Газрын төлөө жинхэнэ тулалдаан эхэллээ! О.Дашбалбар.Хөх тэнгэр сонин 1997 он төгсгөлийн 5-р хэсэг
“Дэлхийд хоёр зуун жар гаруй үндэстэн нэрлэгддэг, түүнээс бие даасан цэвэр үндэстэн арав байдгийн нэг нь Монгол” юм. Одоо манайд хүн амын бодлого алдагдаж, хүйсээр уусгах ажил үргэлжилсээр байхад төр маань түүнийг хүлээн зөвшөөрч байгаа юм шиг харийнхны цуваа үргэлжилсээр л… Хүн амын 51.5 хувь нь эмэгтэйчүүд Хүний эрх гэдгээр далимдуулж, тэднээс мянга мянга нь харийнхэнтэй цус холилдож эхэллээ. Хүн амынх нь 40 хувь л эрлийз, хурлийзууд болбол түүнийг үндэстэн гэж тооцдоггүй! Монгол үндэстэн оршин тогтноё гэвэл газар нутгаа, бүсгүйчүүдтэйгээ цугт нь хамгаалж, төрийн зүгээс “хүйсний бодлого явуулахгүй бол” Гумилёвын хэлснээр Монгол гэдэг үндэстэн 500 байтугай 50 жилийн дараа л устах нь!... Хөрөнгөт нийгэм мөхөл рүүгээ шааригдаж байна. Тэд авралын гуравдагч замыг хайж байна. Социализм алга болсон гээд дайн тулаан, өлсгөлөн, мөлжлөг, үхэл хагацал, өвчин зовлон, дутах гачигдах алга болсонгүй! Өнөөдөр бид 70 гаруйхан жил оршин тогтносон социалист систем дээр бүх “хар ачаагаа” үрүүлж буй ч, тэр далан жилээс өмнө ч хүн төрөлхтөн байлдаж, шударга бус явдал, мөлжлөг, хүсэл шунал байсаар л ирсэн!... Монгол өөрийн гэсэн хөгжлийн зөв зам сонгохын оронд үеэ өнгөрөөж буй капитализм руу шааригдаж байна. Европчууд хотжилтоос уйдаж, аглаг буйд эзэнгүй газар руу, эрүүл саруул байгаль руу зугтаж байна. Харин монголчууд дэлхийд хаа ч үгүй агаар, ус, өвс, ногоо, гоо сайхан байгалиасаа зугтаж, утаа униарт үймээнт хот руу тэмүүлж байна. Соёл иргэншил солигдохоос үүссэн эмгэнэлт явдал Монголд удтал үргэлжлэх биз. Бид түүнийг дааж гарах эсэх ч ойлгомжгүй байна. Хорин нэгдүгээр зуунд цэвэр агаар амьсгалахаар Монголд ирэх ёстой харийнхан, өөрсдийн болоод бидний муугаас болж, XXI зууны дэлхийн төмрийн хогийн овоолгыг үзэхээр л Монголд ирэх байх даа! Дэлхийн ундны усны хагалбар, дэлхийн салхины хагалбар Монголыг минь дэлхийнхэн өөрсдөө ч гэсэн хайрлавал, хожмоо өлзийтэй байх даа. С.Фишер, Р.Дорнабуш, Р.Шмалензее нар туурвиж, 1983, 1988 онуудад дэлхийн олон улс оронд хэвлэгдсэн “Эдийн засгийн ухаан” номноос үзэхэд, тэд “цаг хугацаа бол капитал ба газрын эдийн засагт гол үүрэг гүйцэтгэдэг юм” /323-р тал/ гэсэн нь анхаарал татаж байна. Монголын хувьд газрыг өмчлүүлэх цаг нь болоогүй гэдгийг өөр олон баримт татан өгүүлсэн ч болно. Өвгөн Ч.Төр саяхан надад ирүүлсэн захидалдаа: “Америкчууд үйлдвэр байгуулахаар газар нь улсынх учир нэг л өдөр авна гээд, эргэлзээтэй Монголд хөрөнгө оруулснаас, африкийн Гана-д оруулсан нь дээр” гэж Ж.Чойнхор /АНУ-д суугаа Монголын элчин төвийн сонинд өгсөн ярилцлагадаа дурдсаныг ишлэл авчээ О.Д/ ярьсан нь нэгэнт дэлхийн эзэн болсон тэдэнд хахир хатуу улиралтай, ухаан барагдах баялагтай манай нутаг хэрэггүй, харин өргөн баялаг нутагтай, орос, үхэж барагдахгүй хүнтэй хятад хоёрын дунд цэрэг буулгах газартай байх сонирхлоор манай нутагт эзэн суух гэснээс бус, согтуу, залхуу хэдэн монголыг тэтгэх гэж байгаа юм биш ээ! Хотын захын борчууд бидэнд зэвтэй төмөр, хөсрий модоор тойруулсан хашаа, шавар оромж, ноорхой гэрээс өөр өмч үгүй, худалдъя гэвэл хүн тоохгүй! Хэрэв хашааны газрыг хувьчилбал өлссөн бид худалдаж, хятадын өмч болно. Улиастайн амыг баатар аварга буюу баян Л.Болд өмчилж авбал, өмхий ногоогоо тарьж, өл залгадаг бидэнд өртөггүй ус олдохгүй болохоор турж үхэхээс өөр замгүй болно…” гэж халаглан бичжээ. * * * Эрхүүгийн их сургуулийн хуулийн ангийг 1966 онд төгссөнөөс хойш сумын прокуророос эхлээд Улсын Дээд шүүхийн дарга хүртэл хууль цаазын албыг 30 шахам жил хашсан туршлагатай хуульч, хууль цаазын ухааны дэд эрдэмтэн Л.Рэнчин: “газрыг өмчлөх буруу. Манайх шиг бэлчээрийн мал аж ахуйтай оронд газар өмчилж болохгүй. Газар гэдэг Монгол үндэстний нэг гэр, нэг эх орон гэдгийг хэн ч , хэзээ ч мартамгүй. Сөрөг хүчин /тэр үеийн МСДН, МҮАН, О.Д/ газар өмчлөх талыг баримталдаг нь байж болошгүй буруу хандлага юм” гэжээ. /”Улаанбаатар” сонин. 1995.10.21. 200, 201/ * * * “Дэлхийн нэг амин судас болох Монголын газар шороог суурин иргэншлийн цементэн талбай болгохоос хамгаалж аврах тухай ярих ёстой юм…” /Дарь.Сүхбаатар “монгол тамга” сонин. 1995.3.29-30. ¹ 4/ * * * Хувийн өмчийг эзэмшигчийн эрхийн талаас нь аваад үзвэл хувь хүн өмчөө захиран зарцуулах нэгэн салшгүй эрх дагалдаж байдаг юм. Тийм учраас төрийн зүгээс бусад улс орны ямар нэг пүүс компанид хувийн өмчийн газрыг түрээсээр болон бусад хэлбэрээр аваад өгчих эрхгүйнхээ нэгэн адил, хувь хүн өөрийнхөө газрыг захиран зарцуулах эрхэд хушуу дүрэх аргагүй болно. Энэ бол нэг юмны хоёр тал. Үүнийг салгах аргагүй билээ. Үүний дээр хүн ам цөөн, уудам газар нутагтай манай орны өвөрмөц онцлогийг аваад үзвэл хувийн өмч болсон газраа өөрийн үзэмжээр захиран зарцуулчихаад өөр тийшээ шилжин яавахад дахиад газар олдохгүй гэхийн зовлон үгүй. Мөн манай хүн амд газартай харьцаж өчүүхэн бага газраас ч ашиг олз олдог эртний суурьшмал иргэдийн туршлага, дадлага байхгүй болохоор өөрийн өмчийнхөө газар дээр тэдний дадлага туршлагыг ашиглан, харилцан ашигтайгаар хамтран ажиллахыг хориглох аргагүй билээ. Баяжиж хөрөнгөжих бодол санаа хувь хүнийг ямар ч байдал руу түлхэж болох бөгөөд тийм л эсрэг тэсрэг санаа бодол цухалзан Улсын Их Хурал дээр улайран тэмцэлдэж байсан тэр үед энэ бол бодол санаа намайг “ардчилагчдын” эсрэг зогсоход хүргэж 1992 оны 1 дүгээр сарын 7-ны “Үнэн” сонины дугаарт “богд уулыг би авья” гарчигтай егөө сануулгыг бичиж байсан билээ. Саяхан түүхийн нэгэн эрдэмтнээс энэ талаархи түүхэн уламжлалыг бичиж байсан билээ. Саяхан түүхийн нэгэн эрдэмтнээсээ энэ талаархи түүхэн уламжлалыг сонирхон асуувал “Манай түүхэнд газрыг өмчлөгч нь төр, эзэмшигчид нь хошууд, эдэлбэрлэгч нь ард иргэд байсан юм. Хэрэв газрыг хувийн өмчид өгөөд тасдаж хуваагаад эхэлбэл мал аж ахуйн нүүдлийн уламжлал маань алдагдаж, суурьшмал иргэншлийн байдалд шилжих нөхцөл болчихож мэдэх юм. Тэгвэл монгол үндэсний маань амьдралын хэвшил монгол биш л болно гэсэн үг дээ. Их л бодох хэрэгтэй юм” гэж ярьж байсныг энд бас дурьдахад илүүдэхгүй. /Иргэн О.Лхагва/. * * * Тодруулга: АНУ, Японы элчин сайдын яамд шинээр газар түрээслэн авчээ. Тухайлбал 1992 оны 3 дугаар сарын 30-нд гарын үсэг зурсан хэлэлцээрийн дагуу Япон улс 99 жилийн хугацаагаар 8400 ам.метр газрыг 1400000 амрик доллараар авчээ. АНУ түрээслэн авсан газрынхаа төлбөрт жил бүр 30 мянган америк доллар өгөх юм байна. Т.Нэргүй /”Ардын эрх”. 1993.12.3. ¹ 199/ /Газар буюу амьдрах орон зайг гадаадынхан чухам яаж үнэлдэг нь эндээс харагдаж буй. Зөвхөн үүний төлөө л, өөрөөр хэлбэл уут уут доллар нүдэнд нь харагдаад, зүүдэнд нь үзэгдээд буй учир газраа “эх орноо” худалдах санаа санай дээдчүүл, баячуудын сэтгэлд төрөөд байгаа юм. Тэр яахав, асар их мөнгөтэй болоод өндөр хөгжилтэй гэгддэг орнууд руу цагаачлаад явчихна. Оронд нь эх орны минь газар шороон дээр үеийн үед суух харийн цагаачид нь ирэх юм /О.Д/ * * * Түрээслэсэн өмчлүүлсэн газар дээр ирсэн цагаачдын 2-3 үе шинээр буй болно. Тэд цаг нь болоход тийм асархан Монголоос гарна гэж үү?... 99 жил нь дууслаа…! “За, одоо түрээсийн хугацаа өндөрлөв. Та нар эх орондоо буц! … гэж хэлэх үед, өөдөөс битгий хуцаж бай, миний өвөг эцэг, эмээ ээж энд нойрсож буй, энэ газар шороон доор миний ээж, аав буй, миний ах дүү, төрөл төрөгсөд буй. Би явахгүй. Бид энд төрж, энд өссөн. Энэ чинь бидний эх орон! Бид хаашаа ч явахгүй. Бид эндээ үлдэнэ, амьдарна. Хүчээр явуулна гэвэл бид тэмцэнэ, тулалдана гэвэл яах вэ? Бид Хятад, Америк, Энэтхэг шиг аугаа их гүрэн биш, жижигхэн Монгол шүү дээ. Газрыг монголын иргэдэд өмчлүүлэх байтугай, гадаадын иргэдэд хэт урт хугацаагаар түрээслүүлэх ч буруу! За яахав нэг хэсэг нь гараг, хэн гарах вэ? …Баячууд нь! Баян хүнд эх орон байдаггүй. Тэд бүх мөнгөө гадаадын банкинд шилжүүлчихээд, тэр мөнгөө дагаад гараад явчихна. Харин ядуу дорй, нөгөө арчаагүй нь үл үлдэнэ шүү дээ! /Яруу найрагч, сэтгүүлч Д.Чинзоригийн ярианаас/ * * * Хүн ам цөөн, нягтрал бага нөхцөлд газрыг үйлдвэрлэлийн зорилгоор ашиглах, тариалангийн талбайг хувьд өмчлүүлэх зэрэг нь хүн амын удмын санд ч яваандаа нөлөөлнө. Яагаад гэвэл үйлдвэрлэлийн гол хэрэгслээсээ /газраасаа/ хөндийрөхийг хэн ч хүсэхгүй учир хүн амын нөхөн үйлдвэрлэлийн хүрээ нэг л орчинд эргэлдэх болно. /Өмнөговь аймгийн Булган сумын Засаг дарга Ц.Поль “Үнэн” 1993.12.17 ¹106/ * * * Монгол төртэй, хуультай, тусгаар тогтносон бүрэн эрхтэй улс л юм бол газар төрийн мэдэлд байхаар өөр хувилбар хайх нь оюун ухааны хомсдлын хам шинж болно гэхэд хатуудахгүй биз ээ. Газар эзнийхээ ясыг гадаадынхнаар бариулахгүй. бид өөрсдөө эхийнхээ толгойг түшиж, дэр болно гэсэн саналаа дэвшүүлье. /Прокурор Банзарын Дамдинсүрэн/ * * * Шинэ Үндсэн хуулинд “…газрыг хувьд өмчлүүлж болно” гээд биччихсэн болохоор хэн дуртай хүн монгол орноор тоглох эрхийг нээж өгсөн гэж хэлбэл нэг их алдаа болохгүй бизээ. Тэрхүү “өмчлүүлнэ” гэсэн ганц үг Монгол үндэстэн гал голомтоо тулж, хэдэн мянган жилийн турш эзэгнэн суугаа эх нутгаа хэн дуртай хүний мэдэлд өгнө гэсэн төдийгүй, ирээдүйд Монголыг устгана гэсэнтэй адил аа! Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлэхэд ганцхан тэр “өмчлүүлэхийг зөвшөөрөөгүй” нь нууц биш! Худлаа гэх нээ “гагцхүү газрыг л хувьд өмчлүүлж болохгүй” гэж хэдэн мянган хүн, Үндсэн хуулийн комисст ирүүлсэн захидалдаа бичсэн байлаа. Энэ мэтээс үзэхэд газрыг хувьд өмчлүүлэх, гадаадынханд удаан хугацаагаар эзэмшүүлэх үзэл санааг ард түмний араар сэм хуйвалдсан тодорхой хүчин дэмжин хөхүүлж байгаа нь т одорхой. Зөвхөн төвлөрсөн газарт оршин суугчид газар өмчлөх эрхтэй болсон нь угтаа монголын харьяат болсон буюу түрээслэгч нэртэй гадаадынханд газраа бүрмөсөн өгч, дөрвөн цагийн эргэлтэнд бэлчээр даган гандаж явдаг малчин ардыг харийнхны нэргүй зарц болгоно гэсэн хортой зүйл биш гэж үү? Монголын малчид аль ч төрийн үед өөр нарыг харалгүй болл зардсын маягтай явж ирсэн боловч уудам дэлгэр газар нутагтаа чөлөөтэй нүүдэллэн, хэний ч эрхшээлгүй аж төрж байсны хүчинд тэд эх орныхоо жинхэнэ эзэн шиг байж чадсан юм. Харин шинэ Үндсэн хуулинд малчдад халгаатай заалт орсноос хойш ус, бууц, хонхор жалганы хэрүүл гарч, миний чинийдээ хүрч ташуур зөрүүлдэг нь ерийн хэрэг болсон байна. Ганцхан жишээ хэлэхэд малчид ган зудын аюулаас дайжин бусдын нутагт нүүдэллэн очиход өөдөөс нь хөөж туух наад захын хэрэг болсон төдийгүй… цаадуул нь хүний өвөлжөөг шатааж хариугаа авах жишээтэй. Хоорондроо дайсагналцаж байдаг боллоо. Бэлчээр нутгийг өмчлөх эрхгүй мөртлөө малчид ингэж байгаа юм. Газар нутаг гэдэг улс үндэстэн оршин тогтнохын үндэс учир, түүгээр хамаагүй оролддоггүй байжээ. Газрыг хувьд өмчлүүлнэ гэдэг бол монгол хүний газраас нь салгах гэсэн холын хорон санаа болох нь ойлгомжтой. Хэрэв зээ газрыг хувьд өмчлүүлэхээр хууль батлагдвал хэн дуртай нь дорнод монголыг тасдаад бусдад өгөхөө сийхгүй байх аа!... Үндсэн хууль нохойд барьдаг мод биш атал түүгээр халхавчлан их муухай юм үйлдэж магадгүй царайтай болчихлоо. Энэ янзаар байвал Үндсэн хууль маань ард түмний эрх ашигт үйлчлэх биш, эсрэг хандах болж мэднэ. Монгол орны газар ашигладаг хэлбэр нь их өвөрмөц учраас түүнийг хайхрахгүй байж болохгүй. Хэрэв зээ хэн нэгэнд түрээслүүлдэг юмаа гэхэд хугацаа нь арав, хорин жилээс илүү байж таарахгүй. Газар нутаг гэдэг өвөг дээдсээс хойч үеийнхэндээ үлдээсэн хөдөлшгүй даххан өв юм. Чин үнэнийг хэлэхэд өнөөдөр сул байгаа газрыг маргааш бидний үр хүүхэд, хойч үеийнхэн эзэмшинэ шүү дээ гэдгийг ямагт санаж, эцэг өвгийн гэрээс ёсоор тоо сөөм газрыг ч өөрийн, хүний хэнбугайд ч худалдаж, өмчлүүлэх ёсгүй… Зарим нэгэн хүнд цэлгэр уудам эх орны минь хээр тал нь хэрэгцээгүй хаягдсан газар мэт харагдаж, түүнийг хэн нэгэнд өгөөд оронд нь гоёмсог машин авч, амралт зугаалгын газар хэсэн явах юмсан гэж хүртэл боддог байж болох юм. Монголчууд газраа заавал хувийн өмч болгохгүйгээр, бусдад өгч ноолуулж, тахлуулахгүйгээр хайрлан хамгаалж зүй зохистой эзэмшиж чадна. Газар нутагтаа их элгэмсэг халуун сэтгэлээр хандаж, шүтэн биширч, хайрлаж чаддаг үндэстэн бол манай монголчууд мөн. Тийм бишсэн бол яаж өдийд ийм их баялагтай, дэлхийд гайхуулам сайхан эх орныг яаж хадгалан үлдэж чадах вэ? дээ. Газар бол монголын амь, манай тусгаар тогтнол, бүрэн дархан байдлын баталгаа гэдгийг бид хэзээ ч огоорч болохгүй. Хэрвээ газраа хувийн өмч болговоос манай монголын гол тасрах нь тэр! Яагаад гэвэл бидний үхэх сэхэх нь газар маань хүний мэдэлд байхтай шууд холбоотой учраас юм. Аль юмаа үрэн таран болгох вэ дээ, та минь, гагцхүү ариун газар шороогоороо дэмий оролдож, гай түйтгэр удаж, гал, голомтоо самрахгүй байхыг хичээе. /Зохиолч Д.Зандраабайдий/ * * * “Хадаас дутсанаас тах мултрах, тах мултарснаас морь бүдрэх, морь бүдэрснээс хүн сүйдэх… энэ бүхэн бол цөм тахны ганц ширхэг хадаасыг анхааралгүй дутуу орхисноос болсон бус уу?” гэж их ухаантан Б.Франклин хэлжээ. “Газар өмчлүүлснээс харийнхан суурьших, харийнхан суурьшсанаас монгол үндэстэн алдрах, монгол үндэстэн алдарснаар тусгаар тогтнол алдагдах, тусгаар тогтнолоо алдсанаар Монгол Улс мөхөх… Энэ бүхэн бол цөм хуулийн ганц заалтыг анзааралгүй дутуу орхисноос болох бус уу?” …гэж асуумаар байна. /О.Дашбалбар/ * * * Дэлхийн улс орнуудад газрын хэвлийг эмх замбараагүй оролдсоноос байгалийн гэнэтийн аваар, осол ихээхэн гарах боллоо. Газрын хэвлийдээ хууль бусаар хандвал байгаль дэлхийн хилэгнэж, хариугаа тун хатуу авдаг юм байна. Иймээс газрын хэвлийгээ эхийн хэвлий шигээ нандигнаж хайхрах учиртай. /Монголын “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэгтэн Цэдээгийн Жанчив/ * * * Манайх шиг га-гаас аравхан центнер үр тариа хураадаг орон үгүй. Дэлхийн улс орнуудад га-гаас 60-70 центнер, зарим жил 2-3 ургац авдаг. Энэ алдагдалтай салбарыг төр өөрийнхөө ивээлд авч явснаар Монгол Улсын 2 сая хүнийг 30 мянган тариаланч механикжуулагчид талх тариа, гурил, төмс, хүнсний ногоогоор бүрэн хангаад, илүү гарсныг нь гадаад гаргаж валют олж байсан. Сүүлийн хэдэн жил газар тариаланг хувьчилж, элдэв хувьцаат компани, энэ тэр болгоод юу болов. Үр тариа, гурил будааны байнгын дутагдалд орж, гадаадаас асар өндөр үнээр, эсхүл эх орны үнэт баялгаа гаргаж, гурил авчирдаг боллоо. Газраас тоглосны гай өчүүхэн энэ жишээнээс ч харагдана. Газрыг өмчлүүлэх, газрыг эзэмшүүлэх хоёр огт өөр зүйл. Өмчлүүлнэ гэдэг бол захиран зарцуулна гэсэн үг. Захиран зарцуулна гэдэг бол би худалдана уу, түрээслүүлнэ үү, ашиглуулна уу, эзэмшүүлнэ үү энэ бол миний хэрэг. Өмч л бол өмч. “Хувийн өмч халдашгүй”гээд Үндсэн хуулинд заачихсан юм чинь. Газрыг өмчлүүлбэл бид яаж ч чадахгүй. Тэр ч байтугай газрыг хувьд өмчлүүлбэл, түрээсэлж авах харийнхан нь тэндээ хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэл явуулах нэрээр ажиллах хямд хүч, бүр харууд хүртэл чөлөөтэй орж ирэх боломж бүрдэнэ. Иймд газрыг хувьд өмчлүүлж болохгүй. /Улсын Их Хурлын гишүүн А.Болат/ * * * XII зууны сүүлч, XIII зууны эхээр Монголын нийгэмд өмчийн харилцаа хүчтэй болж өмч хөрөнгийн тэнцвэргүй ялгаа ихээр үзэгдэх болов. Харин мал хувийн өмчид байсан хэдий боловч бэлчээр, нутаг, ус нь аймаг, овгийн өмч хэвээр байлаа. Зогсоо зайгүй нүүдэллэж байсан малчин ард түмэн тогтмол нутагт суурьшиж газрыг хувийн өмч болгон эзэмших бололцоогүй байж. Бас тэгээд газрыг хувьд өмчлүүлэхээс Монголын хаад, ноёд, зонхилогч нар ихэд болгоомжилж хааны буюу улсын мэдэлд байлгахаар байжээ… …Нүүдлийн мал аж ахуй зонхилсон Монгол оронд мянгатын систем тухайн үедээ тохирч байжээ. Малчид малын бэлчээрийг чөлөөтэй ашиглах, малчдын ийш тийш тасран нүүж салахаас сэргийлэх, ноёдууд газрыг яг өөрийн хувийн өмч мэт үзэж, бусдад дамжуулан эзэмшүүлэхээс хамгаалах зэрэг болно. Өөрөөр хэлбэл Их Монгол Улсын үед газрыг мянгатын системээр дамжуулан улс гартаа атгаж байжээ. …Монголчуудын мал сүргээ үе улиран бэлчээрийн нарийн аргаар адуулан өсгөж ирсэн түүхэн явцад үүсч бий болсон мэдлэг ухаан, нууц технологи, өвөрмөц ёс, байгаль дэлхийг хүндлэн харьцдаг чанар зэрэг нүүдлийн соёл иргэншлийн нээгдээгүй их өвийг өнөө хүртэл судалж мэдээгүй хэвээр л байна. Ганц жишээ дурдахад л маш нарийн технологит ухаанаар хуурай сүү хийхийг дэлхийд анх удаа монголчууд нээжээ гэхэд өчүүхэн ч хилсдэхгүй буй заа. XIII зууны үед байсан шиг тийм онгон амьдралын дотоод нууцыг өнөө хүртэл гадныхан ойлгохгүй, мэл гайхан зөвхөн өнгөцхөн тайлахыг оролдсоор байна. Тэр ч байтугай тийм өвөрмөц иргэншилт амьдралаа өнөө үед монголчууд бид ч ойлгохгүй болж эхэлж байгаа нь харамсалтай. Чингис тэргүүтэн ухаант дээдэс сургаснаас үзвэл тийм өвөрмөц амьдралын нууц нь мал, малчин, бэлчээр гуравт л байсан аж. /Академич Чулууны Далай “Монголын түүх. Их Монгол Улс. 1206-1260 дэд дэвтэр/ Жич: Аугаа их Чингисийн төрийн бодлого бол нүүдлийн соёл иргэншлээ алдаж, суурин соёл иргэншилд шилжихгүй байх, хэрвээ суурин соёл иргэншилд шилжвэл цөөхөн хүн амтай Монгол олон арван сая хүнтэй /тэр үеийн улс гүрнүүдэд уусан живэхийг ойлгосон учир, тусгаар тогтнолоо хамгаалах үүднээсээ бэлчээр, газраа тариалан болгоогүй, мал сүргээ адуулахыг эрхэмлэж, үүгээрээ ч зуун зуунд Монгол Улсын үлдэх замыг тавьсан юм. Түүний төрийн бодлогыг алдуулсан Хубилай Их Монголыг суурин иргэншилд уусгаж, золтой л үгүй хийчхэлгүй, золоор сүүлд нэг хэсэг нь салсан билээ. Харь нутаг, дундад ази, европт одож, тэндхийн суурин ард иргэдийг захирагсад ор мөргүй алдарч, уугуул үндэстэнд нь уусан живсэн ч, бэлчээр нутгаа шүтсэн төв монголчууд нь нүүдийн соёл иргэншлээ өдгөө хүртэл авч үлдсэн билээ. Хэрвээ газраа хувьчилж, тарианы орон болгоод, бэлчээрээ сүйтгэж, суурин байгуулаад, малчдаа шахаж, үгүй болгосон бол Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурьсаа ч уу, үгүй ч үү? Газар шороо гэдэг бол өвөг дээдсийн минь үс яс, халуун амь шингэсэн баатруудын цус, түмэн үеийнхний хөлс, нулимс шингэсэн чамайг хорвоод ирэхэд тосож авсан уудам нутаг бүлгээ. Энд ээж, аав чинь оршиж буй, эсхүл орших болно. Энд эмээгийн чинь үлгэр, өвөөгийн чинь амьсгал, үе үеийнхний хүсэл сэтгэл шингэсэн. Чи ийм газрыг хувьд өгөөд, өөрийнхөө нэрээр харийнханд худалдах гээд оролдоод үз л дээ. Долоон үеэрээ доройтож, арван үеэрээ амьдарч чадахгүйн зовлонд унана даа! Бодогтун! /О.Дашбалбар/ * * * Нэг хот айлд эрт дээр Кумухаас зочин ирж бүх юмыг нь дараалан магтжээ. Түүний нүдэнд өртсөн бүхнийг л тэрүүнд өгөөд, явахынх нь өмнө ямар ч гэсэн та гутлынхаа шороог арч гэжээ. Тэгэхдээ уулынхан түүнд “Шороо бэлэглэдэггүй юм. Тэгээд ч бидэнд шороо хүрэлцэхгүй байна. Хамаг шороог хүмүүс гуталдаа наалдуулаад аваад явчихвал тариагаа бид юунд тарих билээ” гэжээ. /Расул Гамзатов/ Жич: ухаантай ард түмэн газар шороогоо ингэж хайрлаж, ингэж ойлгож, ингэж хамгаалдаг бол, бид газар шороогоо харийнханд өмчлүүлчихье, гэхдээ өөрсдийнхөө нэрээр гадаадынханд худалдчихья гэх нь холгой болж дээ /О.Дашбалбар/ * * * Дэлхийн бүх тэгш талыг өгсөн ч бид энэ уулын үүрээ, энэ өчүүхэн хэсэг газраа, энэ муруй тахир зөргөө өгөхгүй. Энэ газар чинь биднийх. Түм түмэн жилээр үүнийг бид өвчтэй хүүхэд адил асарч тордсон юм. Бид эндхийн шороог хадан дээр зөөж тэгшилсэн юм. Түүнээ бид зөөж усалдаг. Бидний авдаг ургац муу ч үр бүр хь цэгнэшгүй юм. Ийм ч учраас манай энэ нутагт зүсэм талханд хүн мөргөдөг юм /Уулын өвгөний үг/ Аяа, биднийгээ хамгаалж, авран тэтгэгч сахиус, газар нутаг минь!... Таныг минь худалдах, бусдад өмчлүүлэх гэж буй оюун санааны хомсдлоос биднийгээ аварч хайрлаач. Бүү бусдын улан доор гишгүүлж, гиншин зовох тавиланг эдлээч! гэж үрс чинь гуйж байна. Үүрэглэн самуурч, мансууран балартаж буй ой ухааныг маань сэргээн, сэтгэл дотор минь газар нутгаа харйлах шидийг улам чанга дэлдэж өгөөч! /О.Дашбалбар/ * * * Монгол орны нөхцөлд газрыг хувь хүнд өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхэд нийгэм эдийн засаг, сэтгэл зүйн болон бусад бэлтгэл хангагдаж, шалтгаан нөхцөл нь бүрдсэн байх ёстой. Гэтэл эдгээрийн аль аль нь өнөөдөр бэлэн болоогүй байна. -Манай орны хувьд газрыг хувийн өмч болгох нь дан ганц эдийн засгийн харилцааны зүйл төдий биш. Цөөн хүн амтай, уужим нутаг дэвсгэртэй, бэлчээрийн мал аж ахуй үндэс нь болдог онцлогтой монголын хувьд газрыг иргэдийн хувийн өмчид шилжүүлэх нь улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний уламжлалт соёл, зан заншил, аж төрөх ёсын болон экологийн олон асуудлыг шууд хөндөх болно. Гэтэл ингэж хөндөгдсөнөөс гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан харж чадаагүй, тэгэх бололцоо ч бүрдээгүй байна. -Монголын ард иргэд эрт үеэсээ газрыг хувьдаа өмчлөхгүйгээр эзэмшин ашиглаж, үр шимийг нь хүртсээр ирсэн өвөрмөц улам жлалтай. Энэ уламжлалыг өнөөдөр гэнэт, шууд таслахын тулд ирээдүй рүү чиглэсэн нарийн судалгаа тооцоо, тал бүрээс нь бодсон үзэл баримтлал гарцаагүй хэрэгтэй. Шинэ зууны босгон дээр ирээд байгаа Монгол Улсын хувь заяатай амин холбоотой энэ чухал асуудлыг шийдэхэд хөнгөн гоомой хандвал засаж чадахгүй алдаанд хүрэхгүй гэх газаргүй. Манай орон нүүдлийн аж төрөх ёс, суурин соёл иргэншил хоёрыг хослуулан хөгжихөөс өөр зам байхгүй. Гэтэл газрыг иргэдийн хувийн өмчид яаран шилжүүлэх нь энэ замыг эвдэхэд хүргэнэ. Ингээд үзэхээр Монгол Улсын үндэсний хөгжлийн замыг яаран боловсруулахаас нааш энэ асуудлыг шийдэх гэж оролдох нь эртэдсэн хэрэг болно. -Монголд газрыг иргэдийн хувийн өмчид шилжүүлэх гэвэл, алс холын утгаараа, бас эрх зүйн үндэс дутаж байна. Юу гэвэл “үе дундын өмчлөлийн хууль” үгүйгээр өнөөдөр газрыг хувьд шилжүүлэх нь монголын ард түмний өнөөгийн үе маань, ирээдүй үеийнхнийхээ газраа мэдэн эдлэх тодорхой эрхийг хохироосон болох билээ. -Манай улсад газрыг кадастр буюу газрын тоо бүртгэл, газрын эдийн засгийн болон түүний чанарын үнэлгээ, хөрсний ангилал бүрэн төгс хийгдээгүй байна. -Улсын Их Хурлын энэ оны намрын чуулганаар эцэслэн батлах гэж байгаа газрын тухай суурь хуулиар Монгол Улсын иргэн газрыг ашиглах, өв залгамжлан эзэмших эрхээр бүрэн хангагдаж байгаагийн дээр одоо ч манай иргэд, байгууллага газраа эзэмшин хашаа, байшингаа барьж, тариа ногоогоо тарьж, үйлдвэр үйлчилгээгээ явуулж байна. Энэ нь Монгол Улсын иргэдээ газраас хөндийрүүлэн хохироосон зүйлгүй гэдгийг харуулж байна” /Монгол Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэгт “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн төслийн талаарх намын байр сууриа илэрхийлж, МАХН-ын удирдах зөвлөл эл илгээлтийг 1994.10.13-нд гаргасан бөгөөд “Монгол Улсын газрын тухай” хуулийн төсөлд Монголын иргэдэд газар өмчлүүлэх талаар тухайн үедээ заалт орсонтой холбогдуулан МАХН-ын удирдах зөвлөл энэ асуудлаар олон түмний санал бодлыг тусгайлан судалж, эрдэмтэд мэргэжилтнүүдийн ярилцлага зохион байгуулж, намын хороодын болон нийслэл, аймгийн засаг дарга нарын санал авах зэргээр ажиллаж, тал бүрээс нь судалж үзээд газар өмчлөлийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. /Үүний үр дүнд хоёр жилийн өмнөх Улсын Их Хурлын намрын чуулган Монгол Улсад газрыг хувьд өмчлүүлэх асуудлыг хойшлуулсан билээ. Харин Монголын иргэд газрыг эзэмшиж, ашиглах, өв залгамжлах эрхээр бүрэн хангагдсан. Энэ нь эзэмшиж буй газар дээрээ тариа ногоо тарих, мал тэжээх үйлдвэрлэл явуулах, орон сууц, зочид буудал барих бүрэн эрхээр хангагдсан гэсэн үг. Гэтэл 1990 оноос хойшхи үе үеийн Засгийн газар “өмчлүүлэх” асуудлыг байнга, яаран оруулж ирсээр байгаа нь зөвхөн өнөө маргаашаа бодож “газар нутгаа зоосны нүхээр хэрчин худалдах” гэсэн санаархал гэж үзэхэд хүргэж байна. Өмнөх Засгийн газар ч таван удаа “Газрыг хувьд өмчлүүлнэ” гэсэн төсөл оруулсныг өмнөх төр нь хүлээж аваагүй билээ. Гэтэл одоогийн шинэ засаг, төр хоёулаа дөнгөж гарч ирмэгцээ газрыг хувьд өмчлүүлэх гээд байгаа нь ард түмнээ зах зээлд оруулах бус, газар нутгаа “дэлхийн хар зах дээр зарах” гэснээр өөрцгүй санагдана. Барууны номлол, үзлийг сохроор бишрэн дагаж, Монгол амьдрал ахуй, түүх, соёлоосоо тасарсан хурлийзууд “газрыг өмчлүүлснээр хүн газар хоёр ойртож, эзэмшилт, ашиглалт нь эрс сайжирна. Дэлхийн зах зээл хөгжсөн орнуудад газар хувийн өмч байдаг. Бид тэр жам ёсноос гажих үндэсгүй” гэж донгосож байна. Ийм хүмүүст “тэр жам ёс гэдэг чинь хуучирч, дэлхийн зах зээл хөгжсөн орнууд газар өмчлүүлсэндээ харин ч харамсч эхэлж байна. Моод монголоор дуусдаг гэдгийг бүү мартаарай! Жижиг үндэстэн газраа хувьд өмчлүүлнэ гэдэг нь их гүрэнд эх орноо худалдана гэсэнтэй адил шүү” гэдгийг дахин сануулъя. /О.Дашбалбар/ * * * “Хуурай гандуу, харьцангуй богино хугацаанд үргэлжилдэг дулааны улирал, ойр ойрхон давтагдах байгалийн гамшиг, нарны эрчим хүчний хөрсөнд шингэх ба ойх горим нь харь орноос авчирмал таримлуудын амьдралд зохимжгүй нөлөөлдөг байсан нь манай оронд газар тариалан хөгжихөд саад болдог байжээ. Иймээс монголчууд газрын шимийг зэрлэг ургамал, түүгээр тэжээгдэгч мал амьтнаар дамжуулан хүнс тэжээл, эдлэл, хэрэглэгдэхүүн болгон ашигладаг дадал заншилтай ард түмэн болжээ”. * * * “Сүүлийн зуугаад жилд манай нийгмийн амьдралд гарсан нэг нийтлэг үзэгдэл бол хотжих, том суурингууд үүсэх, байгаа нутгаа тэлэх явдал юм. Хот суурин газрын хүн ам, айл өрхийн бага хэсэг нийтийн үйлчилгээтэй орон сууцанд, ихэнх хэсэг нь хувийн хашаа байшин, гэрт оршин суудаг боллоо. Энд хүмүүс, айл өрх эзэмшиж буй газар дээрээ харьцангуй удаан суудаг. Үүгээрээ эдгээр хүмүүс, айл өрх нь байгаа газраа өмчилсөн мэт /үнэ төлбөргүй/ харагдах боловч, үндсэн хуулиар газар нь төрийн өмч учраас өөртөө ноогдох тодорхой хэмжээний газрыг түр эзэмшиж байгаа хэлбэр юм. Энэ нь ч гэсэн газрыг хамтаараа, дундаа өмчлөх хэлбэрийн газар ашиглалт даруй мөн”. “Газар бол автомашин биш, костюм ч биш, орон сууц ч биш, харин эдгээр өмчлөгддөг зүйлсийг буй болгодог эх сурвалж юм. Монгол улс гэдэг нь монголчууд, тэдгээрийн аж төрөн амьдарч байгаа газар нутаг. Ингэхлээр монголын газар нутаг тэртээ тэргүй монголчуудад түүхэн хувь тавилангаар ертөнцийн орон зайгаас хэсэглэн ноогдсон өмч учраас монголын газар шороо нь монголын хүн бүрийн өмч мөн. Монголын газар нутгийг монголчуудаас ондоо хэн ч өмчлөх эрхгүй. Үүнээс гадна газар нь үнэлж болшгүй, үнэмлэхүй хэмжигдэхүүнтэй баялаг”. * * * “Ер нь тодорхой хэмжээний газар өмчилсөн хүнд /айлд/ Алтай, Хангайн уулс, дорнын их тал, хээр нутаг, Номин, Шаргын говь гэх мэт Монгол орны есөн эрдэнэ бүрдсэн нутаг ус огт хамаагүй юу, хэрэггүй юу? Үгүй, Монголын иргэн хүнд нэг өчүүхэн газар өмч нь болж, бусад газар нь бусдын өмч байж хэрхэвч таарахгүй. Эдгээрийг эргэцүүлэн бодоод байхаар Монголын иргэн хүн нэг жаахан газрыг хуулиар өмчлөх эрхтэй байхад хүртэл тэр нь монгол хүний газар нутгаа эзэмшин эдлэх эрхийг хязгаарлан боогдуулсан үйл ажиллагаа болно…”. * * * “Газар өмчлөгч хүмүүс газраа төрийн байгууллагуудтай зөвшилцөн харь орны хүмүүст ашиглуулаад байвал 60-100 жил болоход монголын ихэнх нутаг гадаадын иргэдийн мэдэлд шилжиж, Монголын хүн амын нас биед хүрсэн хүн бүхэн гадаадын 1-2 “андтай” болох бололцоо буй болно…”. * * * “Дэлхий дээр бага дэвсгэр нутагтай, харьцангуй олон хүн амтай улсуудын газрын эзэд гадаадын хөрөнгө оруулагчдад өмчийн газраа түр эзэмшүүлсэн ба бүрмөсөн худалдснаас Газрын дундад тэнгисийн дүүрэг, Номхон далайн зарим арлууд дээр уугуул оршин суугчид нь өөрийн гэх газаргүй болсон буюу эх нутгаасаа хөөгдөх хүртэл гашуун зовлон эдэлсээр байгаа гашуун туршлага бийг бид бүхэн мэднэ…”. * * * “Таван зуугаад жилийн тэртээ Х.Колумба Америкийн эх газрыг олоход тэнд асар их эзгүй нутаг, нутгийн цөөн уугуул оршин суугчид байсан бол өнөөдөр янз янзын үндэстэн холилдон нэгдэж газар нутгийг нь нөмрөг суурьшиж, эзэмшээд уугуул иргэд нь тодорхой хэмжээний “дархан” газрын хүмүүс болтлоо шахагдсан туршлага ч байдаг” /Жич: Ирээдүйд монгол үндэстнийг холимог хуурга, бантан, коктейль болгох аюулт бодлогыг газрыг хувьд өмчлүүлнэ гэгчид болон гадаадынханд түрээслүүлэгчид явуулж байна. Монгол үндэстнийг устгах бодлого яг одоо эхлээд, энэ аюулт бодлогыг далайн чанадаас эзэд нь удирдаж, хэрэгжүүлэгчид нь монголын зарим улс төрийн хүчин, хүмүүс болоод байна. /О.Дашбалбар/ * * * “Манай улс бүх өрх айлдаа нэг га газар өглөө гэхэд улсынхаа бүх дэвсгэр нутгийн дөнгөж 0.33 хувийг эзэмшээд цаана нь 99.66 хувь нутаг эзэнгүй үлдэх юм. XXI зуун гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбум давж, олон оронд хүн амын хэт өсөлт болох нь харагдаж байхад Төв Азийн өндөрлөг нутагт 1.5 сая гаруй хавтгай дөрвөлжин км нутаг үндсэндээ эзэнгүй шахам байгаа явдал хэний ч анхаарал татах учиртайг бид бас тооцоонд авч бодолцох хэрэгтэй…”. * * * “Манай дэвсгэр нутаг харь орноос шилжин суурьших явдалд ямар ч сүрдүүлэг, зэр зэвсэг огтхон ч хэрэггүй. Зүгээр хамтран ажиллаж байгаа ба хөрөнгө оруулалт хийх гадаадын иргэд, тэдний хамаатан садан, хамтран зүтгэгчид, танил нөхөд, аялал жуулчлалаар ирэгсдээс үлдэж хоцорсон хүмүүс нутагшин суурьшсаар байтал манай улсын газрыг зураг, төрийн сүлд, далбаа үлдээд нэг мэдэхэд Монгол нэртэй олон үндэстний холимог улс болон хувирна. Энэ үед Монголчуудийн генийн санг хамгаалах, эрх чөлөөг дээдлэх, Монгол орны тусгаар тогтнол, үндэстний эрх ашгийн тухай ярих асуудал цаг хугацааны хувьд нэгэнт хожимдсон байх болно…”. * * * “Монголын төр засгийн бодлого өнөөдөр болоод цаашид Монгол руу тэмүүлэх болсон дэлхийн хүн амын нүүдлийг саатуулан, эх орон, ард түмнээ хаацайлан хамгаалах уу? эсхүл зөнд нь орхиж, олон орны иргэд дуртай газартаа шилжих суух эрхийг Монголын ард түмэн, эх орны эрх ашгаас дээгүүр тавих уу?” /эхний замаар явбал, ард нийт болон сэхээтнүүд дэмжих, хоёр дахь замаар явбаол бид Чеченүүд болж хувирах л үлдэх шив дээ. О.Дашбалбар/. * * * “Нэгэнт Монгол орны өвөрмөц нөхцөлд газрыг хувь хүмүүст өмчлүүлэх боломжгүй байгааг тоомсорлон үзвээс Монголын иргэд газрыг хэрхэн эзэмших вэ? гэдэг асуулт гарна. Манай улсын олон жилийн туршлагаас үзэхэд Монгол нутагт төрийн өмчийн газраас иргэд нь тогтоосон хэмжээний газрыг үнэ төлбөргүй эзэмшин эдэлдэг байсан. Цаашдаа ч энэ аргаар иргэддээ газар эзэмшүүлэх нь манай нөхцөлд илүү ашигтай байж болох юм. Тухайлбал 0.25 га газрыг иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлсэн тохиолдолд иргэд хүсвэл нэмж 0.25 га газрыг амьдрал, ашиг орлогод нь дарам т болохгүйгээр татвартай олгож болох юм. Энэ тохиолдолд /0.25-0.5 га-гийн аль ч хувилбарт/ газрыг эзэмшиж буй иргэд газрын шимийг ашиглан үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн борлуулбал төрийн байгууллагуудад ашгийн шимтгэлийн зохих журмын дагуу төлж байх нь зүйд илүү нийцтэй…”. * * * “Төрийн өмчийн газраас үнэ төлбөргүй эзэмших энэ хэлбэр бол газрыг хугацаагүй ашиглах хэлбэр бөгөөд уул газрыг чөлөөлөх шаардлага гарвал төрийн байгууллагаас түүний эзэнд шинээр газар олгож, тэнд байсан барилга байгууламж, эдлэл хэрэгслэлийг буулган, шинэ газарт шилжүүлэн байрлуулах болсны хохирлыг эзэмшигчдэд даатгалын хуулийн зохих заалтыг баримтлан төлж барагдуулах жишээтэйгээр уг асуудлах шийдвэрлэх үндэс байна. * * * “Мөн газрыг иргэдэд түрээсээр эзэмшүүлэх өөр нэг зам буй. Газрыг түрээсээр иргэдэд эзэмшүүлэх нь зохион байгуулалт, эрэмбэ журмын хувьд үнэ төлбөргүй эзэмшүүлэхтэй үндсэндээ адил боловч эзэмших хугацааг тодорхой зааж, ямар зориулалтаар ашиглах асуудлыг гэрээгээр тогтоон, түрээсийн хураамжийг жич хэлэлцэн тохиролцдогоороо ялгаатай байх болно. Газрыг түрээслэх эрхийг зөвхөн Засгийн газар гартаа барих ёстой. Яагаад гэвэл төрийн өмч болох газрын түрээсийн төлбөр нь зөвхөн улсын өмч /орлого/ байх болно. Иймээс хувь хүмүүс эзэмшлийн газраа харийнханд түрээслэж, валютын ашиг хонжоо олж, хэрхэвч үл болно…”. * * * “1. Монгол Улсын газар нутаг зөвхөн төрийн өмч байх 2. Монголын иргэд газрыг өмчлөхгүй 3. Монголын иргэд төрийн өмчийн газраас тогтоосон хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмших ба түрээлсэн эдлэх эрхтэй. 4.Монголын иргэд эх орныхоо газар шороог харь орон, тэдний иргэдэд түрээслэхгүй. 5.Монголын газар нутгаас гадаад оронд түрээслүүлэх эрхийг зөвхөн Засгийн газар өөртөө авах болно…”. /Дээрх бүх санал бодлыг академич О.Шагдарсүрэн гаргаж, жич ганц нэг тайлбарыг миний бие засварт нь хавчуулав О.Д/ * * * Ардчилсан Германы “анд нар” Жаргалантын САА-н орчим хичнээн ч жил алтны “хайгуул” хийж, хичнээн олон галт тэрэгний цуваа ачааг одоо нэгэнт үгүй болсон БНАГУ-руугаа шинжлүүлэхээр явууллаа даа? Тэгээд сүүлдээ Монголд Германы байгуулсан алтны уурхай ч үгүй, “шинжилгээнд” явуулсан их ачааны сураг ч үгүй хэсэг малтаж, ухаж төнхсөн газар, хоосон хонгилтой л үлдсэн. Өнөөдөр гадаадынхны олонхи нь тактикаа өөрчилжээ. Урьд нь Монголоос зөөдөг байсан бол одоо Монголын нутаг дээр суурьшихыг, нутаг дээр нь байхгүй болгохыг голчилдог болсон нь ажиглагдах юм. Гэхдээ өнөөдөр ч их багаар зөөдөг нь үргэлжилсээр байгааг хэлэхгүй байж болохгүй биз ээ. Үлгэр жишээ “япон тосгон” байгуулж, газар авч байна л гэнэ. Хятадууд орон сууцыг бараг л орц орцоор нь худалдан авч байна. …Энэ удаа тэдний орж ирэх явдлыг манж нар биш өнөөдрийн замбараагүйдэл, эд мөнгөний шунал, “ардчилал” гэж халхавчлагчид хаалгыг нь нээв бололтой. …Япон-Монголын хамтарсан “Говь” төсөл дуулиантайхан эхлээд дуугүй болчихоод буйн цаана юу нуугдаж байна? Дорнод Монголыг эзэмших Солонгосын төлөвлөгөө ч гэх шиг зүйл дуулдаж л байна. дараа нь сард америк руу сая төгрөгөөр ярьдаг “Монгол газрын тос” гэгч нэг хүчтэн төрж, гадаадынхантай нийлж юуй болоод байгааг нь дээрээ бүр мэдэхээ байсан шиг дуулдах аж. Тэгэхлээр доодос бидэнд мэдэх юм юу байх вэ? Гэтэл хэвлэлд мэдээлж, бичиж буйгаар бол бүх талын хямралд ороод байгаа Гүржид чин сэтгэлээсээ туслах үүднээс Английн нефтийн компаниуд зүтгэж, хагас жил хүрэхгүй хугацаанд нефтийн хайгуул хийж энэ оны эцэст, дараа оны шинэ жилийн босгонд, Христийн мэндэлсний баяраар нефтьтэй болгоно гэдгээ тэдний төлөөлөгчид Гүржийн төрийн тэргүүн Э.Швеарднадзд амлаж байхад “Монголын газрын тос”-ын маань 4-5 жилийн үйл ажиллагаа нь /одоо бол 6-7 жил/ мөнгө урсгахад л чиглэсэн мэт. Сая л нэг цооног өрөмдөхдөө их л сүр дуулиан гаргахыг урьдал болгосон нь учиргүй биш биз. Тэд Гүржид байгаа шиг цоо шинээр эрэх биш, хуучин ашиглаж байсныг сэргээх гэж ухнатаад, ухнатаад юу ч үгүй хуурай л байх юм. Өнөөдөр Монголд газрын хууль гарах, газар өмчлөх эрх олдохыг хүлээгсэд олон байгаа талаар хэвлэлд удаа дараа бичээд байгаа нь үндэстэй. Энэ хуулийн дараа монголыг юмыг гадагш нь зөөх биш, монголд суурьших “сайхан” боломж гарна даа. Энэ мэтийн том хүрээний зангарагтай “алсын хараатай” чиглэсэн бодлоготой явдлын дэргэд өчүүхэн мэт боловч гадаадынхан гаарч, монголчууд бид гааруулсаар байгаагийн жижигхэн зарим баримтыг сөхөж харвал яана?. …Гадаадын хэд хэдэн орны албан зочид Хөвсгөл нуурын нүд болон онгологдсон Модон хүй аралд зугаалж, гал тавиад шатаасан. Хамаг ховор ургамал нь хуйхлагдсан, амьтад нь үхсэн. Дуугүй л өнгөрсөн. /С.Лочин “тэд гаарсаар, бид гааруулсаар”… “Үнэн” сонин. 1994.10.18 ¹ 70/ * * * “Монгол Улсад хувь хүн /баячууд/ газар өмчлөх тухай хууль бий болгох гэж оролдох явдал сүүлийн үед их гарах боллоо. Хамгийн аймшигтай нь энэхүү “Газар өмчлөх хууль” санаачлагчид Монгол орон, монгол үндэстний амин гол сүнс, оршин тогтнох эдийн засгийн нууц, өвөг дээдсийн түүхийг огт мэддэггүй, зөвхөн өнөө маргаашийн төлөө, өөрсдийн өчүүхэн бодлын төлөө, өөрсдийн өчүүхэн хүсэл бодол, өнгө мөнгөнд шунан гадаад гүрний зальтай хүмүүсийн зараалын морь болж энэ асуудлыг сүр дуулиантай дэвшүүлж байгаа явдал юм. …Олон зуун жилийн өмнөөс эхлэн бий болгох XIII зуун гэхэд дэлхийн олон улсын харилцааг монголчуудын зохиосон тусгай зарлиг хуулиар зохицуулж, төрт ёсны хууль боловсруулах, амьдралд хэрэгжүүлэх талаар дэлхийд тэргүүлж байсан бидний өвөг дээдэс, дэлхийд анхны цаасан мөнгө гаргаж, дэлхийд анх удаа онгон байгаль, газар нутгаа дархлан хамгаалах зарлиг захирамж гарган мөрдөж, түүнийг нь зөрчсөн хүнийг хаан, харц гэлгүй гэсгээн ижил шийтгэж ирсэн монголчууд яагаад өнөө болтол “газар өмчлөх хууль” зарлиг, захирамж гаргасангүй вэ? Тэд маш бүдүүлэг, хоцрогдсон, харгис, хэрцгий, бусдыг өрөвдөн хайрладаггүй, шулж, мөлжиж байх гэдхээ л ингэх үү? Аль эсвэл суурьшмал соёл иргэншилт улс гүрнээс арай өөр сэтгэлгээтэй өвөрмөц соёлтой байв уу? …Хүн төрөлхтний соёл иргэншлийг суурьшмал соёл иргэншил, нүүдлийн соёл иргэншил гэсэн хоёрхон айд хувааж авч үзрэг… Ямар ч гэсэн энэ хоёрын нэгийг нөгөөгөөр сольж устгах гэвэл энэ дэлхий сүйрэх болно…”. * * * “Сүүлийн үед хаягдал хогон дээрээ хиймэл арал байгуулж, түүн дээрээ хот босгон, энэ золиг хэзээ тэсэрч балрах бол гэсэн сэтгэлийн түгшүүртэй цуг /Япон улсад/ оршин суух, газрыг өмчлөгчдийн сэтгэлд таалагдахгүй хөөгдөж усан дээр хөвөх завин дотор насан турш амьдрах хүмүүс ч зүүн өмнөд Азид /Тайланд, Камбож г.м/ ихэслээ… Өнөө болтол бидний суурьшмал иргэд гэж нэрлэж ирсэн тэр улс гүрэнд маш олон мянган жилийн өмнөөс байгаль дэлхийн жишиг газар шороог нь хэдхэн хүн заль мэх, хар хүчээр өөрийн мэдэлд оруулан хувь хувьдаа өмчлөн авч эзэмшээд, үе улиран тэр газар нутгаа эзэгнэж, тэрхүү өөрийн эзэмшилд орсон газар дээр амьдрах амьтан, ой мод, өвс ургамлыг өөрсдийн өмч, тэр орчинд амьдрах хүмүүсийг өөрсдийн боол гэж үзэж өдий хүрчээ. Иймд газар өмчлөн эзэмшдэг суурьшмал иргэд аль нэг эзний газар нутаг дээр амьдрах тул уг газрын эзэнд нэгдүгээрт: өөрсдийн хөдөлмөр, хөлс хүчээ өгдөг /үүнийг эдийн засгийн хэлээр “ажлын рент” гэж нэрлэдэг/ хоёрдугаарт: үгүй бол өөрийн хөдөлмөрийнхөө хөлсөнд эсвэл өөрийн хийсэн бүтээгдэхүүнийхээ оронд мөнгөн тэмдэгт бэлнээр төлөх /”мөнгөн рент”/ гуравдугаарт, уг газрын эзнээс тодорхой хэмжээний газар нутаг түрээслэн авч, тэндээ ямар нэгэн үйлдвэрлэл эрхлэн хийсэн бүтээгдэхүүнийхээ ихэнх хэсгийг нөгөө газрынхаа эзэнд өгөх /”бүтээгдэхүүний рент”/ гэсэн гол гурван арга замаар газар нутаг өмчлөн эзэмшдэг эзэддээ бусад хүмүүс нь шулуулж мөлжүүлж байдаг. Харин “нүүдэлчин монголчуудад” ийм ёс байгаагүй. Тэд хөрст алтан дэлхий, хөх мөнгөн тэнгэрээ бүгдээр нэгэн ижил эзэгнэж, захирч, хамтран, манай, чиний гэж булаалцалдалгүй ашиглан хэрэглэж ирсэн. Тиймээс ч суурьшмал соёл иргэншилт улс гүрний “эдийн засгийн онолчид”, “эдийн засгийн ном зохиолд” аргагүйн эрхэнд хааяа нэг зүүлт тайлбар төдийгөөр /жижиг үсгээр/ “Дорнол дахины нүүдэлчид газрыг өмчлөхдөө өвөрмөц онцлогтой. Тэнд газрын улс /төр нь/ өмчилдөг” гэх төдийгөөр хүлээн зөвшөөрч тэмдэглэсэн байдаг. Ер нь Япон, Америк, Орос, Хятад зэрэг суурьшмал улс гүрний эрдэмтэд “Нүүдэлчдийн үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл газар биш, мал юм байна” гэдэг үзэлд дөхөж хүрч очсон. …өвөг дээдсийн өнгөрсөн түүхийг харахад Монголд монголын нүүдэлчин малчид газар нутгаа хэзээ ч амь аминдаа, хувь хувьдаа хуваан өмчилж байгаагүй бөгөөд бас тэд хэзээ ч газрын эзнээс газар худалдан авч яваагүй… Сүүлийн үед оросын Казак, хятадын Өвөр Монголын эдийн засгийн үндсийг судлагч эрдэмтэд эцсийн эцэст /”Нүүдэлчид хувь хувьдаа газар өмчилж байгаагүй/ гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрчээ. Жишээ нь: “Нүүдлийн аж ахуйтны /нийгмийн/ үйлдвэрлэлийн гол хэрэгсэл нь газар биш мал…” /В.П.Шахматов/, “Газар тариалан гойд хөгжөөгүй нүүдлийн аж ахуйд газар нь хөдөлмөрийн үндсэн хэрэгсэл болж чадахгүй, харин үйлдвэрлэл явуулах байгалийн нөхцөл болж байв” /С.Талыбеков/, “Нүүдэлчид дан ганц мал аж ахуйгаар амьдарч тэдний амьдралд газар өмчлөх нь төдий л их өч холбогдолгүй болой” /Америкийн монголч эрдэмтэн О.Латтимор/ гэх зэргээр онцлон цохож хэлсэн байдаг…”. “Ер нь нүүдэлчин Монголчуудын хувь газар өмчлөх /ганц нэг зальтай хүн хувьдаа өмчлөн эзэмших/ явдал эхлэх юм бол энэ нь үндэстний мөхөл сүйрлийн дохио болно. Хүмүүс гээч байгаль дэлхий, газар устайгаа буруу харьцаад эхэлсэн үед өөрсдөө эргээд сүйрдэг болохыг өнгөрсөн түүх нэгэнтээ харуулсан. Жишээ нь, нэг үе Хятад улс бор шувуу устгах их аян өрнүүлж, дараа нь өөрсдөө яалаа? Бүр ойрын үеийн жишээ авахад 1992-1995 онд хил худалдаа чөлөөтэй болж хятадууд монголчуудаас үнэг, хярсны арьс асар үнэтэй худалдан авч эхэлсний үр дүнд сүхбаатар аймгийн урд хилийн дагуух сумдад үнэг хярсаа хайр найргүй алан хядаж арьсыг нь хөрш улс руугаа зөөсний шанд үнэг, хярсны үндсэн хоол болдог үлийн цагаан оготно хороох устгах дайсангүй болохоор /яг л өнөө Австралийн туулай шиг О.Д/ асар хурдан зуур өсч, олшрон, малын бэлчээр, тариалангийн талбайн ургацыг сүйтгэж өөр нутаг руу отор нүүдэлд гарч сандран тэвдэж байна. Үүнтэй утга нэгэн, монголчуудын байгалийн жамаа ойлгож, газар нутгаа өмчлөн хувааж аваагүй өдий хүрсэн үйлийн цаад нууцыг мэдэхгүйгээр суурьшмал иргэдийг дууриаж аальгүйтэх юм бол… Монгол улс, монгол үндэстэн л сүйрнэ…”. * * * “Одоо дэлхийн байгалийн өнгөт металлын орд нөөцийн бэлэн уурхай хомсдож, мод, төсөр эдлэлийн үнэ нэмэгдэн, тэдний оронд химийн аргаар, хиймлээр гаргаж авсан хуванцар эд хэрэглэх нть ихэслээ. Хамгийн аюултай нь манай Монголоос бусад улс гүрэнд байгалийн хишиг буянаар олддог хүнсний зүйл хомсдох боллоо. Монголчууд газар нутгаа хувь хувьдаа өмчлөн аваагүйн буянд Монгол улс оршин тогтнож ирсэн олон мянган жилийнхээ түүхэнд өлсгөлөнгийн аюул гээч юмыг үзээгүй билээ. Гэтэл суурьшмал иргэд дунд өлсгөлөнгийн улмаас үхэж сүйрсэн улс, хүмүүс маш их бий. Одоо дэлхийн зарим оронд могой, мэлхий тэр ч бүү хэл, голио царцаа, хорхой шавьж хүртэл идэж амь зуух, хүнсний ногоо тариалах газраа ихэсгэх гэж уулын оройн хад руу, суудаг шавар байшингийнхаа дээвэр лүү шороо зөөж, химийн бордоо цацаж, хуурай газар дээрээ багтахгүй болж, далайд хаягдсан хогон дээрээ хиймэл арал барьж, дүүжин зам хуурай газар дээгүүр тавьж, энийгээ өндөр соёлтой хөгжил гэж сурталчилж эхэллээ. Ундны цэвэр ус төрөлх эх оронд нь ховордож, гадаадаас хар ус, экспортлон тээн ирж худалддаг /Швейцар, Тайланд/ улс гүрэн ч байдаг. * * * “Тэгэхлээр одоо суурьшмал иргэдийн сүйрэх дөхөж буй шалтгаан, нүүдэлчин монголчуудын онгон тансаг байгальтайгаа жаргаж яваагийн нууцыг ухаарч авах цаг иржээ. Бид япон биш, хятад, америк биш, Тийм болохоорбидэнд газар өмчлөх тэдний арга ухаан арай л тохирохгүй бололтой. Газар нутгаа хувь хувьдаа өмчилж авах гэж зодолдох биш газартайгаа харьцаж байсан өвөг дээдсийнхээ ухааныг хүндлэе. Үүх түүх, ирээдүй хойчоо бодоцгооё. Монгол хүн эх орондоо хэрэгтэй гэж хүссэн газраа л таван хошуу мал сүргээ хариулж, таван тансаг идээгээ цалгиулж, хурдан морио өөрсдийн дураар тарлаж, гийнгоо аялах монгол үрсийн дуу хээр тал нутгаар дүүрэн цуурайтаж байг. “Эхээс мэндлэхэд надад алга дарам тоонот оноосон, Энэ дэлхийгээс буцахын цагт надад хэдэн тохой газар өгнө…”. Бусад нь бүхий монголчуудын эзэмшилд байдаг. Монгол минь энэ л хэвээрээ ирээдүйг зорино. Монголчууд энэ л зангаараа эх нутагтаа эзэн яваг…”. * * * “Өнөөдөр монгол улсад “Газар өмчлөх хууль” хэрвээ батлуулан гаргаж чадвал одоо АНУ, Хятад, Япон улсын элдэв зээл тусламжаар, тэдний мөнгө хөрөнгөөр баригдаж буй бүхэн уг оршин сууж буй газар нутагтайгаа, тэр улсын өмч болж 1930-1945 онд Япончууд Хятад улсаас булаан эзэүсэн газар нутгийнхаа аль шимтэй, хөрстэй, тансаг хэсэгт цэцэрлэг, япон хүн зугаацах, амрах, ан гөрөөний газар байгуулж, “Хятад хүн нохой хоёр орохыг хориглоно” гэсэн хаяг хадаж, тийш хөл тавьсан уугуул нутгийн унаган хүмүүсийг хайр найргүй зодож, нүдэж, алж хядаж байсан түүх л давтагдана…”. * * * “Ер нь газар өмчлөгч суурьшмал улс гүрнийг аваад үзье. Жишээ нь, тэнд хувьдаа өв залгамжлан 100 ам метр газар өмчлөн авсан хүн эхлээд ганцаар тэр газар дээрээ тариа ногоо тарьж, түүнийхээ үр шимийг хүртэн өөрийгөө, өрх бүлээ хооллон тэжээж, илүү гарснаа бусдад худалдан, хувцас хогшил аваад бусад элдэв татвар төлөөсөө төлөөд амьдрал нь болоод л байжээ. Тэгээд тэр хүн хоёр хүүхэд өсгөж, тэр өөрийн өмч 100 ам метр газраа тэдэндээ хувааж өгөв… Нөгөөх хоёр хүүхэд нь дахин 2х2 хүүхэдтэй болоод тэдэндээ өөрийн өмч 50, 50 ам метр газраа бас хувааж өгнө. Ингэснээр энэ хүний удам хойч аминдээ хэдий хэр газартай болох вэ? Хоол иддэг ам, хувцас нэхдэг бие өсөж олшроод л байдаг. Тэр тохомын чинээ газар ургасан иариа будаагаар гурил хийж, ногоогоор хоол зэхэж, ам бүлээ тэжээх аргагүй болно. Ингээд тэр айлын үр удам нь газрынхаа хүчээр амиа тэжээж чадахгүй, эцэг өвгөдөөс үлдээсэн аар саар юмаа худалдан идээд дууслаа. Одоо яахав? Харсан хүн болгоны өмнө “хай” гэж хуурамчаар долигнож бөхөлзөн, бусдын барлаг зарц болж, алд биеийн хүчээ л аз тохиовол худалдан идэж амьдрах болно. Барлаг зарц болох ч яггүй хэцүү даваа даа. Манай Монголд бол харах үр хариулах малгүй хүн бас тийм барлаг зарц болдог байлаа. Эзнийхээ нүдний харцаар л хөдөлж, өмнө нь бөхөлзөнө, хэлсэн бүгдийг нь үг дуугүй гүйцэтгэнэ. Тэрнийхээ хүчинд гэдэс дундуур ч гэлээ бор хоног өнгөрөөн амьдрах болно”. * * * “Иймэрхүү гэдэс дундуур, өлөн зэлмэн өнөө маргааш өнгөрөөн буй хүн одоогийн байдлаар дэлхийн бүх хүн амын гуравны хоёр хувь буюу бодит тоогоор 6 тэрбум хүний маань 4.2 тэрбум нь гэдэс дундуур буюу хагас өлсгөлөн, тэдний нэлээд нь өлбөрч, турж үхэж байна. Дэлхийн аль ч улс оронд барлаг зарц болох, алдхан биеийнхээ хөлс хүчээ худалдах, ажил эрсэн хүмүүс асар олон, харин ажилчин барлаг хөлслөх баян улс тун цөөхөн байдаг. Энэ бол… газар нутгаа хуваан хувь хувьдаа өмчилдөг суурьшмал иргэдийн эгэл нэгэн дүр зураг…”. * * * “Монгол оронд маань хот суурин дэлгэрэн хөгжиж, суурьшмал иргэд ихэссэн тул бас л мал ч үгүй, ажил ч үгүй “гэдэс дундуур” өлөн зэлмэн амьдрах хүмүүс хоног хоногоор л өсөж, олширч байна. Гэтэл дайран дээр давс, гал дээр тос нэмэх шиг Монгол Улс, монголын ард түмнийг устгах гэж “газар нутгийг нь хувь хүн хувьдаа өмчлөхийг зөвшөөрс өн хууль гээчийг батлан гарга” гэж хэн нэгэн этгээд шаардан орилох боллоо. Энэ юу болж байна вэ…?. * * * “Өнөөдөр япончууд Монгол Улсын нутаг дээр эзлэн түрэмгийлж, газар нутгийг нь өмчлөн авах гэсэн шунахай бузар хүсэл бодлын золиос болж амь үрэгдсэн улсынхаа араг ясыг буцаан зөөж байгаа хэр нь 1930-1945 онд олзлон авч, харгислан алсан монгол дайчдын өмнө яагаад уучлал эрдэггүй юм бэ? Тэд эх орон, газар нутгаа бусдын өмч болгохгүй гэснээрээ тэдний өмнө буруутай юмуу?...”. * * * “Хэрвээ газрыг хувь хувьдаа өмчлөөд эхлэх юм бол үнэг, хярсаа хядаад үлийн цагаан оготнодоо бариулах дөхөн сандарч байгаа шигээ хүчирхэг суурьшмал иргэд япон, хятад хүмүүст доромжлуулж, тэдний нууц амраг гэх нэр хаяг зүүж, бэлэн дэвсгэр болон хэвтэх охид хүүхнүүд улам давран, эзэн ноёндоо нэг тал засан, эх орныхоо аль үржил шимтэй газар нутгийг тэдэндээ, тэднийхээ хөрөнгө мөнгөөр нь зодон байж, хөөрхий монголчуудаас булаан авч, зуучлаж өгнө. Харийн хүмүүс Монгол улс дахь өөрийн нууц амраг нэртэй хүнээр дамжуулан хувьдаа өмчлөн авсан газар нутаг дээрээ юу ч хийж байсан монголчуудад огт хамаагүй. Яагаад гэвэл одоо нэгэнт тэр газар нутаг Монгол улсад орших тэр хүний эзэмшил, түүнийг хуулиар тэр хүнийх гэж хамгаалах болно. Миний бодлоор бол Монгол улс монголоороо байж, Монголын ард түмэн айх аюул, өлсөх зовлонгүй яваг! Гэвэл газар нутгаа төр засгийн мэдэлд, бүх ард түмний эзэмшилд хэвээр байлгах!. /Хон Хэрээдийн Б.Энхбат сэтгүүлч болдын солбицол, 1996. 4 дүгээр сар. ¹ 12 /217/ Газар өмчлүүлэх гэдэг нь нугалаа завхрал Ийнхүү би ил захидлынхаа 33 дугаар бүлгийг хуульч, сэтгүүлч, зохиолч, эрдэмтэн судлаач, Улсын Их Хурлын гишүүд, иргэд, яруу найрагч, сумын засаг дарга, академич, гадаадынхан зэрэг олон хүний санаа бодлыг шууд тусган бичлээ. /Сүүлийн 7 жилд хэвлэл мэдээлэлд газрын тухай гарсан гол материалд тулгуурлан/. Дээрх хүмүүсийн зарим нэг санаа давхардсан ч байж болох юм. Гэхдээ тэдний эх оронч чинь сэтгэл, үүх түүх, соёл иргэншлээ дээдлэх сэтгэл, үр хойч, тусгаар тогтнолоо гэсэн нэгдмэл санаа нь тус бүрдээ өвөрмөц илэрхийлэгдэж буй тул “Толгой бүхэн өөрийн ухаантай” гэдгийг санаж, зориуд тэмдэглэн үлдээв. Газар нутгаа Монголын иргэнд өмчлүүлэх нэрээр харийнханд идэш болгохгүй, тусгаар тогтнолын үндэс бол газар гэсэн язгуур санаа бүхий мянга мянган захидлыг нэгэн дор тоймлон, нэгэн ил захидал, нийтлэл, судалгаа, дүгнэлтэд оруулах нь өчүүхэн миний хэрээс хэтэрсэн ажил тул, эрхбиш дээр дурдсан иш татсан бүхэнд өдгөө цагийн тэргүүний сэхээтэн, эх оронч, улс үндэстнээ гэсэн хөвгүүдийн ерөнхий санаа нь бүрнээ эс гэхэд тоймдоо тусгагдсан гэж мунхаг би бодном. Мөн өөрийн санаа, зарим тайлбар, оруулга, сэлтийг жич тусгаснаа хаалтанд /О.Д/ гэж тэмдэглэж үлдээснийг уншигч авхай анзаарах буй заа. Ард олон, ухаантан, мэргэд, ажил хэрэг гүйцэтгэгчид, хуульч, зохиолч, сэтгүүлчдийнхээ үгийг эс авч, тоомсорлох аваас тэр төр түргэн гутьюу!. * * * Газрын хувьд өгнө гэсэн улс төрийн хүчин цөөнгүй байхад өгөхгүй гэсэн нь түүнээс дутахгүй буй. Хэрвээ газрыг өмчлүүлэх дээрээ тулбал монголын тусгаар тогтнолыг хамгаалах ард түмний 281-ийн холбооноос эхлээд түрхрэн босч, намрын өвсөнд түймэр тавьсан мэт эсэргүүцэх хүчин, тэдгээрийг дэмжих хэдэн арван мянган эх орончид буйг эрхбиш саналтай! “ Бүү март, мартвал сөнөнө” гэж Баабартангууд донгосдог. Энэ үгээ битгий мартаарай! гэж бид хатуу сануулж байна. Мартвал сөнөнө!. * * * Эртний сурвалжуудаас үзэхэд хувь газар эзэмшил байсан болохоос, өмчлүүлж байгаагүй нь бат нот буйг дахин өгүүлсү. “Язгууртны дунд хувь газар хувааж өгөх явдлын эсрэг Өгөөдэйн гол зөвлөх Елюй Чуцай тэмцжээ. Гэвч, хаан түүнийг дагасангүй, гагцхүү хувь газрыг хянах асуудалд буулт хийв. Сурвалж бичгээс гэрч татья. “Энэ намар 7-р сард /1236 оны 8-р сарын 4-нөөс 9-р сарын 1/ Худуху /эзэн хааны ордонд/ хүн амын бүртгэлээ авч ирсэнд эрхэмсэг эзэн түүнийг нь тойрог, муж болгон хувааж, хэсэг хэсгээр ноёд, язгууртанд хувь газар эзэмшил хэмээн шагнахаар шийдэв. /Махчилж орчуулбал, татвар татах газар/. Эрхэмсэг ноён Елюй Чуцай үүнтэй холбогдуулан хэлсэн нь “Ам нь идэж, сүүл нь таргална”. Будлиан балар амархан дэгдэнэ. /Хэрэв хувь газар олговол/. Алт, торгон эдлэл /язгууртанд/ их өгсөн дээр. Таны соёрхлыг илэрхийлэхэд энэ л хүрэлцээтэй” гэв. Эрхэмсэг эзэн өгүүлсэн нь: “Үүнийг нэгэнт амлав” гэжээ. Эрхэмсэг ноён дахин өгүүлрүүн “Хэрэв эзэмшил газарт түшмэл тавьбал, тэд ордны зарлигаар заавал ажиллах ёстой бөгөөд байнгын албан татвараас гадна, дур мэдэн алба татах явдал гаргахгүй, тэгвэл хувь газар эзэмшил удтал байх болно” гэв. /эрхэм эзэн энэ зөвлөлгөөг дагав/. Жич: Төр гэгч ийм ажээ. Эзэн нь өөрийн дураар бус, төрийн түшээ нартайгаа эрхбиш зөвлөлдөн шийддэг байсан нь эрт цагийн эл дурдсан түүхээс илхэн. Далай хаан Өгөөдэйн үед газрыг өмчлүүлэх байтугай, эзэмшүүлэхэд ч ийм хатуу хяналт тавьдаг байж. Хэрэв газрыг хувьд олговол /өмчлүүлэх бус зөвхөн олгох, эзэмшүүлэхэд хүртэл, О.Д/ “Будлиан балар амархан дэгдэнэ” гэж мэргэд үздэг байж. Хаад нь ч түүнийг дагадаг байж. Өдгөө ч гэсэн газрыг хувьд өмчлүүлбэл “будлиан балар амархан дэгдэхийн” үндэс болно гэдийг санатугай, аюутугай!. /”Монгол-Татарууд Ази Европт” УБ-1954, 394 дүгээр хуудас/ “Хувь газар эзэмшил бол нийгмийн шинж чанараараа язгууртны феодалын болзолт газрын том өмч мөн. Хэдүйгээр хувь газар нь үе залгамжлан үлдэх ёстой боловч, монгол хаадыг төлөөлсөн төр улс нь тэр газрыг нь хураан авч бусдад шилжүүлэн өгч болох ажээ. Хэдүйгээр ийм газрын эзэд нь харьцангуй чөлөөтэйгээр газраа мэдэж, түүнээ төрөл садандаа шилжүүлэн өгч болох ч гэсэн, эрх нь хязгаарлагдмал байжээ. Ийнхүү сурвалж бичгүүдэд хувь газар /эзэмшил газар О.Д/ худалддаг байсан тухай мэдээ баримт олдсонгүй. Энэ нь ч бүрэн зүйн доторхи хэрэг буй за. Учир нь “татвар татах газар” авагч нь тэндэх хүн амаасаа татвар татах эрхтэй болохоос биш, уул газрыг хувийн өмч, адил чөлөөтэй эзэмшиж болохгүй байв. /”Монгол-Татарууд Ази Европт” номын 396 дугаар талд түүхийн ухааны доктор Л.И.Думаны бичсэнээс иш татав/ Бидний өвөг дээдэс ийнхүү газрыг хувьд өмчлүүлж талхлуулах нь байтугай, эзэмшүүлэхэд хүртэл хяналт тавьж, мянга мянган жилээр газар бэлчээрээ амь шигээ хайрлаж ирсэн бөгөөд эл тухай би энэ ил захидлын турш дахин дахин сануулж буй нь эцэг дээдсийн гэрээсийг мартсан хөвгүүд эрлэгийн өмнө буруутах нь байтугай, энэ насандаа ч өөдлөх ёсон үгүйг мэдтүгэй!. “Монголчууд байгальтай өөрсдийнхөө харьцааг зохицуулах талаар европчуудаас олон зуун жилээр түрүүлсэн байлаа”. /И.Лаптев, “Оюуны өлгий” 24-р хуудас/ Ийнхүү харийн эрдэмтэд хүртэл өнө эртнээс газартай харьцсан монголчуудын оюуны соёлыг бишрэн хүндэлж байхад, үр хойч нь харин буруу ишилсэн сүх шиг аашилж, өвөг дээдсээс “урвахын” учир юун! Зан суртахуун алдарсан “гээгдмэл”, “илүүдэл”, технократ” үеийнхэн амьд байгальд робот сэтгэлгээгээр хандаж буйн илрэл нь америк, европыг өнгөцхөн харж, сохроор даган дууриаж буйн уршиг гэхээс өөр арга алга! * * * Одоогийн газар өмчлүүлэх гээд байгаа нь 1930-аад оны нугалаа завхрал буюу нэг ёсондоо хамтран хомун байгуулж, хамаг юмаа бужигнуулан баларсантай адил төстэй үйл явдал юм. “Уулынхныг тэгш тал газар буюу өөрөөр хэлбэл, одоогийн ярьдгаар хавтгай газар нүүж суурьш гэж хэлбэл доромжилсон болно. Хүү нь хотоос ирээд өвгөн ааваа авч явах гэж ятгасанд “Ийм үгээр намайг тарчлаасан дорвол гэдсийг минь чинжаалаар хүүччихсэн нь дээр” гэж өвгөн аав нь хариулжээ. /Расул Гамзатов. “Миний Дагестан” / Тэгвэл энэ нь Монголд одоо үр хүүхэд нь аав, ээжээ мал маллахаа больж, тариа ногоо тарьж, мөхөөлдөс хийх цех байгуул, нүүдлийн соёл иргэншлээ орхиж, суурин амьдрал руу шилж” гэсэн утгаар илэрч, сүүтэй цай биш кока кола ууя, мах биш мантуу идье, морь биш мотоцикл уная эрийн гурван наадмаар цэнгэлдээд яахав, эмсийн хүрээлэнд тайчих урлагаар наадъя гэсэн хэлбэрээр илэрч байна. Уулынханд “Чулуун уутнаас гарч, цэцэгт хивсэн дээр сууя” гэдэг уриа 1930-аад оны үед гарчээ. Нүүж суурьших тухай уриа сонсоод тэд хамтрал байгуулах үеийнхээс илүү шуугисан байна. Энэ талаар хүн бүр дуугарсан байна. Заримыг дурдъя. “Гинжээр чирсэн ч хавтгай газар очихгүй”, “Энэ хаданд бид хадаас шиг шигдсэн юм. Биднийг үүрнээс нь гаргах эрх хэнд ч байхгүй”, “Өөр газар суухаар биднийг орхиод явахад өвөг дээдсийн минь булш бунхан бутарна”, “Харин өд дэрлсэнээс төрөлх хадаа дэрлэвэл илүү сайхан зүүд зүүдлэнэ”, “Тэнд очоод би хаанаас нь нохой шидэх чулуу олох юм бэ?, “Нам газар сайн зуухтай байснаас, ууланд утаа манарсан тулгатай байсан нь дээр”, “Гэдсээ бодсон нь тийшээ яваг, сэтгэлээ бодсон нь эндээ үлдэг”, “Бид хүн алаагүй хүрээ талаагүй, гэтэл яагаад биднийг тийш нь цөлж байна вэ?”, “Энд ч машин ажиллаж чадна”, “Эндээс цахилгаан утас явуулж болно”, “Бензиний угаараас аргалын утаа дээ”, “Цоргоны уснаас булгийн ус амттай”...уулынхан газраа орхихыг ингэж сөрсөн байна. “Янз бүрийн цус, янз бүрийн овог, хүн ард холилдон байна. Манай үр хөвгүүдийн булш эцгийн хот айлаас улам улмаар холдон байна” гэж уулын найрагч гуниглан бичжээ. “Уулынхны нутгийг уулынханд үлдлээ. Нүүрийг чинь чинь харснаас нуруугий чинь харсан нь бидэнд дээр байна” гэж уулын найрагч бас хэлжээ. Харин одоо “Монголын газрыг монголчуудад нь үлдээ. Харийн хүмүүс ирж байг, гэхдээ явах цагтаа явж бай! Тэд манай газар дээр бүү үлдэг, бид эхлээд нүүрийг нь харъя, тэгээд араас нь нуруугий нь харж байя! Ингэвэл монгол минь монголоороо үлдэнэ” гэж хэлэх байна. “Бид үлдэж, тэд яваг” гэж бас хэлмээр байна. ** ** ** Өөрийн нарийн бичгийн дарга Магомед Тагир аль Карахиас нэгэнтээ Шамиль асуусан нь: -Дагестанд хичнээн хүн байдаг вэ? -Магомед Тагир хүн амын бүртгэлийн дэвтэр авч хариулжээ. Тэгэхэд нь Шамиль: -Жинхэнэ хүний тухай би асууж байна шүү дээ гэж уурлажээ. -Тэгвэл тийм тооцоо надад байхгүй гэхэд нь, -удахгүй болох тулаанд тэднийг тоол! Хэмээн гэгээнтэн зарлиг болгосон байна. /Расул Гамзатов/ * * * -Монгол Улсын Их Хурал хичнээн гишүүнтэй вэ? -76 -Чамаас би үүнийг асуугаагүй, жинхэнэ гишүүн байж чадах нь хэд вэ? -Тийм тооцоо надад алга! -Удахгүй болох газар өмчлүүлэх тухай хуулиар тэднийг тоол!... -Хэн нь газраа үр хойчдоо авч үлдэнэ вэ? Тэднийг Улсын Их хуралд жинхэнэ, жинхэнэ бус гэсэн ялгавартай гишүүн буй. Тэднийг газар өмчлөлийн үеэр тодруулна! * * * “Нэг тугийг нөгөө туг сольж, дээрмчдийн халааг дээрэмчид нь авч байлаа. Бяцхан Дагестаныг өвлийн хүйтэн шөнө нөмөрсөн дээлээ булаалдах мэт таталцан тасчин байлаа. Дагестаныг олзлон барьж авах гэсэн араатны шуналаар дайрч байлаа. Дагестаныг буудаагүй анчид ховор билээ” Расул Гамзатов ийн бичжээ! Монгол минь өнөөдөр ийм болоод байна. XX зууны эцсээр дэлхийд хөгжсөн гэж өөрийгөө тооцдог улс орон бүр Монголыг тасчин идэхээр улайран дайрч байна. Расул Гамзатовын хэлснээр нэг дээрэмчний халааг нөгөө нь авч, нэг тугийг нөгөө тугаар сольж, Монголын төлөө цусгүй дайн хүчирхэг гүрнүүдийн хооронд өрнөж байна. Монголын өнөөгийн эрх чөлөө бол дөнгөж гинжнээсээ суларсан гөрөөсний үлгэр юм. Энэ гөрөөсийг цөөвөр чоно, баавгай, матар, луу, ирвэс, арслан хувааж идэхээр урцалдаж байна. Дөнгөж гинжнээсээ суларсан гөрөөсийг ганцхан Монгол хүн л хамгаалж, бусад араатны эсрэг үзэлцэх ёстой атал, зарим нь араатны талд орж байна. “Хүний морь унасан хүн ойчих нь амархан” гэж уулынхан ярьдаг. Америк, Англи, Франц, Япон, Герман, Солонгосыг амны уншлага болгож, алиа салбадай шиг дууриадаг хүмүүс “унах” өдөр ирнэ шүү!… гэдгийг санах ёстой. * * * “Байгаль юуг ч өршөөж, юуг ч мартдаггүй билээ. Байгаль хүний учруулсан олон тооны доромжлолыг тэвчиж байсан авч, эцэстээ энэ тэсвэр нь алдагдахын хамтаар түүний өшөө авах нь аймшигтай ажээ… /Францын эрдэмтэн Жан Дорст/ “Дэлхийгээс бид улам ихийг авах тусам бид түүнд улам бүр бага зүйлийг үлдээж байна, манай аж амьдралыг үргэлжлүүлэх явдлыг хангахад маш таарамжгүй байж болох яг тэр үед эцсийн эцэст арга буюу өрөө төлөхөд хүрнэ. /Залуур зүйн ухааны эцэг Норберт Винер/ Байгаль бол газар дэлхий! Газар дэлхийгээ хамгийн зэрлэг харьцаж буй хүмүүс бол одоогийн монголчууд! Биднийг чоно хөөж, зээрийн мах идэж, сүрэг хулангийн тоос харж, үнэг хярс, мазаалай, бугыг нүдээрээ үзэж явсан гэхэд үл итгэж, үлгэр домог ярьдаг худалч хүмүүс гэж бодох хойч үе ирэх буй. XIX зууны эхээр парламентын депутатууд Вестминстерийн ордны хажууд дэгээ барин сууж, Темза голоос яргай загас барьдаг байжээ. Парисынхан XVII зууны эцэс хүртэл Сена голоос ундныхаа усыг шууд авдаг байж. Гэтэл одоо энэ хоёр их голын уснаас загас барьж, уух нь байтугай, усанд нь ч орж болохгүй бохирджээ. Бид хөгжил дэвшил, зах зээл, хүний эрх гэдэг нэрээр ийм л юмыг хүсч байна. “Хүний морь унасан хүн ойчих нь амархан” гэж уулынхан ярьдаг”, “Хүнд газраа өмчлүүлсэн хүн үхэх нь амархан” гэж монголчууд боддог. Америкийн социологич О.Тоффлер “Хэрэглээд хаях зарчим” гэгчийг томъёолжээ. “Хэрэв хэлхээ холбоо тогтоох замд нь уул тааралдвал сэтлээд гарна. Улс орны нөгөө захад гол мөрөн шаардагдвал гол мөрнөө тийш нь татна. Нууранд бохирдсон усаа асгаж, агуулах шиг ашиглаад төрхөө алдчихаар нь “орхичихно” Африкийн аль нэг оронд ховор металл олдмогц орчлонгийн өнцөг булан бүрээс хэдэн арван компани уралдан ухаж малтан, нөөцийг нь хуу шавхаж, ашиглаж, боловсруулж дуусгаад хаячихна! Тариалангийн талбай дутагдахаар ой модыг хяргана! Түлээ, банз, цаас болгоно. Түлээ мод утаа болон агаарт хөөрч, хуучин сэтгүүлүүд хэрэглэгдээд хог дээр овоорон хаягджээ. Ой модны байрыг булаасан тариалангийн талбай хэдэн арван жилийн дараа үржил шимээ алддаг. Хэрэглэгдээд хаягдсан нь тэр” /И.Лаптев “Оюуны өлгий” 138.139-р хуудас/ “Соёл иргэншлийн төвшин зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмжийн гаргах киловаттын тоо хэмжээгээр хэмжигдэхгүй. Хүн хэзээ ч чөлөөлөгдөн салж чадахгүй байгалийн хуультай бүрэн нийцсэн, хөгжил дэвшлийн хамгийн тохиромжтой орчинд түүний алсын замыг засахыг эрмэлзэн соёл иргэншлийг урагш нь түлхэх хүмүүсийн цэцэн ухаан, ёс суртахуун оюун ухааны шалгууруудаар давхар хэмжигдэнэ” гэж Жан Дорстын тэмдэглэсэн нь зөв юм. /Ж.Дорст. Байгаль мөхөх хүртэл. 19 дэх тал/ * * * Өөр нэг аюул нь газрын том эзэд, баячуул нь яваандаа өмчийн жижиг газруудыг идсээр, хэрэг дээрээ Монгол Улсын иргэд газар өмчлөх бус, ард түмэн үеийн үед тэдний боол болох, хэт супер-газрын эздийн мэдэлд төр улс шилжих аюулыг үгүйсгэх аргагүй. Тэд эзэмшил газартаа аварга том шилтгээн, цайз бариулж, хувийн шорон ба цэрэг, цагдаатай болж, жижиг газар эдлэгчдийг шахан сүрдүүлж, хүчээр эрхэндээ оруулж, сүүлдээ их хэмжээний газар өмчлөгчид нь орчин тойрныхоо хэмжээгүй эрхт захирагч болохыг ч үгүй гэх аргагүй! * * * Ер нь газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудал дээр орон нутгийн эрхийг өргөтгөх нь аюултай. Энэ нь төрийн төв байгууллагын хяналтаас газрыг гаргаж, орон нутгийн эрх баригчид газраар панз үсэргэх, орон нутаг дур мэдэн гадаад түншүүдтэй хэлхэлдэх, гурван хужаа ирж, газар түрээслээд л тосгон байгуулах, хоёр польш орж ирээд л тариалангийн талбай эзэмших боломж олгож, ирээдүйд эдийн засгийн бүх сүлжээг нь атгах таатай нөхцөлийг гадаадынханд бүрдүүлэх болно. Үндэстний мэргэжилтнүүд гадаадынханд цохигдож, гадаадын зөвлөхүүд хяналтаа тогтоож буйг бид одоо ч харсаар байна шүү дээ. Далан жил бэлдсэн үндэсний мэргэжилтний том армийг хэдхэн жилийн дотор устгаж, орон зайг нь харийнхан сэм сэмхэн эзэлсээр буйг харагтун! Үндэсний ухамсарыг хөгжүүлэхийг сургалтын суурь болгож, эх оронч үзэл, үндэстний бахархал, үндэсний мэдрэмжийг дээдлэхгүй бол бид газартайгаа цуг бусдын өмч болох аюул нүүрлэж байна. Сэрэгтүн, сэхээтнүүд ээ! “Арслангийн баатар зориг үнэгэнд хэрэггүй, Үнэгний уран арга арсланд зохихгүй, Үнэг арслан мэт явдал түргэн үхнэ, Арслан үнэг мэт явдал түргэн гутна” гэж эртний сургаалд буй. Бид бар улс болох байтугай муур улс ч болоогүй байж, гадаадынхныг юм бүхэн дээр сохроор дууриагаад байвал “түргэн үхнэ” гэдгээ санах ёстой. “АНУ-д зөвхөн архинаас болж, нэг жилд 130 мянган хүн амь насаа алддаг. Эдний тооцоолсноор АНУ-ын сургуулийн сурагчид 18 нас хүртлээ телевизээр шар айргийг магтсан элдэв төрлийн 100 мянган реклам үздэг. 18-29 насныхан их уудаг. Өсвөр насныхан жилд 1 тэрбум лонх шар айраг уудаг” гэсэн тооцоог сониноос уншсанаас санаж байна. Бид ч сүүлийн 6 жилд энэ талаар тэднээс илүү гарсан уу? гэхээс ер дутаагүй! Гэтэл тэд 300 гаруй сая хүн амтай их гүрэн, бид 2 сая гаруй хүнтэй бичил улс шүү дээ! * * * Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Эх орон бол намуудын өмч бишээ! Хувьсгалт намын нуур, Ардчилсан намын толгод, Социалдемократуудын гол мөрөн, Уламжлалын намын уул гэж байхгүй шүү. Бид эх орон, ард түмэн, хойч үеийнхээ тусгаар тогтнол, нэр төр, хувь заяагаар тоглох гэж байна. Газрыг өмчлүүлж болохгүй. Эрт дээр цаг, элэнц хуланцын үеэс өнөөг хүртэл бидний оршихуйн утга учир, амьдрахуйн үндэс суурь, тэмцлийн утга агуулга болсон газрын тухай асуудалд өнөөдөр хайхрамжгүй хандаж, та бид алдаа гаргах аваас, хэзээ нэгэн цаг Монгол хүн амьдда хөлөө тавих, үхэхдээ ясаа тавих, газаргүй болох үе ирнэ шүү! Монголын түүх та бидэнтэй тооцоо бодох цаг ирнэ гэдгийг бүү мартаарай! * * * “Харийн газар нэрээ, өөрийн газар ясаа!…” гэсэн эцэг дээсийн гэрээсийг санаж, газраа хамгаалах түүхэн үүргээ санагтун! Түүнийгээ зөрчвөл хариуцлага нь зөвхөн Та бидний толгой дээр бус, үр хойчийн чинь хувь заяанд нөлөөлнө гэдгийг бүү мартаарай! Мал сүрэг үржинэ. Газар нутаг өсөж үрждэггүй. Тариай будааг тарьж ургуулж болно. Газар нутгийг тарьж ургуулж болдоггүй. Хүн нь өсөж үржинэ. Газар нь өсөж үржихгүй. Өсгөж үржүүлж болдоггүй, тарьж ургуулж болдоггүй, үйлдвэрлэж болдоггүй газар шороогоо өмчлүүлж, харийн хоол болгохыг завдаж буй хүмүүсийг үеийн үед, үрийн үрд “урвагч” гэж нулимагтун! Газар бол эрх чөлөө! Газа бол тусгаар тогтнол! Хэрэв газар байвал ард түмэн байдаг! Хэрэв ард түмэн байвал төр улс байдаг! Хэрэв төр улс нь байвал тусгаар тогтнол байдаг! Хэрэв тусгаар тогтнол нь байвал эрх чөлөө байдаг! Хэрэв эрх чөлөө байвал, ард түмэн аз жаргалдаа хүрдэг! Нэгдүгээрт газар, дараа нь ард түмэн, тэгээд төр, энэ гурав нийлээд тусгаар тогтнол гэдгийг мартвал бид сөнөнө! Ясаа тавих газаргүй болох вий!…гэж айгтун! Яавч болохгүй гэдгийг мэдсээр байж, боловсролтой хүмүүс газраа худалдах, өмчлүүлэх гээд буй нь гайхалтай. Газраа өмчлүүлэхгүйгээр Монгол орон оршин тогтнож болохгүй гэж үү? Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Газрыг үйлдвэрлэж болдоггүй, үржүүлж болдоггүй гэдгийг дахин санагтун! Дэлхийд газар нутгаа тэлэх хоёрхон л арга буй. Нэг нь бусдын газар нутгийг цэрэг зэвсгийн хүчээр шууд булаах, нөгөө нь энх тайван, эрх чөлөө, найрамдал, ах дүү, ардчилал, хүний эрх ярьж бөөн бөөнөөрөө сэм сэм орж ирсээр нэг мэдэхэд өсөж үржиж үй түм болоод эдийн засаг, соёл шашныг нь хөрөнгө оруулалт нэрээр идэж, түрээслэх нэрээр өмчлөх зам болой! Бид газрыг өмчлүүлснээр эх орноо хоёрдох аргаар харийнханд өмчлүүлэх үүд хаалгыг нээж, тэдний газар нутаг, амьдрах орон зайгаа тэлэх гэсэн мөнхийн санаархлыг нь бид өөрсдийн сайн дураар хэрэгжүүлж өгөх дээрээ туллаа! Та бид амьдрах орон зайгаа тэлэх чадваргүй гэхэд өвөг дээдсийн үлдээж өгсөн ариун дархан газраа, үр ачдаа хүлээлгэж өгөх ёстой шүү! Агаарыг нь амьсгалж, усыг нь ууж, шимийг нь хүртсэн эх нутагтаа ариун шударга хандагтун! Төрүүлж өсгөж, торниулж бойжуулсан эцэг эхийнхээ нэр төрийг бүү гутааж, газар шороогоороо бүү тоглогтун! Та бид бүгд явна, эх орон минь үлдэнэ! Ариун тулалдаанд амь үрэгдсэн баатрууд энэ газар шороонд шингэн, амь нас нь үүрд оршсон гэдгийг бүү март! Та бидний үлдээсэн эх орон, газар шороон дээр үр хойч минь амьдрахаар үе үеэрээ ирнэ. Тэднээсээ эх орныг нь, газрыг нь бүү булаагтун! Хувьдаа өчүүхэн газар өмчлөх гэж бүү яарагтун! Эх орон чинь тэр чигээрээ та бидний мөнхийн өмч шүү! Өвөг дээдэс минь сөөм газрын төлөө үхэл рүү олон удаа явсныг санагтун! Цус нэвчсэн шороо болгоныг үнэрлэгтүн! Нарны гэрэл, цас, бороо, хөлс, цус, хүсэл мөрөөдөл шингэсэн энэ газрыг бусдад өмчлүүлнэ гэж ярьж буй бүхэн хэзээ нэгэн цагт өөрөө энэ газар доор орж, хэсэгхэн шороо болно гэдгээ санагтун! Гашуун зовлонд нэрвэгдэж гал утаа, дайн тулаан өчнөөн үзсэн газар шороон дээр минь монгол мал тогтуухан бэлчиж, нуга хөндийд нь унага давхиж, толгодын дунд адуу үүрсэг! Манан дунд монгол гэрүүд цайвалзаж, гэрийн цэнхэр утаат талдаа гэгээн наранд үр ач минь торниг! Эх орноо бид ивээж, эх орон минь биднийгээ ивээг! Энэ газар шороон дээр хаврын бороонд норж явахдаа, өвсөн дундуур нь хөл нүцгэн туучихдаа бид эх орон гэж мэдэрдэг. Хичнээн мянганыг туулж, хичнээн сая амь насыг шингээж, хичнээн зовлонг үүрсэн газар ээжээ хайрлагтун! Ээжийгээ хүн худалддаггүй, бусдад өмчлүүлдэггүй! Тэгвэл газар шороо ээж чинь! Тэгээд ч бид “Эх болсон газар шороо минь” гэж хайрлан шивнэдэг. Өөрөө өмчтэй болохын төлөө эх болсон газар шороогоо бусдад өмчлүүлэх гэсэн бузар санаархлаа орхи! Тэгвэл түүх өршөөнө! Газар гэдэг Та өөрөө билээ! Газар дээр төрсөн бүхэн, газартаа шингэж, газартаа уусаж, газар болон хувирдаг. Тэгвэл та газраа өмчлүүлнэ гэж зүтгэхдээ өөрийгөө өмчлүүлж, газраа худалдана гэж дургихдаа өөрийгөө худалдах гэж байна. Энэ газар шороог эзэмших гэж, биднээс булаах гэж үеийн үед гэтэж, шунаж байсан. Өвөг дээдэс минь тэр болгонд зохих хариуг нь өгч буцаасан. Миний нутагт шунасан бүхнийг араас нь шилийг нь харах сайхан байсан! Бидний үед л энэ газар шороо бусдынх болох ёстой гэж үү?… Бид тийм аймшигт нүгэл хийхээр төрсөн юм гэж үү?… Үгүй ээ, бид үүнийг хийж болохгүй! Өвөг дээдсийн ухааныг нотолж, үр хойчийнхоо сэтгэлийг бодож, газраа үлдээе!… Мөчрөөсөө унасан навч мөчиртөө дахиж ургахгүй. Хүнд өмчлүүлсэн газар эргэж, эзэндээ ирэхгүй! Өнгөрсөн өдөр эргэж ирэхгүй шиг хйисэн алдааг залруулж болохгүй! Бид аугаа их алдааны ирмэг дээр зогсож байна! “Хималайн чинээ алдлаа” гэж өнгөрсөн хойно нь бүү хэлэгтүн! Өвөг дээдсийнхээ өмнө бид өртэй, үр ачийнхаа өмнө бид үүрэгтэй. Өвөг дээдэс минь Монгол газар шорооныхоо хувь заяаг бидэнд даатгаад үе үеэрээ одсон. Та бид хаашаа ч явсан, энэ л нутагтаа эргээд ирнэ гэж найдаж байна. “Бусдын нутагт ясаа тавих Буруу тавиланг Буурал надаас бусдад Бурхан тэнгэр бүү заяагтун” гэж Украйны их яруу найрагч Тарас Шевченко гэрээсэлсэн. Эцэг дээдсийнхээ нойрсож буй энэ газрыг гутаахгүй гэж Та бид амьдарсан. “Амьд байгаа хүмүүсээр ч зогсохгүй, амьдарч байсан хүмүүсийн өмнө ч бид хариуцлагатай” гэж Балкарын их яруу найрагч Кайсын Кулиев хэлсэн. Та бид буцахдаа эх орноо, газар шороогоо аваад явахгүй, үр ачдаа орхино. “Салхиар ганхах цагаан өвсөнд нь ч амь нас минь буй. Сайхан эх орон минь…” гэж алс тэртээ 1978 оны зун бичиж асан. Тэр цагт ийм юм болно гэж зүүдлээгүй билээ. Бид тулалдана гэдгийг заавал Тужийн нарсанд ч юм уу, Халхын голд зэвсэг барин байлдах гэдэг утгаар ойлгож болохгүй. Бид түүнээс ч хүнд хэцүү тулалдаан хийж байна. Бид тайван цагт, тайван замаар газар нутгийг минь таяг тойруугаар, эздээр нь дамжуулан гартаа оруулах гэсэн харийн санаархалтай тулалдаж байна. Тэдний санаархлыг цагаан цаасан дээр хар бэхээр баталгаажуулж, хуулиар хэрэгжүүлж өгөх гэсэн холын хорон муу санаатай тулалдаж байна. Зэвсэг бариад өөд өөдөөсөө дайрахаас илүү хүнд хэцүү, энэ тулалдаанд бид хүчин мөхөсдөж байна. Гэвч бидэнд ухрах газар алга! Ард талд маань эх орон, үр хойч, тусгаар тогтнолын ирээдүйн хувь заяа байна! *Айл бүхний гал голомтонд Эх орон минь оршиж, Алс холын уулс бүхэн нь манаач болдог юм. Хил хязгаар нь сэтгэл зүрхэнд багтаж Эх орон минь шувуудын үүрнээс эхэлдэг юм” гэж бага залуудаа бичиж явсансан. “Аяа, эх орон минь та, тулалдааны цагт зэвсэг минь билээ. Ариун ерөөл чинь далдаас эгшиглэн ялахын зөн татнам Аяа, эх орон минь та, ядрахын цагт сүүлчийн тэнхээ минь билээ. Алтайн уулс чинь үл алдрах ертөнцийн хүчээ надад өгнөм Аяа, эх орон минь та,” харийн хэл дээр орчуулагдашгүй гуниг минь” билээ Аяарханаар хуран хурсаар намрын бороо шиг шаагинам Аяа, эх орон та, амьд явахад цорын ганц шагнал минь билээ Алтан цох, шөнийн салхи, гол мөрнөөс чинь дээд шагнал надад үгүй Аяа, эх орон минь та, миний дундаршгүй баян эрдэнэсийн сан билээ. Аглаг уулс, хөвч их ой, жигүүртэн шувууд чинь орчлонд намайг хамгийн баян болгоном Аяа, эх орон минь та, миний ирээдүйн тухай төсөөлөл, мөнх тэнгэрийн гэрч билээ Ард түмэндээ өргөх дууны хөг, шүлгийн номуудын минь нэр билээ Аяа, эх орон минь та, миний ухаарлын гэрч, өчигдрийн алдааны шүүгч билээ. Ард түмэндээ өргөх дууны хөг, шүлгийн номуудын минь нэр билээ Аяа, эх орон минь та, миний ухаарлын гэрч, өчигдрийн алдааны шүүгч билээ. Ашид өөрийгөө ариутган, эх орон Таныхаа гол ус шиг тунгалаг үлдэхсэн гэж яарнам Аяа, эх орон минь та, хаврын гэгээн өглөө, зуны үдшийн дуу минь билээ. Атаатныг дарсан миний өвөг дээдсийн тухай хүрэл номын хуудас билээ…* гэж гэгээн залуу насандаа дуулж явсан. Гэтэл өнөөдөр хайрлаж, шүтэж, дээдэлж явсан газар шороо минь бусдын мэдэлд зах зухаасаа орж эхлэх муухай цагийг үзэх гэж үү? Монголын сэхээтнүүд ээ! Монголын залуучууд аа! Монголын ахмадууд аа! Монголын эх орончид оо! Эх орон, газар шорооныхоо төлөө үгээ хэлэх цаг чинь болжээ! “Хүн ардаа би тан нарт хайртай байсан шүү. Сонор сэрэмжтэй байгтун!” гэсэн Юлиус Фучикийн үгийг санагтун. Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан, Үр ачдаа хүлээлгэж өгнө! Туг, сүлд, тусгаар тогтнол, Тулгын гурван чулуу, Тулсан гал голомтоо Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан. Үр ачдаа хүлээлгэж өгнө! Алтай, Хангай, Говь, Талаа чулуу бүхэнтэй нь, Өвс ногоо, шорооных нь ширхэг бүхэнтэй нь Алтан нар мөнгөн сарыг тоолохын аргагүй од мичидтэй нь, Хөвсгөл, Увс, Буйрыг усных нь дусал, загас бүхэнтэй нь Хөөцөлдан наадах долгисыг нь хүртэл Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан Үр ачдаа хүлээлгэж өгнө! Гал, ус, газар шороогоо Гардаж, авсны учир, бид Ганц бус, түм түмэн амиараа дүйж хамгаалсан! Галдан бошигт, ван Магсаржав Илдээ далайн босооогоороо нөгчсөн эрс, Идэрхэн насандаа Монголоо аварсан Сүх Ахиж олдохгүй эх орныхоо эс ширхэг бүхэнд Алтан амь, хүсэл хайраа шингээсэн! Эх орон, хойч үеийнхээ төлөө Энэ бие дээдсийн тангарагийг давтнам. * * * Жич: Энэ бол миний тулалдаан билээ! Надад үзэг, цаас, түүх, ном, мэргэдийн сургааль, гэрээс, эх орон, газар шороо минь гэсэн чин сэтгэлээс өөр ямар ч зэвсэг алга! Би, өөрийнхөө л чадах бүхнийг хийлээ. 1991-1992 онд шинэ Үндсэн хуулинд “газрыг гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаалахгүй, арилжихгүй” гэдэг заалтыг өөрийн нөхдийн хамт Ардын Их Хурлын депутат байхдаа оруулж чадсан ч” зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэсэн заалтыг хүчин мөхөсдөж, Үндсэн хуулийн цоорхой гаргуулсандаа харамсавч баршгүй. Энэ заалтыг шинэ Үндсэн хуулинд хүч түрэн оруулсан хүмүүс өдгөө төр, засгийн эрхэнд дөнгөж гармагцаа, газрыг гадаадынханд түрээслэж, гэрээгээр ашиглуулах халхавчийн дор нууцаар худалдах, эх нутгаа харийнханд эзэмшүүлэх чөлөөтэй үүд хаалгыг нээж өгөх хуулийн төсөд бэлэн боллоо. Миний бие олонхийн эсрэг хичнээн тэмцэвч яахин хүч хүрэх билээ. Ийнхүү газрын тухай зургаан жил цуглуулсан хэдэн зуун материал, хэдэн арван ном хэвлэлд түшиглэж, хүн ард, жирийн иргэд, төрийн зүтгэлтэн, эрдэмтэд, зохиолч, сэтгүүлч, түүхч, лам хувраг, хуульч олон хүнтэй уулзаж, ярилцаж, олон хоног сар шүд зуун нойргүй сууж, шүлсийг залгин, нүдийг чилээн, шөрмөсийг сунгаж, чадан ядан ноцолдсоор Монголын газрын 2000 гаруй жилийн түүх, өдгөө цагийн дэлхийн нийтийн ороо бусгаа явдал, олон улсын хууль дүрэмтэй болох бүтэхийн хирээр танилцаж, эл 200 гаруй хуудас ил захидлыг арайхийж Та бүхэндээ илгээв. Зуун зууны түүх, мэргэдийн санаа бодол, эрдэмтдийн судалгаа, ард түмний хүсэл эрмэлзэл, хол ойрын ухаант олны хэлсэн, сонссон, бичсэн, сануулсныг нухсаар, аль болох зохист хэлбэрээр энд тэнд нь шигтгэн найруулсаар, хүнд хар ажлыг өндөрлөж, хүчир хэцүү хуулийн өмнө тулж ирэв. Газрын тухай 6 жилийн турш хэлж, ярьж, хэрэлдэж, сануулж, шаналж тэмцэн явсны минь ул мөр энэ ил захидалд шингэж, би өөрийн чадах л тулалдаанаа хийж, “хүнд их буугаа” тавилаа. Энэнээс илүүг өчүүхнэн хүн яахин дийлнэ! Одоо төр нь түмэн мэлмийгээрээ болгоож, түмэн олон минь мэргэн оюундаа тунгааж хэрхэхийг мэдтүгэй! Уур хилэн ихэд хүрч, уужим тайван байдал алдагдсан тул, энд тэнд үе үе хэлсэн ширүүн үг, хатуу бодлыг минь өршөөн соёрхох буй заа. Газрын төлөө жинхэнэ тулалдаан эхэллээ! Ард түмэн ялах болтугай! 1996.12.10 Улаан Сахиусны овгийн хөвгүүн Очирбатын Дашбалбар бээр төр, түмнээ хүндэтгэн ёслов. Хөх тэнгэр сониноос авав. 1997 оны 1 сар /¹02, 03/43, 44/
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Цорос бол дөрвөн Ойрад дотор голлох овог билээ. Цорос овгийн үүслийн талаар хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд эрдэмтэн доктор, профессор На...
-
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор Оох...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com