Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян гэсэн төрийн шагналт зохиолч З.Доржийн үг бий.
Үндэсний баялаг хэл, соёл, бас бүрэн улс байхын гол илэрхийлэл болсон дархан хилээ ариун дагшин байлгах нь Үндэсний аюулгүй байдлын /VAБ/баталгаа болох учиртай. Гэтэл манайд аль аль нь алдагдаад байх шиг. Улсын маань хилээр нэг сарын визийн эрхтэй орж ирээд “харлаж” үлддэг харийнхныг хянах, бүртгэх боломж тэр бүр үгүй. Жил бүр хэдэн зуугаараа барилга, авто замын салбарт ажиллахаар ирдэг тэднээс буцаж явдаг нь цөөн. Тэдний олонхийг хятадууд эзэлдэг.
Эдүгээ хууль бусаар оршин суудаг хятад иргэд 500 мянгад хүрсэн гэсэн албан бус тоо бий. Хятадууд байсан газар хэрэг зөрчил, халтар төгрөгөөр биеэ үнэлэх монгол охидын хөл тасрахаа байсан. Үүнийг “Монголчуудыг уусгах санаархал” гэж нэрлэж болмоор. Дээрх тооны хятад иргэн хууль бусаар оршин сууж буй нь манай улсын ҮАБ-д заналхийлэх хэмжээнд хүрснийг хэвлэлээр сануулж буй. Тэгвэл гаднаас үзүүлэх аюулаас гадна монголчуудыг дотроос нь “чимээгүй тахал” идэж, ҮАБ-д заналхийлэх хэмжээнд хүрснийг бид анзааралгүй явжээ.
Цус ойртолт ба оюуны чадамж
Тэжээж, тэтгэхгүй бол ямар ч амьд биет аажимдаа үхэж мөхдөг. Үүний нэгэн адилаар улс үндэстнээ оршин тогтнуулахын тулд цусаа сэлбэж, цэвэр байлгах учиртай. Монгол хүний оюуны цар өргөн, ген сайтай болохыг дэлхийд хүлээн зөвшөөрдөг. Гэвч сүүлийн жилүүдэд хамаатнууд хоорондоо гэр бүл болж, цус ойртох нь газар авснаар монгол хүний оюуны чадавх доройтох хандлага илэрч эхэлжээ.
Бидний өвөг дээдэс үр хойчдоо дээд, доод есөн үеэ мэддэг байхыг сургаж, ургийн бичиг хөтөлсөөр ирсэн уламжлалтай. Харамсалтай нь шинэ цагийн үр сад нь суурьгүйгээр байшин барьж болдоггүй гэдгийг мартаж, энэ уламжлалаа орхижээ. Одоо өвөөгөөсөө дээшхи үеэ мэддэг монгол хүн ховор. Есөн үеэ мэдэж, ургийн бичиг хөтлөх уламжлал ул болон мартагдсан гэхэд хилсдэхгүй. Ургийн бичиг хөтлөх нь цус ойртохоос сэргийлж, монгол генийн чадамжийг хамгаалах их ач холбогдолтой аж. Генетикийн шинжлэх ухаанд есөн үе өнгөрвөл төрлийн холбоо тасарч, хамаатан байхаа больдог гэж үздэг байна.
Өөрөөр хэлбэл, бидний үр садын цус ес дэх үеэсээ цэвэршиж, хоорондоо гэр бүл болоход аюулгүй болно гэсэн үг. Гэвч есөн үе байтугай өвөөгийнхөө аавыг ч мэдэхгүй болсон өнөө үед бид 4-5 дахь үе дээрээ л хоорондоо гэр бүл болж буйг эрдэмтэн Ж.Батсуурь судалгаагаараа тогтоожээ.
Хөдөөд дэд бүтэц муу, хөгжил нь гагцхүү нийслэлдээ төвлөрдөг нь үүний нэг шалтгаан. Энэ соёлт ертөнц рүү тэмүүлэн жил бүр 10 гаруй мянган иргэн хөдөөнөөс хот руу шилжсээр хэдэн оныг үдлээ. Том газар нутаг, цөөхөн хүн амтай учраас их нүүдэл үргэлжлэх тутам хөдөө нутаг эзгүйрч, хүн ам нь цөөрч буй. Тэндхийн хүн ам шинэ хүн, шинэ генээр “сэлбэгдэх”-ээ больжээ.
Эрдэмтэн Ж.Батсуурийн хийсэн судалгаа үүнийг батална. Есөн аймгийн 21 сумын малчдын дунд энэ талаар судалгаа хийхэд нэг багийн нийт гэр бүлийн 97.8 хувь нь өөр хоорондоо гэр бүл болсон байв. Хэн нь хэдэн оймстойг хүртэл мэддэг болсон хөдөөгийн жижиг сумын иргэд байтугай сая гаруй хүн амтай нийслэл хотод л хоорондоо хоёр үг солиход хамаатан болчих гээд байдаг болсон шүү дээ.
Одоогоор цус ойртож буй нь илэрхий мэдэгдэхгүй байгаа ч аажмаар бидний генийг доройтуулж, оюуны чадавхийг муутгаж буй аж. Үүний улмаас оюуны согогтой хүүхэд олноор төрөх болсон байна. 1996-2006 онд 19424 хүн сэтгэцийн эмнэлгийн хяналтад оржээ. Тэдний 80 хувь нь хөнгөн, 20 хувь нь хүндэвтэр, дөрвөн хувь нь хүнд, 0.5 хувь нь оюуны гүнзгий хомсдолтой байж. Энэ тоог 60 жилийн өмнөхтэй харьцуулахад 13.6 хувиар өсчээ. Сэтгэцийн хомсдолд орсон хүмүүсийн 80 гаруй хувь нь 08-16 насны хүүхэд байгаа нь анхаарал татна. Энэ нь өнөөх РС тоглоом, эсвэл хүүхдэдээ боловсрол олгох гэсэн эцэг, эхийн хэт дарамтаас үүсдэг гэнэ.
Хүний оюуны түвшин доошилбол сэтгэлгээний цар хүрээ хумигдаж, амиа бодох үзэл дэлгэрдэг аж.
Хүн амын дунд хөгшрөлт нэмэгджээ
Манай улс нэг үе хүн амынхаа өсөлтөд ихээхэн анхаарч, бодлогоор дэмжиж байсан. 1967-1979 онд 1000 хүн тутамд төрөлт 40-43 хувь байсан нь “оргил” үед тооцогддог аж. Тэр үед нэг гэр бүл 5-10 хүүхэдтэй болж байв. Харин эдүгээ цаг үе, нийгмийн хөгжилтэйгээ холбоотойгоор цөөн хүүхэд төрүүлэхийг эрмэлздэг болж. 1990 онд хүн амын цэвэр өсөлт 2.7 хувь байсан бол 2006 онд 1.3 хувь болж буурсан нь үүнийг гэрчилнэ.
Монголын хүн амын олонх нь залуус гэдэг мэдээлэл ч хуучирчээ. Хүн амын сүүлийн 30 жилийн тоо баримтад дүн шилжилгээ хийхэд хөгширч буйг нь харж болох гэнэ. 1990 онд 0-15 насны хүүхэд хүн амын 42, 15-64 насныхан 55 хувийг эзэлж байжээ. Харин 10 жилийн дараа 0-15 насны хүүхэд 32, 16-64 насныхан нь 64 хувь эзэлдэг болов. Хэрэв цаашид нэг гэр бүл хоёр хүүхэд төрүүлсээр байвал хүн ам огт өсөхгүй бөгөөд 2021 онд гэхэд 15-64 насныхан хүн амын 73 хувийг эзлэхэд хүрэх нь.
Эдүгээ жилд төрж буй хүүхдийн тоог төрөх насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад 52 эмэгтэйд нэг хүүхэд ногдож буй аж. Ийнхүү төрөх нь багасч, хүн амын дунд хөгшрөлт нэмэгдэх үйл явц цаашид хэвээр үргэлжилбэл арга хэмжээ авахад хэцүү, маш их хөрөнгө шаардах болно гэдгийг эрдэмтэд сануулж байна. ҮАБ-д нөлөөлөх хүчин зүйл үүгээр дуусахгүй. Манай улсын хүн амын дунд 19 төрлийн өвчлөл түгээмэл аж. Жилд нас барж буй хүмүүсийн 90 хувь нь эдгээр өвчний аль нэгийн улмаас цаг бусаар хорвоог орхиж байна.
Энэ бүх хүчин зүйл нь хятадуудаас дутахааргүйгээр Үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэлснийг эрдэмтэд сануулж байна. Үүнд төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгаа нь үнэн. Яаралтай арга хэмжээ авахгүй бол монголчууд маань дотроосоо “хэврэгжээд” дуусах нь.
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com