Боржигин овгийн их нагац Буриад түмэн
Монгол угсаатны олон овог аймаг дотроо хэзээний л илүү сэхээлэг, ажилсаг зангаараа буриад түмэн “Алтаргана” наадмаа сайхан хийж өндөрлөлөө. Харин энэ жил монгол төр ухаалаг байж энэ наадмыг илүү хүндэтгэлтэй дээдэлж дэмжсэн нь сайн цаг айсуйн шинж ч юм болов уу даа. Гурван улс, олон газрын буриадууд манай Ерөнхий Сайд наадмыг нээж, боловсролын яам хамтарч хийсэнд тун ч талархалтай байх шиг. Цааш цаашдаа ч гурван улсад хуваагдан зовсон зуун жилийг амсан өндийж байгаа монгол түмний хувь заяаны нэгэн тусгал болсон буриад түмний наадам зөвхөн наадам төдий биш амьдрал, ажил хэрэг, соёл хэлний их нэгдлийнх нь зөв эхлэл болох буйзаа. Анх буриад дууны наадам гэж эхэлсэн энэ наадам монголын бусад овог аймгийнхны хувьд үлгэр дууриал ч болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дарга, хууль зүйн сайд, ерөнхий прокурор, Монгол Банкны ерөнхийлөгч нь ойрад хүмүүс. Дөрвөн Ойрад бол монгол угсаатан доторхи хамгийн хүчирхэг овог аймаг, улс явсан түүхтэй. Буриадаас дутахгүй хуваагдаж, таслагдаж, хядуулж цөлүүлөхийн зовлонг амссан. Мандан босохын цагтаа ч төв Азийг тэр чигээр нь тэргүүлж явсан төр улсын түүхтэй их түмэн. Тэгэхээр тун удахгүй “Алтаргана”-с дутахгүй, илүү сайхан эв нэгдлийн, эргэж уулзахын, хамтран босохын их үйлс эхлэх буйзаа гэж бат итгэнэ.
Магад 2000 жилийн турш хүннү, сүмбэ, нирун, монгол угсаатанг тэргүүлж асан хунян, хуян, хаан, хиан,хиад овгийнхон 9-р зууны эхэн орчимд солигдож шинэ “боржигин” буюу “хиад боржигин” овог үүссэн. “Монголын нууц товчоо” бол 282 зүйлд хувааж болохоор зохиол байдаг. “МНТ”-ы 15% буюу 41 зүйл нь боржигин овог хэрхэн үүссэн тухай бичлэг юм. Ази, Европийн том том улс гүрнүүдийг олон жилийн хүнд дайнаар буулган авсан, эсвэл дэлхийн түүхийн голдригийг өөрчлөх асар том тулаануудын тухай ганц нэгхэн өгүүлбэр төдийгөөр товчлон бичсэн “МНТ” хэмээх их түүхэнд нэгэн их харуусал бий. Тэр нь боржигин овог-алтан ургийн эх түүх. Боржигин овгийг үүсгэсэн 2 хүмүүний нэг нь Хорь түмэдийн ноён Хорилардай мэргэний Ариг Ус хэмээх газар төрсөн үзэсгэлэнт охин Алан Гоо. Өөр нэг их олон хүний төрсөн газрын тухай эх түүхэнд ингэж нямбайлан заагаагүй. Буриад түмний үндсэн салбар болсон Хорь түмэд. Буриад охин Алан Гоо. Алтан ураг- хиад боржигиний дээд эх Алан Гоо. Тэгвэл нэгэн их харуусал гэж хэлэхийн учир нь Добу мэргэн анх ойд таарч бугын өрөөл гуяаар арилжин авч гэртээ зарах болсон малиг баягуд хөвүүний нэр түүхэнд үлдээгүй бололтой. Хиад боржигин овогийн дээд эцэг малиг баягуд хөвүүн. Нэр нь байдаггүй. Тийм ч учраас боржигин овог ихэд харуусч тэр хөвүүнтэй хамаатай өчүүхэн ч болтугай үг өгүүлбэр, үүх түүх болгоныг түүн авч “МНТ”-д бүтэн 40 зүйл болгон бичжээ. Боржигиний их харуусал. Лалын ертөнцийн төв байсан Багдадыг авсан их тулааны тухай хагас өгүүлбэр хайрласан мөртлөө Добу мэргэн ойд таарсан хөвүүнийг арилжсан бугын махыг хэнээс, хаана, хэрхэн, юу хэлж гуйж авсаныг хүртэл, хэр зэрэг их мах байсныг хүртэл бичнэ гэдэг арга барсан их харууслын шинж буйзаа. Хөвүүний нэр тодорхой бус тул малиг баягуд залуу, хорь буриад бүсгүй хоёрын бага хүү Бодончарын нэрнээс, магадгүй авгайлгаас нь боржигин овогийн нэр үүссэн байна. Хэрэв хөвүүний нэр түүхэнд үлдсэн бол түүний нэрээр монголын алтан ураг нэрлэгдэх байсан биз.
Буриад түмний нэр, түүх, Монголын дараа дараа үеийн түүхэнд олонтаа холбогддог. Гэхдээ хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн үе нь ХХ зуун. ХХ зуунд монгол угсаатан тусгаар улс болох 100 шахам жилийн түүхэнд буриадууд хамгийн их нөлөөлсөн хүмүүс байсан. Анх 1870-д онд Санкт Петрбург хотод буриад Банзаровын санаачлагаар буриад халимаг хөвгүүдийн гимнази байгуулагдсан нь европ ул суурьтай боловсрол олсон анхны монголчууд байв. Тийм ч учраас чухам энэ оюутнууд дунд анхны тусгаар тогтнолын үзэл санаанууд эмх цэгцтэй бий болж халх, буриад, халимаг, барга руу чухам л энэ оюутнууд томилолт авсан мэт таран одож тусгаар тогтнолын үзэл санааг дэлгэрүүлсэн байдаг. Энэ гимнази ч оюутнууд нь христийн шашинд орохоос татгалзсаны улмаас татан буугдсан юм.
Дараахан нь Петр Бадмаевийн санаачлага, хувь хүний хүчтэй нөлөөгөөр Орос улс нь Гадаад Монгол, Өвөр Монгол, Барга-манжийг сонирхож алсдаа өөрийн бүрэлдхүүнд Төвд, Шинжааны хамт оруулж болох эсэхийг судлахын тулд тагнуул-эрдэм шинжилгээний экспедици илгээх болсон нь бараг 1990 онд л зогсох шивдээ. Одоогийн төмөр замын анхны зураг, төслийг ч аль 1890-д онд Петр Бадмаев л Оросын Засгийн Газар өргөн барьсан. Гэвч эцсийн эцэст олон жилийн санаачлагыг нь Оросын Ерөнхий Сайд Столыпин Думын индэр дээрэс: “энэ бол маш аюултай төлөвлөгөө байна. Оросын хэвлийд нийлсэн бүх монгол угсаатан нэг л өдөр хүчирхэг нэгдсэн монгол улс болон салан тусгаарлах болно” гэж зогсоож байсан гэдэг. 1919 онд анхны Нармай Монгол Улсын Төр буриадын нутагт байгуулагдаж тусгаар тогтнолоо зарлаж нийт монгол угсаатан: халх, ойрад, буриад, өвөрлөгчидөө дуудан засгийн газар, арми хүртэл байгуулж байсан. 1911 онд Монгол Улс байгуулагдахад ч гэсэн олон олон монгол угсаатан ирж хүчин зүтгэж байсны дотор буриадууд ихэнх байсан байдаг.
Цэвээн Жамсрано байгаагүй бол өнөөдрийн Монгол Улс байх байсан болов уу ч гэж би хаяа мунхаглан боддог юм. Анхны бага сургуулиудыг байгуулж, сурах бичгийг нь зохиож, багш нарыг нь бэлтгэж, Судар бичгийн хүрээлэн буюу ШУ-ы академийг байгуулж, үндэсний номын санг эхэлж, анхны банкууд багуулагдахад оролцож, үндсэн хуулийн эх зохиож, МАН ба МАХН-ыг байгуулж, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд оролцож зөвлөж, ном зохиол бичиж орчуулж ер нь л Цэвээн Жамсрано голлон удирдаж зохион байгуулж соён гэгээрүүлж байгаагүй эдийн засаг, соёл, улстөрийн үйл явдал ХХ зууны эхний 30 шахам жилд ховор юм.
Яг адилхан нөхцөлд, бараг ижилхэн тооны хүн амтай ихэр юм шиг адилхан харагдах Монгол, Төвд хоёр зэрэг тусгаар тогтнолоо зарлаж харилцан элчин сайд солилцож, харилцан хүлээн зөвшөөрөлцөж байсан ХХ зууны эхэн үед энэ хоёр ард түмэн 100 хүрэхгүй жилийн дараа ийм тэнгэр газар шиг ялгаатай хувь тавилантай болох юм гэж хэн санах билээ. Олон олон хүчин зүйл байж болох авч би хувьдаа: 1. Монгол бол үеийн үед хэдэн мянган жил хүчирхэг тусгаар улс явж бусдыг манлайлж засаглаж явсан түүх, соёл, сэтгэлгээтэй үндэстэн 2. Төвдөд өөрийнх нь Цэвээн Жамсрано, Намнансүрэн, Цэрэнчимэд, Ханддорж, Дамбийжаа, Жалханз хутагт,Бодоо, Данзан, Чойбалсан, Амар, Гэндэн, Цэдэнбал, Зориг, Элбэгдорж, Баабар гээд олон баатад бүү хэл ядаж Ренчин, Чойном, Жанцанноров, Өлзийтөгс ч байсангүй гэсэн 2-хон учрыг л олж хардаг юм. Тийм ч учраас өнөөдрийн монгол ядарсан ч гэлээ тусгаар тогтнол, төр засаг, ардчилал, тэр бүү хэл дуурь, рок, сансрын нисэгч, сонгодог хөгжим, зүрхний мэс засал, цөмийн физикчид, генийн инженерүүдтэй улс шиг улс хүн шиг хүн яваа юм. Хүчирхэг, ухаалаг, сэтгэлийн хүчтэй хүний удам, ард түмний хойч үе хүчирхэг, ухаалаг, сэтгэлийн хүчтэй л байдаг.
Анхны тусгаар тогтнолын үзэл санааг түгээгчид, анхны хувьсгалчид, анхны орчуулагчид, анхны сэхээтнүүд, анхны эмч нар, анхны багш нар болох буриад түмний “Алтаргана” наадмын тухай тэмдэглэл маань их хадуурав бололтой. Гэхдээ аргагүй юмдаа. Буриадын зовлон-монголын зовлон, буриадын жаргал-монголын жаргал, буриадын амьдрал-монголын амьдрал. Гурван улсад хэрчигдэн төөрсөн буриад түмний хувь заяа монгол түмний жаргал зовлонгийн л нэг хэсэг, нэг тусгал. Харин ч тусгаар монгол улсдаа байгаа буриад түмэн маань сүүлийн нэгэн жаранд зовсон нь бага жаргасан нь их байх. Б.Бямбасүрэн, Н.Энхбаяр, С.Баяраас авхуулаад буриад хөвгүүд улс монголыг минь хүртэл удирдаж л явлаа. Сайхан байна. Сайн цаг айсуй. Дэлхийгээр нэг тарсан монгол угсаатан эх нутагтаа хуран чуулж, нийлэн наадаж, хамт амьдарч ажиллаж, ээлжлэн төр засгаа удирдаж улс монголоо сансарын хурдаар хөгжүүлэх болтугай. Тэр сайн цаг үтэр түргэн иртүгэй. Тэнгэр мэднэ.
Б.Болдсайхан эмч 2010-07-25
Жич: 1. “МНТ”-г одоогоор олон нийтэд хүртээмжтэй эх сурвалжуудаас хамгийн гол нь гэж үздэг. Мунхаг миний санахад монголчуудын үлдээсэн магад хэдэн мянган ном байдаг болов уу. Хүннү, Сяньбийн үед хэдэн зуун хүнтэй түүх, уран зохиолын том хүрээлэнгүүд ажиллаж байсан мэдээ сурвалж байдаг. Буддын сургаал анх Хор, Сог монгол угсаатан, Хүннүгээр дамжин Хятад Төвд рүү тархсан ч гэдэг. Хожмын Уйгар, Хятаны үеийн бичиг соёлын маш өндөр хөгжил магад хэдэн мянга байтугай бичиг ном туурвиж үлдээсэн байж таарна. Их монгол Улс, Юаний үед ч улс орон болгоны бичиг, шинжлэх ухааны эрдэмтэдийг ашиглаж хууль, түүх, шашин, орчуулгын том хүрээлэнгүүд ажиллаж зөвхөн түүх цадигаар гэхэд л хэдэн зуун боть ном зохиосон байдаг. Харамсалтай нь энэ олон мянган ном БНХАУ, Тайвань, лалын зарим орон: Ирак, Иран, Түрэг, Орос зэрэг улсуудын музей, сүм, номын сангуудад далдын далд байгаа болов уу. Ялангуяа Хятад, Тайвань, Орос эдгээр номуудыг гаргаж өгөх санаа ч байдаггүй биз. Хүний түүхэнд дайны хамгийн ухаалаг тушаал болох “номын санг нь эзэлж ав” гэсэн зарыг Юань улсын эсрэг боссон улаан алчууртаны бослогын удирдагч өгсөн байдаг. Дараа нь түүх соёл, гарал үүсэл, дүр төрхийг нь өөрсдөө зохион доромжилж, үгүйсгэж байхад амар гэж санаа биз. Одоо 21-р зуунд ч ийм аймшигтай хэдэн зуун, мянган жилийн алсыг харсан тушаал гарахгүй биз. Арга ч үгүй юмдаа. Монгол Хятад хоёр шиг тасралтгүй 4000 жил дайтсан түүх дэлхийд өөр байх биш.
Хар лам Кафаровын олсон “МНТ” бол Мин улсын түшмэд сайд нар нэг хэсэг монгол хэл, хууль, түүх шимтэн үздэг байсан тул монгол хэл сургах зорилгоор ханзаар галигласан аль нэг түүхийн номын л хуулбар галиг ноорог төдий байсан. Магад бүрэн ч биш байсан биз. Тийм галиг үсгийн ноорог төдий тулдаа Манжийн хааны номын сангийн ил хэсэгт хөглөрч байгаад хар лам Кафаровын нүдэнд өртөө биз. Тэрнээс биш харь орны, харь шашны ламыг юу гэж номын сангийнхаа үүх түүх эх сурвалж хадгалсан хэсэгт оруулж ном өгөх вэ дээ. Энэ ноорог галигийг гадагш алдсандаа том ч сургамж аваа биз. Дахиж монгол ном цухуйлгахаа больсондоо. Монгол Улс, монгол хүнд хэдэн мянганы агуу түүх соёлыг нь таниулж болохгүй, харанхуй бүдүүлэг нүүдэлчин байсан л гэж гүрдэх хэрэгтэй гэж санадаг биз. Лу “Алтан товч”, “Цагаан түүх”, “Гангийн урсгал”, “Богд баатар биеээр дайлсан тэмдэглэл”, “Судрын чуулган”, Жувэйнийн түүх, “Юань улсын судар”, “Абуль Газийн түүх”, “Бабурнами” гээд захаас нь тоочвол олон арваараа үлдсэн бусад эх сурвалжийг харахад хэдэн зуу, мянгаар тоогдох арвин их ном судраас сонгон хэрэглэж байсан шинж тэмдэг, уламжлал, бичгийн соёл хэнд ч илхэн мэдрэгдэж байдаг. Гээд яахав монголчуудын үлдээсэн их түүх, төр улсын тогтолцоо, дипломат ёс, бий болгосон үндэстэн улс гүрнүүд, барьж босгосон их хот балгад, нээлттэй худалдаа, шашин үзэл бодлын эрх чөлөө зэрэг бүтэн мянганы турш хүний түүхийг өөрчилсөн их ул мөр нь нүд дээр байгаа юм хойно. Цусаар нь монгол соёл, ген нь урссан монгол угсаатан ч гэсэн дахин сэргэн босох их замын эхэнд омог бардам зогсож л байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com