Европын ард түмэн Азийн булаан эзлэгчдээс гаралтай



Хүн ба нийгмийн оюун сэтгэлгээний салбарт тухайн өгөгдсөн цаг үе болгоны ил далд ноёлсон төсөөлөл, үзэл санаа, суртал номлол бодитой оршин байх жамтай. Үүнийг парадигм гэнэ. Парадигм нь үе үе солигдож байх боловч нэгд, харьцангуй тогтвортой, хоёрт, хуучин парадигм нэгэн цагт дээд төвшинд дахин гарч ирэх диалектик үйлчилж байдаг.

Энэ ойлголтын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл Ч.Эрдэнэ гуайн “Их гурвалжин” гэдэг номыг уншихыг танд зөвлөе.
Ухаант хүмүүн буюу Хомо Сапиенс төрөлтөн бий болсон цагаас сэтгэлгээний бүтэц үүссэн бөгөөд энэ ертөнцийн загвар жишиг, хүмүүний оюун ухаанд зэрэгцэн орших болсон гэж ойлгож болно.
Сэтгэлгээний бүтэц нь бүтцийн онолын хувьд хосолмол шинжийг агуулах бөгөөд үлгэр, домог зүйд тод туссан байх ба айдас мухардалтай зэрэгцэн, аз жаргалын мөрөөдөл, амар сайхандаа жаргажээ гэсэн ноёлсон төсөөлөл давамгайлж байдаг нь заяаных юм. Харин нийгмийн сэтгэлгээний бүтцэд байгалийн зүй тогтол, бүтцийн хувьсал, хүмүүний танин мэдэхүйн нээлт, тухайн цаг үеийн ноёлсон төсөөллийн хувьсал нөлөөлж фазын хувьслыг бий болгодог. Тухайн нийгмийн далд орших төсөөлөл ноёлон, ил гарч ирэхийг хувьсгал гэж хэлж болно.
1911 оныг эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалууд нь тухайн нийгмийн далд ноёлсон төсөөллийн ялалтууд юм. Харамсалтай нь тэр үеийн өөрөө нь илүү системийн парадигмуудад уусан оржээ. Мэдээж нийгмийн сэтгэлгээний бүтэц нь өөрийн зүй тогтолтой ба тэрхүү зүй тогтоолыг даган гарч ирж ноёлсон зөв төсөөлөл фазын төвшинд хүрнэ. Ингэж зүй тогтлыг даган гарч ирсэн зөв төсөөлөл буюу парадигм удаан оршин тогтнох магадлал өндөртэй. Хүн төрөлхтний түүхэнд дэлхий нийтийг хамарсан зөв төсөөлөл буюу парадигм хоёр удаа ноёлсны нэг нь ХШ зууны Монголын их эзэнт гүрний бодлого.
Даруй 300 гаруй жил ноёрхсон бол нөгөө нь 1709 онд АНУ-ын тусгаар тогтнолоор боолын нийгмийг халж, тэгш эрх, эрх чөлөө ардчиллыг тунхагласан. Энэ нь парадигм нь дэлхий нийтийн үзэл баримтлал болон өнөөдрийг хүрч байгаа ч аль хэдийн мухардалд орчихоод байна. Дашрамд сонирхуулахад Халимгийн гарамгай сэхээтэн, хүний их эмч Эрэнжен Хар Даван “Сод жанжин Чингис хаан, түүний үлдээсэн өв” хэмээх номондоо эртний Грекийн соёл бол мэдлэгийн соёл, түүний эрхэм дээд эрмэлзэл нь цэцэн мэргэн хүн. Ромынх эрх зүйн соёл. Дээд эрмэлзэл нь иргэн, баатар. Дундад зууны үеийн Христосын шашны соёлын дээд эрмэлзэл нь ариун гэгээн хутагт. Азийн оюуны соёл бол Буддын соёл. Түүний дээд эрмэлзэл нь Бурхны хутгийг олох (нирваан,бодисатва) явдал. Харин Монголчуудын нүүдлийн соёл бол цэргийн соёл. Эрхэм дээд эрмэлзэл нь орчлонгийн хаант улс буюу монголчуудын хүрээ (монголсфера). Орчин үеийн өрнөдийн соёл бол материалист соёл, дээд эрмэлзэл нь капитал мөн гэж бүтцийн тухай өөрийн ойлголтыг аль 1929, онд бичиж байжээ. Бид тоо томшгүй олон бүтцийн дунд амьдардаг юм.
Бидний тухай тэдний асуусан асуултанд бид хариулах цаг нь болжээ. Манай он тооллын XII,XIII зууны үед Монголчууд яагаад тийм хүчирхэг их гүрнийг байгуулж чадав. Чингис хаан зэрлэг зандалчин байв уу, эсвэл цэргийн жанжин, төрийн том зүтгэлтэн, Монголчуудын үндэсний баатар байв уу. Чухам аль нь вэ. Чингис хаан түүний залгамжлагчид зуун мянгахан морьт цэрэгтэй хэр нь яагаад Номхон далайгаас Дорнод Европ хүртэл өргөн дэлгэр нутагт суурьшиж байсан олон сая хүн амтай дэлхийн олон орныг түрэн эзэлж чадав. Энэ мэтийн олон асуудалд гадаадынхан өөр өөрийнхөөрөө дүгнэлт өгч байна. Дэлхийн Монгол судлал гэдэг ухаан эртний хийгээд хөгжингүй өв уламжлалтай хэдий ч яваандаа үзэл баримтлалын мухардал, шинэ санаа оноо, эрэл мөшгөлийн хомсдолд орчихоод байгаа нь нэг их нууц биш билээ.
үүх газар зүйн шинжлэх ухааны доктор, Оросын их эрдэмтэн Лев Николаевич Гумилев хэлэхдээ “Монголын асуудлыг шинжлэх ухааны үүднээс судлах асуудал анхлан тавигдсанаас хойш гурван зуун жил болж байна. Гэтэл шийдэгдээгүй байдаг. Анх энэ асуудлыг Борис Яковлевич Владиморцов гаргаж тавьсан чигээрээ л байна” гэжээ. Үнэхээр Умард Хятадад 60 сая,баруун умардад хүчтэй баян Тангад, Уйгар Өмнөд хятадыг Сүн улс толгойлж түүний ноёрхолд 30 сая хүн, Дундад Ази, Дорнод Иран буюу Хорезмын султанд 20 сая лалын шашинт хүн, Дорнод Европт Ижил мөрөн Карпатын уулсын хооронд найман сая хүн, Грузинд таван сая, Сирид мөн таван сая хүн амьдарч байсан юм. Гэтэл монголчууд хагас сая илүүхэн хүнтэй байж, гурван жигүүрээр, ертөнцийн гурван тивд дайн байлдаан хийж, гайхалтай нь ялагдах биш ялан дийлж байсан. Мөн Монголыг тойрон хүрээлсэн тэдгээр улс орон, ард түмэн аймхай, хүч дорой байж бусдад эзлэгдэн боолчлуулахыг тоодоггүй байсан гэж үү. Тийм биш байхаа.
Бид энд ямар нэгэн хүчин зүйлийг анзаарахгүй байгаа байж магадгүй. Өөрөөр хэлбэл мөн чанарыг нь тайлбарлах хэрэгтэй нууц учиртай байх гэсэн дүгнэлт хийж байв. Тэр үеийн монголчуудын нийгмийн байгуулалт нь XII зууны төгсгөл, аян дайнаа эхлэхийн өмнө феодалын эртний үед байсан бөгөөд үлэмж хэмжээгээр овог аймгийн шинжтэй, түрэмгийлэх хандлага огт байгаагүй юм. Гэхдээ тэд цөөн тоотой шоовдор хүмүүс байжээ. Ингэхлээр өөр юугаар тайлбарлах вэ. Угсаатны үүслээр үү. Л.Гумилевийн үзэж байгаагаар “Шим мандлын амьд биетийн эрчим хүч дэлбэрснээс бүдүүлэг малчин, ойн ангуучин хоёр овгийг Зүрчид Монгол гэсэн хүчирхэг хоёр угсаатан болгон хувиргаж, шинэ дээд угсаатан бий болгов. Зүрчид Хятадыг эзлэн авч, монголчууд тэр үеийн ертөнцийн тэн хагасыг эзлэн авчээ. Ийм адил үзэгдэл нэг өргөргийн газар зүйн төстэй нутагт ажиглагдаж байгаа нь үүнийг өдөөгч бол нийгмийн биш харин хүчит хар салхитай адил төстэй байгалийн хүчин зүйл болохыг харуулж байна.
Энэ бол тухайн хүмүүсийн хүсэл зоригоос ангид үзэгдэл юм. Үүнд угсаатны шалгуурыг хэрэглэх аргагүй” гэжээ. Энэ бол мухардал юм. Үйлдэл хийгдсэн нөхцөлд учир шалтгаан байх нь зайлшгүй бөгөөд энэхүү мухардлаас гарах зам байх ёстой. Цааш нь “Алтан орд ба түүний уналт” номыг зохиогч Б.Д.Греков, А.Ю.Якубовский нар бичихдээ “Татаруудыг соёл иргэншлийн эрс доод шатанд байсан зэрлэгүүд мэт төсөөлөл бодит байдалд нийцэхгүй гэдгийг бид удаа дараа тэмдэглэсэн. Чингис хааны зохион байгуулах авьяас чадварын дүнд цэрэг феодалын төрийг байгуулсан баримт нь монголчууд XIII зууны эхэнд жинхэнэ зэрлэгүүд байсан тухай төсөөллийг няцаах билээ” гэжээ.
Английн түүхч Х.Ховорс Чингис хааны тухай бичихдээ “Орчин үеийн төрийн шинжийг бүрдүүлдэг шударга ёс, хүлээцтэй хандлага сахилга бат, сайн үйл тэр үед Чингис хааны ордонд мөрдөгдөн хэрэгжиж байв” гэсэн байна.
Манай нэрт эрдэмтэн Д.Майдар гуай гадаадынхан монголчууд биднээс “Та бүхэн өөрсдөө Чингис хааны тухай юу гэж боддог вэ. Зарим роман бичсэн зохиолчдын саналаар байдаг уу. Эрдэмтдийн саналаар байдаг уу. Аль эсвэл Засгийн газрынхаа албан ёсны үзэл бодлыг баримталдаг уу” гэсэн асуудалд тодорхой хариу өгөх нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн байдаг. Учир шалтгааныг тайлбарлах тулгамдсан асуудалд хариу өгөхийн тулд энэ ертөнц ба хүн нийгмийн оюун сэтгэлгээний бүтцийн онол буюу Ч.Эрдэнэ гуайн супер нэгдлийн онолд тулгуурлах нь зайлшгүй. Нэгэнт бид бүтцийн тухай ярилцах болохоор зөвхөн Монгол гэж явцууралгүй төв Азийн нүүдэлчин ард түмнийг хамруулан ойлгох хэрэгтэй болно.
Энэтхэгийн төрийн агуу их зүтгэлтэн Жавхарал Неру “Ертөнцийн түүхийг сөхөж үзвэл” номондоо “Ари, скиф, хүннү, араб, монголчууд, туркууд цөм Азийн аль нэг нутгаас гарч нийт Ази, Европоор тархан нутаглах болсон юм. Европ бол удтал Азийн колони мэт байсан бөгөөд одоогийн Европын олон ард түмэн тэрхүү Азийн булаан эзлэгчдээс гаралтай” гэжээ. Тухайн үеийн нийгмийн болон сэтгэлгээний бүтцийг үл анзааран, бүх бүтцийг хаос төлөвт шилжүүлэн эмх цэгцтэйгээр эхнээс нь тайлбарлан ойлгуулах хэрэгтэй болж байна. Бидний ойлголтоор эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай төв Азийн энэхүү нутагт амьдарч байсан хүмүүс нь байгалийн хүнд хэцүү бэрхшээлийг сөрөн, тэмцэн амьдарч ирсэн гэдэг ч, угтаа энэ ойлголт буруу. Харин байгалийн бүтэц, түүний зүй тогтлыг сайтар танин мэдсэнээр тэдний сэтгэлгээний бүтэц гадны ямар нэгэн нөлөөгүйгээр өөрийн зүй тогтлоороо төлөвшин тогтсон юм.
Эрүүл бүтэц байна гэдэг түүнд эрүүл, зөв төсөөлөл ил ба далд хэлбэрээр ноёлсон байх нь бүтцийн онолын хувьд гарцаагүй. Түүний тусгал нь хүмүүсийн хөдөлмөрийн хуваарьт буусан байх бөгөөд монголчуудын хувьд гурван настай хүүхдээс эхлэн хөдөлмөрийн хуваарьт орж, нүүдэл жингийн ая даахгүй болсон өтгөс буурлуудыг нугалам сүүлээр хахааж нөгчөөдөг байсан нь хэдий зэрлэг мэт санагдавч байгалийн болон нийгэм сэтгэлгээний бүтэц нь үүнийг шаарддаг байсан юм.
Тархай, бутархай овог аймгууд нь хэзээ ч байгалийн бүтцийг эвдэж байгаагүй нь нийтийн эрх ашгаас гадна тэдний амьжиргааны эх үүсвэр болсон мал сүрэг, ан амьтан, жигүүртэн шувуу мөн байгалийн зүй тогтлыг хамгаалж байсан ба тиймдээ ч тэд хэзээ ч хамтын шийдвэр гаргаж байгаагүй. Зөвхөн хамгийн зөв шийдвэрийг гаргадаг байжээ. Байгалийн хувьслын үзэгдэл, бүтэц нь хүмүүст ямагт үнэн зөв мэдээлэл өгдөг ба тэдний амьдралын хэв маяг, нийгмийн бүтэц нь гарцаагүй үнэн зөв мэдээллийг шаарддаг учир хүмүүс болон нийгмийн сэтгэлгээний бүтцэд ноёлсон төсөөлөл нь аливаа юмсын зүй тогтлыг эрхэмлэн шударга, үнэн зөвд тулгуурласан нь тодорхой байна.
Төв Азийн нүүдэлчин улс түмнүүдийн хувьд нийгмийн бүтцээс үл хамаарч, энэхүү төсөөлөл нь уламжлагдан ирсэн бөгөөд одоо ч монголчууд бидний нийгмийн сэтгэлгээний бүтцэд оршин байгаа хэдий ч харамсалтай нь ноёлсон төсөөлөл хараахан болж чадаагүй. Тухайн үеийн монголчуудын нийгмийн болон хүмүүсийн сэтгэлгээний ноёлсон төсөөллийн тогтвортой оршин байсны үндэс нь зүй зохицлын болон танин мэдэхүйн өндөр мэдлэгээс гадна мөнх тэнгэрийг шүтэх үзэл буюу бөөгийн шашин шүтдэг байсантай шууд холбоотой. Бөөгийн шашин нь хаос төлөвийн шууд илэрхийлэл бөгөөд сэтгэлгээний тэс өөр бүтэц учир энэхүү бүтцийг зөвхөн манай эрдэмтэн, мэргэд л тайлж чадна.
Олон зуун жилээр тогтвортой ноёлсон энэхүү зөв төсөөлөл нь тухайн ард түмний амьдралын хэв маяг, зан заншил, үлгэр домог, түүх соёл, урлагт шингэсэн байдаг нь зүй ёс бөгөөд монголчууд бид экэ уламжлалаараа маш баялаг байдаг. 1206 онд эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсан нь тархай бутархай овог аймгуудыг байлдан нэгтгэсэн дарангуйлагчийн ялалт бус тухайн үеийн Монголчуудын сэтгэлгээний бүтцэд ноёлсон шударга ёс, үнэн зөвд тулгуурласан төсөөллийн ялалт байлаа.
Ийнхүү далд ноёлсон төсөөлөл маань “Их Засаг” хуульд үзэл санааны хувьд бүрэн тусгалаа олсноор ил болж фазын төвшинд хүрчээ. Бүтцийн онолоор дан фаз оршин тогтнох үндэсгүй бөгөөд түүний хосмол шинж нь зайлшгүй байх ёстой. Тэр нь урт цагаан хэрмийн урд орших Зүрчидийн Алтан улс юм. Чингис хаан ба түүний хөвгүүд, ач нар болон алтан ургийнхан энэхүү үзэл санааг дэлхий дахинд мэдрүүлэн таниулж чадсаныг тэдний байгуулсан их гүрнүүдийн түүх намтраас харж болно.
Байгалийн хүнд бэрх нөхцөл, түүний бүтэцтэй зохицон амьдарч байсан монголчуудыг харахад үнэхээр хагас зэрлэг мэт санагдавч, тэднийг зүй зохицлын болон танин мэдэхүйн өргөн мэдлэг, хүнлэг, шударга ёс эзэмшсэнийг тэд яахан мэдэх билээ. Ийм л ард түмний дундаас тодрон гарсан баатар эрчүүдийн нэгдэл нягтрал, тэдний дундаас зүй тогтлоороо гарсан шийдвэрүүд агуу их ялалтанд хүргээд зогссонгүй, буурал түүхтэй дэлхийн цээжинд мөнхрөн үлдэж чадсан юм. Иран дахь Монголын эзэнт улсын Аргун хаанаас Францын ван Людовикт илгээсэн захидалд, холбоотон болж миссирүүдийн эсрэг байлдахыг тулган шаардаад төгсгөлд нь эс зөвшөөрвөл “хэрхэхийг бид мэдэхгүй, тэнгэр мэднэ гэжээ. Угтаа энэ нь бид хамтын шийдвэр гаргахгүй, хамгийн зөв шийдвэр гаргана гэсэн үг юм. Монголчуудын ялалтын бас нэг үндэс нь энэ.

Таамаглал: 1162 онд Тэмүүжинг баруун гартаа шагайн чинээ нөж атгаж төрсөн тухай айдас, аврал агуулсан мэдээ тал нутгаар цуурай мэт тархав. Энэ нь тохиолдлын болоод санамсаргүй үйлдэл огт биш бөгөөд, хэн хэлсэн нь гол биш, хэлсэн байх нь чухал байжээ. Зорилго нь тодорхой биш байвч Монголчуудын хувьд үлгэр амилж эхэлсэн юм. Харин одоо бол хэн хэлсэн нь сонин. Миний бодлоор Хуагчин, Чирха хоёрын аль нэг нь байж таарна. Ганц үнэн гэвэл эхийн хэвлийд хүүхэд атгаад төрчхөөр дэл сул, цус нөж байхгүй гэдгийг одоо ч нотолж болно.

Тулгамдсан асуудал:

Ардчилал, тэгш эрх, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол. Энэ бол монголчууд та бидний сонгож авсан хүсэл эрмэлзэл, төсөөлөл юм. Тэрнээс аль нэг намын урдаа барьдаг өмчлөн авсан лоозон биш. Нам бүрт өөр өөрийн гэсэн үзэл баримтлал, далд төсөөлөл нуугдан байдаг нь нууц биш ба МАХН нь хамтын шийдвэрт дулдуйдаж, Ардчилсан нам хамгийн зөв шийдвэр гаргах гэж эрмэлзэж, салж нийлж төр барилцсаар 18 жилийг өнгөрөөлөө. Гэвч бидний итгэл бүүдийж ирээдүй, үр хүүхдийнхээ төлөө санаа зовинох болов.
1990 оны Ардчилсан хувьсгалаар олж авсан бидний хүсэл эрмэлзэл төсөөлөл маань зөв төсөөлөл мөн үү. Эсвэл зөв төсөөллөө тулгуур хууль болох Үндсэн хуулиндаа зөв тусгаж чадсан уу. Яагаад ардчиллаар овоглосон дэлхийд ноёлсон парадигм мухардалд орох болов гэсэн олон асуулт гарч ирсээр байна. Одоо нэгэнт бүтэц задраад диалектик үйлчлээд эхэлсэн.
Хамтарсан Засгийн газрын талууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар тохиролцож чадсан нь өнөөдрийн хувьд хамгийн том ололт мөн. Хүмүүст итгэл үнэмшил, ирээдүй харагдсан гэрэл гэгээ, бахархал, бардамнал хэрэгтэй байна. Тэгсэн цагт биднийг тойрон дэлхий эргэх болно. Үүнийг хийж чадах эсэх нь ёстой Ч.Эрдэнэ гуайн хэлдгээр манай энэ үеийнхний чадал чансааны хэрэг бөгөөд би ч гэсэн монгол хүний саруул ухаанд итгэдэг. Даяаршил бол бидний хувьд дийлдэшгүй хүчин зүйл биш билээ.

Баасанжав овогтой Рэнцэнгийн Энхтамир /Хастанру сан/

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах