-Үндэсний бичгээ өвлүүлж үлдээх үү, үрэгдүүлж устгах уу?-
Хүмүүн төрөлхтний үндсэн гурван төрхтний нэгэн болох хавт¬гай нүүр, навтгар хамар, өргөн шанаа, шулуун үс, шаравтар арьс, тачирхан сахал, давхраагүй нүд, зузаан уруул бүхий ийм нэгэн хүмүүс анхны хүй нэгдлийн байгуулалд олон мянган жил байсаар МЭӨ нэгэн мянган жилийн сүүлчээр ангит нийгэмд дэвшин, аймгийн холбоо байгуулсан нь түүхэнд Бета улс хэмээн тэмдэглэгджээ. Ойн анчин, голын загасчин, талын малчин нүүдэлчин байсан тэднийг нэгтгэн 11-12-р зууны үед Тэмүүжин Хамаг монгол улсыг байгуулж хаан Чингис болсон билээ.
Монголын эзэнт гүрний зарим аймагт хэрэглэж байсан бичиг үсгийг төрийн бичиг болгон авч хэрэглэсэн тухай цагаан дээр хараар бичсэн үнэнийг Чингис судлаач эрдэмтдийн бичсэн зүйлээс иш татваас: ”Юань улсын судар”-ын 124-р дэвтэрт Найманы Даян хааны тамга барьж байсан Тататунга хэмээх бичгийн түшмэлийг 1204 онд төрийн бичгийн албанд томилж, монгол бичиг/ бүхий тамга хэрэглэдэг болсон тухай өгүүлжээ. Чингис судлалын тулгуур бичиг болсон “Монголын нууц товчоо”-ны 203-р зүйлд “…Чингис хаан… бас Шихихутагийг бүх улсын хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстныг үхүүл, алдуулах ёстныг алдуул хэмээн дээрийн зарга түшив (дээд шүүгчээр томилов). Бас, бүх иргэний хувь хуваасныг, зарга заргалсныг хөх дэвтэрт бичиж,дэвтэрлэж, ургийн урагт хүртэл Шихихутугийн над зөвлөснийг журамлаж, хөх бичиг цагаан цаасанд дэвтэрлэснийг бүү өөрчилтүгэй, өөрчлөх ард иргэд гэмтэн болтугай хэмээн зарлиг болов” гэж бичжээ.
Мөн “ИХ ЗАСАГ” хэмээх Их монгол улсын хууль цаазыг улсын дээд заргач / шүүгч / Шихихутаг, эзэн Чингисийн зааврын ёсоор Хөх дэвтрийн цагаан цаасан дээр монгол бичгээр бичин дэвтэрлэж, ургийн урагт үл хөндөх засаг хууль болгож байсныг энд тэмдэглэсэн байдаг.
Академич Ш.Нацагдорж 1991 онд хэвлүүлсэн “ЧИНГИС ХААНЫ ЦАДИГ” хэмээх бүтээлдээ “Төрийн бичгийг зохиолгосон нь” хэмээх бие даасан гарчигтай бүтээлийн 191, 192-р талд “ … Чингисийн аугаа их гавьяа бол монгол үндэсний бичиг зохиох явдлыг санаачлан ард түмнээ бичиг үсэгтэй болгосон явдал болно.Уйгарууд түүхийн тавцнаас бууж,тэдний нөлөө буурахын зэрэгцээ бичиг үсэг нь доройтон мартагдахын даваан дээр монголчууд уламжлан авч монгол хэл аялгуунд тохируулан бараг 800 гаруй жилийн турш монголын эрдэмтэд бичиг үсгээ улам боловсронгуй болгож, 16, 17-р зууны үед сонгодог монгол бичгийн хэл бий болгожээ… хэмээн бичжээ.
Америкийн нэрт эрдэмтэн С.Латтимор: ”Уйгар бичгийг хэрэглэсэн нь монголчуудын туйлын том дэвшил байв. Хятад өөрийн бичгийг умар зүгийн зэрлэгүүдийн сэтгэл оюуныг дарангуйлах соёлын хүчин зэвсэг болгон ашиглаж байв. Энэ дарангуйллаас зайлсхийхийн тулд нүүдэлчид биеэ даасан өөрийн бичигтэй болох олон жилийн оролдлого бусад орныг бодвол илүү амжилттай бүтсэн билээ” хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг.
Ийнхүү монгол бичиг буй болсон нь монголын ард түмний оюун соёлын амьдралд гарсан аугаа их хувьсгалт өөрчлөлт байв.
Нэрт түүхч, академич Ш.Бира “МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН БА СОЁЛЫН ХАРИЛЦАА” хэмээх өгүүлэлдээ “Эртний финик-арамей бичгийн тогтолцооноос үүсэлтэй согд,уйгар бичгийг Чингис хаан төр барьж байх үед л монгол улсын албан бичиг хэрэгт өргөн дэлгэр хэрэглэж, эхэлсэн нь тодорхой байна. Бидэнд мэдэгдэж байгаа хамгийн анхны монгол бичгийн дурсгал нь 1225 онд чулуун дээр сийлсэн Чингисийн чулууны бичиг бөгөөд Чингис хаан баруун зүгт аян дайнд явж ирээд хийсэн наадмын үеэр цэц мэргэнээ сориход Есүнхэ баатар түрүүлснийг дурсгал болгон бичсэн нь энэ ажээ” хэмээн агүүлсэн байдаг.
Нэрт түүхч,академич Н.Ишжамц 1974 онд “Монголд нэгдсэн төр байгуулагдаж, феодализм бүрэлдэн тогтсон нь” хэмээх нэг сэдэвт судалгааны бүтээлдээ /102,103-р тал/ “Нэгдсэн төр байгуулагдсны дараа монголчуудын олсон гол амжилтын нэг бол улс орон даяар бүх монгол угсаатны хэрэглэх төрийн албан ёсны бичиг үсэгтэй болж,үндэсний бичгийн эх үндэс тавигдсан явдал мөн.
Академич Ч.Далай бээр “Монгол улс 1206-1260 он“ номынхоо 2-р дэвтрийн 64,65,209-р талд”Тэмүүжин 1204 онд Найманы ханлигийг мөхөөж, Даян хааны бичгийн сайд эрдэмтэн Тататунгааг Хасар барьж авах үед хүзүүндээ нэгэн алтан тамга бэхлэн зүүж, маш чандлан зугтаж байсан байна.Тэмүүжин уул тамгын учрыг Тататунгагаас асууж мэдэж авчээ. Хасар Тэмүүжин нар Тататунгатай хэлмэрч хэрэглэхгүй шууд ярилцсан байдаг бөгөөд өөрөөр хэлбэл монголоор ярьсан бололтой. Тэгвэл Тататунгаа монгол хэл мэддэг монгол хүн байсан байж болно. Чингис хаан Тататунгааг өөрийн эзэн Даян хааны төлөө амиа өгөхөд ч бэлэн байсныг үнэлж, ер бусын эрдэм чадлыг бишрэн өөрийн дотны нөхөр болгон ивээлдээ авчээ. Тататунгагаар улсын бичиг заалгаж ,төрийн тамганы үг зохиолгож, хүүхдүүдэдээ бичиг зааж сургахыг Тататунгад даалган хариуцуулжээ.
Чухам ингэж 1210 он гэхэд монгол бичгийн хэд хэдэн сургууль байгуулагдаж, Монгол дээдсийн хөвгүүд суралцаж, монгол бичгийн багш нь Тататунга нарын хэд хэдэн монгол хүн байжээ” хэмээн бичжээ. Тэрбээр “Их монгол улс байгуулагдсны дараа Монголчуудын олсон гол амжилтын нэг бол улс орон даяар бүх монгол угсаатны хэрэглэх төрийн албан ёсны бичиг үсэгтэй болж” улмаар уг бичгээр “түүх судраа зохион бичиж, ном хэвлэсэн нь монголчуудаас дэлхийн соёл иргэншилд оруулсан нэгэн томоохон хувь нэмэр”хэмээн үзсэн нь яаж ч үгүйсгэж үл чадах үнэн агаад бид бахархах ёстой билээ.
Чингис хаан 1221 онд Гуулин / Солонгос / улсын ванд зарлиг илгээж бэх, бийр, янтай, цаас арван түмэн /100 мянга / хуудас явуул хэмээсэн тухай “ Гуулин улсын судар”-т тэмдэглэгдэн үлджээ.
Дээрх эрдэмтдийн бичсэнээс үзвээс, эзэн Чингис хаан монгол бичгийг төрийн бичиг болгосон бөгөөд Чингис хааны зарлиг заавар гарсан цаг үе нь Найман аймгийг мөхөөж, Даян хааны түшмэл Тататунгаг Чингис хаан ивээлдээ авсан 1204 оны хэрэг гэдэгт санал нэгдэж байгаа юм. Чингис хаан 1221 онд Гуулин /Солонгос/ улсын ванд зарлиг илгээж бэх, бийр, янтай, цаас арван түмэн /100 мянга/ хуудас явуул хэмээсэн тухай “ Гуулин улсын судар”-т тэмдэглэгдэн үлджээ.
Түүхэн сурвалж бичгийн баримт хийгээд дотоод гадаадын эрдэмтэн мэргэдийн судалгаа аль аль нь Чингис хаан монгол бичгийг төрийн бичиг болгож, Их монгол улсын албан хэргийг хөтөлж эхэлсэн аугаа их үйл хэрэг 1204 онд эхэлсэн гэдгийг баталж байх бөлгөө. Мянган жилийн түүхтэй утга зохиолынхоо хэлэнд гойд зохицсон монгол бичгээ их эзэн хаан Чингис төрийн харилцаанд авч хэрэглэсний 800 жилийн ойг 2004 онд тэмдэглэсэн юм.
Даяаршил хэмээх даян дэлхийг нөмөрч байгаа ээдрээт энэ цаг үед Монгол шиг бага буурай улс өөрийн хэл соёлоо хэрхэн авч үлдэх вэ хэмээн нухацтай бодох хэрэгтэй байна. Эх хэл монгол бичиг, морин хуур,уртын дуу, монгол бөхөө даяаршуулах арга даанч байхгүй. Өөрийн хэл, соёл, бичиг үсэг, шашин шүтлэгээ даяаршуулбал монгол үндэстэн алга болох бодот үнэн тэр билээ. Аливаа улс үндэстэн ч өөрийн бичгийн хэлний өв уламжлалыг хойч үедээ эзэмшүүлэхийг эрхэмлэн чухалчилж, үе үеийн бичгийн мэргэдийн зохиол бүтээлийг өвлүүлэн үлдээдэг нь тэр хэл оршин тогтнохын нэг үндэс болдог. Бичгийн хэлийг сайн эзэмших нь мянган жилийн өмнө бичсэнийг ч уншина, миний бичсэнийг мянган жилийн дараа уншина гэсэн үг юм. Монгол бичиг бол 13-р зуунаас эхлэн 1950-аад он хүртэл 750 жил хэрэглэсэн монголчуудын албан ёсны бичиг байжээ. 1950-аад оноос хойш албан хэргийг кирил бичгээр хөтөлж байгаа болно. Цагаан морин жилийн монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын буянаар үндэсний бичгээ сэргээж, хэрэглэхийг төрийн бодлого болгон дэвшүүлж, 1991 оны 5-р сард Монгол Улсын анхны ардчилсан парламент-Улсын Бага Хурал “Албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах тухай” 36-р тогтоолыг баталсан юм.Үүнээс дөрвөн жилийн дараа1995 онд УИХ-ын 43-р тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр” -ийг 10 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр баталсан болно.
Энэ хөтөлбөрт “монгол бичгийг суурь боловсролын хэмжээнд заана” хэмээн тусгаж дунд сургуулийн 1-р ангиас эхлэн заах болсон юм. Гэхдээ тун ч удалгүй ингэж заахаа больчихоод 3-р ангиас заах болсон. Ингээд 3-р ангид 7 хоногт 40 минут, зарим сургуульд 5-р ангиас нь заадаг болсон бөгөөд улсын хэмжээнд монгол бичиг заадаггүй ганц нэг сургууль ч байдаг байсан.
ЕБС-ийн суралцах хугацааг 11 жил болгох тухай боловсролын шинэ хууль гарснаар бага дунд боловсролын стандартын агуулгад бага ангид монгол бичиг заахыг болиулах шийдвэрийг яам гаргасан тул 2009 оноос үндэсний бичгээ 7-р ангиас заадаг боллоо.
Утга зохиолынхоо хэлэнд гойд зохицсон монголын үндэсний бичиг бол НҮБ-ын гишүүн 190 гаруй орны хэрэглэж байгаа зургаахан бичгийн нэг юм. Өөрөөр хэлбэл өвөг дээдсээсээ өвлүүлэн үлдээсэн өөрийн гэсэн үндэсний бичиг үсэгтэй цөөхөн улсын нэг нь монгол юм. Бидний өвөг дээдсийн оюун ухааны сор дээж, сэтгэл зүрхний гэрээслэлийг өнөө хүртэл өртөөлөн авчирсан монголын үндэсний бичиг бол монгол хэлээ аялгуу сайхнаар нь авч явах дархлааг хамгаалах торгон цэрэг нь мөний учир улс орны үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотойг энд зориуд цохон тэмдэглэж хэлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Израиль улс л гэхэд мартагдаад олон зуун өнгөрсөн бичиг үсгээ, хэлээ сэргээх гэж ямар их ажил болж байна. Гэтэл манайхан зуу зуугаар тоологдох хуудастай түүх шашдираа бичиж, одоо ч хэрэглэсээр байгаа үндэсний бичиг үсгээ устгах гэж дайраад л далд бодлого, давхар санаа явуулах юм даа. Бичиг үсэгт хандах төрийн бодлого тууштай, гуйвашгүй байх шаардлагатай байдаг.
Монгол бичгийн нийгэмлэгийн судалгаагаар 1,5 сая шахам хүн монгол бичгээ уншиж чаддаг, 800 мянга орчим нь бичиж сурсан байна. Хэрэглээ байхгүй тул сурсан ч хоногшиж тогтох нь сул байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010 оны 7-р сарын 6-ны өдөр Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойг угтаж үндэсний бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогоо идэвхийлэх зорилгоор “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 155-р зарлигаа үзэглэж монгол бичгийн зүтгэлтнүүд, эх оронч зүрх сэтгэлтэй хэн бүхнийг баярлууллаа. 2011 оны 7-р сарын 1-нээс дагаж мөрдөх энэ зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсад явуулах монгол бичгээр бичиж, орчуулгыг нь НҮБ-ын албан ёсны нэг хэлээр хадмалан илгээх, шинээр төрсөн үрс, хуримаа хийсэн хосууд үндэсний бичгээрээ бичсэн гэрчлэх бичгээ авч, эрдэмтэд, төгсөгчид хос бичгээр бичсэн үнэмлэх, өргөмжлөлөө гардах ажээ.
Монгол бичгийн олон улсын кодыг 2000 онд батлуулж, олон улсын оюуны өмчид бүртгүүлсэн. Үүний дүнд монгол бичгийг цахим хэрэгслээр боловсруулах, цахим сүлжээгээр дэлхийн аль ч оронд илгээх боломжтой болсон нь монголчууд мянган жил хэрэглэсэн бичиг үсэгтээ бүрэн шилжчих цаг ойрхон л баймаар. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Багабанди 2003 оны 6-р сарын 25-нд зарлиг буулгаж эзэн Чингис хаан монгол бичгийг төрийн харилцаанд авч хэрэглэсний 800 жилийн ойг тохиолдуулан монголын үндэсний бичиг үсгийн баярын өдрийг жил бүрийн 5-р сарын эхний ням гаригт тэмдэглэж байхаар тогтоосон билээ.
2005 оны 3-р сарын нэгэнд Эх орончдын өдрийг тохиолдуулан БСШУЯ-наас аймгийн Засаг дарга нарт хандан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 10 заалт бүхий Албан даалгавар гаргаж, аймаг сумдад чамгүй ажил өрнүүлж байсан туршлага бий.
2008 оны 5-р сард Ерөнхий сайд байсан С.Баярын санаачилгаар “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-II” -ыг боловсруулсан юм. Гэвч энэ хөтөлбөр боловсролын яамны олонхийн “туйлширсан үзэл+ омтгой үзэл”-д автан үндэсний бичгээ дунд сургуулийн хэддүгээр ангиас хэдэн цаг заахыг тохирч чадахгүй нээлттэй үлдээснээр одоо ЕБС-ийн 7,8,9-р ангид долоо хоногт ганцхан удаа 40 минут зааж байна. Дэлхийн улс орнуудын хэл, соёл, мэдээллийн урсгал өдөржин шөнөжин янз бүрийн сувгаар цутгаж байгаа өнөө үед монголын өсвөр үе долоо хоногт ганцхан удаа 40-хөн минут үзсэнээр үндэсний бичгээ сурч эзэмшинэ үздэг нь үлгэр мэт сонстож байгааг та бүхэн болгооно буй за.
“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II “ нь үндэсний бичгийн талаар төрөөс баримтлах бодлогын залгамж чанарыг баталсан ухаалаг алхам болсон ч байдал зогсонги байдалтай хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил эхний шатандаа явж байна. Монгол бичгийн үндэсний хөтөлбөр бол монголын нийт иргэдэд хамаатай үндэсний хэмжээний ажил үйлс мөн тул хөтөлбөрийг улам чамбайруулж өмнөх уламжлалын дагуу УИХ-д өргөн барьж , эрх зүйн талаас илүү чадамжтай болгох нь зүйтэй хэмээн бодож байна. Аялгуу сайхан монгол хэлний үгсийн сан долоон буман үгтэй гэдэг. Гэтэл одоо харийн хэлний махчлан орчуулсан, хольж саармагжсан үг өгүүлбэрээр дүүрч монгол хүн өөрсдөө ч бие биеэ ойлгохгүй хэмжээнд хүрээд байна. Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд авлига аюул занал учруулж байгаа гэдэг ч аялгуу сайхан монгол хэл, түүний торгон цэрэг болсон монгол бичиг хамгийн их үнэгүйдэж байгаа нь авлигаас ч дутахгүй аюултай юм шүү.
Сайн цагийг ойртуулахын тулд ядаж л Ерөнхий боловсролын сургуульд үндэсний бичгээ заах цагийг нэмэгдүүлэх талаар төрийн яам маань анхаараасай билээ.
Үндэсний монгол бичгээр сонин гарахгүй болсоор 50 гаруй жил болсны дараа монгол бичгээр дагнан гардаг сонинг МОНЦАМЭ агентлагаас санаачлан гаргаж эхэлсэн нь монголын үндэсний бичиг соёл дахин сэргэсний бас нэгэн баяр болсон юм. Долоо хоног тутмын “Хүмүүн бичиг” сонин 1992 оны 5-р сарын 10 нд анхны дугаар нь гарснаас хойш 18 жил болж 800 гаруй дугаараа гаргаад байна.
Энэ сонины нийтлэлийн бодлого нь иргэдийг монгол бичиг сурах таатай орчин бүрдүүлэх бааз суурь, эчнээ багш нь болсон сургалтын сонин юм.
Төв азийн өргөн уудам нутагт тархан суусан монгол угсаатныг ном соёлоор холбох “Алтан аргамж” болсон монгол бичгээ хамгаалан авч үлдэхийн төлөө энэ яваа насаа эцсээ үзтэл тэмцэхийг удам угсаа, язгуур үндсээ хайрладаг хэн бүхэн, өвөг дээдсийнхээ оюуны их соёлоор бахархагч эх оронч эрхэм та бүхэнд уриалж байна. Тэнгэрээс буух намираа хур мэт тэнгэрлиг сайхан үндэсний бичгээ цахилаад өнгөрөх хэдхэн хоромд үзэхийн төдий өсвөр үе, нүүдлийн шувууд шиг нүүж суух “хоноц”-ын сайдууд, үндэсний бичгээ “ад үзэн“ арагш шидэх албан тушаалтангууд, алгасалгүй гаргах алгын чинээхэн сонин, үр хойчтоо өвлүүлж үлдээх сэн гэхээс үхэж чаддаггүй өвгөд хөгшидтэй босоо бичгийн хувь заяа богиноссоор л байна, богиноссоор л байна…
С.Алтанцэцэг
/”Хүмүүн бичиг”
сонины эрхлэгч/
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com