ӨНӨӨГИЙН ХОРЛОЛТ БАНДИ НАР.


“Хаанаас зааж өгөөгүй нутагт хэн ч зоргоороо нутаглаж үл чадмуй.

Хаан бээр хан хөвгүүдэд, хан хөвгүүд түмний ноёдод, түмний ноёд мянганы ноёдод, мянганы ноёд зууны ноёдод нутаглах нутгийг тус тус, дам дамаа дэслэн зааж өгмүй” /Плано Карпини/




1994, 1995 онд МСДН-ын нэгэн удирдагч, иргэн Ламжав гэгч “Газрын тухай хууль болон Иргэний хууль нь Үндсэн хууль зөрчиж байна” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд зарга үүсгэж, газрыг өмчид өгүүлэх гэж сүрхий заалдсан ч, түүний өргөдлийг цэц хянан үзээд “Үндсэн хууль зөрчөөгүй” гэж шийдсэн юм.

Газрын хувьд өмчлөх явдлыг ардын хувьсгал ялж, 1921 онд устгасан мэт түүхийг гуйвуулсныг миний бие Хүннүгийн үеийн түүхээр, мэргэдийн судалгаанд тулгуурлан няцаасан бол одоо “Халх товчоон”-д түүнчлэн, олон эрдэмтэн судлаачдын санал, онолд тулгуурлан, хүн төрөлхтний анхаарлыг үеийн үед татаж ирсэн, одоо ч маргаан тасраагүй байгаа, тэр дундаа монголчуудын хувьд хоолойд тээглэсэн яс болоод байгаа “газар, түүнийг өмчлөх эсэх асуудалд, ард түмнийхээ анхаарлыг хандуулахын тулд” монгол нутагт төр бий болсон үеэс хойших түүхийн уудам их орон зай, цаг хугацаанд хандмуу. Ламжавтангууд газрыг зөвхөн үйлдвэрийн хэрэгсэл төдийд авч үздэг бол бид газрыг эх орон гэдэг өргөн утгаар нь ойлгож, тусгаар тогтнол гэдэг хэмжүүрээр нь үнэлж, Монголын бүхий л түүх, нүүдлийн соёл иргэншлийн одоо ч үргэлжилсээр буй онцлог, Монгол үндэстэн орших уу, эс орших уу?… гэдэг язгуур асуудлаар нь авч үзэж байна.
“Төв Ази, Монгол нутаг нь хүн төрөлхтний анхны эх орон, гал голомтын нэг бөгөөд чулуу, хүрэл зэвсэгтэн өвөг дээдсийн үед овгийн хүй нэгдэл ноёрхож, үйлдвэрлэлийн багаж зэвсэг, бүтээгдэхүүнийг хамтран ашиглаж хэрэглэж байсан учир тэр цагт газар өмчлөх, эзэмших ёсны ул мөр ч үүсээгүй, зөвхөн нийтээрээ тэгш эдэлбэрлэж байжээ.
Төмөр зэвсгийн үеэс эхлэн хувийн өмч хөгжсөнөөс хойш газар, түүний баялгийг өмчлөх ёсон үүсэн гарсан боловч К.Марксын хэлснээр дорно дахины улс гүрэнд газар улсын өмчинд байжээ. Иймээс Монголын эртний өвгөч улс Хүннү зэрэгт газрын хувийн өмч буй болж чадаагүй байв… /”Халх товчоон”
II дэвтэр 234-р хуудас/.

*** *** ***

Гэвч овгийн байгуулал бүрмөсөн задарч, феодализм бүрэлдэн тогтсон нөхцөлд газар нь феодалын улс буюу хаадын өмч /хэрэг дээрээ хааны өмч бус, төрийн өмч! Учир нь “хаан өөрөө төр” байсан юм О.Д/ болон хувирчээ.
“Газар бол улсын үндэс” гэсэн ойлголт Хүннүгийн үеэс Чингисийн үе хүртэл “алтан гэрээс” болон он цагийг нэвтлэн ниссээр…

Эрдэмтэн Д.Гонгорын үзсэнээр Монголчуудын газар өмчийн эрх, эзэмшил, эдэлбэрийн бүх явцыг “нутаг”, “нүүдэл” гэсэн хоёрхон үгээр тайлбарлаж болох юм. Нутаг хэмээх нь газар шороо, нүүдэл хэмээх нь газрыг ашиглах арга хэлбэр аж.
Монголын их төр байгуулагдахын өмнө овог, аймаг бүхэн тодорхой хэмжээний газар нутгийг эзэмшиж, түүнийхээ хүрээ хязгаарт амьдарч явсан тул, тэр цагт газрын эзэн өмчлөгч нь овог, аймаг, ханлиг байжээ.
XI-XIII зуун буюу түүнээс өмнө ч Монголын энэ тэр овог аймаг, хүрээ айлын харьцангуй тогтвортой оршин сууж асан тодорхой хэмжээний заагт газар дэвсгэр буюу бүр тодотгож хэлбэл өтөг бууцыг “нутаг” гэж нэрлэдэг байжээ. Чингэхүл одоо манай үе хүртэл уламжлан ирсэн энэ тэр нутаг-өтөг бууц овог аймгийн хүй элгэнээрээ шүтэлцэн суудаг байжээ. Иймээс анхны өтөг бууц нь овог аймгийн мэдлийн нутаг болно.
Нүүдлийн мал аж ахуйн өвөрмөц онцлогоос болж аливаа нэгэн овог аймаг суурьшилтай нэгэн нутаг-өтөг бууцанд жилийн дөрвөн улиралд байнга нутаглан суух бололцоо даанч үгүй нь мэдээж билээ. Иймээс тодорхой хэмжээний дэвсгэр газарт бэлчээрийн аяс харгалзан нүүдэллэх нь зайлшгүй учир “нутаг” хэмээх ойлголтонд бэлчээр хамаарагдах нь зайлшгүй болно.
XIII зууны эхэнд Феодалын нэгдсэн төвлөрсөн улс байгуулагдсанаар нутгийн ойлголтыг үндсэнд нь өөрчилжээ.
…Хамаг Монгол, Тайчууд, Хэрэйд, Найман, Татар зэрэг аймгийн холбоо-улс ханлиг бүхэн тус тусын хувь эзэмшил /өмч бус О.Д/ нутагтай байж, дор бүрнээ түүнийхээ эзэн /өмчлөгч бус/ болж явсан нь язгуураар өөрчлөгдөж “Монгол орон”, “Монгол нутаг” хэмээх өргөн ойлголт буй болжээ. Уул ойлголтод өмнө зүг түмэн газрын цагаан хэрэмнээс хойш Байгаль нуур, Баргужин төхум, зүүн зүг Хянганы нуруунаас баруун тийш Алтайн уулыг давтлах өргөн уудам газар орон ухагдах болжээ.
Ийнхүү асар өргөн ойлголт буй болсноор түүнээс өмнө “нутаг” хэмээн овог аймаг буюу сайндаа феодалын түрүү үеийн улс, Ханлигийн цар хэмжээгээр хэлэлцэж байсныг нийт монгол орны дэвсгэр газрын цар хүрээгээр хэлэлцэх болгож, нутгийн шинэ тогтолцоо үүсэв…
Нэгэн нэгдмэл ерөнхийлөн захирагч-дээд эзэн хаан гарч ирэв…
Энэ нь овог аймгийн газар нутгийн өмчийн ойлголтыг феодалын улс буюу эзэн хааны бүрэн эрх хэмжээнд аваачин /эзэн хаан нь өөрөө төр болно. О.Д/ өргөтгөж тохсон нь болой.

Чингэснээр газар нутгийн өмчлөл, эзэмшлийн үндсэн гол гурван хэлбэр буй болсон нь:

а/ түмэт, мянгат буюу шууд хэлбэл тэдгээр ноёдын захирамж нутаг,
б/ хаан ба түүний алтан ургийн өмч нутаг,
в/ талын язгууртны дархан нутаг, эдгээр болно. / жич: энд би “Халх товчоон” зохиогчтой өчүүхэн маргаж буй бөгөөд хаан ба түүний алтан ургийн өмч нутаг гэдэг нь Модун Шаньюйн үеийнхтэй адил мөн л их хааны эзэмшил болой. Учир нь их хаан өөрөө нэгэнт төр учир бүх газраа мэдэж, хуваарилж, захирч байсан юм.
Нөгөө талаас гэвэл “Халх товчоо” зохиогчийн ч зөв юм. Хаан болон алтан ургийнхан нь Монголын “Төр” байсан учир газар нь хэн нэгэн хүний хувийн өмч бус төрийн өмч /хаан болон алтан ураг нь төр мөн гэдгийг давтан хэлье. О.Д/ болой.
1206 онд Монгол улс байгуулагдсаны дараа Чингис хаан бүх Монгол улсыг гол, зүүн, баруун жигүүрт хувааснаар Монгол улсыг гол, зүүн, баруун жигүүрт хувааснаар Монгол нутаг мөн эл гурван хэсэгт хуваагдаж, тэдгээрийг “түмэн” гэж нэрлэж, өөрийн итгэлт шадар нөхдөөр төлөөлүүлэн захируулжээ…/ Түмтийн ноёдын нутаг-газар бол тэдний өмч биш, хэрэг дээрээ хааны буюу улсын өмч, түмтийн ноёдод хаанаас олгосон эзэмшил газар юм/.
XIII зууны эхэнд бүх улсын иргэдийг аравтын тогтолцоотой болгон байгуулсны дотор газар нутгийн хуваарийн хамгийн гол нь мянгатууд байлаа. Мянгатыг зохион байгуулсан нь ураг төрлийн шүтэлцээ барилдлагаанд тулгуурласан овог аймгийн хуучин байгууллыг халж, газар нутгийн хуваарьт түшиглэсэн шинэ харьяаллыг буй болгов…
Мянгатууд нь гол төлөв овог аймгийн үеийнхээ хуучин нутагт улиран сууж байсан бөгөөд хааяа заримд нь нутаг улиран сууж байсан бөгөөд хааяа заримд нь нутаг олгож байршуулах шаардлага гарсныг тэр тухайд нь гүйцэтгэсэн бөгөөд харин бүх мянгатын нутаг усыг батлан тогтоож, нийтээр журамлах ажлыг Өгөөдэй хааны /1228-1241/ үед гүйцэтгэжээ…
“Улс иргэнд нутаг ус хувааж өгөх”, “мянгат мянгатаас нутагчин томилон гаргах” –аар дурдсан хоёр зүйл бүхий заалт буйгаас үзэхэд мянгат тус бүр дээс-хил, зааг бүхий өмч эзэмшил нутагтай /нэг хүний бус, мянгатын өмч эзэмшил. О.Д/ болсон нь тодорхой ажээ…
Академич Ш.Нацагдорж “Мянгатын ноёдын олонхи юуны урд цэргийн дарга нар, Засаг захиргааны түшмэлүүд бөгөөд харьяат мянганы монгол иргэдийг хувь хамжлага болгох эрх тэдэнд байгаагүй…”/ үүнтэй 100 хувь санал нэг байна. Мянгатын газар болоод иргэд нь хэрэг дээрээ төрийн буюу их эзэн хааны мэдлийнх бөгөөд зааж өгсөн газрыг мянгатын ноёд их хааны зарлигаар эзэмшиж, оноож өгсөн иргэдээ их хааны зарлигаар удирдаж байсан.
Газрын захиран зарцуулах эрх мянгатын ноёдод байгаагүй. Харин зохицуулан эзэмшиж, харьяат иргэдэд хуваарилах, нутаг заах оноох эрх байсан бололтой.
1997 o
н О.Дашбалбар

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах