Тахилч

Хутагт хувилгаад түм түмээрээ төрөх нь бий. Өвөрмонголчууд Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүрийг хэдийнэ тодруулаад Альшаа аймагтаа залжээ. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Коммунист намын хорооны хурлаас тодорсон мань хутагт нэгэн хүнээс үе үе баталгаа шаардсаар өдийг хүрчээ. Тэр хүн бол тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаагийн үе дамжсан тахилч Зундуйн Алтангэрэл бөгөөд Дорноговийн Сайншандад ажин түжин амьдарч сууна. Тахилч З.Алтангэрэл өөрийн эцэг өвгөдийн хамтаар Ноён хутагтын эдлэл хэрэгсэл, ном судар, бурхад тэргүүтэй түүхийн үнэлж барамгүй үнэт дурсгалыг бидний үед авчирсан гавьяатай хүн.
Зөвхөн өв хөрөнгө төдийгүй, тэр үеийн ёс заншил, шашны зан үйл, гүн ухааны үзэл баримтлал, бясалгал хийх нарийн арга ухааныг ягштал цээжлэн тээсээр иржээ. Тахилч ийн хүүрнэнэ. З.Алтангэрэл тахилч Үе дамжсан түүх Ноён хутагт 1856 онд 53 настайдаа таалал төгсөв. Дараахан нь Манжийн хааны цэргүүд Галбын уулын гурван хийдэд буй хутагтын өв хөрөнгийг устгах санаатай иржээ. Бүсгүйчүүд голдуу хутагтын шавь нар багшийнхаа өвийг устгуулахгүйн төлөө тэмцэлд бослоо. Манжийн их цэргийн өмнө хүчин мөхөсдөхөө ойлгосон зарим нь айдаст автаж, санал зөрөлдсөн гэдэг. “Бид энэ их хааны олон цэргийн эсрэг юу ч хийж чадахгүй учир бүхий л юмаа өгөөд салъя” гэсэн санал гаргасан бол нөгөө нь “Гэгээнтэн биднийг өндөр боловсролтой болгосон. Манжийн цэргүүд зэр зэвсэгтэй бол бид оюуны зэвсэгтэй. Иймээс бид оюуны аргаар тэмцэнэ” гэсэн зарчим барьж байлаа. Ингээд Буяндэлгэр гэх нэгэн бүсгүй “Манжийн хаан бол ертөнцөд байхгүй том хаан мөн. Гэхдээ тэр өөрийнхөө гаргасан зарлигтаа захирагдах ёстой. Зарлигууд дотроос нь өөрсдийгөө хамгаалах зүйл хайж олъё” гэсэн ухаалаг санал гаргажээ. Манжийн хааны гаргасан зарлигийн хураангуйг цөхрөлтгүй үзэж, эрж хайсаар “Эцэг өвгөдийн булш бунханыг хөндөж малтсан хүнийг цаазаар авна” гэсэн заалтыг олж чаджээ. Шавь нар хутагтын эд хэрэглэл, ном зохиол гээд бүх өв хөрөнгийг хийдүүдээс татан авчирч авдарласан нь 1500 орчим болов. Хамарын хийдийн нэг сүмийг суллаж, таазанд нь тултал авдруудаа хураагаад, дээл хувцас өмсгөсөн Равжаа хутагтын шарилыг сүмийн голд суугаа байдлаар үлдээж, бунхан мэт болголоо. Гадна талд нь “Эцэг өвгөдийн булш бунханыг хөндсөн хүнийг цаазаар авна” гэсэн зарлигийг томоор бичжээ. Манжийн цэрэг сүмийн дотогш нэвтэрсэн ч хааныхаа зарлигаас айгаад яаж ч чадалгүй буцсан түүхтэй. Хутагтын өв хөрөнгийг оюуны зэвсгээр нэг удаад авч үлдсэн хэдий ч Манжийн хааны санаархал дахих нь тодорхой тул харж хамгаалах хүн зайлшгүй хэрэг болов. Хутагт амьд ахуй цагтаа хамаг өвөө захиж үлдээсэн, отгон шавь Балчин Чойжин тахилч тэрхүү хүнд хэцүү албыг үүрчээ. Тахилч цэргийн албанд татагддаггүй, алба татвар төлдөггүй, эрх мэдэл бүхий хүн юм. Зөвхөн хутагтын өв хөрөнгийг харж хандаж, хамгаалж суух үүрэгтэй. Хамарын хийдэд тахилч шиг өндөр мяндагтан үгүй байв. Балчин Чойжин тахилч, хүү Ган-Очиртоо, Ган-Очир хүү Нариадаа, Нариа нь хүү Онгоодоо, Онгоо хүү Гомбодоо, Гомбо нь хүү Түдэвтээ гээд Ноён хутагтын 1500 авдар өв хөрөнгө үеэс үед дамжин найдвартай хадгалагдсаар цагийн урсгалыг туулж 1938 онтой золгожээ. Үүрч үлдээсэн 64 авдар Үе дамжсан тахилчдын хадгалж, хамгаалах арга ухаан төгөлдөр. Ганцханаас дурдвал гурван тулгуур хөлт ширмэн тогоо юм. Нэг хөл нь хүн ард, хоёр дахь нь газар дэлхий, үлдсэн нь төр засгийг төлөөлж байдаг. Нэг л тулгуур хөл байхгүй бол тогоо ойчих нь мэдээж.

Хуучин, шинэ Ноён хутагтын тахилч нарт авдар хийх тусгай дүрэм бий. Хангай газраас мод огтлон авчирч, банзны ширхэгийг зөрүүлэн гажихгүй болтол шахаж, ширээр гадарласанаараа энгийн авдарнаас ялгагддаг. З.Алтангэрэл тахилч өөрийн хийсэн гоёмсог авдаруудаа өвгөдийнхөө түүх өгүүлсэн авдартай зэрэгцүүлэх хадгалжээ.

Аль нэг хөлийг алга болсон гэж үзсэн даруйдаа өв хөрөнгийг нуух ёстой гэдгийг үе үеийн тахилчид хойчдоо захиж үлдээжээ. Хэрэв дээрх гурван төлөөлөл таалалтай байвал хутагтын өв хөрөнгө ил байхад аюулгүй. Хүн ард хэлмэгдэж, төр нь үймж бужигнасан үед байгаль дэлхийдээ нууна. Эсрэгээрээ гал, усны гашуун зовлон тохиолдсон үед төр засаг эсвэл хүн ардаа өгч хадгалуулах нь зүйтэй. Эзэн Чингис “Тангуд улс бий гэдгийг өглөө болгон сануулж бай” гэсэн шиг тахилч хүн үргэлжид энэ зарчмыг мөрдөж, тогооны гурван тулгуураа бүрэн бүтэн эсэхийг үргэлжид санаж сэрж явах ёстой гэнэ.
Үзмэр Ноён хутагтын байгуулсан “Намтар дуулах дацан” театрт хэрэглэгдэж байсан жүжигчдийн хувцас хэрэгсэл, сэлэм, буу, “Саран хөхөө” 10 дэвтэр жүжгийн зохиол тэргүүтэн музейд бий. Дэг журам зөрчсөн жүжигчдийг шийтгэдэг бэрээ хүртэл энд бий. Социалист систем нь шашин, ёс заншлаа үгүйсгэж, ард олныг хэлмэгдүүлж эхэлсэн тэр 1938 онд төр засаг, хүн ард гэсэн хоёр тулгуур үгүй болсонд тооцогджээ. Хутагтын өв Г.Түдэв тахилчид хамаарагдаж байх тэрхүү үед манжууд биш монголчууд өөрсдөө түүх, соёлоо устгах тавилан тохиожээ. Бусад сүм хийдийн өнгөтэйг авч үлдсэнийг нь устгаж байгааг сонссон тахилч Г.Түдэв хутагтын өвөөс шөнөд нэг авдрыг үүрч, хол аваачин голын сайр дагуу булж эхлэв. Өөрийн чадах хэмжээгээр үүрж дүүрч, өнөөг хүртэл үлдээж чадсан нь 64 авдар. Үүн дотор хутагтын чандарласан шарил ч багтсан байна. Тахилчийн нуусан авдар 80 орчим жил булаатай хэвтэж, энэ хооронд лам байгаад харлаж, малчин болсон Г.Түдэв тэмээн тэрэг хөллөж, агент эрхлэх нэрийдлээр ийш тийш чөлөөтэй зорчиж, хутагтын өвийг хамгаална.

  
Тахилчийн нууц
Хутагт тахилч Балчин Чойжоодоо “Би чиний үр удамд тэмдэг дохио болно. Тэр хүнийг тахилч хэмээн өргөмжилж байгаарай” гэж захисан гэнэ. Балчин Чойжоо хутагтын хоёр хүүгийн нэг нь том тэмдэгтэй (мэнгэ) төржээ. Хутагтын тэмдэг дохио хэмээн үзэж, тахилчаар залгамжлуулсан аж. Тэрхүү мэнгэ үе үеийн тахилчдын гэр бүлийн ганц гишүүнд, тэр тусмаа эрэгтэй хүүхдэд, яг л тухай газартаа уламжлагддаг нь гайхалтай. Г.Түдэв тахилчийн үр хүүхэд ямар ч тэмдэг дохиогүй төрсөнд “цаг зөвүүн болж байна” хэмээн бодсон гэдэг. Түүний хүү Г.Зундуй нь эхнэрээ дагуулан залуучууд олноор ажилладаг Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт ажиллахаар явсанд өвгөн тахилч ундууцан харилцаагаа тасалжээ. Г.Зундуй тэндээсээ Улаанбаатар орж Спортын ордны жолоочоор ажиллаж байх үе буюу 1959 онд хутагтын тэмдэгтэй З.Алтангэрэл хүү төрсөн нь гэр бүлийн харилцааг эерүүлж өгчээ. Тахилч Г.Түдэв яаран хотод ирж З.Алтангэрэлийг “Миний хүү” хэмээн өмчлөөд нутагтаа аваад харив.
  Өвөө, ач хүү хоёр хөдөө хээр гарч, энэ тэндхийн сархиаг дунд майхан барьж хононо. Цагдаа, тагнуулын ажилтан, нутгийн иргэдэд сэжиг төрүүлэхээс сэрэмжилж, морь тэмээгээ өндөр газарт уях зэргээр тахилчдын арга ухааныг ашиглана. Шөнөдөө газар ухаж, гурван авдар гаргаж задлаад эдлэлийн үүх түүхийг сайтар тайлбарлаж өгөөд буцаад булаад явна. Нууц өвийн тухай цаасан дээр бичиж үлдээж болохгүйгээс хойш балчир хүүг өвгөн тахилч тун их шахдаг байсан гэнэ лээ. Харанхуй шөнө нэг газар аваачаад орчноо сайтар хар гэж тушаана. Намрын дунд сарын 15-нд уул, овоо, мод, сарны тусгал, сүүдрийн огтолцол дээр авдруудыг нуусан, тэр цэгийг олсон ч хамаагүй ухвал сааль гэдэг зэвсэг чамайг нэвт харвана. Иймээс огтлолцол цэг дээрээ гэрийн буурийн чинээ тойрог зур, алтангадас одоос баримжаалж тойргоо 12 цаглабарт хуваа. Хонь, үхэр, бар, туулай гэхчлэнгээр. Тухайлбал, хонь цаглабарын чигт тэрхүү сааль бий. Аюулгүй болгохын тулд тэр цаглабар талаас нь ух, ухахын өмнө заавал түлхүүр тарни унш. Энэ газрыг хараасан, оюун санаанд хүртэл нөлөөлж мэдэхээр цоож тарни уншсан байгаа гэхчилэн нарийн нууцыг заадаг байжээ. Зөвхөн эдлэл хэрэглэлийн нэр ус, алийг юунд ашигладаг байсныг төдийгүй, бүхий л ёс, дэг жаяг, шашны үйл хэргийг хэрхдэг зэргээр шашны тулгуур ойлголтыг мэдүүлнэ. Тогтоогоогүй бол зандарч, гар хүрэх нь энүүхэнд. 9 настайд нь оршуулгын газар ганцаар хонуулж, бясалгал хийдэг харанхуй агуйд гурван хоног түгжих зэрэг хатуу өвөөгийн үйлдлээс залхсан З.Алтангэрэл хүү түүнийг буг чөтгөр мэтээр ойлгож, үзэн яддаг байсан гэсэн. Хар багаасаа хатуу чанга аргаар суралцсан З.Алтангэрэл хүү аажмаар хатуужиж өсжээ. З.Алтангэрэл тахилч залуудаа өөрийн хүслээр амьдралаа залсан удаагүй. Бүгдийг Ажаа буюу Г.Түдэв тахилч өмнөөс нь шийднэ. Дунд сургуулиа төгсөөд Улаанбаатарт сургуульд явах санаатай байсан ч Ажаа нь цэрэгт явуулж, цэргийн жолооч болгоод жил гаруйн дараа дарга нартай нь яриад буцаагаад нутагтаа авчирчээ. Жолооч болгох нь хутагтын өв хөрөнгийг аюул тохиолдсон үед нааш цааш зөөхөд нэмэр болно гэж өвгөн тахилч тооцсон бололтой. 1984 онд З.Алтангэрэл хүүг 25 нас хүрдэг жил 72 настай Ажаа “Хайрхан дээр гарья” хэмээн дагуулан Шарил тайлин буюу одоогийн Хүслийн ууланд гарчээ. Өвгөн тахилч уулын оройгоос тал руу ширтэж баахан суув. Асгартал уйлж, эцэстээ З.Алтангэрэлд хандаж “Миний нас хүрэхгүй нь. Чи одоо 25 нас хүрлээ. Энэ цагийн хүн энэ цагийн аюулыг ч мэднэ, авралыг ч мэднэ. Би бол хоцрогдсон. 64 авдрыг би 17 газар нуусан байгаа. Өмнө чамаар бүгдийг нь задлуулж, утга учрыг хэлчихсэн. Хэлж өгч байхдаа өдөр болгон чамайг зодож, уйлуулсан. Өвөө чинь биш юм шиг л аашилдаг байлаа. Намайг үзэн яддаг байсныг чинь мэднэ. Үнэндээ эцэг хүний хайр бол байсан юм шүү. Чи над шиг ганцаараа ажиллах учир хат суух ёстой юм. Би чамайг өчүүхэн шуналаас ангид, алсын хараатай болгох хүслээр 25 нас хүртэл чинь нөлөөлөх гэж оролдлоо. Цаашид хэрхэх нь чамаас шалтгаална. Нэг бурхан зарчихвал өөрийгөө насан туршдаа яллах тийм занг чамд суулгасан гэж бодож байгаа. Би чамд хутагтын өв хөрөнгийг хүлээлгэн өглөө. Одоо чи бүгдийн мэдэх боллоо. Маргааш гаргаж ирээд шатаах эсэх нь чиний эрх. Гэхдээ энэ бүхэн бидний өмч биш шүү. Ард олных. Цаг нь ирэхээр ард олондоо ямар нэгэн арга олж хүлээлгэн өгөөрэй” гэжээ.
Өөриймсөл Өвгөн тахилч Г.Түдэв гуай ач хүү З.Алтангэрэлийгээ өвөр дээрээ суулгаад патиараа татуулсанаас үзвэл бусад ач нараасаа илүү өөриймсдөг байсан нь ойлгогдоно. Сайн цаг ирэв “Миний байгуулсан хийд тал тоосгогүй болтлоо балрах цаг ирнэ, Шашир довны энгэрт улаан, цагаан хувцастай улсууд цуглаад дахиж нэг байгуулаад өнөд орших болно” хэмээн Ноён хутагт нэгэнтээ айлдсан байдаг. 1990 он гарч, ардчилал ялж, хутагтын бошго биелэх нь тэр. Зургаа дахь үеийн тахилч З.Алтангэрэл энх цаг ирж, тогооны гурван хөл бүрдлээ гэж үзээд Данзанравжаагийн өв хөрөнгийг нийтэд дэлгэхээр шийджээ. Аймгийн удирдлагуудад хутагтын өвийг хадгалж байгаагаа хэлсэн ч үнэмшсэнгүй. Монголын үндэсний дэвшлийн намын гишүүн байсны хүчинд тухайн үеийн шадар сайд Да.Ганболдад учирлаж байж, Сайншандын II арван жилийн дотуур байрны нэг өрөөг аваад үзэсгэлэн гаргаж, ховор нандин эдлэлийг дэлгэн үзүүлжээ. Шадар сайд нь ирсэн учир аймгийн удирдлагууд хүрэлцэн ирж, жинхэнэ шоконд орох нь тэр. З.Алтангэрэлийн гэр бүл, хамаатан садангууд ч мэл гайхаж, цэл хөхөрсөн гэдэг. Учир нь Г.Түдэв тахилч 48 жил хамт амьдарсан гэргийдээ хүртэл огтхон ч дурсаагүй байв. Хутагтын өвийг дэлгэн үзүүлсний дараа хэл ам ч гарчээ. Соёлын санд ажиллаж байсан зохиолч Лха.Дарьсүрэн, “Улаан-Од” сонин сурвалжлагч Т.Ганди тэргүүтэн “Алтангэрэлийн хөрөнгө үү, Равжаагийн өв үү” хэмээн ам асуув. Монголын түүх, соёлын дурсгал нь хувь хүнд байх нь зохимжгүй, улсын эрдэнэсийн санд хурааж авах хэрэгтэй хэмээн шүүмжилж байлаа. Ноён хутагтын өв хөрөнгийг З.Алтангэрэл гэдэг хүн хувьдаа завших вий гэж санаа зовогсод тахилчдын чанд зарчмыг ойлгоогүй юм. “Хүн юмыг хувьдаа авах амархан, харин нийтийнх болгох хэцүү, ойр дотны хүмүүс ч заримдаа нөлөөлөх гэж оролдох юм” гэж тахилч нэгэн удаа хэвлэлд ярьсан удаатай. 1991 онд тахилчид аймгаас байр гарган өгч “Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн музей” байгуулагджээ. Мянган төгрөгийн тасалбартай, хутагтын музейг амралтын нэг өдөр 200-гаад хүн үзэж сонирхдог юм билээ. 2008 онд шинэ байранд нүүж орсон музейд 64 авдрын 38-д нь хадгалагдаж байсан өв үзмэр дэлгээстэй буй бөгөөд бусад нь сан хөмрөгт, 8 авдар хуучин хэвээр газартаа булаастай, тахилчийн хамгаалалтад бий. Үлдсэн авдруудыг гаргаж ирэх гэхээр дээл, хувцас тэргүүтэн нь өгөршиж муудчих гээд байгаа гэсэн. Польшид үйлдвэрлэгддэг, бэхжүүлэх бодисны нэг литрын үнэ 500 ам.доллар, нэг дээлэнд 20 литр бодис шаардагдах тул авдруудаа гаргаж ирэх боломж хараахан үгүй байна хэмээн З.Алтангэрэл учирлалаа. Жаяг Тахилч хүн амьдралдаа заавал 20-30 авдар хийсэн байх ёстой. Өмнөх тахилчийн муудсан авдрыг сэлбэх зорилгоор тэр шүү дээ. Энэ дагуу З.Алтангэрэл тахилч өөрийнхөө авдрыг хийж, Ажаагийнхаа авдруудтай зэрэгцүүлэн хадгалсаар байгаа. Авдар хоёр талдаа оосортой байх учиртай. Өргөж дүүрэх, хоёр хоёроор нь холбоод тэмээнд ачихад хялбар. Тахилч дор хаяж зуугаад тэмээ маллаж, эргэн тойрондоо ойрхон байлгах учиртай. Тэр уламжлалаар З.Алтангэрэл тахилчийн нэр дээр тоологддог тэмээн сүрэг бас бий. Нохой бас тэжээж, үйл хөдөлгөөнийг уншиж, анзаарч байх учиртай.
Түмэн мэсний бурхан Амьтны амь тасалдаг хүмүүс нүглээ наминчилж байг хэмээн Ноён хутагт түмэн айлын хутга заазуурыг цуглуулан энэхүү бурханыг бүтээжээ. 1971 онд хулгайд алдагдаж, гараас гарт дамжсаар Улсын эрдэнэсийн санд оччихсон байгааг 2000 оны үед олж мэдсэн З.Алтангэрэл тахилч 27 сая төгрөг цуглуулан худалдаж аваад нутагтаа авчирч залжээ. Бурханы суурь нь үлдэж хоцорсон тулдаа л Ноён хутагтынх гэдгийг бусдад баталж чадсан гэдэг. Хойд дүрийг тахилч нь таньдаг Тахилчдад уламжилж ирсэн олон нууц бий. Хутагтын хойд дүр, залгамжлагчийн хэлж ирэх дохио, тэмдгийг хэнд ч үл дуулгана. Хутагтын хойд дүр тахилч дээрээ ирээд гурван зүйл асууж, гурван зүйл хэлж, гурван зүйлийн эдийг үзэх ёстой гэнэ. Хэрвээ таарвал тахилч “мөн” хэмээн таньж, баталгаажуулах учиртай. З.Алтангэрэл тахилч дээр өөрийгөө хутагтын хойд дүр хэмээсэн 9, 10 хүн ирсэн удаатай. Хамгийн сүүлийн Номундалай гэдэг нөхөр тахилчийн нэрийг барьж, хүнээс олон сая төгрөг зальдсан байсныг цагдаад өгчээ. Арго хүртэл ирж, Сайншандыг түйвээсэн удаа бий гэсэн. З.Алтангэрэл тахилч ганц ч удаа хутагт тодруулна гээд харайлгаж явсангүй. Тэгэх учиргүй, цаг нь ирэхээр хутагтын залгамжлагч өөрөө ирж, шинж тэмдгээ таниулна гээд дохио хүлээж суугаа. Альшаад суугаа, үзэл суртлаас төрсөн хутагтын төлөөлөгч Насан гэгч хэд хэдэн удаа мань тахилч дээр иржээ. “Та манай хутагт дээр очоод мөргөчихмөөр байна. Хил гарангуут бид таныг маш өндөр хэмжээнд хүлээж авч, маш гоё машинаар дор нь Альшаад хүргээд өгнө. Нэг сүм барих мөнгө юу ч биш, маш их хэмжээний мөнгө өгнө. Та ганцхан удаа тэнд очоод хутагттайгаа зургаа авахуулчихмаар байна” хэмээн гуйсаар байгаа. “Энд миний гэр бий, энүүхэнд Күнзийн гэр бий” гэсэн хутагтын сэрэмжийг З.Алтангэрэл тахилч яахан мартах билээ. “Би тэнд нэг л удаа очих юм бол Хамарын хийд тэргүүтэй арайхийж босгосон бүх үнэт өв соёл маань тэр хүний харьяанд орчихно” хэмээлээ. Иймд “Хойд дүрд нь надад үзүүлэх дохио гэж бий. Өөрөө ирж, дохио тэмдгээ үзүүлэх ёстой. Үнэн мөн бол би зөвшөөрнө” гэсэн хариуг Насанд хэлээд явуулдаг гэнэ. Чингис хааны тахилч байж мэднэ З.Алтангэрэл тахилчтай ярилцах тусам сонирхол татаж, нууцын чинадад нэвтэрнэ. Шуналд хөтлөгдөөгүй, бахархам үйлээ огт дөвийлгөхгүй. Холливудад таны амьдралаар “Тахилч” гэдэг кино хийе, хэрвээ ном биччихвэл гадаадын олон оронд хэвлүүлж өгье гэсэн саналууд ирсэн ч тахилчийн түүх яах вэ, эхлээд хутагтын хэргийг гүйцэлдүүлье гээд цааргалсан удаатай. Нутагтаа тун чиг нэр хүндтэй түүн дээр янз бүрийн хүмүүс ирж, гар хөлийг нь барих, адис авах зэргээр тахин шүтэх маягтай байдагт дургүйлхэнэ. Нэгний хүсээд авч чаддаггүй, элдэв янзын цол хэргэм, гуншинд бол ясны дургүй. Урлагийн гавьяат зүтгэлтэнд тодорхойлохоор нь Засаг даргад хэлээд болиулчихсан байсныг нь нутгийн угшилтай УИХ-ын нэгэн гишүүн аваад Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигт багтаачихаж. Яалт үгүй авчээ. Сүүлд Сайншандын иргэд хөдөлмөрийн баатарт тодорхойлж, хот руу явуулчихсан байсныг араас нь хөөцөлдөж, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй уулзаж байж болиулжээ. “Би өвөг дээдсээсээ ичиж байна, наадахаа болиулж өгөөч” гэхийг сонссон Ерөнхийлөгч шагширч “Ямар сонин юм, ингэдэг хүмүүс бас байхаа” хэмээн дуу алджээ. Нэг сонин түүх бий. З.Алтангэрэл тахилчийг бага ахуйд Ажаагийн гэрт өндөр хөх өвгөн буугаад морджээ. Ажаа нь ачдаа “Эзний, тэнгэрийн гаралтай тахилч хүн байгаа юм. Битгий хүнд яриад журам алдаад байгаарай” гэж анхааруулсан гэнэ. “Маш ихэмсэг, хүнтэй тоож дуугардаггүй тийм хүн байсан. Ажаатай хөөрөлдөж хоноод явсан. Сүүлд Ажаа Хэнтий рүү түүний гэрт айлчлаад ирсэн удаатай” гэж дурслаа. З.Алтангэрэл гуай Чингис хааны тахилч одоог хүртэл бий гэдэгт тун итгэлтэй байгаа нь мэдрэгдэж байсныг нуух юун. Өв соёлын үнэт түүхийг тээж ирсэн тахилчдын арга ухаан, уламжлал нь өөрөө дурсгалын нэгээхэн хэсэг болж байна. “Өнөө цагт материалистууд олширчээ. Тахилчдад үе дамжин ирдэг дохио тэмдэг, миний саяын ярьсан зүйлд итгэхээсээ илүү шоолох хүн олон байгаа. Ирээдүйд л ойлгож магадгүй” хэмээн тахилч өгүүлнэ. Түүнээс төрсөн нэг хүүд хутагтын тэмдэг бий. Үндэстний ТОЙМ сэтгүүл №127, 128

2 Сэтгэгдэл:

Anonymous said...

bayarlalaa mash sonirholtoi bailaa hudagtiin hoid dur todroh ni dohoj baigaa boluu

Anonymous said...

ikh sonirholtoi ym bna bayarlalaa

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах