Монгол ардын тууль бол монголчуудаас дэлхийн аман зохиолын эрдэнэсийн санд оруулсан дорвитой хувь нэмрийн нэг мөн юм. Тэгээд ч Монгол тууль дэлхийн олон орны судлаачдын анхаарлыг татсаар байдаг билээ. Барагцаалбал 200 орчим жилийн өмнөөс Монгол ардын туулийг Европ зүгийн эрдэмтэд анх судалж эхэлснээс хойш өдгөө дэлхийн олон орны судлаачид тал бүрээс нь судалсаар байна. Тэдгээр эрдэмтэдийн судалгаа нь монгол туулийн зохиомж, уран сайхан, шүлэглэл, хэл найруулга болон туульд туссан нийгмийн орчин ахуй зэргийг тодруулахад гол төлөв чиглэгдсэн байна.
Бас монгол туулийг сурвалжлан цуглуулах, тэмдэглэн авч нийтлүүлэх, бусад хэлээр орчуулахад ч ихээхэн анхаарал тавьсаар байна.
Бид энэ илтгэлд, Монгол ардын баатарлаг туулийн зарим баатруудын эх дүрийн тухай ярих гэсэн юм. Гэхдээ монгол туулийн баатруудын эх дүрийн тухай асуудлыг урьд нь ямар нэгэн хэмжээгээр хөндөн судалж байсныг юуны өмнө тэмдэглэвэл зохино.
Монголын эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “Гэсэр”-ийн туужийн түүхэн үндсийг судлаад уг туулийн гол баатар Гэсэр нь угтаа түүхт бие хүнээс эх дүрээ анх авсан бөгөөд цаашдын хөгжлийн явцдаа уран сайхны дүр болсон гэсэн дүгнэлт хийсэн юм[1]. Бид энэ удаа монгол ардын зарим туулийн баатруудын эх дүрийн тухай авч үзэхдээ, туулийн баатруудыг түүхт хүмүүсийн дотроос хайх зорилго тавиагүй болно. Харин баатарлаг туулийн баатруудыг Монгол бөөгийн тэнгэрүүдтэй харьцуулсны үндсэн дээр монгол туулийн зарим баатрууд нь бөөгийн домог, үзэл ойлголтоос үүсэлтэй болох талаар саналаа хэлэх гэсэн юм. Ингэхийн тулд эхлээд Монгол бөөгийн тэнгэрүүдийн талаар бага зэрэг тодруулах шаардлагатай гэж бодож байна.
Монгол бөөгийн ёсны ойлголтоор бол энэ ертөнцийн уул ус, хүн амьтан, ургамал ногоо зэрэг бүх юмыг харж хамгаалж, бас эрхшээн захирч байдаг эзэн нь бөөгийн тэнгэрүүд ажээ. Тэнгэрүүд нь бас хүн амьтныг төрүүлж, үхүүлж чаддаг гэж ойлгодог байжээ. Бөөгийн тэнгэрүүд нь дотроо баруун зүгийн тэнгэрүүд, зүүн зүгийн тэнгэрүүд хэмээн 2 бүлэгт хуваагддаг байна. Баруун зүгийн тэнгэрүүд нь аливаа хүн амьтанд сайн үйл бүтээж, тэднийг харж хамгаалж байдаг бол, зүүн зүгийн тэнгэрүүд нь ихэнхдээ хүн амьтанд хор хөнөөл учруулж, дайсагнаж байдаг гэнэ. Түүгээр үл барам зарим зүүний тэнгэр нь хүн амьтны махыг идэж, цусыг нь сордог махчин араатан шинжтэй гэж ойлгодог. Дээрх бөөгийн тэнгэрүүд нь бүгд тус тусдаа тодорхой үйлийг эрхэлдэг бөгөөд өөр өөрийн шинж чанартай, оршин суудаг зүг чигтэй гэж бөөгийн шүтлэгтэн монголчууд ойлгодог байжээ.
Одоо бид монгол бөөгийн зарим тэнгэртэй, баатарлаг туулийн хэдэн баатрыг харьцуулан жишиж үзэхийг оролдоё. Чингэхдээ, эхлээд бөөгийн тэнгэрүүдийн нэр, шинж чанар зэргийг товч тодорхойлоод, дараа нь холбогдох туулийн баатрыг түүнтэй харьцуулахыг хичээх болно.
1. Хажир: Монгол бөөгийн ёсны ойлголтоор бол, Хажир тэнгэр нь зүүн зүгийн тэнгэрийн нэг бөгөөд, хүн амьтанд гай учруулдаг догшин тэнгэр аж.
Гэтэл Монгол ардын “Бум Эрдэнэ” хэмээх баатарлаг туульд, Хажир хар хэмээх баатар гардаг. Хажир хар нь эл туулийн эсрэг дүрийн баатар юм.
Цустыг алаад өссөн
Цулбууртныг хөтлөөд өссөн
Долоохон насандаа
Доргилоод төрсөн
Хүрсэндээ хөө мөртэй
Харгалдсан (учирсандаа)–даа хар мөртэй
Эр бүгдийг алаад бах нь ханасан
Эм бүгдийг олзлоод сэтгэл нь ханасан
Эрийн сайн Хажир хар[2]
хэмээн түүний бусдад муу үйл хийдэг харгис догшин чанарыг гаргасан байна.
2. Хайр хар: Энэ тэнгэр нь Монгол бөөгийн зүүн зүгийн тэнгэрийн нэг, догшин тэнгэр бололтой. Чухам ямар үйл эрхэлдэг тэнгэр болох нь тодорхойгүй байна. Баруун монголын дөрвөдийн “Хашин цагаан хаан” туулийн гол баатар Хашин цагааны хүү бол,
Таван живаа албатыг захирсан
Тавин хөх нутагтыг эзэлсэн
Эрийн сайн Хайр хар юм[3].
Хайр хар нь энэ туулийн эерэг сайн талын баатар бөгөөд тэрбээр Найгал хар мангас, Хүлэг хар мангас, Сорогч хар буур зэрэг дайснуудыг дарж, амар сайхан жаргадаг. Хайр хар нь хар салхи тавьж, луугийн дуу гаргаж, бэлгийн хур оруулдаг увидастай ажээ.
Бас халх ардын “Хайрт хар” туулийн баатар нь,
Найман хүйтэн мөрөн
Голын эхэн дээрээс
Хааш хаашаа ерэн таван тохой
Булар хар чулуунаас
Бутран тэсрээд гарсан
Гуулинтайн чинээ тэвэгтэй
Гурван настай Хайрт хар юм[4].
Мөн дөрвөд ардын “Хөхөлдэй мэргэн хаан” туулийн баатар Хөхөлдэй мэргэн нь,
Харз ус буцалтал хэлдэг
Хад чулуу хагартал хэлдэг
Хайрт хар хэмээх түшмэлтэй юм[5].
Энд хоёр зүйлийг тэмдэглэхэд:
Нэгдүгээрт: Дээрх гурван туулийн баатрын нэр Хайр хар, Хайрт хар нь цаанаа нэг гаралтай бөгөөд бөөгийн Хайр хар хэмээх тэнгэрийн нэрээс ирэлтэй бололтой.
Хоёрдугаарт: Хайр хар хэмээх зүүн зүгийн тэнгэрийн уугуул догшин ширүүн шинж байдал нь “Хайрт хар”, “Хөхөлдэй мэргэн хаан” туульд мэдэгдэм дүрслэгдсэн байхад, “Хашин цагаан хаан” туульд харин хувьсал үзэж, эерүү байдлаар дүрслэгдсэн байна.
3. Буйдан: Бөөгийн домог ёсоор, Буйдан нь хан хурмаст тэнгэрийн 33 баатрын нэг бөгөөд баруун зүгийн Бүслүүр цагаан тэнгэрийн хүү юм[6]. Бөөгийн үзлээр бол, тэнгэрийн хүү тэнгэр байдаг ажээ.
Монгол ардын “Дань хүрэл” туульд нь бие нь хийгээс бүтэж төрсөн заан Буйдан гэдэг эсрэг баатар гардаг. Заан Буйдан баатар нь Дан хүрэлийн адууг гурван удаа хулгайлсан учир Дань хүрэл түүнтэй тэмцэж дийлсэн боловч,
Харь холын газарт
Хань бололтой
Хатуу их дайсанд
Туг бололтой
хэмээн түүний амийг өршөөж[7], ах дүү бололцоод хамтран дайснаа дардаг байна. Бас Гэсэрийн туульд, Гэсэр хааны 32 баатрын нэг Буйдан баатар гэж гардаг билээ[8]. “Дань хүрэл” туульд, Буйдан баатар нь анхандаа эсрэг баатар байснаа хэргийн явцад сайн талын баатар болж байгаа бол, “Гэсэр”-ийн Буйдан баатар нь угаасаа эерэг баатраар дүрслэгджээ. Буйдан баатрын энэхүү байдал нь монгол бөөгийн сайн зүгийн Буйдан тэнгэрийн шинжийг ямар нэг хэмжээгээр санагдуулж байна.
4. Галзуу: Бөөгийн ойлголтоор, Галзуу тэнгэр нь зүүн зүгийн тэнгэрт багтдаг бөгөөд хүн амьтанд галзуу өвчин тархаадаг догшин тэнгэр юм[9].
Монгол ардын “Хилэн галзуу баатар” туулийн гол баатар нь Хилэн галзуу юм. Уг туульд, түүний шинж байдлыг
Гарахаасаа гайтай
Гавал дарахад дуртай
Төрөхөөсөө түйтэй
Түйтгэр удахад дуртай
Халцарч холцорч болохгүй
Арван давхар хуйхтай
Хэмхэрч хамхарч болохгүй
Хорин давхар ястай
Хилэн галзуу баатар
хэмээн тодорхойлсон байна[10].
Дээрх бөөгийн тэнгэрийн нэр нь Галзуу бөгөөд туулийн баатрын нэр нь Хилэн галзуу гэсэн нь төдий л ноцтой зөрөө биш гэж бодож байна. Хилэн галзуу баатрын хилэн нь уур хилэнгийн хилэн бөгөөд түүний нэрийн тодотгол үг байснаа яваандаа уг нэртэй нь хэвшээд хамт хэрэглэгддэг болсон бололтой.
5. Хөхөлдэй: Бөөгийн домгоор, Хөхдэй (Хөхөлдэй, Хөхөрдэй ч гэдэг) мэргэн нь аянга цахилгаан захирдаг бөгөөд газарт буй чөтгөр дээр аянга буулгаж устгадаг увидастай барууны тэнгэр гэнэ. Бас эхирэд, буриадад түүнийг анчдыг ивээдэг тэнгэрүүдийн толгой тэнгэр хэмээдэг ажээ.
Монгол ардын “Хөх халзан морьтой Хөхөлдэй мэргэн хаан” туулийн гол баатар нь,
Хойд зүгийг эзлэн төрсөн
Хөх халзан морьтой
Хөхөлдэй мэргэн юм[11].
Бас “Гурван настай Гунан улаан баатар”-ын туульд,
Ачтай гэж ард нь хүрээлсэн
Алдартай гэж дайсан нь сүрдсэн
Хүний сайн Хөхөлдэй мэргэн
гэдэг баатар гардаг[12]. Дээрх 2 туулийн баатар Хөхөлдэй бол эерэг сайн талын баатрууд юм. Гэтэл “Хорин дөрвөн салаа эвэртэй Ухаа дөнөн буга” туульд, Баруун хойт зүгийг эзлэн төрсөн Хөхөлдэй мэргэн хаан,
Гучин гурван баатраа тойруулаад
Өлөн мэлзэн тайгаа хөтөлж
Зээрийн хүзүү зэсмэн зээрд морио унаад
Ерэн алд буугаа барьж ирээд
уулын бугуудыг алдаг бөгөөд дараа нь түүндээ гэмшин буйгаар гардаг[13]. Энэ туульд, Хөхөлдэй мэргэн хэдийгээр эсрэг талын баатраар гарч буй боловч хийсэн үйлдээ гэмшиж, түүнийг нь эерэг талын баатар-бугууд уучилж байгаа нь туулийн баатар Хөхөлдэй нь угтаа ангийн тэнгэрээс уламжлалтай гэдгийг ямар нэг хэмжээгээр тусгаж байгаа санагдана. Учир хүн амьтанд ан гөрөөсийг агнуулах, өгөх үйлийг эрхэлдэг ангийн тэнгэр нь ан амьтны талаас авч үзвэл, зарим тадлаар тэдэнд сөрөг үйлдэл хийдэг эсрэг этгээд мөн бөгөөд харин анчин хүний талаас үзвэл, ангийн олз хайрладаг эерэг сайн этгээд болох юм. Дээрх туулиудад Хөхдэй буюу Хөхөлдэйн дээрх хоёрдмол шинжийг тусгасан гэлтэй байна.
6. Зул: “Гүүний сацалын сударт”,
Зул тэнгэрт хоёр ёс цацнам
Жил тэнгэрт хоёр ёс цацнам
гэжээ[14]. Бөөгийн ойлголтоор бол, Зул нь хүн амьтанд тустай барууны тэнгэрийн нэг бөгөөд түүнийг тахиж байвал үхэр өсдөг гэнэ[15].
Монгол ардын хэдэн туульд Зул нэртэй буюу Зул оролцсон баатар гарч байна. “Зул алдар хаан тууль”-д,
Гаднаас эвдээд ордог
Дай дайснаа номхоруулж
Дотроос эвдээд гардаг
Гай зэтгэрийг хамгаалах
Эзэн болоод төрсөн
Эрийн сайн Зул алдар хаан
хэмээн өгүүлжээ[16].
Жангарын туульд,
Эрдэнийн энэ цагт
Энэ олон бурхадын шажин дэлгэрсэн цагт
Тахь Зул хааны үлдэл
Тамсаг Бумба хааны ач
Үеийн өнчин Жангар
гэх буюу басхүү
Дөрвөн тивийн нэгэнд байдаг
Догшин цагаан Зул хааны тухай дурьджээ[17].
Бас “Хан Чингэл баатар” туульд, Төр зул хэмээх нэгэн баатар гардаг байна[18]. Дээр дурдсан туулийн баатрууд нь эерэг дүрийн баатрууд байна.
7. Цагаан өвгөн: Ар хорчины шарын бөөгийн дуудлаганд,
Хар нохой дагуулсан хи, хи
Эл лан их тэнгэр
Хамаг далайг эргэгч
Цагаан өвгөн тэнгэр[19] гэж өгүүлдэг байна.
Судлаач Мансан Цагаан өвгөн нь монгол бөөгийн баруун зүгийн 55 тэнгэрийн нэг гэж тодорхойлжээ[20]. Монгол ардын “Баян цагаан өвгөн” туулийн баатар нь,
Таван зүсэм малаар
Таг төгс төрсөн
Арван цагаан уулын
Эзэн болоод төрсөн
Баян цагаан өвгөн юм[21].
Мөн “Аргил цагаан өвгөн” туулийн гол баатар нь,
Тойроод ордог торц үгүй
Эргээд ордог эрц үгүй
Элсэн бөөрөг нутгаа эзлээд төрсөн
Алтайн эзэн
Аргил цагаан өвгөн болой[22].
Энэ хоёр туулийн баатар Баян цагаан өвгөн, Аргил цагаан өвгөн нь эерэг талын баатрууд бөгөөд анхандаа баян, аргил нь нэрийн тодотгол, чимэг үг, жинхэнэ нэр нь цагаан өвгөн байсан бололтой.
8. Одон цагаан: Баргын шарнууд бөөгийн дуудлаганд,
Бор тэрмэн үүдтэй
Дун тэнгэрийн галбиртай
Байгуул одон цагаан тэнгэр гэж гардаг байна[23].
Зарим судлаачид Одон цагаан тэнгэр бол атаа арван гурван тэнгэрийн нэг, өмнө зүгт залардаг хэмээжээ[24].
Харин “Жангар” туульд гардаг Одон цагаан хэмээх баатар нь Жангарын эсэргүүцэл этгээд Заан тайж хааны зүүн биеийг ахалдаг гэж өгүүлдэг[25].
9. Алтай: Бөө мөргөлийн нэгэн бичигт,
Өвчин эмгэг үгүй
Хулгай дээрэм үгүй
Дайн дажин үгүй
Мөндөр хяруу үгүй
Чоно нохойн аюулгүй
Цас зудын гамшиггүй
Адуу мал тарган сайхан байхыг
Агуу их
Алтай тэнгэрт даатган залбирдаг тухай өгүүлсэн ажээ[26].
Үүнээс үзвэл, Алтай нь монгол бөөгийн баруун зүгийн тэнгэрийн нэгэн тэнгэрийн нэр ажээ. Монгол туулиудад, Алтай гэдэг нэр оролцсон нэртэй баатрууд гарч байна. “Алтай ноён галуу хүү” туулийн гол баатар нь,
Арван найман ханатай
Далан найман òэрэмтэй
Давхар ширмэн байшинтай
Арван найман настай
Алтай ноён галуу хүү юм[27].
Тэрбээр Алтай галуу хүү дөшийн чинээ нүдòэй, довын чинээ толгойтой, том хар мангастай тэмцэлдэн дийлээд, амар сайхандаа жаргадаг. Мөн “Арван гурван настай Алтай сүмбэ хүү” туулийн баатар Алтай сүмбэ нь газрын Хар хүрэмийг атган амаржиж байгааг өгүүлдэг[28]. Дээрх туулийн баатрууд нь сайн талын дүр юм.
10. Шуумар: Бөөгийн домог ёсоор, хурмаст тэнгэр 33 баатартай бөгөөд тэдний нэг нь Бургуй шуумар, нөгөө нь Эрчин Шуумар юм. Эрчин Шуумарын эцэг нь баруун зүгийн 55 тэнгэрийн нэг Оёдол цагаан тэнгэр ажээ[29]. “Гэсэр” туульд Гэсэр хааны баатрын нэг нь Шуумар баатар билээ[30].
11. Баянцагаан: Баянцагаан тэнгэр бол барууны тэнгэрийн нэг бөгөөд баруун өмнө зүгт залардаг ажээ[31]. Баруун монголын Урианхай ардын “Баянцагаан өвгөн” туулийн сайн талын гол баатар нь Баянцагаан юм[32].
12. Бум: Халхын бөөгийн дуудлаганд,
Баруун урд зүгээс
Цас цагаан уулаар нутагтай
Цанхил цагаан бөө нар удамтай
Цанхилдай цагаан удганаас эхтэй
Долоодын долоон үеийн бөөнөр
Туж таван хошуу нутагтай
Дөрвөлжин улаан ууланд суудалтай
Хар дархад багштай
Далан таван хөх үүлэн хаялганаас цахилсан
Сая сая Бум хар тэнгэр гэж өгүүлдэг байна[33].
Харин Бум нь аль зүгийн тэнгэр болох нь одоогоор тодорхойлсон зүйлгүй байна. Монгол ардын “Бум эрдэнэ” туульд,
Баруун хойт зүгийн дарлаганд
Тэнгэртэй тэрслээд төрсөн
Тэсгэлгүй сайндаа доргилоод төрсөн
Газартай гацалдаад төрсөн
Бурхан хан аавтай
Бурам хатан ээжтэй
Бум Эрдэнийн баатарлаг явдлыг магтан дуулдаг[34]. Энд Бум хар тэнгэр баруун урд залардаг, Бум Эрдэнэ баатар баруун хойт зүгийг эзэлдэг тухай ойролцоо гарч байгаагаас үзвэл Бум нь баруун зүгийн тэнгэр бололтой.
13. Эзэн: Эзэн тэнгэр нь атаа арван гурван тэнгэрт багтдаг бөгөөд тайлга тахилгын эзэн бололтой. Тэрбээр баруун өмнө зүгт оршдог хэмээдэг ажээ.
Монголын “Эзэн тэнгэр хаан” туулийн баатар нь,
Аргагүй сүр жавхлант
Сүмбэр цагаан уулын
Хөтөргөнд төрсөн
Баруун зүүнийг эзэгнэн төðсөн
Эзэн тэнгэр хаан юм[35].
14. Хан хар (Харангуй): Монгол бөөгийн дуудлаганд,
Хүдэр чулуун цээжтэй
Хүрэл чулуун бөгстэй
Хангайн модон уяатай
Хар цусан сэржимтэй
Зуун ламын цусаар унд хийсэн
Мянган бандийн толгойгоор молцог хийсэн
Хадан хошуу дамжлагатай
Харуй бүрийд гүйдэлтэй
Хар хэрээ дагуултай
Халтар баавгай унаатай
Тоймог толгойтныг хардаггүй
Тойн хуврагийг үздэггүй
Хан хар тэнгэр[36] гэж гардаг.
Энэ нь зүүн зүгийн догшин тэнгэрийн нэг юм.
Монгол ардын “Хан харангуй” туулийн гол баатар Хан харангуй нь биеэ хожгор заарт хөвгүүн, унасан хүлгээ хамуутай даага болгодог увидастай бөгөөд хүний махыг идэж, цусыг уудаг зэргээрээ Хан хар тэнгэртэй ойролцоо шинж чанартай байна[37]. “Хан харангуй” туулийн харангуй нь харанхуй буюу хар гэсэн үгээс үүсэлтэй бололтой.
Бид дээр бөөгийн тэнгэрүүдтэй Монгол ардын зарим туулийн баатрыг харьцуулан үзэхийг оролдлоо. Одоо энэхүү оролдогынхоо дүнд үндэслэн дараахь хэдэн зүйлийг хэлж болмоор байна.
1. Бидний судалгаанд хамрагдсан монгол ардын 17 туулийн 23 баатар нь бөөгийн 14 тэнгэрийн нэртэй буюу тэдний нэр оролцсон нэртэй байгаа нь тогтоогдлоо. Тэгэхдээ бөөгийн тэнгэрүүд нь нэрээ нэлээд тогтвортой хадгалсан байхад туулийн баатруудын нэрэнд олон тодотгол чимэг үг нэмэгдсэн байна. Тууль бол уран сайхны бүтээл учир тийм өөрчлөлт байх нь зүйн хэрэг гэж бид бодож байна.
2. Бөөгийн тэнгэрийн нэртэй буюу тэдний нэр оролцсон нэртэй туулийн баатруудын ихэнх нь нэрийг нь зүүсэн тухайн тэнгэрийнхээ шинж чанартай адил буюу ойролцоо зан төлөвтэйгээр туулиудад дүрслэгдсэн байна.
3. Хүнд хортой муу үйл хийдэг зүүн зүгийн догшин тэнгэрүүдийн нэртэй туулийн баатруудын дийлэнх олонх нь уг туулийнхаа эсрэг баатраар дүрслэгдсэн бол, хүн, амьтныг хамгаалж хардаг гэх баруун зүгийн тэнгэрүүдийн нэртэй баатрууд нь гол төлөв эерэг сайн талын баатар болж туульд гарч байна.
4. Бөөгийн тэнгэрийн нэртэй буюу ойролцоо нэртэй туулийн баатруудын зарим нь тухайн тэнгэрийнхээ залардаг гэх тэр зүг чигийг эзлэн суудаг болох нь ажиглагдав. Ийнхүү монголын бөөгийн зарим тэнгэрүүдтэй туулийн тодорхой баатруудын нэр, шинж байдал, зан араншин адил буюу ойролцоо байгааг зөвхөн тохиолдлын зүйл мэтээр тайлбарлах нь хангалтгүй гэж бид үзэж байна. Чингээд бид дараах саналыг та бүхэнд сонордуулахыг хүсч байна.
Нэгдүгээрт: Монгол ардын баатарлаг тууль анх үүсэхдээ, тухайн үеийнхээ бөөгийн домог, бөөгийн тэнгэрүүдийн шинж төрх, тэдний хоорондын явдалд үндэслэж буй болсон. Тухайлбал, бөөгийн тэнгэрүүдийн хоорондын зөрчил тэмцэл нь анхандаа баатарлаг туулийн зохиомж, үйл явдлын үндэс болж, бөөгийн тэнгэрүүд нь уг туулийн баатруудын эх дүр нь болж өгсөн байна. Тийм ч учраас Монгол бөөгийн тодорхой тэнгэрүүдийн нэр, шинж төрх, зан араншинг ямар нэгэн хэмжээгээр өөртөө тусгаж хадгалсан туулийн баатрууд өдгөө бидний үед уламжлан ирсэн байна.
Хоёрдугаарт: Дээр өгүүлсэн зүйлсийг нэгтгэн үзвэл, монгол ардын баатарлаг туулийг уг гарлаар нь бөөгийн (шашны) үүсэлтэй туулиудын төрөлд багтаан үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, Монгол баатарлаг туульс шинэ тулгар үүсч, улмаар хэлбэршин төлөвшиж өөрийн үндсэн дүр төрхөө олоход нь бөөгийн үзэл ойлголт, яруу найргийн зүйлс нь түүний төлжин хөгжих анхны хөрс суурь нь болж өгчээ.
Бид энэ саналыг дэвшүүлэхдээ, монгол баатарлаг туульс анх үүсч хөгжихдөө, бөөгийн үзэл ойлголтоос уламжлан авсан тэрхүү зүйлс нь цаашдын хөгжлийн явцад ямар нэг хэмжээгээр хувьсал үзсэнийг басхүү үгүйсгэхгүй байна.
[1] Ц.Дамдинсүрэн “Исторические корни Гэсэриады” М., 1957
[2] Бум Эрдэнэ. Хэвлэлд бэлтгэсэн Б.Катуу УБ., 1985 тал 44.
[3] Халх ардын тууль. УБ., 1967 тал 121
[4] Мөн тэнд
[5] Дөрвөд ардын тууль. Хэвлэлд бэлтгэсэн Б.Катуу УБ., 1996 тал 98.
[6] Л.Хурцбаатар “Монгол бөө мөргөлийн ерэн есөн тэнгэрийн тухай” -// ”Өвөр монголын их сургууль” сэтгүүл 1987 № 1 тал 75-82.
[7] Дань хүрэл. Хэвлэлд бэлтгэсэн Б.Катуу УБ., 1988 тал 77.
[8] Ц.Дамдинсүрэн. Гэсэр. УБ., 1986 тал 58.
[9] С.Ю.Неклюдов. Геройческий эпос монгольских народов. М., 1984 стр 37.
[10] Халх ардын тууль. УБ., 1991 тал 83
[11] Дөрвөд ардын тууль. Хэвлэлд бэлтгэсэн Б.Катуу УБ., 1996 тал 97.
[12] Монгол ардын баатарлаг тууль. УБ., 1982 тал 50.
[13] Монгол ардын баатарлаг тууль. УБ., 1982 тал 67-71.
[14] Ц.Дамдинсүрэн. Монголын уран зохиолын дээж зуун билэг оршивой. УБ., 1979 тал 97.
[15] Л.Хурцбаатар. Монгол бөө мөргөлийн ерэн есөн тэнгэрийн тухай. -// ”Өвөр монголын их сургууль” сэтгүүл 1987 № 1 тал 79.
[16] Арван гурван хүлгийн дуун. Хэвлэлд бэлтгэсэн Ж.Цолоо УБ., 1982 тал 392.
[17] “Жангар” УБ., 1963 тал 11, 46, 54-56.
[18] Монгол ардын баатарлаг тууль. УБ., 1982 тал 83-84.
[19] Б.Содном “Хар зүгийн бөөгийн дуудлагын тухай” -// “Монголын судлал”
[20] Мансан “Монгол бөө мөргөл” Хөх хот., 1990 тал 62.
[21] Ж.Цолоо, У.Загдсүрэн “Баруун монголын баатарлаг туульс” УБ., 1966 тал 39.
[22] Р.Нарантуяа “Аргил цагаан өвгөн” УБ., 185 тал 9.
[23] Б.Содном “Хар зүгийн бөөгийн дуудлагын тухай” -// “Монголын судлал” тал 86.
[24] Л.Хурцбаатар “Хатиганы арван гурван атаа тэнгэрийн тайлга” Хайлаар., 1987 тал 31.
[25] “Жангар” УБ., 1963 тал 11, 66-68.
[26] Г.Хишигтогтох “Монголын эртний утга зохиолын судлал” Хайлаар., 1988 тал 193.
[27] Халх ардын тууль. УБ., 1991 тал 30.
[28] Халх ардын тууль. УБ., 1991 тал 58.
[29] Л.Хурцбаатар. Хатиганы арван гурван атаа тэнгэрийн тайлга. Хайлаар., 1987 тал 62.
[30] Ц.Дамдинсүрэн. Гэсэр. УБ., 1986 тал 58.
[31] Мансан. Монгол бөө мөргөл. Хөх хот., 1990 тал 60.
[32] Ж.Цолоо, У.Загдсүрэн. Баруун монголын баатарлаг туульс УБ., 1966 тал 39-40.
[33] Монгол ардын аман зохиолын дээж бичиг. УБ., 1978 тал 110.
[34] Бум Эрдэнэ. Хэвлэлд бэлтгэсэн Б.Катуу УБ., 1985 тал 44.
[35] “Монгол ардын тууль” УБ., 1989 тал 95.
[36] Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын дээж зуун билэг оршивой” УБ., 1979 тал 195.
[37] “Эрийн сайн хан харангуй” УБ., 1986
эх сурвалж http://haruulaltai.blogspot.com
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com