Н.Батбаяр: Засгийн газар ”Оюутолгой”-той хуйвалдсан
Засгийн газраас гадаадын ажилтны квотыг цуцлах санал гаргасныг эсэргүүцсэн Н.Батбаяр гүйцэтгэх засаглалынхан “Оюутолгой” ХК-тай хуйвалдсан байж болох бас нэг баримтыг дэлгэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батбаярын ярилцлагаас уншина уу.
-Засгийн газраас гадаадаас ажиллах хүч ажиллуулах квот тогтоосон байсан Ашигт малтмалын хуулийн 43 дугаар зүйлийн 10-аас илүүгүй хувь нь гадаад ажилтан байж болох бөгөөд үүнээс илүү гарвал өндөр төлбөр төлөх ёстой гэсэн заалтыг хүчингүй болгох санал гаргасан нь нэлээд маргаан дэгдээлээ. Монголчуудаа ажилтай байлгаж чадахгүй мөртлөө гадныхныг тэр дундаа, хятадуудыг түлхүү ажиллуулах гэсэн санаа гэдэг хардлага ч олон нийтийн дунд дэгдэж мэдэхээр байна. Энэ асуудал яаж шийдэгдэх бол?
-Засгийн газар үнэхээр гайхмаар асуудал оруулж ирсэн. Өнөөдөр монгол хүн болгон ажилтай, тэр тусмаа гайгүй цалинтай болохыг хүсч байгаа. Гэтэл монголчуудаа ажилтай болгохын оронд гадаадаас ажилчдыг чөлөөтэй оруулж ирдэг болгоё гэж байгаа нь гайхашрал төрүүлж байгаа. Манайхныг Солонгос руу гаргахад адуу шүдэлж байгаа юм шиг л бөөн юм болдог биз дээ. Гэтэл уул уурхайн салбарт монгол хүнээ ажиллуулахгүй, мэдлэг чадвар дутагдаж байна гэх нь монголчуудаа басан доромжилж байгаа хэрэг. Монгол хүн монгол газар шороон дээрээ ажиллахгүй, өөр хаана ажиллах юм бэ? Хүний амьдрах эрхийг хангах үүрэгтэй Засгийн газар, монголчуудыг хяхаж хавчсан бодлого явуулах юм бол монголчууд хаана очиж ажиллах вэ. Би ийм л асуулт тавьж байгаа. Энэ Монголын Засгийн газар уу, Монгол дахь гадаадын компаниудын суурин төлөөлөгч үү гэж асуумаар байна.
-Нэг талаасаа монгол ажилчид ажилд тавих шаардлагыг хангадаггүй гэсэн тайлбар байдаг. Гэхдээ нөгөө талаасааа гадаадын компаниудын лобби юм уу гэж хардмаар байна л даа?
-Энэ бол цэвэр гадны компанийн лобби. Гадны компаниуд лобби хийхийг би ойлгоно. Тэд хэзээ ч Монголыг бодохгүй шүү дээ, аль болох ашигт малтмалыг нь ашиглаад л гарахыг хичээнэ, өөрсдийгөө бодно. Гэтэл Монголын Засгийн газар гадны компаниудын лоббиг хэрэгжүүлэгч биш, монголчуудынхаа эрх ашгийг хамгаалагч байх ёстой. Тийм ч учраас “Ингэж болохгүй ээ. Үнэхээр манайхан дадлага, туршлага муу байгаа бол та нар тодорхой хугацаанд сургаж дадлагажуулаад ажиллуул” гэх ёстой биз дээ. Монголчуудынхаа эрх ашгийг хойш нь тавьчихаад гадныхны төлөөлөгч шиг байж болохгүй. Монголчууд бид дэлхийн зүрхэнд, дэлхийн хүй нь болсон газар нутагт амьдардаг, хамгийн сайхан байгальтай, баялагтай улс. Цөөхөн монголчуудтай энэ газар руу шүлсээ урсгаж, ямар нэгэн аргаар улам цөөрүүлж, өөрсдөө ашиглахыг бодож байгаа улсууд бий. Монголын Засгийн газар үүний эсрэг зогсч байх ёстой атлаа лоббид нь автаж байгаад харамсч байна. Тийм ч учраас би “Ерөнхий сайд С.Батболд чинь хаана байна” гэж асууж байна.
-Үүнийг УИХ батлахгүй байх арга бий шүү дээ?
-Батлахгүй байх ёстой. Би энд Монголын ард түмэн маань илүү сонор сэрэмжтэй байх ёстой юм шүү гэж сануулмаар байна. Би дөрвөн жилийн өмнө “Монгол моодонд орно оо” гэж хэлэхэд хүмүүс инээлдэж байсан юм. Одоо Монгол “моодонд” орсон. Гэхдээ энэ сайн ч, саар ч талтай. Одоо гадныхан Монгол руу хошуурч байна. Гэхдээ ашгийг нь хүртэх гэж. Харин монголчууд ухаанаа уралдуулж, эзний ёсоор тэдэнтэй харьцаж, өөрсдөө ашгаа хүртэх ёстой. Тэгэхгүй бол тэд төрийнхнийг худалдаж авах замаар Монголыг маань үгүй хийх аюул бий гэдгийг байнга бодож байх хэрэгтэй.
-Өмнө нь “Оюутолгой”-нхон нийгмийн сайн сайхны төлөө нийслэлд мод тарих, зүлэг услах 3000 хүнийг цалинжуулна гэж шоудаад, үүнийгээ орд газарт ажиллаж байгаа монгол ажилчдын тоонд оруулаад, оронд нь 2600 хятад ажилчин оруулж ирнэ гэсэн шүү. Үүнийг нь ч манай Засгийн газар чимээгүйхэн зөвшөөрчихсөн шиг санагдана?
-Тэгсэн. Одоо бүр ТМС-д ажиллаж байгаа хүүхдүүдийг Оюутолгойд ажиллаж байгаа хүний тоонд оруулж тооцно гээд Засгийн газар зөвшөөрчихсөн байна шүү дээ.
-Нээрээ юү, Засгийн газар тийм тогтоол шийдвэр гаргасан гэж үү. Мэргэжлийн сургалтын төвд сурч байгаа хүүхдүүдийг?
-Би танд тогтоолыг нь харуулья. Засгийн газрын өнгөрсөн наймдугаар сарын 18-ны 122 дугаар тоот тогтоолоор “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа иргэдийн тоог Оюутолгой төслийн монгол ажилчдын тоонд оруулж тооцохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрхийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй гээд Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг нар гарын үсэг зурсан байна. Засгийн газрын вэб сайт / www.open-government.mn-ээс тогтоолын хэсгийг харна уу. ред/. Ийм байж болох уу. Засгийн газар ийм л шийдвэр гаргасан байна шүү дээ.
-Тэгээд та нар яагаад эүүнийг Засгийн газартай ярихгүй байгаа юм бэ? Энэ 122 тоот тогтоолын талаар олон нийт мэдэхгүй байх аа?
-Яриад, үглээд л байгаа маань энэ… Эхлээд бид өнгөрсөн 20 жил ямар зорилго дэвшүүлж, юуг хүсч байсан бэ, одоо байдал ямар байна вэ гэсэн асуулт тавиад үзье. Сайн зүйл мэдээж байгаа. Гэхдээ бид өнөөдөр амьдралдаа сэтгэл хангалуун байж чадаж байна уу? Ажилгүйдэл байсаар байна, амьдрал сайжрахгүй л байна. Тэгээд бид ОХУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Малайз, Польш, Эстони, Казакстан гээд 10 гаруй улсын эдийн засгийг судалж үзсэн. Азийн барууд бол эдийн засаг нь суга өссөн. Хуучин социалист гэгдэж байсан улсууд ч мөн адил. Гэтэл бид чадаагүй л байна. Яагаад вэ?
-Гэхдээ эд бүгд өөр өөр тогтолцоотой улсууд, улс орны онцлог байгаа байх л даа?
-Тийм ээ. Бид шилжилтийн гэх үеэс хойшхи 20 жилийн тухай асуудлыг харах гэж байгаа учраас бусад улсуудыг ч бас ийм төвшнөөс нь авч үзсэн. Тухайлбал, Японыг дэлхийн 2-р дайны дараа үеэс, Өмнөд Солонгосыг Пак Жин Хөгийн эргэлтийн 1971 оноос, Малайзыг Махатарын 1978 оноос, Хятадыг Ден Сяо По-гийн Нээлттэй бодлогын үеэс нь гэх мэтчилэн. Тэгээд тэдний төр нь тогтвортой, тууштай, удаан хугацааны бодлоготой, эдийн засгийн бодлого нь үйлдвэрлэлээ дэмжих, дотоодынхоо нөөц бололцоонд тулгуурлан хүн болгоныг ажилтай болгохыг зорьж биелүүлж чаджээ л гэж харсан. Японд гэхэд Либерал ардчилсан нам нь 45 жил, Өмнөд Солонгомын Пак Жин Хө 18 жил төрийн эрх барьсан гэх мэт тогтвортой байж. Гэтэл манайд яалаа, та бүхэн бүгд мэдэж байгаа. Сүүлийн 20 жилийн дотор манайд 13 Засгийн газар солигдож… Зөвхөн П.Жасрай, Н.Энхбаяр нарын Засгийн газар л бүрэн эрхийнхээ хугацааг гүйцээж чадсан. Энд ямар тогтвортой байдал байх билээ дээ.
-Гэхдээ урт хугацааны бодлого, төрийн бодлогын залгамж халаа үгүй байгаа нь л нөлөөлж байгаа байх л даа. Эндээс бас Монголд урт хугацааны бодлого алга гэдэг нь харагдаж байх шиг. Сая та бас Монголбанкны Мөнгөний бодлогын талаар нэлээд шүүмжлэлтэй зүйл хэлж байсан. Засгийн газар, Монголбанк хоёр тэс өөр бодлого хэрэгжүүлэх гээд байгаа нь харагдаад л байгаа л даа. Төв банк болохоор Засгийн газар зарлагаа өсгөж, инфляци хөөрөгдөж байна гэдэг. Хариуд нь Монголбанк бодлогын хүүгээ чангалснаар бодит эдийн засгийг боомилж байна гэж гишүүд бас шүүмжилж байсан?
-Дээр судалгаанд дурдсан орнуудын ихэнхэд нь төв банк Засгийн газрын бүтэцдээ харьяалагдаж ажилладаг юм байна лээ. Харин манай төв банк Засгийн газар хоёр нэг баг болж ажиллаж чадахгүй байна. Уг нь тэд хамгийн гол нь бодит эдийн засаг, хувийн сектор, баялгийг бүтээж дэмжиж ажиллах, инфляци, ажилгүйдэл гэсэн хоёр зүйлийг харж байх ёстой. Гэтэл УИХ дээр нэг юм яриад л байдаг. Гэтэл бодит эдийн засгаа дэмжих ямар ч бодлого төв банкинд ч, Засгийн газарт ч байхгүй. Засгийн газрууд, тухайлбал, АНУ бодит эдийн засгаа дэмжихийн тулд 0 хүүтэй зээлийн бодлого баримталж байна. Гэтэл манайд төв банкны бодлогын хүү 14 хувь. Уг нь Л.Пүрэвдорж бодлогын хүүгээ зөөллөнө өө гэж төв банкинд очоо биз дээ. Одоогийн манай банкны бодлогын хүүгээр бол зээл нь хүндээ, бодит эдийн засагтаа бус төв банк руугаа буцааж татан төвлөрүүлэх л зорилготой. Зээлийн эрэлт их, түүнийгээ хангаж чадахгүй болохоор өндөр хүүгээр хааж боомилох л аргаар аргацааж байна. Мөнгө баялгийг бүтээдэггүй шүү дээ. Харин хүний бүтээсэн баялгийг л мөнгөөр хэмждэг. Зарим хүмүүс төв банк их хэмжээний мөнгө хэвлэж болохгүй ээ гэдэг. Монголын өнөөгийн нөхцөлд мөнгө хэрэгтэй. Харин хүний бүтээсэн бүтээмжинд таарсан хэмжээний мөнгө гаргаж байвал тэр хэвийн үзэгдэл. Харин бүтээмжээс илүү мөнгө хэвлэж шууд тараах юм уу, бүтээмжийг хангахгүй, мөнгө хомсдолтой байх нь буруу. Манайд өнөөдөр бүтээмжид нь мөнгө нь таарахгүй нийцэхгүй, хомсдож байна шүү дээ. Өнөөдөр Монголд дахь мөнгөний нийлүүлэлт 42 хувь өссөн байна. О.Чулуунбат төв банкны ерөнхийлөгч байхдаа мөнгө хангалттай нийлүүлж байсан. Гэхдээ инфляци нэг оронтой тооноос хэтрээгүй л шүү дээ.
-Гэхдээ мөнгө хэт ихээр хэвлэвэл төгрөг үнэгүйдэж, инфляцийг хөөрөгдөнө гэдэг шүү дээ?.
-Үнэн. Мөнгө хүний бүтээсэн бодит баялгийг л зөв, зохистой баталгаажуулж байх ёстой. Түүнээс биш зүгээр сууж байхад нь мөнгө тараагаад байж болохгүй. Бүтээмжийг шударгаар нь үнэлэх ёстой. АНУ-д 1930-аад онд эдийн засгийн хямрал болоход нэг хүнээр нүх ухуулаад, нөгөөгөөр нь булуулж, оронд нь мөнгө өгч байсан. Тэд хөдөлмөрлөж байсан учраас энэ арга хямралаас гарахад нь тусалсан шүү дээ.
-Та түрүүн чуулганы хуралдаан дээр бидэнд хийх зүйл их байна, юм хийхийг хүссэн хүмүүс ч их байна. Тэднээр ажлыг нь хийлгээч ээ гэсэн зүйл ярьсан. Гэтэл тэд мөнгө байхгүй, зээл өндөр хүүтэй. Түрүүн ч бас бодлогын хүү хүмүүс зээл авах биш, арилжааны банкууд мөнгөө буцааж төв банкинд татан төвлөрүүлэх бодлого гэж тодорхойллоо л доо. Бодлогын хүү 14 байхад арилжааны банкууд өөрсдийн хувиа нэмээд 16 хувийн хүү нэхэхээс өөр аргагүй… ?
-Тийм. Өнөөдөр зээлийн хүү 16-20 хувь байгаа. Ийм зээлээр яаж хүн юм хийх юм бэ? Анх зээл авахдаа ноос угаах үйлдвэртэй байсан хүн харин ч зээл аваад хүүгээ төлөөд ноолуурын үйлдвэр ч үгүй болно шүү дээ. Хүмүүс арилжааны банкууд өндөр хүү тулгадаг, мөнгө хүүлж байна гэдэг. Тэд нэг талаасаа хадгаламж эзэмшигчдэд хүү төлж байгаа, түүнээс их хүүтэй зээл олгож байж л сая эрсдэлгүй ажиллана шүү дээ. Үүнд л төв банк шинэ эх үүсвэр олж өгөх хэрэгтэй, О хувийн хүүтэй.
-Ийм боломж байна уу. Уг нь гадаадаас бас бага хүүтэй зээл, тусламж орж ирдэг л гэдэг?
-Тийм. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гээд олон улсын байгууллагуудаас 1-2 хувь, бүр 0,7 хувийн хүүтэй зээл орж ирдэг. Засгийн газар түүнийг нь арилжааны банкуудад 8-10 хувийн хүүтэй олгодог. Гэхдээ Засгийн газар сайн дураараа ч ингэж хүүг нэмээд байдаг бус. Зээл олгож байгаа гадны байгууллагууд нь дотоодын зах зээлийнхээ дундаж хүүгээр зээлийг олгох ёстой гэсэн шаардлага тавьдаг юм. Тэд биднийг хоёр идүүлж, хоосон хонуулахгүй л байлгах гээд байна аа даа. Хэрвээ бид хөгжөөд хөл дээрээ зогсчих юм бол тэднээс мөнгө зээлэхгүй болчихно шүү дээ. Тиймээс л би төвбанк мөнгө хэвлэж 0 хувийн хүүтэй зээл олго гээд байгаа юм. Одоо бол бодит баялаг үйлдвэрлэгчид зээлийн хүүгийн, хугацааны дарамтад байна. Зээл авлаа гэхэд дараагийн сараасаа эхлээд хүүгээ төлж эхлэх ёстой. Гэтэл энд тухайн хүн ямар зээл авч, юу хийх гэж байгаа, энгийнээр бол үйлдвэрээ барихад хэдий хугацаа шаардлагатай, ашиг хэзээ гарах вэ гэдгийг хүртэл бодолцон, зээл төлж эхлэх хугацааг нь тогтоох ёстой юм.
-Үйлдвэрээ барьж ч эхлээгүй байгаа хүн яаж ч зээлийнхээ хүүг төлөх билээ? Таны дээр хэлсэн ноосны үйлдвэрийн жишээ л юм даа. Гэхдээ Монголд өнөөдөр байдал ийм л байгаа шүү дээ?
-Өгсөн авсандаа ч хэрэггүй, мөнгө хүүлэх бодлого болчихоод байгаа юм. Өндөр хүүтэй, шахуу хугацаатай, бага зээл өгчихөд зээлдэгч дарамтад орно, дампуурна, өгсөн банкныхан ч эрсдэлтэй зээлтэй болчихож байгаа юм. Уг нь дээр хэлсэн орнууд анх урт хугацаатай, үйлдвэрлэл боссон цагаас эхлэн зээлээ төлж эхлэх бодлого барьж байсан. Одоо бол нэгэнт үйлдвэрлэл нь сэргэсэн учраас яг манай өнөөдрийнх шиг нөхцөл барьж байгаа. Гэтэл манайх үйлдвэрлэл нь хөлд ч ороогүй байхад нэгэнт хөгжингүй болсон улсуудын нөхцлийг тулгаад байх юм.
-Хөлд орж байгаа хүүхдээс том хүний чадвар шаардаад байна гэж үү?
-Тийм, өвчтэй хүүхдийг том хүний доозоор эмчилбэл, юу болох билээ. Үхнэ шүү дээ. Дээрээс нь импортын бүх бараа 5 хувийн гаалийн татвартай. Архангайн малчин сүүгээ зарж, борлуулж чадахгүй байхад Австралиас хуурай сүү оруулж ирээд л ууж байна шүү дээ. Дотооддоо хийж чадах зүйлдээ өндөр татвар ногдуулж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй биз дээ. Тийм учраас би хүнсний бүтээгдэхүүнд 22 хувийн татвар ногдуулж байх санал гаргах гэж байгаа. Тэгвэл дотоодынхон хүнсний үйлдвэрлэлийн салбар руу ороо л ирнэ, ашиг олж болох учраас. Уг нь уул уурхайн, салбарыг бодвол хүнсний үйлдвэрлэл чинь хамгийн их ажлын байр бий болгодог. Уул уурхайд бол техникээр л “зодчихдог” болохоос.
-Уг нь та их л сайхан саналууд гаргаж, гарц хайгаад байх шиг. Гэхдээ энэ бүхэн хэзээ биелнэ гэж бодож байна вэ? Биелэх найдвар байна уу?
-Чадлаараа л ярьж байна. Багц хууль л байх ёстой юм даа. Бүгдээрээ хамтраад хийх хэрэгтэй.
-Төв банкны ерөнхийлөгч ч, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд ч Монголоо хорлочихьё, сөнөөчихье гэсэн бодолтой хүн нэг ч байхгүй гэж бид найдахыг хүсдэг. Хувь гишүүд ч юм уу ганцаарчлаад ярихаар бүгд л Монголынхоо төлөө, хийх бүтээхийн төлөө санаатай, янз бүрийн гарц, санал бодол илэрхийлж байдаг. Гэтэл амьдрал дээр, тогтоол шийдвэр гаргах болохоор л бүр эсрэгээр хийчихээд байх шиг. Яагаад…?
-Ойлгохгүй хүн ч байна, аргаа мэдэхгүй хүн ч байна. Ойлгоод байгаа нь цөөхөн. Энэ 20 жил бид хууль боловсруулж баталсангүй. Ердөө л кноп дарж ёсчилж ирлээ шүү дээ. Хууль боловсруулах асуудалд мөнгө цаг зарцуулахгүй байна. Та анзаарч байгаа бол ихэнх хуулийн төслийг гадаадын төслийн хөрөнгөөр боловсруулсан байдаг. Хэн мөнгө төлсөн хөгжим захиалдаг. Тэгэхээр захиалагчийн хөгжмийг л бид ёсчлоод байна аа даа. Нөгөө талаас мэргэжлийн байгууллага, салбарын яам, агентлаг хуулийн төсөл боловсрууллаа гэдэг. Гэтэл тэд олон нийтэд үйлчлэгчид гэдгээ мартчихсан байдаг. Өөрсдөө төсөл боловсруулаад, өөрсдөө хэрэгжүүлж, хяналт тавих болохоор аль болох л өөрт хэрэгтэй, өөрөөсөө бусдыг хамааралтай байхаар л хууль боловсруулна шүү дээ.
-Тиймээс хууль боловсруулахад хангалттай мөнгө зарцуулж байя гэсэн санал гаргасан байх. Нэг хуулийн төсөлд 10 сая төгрөг төсөвлөх санал бас багагүй л шүүмж дагуулж байсан?
-Хууль боловсруулахад судлаачид, эрдэмтдийн баг, хөндлөнгийн этгээдүүд, тухайн хуульд хамааралтай байх бүх субьектүүд хамтарч сууж, санаа бодлоо уралдуулах ёстой юм. Цаг хугацаа, мөнгө зарцуулах ёстой. Тухайлбал махны асуудалд гэхэд малчид нь, ченжүүд нь, тээвэрлэгчид нь, сав баглаа боодлынхон, салбарын мэргэжилтнүүд судлаачид, хуулийн зөвлөхүүд сууж байх ёстой юм шүү дээ. Энд УИХ-ын гишүүд хууль боловсруулдаггүй. Гишүүд тухайн салбарыг сайн мэдэхгүй ч байж болно. Дээр нь үндсэн ажлынхаа хажуугаар цаг, завныхаа чөлөөгөөр хууль боловсруулж болохгүй шүү дээ. Одоо бол манайд хууль гэдэг хавсарга ажил төдий л болоод байна шүү дээ.
-Бичиг цаасны зардал, Төрийн ордны халаалт, гишүүдийн цалин, унаа машин гэхээсээ илүү мөнгө зарцуулах ёстой асуудал юм даа, уг нь?
-Тийм ээ. Бид одоо байшин, сандал ширээнд мөнгө зарцуулаад байна шүү дээ. Гэтэл хууль гэдэг бол таны ч миний ч амьдралд зөвшөөрөл авдаггүй ганц зүйл. Буруу хууль бол таны ч миний ч амьдралд гай болно. Тийм болохоор би ингэж яриад байна. Би уг нь нэг тэрбум төгрөгөө төрийн харилцаа, утаа түгжрэл буюу хотын асуудал, мал аж ахуйн гурван чиглэлээр хууль боловсруулахад л зарцуулья гэж бодсон юм, болохгүй л байна.
А. Алтантуяа
“Ардын Эрх” сонин
Засгийн газрын тогтоолоос
Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний талаар
2010 оны наймдугаар сарын 18-ны өдөр. Улаанбаатар хот
Дугаар 212
Хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн ур чадварыг мэргэжлийн сургалтаар эзэмшүүж, мэргэжилтэй ажилчид бэлтгэн ажлын байраар хангах замаар ажилгүйдлийг бууруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгын газраас тогтоох нь:
… 5.”Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа суралцагсдад сар бүр олгох тэтгэлгийн хэмжээг тогтоохыг Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай.
6.”Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж, цаашид томоохон бүтээн байгуулалт, төсөлд ажиллах иргэдийн тоог Оюутолгой төслийн Монгол ажилтны тоонд оруулж тооцохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй….
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди
ТОДРУУЛГА: Оюутолгой хөрөнгө оруулалтаар 3300 оюутныг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургахаар тогтсон бөгөөд сар бүр 108 мянган төгрөгийн тэтгэлэг олгон, шаардлагатай бол хөдөө орон нутгаас ирэх зардал зэргийг даахаар болсон. Эхний ээлжинд 1000 гаруй залуусыг суралцуулж эхлээд байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
Санал болгох мэдээнүүд
-
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно са...
-
Хүндлэх ёс: Баядууд өвөг дээдсээсээ уламжлан үеийн үед өвгөд настан, ахмад хүмүүс, эцэг, эх, ах, эгч дүүсээ хүндлэн дээдэлсээр ирсэн эртний ...
-
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш ол...
-
Эрт нэгэн цагт гуйлгачин хүн Эгнэгт тор тавьж тоть бариад Энд тэнд явж тотио худалдан Үүрд амиа тэжээдэг бөлгөө Нэгэн өдөр хооёр тоть б...
-
Дэлхийн єнцєг булан бvрт Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. Найман зууны тэртээх байлдан ...
-
О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?...
-
Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” Дээд лам ...
-
Бодонгууд Мягмарын Дөш нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй...
-
Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улс байтугай гуч, дөчин саяар ярих хүн амтай томоохон улс орнууд хорин нэгдүгээр зуун эхлэхээс...
-
1-р сар-- Хувь (хуби-худам монгол бичгээс галиглав) 2-р сар--хужир(хужир) 3-р сар-- үүлжин( үгүлжин) 4-р сар-- хөхөө (хөхэ) 5-р сар--ула...
Сонирхолтой нийтлэлүүд
* Дэлхийн 3-р дайны золиосууд
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
*З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
*Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар. АМАРЛИН
*“Улс үндэстнийг үгүй хийх”ОРЧИН ҮЕИЙН АРГА ТЕХНОЛОГИ
*ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО ҮНДЭСТЭН ОРШИХЫН БАТАЛГАА
*Босоо бичгийн боомилогдсон хувь заяа*Хятадтай банзалдсан Монголын улс төрчидөөс болгоомжил!
*Ардчилалын далбаан доорх луйварчид
*Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л...
*Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com