СУУРЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХГҮЙГЭЭР ГАЦАА АРИЛАХГҮЙ

Нэг бус найз нөхөд, таньдаг хүмүүс маань “Чи нэр дэвшиж байгаа юм уу? Бусад яриад чи өөрөө чимээгүй юм. Тодорхой болгох хэрэгтэй” гэж асууж, бас зөвлөв. Тийм ээ, би нэр дэвшиж байгаа. УИХ-ын сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт. Аа, бас “Чи яагаад улс төржөөд байгаа юм бэ? Уран бүтээлээ хийгээд зоргоороо тайван сууж болохгүй байна уу?” гэж асууж, лавлах, зөвлөх нь ч бас байна. Болохгүй байна. Яагаад гэдгийг аль болох товчхон тайлбарлахыг хичээе. Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдох гэж зүтгээд буйн зорилго нь Тогтолцооны өөрчлөлт хийхэд юм. Суурь өвчнийг нь эмчлэхгүйгээр, хам шинж тэмдгүүдийг эмчлэх төдийгөөр өвчтөнг бүрэн эмчлэх боломжгүй. Түүн лугаа адил өнөөгийн нийгмийн суурь тогтолцоог өөрчлөхгүйгээр биднийг бухимдуулдаг, туйлдуулдаг, талцуулдаг олон асуудал арилахгүй хэвээр байсаар л байна. Тухайлбал, - Бид зээлийн хүүгийн хүүд дарлуулж, гинжлүүлчихсэн. Тогтолцооны суурь өөрчлөлт хийхгүйгээр энэ зээлийн хүүгийн дарамт гав гинж сулрахгүй. Гадаад 30 тэрбум ам.долларын өрийн дарамт ч улам хүндэрнэ. - Хэдий өндөр шилэн байшингууд баригдаж, өргөн замууд тавигдаж, машин тэрэг багтаж ядан, брэнд ярьдаг болсон ч хүн амын 30 орчим хувь нь ядуу хэвээр 30 жил болов. Дундаж давхарга дээсэн дөрөөн дээр дэнжигнэсээр байна. Нийгмийн бүтэц ийм байхад баттай хөгжлийн тухай ярих боломж хомс. Үүнд тогтолцооны гажуудал суурь нөлөөтэй. - Бид сүүлийн 30 жил авилга шударга бус явдалтай тэмцсэн. Тэмцээгүй биш тэмцсэн шүү. Гэвч арилсан уу? Үгүй.
Харин ч авилга, шударга бус явдал Сovid19 вирус шиг дүрсээ хувилган мутацлагдаж, танигдахгүй болон хувирч бүр аюултай болчихлоо. - Баялгын хувиарлалт хэтэрхий шударга бус. Бас бодлого зарчим нь гажсан. - Дэлхий нийт старт-ап, дижитал эрин ярьж, түрүүчээсээ шилжиж эхлээд байхад бид алт нүүрсээ ухаж худалдах тухай ярьсаар суугаа нь эмгэнэл. - Улс төр-санхүүгийн бүлэглэлүүд хууль тогтоогч болж, эрх ашгийн зөрчилтэй хуулиар өм цөм хулгайлж байхад бид гайхаж, мэлэрч суухаас өөр юу ч хийж чадахгүй суумааргүй байна. - Үндэсний сэтгэлгээний аюулгүй байдалд улаан гэрэл асчихсан. - “Боловсролын шинэчлэл” гэж хэлэхэд одоо санаа зовохоор болтлоо энэ салбарын шинэчлэлийг үнэгүйдүүлсэн. - Дэлхийн чинээ Монгол маань улс төржилт, хийрхэл, бүлэглэл, талцал хагаралд хэрчигдэн хуваагдсаар жалгын чинээ болчихсон. Суурь тогтолцоогоо өөрчлөхгүй бол энэ намчирхал, талцал байсаар л байна.
Эрүүл мэнд, Утаа, Бүсчилсэн хөгжил, Мал Аж ахуйн бүтээгдхүүний ашиглалт гэх мэт нийгмийн олон асуудлыг энд дурдсангүй орхив. Энэ бүх гацаа, гажуудал, бэрхшээл нь суурь тогтолцооны гажуудлаас үүдэлтэй хам шинж өвчнүүд юм. Хүний нийгмийн хөгжил нь ахуйн болоод оюун санааны гэсэн хоёр зүтгүүртэй байдаг. Харамсалтай нь бид өнгөрсөн 30 жилд ахуй буюу Эдийн засаг л голчлон ярьж ирсэн. Нөгөө зүтгүүр болсон Үндэстний оюун сэтгэлгээний сэргэн мандал, өөрөө өөртөө итгэх итгэл, үнэлэх үнэлэмжийн талаар мартчихсан мэт, тэр бүү хэл энэ талаарх яриаг үзэл суртал, хийрхэл хэмээн эгдүүцэн хүлээн авах хандлагатай болчихсон. Монголчууд бид хэн бэ гэдгээ сэтгэлгээ, ахуйн түвшинд, өнгөрсөн одоо ирээдүйн хэлхээнд, гадаад, дотоод геоулстөрийн хүрээнд зөв тодорхойлохгүйгээр Хөгжлийн оновчтой загвар, хөтөлбөр гаргах боломжгүй юм. Бүхий л шинэчлэл, өөрчлөлт өгөөжгүй байгаагийн шалтгаан энд л бий. - Индивидуалист суурь хандлагатай ард түмэн бүхий Барууны ертөнцийн хөгжлийн загвар коллективист суурь хандлагатай Монголын нийгэмд таарч тохирохгүй. Яг ижилхэн төсөл хөтөлбөр хөрш хоёр улсад байтугай хоёр өөр аймагт ч харилцан адилгүй үр дүнтэй байдаг. Шалтгаан нь суурь хандлагадаа юм. Дээр дурдсан болон дурдаагүй бүхнийг үнэхээр бодитой өөрчлөхийг хүсэж байвал, үр дүнг нь үзмээр бол тогтолцооны өөрчлөлт хийхээс өөр гарцгүй юм. Тогтолцоог өөрчилнө гэдэг нь эргээд тоталитар дарангуйллыг тогтоох тухай асуудал биш. Харин үндэснийхээ өвөрмөц онцлог, үндэсний ертөнцийг үзэх үзэл санаанд тулгуурласан төрийн тогтолцоо бүхий шинэ Үндсэн хуулийн тухай ойлголт болно. - 2016 оны УИХ-ын сонгуульд би мөн л Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө өрсөлдсөн. - 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг болоход ихэд баярлан, идэвхтэй оролцож, санал бодлоо бичиж, дэвшүүлж, хэлэлцүүлэгт орж байсан. - Гэвч харамсалтай нь 2019 оны МАН-65-ын Үндсэн хуулийн өөрчлөлт нь хэдийгээр давхар дээлийг тайлсан, хууль тогтоогчид төсөв хувиарлалт, засаглалын томилгоонд оролцохгүй байх зэрэг цөөнгүй чухал өөрчлөлт хийж чадсан ч миний хүсэн хүлээж байсан суурь өөрчлөлтийг хийсэнгүй. Дээр дурдсан хөгжлийн гацаа болсон бэрхшээлүүдийг шийдэх чадамжгүй, урсгал засварын шинжтэй болсон. Товчхондоо, - Үндэсний оюун сэтгэлгээний бэтгэ болсон Намчирхал хэвээр байна. - Шинэчлэгдсэн Үндсэн хуулийн хүрээнд явагдах 2024 оны сонгууль ч мөн өнөөдрийнх шиг намчирхал, талцал, хийрхэлтэй хэвээр байна гэсэн үг. Офшорчид, ЖДҮчид, элдэв ашиг сонирхолтой хүмүүс улс төрд орж ирж, төр самардаг нь хэвээр байна гэсэн үг. - Улс төр-санхүүгийн бүлэглэлүүд Монголын төрд нөлөөтэй хэвээр байна гэсэн үг. - Үндэсний сэргэн мандлын үзэл санаа чөдөртэй тушаатай хэвээр байна гэсэн үг. Бид суурь өвчнийг эмчлэхгүйгээр хам шинжүүдтэй зууралдах нь үр дүнгүй. Нэгийг нь эмчилж байтал нөгөө нь сэдэрнэ. Би ийм л зорилго буюу Тогтолцооны өөрчлөлтийн төлөө хууль тогтоох байгууллагад орохоор нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Би ганцаараа ч биш, надтай ижил үзэл бодол бүхий найз нөхөд, танилууд, улс төрийн хүчин ч УИХ-д өрсөлдөж байгаа. Бид өнөө аар саар хөгжлийн тухай ярих нь дэндүү учир дутагдалтай. Харин үндэсний сэргэн мандлын тухай ярих цаг. Үүнийг цаг үе нэхэн шаардаж байгаа. Эс чадвал гээгдэн хаягдана. Үндэсний сэргэн мандал гэдэг нь олон хүчин зүйлээс хамаардаг ч суурь нь үзэл санаа, түүнийг хэрэгжүүлж чадах тогтолцоонд байдаг. Бид тийм тогтолцоог хүсэж, хүсээд зогсохгүй хууль, эрхзүйн хүрээнд бүтээхийг хүсэж нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа. Би уг нь зөрчил тэмцэлд биш эвлэрэлд дуртай тайван талдаа хүн. Гэвч тайван суулгахгүй бол яах ёстой вэ? Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй. Төр МАНАН-тай самуун бол бид тайван сууж эс чадна. Бөх нь барилдаад, дуучин нь дуулаад, мань мэтийн уран бүтээлчид нь ингэж улс төржихгүйгээр номоо бичээд тайван сайхан аж төрдөг тийм л нийгмийг би хүсэж байгаа юм. Нуур амгалан бол нугас амгалан. Төр амгалан бол түмэн амгалан. Би ч бас тайван сайхан амгалан суумаар байна. Үр хүүхэддээ өр зээлгүй, итгэл төгс сэргэн мандах Монгол орон үлдээхсэн гэсэн хүсэл байна. Б.Наминчимэд

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах