”Монголчууд асар үнэнч, хэзээ ч зэрэг дэв горьддоггүй, маш эв нэгдэлтэй үндэстэн”
“Урам зориг нэмж, сэтгэл сэргээдэг нэг зүйл нь дэлхий дахинд тархан суугаа тэр л олон монголчуудын сэтгэлийн ерөөл. “Сайн яваад, дахиад заавал ирээрэй” хэмээн ерөөж үдээд, хэзээ ирэх нь вэ гэж саравчлан суудаг хүмүүсийг бодох бүр дахин замд гарахгүй байхын аргагүй санагддаг” хэмээн ярих бүсгүй бол “Тархан суурьшсан монголчууд” төрийн бус байгууллагын захирал, соёл судлаач Ц.Санчир. Түүнийг VIP булангийнхаа зочноор урьж дэлхийн монголчуудын талаар ярилцлаа.
-Таны судалгааны ажил амжилттай үргэлжилж байна уу?
-Амжилттай үргэлжилж байна аа.
-Энэ жил та хаагуур явав, ямар сонин сайхан хүмүүстэй уулзаж учрав аа. Үүнээс яриагаа эхлэх үү?
-Яриагаа нэг зүйлээр онцолж эхлэмээр байна. Тусгаар Монгол Улсын хувьд дэлхийн монголчууд, монгол түүх соёлын дурсгалууд гэдэг эн тэргүүнд яригдах үнэ цэнэтэй сэдэв байх учиртай. Монголын эзэнт гүрний байлдан дагууллын түүхийг ихэвчлэн харанхуй талаас нь яриад бичээд байдаг. Үнэндээ зан заншил, өв уламжлалаа хадгалж үлдсэн элэг нэгтнүүд маань дэлхийн олон улс оронд тархан суурьшиж байна. Мөн Монголын эзэнт гүрний түүх соёлын хосгүй нандин дурсгалууд ч эдгээр улсад хадгалагдсаар байгааг ярих хэрэгтэй. Бидний хувьд дэлхий дахинд “хаалттай” бүс нутаг гэгддэг исламын шашинтай, дотоодын мөргөлдөөнтэй, коммунист дэглэмтэй газруудаар очиж ажилладаг. Энэ л хаалттай гэдэг үгийн цаана Монгол түүх соёлын олон сайхан баримт бий.
Анх замд гарснаас хойш яг арван жил болж байна. Энэ хугацаанд ойролцоогоор 450 мянган километр зам туулжээ. Хамгийн сүүлд манай судалгаа зураг авалтын баг Монголын эзэнт гүрний үеийн Юань улсын өмнөд хязгаар байсан одоогийн Индонезийн Суматра арал болон Монголын эзэнт гүрний Цагаадайн хант улс, Зүчийн улс байсан улс орнуудад ажиллаж байгаад ирсэн. Бидний энэ удаагийн судалгаа зураг авалт Цагаадайн хант улс, Зүчийн улс буюу өнөөгийн Узбекистан, Кыргызстан, Казахстанд тархан суурьшсан монголчууд, монгол соёлын дурсгалуудыг судлахад чиглэгдсэн. Заримаас нь дурдвал Кыргызстан улсад суурьшиж байгаа арван мянган монголчууд буюу сарт халимагуудаа зорьсон. Тэд алдарт Тэнгэр уулын баруун хормой болоод Иссык Кул буюу зарим сурвалжид Ишгэн Хөл гэж тэмдэглэгдсэн нуурын зүүн талаар аж төрдөг. Дээрх улсуудад амьдарч буй монголчуудын зарим нь 800 жилийн өмнөх Хэрэйд, Найман зэрэг овог аймгийнхаа нэрийг хадгалж үлдсэн байдаг.
-Дэлхийн монголчуудын тоог баримжаагаар хэлбэл. Бусад улс оронд амьдарч буй монголчууд ёс заншлаа хэр хадгалж үлдсэн байна вэ. Монгол хэлээрээ ярих юм уу?
-Дэлхийн монголч эрдэмтдийн судалгаанд эдүгээ дэлхий дахинд монгол хэл бичиг, хувцас зүүсгэл, зан соёл, түүх бичлэгтэй хүмүүс 12 сая байна гэдэг. Үүн дээр зургаан сая хазарачуудыг зарим эрдэмтэд оруулдаг. Хазара үндэстнүүд Афганистан, Иран, Ирак, Пакистан, Энэтхэгт аж төрж байна. Тоон мэдээлэл хэлэхээр зарим хүний хувьд бухимдал төрдөг ч юм уу эсвэл хэт хөөрөлд автдаг байж болох юм. Гэхдээ л тусгаар Монгол Улс бидний хувьд мартаж болохгүй зүйл бол дэлхийн монголчууд. Язгуур зан чанарынхаа хувьд монголчууд асар үнэнч, хэзээ ч зэрэг дэв горьддоггүй, маш эв нэгдэлтэй үндэстэн гэж 800 жилийн тэртээгээс Итали, Франц, Персийн эрдэмтэд сурвалж бичигт олонтаа тэмдэглэсэн байдаг. Тэр зан чанар нь өнөөдөр дэлхий дахинд тархан суурьшсан монголчуудын дундаас ч харагддаг. Тархан суурьшсан монголчууд гэсэн сэдэв монгол түүх соёлын өв дурсгалууд гэсэн сэдэвтэй үргэлж хамт яригдах ёстой гэж боддог. Бид сүүлийн 10 жилийн хугацаанд 30 гаруй улсад очиж судалгаа зураг авалт хийлээ. Дэлхийн анхны одон орны төвийг Мөнх хаан Иранд байгуулсан нь өнөө хэр байдаг. Одон орны хоёр дахь төвийг Юань Улсын нийслэл Дайду хотод Хубилай хаан байгуулж байжээ. Дэлхийн гурав дахь Одон орны төв эдүгээ Узбекистанд бий. Төмөр хаанын ачхүү Үлэгбэхийн зарлигаар байгуулагдсан. Энэ бүх дурсгал Монгол хүн бүрийн бахархах түүх. Ийм сайхан дурсгалуудыг очиж үзчихээд нэг л удаа яриад өнгөрөх нь хангалттай биш юмаа. Тийм болохоор л баримт дүрстэй нь олон нийтэд хүргэхийг бид зорьдог.
-Исламын шашинтай улс оронд зорчиход хэр бэрхшээлтэй байдаг вэ. Виз гаргуулахаас авахуулаад асуудал гардаг уу?
-Мэдээж. Амар байдаггүй. Бид арван жилийн турш аялахдаа таван сарыг галт тэргэнд, гурван сарыг майханд, нэг сарыг онгоцонд багагүй хугацааг зам зуур дамжин өнгөрөх газар орнуудад өнгөрөөсөн байна. Хамгийн хямд, боломжтой замыг сонгодог. Усыг нь уувал ёсыг нь дага гэж монголын минь мэргэн үг байдаг тэгвэл исламын шашинтай, дайн самуунтай улс оронд хэрхэн ажиллаж аялах вэ гээд олон асуудал тулгардаг. Урам зориг нэмж, сэтгэл сэргээдэг нэг зүйл нь дэлхий дахинд тархан суугаа тэр л олон монголчуудын сэтгэлийн ерөөл. “Сайн яваад, дахиад заавал ирээрэй” хэмээн ерөөж үдээд, хэзээ ирэх нь вэ гэж саравчлан суудаг олон хүмүүсийг бодох бүр дахин замд гарахгүй байхын аргагүй санагддаг.
Хятад дах монголчууд гэхээр Эрээний худалдаачин, Орос дахь монголчууд гэхээр Эрхүүгийн наймаачдаар л төсөөлдөг байсан үе саяхан. Харин дэлхийн дахинд өв уламжлал, түүх соёл, бичиг үсэг, үлгэр туульсаа зуу зуун жил залгамжилсаар яваа монголчуудын тухай мэдээллийг бид телевизийн баримтат цувралууд, хэвлэлийн ярилцлага нийтлэл, үзэсгэлэн, ном зохиолоороо харуулахыг хичээдэг. Эзэнт гүрэн гэдэг тэр өргөн уудам газар нутагт хэчнээн олон үндэстэн тархан суурьшиж 800 жилийн турш монгол гэдэг эрхэм нэрээ хэл бичиг, идээ шүүс, зан аальтайгаа залгамжилсаар яваа нь гайхамшигтай.
-Хазара, цагаан монголчууд хэдийгээр гарал үүсэл нэгтэй ч одоогийн хүмүүс нь тухайн улсынхаа хэлээр ярьдаг болов уу. Яаж ойлголцдог вэ?
-Анхны жилүүдэд хэлний бэрхшээл тулгардаг байсан. Тэрбум хүнтэй Хятад улсын газар нутгаар ойролцоогоор 5000 км явж байж Цагаан монголчууд, Шарай гол монголчуудын нутагт хүрдэг байх жишээтэй. Тэд алтай язгуурын дундад эртний монгол хэлээр ярьдаг. Хамгийн энгийнээр тайлбарлавал “Монголын нууц товчоо”-ны хэл гэх үү дээ. Монгол бичиг мэддэг хүн төвөггүй сайн ойлголцоно. Заримдаа хагас өдрийн турш ойлголцохгүй байх үе ч гарна. Дуугаар эсвэл ерөөл магтаал, монгол бичгийн галиг дуудлагаар ойлголцох зэрэг онцлог ялгаа бий. Исламын шашинтай газар амьдардаг монголчуудын хувьд хэл бичиг, хувцас зүүсгэл, угсаатны онцлог нь асар их алдагдсан байдаг. Энэ нь тэдний буруу биш. Хэл, соёлоо хадгалж үлдэх эсэх нь тухайн амьдарч байгаа улсын нийгмийн байдлаас шууд шалтгаалдаг зүйл шүү дээ.
-Дунсианчуудын хэл соёлын онцлогийн талаар яриач. Дунсиан хэл гэж байна уу, монгол бичигтэй адилхан уу?
-Дунсианчууд 1227 онд Чингис хааны байлдан дагууллын үеэр одоогийн Хятадын Гансу мужид суурьшиж үлдсэн байдаг. Эзэнт гүрний үеийн Юань улсын газар нутаг л даа. Гансу гэдэг нь “Гашуун бас хуурай” гэсэн утгатай үг. Үржилгүй шимгүй газар нутаг, өндөрлөг уулс, элчилгүй цөл. Тэр л цөлийг туулахын тулд тухайн үед монголын их цэрэг ёстой л малаа барж зүдэрдэг байсан гэдэг. Их хаан аян замд шархдаж тамирдсан цэрэг албат иргэдээ тэр газарт үлдээсэн нь эдүгээ Дунсианчуудын гарал суурьшил гэж яригддаг. Одоо Гансуд 541 мянган дунсианчууд бий. Бид тэнд хамгийн олон удаа очсон. Ийм гарал суурьшил монголчуудаа зорьж очиход дараагийн муж нутагт байгаа, ойролцоо амьдардаг монголчуудынхаа тухай үлгэр, домог ярьдаг. Баоаньчууд, Шарай голын монголчууд тэнд нутагладаг, та бүхэн заавал уулзаарай гэж захих жишээтэй. Цагаан монголчууд, дунсианчууд хориотой бүсэд амьдардаг болохоор тухайн үед гадны хүмүүс бараг очдоггүй байлаа. Анхны очсон хүмүүс нь бид байсан байх. Хаалттай нутагт амьдардаг учраас ядуу буурай, боловсрол нимгэн байдаг. Шинжааны 80 гаруй сум сууринд 168 мянга орчим монголчууд амьдарч байна. Тэнд Торгууд, Хошууд, Цахар, Урианхай, Дөрвөдүүд бий. Шинжааны монголчууд товшуур хөгжим, Жангарын тууль, сайвардан бүжиг, тод үсэг, Монгол бичгээ эдүгээ ч уламжлан хадгалсаар яваа.
-Дэлхийн монголчуудтай уулзчихаад эх орондоо ирэхэд таньд юу бодогддог вэ?
-Дэлхийн монголчуудаар аялж яваад эх орондоо ирэхээр манайхан дээдсээ өвлөгдсөн соёл уламжлал, түүхээ дэндүү доогуур тавиад байх шиг санагддаг юм. Бид тусгаар улсдаа эрх чөлөөгөө эдэлж, эх орноо голж гадагшаа явъя, утаатай байна, замын түгжрэлийг яана аа гэж гомдоллодог. Гэтэл дэлхийн монголчуудын хувьд ирэх амьдрал гэж байдаг бол Монгол оронд адуу ч болтугай болж төрөх юмсан гэж хүсдэг. Хүний нутаг харийн газар гэдэг хэцүү шүү дээ.
-Исламын шашинтай улсад амьдардаг монгол эмэгтэйчүүд гивлүүртэй байна биз?
-Тухайн улсынхаа ёс заншлыг дагана. Гэхдээ зарим газар биднийг очиж уулзахад гивлүүрээ авч хүндэтгэл үзүүлдэг юм. Элэг нэгтнүүд гэдэг утгаараа тэгж ханддаг байх.
-Уулзсан хүмүүстээ Монгол орон, эх нутгийг нь санагдуулах бэлэг авч очдог уу?
-Тэгэлгүй яах вэ. Бидний авч очсон жижиг дурсгал тэдэнд асар их үнэ цэнэтэй байдаг. Заримдаа хүмүүс бидэнд өөрсдийн бичсэн номыг бэлэглэдэг.
АЯЛАХАД ЗАРДАЛ ИХ ГАРДАГ Ч ХЭН НЭГНЭЭС ДЭМЖЛЭГ ХҮСЧ БАЙГААГҮЙ
-Дараагийн аяллынхаа жолоог хааш нь залах вэ?
-Удахгүй Иракыг зорих төлөвлөгөөтэй байгаа.
-Анх аяллын замаа хаанаас эхлүүлж байв?
-“Тархан Суурьшсан Монголчууд” төрийн бус байгууллагыг санаачилсан судлаач, орчуулагч Б.Цэрэн гэж бүсгүй бий. Тэр эмэгтэй Хятадын Гансу мужид сурч байхдаа анх дунсианчуудыг зорьж очиж байсан. Тэд өөрсдийгөө Монголын байлдан дагууллаас үлдсэн хүмүүс гэдгээ хэлсэн байсан. Дараагийн удаа явахад нь би хамт очсон. Тэнд монгол угсаатан амьдарч байна, өдөр бүр цайныхаа дээжийг өргөж сууна. Гэтэл тэдний талаар мэдэж байгаа хүмүүс нь бид л байсан. Энэ тухай судлаж, илүү таньж мэдэж олон нийтэд хүргэх ёстой гэж бодсон. Тэгэхгүй бол түүхийн өмнө өртэй болох юм шиг санагдаж гурван сарын дараа ажлаасаа гараад аялж эхэлсэн. Бидний явдаг зам номон дээр байдаггүй. Анхны жилүүдэд газрын зураг зурж өөрсдөө тэмдэглэл хийдэг байлаа. Ингэхгүй бол дахиад очиход олохгүй мартчих гээд байдаг байсан юм. Энэ ажлыг түүх хэзээ нэгэн цагт үнэлж цэгнэх болбол хамгийн түрүүнд Б.Цэрэн гэдэг судлаачийг нэрлэх нь зохистой билээ. Манай Цэрэн л энэ замыг эхлүүлж олон нийтэд таниулах анхны шанг татсан гавьяатай хүн дээ.
-“Тархан суурьшсан монголчууд” байгууллага хаанаас санхүүждэг юм бэ. Олон улсаар аялж судалгаа хийх зардал мөнгөө яаж зохицуулдаг вэ?
-Арван жил замд гарна гэдэг тийм ч амар биш шүү дээ. Хамгийн хэцүү нь санхүүгийн бэрхшээл тулгарна. Зарим улс руу ороход мөнгөний доод хэмжээг тогтоодог. Нэг хүн хамгийн багадаа 5000 доллар бэлэн авч орох ёстой гэх мэт. Бид арьсан эдлэлийн багахан урлантай. Эндээс олсон ашгаараа энэ л арван жилийн аяллыг хийж ирсэн. Жилээс жилд зам уртсаж, зорилго томорч, үзэгч уншигчид маань ч илүү мэргэжлийн зүйл биднээс хүлээдэг болохоор одоо замд гарна гэдэг нэлээн бэрхшээлтэй болж байгаа. Санхүүгийн нөхцөлөөс шалтгаалаад цуглуулж ирсэн баримт материалаа тэр бүр ном болгож чаддаггүй. Судалгаа зураг авалтын бүрэн багаар ажиллахад зардал их ордог. Гэхдээ мөнгөнөөс болж бидний аялал саатаж байсангүй. Арван жил бололцооныхоо хэрээр зүтгэлээ. Судалгааны ажил хийлгүй өнгөрсөн хугацааны зардлыг өөртөө хуримтлуулсан бол хэчнээн байшин, үнэтэй жийп болох байсныг тооцож үзсэнгүй. Харин бид хаан түүхийн мөрөөр аялж, судлаж, амьдарч яваагаараа бахархдаг. Ном хэвлүүлэх мөнгөөрөө өөр тийшээ судалгаа хийгээд ирсэн нь дээр байдаг. Зардал мөнгөнөөс шалтгаалаад арван жилийн дараа анх удаа л аян замын тэмдэглэл, ярилцлагын түүврээ хэвлүүлж байна даа. Эзэнт гүрний газар нутгаар хагас сая км-ыг туулсан “Жахангүшейн замаар” аян замын тэмдэглэл мөн тархан суурьшсан монголчууд болон монгол түүх соёлын дурсгалын тухай “Үүц задлах цагаар” ярилцлагын түүвэр маань энэ сарын 15-ны бямба гаригт “Интерном” номын их дэлгүүрт нээлтээ хийх гэж байна.
-Ярицлагынхаа төгсгөлд нэг зүйлийг тодруулъя. Тасам гэдэг ямар утгатай үг вэ. Яагаад мэдээллийн сайтдаа ийм нэр өгсөн юм?
-ТАСАМ гэдэг үг олон сайхан утгыг илэрхийлдэг. “Тархан Суурьшсан Монголчууд” гэсэн монгол бичгийн товчлол, ТАСАМ гэж Ойрад монголчууд “дээлийн эмжээр” мөн “гурав”-ын тоог хэлдэг.
Б.ГАНДОЛГОР
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор Оох...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
1 Сэтгэгдэл:
ene busguid mash ih bayarlaj bna.amjilt husie!!! ulam ihiig hiigeerei....
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com