Монгол Дайчин Ч Цэвээпүрэвийн ээлжит тулаанд зориулав.

Найман зуун жилийн тэртээ одоогийн Австри улсын Вена хотын ойролцоох ой хээрт намхан чийрэг морьтой, хүдэр бахим биетэй, онигордуу нүдтэй, тахир сэлэм зүүж, нум сум агссан дорно зүгийн дайчид үзэгдэж эхлэх ахуйд Европ тив тэр чигээрээ сандран чичирч, сүм дуганд нь өдөр шөнөгүй ном хурж, Францын Легионерүүд болон язгууртнууд орох суух газараа олж ядан, аралын Англи улс эх газараас холбоогоо таслан мэгдэн сандарч байсан гэдэг.

Энэ дайчидын өмнө үхэд хийн унаж, өвдөг сөгдөн бууж өгөх хувьтай тэнгэр нь хаясан дараагийн гүрэн улс нь Франц байв... гэвч тэднийг аз дайрсан юм.

Найман зуун жилийн дараа нөгөөх Англи хэмээх улсын Грийтер Манчестер хэмээх мужийг дамнан сунах Пенайн гэх өндөрлөг газарын хөндийгөөр урсах Ирк, Медлок хоёр голын дунд орших том суурин Олдaм-д дээр өгүүлсэн дайчидын нутаг, Far East гэж энэ нутгийнхны хэлж заншисан тэр л зүгээс нэгэн залуу ирсэн байв. Тэр залуу бас л бахим чийрэг биетэй, намхан нуруутай, онигордуу нүдтэй нэгэн ажгуу. Тэр холын нутгаас ийм царай зүстэй хүмүүс Англид олноороо ирэх болов ч энэ хүний биеийн хэлбэр галбир, эрч хүчтэй хөдөлгөөн нь цонхигор цагаан шар царайтай туяхан туранхай биетэй хүмүүсээсээ ялгагдах агаад нүүр царай нь хөрслөг бор аж.
Одоохондоо Олдaмынхaн энэ залуу юун залуу болох, түүний нутаг Монгол гэж хаа байдгийг эс сонирхон ажиг сэжигч үгүй хажуугаар нь алхацгаана.
Тэрээр энд Өмнөд Солонгос, Тайланд, Индонез, Хятадад боксын рингэнд хүчээ үзэж яваад иржээ. Тэр цагаас хойш даруй 12 жил өнгөрч. Одоо түүний тулааны тоо 35-д хүрч, ялалтын тоо 30 болжээ. Үүнээс 23-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан байна.
Дэлхийн Мэргэжлийн Боксын Холбоо - WBU болон WBS - ийн хөнгөн жингийн хүчтэй аваргуудын нэг түүнийг зөвхөн Олдaмынхaн бус, Европ тивийн боксчид, бокс сонирхогчид мэддэг таньдаг, олон олон хүн шүтэн бишрэгчид нь болоод удаж байна. Tүүний рингийн нэр нь Mongolian Warrior! - Монгол Дайчин!
Найман зууны тэртээ Мөнх Тэнгэрийн дор толгойтныг бөхийлгөж, тойгтоныг сөгдүүлж явсан тэр л дайчин удам - Монгол Улсын гавьяат тамирчин Чойжилжавын Цэвээнпүрэв энэ сарын 23-нд Лондонгийн The Troxy, Limehouse -т WBC-ын олон улсын мөнгөн бүсийн төлөөx тулаанаа хийх гэж байна. Түүний энэ удаагийн өрсөлдөгч Францын залуу тамирчин Bastien Rozeaux байх аж. Энэ боксчин 1983 онд төрсөн, 13 удаа тулалдаж 8 удаад нь ялалт байгуулж, 2 тэнцэж, 1 ялагджээ.
Хүний нутаг гүний газарт Монгол дайчины хуч чадлыг үзүүлж Монголын далбааг мандуулж, тусгаар тогтнолт Монгол Улс гэж байдгийг сануулж, таниулж яваа Цэвээнпүрэвийнхээ ээлжит тулаанд ялалт амжилтын дээдийг ерөөж ийм нэгэн клип хийснээ өргөн барьж байна.
Тамирчид, дасгалжуулагчидынхаа дунд Чой нэрт Монгол Дайчин Цэвээнээг маань Мөнх Тэнгэрийн Хүч ивээх болтугай!



З.Эрдэнэбат (ХБНГУ-аас)

3 Сэтгэгдэл:

Anonymous said...

ene bichweriig mail awch bolohu,bi olon niited tvgeeh gsn yum

Anonymous said...

Youtube ruu shuud orood share-s avaarai:)

Ganbold BoBo said...

Энэ ярилцлагыг яагаад бүх сувгаар энэ цаг үед олонд үзүүлж буруу зөвийг нь дэнслэх боломжийг гаргахгүй бгаан ХАЧИН??? Тэр тусмаа ТӨРөөс, төрийн түшээд, иргэдийн төлөөлөгчид, олон нийтийн? монголоо гэсэн тв сайт зэрэг мэдээллийн сувгууд яагаад анхаарахгүй "тоохгүй" бна?! Иймэрхүү арчаагүй өнөө маргаашаа аргацааж бгаа болохоор бид МОНГОЛчууд баялагаа луйвардуулсан гуйранч /гуйлагчид биш шүү/ болчихоол ТЭНГЭР хол ГАЗАР хатуу царайлж бна даа.
http://www.youtube.com/watch?v=M4a9KbPvFvQ

Post a Comment

Хэрэв та зочин бол Аnonymous сонголтыг хийж сэтгэгдэл үлдээнэ үү!
Хүндэтгэсэн : www.mongolchuudaa.com

Санал болгох мэдээнүүд

Бүх мэдээний сан

О.Дашбалбарын агсны тухай сайхан номыг шууд унших, буюу татаж авахаар орууллаа
Зөвлөмж: Энэхүү Цагаагчин гахай жилийн хувьсгал номыг уншихын тулд баруун доод буланд байгаа дэлгэц томруулах товчийг дараад бичгийн хэмжээг нэмэх хасахаар тохируулаад уншаарай.

Чухал видео бичлэгүүдийг томруулаад үзээрэй

www.mongolchuudaa.com ©Бүх мэдээлэлийг эх сурвалж дурдаад хуулж болно!Мөнх тэнгэр ивээх болтуухай!.

ДЭЭШ буцах