд хэдэн сар амьдарч, судалгаа хийгээд Кембриджид эрдмийн зэрэг хамгааллаа.
Энэ шинжлэх ухааныг манайх өөрийн нөхцөлд хөгжүүлж, ястан үндэстнийхээ дотор нь байж судалдаг судлаачдыг бэлтгэн хэл, ёс заншил, амьдрах орчин, эдийн засаг, сэтгэл зүй, урлаг соёлыг нь иж бүрнээр судлах судалгааны объект болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол үндэстэн ястнуудын соёл байхгүй болох нь. Хэдэн дуу шүлэгхэн л үлдэж байх шиг. Хүний оюун санаанд явж байгаад хүнтэйгээ хамт алга болдог бидний мэдэхгүй тэр үнэт зүйлс, агуу өвүүдээ алдаад байна. Өвгөд хөгшид настайчууд маань асар их юмыг оюун ухаандаа тээж яваа. Бид түүнийг нь авч үлдээгүйгээс асар их үнэт зүйлс газар доогуур орж байна.

-Тэгж алдсан, цаашид алдахаар болчихоод байгаа тэр зүйлсийн талаар тодруулж яриач?

-Соёл гэдэг нэг талаасаа маш эмзэг зүйл. Хүний оюун ухаанд байдгаараа. Алдчихвал нөхөж сэргээх боломжгүй. Миний мэдэхээр Л.Агваанжамбал гэж Монголын алдартай ерөөлч, магтаалч байлаа. Тэр хүн хэчнээн олон сайхан уртын дуу мэддэг байв. Ганц хоёр дуу радиод бичүүлээд л бусдыг нь аваад яваад өгсөн. Тэр сайхан, ялангуяа хардэл аялгуугаар дуулдаг дуунуудыг нь аваад үлдчихсэн бол.

Баянхонгор аймаг гүр дууны эх орон. Тэнд гүр дууны Норовшаравын том соёл, дэг сургууль байсан. Гүр дуугаар доктор болсон, урлаг судлаач Л.Эрдэнэчимэг Баянхонгорт явж байхдаа гүр дууны их сантай нэг өвгөнтэй уулзаж л дээ. Өвгөний бие тааруу байснаас дараа уулзаж дууг нь бичиж авахаар болж. Гурван сарын дараа сураглахад нөгөө өвгөн нь явчихсан байж. Хажууд нь байж ханиад нь эдгэхийг хүлээж байгаад гүр дуунуудыг нь бичээд авчихсан бол нэг том соёл тэр өвгөнтэй хамт үгүй болохгүй байсан гээд одоо амаа барин харамсдаг юм.

Баларч байгаа, үгүй болж устаж байгаа соёлыг нэг хүн өөд татахад л үлдэж чадна. Хамгийн гол нь сэтгэлтэй хүн хэрэгтэй. Тийм хүн цөөдөхгүй. Арван хүн байхад л Монголын соёлыг аваад үлдчихнэ шүү дээ.
Морин хуурын нэг том төрөл цуух хуур гэж бий. Буриадын ард түмний, буриад аялгуундаа тохируулсон хоёр чавхдастай хуур. Л.Эрдэнэчимэг Булганы Тэшиг суманд явж байгаад нэг хуур олсон нь цуух хуур. Их гоё дуугаралттай тэр хуур одоо дэлгэрчихлээ шүү дээ. Хуурыг урлаж, аялгууг нь сонсоод, тоглолтод хэрэглээд явж байна.

Хамгийн гол нь соёлыг хайрладаг хүндэлдэг хүний мэдрэмж их чухал байдаг юм байна. Ард түмнийхээ оюун санаанд байгаа зүйлийг аваад үлдэх боломж байна.
Дунд сургуулиудын дуу хөгжим, уран зохиолын багш нарт хандаж, тодорхой асуудлаар аян зохиовол маш их үнэт зүйлсийг агшин зуур хурааж цуглуулан нэгтгэн дүгнэх боломжтой. БСШУ-ны яам соёлын асуудлаар тодорхой хөтөлбөрүүд дэвшүүлээд ард түмэн нь хэрэгжүүлэхэд ганцаас газар дүүрнэ гэгчээр маш их зүйл хуран цугларч чадна. Түүнийг оюун санааны эргэлтэд оруулах боломж байна.

-Буган чулуун хөшөө, археологийн дурсгалууд ор сураггүй алга болж байгаа мэдээллүүд сүүлийн үед их гарч байна. Хамгаална гэхээр эзгүй хээр байгаа тэр түүхэн дурсгалуудаа яаж хамгаалмаар юм бэ дээ?

-Хэдэн мянган жил нар салхинд байсан хадны сүг зургууд сүүлийн үеийн их дулаарал, хэт хүйтрэлээс болж баларч байна. Өвөг дээдсийнхээ нарийн арга технологиор бүтээсэн энэ бүтээлүүдийг хадгалж хамгаалахгүй бол бүгд алга болох нь. Хүн төрөлхтөн үнэт зүйлсээ хадгалах шинжлэх ухааныг бий болгочихсон. Бусдын тэр арга ухааныг судалмаар байна.

Тухайн нутгийн ард түмнийг түүх соёлоо хайрладаг, бахархдаг, түүнийгээ нүд цавчилгүй харж хамгаалдаг тийм хүмүүжил, сэтгэлтэй л болгох хэрэгтэй юм.
Сурталчилгаа байхгүйгээс ямар үнэ цэнэтэйг нь нутгийнхан мэдэхгүй байна. Хэнтийн Мөрөн суманд Киданы их бага бичгийн дурсгалууд гээд Салбар уулсын хадан дээр бичсэн бичээсүүд байдаг юм. Одоо балрахын аюул тулгараад байна. Хажууд нь алтны уурхай энэ тэр нээгдээд хэцүү л болж байх шиг. Тийм газруудын ойр орчмыг хамгаалах, нутгийн ард түмэнд нь ойлгуулах, танин мэдүүлэх, төр засгаас дүрс бичлэгийг нь буулгаж, хадгалах ажлыг цаг алдалгүй хиймээр.

Булш бунхнаа хамгаалдаг соёлыг бий болгохгүй бол бас л хэн дуртай нь ухаж төнхдөг болчихоод байна. Чингис хааны Их засаг хуулинд нэг гайхамшигтай заалт байдаг юм. Эзлэгдсэн орны ард түмний булш бунхныг ухаж төнхөж болохгүй гэж. Харийн орны соёлыг Чингис хаан өөрийнхөө хуулиар хамгаалж байж. Эрт дээр үеэсээ түүх соёлоо хамгаалдаг, түүнийгээ хуулиндаа тусгадаг гайхамшигтай соёлтой ард түмэн байсан юм шүү, монголчууд.

2 Сэтгэгдэл:

Anonymous said...

Энэхүү ярилцлагыг өгсөн танд маш их баярлалаа. Хойч үедээ нэгийг бодогдуулж, 2 тунгаах сайхан сэдэв байна. Да ялангуяа бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн соёл, монгол гэрийг хадгалан хамгаалан авч үлдэх торгон агшин өнөө үеийн бидэнд тулгарч буй чухал асуудлын нэг нь юм. Мөн өвөгд дээдсийн алтнаас ч үнэтэй аман туйлс сургааль, уламжлалт эмчгээний домийн арга гэх мэт маш олон үнэт зүйлсүүд өдрөөс өдөрт ховордсоор байгаа нь тун харамсалтай. Хүнтгэсэн: Эрдмийн тусгал

Anonymous said...

ene medeelleg mailaar away

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Монгол кинонууд үзэх

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах