Дэлхийг өөрсдийн эрхшээлд оруулах, бусдын баялгийг зөвхөн өөрсдийн ашиг хонжооны хэрэгсэл болгохыг эрмэлзсэн “Рокфеллерчууд”-ын бодож боловсруулсан “Улс үндэстнийг үгүй хийх” нарийн арга технологийг өнөөдөр газар сайгүй амжилттай хэрэглэж, тэр нь ч үнэхээр “алдаагүй боловсруулагдсан технологи” болохоо батлан харуулах боллоо.
Эдийн засгийн өөрлөлт гэх хууран илбэдэх энэхүү “арга технологи” нь эдийн засгийн үндсийг нь устгаж, улс орнуудыг “балайруулах” замаар улс үндэстнийг үгүй хийдэг ажээ..Энэ арга технологийг хэрэглэсэн сүүлийн жишээ нь тухайлбал.АНУ 2003 онд Иракийг эзлэн авсны дараа Иракийн эвслийн түр засаг захиргааны тэргүүнээр томилогдсон /урьд нь АНУ-ын төрийн департаментийн терроризмтэй тэмцэх газрыг толгойлж байсан/ Пол Бремер маш яаралтай 100 гаруй тушаалыг гарган АНУ-аас бусад улс орнуудад тулган хүлээлгэдэг “чөлөөт зах зээл”-ийн гэх тэр загвараа хэрэгжүүлэх ажлыг асар богино хугацаанд гүйцэтгэжээ. Үүнд юуны түрүүнд
1. төрийн байгууллагуудыг цомтгон 500 мянган албан хаагчийг ажлаас нь халж,
2. төрийн өмчид тулгуурласан Иракийн бүрэн бүтэн эдийн засгийг задлан 200 гаруй том үйлдвэрийг хувьчлах нэрээр бутаргаж,
3. татварыг бууруулж, төрийг ямар ч үүрэг рольгүй, хяналтгүй, чадамжгүй байхаар болгон мухарлаж,
4. үр тарианы нөөцийн санг нь устгаж
5. Худалдааны ямар нэг хориг хязгаарлалтгүйгээр улсын хилийг импортод нээж
6. Дээрх өөрчлөлтийг хийсний эцэст өөрсдийнхөө тулгасан эдгээр нөхцлийг цаашид өөрчлөхгүй хэвээр нь хадгалах үүргийг дуулгавартай гүйцэтгэх этгээдүүдийг төр засгийн эрхэнд дэвшүүлэн гаргаж “төвхнүүлэх” ажлууд хийгджээ.
Энэ өөрчлөлтийн үр дүнд өдий төдий ажилгүйчүүд бий болсноор ядуурал газар авч, улс орон үгүйрэн хоосорч, өмч хувьчлалаар гадны эзэд улс орны бүх хөрөнгөнд нь эзэн сууж, төрийн ямарваа хяналт алдагдсанаас элдэв гэмт хэрэг, аллага хядлага, эмх замбараагүй байдал гаарч, нийгмийн амар тайван амьдралыг үгүй хийжээ.
Хамгийн гол нь үйлдвэрлэл үгүй болсон учраас эдийн засгийн чадамжаа алдаж, гадныхан чанаргүй бараа бүтээгдэхүүнээ шахаж, өнгөтэй өөдтэйг нь хураан авах, мөнгө хүүлэх ашиг хонжооны сайхан талбар болон хувирчээ.
Тухайн улс тариа будааны сан хөмрөгөө сүйтгүүлсний балгаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь алдагдаж, хүн ам нь гадаадын тусламжийн хоол хүнсэнд дугаарлан зогсож аягаа тосох арчаагүй хэрэглэгчид болцгооход хүрчээ.
Ийм нөхцөл байдалд орсон улс орон аргагүйн эрхэнд гадны зээл тусламж хүсэж, өр зээлийн бөрьцаанд ордог, Олон улсын валютын сан гэх мэтээс тулгах улс төрийн бодлогын ямарваа болзол шаардлагыг дуулгавартай хүлээн авахаас аргагүй болдог ажээ.
Ингэж Иракийн эдийн засгийг бусинуулсан хэдий ч тус улсад “балайрах” үзэгдэл ажиглагдахгүй байгаа төдийгүй цаашид төр засгаа төвхнүүлэх ажиллагаанд гадныхны санаа бодол нөлөө орохоос сэрэмжлэн гадны аливаа зөвлөмжөөс татгалзаж байгаа нь тухайн улс үндэстний эрүүл байдлын нэгэн дархлаа болсон шашин шүтлэгтэй нь холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна.
Харин Монгол улс яг ийм бодлогыг өөрсдийн сайн дураар хүлээн аваад түүндээ хөөрөн бахархаж, нийгмийн ядуурал доройтлыг харсаар байж бид том амжилт оллоо хэмээн цээжээ дэлдэцгээж байгаа нь “балайрал” хэрхэн газар авсны илэрхийлэл ажээ.
Нийгмийг “балайруулах” гэж чухам юуг хэлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд МАХН-ын XXVI Их хуралд тавьсан “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” сэдэвт улс төрийн илтгэлдээ “… Нэг: Ядуурал, ажилгүйдэл буурахгүй байна, Хоёр: Байгаль орчны доройтол, хямрал газар авч байна, Гурав: Нийгэм эдийн засгийн шударга ёсны хүсэмжлэлд бид бүрэн хариу өгч чадахгүй байна. Дөрөв: Хүмүүжил, ёс суртахууны доройтолыг зохих ёсоор засаж залруулж чадахгүй байна. Тав: Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын дархлааг сайжруулах шаардлагатай байна. Энэ таван багц асуудал нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн, нэн тулгамдсан асуудал болоод байна. Эндээс 20 жилийн ололт амжилт ямар үнэ цэнээр ямар хохирол амсаж ирсэн нь харагдана.” гэж хэлсэн нь тэр балайрлын нэг жишээ нь юм.
Энэ эрхэм улс орны бүрэн сүйрлийг илэрхийлсэн энэ таван асуудлаас илүүтэйгээр “ололт амжилт” гэж юуг үзээд байна вэ?! Монгол улс, монголын ард түмний эрх ашгийг ч золиослон байж их хохиролоор олж авсан 20 жилийн ололт амжилт гэгч нь тэгээд хэнд хэрэгтэй эд вэ?!
Нийгмийн “Балайрал” буюу “балайруулах” гэгч энэ тодорхойлолт нь үгийнхээ үндсэн болон шилжмэл аль ч утганд бүрэн дүйх ойлголтыг багтаадаг ажээ.
Тухайлбал өнөөдөр манайд байгалиа сүйтгэх нь улс орноо сүйтгэж байгаа хэрэг гэдгийг мэдсээр байж алт ухаж, хулгайгаар мод огтолж, ичгүүр гэдэг ойлголт үгүй болж залуус санхүүгээр туслах эгчмэд бүсгүйтэй, харин охид нас зүс харгалзахгүйгээр мөнгөтэй эртэй танилцахаар сонин, интернет, телевизээр зар өгч, эд эрхтэн, эмс хүүхдээ ч худалдаж, цаазын ялтай гэдгийг мэдсээр байж хар тамхи зөөж, хэрэглэж, олноороо архичин болцгоож, амиа хорлож байгаа нь нийгэм “балайрал”-д орсны шинж гэнэ ээ.
Тэр ч байтугай хоёр хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай болсныг мэргэжлийн байгууллага хүмүүс албан ёсоор мэдэгдэж байгаа нь “нийгмийг балайруулах” гэдэг ойлголт бүрэн утгаараа хэрэгжсэний тодорхой баталгаа ажээ.
Тэгвэл энэ “балайрал” нь төрөн гарах өөрийн нөхцөл шалтгаантай гэдгийг дээр нэгэнт дурьдсан билээ. Тэр нөхцөл шалтгаан манайд яаж бүрдсэнийг ч бүгдээрээ мэдэж байгаа.
Өмч хувьчлал нэрээр үйлдвэр, хөдөө аж ахуйн бүх салбарыг бутраан үгүй хийж, нийгмийн баялгийг бүтээх, нийгмийн хуримтлалыг бий болгох эдийн засгийн ямар ч чадамжгүй болгосон төдийгүй, хүн амыг үндсэнд нь ажилгүйчүүд болгон гудамжинд хөөн гаргасан.
Нэгэнт ажилгүй болсон болохоор орлогогүй, орлогогүй болохоор амьдрах аргагүй болсон билээ.
Амьдрахын эрхэнд ажлын сураг дуулаад хушууран очих эрэлтийг нь ашиглан нийгмийн ёс суртахууны үнэлэмжээ алдсан ов зальтай зарим хэсэг нь бусдыг гадаадад ажилд зуучлах, эсвэл өөрийн компанид ажилд шалгаруулж авах бүртгэл хураамж нэрээр луйвар хийж байхад, нөгөө нь өндөр цалин амлаж хэдэн сараар ажиллуулчихаад цалинг нь луйвардаад алга болох жишээтэй. Тэгээд “манайхан сая төгрөгийн цалин өгье гээд гуйгаад байхад ажиллах хүн олдохгүй байна” хэмээн телевизээр хээв нэг ярьж суудаг нь нөгөө л ажилгүйдлийн эрхээр нөхцөлдөн гэмт хэргийн чанартай “ажил эрхлэлтийг” төрүүлж байгаа “балайрал”-ын нэгэн хэв шинж ажээ.
Ажил хийх дургүй хүн хулгайч болдог бол амьдрах аргагүй байдал нь хүнийг бас ингэж хулгайч болгодог ажээ.
Монголчуудын “20 жилийн амжилт”-ын дараах амьдрах боломж
Ерөнхий сайдын бахархан ярьж байгаа “20 жилийн ололт амжилт”, эдийн засгийн өөрчлөлтийн дараа монголчуудын амьдрах арга нь сэтгэхүйн цар хүрээний хувьд хумигдан жижгирч, хөдөлмөрийн зах зээл нь агуулга бүтцийнхээ хувьд цөөхөн төрөл зүйлд хашигдсаныг нэрлэн тоочиход ч нэг их цаг зав гарздахгүй болжээ. Тухайлбал амьдрахын тулд юуны түрүүнд мөнгөнөөс илүүгээр өөр бодогдох зүйл энэ нийгэмд байхгүй болсон.
Тэгвэл мөнгө олох арга нь
1-рт Төрийн байгууллагад орж, ингэснээр байнгын орлоготой болж болно. Эрх мэдэл байр сууриа сайн ашиглаж чадвал авилгын чанартай нэмэгдэл орлого, орлогын эх үүсвэрийг олж болно. Тэр дотроосоо илүү боломжийн эрх мэдэл бүхий албан тушаалд хүрэхийн тулд эрх баригч намын удирдах бүлэглэлийн итгэлийг олсон байх ёстой.
2-рт Хувийн бизнесс эрхлэж болно. Ингэхийн тулд өмч хувьчлалын үед улсын томоохон хөрөнгийг цохиж чадсан байх хэрэгтэй. Гэлээ ч гэсэн бас л төрд эрх мэдэлтэй хэн нэгнийг түшиж, туслалцаа дэмжлэгийг нь авч байж оршин тогтноно.
3-рт Өөрийн авъяас чадвар мэдлэг мэргэжлээ түшиглэн бие дааж хувиараа хөдөлмөр эрхлэж болох боловч энэ нь маш дарамттай махаа зулгаасан завгүй зүтгэл чармайлтыг шаардахаас гадна ашиг орлого нь байнгын бус, голдуу бусдаас ажил үйлчилгээ горьдож царайчлах, мэхлэгдэх, луйвардуулах зэрэг ниймийн хар бараан амьдралтай байнга нүүр тулна.
4-рт Хувийн компанид дуулгавартай хүлцэнгүйгээр ажиллан, бүх талаараа хувийн өмч нь мэт ашиглуулж хүчин зүтгэж болох бөгөөд гэхдээ хэдийд ч ажилгүй болох эрсдэлтэй.
5-рт Гадны санхүүжилт бүхий төсөл хэрэгжүүлэх алба гэх мэт ганц нэг ахиухан цалинтай “сайхан ажил” байдаг хэдий ч энэ нь бас олон шалгуур, нөлөө бүхий бусдын дэмжлэгтэйгээр олддогоос гадна тодорхой хугацаанд л хийгдэх байнгын бус ажил байдаг.
6-рт Мөрөөрөө хог түүж өдрийн хоолоо залгуулах, за тэгээд биеэ үнэлэх, гадаадад гарч ажиллах гэсэн сонголтууд үлдэнэ. Харин хулгай луйвар залилан, дээрэм, айлган сүрдүүлэлт гэх мэт гэмт хэргийн чанартай орлогын эх үүсвэрүүд нь дээр дурьдсан хөдөлмөр эрхлэлтийн арга хэлбэрүүд дотор их бага ямар нэгэн хэмжээгээр холилдож явдаг нь нууц биш.
Ажил эрхлэлтийн төрөл зүйлийн хувьд ч төсвийн албан хаагч, “менежер”, уран бүтээлчид, наймаачин, үйлчилгээний ажилтан, туслах ажилтан, “нинжа”, малчин, тариаланч гэсхийгээд зогсоно. Энэ хүрээнд ажлын байрны тоо хэмжээ ч хязгаарлагдмал гэдэг нь ойлгомжтой. Ингэсгээд л манай амьдралын боломж хязгаарлагдана. Мэдээж эндээс нийгмийн бүтээлч сэтгэлгээний хөгжил, урам зориг гэх мэтийг хүлээгээд горьдсоны гарз..
Харин улс төрийн хүрээнд “хор найруулах” гэж бие даасан нэр томъёо болтол нэршсэн муу санааны элдэв хорон явууллага, хомсдол ядуурлын хөрсөнд хогийн ургамал болон гарч ирсэн луйврын сэтгэлгээ л дэлгэрснийг ололтод эс тооцвол сэтгэлгээний хувьд үүнийг тийш нь зарна, түүнд наймаална гэх наймаачны ухаанаас илүү зүйл нэгэнт шаардагдахгүй болжээ.
Ийм нөхцөлд ажил хайж нас зүс өндөр нам, бие галбираараа сонжигдон гоочлогдож явсаар эцэст нь горьдлого тасрахад итгэл найдвар нь унтарсан олон хүний хувьд амьдрал нь сэтгэлийн дарамт болж, архинд орж, мансуурч, сэтгэцийн гаралтай өвчлөлд нэрвэгдэж байгаа нь үндэстнийг үгүй хийх бодлогын бодит хэрэгжилт, зүй ёсны үр дагавар нь юм.
Төрийг үгүйсгэх бодлогын цаадах боолчлолын дэглэм
Эндээс бас өөр нэг дүгнэлт гарч ирнэ. Нийгмийг зөв зохион байгуулсан төрийн зөв бодлого, үйл ажиллагаа л зөвхөн улс нийгэмд хэрэгтэй ажил хөдөлмөр эрхлэх боломжийг иргэдэд бүрдүүлж чаддаг ажээ.
Тухайлбал өнөөдөр манайд малчин сүү, цагаан идээ, эсвэл мах, арьс шир борлуулахаар хотод аваад ирэхэд нь түүнээс том үйлдвэрийн нөхцөл шаардаж /лабораторийн шинжилгээ, мал эмнэлгийн бичиг гэх мэт/ буцаагаад оронд нь БНХАУ-аас савтай сүү, гахай тахианы мах импортоор оруулж ирж байгаа нь хувиараа үйлдвэрлэл эрхлэгч, жижиг аж ахуйн нэгж, иргэдийг тухайн үйлдвэрлэл үйлчилгээгээ эрхлээд амьдрах бололцоогүй болгож, мөнгө олох өөр хялбар арга зам хайхад хүргэдэг ажээ. Мэдээж тэр арга нь хууль бус үйлдэл, үйл ажиллагаа. Тухайн малчин лабораторид бүтээгдэхүүнээ шинжлүүлэх гэж явсаар сүү нь гашилж, мах нь муудаж, зарлага нь олох орлогоосоо давна. Тиймээс нэг бол байцаагчийн гарт багахан юм атгуулж, эсвэл бүтээгдэхүүнээ нууж хааж, баригдахгүй байх гэх мэтээр наад захын хууль бус үйлдэл эхэлнэ. За тэгээд орлогоо нэмэгдүүлэх гээд сүүндээ ус нэмэх энүүхэнд. Цаашлаад нөгөө хэдэн мал, нөгөө жижиг үйлдвэрлэл нь шахагдан, оршин тогтнох бололцоогүй болж амьдрахын эрхэнд аль нэг том компани, хэн нэг эзний зарц барлаг болохоос аргагүй.
Гэтэл манай улс муулаад байдаг өмнөх нийгмийнхээ үед хөдөөгийн нэгдэл, САА-гаасаа сүүгээ цуглуулж машинаар зөөгөөд цэвэр монгол малынхаа сүүгээр нийслэлийн иргэдээ хангаж болдог л байсан. Өөрөөр хэлбэл ийм ажлыг төрийн бодлого зохион байгуулалтаар хийж чадахаас биш ганц малчин ийм зохион байгуулалт, бүтцийг бий болгож чадахгүй гэдэг нь ойлгомжтой.
Тэгвэл том компаниуд чадах уу гэдэг нэг асуудал бас гарч ирнэ. Өөрөөр хэлбэл компанийн засаглал хэрэгтэй юм биш үү гэсэн санаа дэвшигдэн гарч ирнэ гэсэн үг.
Үүний хариултыг өнөөдөр голдуу эрх мэдэлт танил талаараа дамжуулан импортын хулхи барааг төсвийн байгууллага, төрийн өмчит газруудад өндөр үнээр шахаж ашиг олдог, дотоодын жижиг үйлдвэрлэгчийг хааж импортоор оруулж ирсэн чанаргүй, хуурамч шошготой барааны үнээ дуртай үедээ цөөн хэдүүлээ үгсэн хуйвалдаж нэмээд, эрх баригч намуудын хишиг болгон тарааж байгаа бэлэн мөнгийг нь иргэдээс хураан авч, ядуурлын дөрөөг чангалж суудаг, монголын баялгийг эрх баригчидтай нийлж гадныханд худалдчихаад орлогоо нууж, татвараас зайлсхийж, татварын өршөөлд хамрагдах гэх мэтээр хууль бус элдэв үйл ажиллагаагаар үлгэрлэж байдаг том компаниудын бэлэн жишээ нь компани гэдэг өөрийн ашиг орлогыг бодохоос биш улс үндэстний эрх ашгийг хамгаалж, төрийн бодлогыг явуулж чадахгүй гэдгийг бидэнд хэлээд өгнө.
Ер нь нийгмийн ядуурал гэдэг нь нийт олны мөнгө нэг хүний халаасанд бөөгнөрч бусад нь гар хоосон болж байгаа хэрэг бөгөөд энэ ч утгаараа компанийн буюу олигархийн засаглал гэдэг нь том нь жижгээ барьж иддэг “хилэнцэт аалзны засаглал” болох нь ойлгомжтой юм.
Өнөөдөр манайд 10 хүний 2 нь л ажилтай болох боломжтой. Энэ нь хүмүүсийг хөгжүүлж чадваржуулах өрсөлдөөнийг биш харин дарамт, доромжлол, атаа хорслыг л бий болгох бөгөөд ажилласныхаа хэрээр сайхан амьдрах боломж бүр ч биш юм. Яагаад гэвэл эзний хүслээс өчүүхэн төдий татгалзах юм бол хөөгөөд гаргахад гадаа нь “элсэн цөлд ангаж цанган амь тавихын даваанд тулаад” ийшээ орвол “мөнхийн аршаан ханатлаа ууна” гэж итгэсэн хэд дахин олон хүн байгаа. Энэ нь л бусдыг өчүүхэн бага хөлсөөр ажиллуулж их ашиг олох боломжийг бүрдүүлнэ. Тиймээс нийгмийн ядуурал нь компанийн засаглал оршин тогтнох боломж нь, боолчлолын дэглэм урган төлжих хөрс нь ажээ.
Номхон хүлцэнгүйгээр боолчлогдох гэдэг бол манай өнөөгийн нийгмийн олонхид тулган хүлээлгэсэн зарчим болоод удаж байна.
Тэгвэл энэ боолчлолын дэглэмийг хорьж иргэн бүрийн эрх, тэгш сайхан амьдрах бололцоог хангахын тулд нийгмийг зөв зохион байгуулах, иргэн бүрээ ямарваа халдлагаас хамгаалах үүргийг Төр хүлээдэг.
Гэтэл манай улс төрчид, тэр тусмаа “барууны өндөр боловсролтой” гэдгээ олон нийтэд харуулах эрмэлзлэлтэй улс төрийн алба хашигчид, төрийн түшээ гэх эрхмүүд “Төр хамаг юманд оролцсоноос нийгмийн хөгжилд саад болж байна, эрх мэдлийг орон нутагт, иргэний байгууллагуудад өгөх хэрэгтэй” гэж номчирхох нь тун ч ойлгомжгүй.
Үнэхээр орон нутгийн ИТХ, Засаг дарга, засаг захиргааны байгууллагууд нь эрх мэдэлгүй юм уу гэтэл гадны хэдэн тэнэмэлийг орон нутагтаа орогнуулан, хамаг баялагаа тэдэнд найр тавин өгч газар нутаг, ус байгалиа сүйтгээд, эсэргүүцсэн нутгийн иргэдээ айлгаж дарамтлаад амьдрах аргагүй болгож байгаа нь эрх дарх нь хэтэрсэн гэмээр. Ажил хийх гэхээр мөнгө санхүү нь үнэхээр хүрэлцэхгүй байгаа юм болов уу гэтэл хувьдаа бариулаад байгаа барилга байгууламжийг нь харахаар илүүдээд ч байгаа юм шиг.
Тэгээд юм болгонд төр оролцоод байгаа юм бол энэ бүх хууль бус үйлдлүүдийг нь дор дор нь зогсоогоод засаж залруулаад баймаар. Гэтэл үгүй.
Энэ бүхэн төрийн оролцоо ихдсэнийг биш харин төрд луйварчны оролцоо ихдсэнийг л харуулаад байгаа билээ.
Гэтэл улс төрч эрхмүүд өөрсдөө төрд гарчихаад Төрийг үгүйсгэн, “төрийн оролцоог багасгаж иргэний байгууллагуудад л эрх мэдлийг өгөх хэрэгтэй” хэмээн царайгаа мэнчийлгэн мэдэмхийрцгээх нь улс үндэстнийг аймаг орон нутгаар нь салгаж, задлан бутаргах гадны санаа зорилгыг өөрсдөөр нь зөвшөөрүүлэх гэж олон нийтийн толгойг эргүүлэх аядаж суугаа нь тэр.
Монголыг эзэнгүйдүүлэн цөлмөх, компанийн засаглал тогтоон боолчлох харийнхны далд бодлогыг манай төрмөл бус “таримал ухаантнууд” ингэж л хэрэгжүүлсээр… .
Монголд эдийн засгийн “алуурчны” үүрэг гүйцэтгэгчид
1990 оноос хойш манайд явагдаж ирсэн улс төрийн бодлогын хүрээнд зөвхөн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай л ярьж ирснээс биш том үйлдвэр байгуулах талаар нэг ч дурсагдаагүй. Мэдээж бодлогоор устгасан юм чинь юу гэж дахиж бий болгоё гэх билээ дээ .
Тэр ч байтугай өнөөгийн Засгийн газар иргэдээ байнгын ажилтай болгох сонирхолгүй байгааг “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа иргэдийн тоог Оюутолгой төслийн монгол ажилчдын тоонд оруулж тооцох” Засгийн газрын 2010 оны наймдугаар сарын 18-ны 122 дугаар тогтоолоос харж болно.
Гэтэл “Шинэ бүтээн байгуулалт”, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” гэх мэт олон сайхан төсөл хөтөлбөр яриад байгаа нь гадны ажилгүйчүүдэд зориулсан ажлын байр болох нь нэгэнт тодорхой болоод байна. Үүний нөгөө талд хамгийн хорлонтой санаа агуулагдаж байгаа нь Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наманчлал” номонд бичсэнчлэн улс орныг маш их өрийн барьцаанд оруулах зорилгыг л хэрэгжүүлэхээс биш монгол улсын хувьд өөр ашиг гарахгүй. Үүнийг хэрэгжүүлэхэд стратегийн ордуудаа барьцаалж асар их зээл авна гэдгээ ч ил тод зарласан.
Улс үндэстнийг сүйрүүлэх энэ арга технологийг Латин америкийн орнуудад хэрэгжүүлэхдээ тусгай бэлтгэсэн “эдийн засгийн алуурчдыг” ашиглаж байсан бол харин манайд өнөөгийн төр засгийн эрх баригч бүлэглэл тэрхүү “алуурчдын” үүргийг гүйцэтгэж байна.
Латин америкийн орнуудад амжилттай хэрэглэж, дараа нь социалист систем задармагц уг хүрээлэлд багтаж байсан улс орнуудад “даяаршил”-ын цуурай дор өвөр лүү нь шургуулж амжсан энэ “чөлөөт зах зээл” гэгч “улс үндэстнийг үгүй хийх технологи” манайх шиг жижиг улсыг байтугай дэлхийн том гүрний нэг ОХУ-ыг ч хэдэн арван жилийн турш байр сууриа олж чадахгүй болтол ганхуулан бужигнуулж дөнгөлөө.
Үнэхээр ч Жон Перкинсийн бичсэнчлэн “эдийн засгийг нь алснаар” улс орнуудыг эрхшээлдээ оруулж, Уильям Энгдалийн “Сүйрлийн үрүүд” номонд дурьдсанчлан “хоол хүнсийг нь хянаснаар дэлхийн хүн амыг хянах” гэсэн дэлхийн том гүрний санхүүгийн эздийн санаархал ийнхүү дэлхий дахиныг сүйрлийн ирмэгт авчирсныг улс орнууд хожуу ч гэсэн ухаарч Латин америк, Баруун Европын орнууд нийтээрээ эсэргүүцэн тэмцэх боллоо.
Харин манай Улс төрчид, эрх баригч намууд улам бүр ялзран балайрсаар…
О.Лхагвадорж
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com