Эзэн Чингисийн ууган хүү, Казах хаадуудын эцэг

Эзэн Чингисийн ууган хүү, Казах хаадуудын эцэг


Алдар нэр, албан тушаалын төлөө өрсөлдөн тэмцэхдээ бие биеийгээ гүтгэн доромжилж нэр хүндийг нь гутаан сэвтээдэг хачин оролдлого бол зөвхөн бидний эрин үед л гарч ирсэн шинэхэн зүйл биш, нүүдэлчдийн мах цусанд эрт дээр үеэс шингэсэн зан гэлтэй.

Өнөөгийн сурталчид бусад элдэв аргаа барахдаа нэрт улс төрчдийн хэн нэгнийг эрлийз хэмээн улайм цайм гүтгэдэг болсны адил Чингис хааны ууган хүү, монгол цэргийн нэрт жанжин Зүчийг мэргэд, хонгирадын эрлийз мэтээр гүтгэхийг оролдсоны цаад утга учрыг сайн ухварлан авч үзвээс түүний гол өрсөлдөгч болох хэрсүү зантай Цагаадайн амнаас гарсан үг ч юм уу "Монголын нууц товчооны" Зүчид дургүй зохиогчийн санаанаасаа зохиосон зүйл мэт бодогддог.

"Хөвгүүдийн минь ах Зүчи буй за" гэж их хаан өөрөө айлдварласан байтал Чингис, Зүчи хоёрын аль алинаас нь өө сэв хайж муулах, улмаар монголчуудыг гутаахыг эрмэлзсэн өш хонзонтой гадныхныг дагаж өөрсдийгөө доромжлохын оронд түүхийн үнэний гүнд нэвтрэхийг монгол түүхчид өөрсдөө нэг бодож цэгнэмээр юм.

Харийнхан тэдэнд дургүйцэхдээ заримдаа бүр Зүчийг эцэгээ алахыг завдсан, тэрний хариуд эцэг нь хүүгээ захиалгаар алуулсан мэтээр хов жив тарьсан байдаг. Хэрвээ тэр хоёр хоорондоо тийм ч муу байсан бол их хаан түүнд Эрчис мөрнөөс Уралын нурууг хүртэлх Дешт-кипчагийн асар их өргөн уудам нутгийг эзэмшүүлж өгмөөргүй байлаа. 1223 онд мөн нутаг дахь Хуланбасын хээр талд хуралдай хийхэд Зүчи эцэг Чингистээ энэ нутгийн ан гөрөөсөөс авахуулаад ариун нандин бүх үнэт зүйлийнхээ дээжээр бэлэг аваачаад өргөн барьж хуралдайд ёс төртэй очиж оролцохгүй байсан. Дараа нь Зүчийн хүү Бат хаан Өгөөдэйн бүх ажил үйлсийг хамжилцаад Хархорумын их хуралдайд уригдаж оролцох учиргүй байсныг санууштай. 1227 онд Зүчийн хулан авлаж яваад зуурдаар эндсэнийг хаан эцэг нь сонсоод,
"Далай гүнээсээ булингартваас
Даруй тунгаах Зүчи минь
Улиас гүнээсээ ойчвоос
Ухасхийн босгох Зүчи минь
Унагаа алдсан хулан шиг
Уйдаж харуусан хоцорлоо би
Дэгдээхийгээсээ салсан хун шиг
Дэмтэй хүүгээсээ хагацлаа би" гэж гашуудмааргүй сэн билээ. \Шүлгийг Зүчийн удмын эрдэмтэн Шот-Аман Валиханы бичлэгээс хөрвүүллээ\

Ингэхээс ч аргагүй, Зүчи, Бат нар дэлхийг байлдан дагуулж нүүдэлчдийг мөхлөөс аварсан Чингис хааны алдар дээр алдар нэмсэн түүний үнэн зоригт үе залгамжлагчид юм чинь.

Зүчийн цэргүүд Сибир, Алтай, Зүүнгар, Дорнод Туркстаныг номхотгоод Хятадыг эзлэхэд оролцсон. Хорезмийн жаран мянган цэрэгтэй тулалдсаар 1222 он гэхэд Дундад Азийн бүх хотыг эзэлж авсан Тэгээд хорвоогийн жам ёсоор өөрөө энд одоогийн Жезказган хотоос 45 км зайтай оршдог Улытав уулын энгэр, Хэнгэр голын эрэг дээр мөнх нойрссон байжээ.

Одоогоос 800 жилийн өмнөх уран барилгын яруу тод нэгэн жишээ болсон Зүчийн бунханыг бид 1992 оны намар үзэж сонирхсон билээ. Бунхны хананд хадгалагдсаар ирсэн бичиг тамгануудыг ажиглахад дөрвөлжин хэлбэртэй, 7х10 метр гаруй хэмжээтэй энэ байгууламжийг барьж байгуулахад 1228 онд огуз, аргун, кипчаг, хэрийд, найман, хангли зэрэг түүний харьяат байсан бүх овог аймгууд оролцсоныг илтгэж байна. Суурь нь газар дор тавигдаад шатаасан тоосго, шавар вараар маш бат бэх баригджээ. Хээ угалз, бичигтэй тоосгонууд нь 45х45 см хэмжээтэй. Тэдгээр тоосгоны ихэнхийг 1911 онд оросын нэгэн түшмэл хуулж аваад аль нэгэн музейд шилжүүлсэн юм гэнэ.Бунхан хоёр давхар 15 м өндөр суваргатай.

Зөвлөлт засгийн үед энэ бунханд шинжилгээ судалгаа хийж үзэхэд 220х70х120 м булшан дотроос модон авсанд хийсэн хүний шарилыг үзэхэд баруун гар нь байхгүй байсан гэнэ. Түүнийг судлаачид ан гөрөө хийж явахдаа хулангийн азарга дайрч шархадсаных гэж таамагласан ч бидний боддогоор бол эртний монгол ёсны дагуу тэр гарыг нь төрсөн газарт нь аваачиж нутаглуулсан байж болзошгүй. Бунхан доторхи нөгөө нэг булшийг Зүчийн их эхнэр, Ван ханы дүүгийн охин Бектумашийнх байх магадлалтай гэж үзсэн байна. Түүний доор дэвссэн тойпуунд араб үсэгтэй "ихбал "гэдэг үг байжээ. Уг хоёр бичгийн хэлбэр маяг адилавтар байдгийг бодоход монгол үг ч байж магадгүй.

Зүчийн түүхэнд эзлэх байр суурь казахуудын хувьд нэн онцгой. Казахстаны одоогийн нутаг дэвсгэр,хил хязгаар Зүчи болон түүний хүү Батын үүсгэн байгуулсан Алтан орд улсын үеэс хадгалагдсаар ирсэн агаад Зүчийн хүү Тогоонтөмөрийн удмынхан улам бататгажээ. Жанибек,Керей нар 1456 онд казахын анхны тулгар төрийг байгуулснаас эхлээд харийн булаан эзлэгчидтэй он удаан жил тэмцэлдсээр 1847 онд амь үрэгдсэн хаан Кенег хүртэлх төрийн бүх тэргүүн нар Зүчийн үе залгамжлагчид байсан юм.Тэр тусмаа улс үндэстний эрх чөлөө тусгаар тогтнол,үнэт баялаг бүхнийг хамгаалан батжуулахад Хасим,Есим,Барааг, Жангир,Тавке, Аблай нарын хаадууд, их эрдэмтэн Шохан Валиханов томоохон түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Зүчийн удмынхныг "төре" омгийнхон гэдэг, Төр барьдаг дээд язгууртан гэсэн утгатай. Тэд Казахстан, Шинжиан, Баян-өлгийд оршин суудаг, сая гарсан хүн амтай бөгөөд сталинчиллын үеийн улс төрийн хэлмэгдэлд ал ь алинаас нь цөөнгүй төречүүд өртсөн түүхтэй.

Р.Шынай (eh survalj www.kazakh.blog.banjig.net)

2 Сэтгэгдэл:

tugsuu said...

zuchiin tsereg zuun gariig negtgesen gen uu hehe

Anonymous said...

Gazar zuin ner tomyonii utgaar hereglesen bailgui dee. Zuungariin govi geed Sginjaand baij l baidag shuu dee. Tiinuug helsen baih

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах