Монголын гурвал онол. Бэсүдэй.Нагаанбуу

Бэсүдэй.Нагаанбуу

(Гурамсан сэтгэлгээ)
Нүүдлийн мал аж ахуйн иргэншил, байгалын эрс тэрс нөхцөлтэй уялдсан нүүдэлчдийн сэтгэхүйн өвөрмөц хөгжил нь ертөнцийн амин философийг нээж гурвал онолын гайхамшгийг хорвоод дархалжээ. Энэ онол бол ертөнцийн хуулийг танин мэдэх гэсэн гүн ухааны балар эртний нээлт бөгөөд үндэстний сэтгэлгээний ерөнхий хэв шинж болж хөгжсөн өвөг соёлын дээд баялаг юм.Энэ санаанд эргэлзэх, эгдүүцэн дургүйцэгчид олон гарч арга билгийг сөргүүлэн тавих эс хүл идеализм болоод материализмын аль нэгэн тийш хамаатуулах оролдлого гарч болох юм. Ер нь дэлхийн нийтлэг онол сэтгэлгээнээс өөр Монгол ухаан гэж тусгай юу байх юм бэ?Бангладеш, Конго, Мексик, Итали ... гээд 200 шахам улс үндэстэн бүр өөр өөрийн ухаан онолтой байх юм уу гэх зэргээр тас зөрөн эсэргүүцэж хүн төрөлхтний нийтлэг хууль, түгээмэл зүйн жам, соёл, түүхийг хариу номлох хүмүүс элбэг гарах буй заа. Энэ баян өв хэдийгээр Энэдхэг, Түвэдээс эхтэй эхтэй Буддагийн шашны ном бясалгал болон Манж, Нанхиадын(Нань Цзя буюу өмнөт нутгийнхан Хан, Тан, Сүн, Мин... нар болой) тулгасан төр ёс, Европын коммунист үзлийн суртал нөлөө зэрэг эрин зуун дамжсан албадмал харь суртал сургалтын балгаар эмх цэгцээ алдаж сарнисан ч ард түмний ёс заншил, малч сэтгэхүйн хэвшилд үндэсний ухамсарын ноён нуруу төв нь болж хадгалагдсаар буй алтан сан юм.Хуучныг сэргээнэ хэмээн элдвийг утга учиргүй онгичих шинийг сурна гээд харийн сэтгэлгэг хамаагүй шохоорхон шүүрэх "цаг үеийн зөв"-ийг гагц хүү энэ сангаар дэнслэн жиших ёстой.Үүний үлгэр нь асуудал тулгарахад гаансаа шившээд суучихдаг өвгөдийн бясалгал юм. Тэдний бодрол ямар нэгэн зүйлийн эд хонжоо эрхэ бус, бас ямар нэгэн сэтгэл хөдлөлийн үр бус гагц хүү амин чанарыг эрж олох ухаан ажээ. Өөрөөр хэлбэл гурвал ухааны онолын үндэс нь амь юм.Хорвоо ертөнцийг ертөнцийн эзэн бурхан бий болгоогүй, оюун санаа матери анхдагч бус. Энэ бол Монгол ухаан. Эерэг сөрөг идеал матери, арга билиг, инь ян зэрэг сөргөлдсөн хоёр ойлголтыг Монголчууд "Амь " гэх ай (категори)-аар шүүн амилуулснаар гурвал ухаан бүрдэх нөхцөл үүджээ.Амьгүй эд бодис, амьгүй үйл хэрэг ойн ухаан байдаггүй. Хорвоо ертөнц хотлоороо амьтай бөгөөд таталцаж түлхэлцэж бус шүтэлцэж оршино. Энэ бол гурвал онолын бүдүүвч (хар ухаан) (хар гэдэг үг хүчний бэлэгдэл тул хүчит ухаан) бөгөөд уг язгуур нь бөө мөргөл, онго шүтээн , тайлга тахилгын гол утга "Амь" ажээ.Бөө 99 тэнгэрийг дуудаж харилцан амины амьдралыг онго шүтээндээ залж ертөнцийн сэтгэлийг тайж тахиж байдаг. Гурвал онол нь гүн ухаан (философи) мөн бөгөөд нүүдэлчин ард түмний хэдэн мянган ыг туулсан энэхүү эрдмийг шашны зан үйлээс ангид авч үзэх нь чухал. Буддын шашны зан үйлд энэ онол холилдсон сүлэлдсэн нь их гэдгийг байнга санах нь тун зөв. Бас эдүгээгийн шинжлэх ухаан мэт байгал, оюун, аминаас хол хөндий хөндлөнгийн судлаач мэт хандлагаас тэс өөр нөхцөлдсөн гурвал шинжтэйг мартаж үл болно. Энэ нь шинжлэх ухааны амийг судлаагүй нээгээгүй, хоймсон хөгжилд нарийвчлан явцуурч ертөнцийн аминд тэрссэн хөгжил буй болгосноор тайлбарлагдана. Тэгэхээр гурвал онол нь шашин хийгээд шинжлэх ухаанд яв цав нийцэхгүй өвөрмөц нь илт бөгөөд энэ чанараараа ардын шинжлэх ухаан гэвэл илүү зохимжтой байна.Тухайлж тодруулан нүүдэлчдийн төв голомт Монгол түмний сонгодог гүн ухаан хэмээн өргөмжлөн уламжлах, шинэчлэн хөгжүүлэх үүрэг бидэнд бас гуравдахь мянганы нийтийн он тооллын хувь заяанд тулгарч байна гэсэн үг ээ.Өөрөөр хэлбэл гурамсан сэтгэлгээ нь ирээдүйн хөгжлийн зөв утга болно. Гурамслах сэтгэлгээг" Ардын шинжлэх ухаан"гэсний учрыг нэгэн сурвалжаар баримтжуулахыг хичээе.

Төрийн гурвал
төрийн гурвал ерөөс Чингис хааны үед цэцэглэн хөгжсөн бус бүр Хианны(Хүннү) нарын төрөөс эх нь мэдэгддэг бөгөөд тухайлбал тэдний хууль "гурван хэрэг"

а. Ир үзүүртнийг гаргах
б.хулгай хийх
в.гэм буруу зүйл (хөнгөн хэрэг) хэмээсэн байдаг нь ардын ёс заншилаар уламжлан (рецэпци) болон өвлөгдсөөр ажээ. Дээрх 3 хэрэг мөн 3-н ялтай байсан нь:

а.занчих
б.гэр бүл бас эд хөрөнгийг хураах
в.амийг авах

Үүнд : "а'' заалт нь хувь хүнийг хашраах "b'' заалт ни гэр бүлийг хураах гэх заалт нь одоогоор бол гэр бүлээс тусгаар шорон мэт, эд хөрөнгө хураах торгууль бөгөөд в-д заасан нь цаазаар авах нэн хүнд ял ажээ. Мөн тэр үед гурван их шагналтай.

а.өргөмж (хаанд өргөмжлөх жүчи(цэцэн), түчи(түшээ) цол олгох
б.эрх дарх олгох(аравт, зуут, мянгатын дарга болгох)
в.гэрэгэ олгох(төрийн хэрэг шийдэх, хэрэгжүүлэх батламж)
байсан нь үндэстний гурвал сэтгэлгээ лавтайяа 2000 гаруй жилийн тэртээд цэгцэрсэн үзэл онолын баримтлал байсны гэрчлэл болно.
Манай ар түмэн "хоёрын хооронд юм" гэх өвөрмөц хэллэг түгээмэл хэрэглэдэг нь "сайн ч биш муу ч биш",( байхад илүүдэхгүй байхгүйд үгүйлэгдэхгүй гэх мэт агуулгыг илэрхийлдэг).
Яахав дээ юм мэддэггүй, юу ч үгүй нэгэнд бол хэрэгтэй, юм үзэж нүд тайлсанд бол шаардлагагүй гэсэн шиг энэ санаа "алцагчин болох" гэх өөр нэг өвөрмөц хэллэг тулгасан ойлголтонд хүргэнэ.Энэ нь авах уу яах уу?, түр зуур хэрэглэмшээн болох уу?, төвөг ч юм уу гэх мэт үгүйсгэл эргэлзлийн утгыг илүүтэй хадгалж байгаагаараа "эсрэг тэсрэг" агуулагдсан зүйлийг хүлээн авдаггүй сэтгэхүйн онцлогийг зааж байна.
Хүнээр бол эсрэгцсэн хоёр туйлшралт дунд алийг нь дагахаа эс тухайлж ацан шалаанд орох мэт хүнд байдал.Нэг нь материалист үзэл зөв, нөгөөх нь идеалист санаа эрхэм гэж мэтгэлцсэн "хоёрын хооронд" аль нэгийг нь дэмжих үл болох "алцагчин" санаанд тэлэгджээ гэсэн үг. Эндээс аль нэгийг дэмжих давхар туйлшрах бус мухардлаас гарах аль алийг нь дэмжих адил буруушаах өөрийн үнэнийг нээх явдал чухал бөгөөд энэ санааны тайллыг Их засаг хуульд гайхалтай мэргэн цэцэлснийг хойно үзэх болно.
"Магадгүй зөвхөн Монгол хэлэнд л төвийн "тухай ойлголт анхнаасаа хийсвэрлэлийн өндөр төвшинд төсөөлөгдөж ургалч сэтгэхүйг хоёрын хоорондын дундаас ялгаран эртний Грекийн Кентрон буюу гортигны үзүүр гэсэн гарвалтай "центр ум" биш ерөөс аливаа юмны (0) тэг дундыг "төв" гэж төсөөлж байсан бололтой. Энэ нь Грек Европ төвтэй өнөөгийн шинжлэх ухааны "төв", хятадын күнз (конфусий) -ын дундач үзэл, Түвдийн Нагаржунайн "төв үзэл" зэргээс Монголын гурамсан сэтгэхүй эрс өөр сэтгэлгээ болохыг хэлээд байгаа хэрэг юм. Чухам иймээс өвөг дээдэс маань тэрхүү төв цэгтээ тулганы гурван чулуугаа тулж Хианны (Хүннү) нарын анхны төр улс хэв хуульдаа"гурван хэрэг", "гурван ял"-н бодлого гаргаж , их эзэн Чингис хаан мянган жилийн хойно "Тэрсэлдсэн хоёрын нэгийг дэмжвэл дэмжснийг цаазла!"(ялла), Гурван хүн ам нэгдснийг (хаан, сэцдийн зөвлөл, их хуралдай г.м (Н.Н) сая нийтэд зарлаж болмой гэх мэтээр хуульчилсан хэрэг.
Манайхан гурван төр, гурван төрийн нүүр үзэх гэж ярилцдаг нь угтаа гурван янзын төр солигдохыг үзсэн гэсэн утгааса илүү өвөрмөц хэллэг болохыг анзаарахаа больж гүймэг ойлгох болов.
Энэ нь угтаа:
1. Ёсын төр, ёс төдий юм уу эс хүл төрийн ёсыг оромдох залгамжлах төдий юм уу алдагсан ёсыг сэргээх оролдлого бүхий төр. Энд түрэг, Уйгарын ноёрхолын үе дэх Кидан гүрэн, Уйгарын дараах Нируны төр эсвээс, Юан гүрний эцсийн улирлын хаад, хийгээд түүнээс янагш феодлын бутралын үе гэгдэх 14-17-р зууны үеийн ихэнх хаад ёсын хаад төр барьж байсан хэрэг ажээ.Үүний хамгийн сүүлчийн жишээ нь 8-р Богд Жавзундамбыг хаанд ёс бусаар (алтан ургийн бус) өргөмжилсөн 1911-20 -иод оны автономит үе болно.


2.Номын төр.
Энд пагва ламыг дээдэлсэн Хувилай хааны "Хос ёсны төр" 1920-30-аад оноос тогтсон социалист чиг баримжаатай коммунист үзлийн төр зэргийг тоймлон оруулж болох.

3.Ертөнцийн (засгаар засах) төр
Энд Чингис хааны төрт ёсны үзлийг ойлгон дээдлэж босгодог бөгөөд тэр нь өрнийн төрүүд мэт шууд дээрээс бус дороос дээшээ чиглэлтэй босоо голч бүхий, ургамал мэт дороо үндэстэй дээрээ соёолол цэцэглэл бүхий төр болно. Өөрөөр хэлбэл ертөнцийн жам хуулийг таньж түүнийг баримтлах зохиомол бус бодлогот төр аж.
Хилийн чанад дахь элэг хэл нэгт өвөр Монголчууд "Монголын гурав, модон ширээний дөрөв"гэх зүйр үгийг шинжлэх ухааны тоймоо (томьёо-теором) мэт мөрддөг нь ширээний дөрвөн өнцөг , дөрвөн тал, дөрвөн хөл, хөлний дөрвөн булан зэрэгтэй адил Монгол зан үйл сэтгэлгээ бэлэгдлийн бүх хэв шинж гурав болохыг ягштал номлосон хэрэг. Гэтэл Ойрд Монголчууд хийгээд Халимаг түмэн,
"Найрнай гурван ёсон, наадмай 2 тал"(ан)гэж сургажээ.Алив наадаан тэмцээн хожих, хожигдох
2 туйлтайн адил найрт төрийн ёсноо гурвал бэлгэ хувиршгүй болохыг нэн оновчтой цэцэлсэн зүйр байна.
Үүнтэй адил энэхүү гүн ухаанаа буриад түмэн одон мэт цээжиндээ мөнхөлөн дээдэлсэн нь дээлний энгэр төө шахам эмжээр байр эзлэх гурвал бэлэгдэл болно.
Гэхдээ энэхүү номд дурдсан хэв ёс заншил, эшилсэн жишээ, сургааль бүтээл олдвор зэргийг ихэвчлэн өнөөгийн Монгол улсын дундаас ойрчлон бэдэрч эрсэн гэм буй тул хүлцэл өчсү. Эрлийн эх нь сав(гадаад), шим нь (дотоод) орчлонт (хувьсагч) гурван ертөнцийн гүн ухааны үүдийг нээж нууцад нь бэдэрвэй. Харин "Монголчууд гурвын тоог эрхэмлэдэг" гэсэн үг үлдсэн ч Яагаад? Ямар учраас?" асуултад хариулах гүн ухааны цэцэн мэргэн улбаа нь өдөр ирэх бүрий бүдгэрсээр үндэстний төдийгүй нүүдэлч угсаатнуудын хувьд соёл иргэншлийн нь утга учир алдагдах эмгэнэлийн шалтгаан болох цаг тулсан мэт. Бидний ирээдүй өчигдөрөөс эхэлсэн бөлгөө. Өчигдрийн ул мөр, удамшиж эгэлшсэн эрдэнэ маань ард түмний бор авдар болох эгэл амьдралд "Заншил" нэрээр хадгалагдаж байна.Тэр нь амин бэлэгдэл шүтлэгтэй холбоотой, уул тахих, дээж өргөх зэрэг "зан заншил ", амьдрал ахуйн онцлогт уялдсан "ахуй заншил", төр найр хуультай холбоотой төр төмбөгөр, ёс ёмбогор гэх "ёс заншил" гэсэн гурвалд шүтэлцжээ.
Тулгын гурван чулуу бат байх болтухай.Галын гурван зал мөнхөд бадартухай. Ертөнцийн гурвал мэргэн орштухай!
Монголын гурвал онол номноос

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах