МОНГОЛЫН НИЙТ АРД ТҮМЭНДЭЭ ХҮРГЭХ УРИАЛГА

 2011.04.19. Улаанбаатар хот Монголчууд аа! Өнөөдөр Монгол Улсын маань уудам тэнүүн газар нутаг өмнөөсөө Өмнөговь Оюутолгой, Тавантолгойн асар их баялагтайгаа, баруунаасаа Увс Ховд Хөшөөтийн нүүрс, цагаан алттайгаа, зүүнээсээ Дорнод, Дорноговь уран, нефтийн баялагтайгаа гадныхны эзэмшилд орж, улс орон тал талаасаа хумигдан жижгэрч, газар сайгүй тээрмийн чулуунд бутлагдах адил улс орон сүйтгэгдэж байна. Нийгмийн амьдрал бүхэлдээ доройтож, харийн хар гартны хуруу хумс нь болсон эрх баригч луйварчдын гайгаар улс орны оршин тогтнохуйн үндэс нь улс үндэстнийхээ хувьд дахин сэргэн өндийх аргагүйгээр устгагдаж, эргээд засаж үл болох хэмжээнд хүрэх бодит аюул тулгараад байна. Товчхондоо цаашид харж хүлээх цаг алга аа! Ийм цаг үед “Гал үндэстэн” холбоо Монголын нийт ард түмэндээ хандаж энэхүү уриалгыг өргөн барьж байна. Ард түмэн бүгдээрээ харанхуй МАНАН дунд үүрэглэн буй нойрноосоо сэрцгээж эх орноо, амь амьдралаа аварцгаая!. Төр засгаа алуурчин, хулгайч, луйварчин авилгачдаас цэвэрлэж, өнөөгийн төр засаглалын бүтэц, бүрэлдэхүүнийг яаралтай үндсээр нь өөрчилж, Монгол улсаа эзэнтэй, Төртэй болгоцгооё! Үүний тулд юуны түрүүнд өнөөгийн УИХ-ыг тар!, Засгийн газар огцор! гэсэн шаардлагыг бүгдээрээ тавьцгаая! УИХ-ыг тарааж оронд нь Бүх ард түмний Их хуралдайг /эсвэл түр хурал, өөр юу ч гэж нэрлэж болно, гол нь аль нэг нам бүлгийн бус харин нийт ард түмний эрх ашиг санаа бодлыг илэрхийлэхүйц шинэ бүтэцийг/ байгуулснаар улс оронд хэрэгтэй тэр өөрчлөлтийг бий болгож чадна. Бидэнд өөр гарц, өөр боломж байхгүй ээ! Ард түмний олонхийн тавьж буй шаардлага бол ямар ч хуулиас илүү хүчин төгөлдөр хууль, ямар ч хуулийг цуцлах бүрэн эрх мөн. Тийм ч учраас 1990 онд ард түмний шаардлагаар Улс Төрийн Товчоо огцорч байсныг санацгаа! Тэгээд ч өнөөгийн УИХ, Засгийн газар хууль бус болохоор ард түмэн тэдэнд “тар, огцор” гэсэн шаардлага тавих нь зүй ёсны эрх нь ч, үүрэг нь ч билээ. “Сонгууль хүлээе, Засгийн газрыг юм уу аль нэг сайдыг огцруулъя, эсвэл сонгуулийн хуулийг шинэчлэе, үндсэн хуульд өөрчлөлт оруулъя” гэх мэт бусад яриа хэлцэл, шаардлага, сэдлүүд нь олон нийтийн хүчийг тарамдуулж зорилгыг нь бүрхэгдүүлж, авилгачдад цаг хожих боломж олгохоос өөр юуг ч өөрчилж чадахгүй ээ! Юуг ч өөрчлөхгүй ийм хагас дутуу сэдэл, шаардлагуудаар олон нийтийн бухимдлыг ашиглан “тоглолт” хийж, хувийн ашиг сонирхол, зорилгодоо хүрэхийг горилогчдыг бүү дэмжицгээе! Чухам ийм явуургүй хувийн ашиг горилогчдын сонирхлын хүрээгээр улс орныг “улс төрийн тоглоом” болгохыг сонирхогчдыг таслан зогсоохын тулд цаашид Монгол Улс аливаа намаас татгалзахыг “Гал үндэстэн” холбоо ард түмэндээ уриалж байна. Өнөөдөр намын гайгаар монголын ард түмний эв нэгдэл задарсан. Харийн нэг луйварчин олон нийтийн байгууллага болох намын нэг удирдагчийн тархийг эргүүлснээр Төрийн эрх мэдлийг далдуур барилцаж, улс орны хувь заяагаар тоглох хэмжээнд хүртэл төрийн жолоо эзэнгүйдэн алдарсны буруутан нь улс төрийн нам билээ. Хамгийн үл бүтэх луйварчдыг дэвшүүлэн гаргаж, аливаа хариуцлагагүй явдлыг хаацайлан хамгаалж, Төрийн хуулиас дээгүүр “эрх” эдлэн, ард түмний хүсэл, ашиг сонирхол, амьдралыг түйвээн бусниулагч нь нам болж байна. Ард түмний татварын хөрөнгийг завшин хүүлэгч хамгийн үргүй зарлага нь нам болж байна. Намд ордог хөрөнгийн урсгалыг зогсоож, эх орныхоо бүтээн байгуулалтад оруулцгаая! Ард иргэд төлөөлөх хүнээ УИХ-д өөрсдөө нэр дэвшүүлэх эрх нь хязгаарлагдаж, аль нэг намаас нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, харин сонгогдсон төлөөллөө сонгогч нь биш нам нь мэддэг, УИХ-ын гишүүд нь сонгогчдын эрх ашгийг биш намынхаа эрх ашгийг дээгүүр тавьдаг, улс орны эрх ашиг хөсөр хаягддаг болсон. Энэ мэт гажуудлаас ангижирч Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг хамгаалдаг төртэй байхын тулд намаас бид ангижрах ёстой. Хүн төрөлхтний түүхэнд Төргүй улс гэж байсангүй. Харин намгүй улс байсаар ирсэн, одоо ч байгаа. Намгүй бол төр улс байхгүй болчихдог гэж итгэдэг харийн гаж сэтгэлгээ, гаж сэтгэлгээг номлогчдоос ангижирцгаая! Өнөөдөр Монгол хүн та бидний амин чухал зорилт болоод байгаа Эх орноо, амь амьдралаа аврах ганц зам УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулан Төр, Засгийн эрхийг бүх ард түмний гарт /Их хуралдайд/ шилжүүлэх түүхэн том үйл хэрэг өнөөдрөөс эхлэн хүн бүр нэгэн зорилгын дор нэгдэж Сүхбаатарын талбайд цуглахаас эхлэнэ ээ! Ард түмэн талбай дүүрэн цуглаж чадсан тэр цагт ганц уухайгаар, ганц үлээлтээр МАНАН-г арилган, нийгмийн амьдралыг гийгүүлэх алтан нарыг мандааж чадах билээ. Үүнд гагцхүү таны чин хүсэл зорилго, оролцоо л хэрэгтэй. Өөр юу ч шаардлагагүй. Монголчууд аа! Бүгдээрээ нэгдэн уухайлъя! Бусад бүх ажлаа түр хойш тавиад Эх орноо, энэ амьдралаа аврахаар цугларцгаа! “УЛС ҮНДЭСТНЭЭ АВАРЪЯ” ЭРХЭМ ЗОРИЛГЫН ДОР НЭГДСЭН БҮЛХЭМҮҮДИЙН “ГАЛ ҮНДЭСТЭН” ХОЛБОО

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах